СХД-ийн нутаг Орбитын 66-р гудамжинд H.Accent автомашины жолооч М нь явган зорчигч Б нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ.
Мөн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Т.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан явган зорчигч О-г мөргөж гэмтээсэн байна.
Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан талаар мэдээлэв. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 7-нд тус албаны ЖШУХ-д нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгджээ.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл дөрвөн тохиолдол бүртгэгдэж, долоон хүн хүнд хөнгөн гэмтсэн аж. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч нэг. Харин зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртжээ.