УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа Шарын гол суманд ажиллаа. Тэрбээр “Шарын гол”, “Дулаан Шарын гол” зэрэг компаний 100 гаруй ажилчидтай уулзсан юм. Д.Хаянхярваа сайд уул уурхайн салбарыг алсын хараатай, цэгцтэй бодлогоор хэрхэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Ардын намаас дэвшүүлсэн зорилтын талаар яриад, мөн Шарын гол сумыг хөгжүүлэхэд уурхайчид болон сумын иргэдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.Үүний дараа Д.Хаянхярваа Шарын гол сумын Санжинт, Дархан баг, Буурт, Булагтай, Шаазгайтын 760 гаруй иргэдтэй уулзсан юм.
Тэрбээр энэ үеэр МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс сумдад чиглэсэн зүйл заалтыг голчлон тайлбарласан. Тухайлбал Шинэ сумын төв, Ажилсаг сум, Ахуйн үйлчилгээний шинэ төв, Сумын хөгжил зэрэг хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэх, Өрхийн аж ахуйн эрхлэх, хоршоо байгуулах, малжуулахад зориулсан зээлийг нэмэгдүүлэх, сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний цогцолбор барьж байгуулах, хоршооллын аян өрнүүлэх зэрэг олон таатай ажлууд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссаныг дуулгалаа.
МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваа “Дулаан шарын гол” ХК-ийг өрнөөс нь салгаж төрийн өмчтэй болгоход ихээхэн анхаарлаа хандуулж биечлэн хөөцөлдөн тосгоныг хөлдөх аюулаас сэргийлж оршин суугчид сэтгэл амар дулаан өвөлжих болсонд Шарын голчууд талархаж байгаагаа хэлж байсан.
Уулзалтын үеэр Шарын голчууд нэр дэвшигч Д.Хаянхярвааг 2008 оны сонгуульд Шарын голчуудын итгэлийг хүлээж УИХ-д суухдаа ард түмэнтэй байнга холбоотой байж төр түмний түүчээ нь болж байсныг дурдсан. Түүнийг энэ удаагийн сонгуульд ч мөн ялалт байгуулж Дархан-Уул аймаг, Шарын голчуудын хүчтэй дуу хоолой нь болж явахыг ерөөж, амжилт хүслээ.


















































