БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл гол хүчээ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт төвлөрүүлжээ. Уг хоёр намын дарга болох Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тус дүүрэгт нэр дэвшиж буй юм. Тэд дүүргийнхээ 18-р хорооны нутаг “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн автобусны буудалд хамт авахуулсан зургаа байрлуулсан байна. Гурвуулаа ой гаруйхан насны хүүхэд тэвэрчээ. Тэгээд шинэ хүчнийг, шинэ үеийг сонгохыг уриалсан аж. Гэхдээ уг сурталчилгааг нь эсрэгээр “БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намынхан өөрсдийгөө нялх хүүхэдтэй зүйрлэсэн учраас “ногооноороо” байна гэсэн үг. Тэгэхээр их улс төрд “нялх хүүхдүүд” сонгох дэмий юм биш үү” гэсэн яриа иргэдийн дунд гарчээ. Нөгөө талаар сонгуулийн сурталчилгаанд хүүхэд ашигласан хэмээн Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд өчигдрөөс эсэргүүцэн тэднийг буруутгав.Д.Ундрах 24tsag.mn



















































