Намын нэрсийн жагсаалт гэж юу вэ. Тухайн намын улс төрийн байр суурь, баримтлах бодлогыг тодорхойлогч боловсон хүчин нь гэсэн үг. Өмнө нь үүнийг огт мэддэггүй, намын төлөө биш аль нэгэн хувь хүний төлөө санал өгдөг байсан над мэтийн олон хүнд нэрсийн жагсаалт их таалагдах болсон юм. Нэрсийн жагсаалтыг ганц гүйлгээд харчихад л тухайн намыг чухам “Ямархуу улс төрийн хүчин юм бэ” гэдгийг тодорхойлж болмоор байгаа учраас тэр.Ардчилсан намын нэрсийн жагсаалтын эхэнд дандаа залуус харагдаж байх юм. Намын дарга Н.Алтанхуягийн араас хүчтэй лидерүүдийн нэг З.Энхболд хоёрдугаарт бичигджээ. Түүний хойно Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг гэх мэтээр нэрс нь хөвөрсөн байгаа юм. Тэдний дунд байгаа нийтлэг олон зүйлийн нэг нь боловсрол. Тэд боловсрол, мэдлэгтэй хүмүүс.
Х.Тэмүүжин л гэхэд сайн хуульч. Хууль тогтоох эрх мэдэл бүхий УИХ-д түүн шиг мэргэжилтнүүд олон ч байдаг болоосой гэж бодох үе зөндөө бий. Хуульч хүн өндөр ёс суртахуунтай байх ёстой гэдэг. Бас шударга байхыг шаарддаг. Шударга байна гэдэг хэний ч өмнө үнэнийг хэлэхээсээ айхгүй байхыг хэлэх биз. Тийм ч учраас Х.Тэмүүжин ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг цэгцэлж, шинэ хууль санаачлан батлуулсан юм. Бодоод байх нь ээ, ардаа ямар нэгэн бизнестэй, компанитай, түүнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд дуугардаг зарим нэгнийг зад шүүмжилж байгаад батлуулсан энэ хууль Монголын нийгэмд авлига гэгч зүйлийг үгүй хийх ганц арга зам ч болж мэдэх юм. Ч.Сайханбилэг байна. Цэл залуугаараа сайд болж байсан хүн. Монголын түүхэн дэх хамгийн залуу сайдаар түүнийг нэрлэж явсан үе бий. Москвагийн хүмүүнлэгийн их сургууль, АНУ-ын Жорж Вашингтоны сургуулийг дүүргэж Монголдоо хуульч мэргэжлийг эзэмшсэн түүний боловсролын “намтар” зузаан л юм. Долоон шидийн хэлээр ярьдаг биз, бодвол. Боловсрол бол хүчтэй зэвсэг. Эзнээ хүчирхэг болгодог зүйл. Тийм учраас Ч.Сайханбилэг бол хүчирхэг зэвсэг гартаа атгасан хүчирхэг хүн болж таарах нь. Надад таалагдаж байна. Би ийм хүмүүсээр улс орноо удирдуулмаар байна.
Ардчилсан намын нэрсийн жагсаалтад багтсан боловсролтой хүмүүс зөвхөн Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг байсангүй. М.Батчимэг, Б.Мэдрээ гэх мэт олон хүн 28-д багтжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөдөг хүн. Тэрбээр улс төр судлалаар Бээжин, Тайваньд суралцаж, хожим нь энэ салбарын доктрант болсон. Бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улсын аюулгүй байдал, Монгол, Хятадын харилцааны чиглэлээр дагнан судалгаа хийж мэргэшсэн.
Тэдний дийлэнх нь залуус. Боловсролтой залуус. Өөрөөр хэлбэл, арай илүү шинийг сэтгэх сийрэг толгойтой хүмүүс гэсэн үг. Хуучин нийгмийн бугшсан үзэл баримтлал дунд хүмүүмжиж, тэр бодлогоор нь улс төрийн байр сууриа тодорхойлж явдаг нэгэн нь харин тэдэн шиг байж чаддаггүй юм. Бусад намын нэрсийн жагсаалтыг харсан даа, уг нь. Гэхдээ тэнд Ардчилсан намынхан шиг боловсролоор “бялуурч” байгаа хүмүүс харагдахгүй л байна лээ. Урваж шарвадаг олон ааштай, хөгшин настай, санчиганд нь буурал суугаад удаж байгаа хүмүүсээс ер нь залуу нас, боловсрол мэдлэгийн эрч хүч ханхлах ч үгүй биз.
Намын нэрсийн жагсаалтад багтсан хүмүүс тухай намынхаа өнгө төрхийг бүрэн тодорхойлж болмоор санагдаад байгаа юм. Энэ утгаар нь бодож үзвэл Ардчилсан нам боловсролтой улс төрийн хүчин болох нь ээ. Нэрсийн жагсаалтад багтсан 28 нэр дэвшигчийг нь сонжоод үзэхээр андахгүй харагдаж байна.
Сонгуульд өрсөлдөж байгаа хоёр гол намын нэг гэдэг утгаар нь Ардын намын нэрсийн жагсаалтыг хараад үзье л дээ. Тэнд Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан мэтийн хөгшчүүл, Л.Оюун-Эрдэнэ мэтийн залуус харагдаж байна билээ. Мэдэхгүй юм даа. Би Ардын намын нэрсийн жагсаалтад багтсан 28 хүнийг бүгдийг мэднэ. Гэхдээ тэдний тухай бодол толгойд орж ирэнгүүт араас нь боловсрол биш, харин өөрийг нь тоохгүй бол анхаарал татахын тулд нус нулимсандаа хутгалддаг эрх жаал, хажуудаа данхтай цай тавьчихаад хууч хөөрч суугаа эмээ нар л бодогдох юм. Боловсролтой байна гэдэг уг нь сайхан. Улс төрд дандаа хурцадмал нөхцөл байдал үүсдэг. Тийм ч учраас алсыг харсан холч ухаан, түүнийгээ төгс болтол нь боловсруулсан эрдэм мэдлэг чухал хэрэгтэй байдаг юм. Тэгж байж зөв шийдэлд хүрнэ. Асуудлын гарцыг олно. Тиймээс би лав хувьдаа боловсролтой Ардчилсан намыг дэмжмээр байна. Надад Ардчилсан намын нэрсийн жагсаалт таалагдаж байна.



















































