Европ хүн Монголын маркийг дэлхийд таниулжээ

Европын Өмнөд Тиролоос гаралтай Италийн иргэн доктор Вольфганг Хэлриглийн бичсэн “Монгол 1841-1941” нэртэй Монгол дахь шуудангийн үйлчилгээний түүхийн тухай номын танилцуулга Японы элчин сайдын яаманд өнгөрсөн лхагва гарагт боллоо. Европ гаралтай зохиогчийн бүтээлийг Японы элчин сайдын яаманд танилцуулж байгаа нь учиртай ажээ. Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь В. Хэлрилгийн нэгэн адил Азийн орнуудын тэр дундаа Монголын шуудангийн маркийг цуглуулдаг байна. Тэрээр шуудангийн салбарын үйлчилгээ үүсч хөгжсөн түүхийг судалснаараа олон улсын хэмжээнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Европын зохиогчид энэхүү номоо туурвихад нь Т.Шимизү дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. В.Хэлриглийн номонд 1841 онд Монгол Улсад Францийн шашин номлогчийн захидал бүртгэгдсэн үеэс эхлээд 1941 онд анхны зурагт марк хэвлэгдсэн үе хүртэлх 100 жилийн түүхийг харуулжээ. Мөн энэ үеэр Японы элчин сайд шуудангийн маркны өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргажээ. Түүнчлэн энэхүү ном 2011 онд Японы Ёкохама хотод зохиогдсон дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэнгийн тэргүүн шагналыг хүртжээ. Ингээд монголын шуудангийн түүхийг дэлхий нийтэд таниулж байсан чухал бүтээлд тооцогджээ.
Д.Ундрах 24tsag.mn