Манзушир хийдийг сэргээн засварлалаа

300 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийн өнөөгийн төрхийг хэвээр нь хадгалж, хамгаалах мөн сэргээн засварлах ажил боллоо. Олон зуун жилийн настай тус хийдийн туурь, байгууламж нь байгалийн аясаар элэгдэж нурах дөхсөн байжээ. Ажлын хүрээнд Манзушир хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр унасан байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас өөрийн хүч, хөрөнгөөр хуучин байдалд нь оруулж, сэргээх ажлыг хийлээ. Очирваань сийлбэрт чулуун хад нь Манзушир хийдээс дээш 500 метр газарт байрлах бөгөөд нийт жин нь 12 тонн байжээ. Чулуун сийлбэрт хадыг босгохын тулд доор нь байсан найман тонн жинтэй чулууг хагалж холдуулах шаардлага гарч, өрөмдөх, хөрөөдөх, техникээр татах зэргээр гурван хоногийн турш уйгагүй ажилласны эцэст хөдөлгөжээ. Үүний дараа чулуун хадан сийлбэрийг өргөж босгох, суурь ивээсийг хийж, бэхлэх, сийлбэрийг сэргээх ажлуудыг хийсэн аж. Мөн Манзушир хийдийн орчны хогийг цэвэрлэж, хашаа хорооны нурсан чулууг өржээ. Ингэснээр жуулчлалын улиралд тус хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр байгалийн унаган төрхдөө орж, хийд ч уншлага номоо хурах бүрэн боломжтой болсон байна. Очирваань чулуун хадан сийлбэрийг сэргээн босгосны дараа лам, хуврагууд ном хурж, аравнайлжээ.
Д.Ундрах 24tsag.mn