Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг, “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхсэн.

Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийн, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад хяналт тавих болсон байна. Дээрх гурван хот айлын малд гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 7 хоногийн өмнө хийсэн байжээ.
Түүнчлэн хуралдаанаар цаг үеийн бусад асуудлын талаар хэлэлцлээ. Сүүлийн өдрүүдэд хур борооны улмаас үер бууж, голын усны түвшин нэмэгдэж байгаа учир Онцгой комиссоос сэрэмжлүүлэг гаргалаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр борооноос гадна аянга цахилгаан, түр зуурын хүчтэй салхи ихтэй байх тул амралт, аялал, зугаалга эхэлж байгаа энэ үед Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллага хамтран аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, хяналт, шалгалтаа тогтмол хийж байхыг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд үүрэг болгов.
Б.Золбоо