"NTV" телевизийн “de facto” нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханы “Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?” ном хэвлэлтээс дөнгөж гарчээ. Уг номын анхны, зохиогчийн гарын үсэгтэй хувийг дуудлагаар on-line худалдах ажлыг “Инжинаш паблишинг”-ийн жиргээч залуус санаачлан хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ. Энэ сарын 20-21-нд явуулсан “Twitter”-ийн худалдаагаар анхны үнийг нь 10 мянга хэмээн дуудаж эхлэхэд үнэ хаялцсаар эцэст нь “Чингис технологи” компанийн захирал Б.Сүхбат 220 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Орлогыг Интернэтэд Монголын твиттерчдийн “Жиргээчдийн цэцэрлэг” байгуулах зардалд хандивлах аж. Энэ талаар тодруулах, мөн цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа талаар нь сонирхож “de facto” Д.Жаргалсайхантай холбоо барилаа. -Танд баяр хүргэе. Чимээгүй байж байгаад номоо гаргачих юм аа?
-Баярлалаа. Номын борлуулалтын талаар би өөрөө ч бүрэн мэдээлэлгүй л байна. Ном хэвлэн нийтлэгч залуус миний нийтлэлүүдийг ном болгоё гэхэд нь зөвшөөрсөн юм. Анхных нь гарчээ.
-Анхны хувийг on-line худалдахад өндөр үнэ хүрчээ. Орлогыг нь сайн үйлст хандивлах юм гэнэ. Та мэдэж байгаа байх нь?
-Надад хэлсэн. Анхны номын үнэ 150 мянга хүрлээ л гэсэн, өчигдөр түүнээс ч илүү гарлаа гэсэн. Сонсоход таатай байсан.
-Жиргээч залуус номыг цахим худалдаагаар богино хугацаанд борлуулах анхны оролдлого амжилттай боллоо гэжээ. Ном борлуулах маркетингэд дэвшил гарах нь бололтой?
-Тийм бол сайн л байна. Миний хоёр ном гарч байгаа юм. Эхний энэ “Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэдэг бол нийтлэлүүдийн эмхэтгэл. Дараагийнх нь “30 үзэл бодол” гэсэн “de facto” нэвтрүүлгийн зочдын 30-тай нь хийсэн ярилцлагаар ном гаргах гэж байгаа. Мөн л залуучууд ажиллаж байна. Намайг зохиогчийн эрхээ өгчих л гэсэн. Би зөвшөөрсөн.
-Мэдээж гэрээ хийсэн, танд борлуулалтын орлогоос очно гэсэн үг биз дээ?
-Мэдээж. Нийтлэл л бичээд байсан, нэг мэдсэн зохиолч болох нь. Ярилцлагаар хамтарч ажиллаж байгаа "NTV" телевиз болон “Өдрийн шуудан” сонины хамт олонд талархаж байна.
-Номын нээлт хэзээ болох билээ?
-Ирэх долоо хоногт.
Р.Оюунаа



















































