Өглөө 07.00 цагаас эхэлсэн УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа дөнгөж сая дууслаа. Улсын хэмжээнд 1 833 478 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлж, санал өгөх эрхтэй болсон. Үүнээс 21 аймаг буюу орон нутагт 1 029 008, нийслэлд 804 470 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон юм. 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 49,81 хувьтай санал өгсөн хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ. Харин ирцийн эцсийн дүнг 21.00 цагт гаргах юм.Хэдийгээр сонгуулийн явцад саналын машин гацах тохиолдол олон гарч цаг алдсан ч хугацааг уртасгах боломжгүй гэдгээ СЕХ-ноос мэдэгдсэн билээ. Учир нь санал тоолох машины програм нь оройн 20.00 цаг гэхэд автоматаар зогсох аж.
Тиймээс 20.00 цагаас хойш тухайн хэсэг дээр санал тоолох машинууд сонгогчдын өгсөн саналыг тоолсон файлыг хэвлэж гаргахаар болжээ. Энэ дүнг нь тойргийн хэсгийн хороо нь баталгаажуулж, тогтоол гаргаад тойргийн хороондоо хүргүүлэх юм байна.
Энэ удаагийн сонгууль анх удаа цахим хэлбэрээр явагдаж байгаа гэдгээрээ онцлог аж.
Сонгуулийн санал хураалтын үеэр 359 хэсгийн хороонд 800, орон нутагт 1548 хэсгийн хороонд 1870, улсын хэмжээнд нийт 1906 санал авах байранд 2370 албан хаагч 24 цагаар томилогдон ажиллаж байгаа юм.
Б.Чимэг



















































