зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


ХОМСИМ БОДИСАДВАГИЙН СҮМД ТОЙН ЭРДЭНЭД ДУРЛАВ
ХАР САЛХИТ УУЛЫН ШУЛАМ КАРША НАМЖИРЫГ ХУЛГАЙЛАВ


Өгүүлэх нь, багш шавь хоёул морио ташуурдан явсаар шууд хаалганд хүрч үзвээс үнэхээр нэгэн их сүм ажгуу. Гагц үзвээс,


Давхар давхар асар тагт, дэгтэр дэгтэр саравчит гэр. Гурван хаалганы гадна жирвэс жирвэс түмэн зурвас өнгөт үүл халхалж, таван буянт танхимын өмнө гялс гялс мянган өнгийн улаан солонго ороожээ. Хоёр мөр нарс хулс жигдрэн нэгэн шугуй хус улиас ягцарчээ. Хоёр мөр нарс хулс нь он жилгүй аяндаа ариун сэлүүн, нэгэн шугуй хус улиас нь өнгө ялгаран омог сүлдтэй гэхэлзжээ. Үзвээс өндөр асар зүгийн тагт сэгийн, үет суварга сүрлэг сайхан. Даяанд суух хуврагийн чанар тогтоод, модонд донгодох шувууны дуун яруу. Анир тэс тоосгүй үнэхээр ялам жилэм, ариун хоосон ёс нь үнэхээр ариун хоосон.


Шүлгийн үг:


        Дээд хийд эрдэнийн модон хүрээлэнд ногоон дуган нуугдаад
        Төгс үзэмжит хувилгаан сүм их мянганаас хэтэрчээ.
        Тэнгэрийн доорх арилсан орон хүний ертөнцөд цөөн,
        Дэлхий дахины нэрт уулыг хувраг тойн эзэлжээ.


Тэр багш мориноосоо бууж, Бичин дамжуураа тавиад, хараахан хаалгаар орсугай хэмээтэл, дотроос нь нэгэн тойн гарч ирэв. Түүний чимснийг үзвээс:


Тэргүүнд тойны малгай тавьж, биед хиргүй хувцас өмсчээ. Нэгэн хос гуулин ээмгийг чихэнд зүүж, шоон бүсийг дундуур даран бүсэлжээ. Хөлд өмссөн өвсөн шаахай алхахад лавдуун, гарт барьсан ганди догшиход яруу. Амны дотор товор товор маань мэгзэм уншин, билиг барамидыг бясалган үнэн мөрд даатгажээ.


Тансаг үзээд үүдний хажууд хавиргалан зогсоод үг асуусанд, тэр тойн яаран хариу ёслон инээн өгүүлрүүн: “Угтахыг осолдов, хаанаас ирсэн буй? Дотор гэрт орж манз зоогло” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Шавь би зүүн газрын элч бөлгөө, Аянгын дуут сүмд эчиж бурханд мөргөн ном залахаар одмуй, энд хүрч ирсэнд тэнгэр орой болсон тул дээд хийдэд нэгэн шөнө хонохыг гуйсугай хэмээн ирэв.” Тэр тойн: “Тийм болбоос дотор ортугай” хэмээсэнд, Тансаг сая Бичинийг дуудан морио хөтлүүлэн орж эчив. Тэр тойн Бичиний дүрийг нь үзээд баахан айж ийн асууруун: “Тэр морь хөтлөгч нь ямар юм буй?” Тансаг өгүүлрүүн: “Сэмээр хэлэгтүн! Түүний зан нь догшин, хэрвээ чиний энэ үгийг сонсвоос тэр уурлах болой. Тэр нь миний шавь.” Тэр тойн цочиж хуруугаа зууж өгүүлрүүн: “Ийм нэгэн муухай юмаар юунд шавь хиймүй!” Тансаг өгүүлрүүн: “Чи үзэж үл гармуй, хэдий муухай боловч маш хэрэгтэй болой” хэмээв.


Тэр тойн Тансаг, Бичинийг дагуулж сүмийн үүдээр орвоос тэр гол харшийн дээр “Хомсим бодисадвагийн сүм” хэмээх дөрвөн их үсэг бичжээ. Тансаг үүнийг үзээд ихэд баясан ийн өгүүлрүүн: “Шавь би бодисадвагийн хишгийг олонтаа хүртсэн боловч мөргөж завдаагүй бөлгөө. Өдгөө энэ сүмд тохиолдсон нь мөн Бодисадвад учирсан лугаа адил тул би залбиран мөргөсүгэй” хэмээсэнд, тэр тойн шавийг дуудан, сүмийн үүдийг нээлгэж Тансагийг мөргөтүгэй хэмээв. Энэ үед Бичин морио уяж боодлоо тавиад Тансагийг дагаж сүмд оров. Тансаг Бодисадвагийн алтан хөрөгт мөргөхөд тэр тойн одож хэнгэргээ дэлдэхэд Бичин жүнг нь цохив. Тансаг мөргөн дуусаад боссонд, тэр тойн хэнгэргээ дэлдэхээ зогссон ч Бичин жүнг нэгэн үе түргэн нэгэн үе алгуур цохьсоор байв. Тэр тойн өгүүлрүүн: “Мөргөж дууссан болой, бас юунд цохином?” Бичин сая жүнгийн дохиурыг тавьж инээн өгүүлрүүн: “Чи юу мэдэх буй, миний энэ болбоос “Нэгэн өдөр тойн болбоос нэгэн өдөр жүн цохьмуй” хэмээх нь болой” хэмээтэл, тэр сүмийн их бага тойд цөм жүнгийн дуунд цочиж бүгдээр гарч ирээд: “Ямар нэгэн зэрлэг хүн ирж дураар жүн цохьмуй?” хэмээн өгүүлсэнд, Бичин харайн гарч ирээд зандан өгүүлрүүн: “Сүн нагац өвөг чинь би цохиж наадмуй!” Тэдгээр тойд үзмэгц цөм айн унаж газарт мөлхөн аман дотроо: “Аянгын эрхтэн!” хэмээн дуудахад, Бичин өгүүлрүүн: “Аянгын эрхтэн надад ач болмуй. Бос! бос! Бүү айгтун, Бид болбоос зүүн газрын их Тан улсаас ирсэн түшмэл болой” хэмээв. Олон тойд мөргөн ёсолж Тансагийг үзээд сая сэтгэл тавиу болж айхгүй болов. Тэр сүмийн тэргүүн тойн өгүүлрүүн: “Их түшмэл хойд гэрт орж манз зооглогтун” хэмээсэнд цулбуурыг тайлан морио хөтөлж, боодлоо дамнан гол дуганг тойрон шууд хойд гэрт ороод дэс дараалан суув.


Тэр сүмийн тэргүүн тойн манз барин цав өргөсний хойно, Тансаг тал өгөн хариу ёсолж барахын урьд, хоёр бага тойн нэгэн өвгөн тойныг түшсээр гарч ирэв. Тансаг түүний чимснийг үзвээс:


Тэргүүнд үснирт малгай тавьж, молор эрдэнийн оройгоос гэрэл татжээ. Биед гэмэрлэг өөдөн карша намжир өмсөж, халиун хөгцний өрвөлөгийн алтан эмжээр гялтганажээ. Хөлд өмссөн хуврагийн шаахайнд найман эрдэнэ суулгаад, гарт тулах таягт үүл одыг сийлжээ. Нүүрэнд суусан хуниас нь Ли Шан уулын эмгэн адил, нүдэнд бүрхсэн үүл нь зүүн далайн лус мэт. Уруулын эмсгэр нь шүд унасны учраа, нурууны бөгтөр нь шөрмөс татсаны гэм.


Олон тойд цөм: “Өвгөн багш ирэв” хэмээсэнд Тансаг бие мэхийн ёслон угтаж: “Өвгөн багшид шавь би ёсолном” хэмээв. Тэр өвгөн тойн хариу ёслоод хоёул найр тавин суулцсаны хойно өвгөн тойн ийн өгүүлрүүн: “Зүүн газрын их тойн ирснийг шавь нараас сонсоод золгосугай хэмээн ирэв.” Тансаг: “Их багшийг мэдсэнгүй эрдэнийн ууланд ирж үймүүлсэн миний бурууг уучилму!” хэмээсэнд, тэр өвгөн тойн: “Ямар аймшиггүй буруушаамуй” хэмээгээд бас ийн асууруун: “Зүүн газар эндээс хэдий хол буй?” Тансаг өгүүлрүүн: “Чан Ан балгаснаас гарч таван мянга илүү газар явж хязгаар уулыг өнгөрөн нэгэн шавь олж нааш явсаар Баруун Сартуул улс ба Хамил улсыг дайрч бас тав, зургаан мянган газар яваад сая таны энд хүрч ирэв.” Өвгөн тойн өгүүлрүүн: “Мөн ч түмэн газар явжээ, би өдий насалтал сүмийн үүднээс гарсангүй, үнэхээр худгийн доорх мэлхий лүгээ адил нэгэн насыг талаар өнгөрөөжээ.” Тансаг асууруун: “Өвгөн тойны насан сүүдэр хэдий болов?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Мунагаар хоёр зуун дал наслав.” Бичин сонсоод өгүүлрүүн: “Тийм болбоос чи миний түмэн үе доорх ач ажгуу!” хэмээсэнд, Тансаг түүнийг нүдээр ширвэж: “Үгээ хичээ! Битгий хүнд хөнгөнийг мэдэхгүйгээр хүнийг дайрагтун!” хэмээв. Тэр тойн Бичинээс “Чи хэдий настай буй?” хэмээн асуусанд, Бичин: “Аймшиггүй өгүүлж үл болмуй.” Тэр өвгөн тойн түүнийг солиотой буюу хэмээн сэтгээд дахин эс асуув. Удалгүй нэгэн бага тойн цагаан хасын тавагт алтан хөвөөтэй гурван цом тавьж, бас нэгэн бага тойн цагаан гуулин тавар өргөн орж ирээд цомонд цай хийж барьсанд үнэхээр нь өнгө нь анар цэцгийн голоос сайхан, амт нь гавир цэцгээс илүү анхилмал тул Тансаг магтан өгүүлрүүн: “Үнэхээр сайн эд! Сайхан идээн саванд тохирчээ.” Өвгөн тойн өгүүлрүүн: “Нүдний булай, та хэмээгч дээд орон их улсаас ирсэн тул ямар сайн юмыг эс үзсэн буй, энэ муу савыг юунд ийн хэтэрхий магтмуй? Харин та улсаасаа авчирсан эрдэнэ буй болбоос бидэнд үзүүлмү?” Тансаг өгүүлрүүн: “Манай тэр газар эрдэнэ чухаг, хэдий байвч газар хол тул яахан авч ирэх буй.” хэмээв.


Бичин хажуугаас өгүүлрүүн: “Багш, би урьд өдөр манай боодолд нь нэгэн карша намжир байхыг үзсэн бөлгөө, тэр эрдэнэ бус юу буй? Түүнийг гаргаж эдэнд үзүүлбээс барав.” Олон тойд карша намжир хэмээхийг сонсоод цөм хүйтнээр инээв. Бичин: “Та нар юунд инээмүй?” хэмээн асуусанд сүмийн тэргүүн тойн өгүүлрүүн: “Та сая карша намжирыг эрдэнэ хэмээх үгэнд инээмүй, карша намжир хэмээвээс манай зэргийн хүнд хорь гучаад буй. Манай их багш энэ  сүмд хоёр зуу тавь жаран жил тойн суусан тул адаг багадаа долоо найман зуун зах буй, өдгөө гаргаж танд үзүүлсүгэй!” хэмээв. Тэр их багш Тансагт гайхуулсугай хэмээн санаж гонироор сангийн гэрийн үүдийг нээлгэж, Бандиар арван хоёр авдрыг дамнан гаргаж хүрээний дунд тавиад оньсыг нь нээн хоёр хажууд хувцасны өлгүүр тавих дөрвөн тал бэл дээс татаад карша намжирыг цөм гаргаж сэгсрэн өлгөсөнд, Тансаг үзвээс үнэхээр хүрээ дүүрэн таж магнаг, торго дурдан болжээ.


Бичин нэг нэгээр үзвээс цөм цэцэг хуар хатгасан юм тул инээн: “Сайн! сайн, хураан авагтун, бид карша намжираа гаргаж та нарт үзүүлсүгэй” хэмээсэнд, Тансаг Бичинийг татаж шивнэн өгүүлрүүн: “Аяа, шавь минь, эдэн лүгээ баянаа бүү мөрийцөлд. Чи бид ганц биеэр гаднаас ирсэн хүн тул эндэгдэл гаргажээ.” Бичин өгүүлрүүн: “Карша намжираа үзүүлэхэд бас ямар эндэгдэл гарах буй?” Тансаг өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, эртний хүний өгүүлсэн нь: “Ховор эрдэнэ сайн юмаа ховдог шунахай зусар аргат хүнд битгий үзүүл” хэмээжээ, хэрвээ тоовоос эрхгүй сэтгэл хөдөлмүй, сэтгэл хөдөлбөөс эрхгүй арга үүсгэмүй, чи хэрвээ хэрэг татахаас хичээвээс, тэд авсугай хэмээн гуйхад өгвөөс сая болмуй, өгөхгүй болбоос амь насанд хор ирэх нь цөм үүнээс үүсмүй. Энэ нь бага хэрэг бус болой.” Бичин өгүүлрүүн: “Санаа амар суу, хамаг хэргийг өвгөн Сүн би мэдсүгэй!” хэмээгээд үгийг сонсолгүйгээр боодлыг тайлан эвхсэн хоёр давхар цаасыг алдраан карша намжирыг гаргаж дэлгэмэгц улаан гэрэл гэр дүүрэн цацран өнгөт уур танхим бүрхэн тунарав. Олон тойд үзээд үл гайхаж магтах бээр үгүй. Сайн карша, сайн намжир ажгуу. Дээр нь:


Мянган зүйлийн ховор сонин гэгээн сувдыг унжийлгаж, түмэн янзын чухаг гайхамшигт бурхны эрдэнийг хаджээ. Энгэр зааманд эрээн луу тоглон, дөрвөн хормойд таж гэмэрлэг эмжжээ. Биед өмсвөөс барцад түйтгэр цөм арилаад мөрөнд нөмөрвөөс муу сайн зуурдын сүнсийг шар булагт тонилгомуй. Тэнгэрийн дагина түүнийг өөрийн гараар уясан тул дээд хувраг бус болбоос өмсөж үл болмуй.


Тэр өвгөн тойн энэхүү гайхамшигт эрдэнийг үзээд үнэхээр ховдог сэтгэл хөдөлж, урагш давшин Тансагт сөгдөж нүдэн нулимс унаган: “Шавь надад үнэхээр хувьгүй ажгуу!” хэмээв. Тансаг түүнийг тэтгэн босгож өгүүлрүүн: “Өвгөн багш та надад хэлэх үг буй буюу?” Тэр өвгөн тойн өгүүлрүүн: “Багшийн энэ эрдэнийг сая дэлгэхэд наран орой болсон бөгөөд миний нүд бас бүдэг тул тодорхой үзэж чадсангүй нь хувьгүй бус буюу!” Тансаг өгүүлрүүн: “Тийн аваас зул асааж чамд дахин үзүүлсүгэй.” Өвгөн тойн өгүүлрүүн: “Багшийн энэ эрдэнэ аяндаа гэрэл цацран гялсах тул дахин зул асааваас улам нүд гялсан сайтар үзэж чадахгүй.” Бичин өгүүлрүүн: “Чи яахан сайтар үзсүгэй хэмээмүй?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Багш өршөөвөөс шавь би хойд гэртээ аваачиж нэг шөнө сайтар үзээд маргааш эрт буцаан өгсү, таны санаанд ямар?” Тансаг сонсоод их л цочиж Бичинийг зэмлэн өгүүлрүүн: ”Энэ цөм чиний уршиг болов!” Бичин инээн өгүүлрүүн: “Түүнээс айх учир юун? Би баглаж түүнд өгсүгэй, өчүүхэн эндэгдэл гарваас өвгөн Сүн би даасугай” хэмээгээд Тансаг хэдий хоригловч үгийг сонсолгүй карша намжирыг тэр өвгөн тойнд тушаан өгч ийн өгүүлрүүн: “Чи аваачиж үзтүгэй, маргааш эрт  манайд авчирч өг, өчүүхэн төдий ч хиртүүлж болохгүй.” Өвгөн тойн тэсгэлгүй баясаж шавиар тэр карша намжирыг бариулан хойд гэрт оров. Бас олон тойныг дуудан өмнө даяаны гэрийг цэвэрлэн хоёр хулсан ор тавьж хөнжил дэвсгэр засан, хоёр багшийг нойрсуулж маргааш өглөөний цавыг бэлтгэ хэмээн захив. Олон тойд тархсаны хойно, Тансаг багш шавь хоёул даяаны гэрийн хаалгыг хааж нойрсохыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр тойн карша намжирыг хууран авч хойд гэрт одоод өмнөө тавьж зулын гэрлийн доор шүрхэртэл уйлахад, тэр сүмийн бүгд тойд маш цочин унтаж чадахгүй болов. Бага шавь багш юунд уйлахыг мэдэхгүй тул даруй одож олон тойдод эчиж: “Өвгөн багш гашуудан уйлсаар шөнийн хоёр цаг болов?” хэмээсэнд, түүний хайртай хоёр шавь нь урагш давшин асууруун: “Багш чи юунд уйлмуй?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Би Тансагийн энэ эрдэнийг олж үзэх хувьгүйд уйлмуй!” Бага тойн өгүүлрүүн: “Багшийн насан сүүдэр өндөр болсон тул зөнөсөн буй за. Түүний эрдэнэ өмнө чинь байнам, дэлгэж үзвээс барав, уйлах нь юун?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Би хоёр зуу далан насалтал карша намжир хэдэн зуун зах өмссөн боловч, түүний энэ эрдэнэ лүгээ адил нэгхэн ч үгүй тул би яахан Тансаг мэт болъюу” Тэр бага тойн өгүүлрүүн: “Өвгөн багшийн үг ташаарав, Тансаг хэмээгч нутаг уснаасаа ангижирсан нэг бадарчин тойн болой. Багш өдий өндөр насалтал дутах юмгүй бие амар жаргасан нь түүнээс дооргүй атал, харин бадарчин тойн болсугай хэмээх нь юун буй?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Би хэдий гэртээ амар сууж өтөлтөл өчүүхэн ч зовсонгүй жаргасан боловч, энэ эрдэнийг эс эдлэв. Хэрвээ би нэгэн өдөр ч олж өмсвөөс үхэвч нүд аних бөгөөд ертөнцөд тойн болсон нь хоосон бус болой.” Олон тойн өгүүлрүүн: “Багш түүнийг өмсөхөд ямар бэрх буй? Бид тэднийг нэгэн өдөр түдүүлбээс нэгэн өдөр өмсөж болмуй, арван өдөр түдүүлбээс арван өдөр өмсөж болмуй, юунд ийнхүү гашуудан уйлмуй?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Тэд хэдий нэг жил суувч мөн нэг жил олж өмсөхөөс өөр өнөд үл өмсөх, тэднийг явах цагт мөн ч өгөхгүй буй за, юуны удаан үлдээж чадмуй?”


Хараахан ийн өгүүлэлдэн атал, нэгэн Их ухаант хэмээгч бага тойн нь гарч ирээд: “Багш өнөд авсугай хэмээвээс бас хялбар.” Өвгөн тойн түүний ийн өгүүлэхийг сонсоод маш баясан: “Шавь чамд ямар сайн арга буй?” хэмээн асуусанд Их ухаант өгүүлрүүн: “Тэр багш шавь хоёул холоос ирж зүдэрсэн тул үхэн унтжээ. Бид нэг хэдэн их хүч чадалтай хүнийг шилж илд жад бариулан хаалгыг нь эвдэж ороод тэднийг алж хүүрийг нь хойд хүрээлэнд булбаас ганц бидэн өөрөө мэдэхээс өөр хэн мэдмүй, түүнчлэн бас цагаан морь амьтай боодол ч бидний болмуй, энэ карша намжирыг олбоос үеийн үед үүрд уламжлах эрдэнэ болох бус уу?” Өвгөн тойн үүнийг сонсоод маш баясан  нулимсаа арчиж: “Сайн! сайн! энэ үнэхээр сайн арга, илд жад бэлтгэ!” хэмээв. 


Олны дотроос Их ухаантын номын дүү Их аргат хэмээгч тойн урагш давшин өгүүлрүүн: “Энэ арга сайн бус, тэднийг алсугай хэмээвээс байдлыг сайн мэдэх хэрэгтэй. Тэр цагаан царайтай тойныг алахад хялбар, ганц нүүрэндээ үстэй тэр тойн хялбар бус, хэрвээ түүнийг алж эс чадваас харин гэдрэг зовлон болох буюу? Надад нэгэн илд жад үл хөдөлгөх сайн арга буй, багшийн санаанд суух үгүйг мэдэхгүй.” Өвгөн тойн өгүүлрүүн: “Шавь чамд ямар сайн арга буй болов?” Их аргат өгүүлрүүн: “Бага шавийн арга болбоос их бага олон тойныг цөм цуглуулаад хүн бүрт нэг богоч түлээ өгч тэр гурван тасалгаа даяаны гэрийг хайрлалгүйгээр гал тавьж тэднийг морьтой нь хамтаар шатаан алаад уулын өмнө хойдох айлын хүмүүс мэдвээс, тэдэн эс хичээн гал алдаж манай гэрийг шатааж өөрөө үхэв хэмээн хэлбээс, хүний чих нүдийг халхалж болмуй. Карша намжир энд байх тул бидний болох бус уу?” хэмээсэнд, тэдгээр тойд сонсоод маш баясан “Сайн арга!” хэмээлдэв. Аяа, өндөр наст өвгөн тойн наснаас егүүдэн, өргөн буянт Бодисадвагийн сүм үнсэн товрог болох цаг болжээ! Харин тэр сүмд дал наян гэр, их бага хоёр зуу илүү тойн буй, тэр шөнө бүгдээр түлээ зөөж Тансагийн хоносон гэрийн өмнө хойно дөрвөн этгээдэд овоолон гал тавихаар бэлтгэхийг өгүүлэхгүй.


Тансаг багш шавь хоёул орондоо орж хэвтсэний хойно Бичин тамир амьсгалаа бясалган нүдээ анин авай. Гэнэт урагш хойш явах хүмүүсийн хөлийн чимээ гарч, түлээ мод зөөх дуун гарсанд тэр дотроо сэжиглэн: “Энэ шөнийн гүнд бас ямар хүн явмуй? Харин хулгай ирж биднийг хорлох буй за?...” хэмээн сэтгээд дэвхлэн босч, үүдээ нээн үзсүгэй хэмээвээс бас багшаа сэрэхээс болгоомжлон сэмээр нэгэн зөгий болон хувилаад хаалганы завсраар нисэн гарав. Үзвээс үнэхээр:


Ам нь бал, сүүл нь хор, нуруу нь нарийхан, бие нь хөнгөн, цэцгийг сүлжин, удыг дамжин нисэх нь харвасан зэв мэт, нялдагт наалдан үнэрт соргог нь унах одон адил. Агдгар бага бие нь уулыг үүрэн дааж, нимгэн хоёр жигүүр нь салхинд дэгдэн чадмуй. Унийн дороос нисэн дэгдэж гарваас, орчлон дэлхийг бүрэн үзэж гармуй.


Үзвээс, олон тойд түлээ зөөж өвс овоолон гэрт гал тавихыг Бичин үзээд сэмээр инээн өгүүлрүүн: “Үнэхээр миний багшийн хэлсэн үгнээс гасангүй! Эд маний амийг хорлон карша намжирыг авсугай хэмээн ийм хорт санааг үүсгэжээ, би эднийг шийдмээр цохисугай хэмээвээс миний шийдмийг даахгүй цөм үхэх бөгөөд багш бас хүнийг алав хэмээн намайг буруушаамуй, үүний оронд аяыг нь дагуулан арга хэрэглэн тэднийг орох гэр оочих аягагүй болгосугай!” хэмээгээд Бичин нэгэнтээ тонгорцогломогц тэнгэрийн өмнө хаалганд хүрч ирсэнд тэнгэрийн хаалга сахигч эрхтэн нар цөм бие мэхийн зэргээр: “Муу болов! муу болов! Урьд тэнгэрийн орныг түйвээсэн тэр их ноён бас хүрч ирэв!” хэмээлдэв. Бичин гар сажин: “Авгай нар битгий ёслогтун, битгий цочигтун. Би тэр бясман Махаранзыг эрэхээр ирэв” хэмээв.


Өгүүлж барахын урьд тэр Махаранз хэдийн хүрч ирээд Бичинийг угтан өгүүлрүүн: “Удтал учирсангүй, урьд сонсвоос Хомсим бодисадва ирж хурмастад бараалаад дөрвөн цагийн эзлэгч, зургаан улаагчин, зургаан хөх хийгээд таван орны кирди нарыг аваачиж Тансагийг хамгаалуулан баруунш ном залахаар одуулахад, чамайг Тансагийн шавь болов хэмээн сонссон бөлгөө. Энэ өдөр яахан чөлөө гарч энд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Над олон өгүүлэх чөлөө үгүй, миний багш замд муу хүнд тохиолдоод галаар түүнийг шатааж алах гэж байх тул чамайг эрэн ирж “Гал халхлах даруул”-ыг чинь зээлэн аваачиж багшийг тэнхрүүлсүгэй хэмээмүй, түргэн өг! Хэрэглэж бармагц даруй буцаасугай.” Тэр Махаранз өгүүлрүүн: “Чи ташаарсан болой, үнэхээр муу хүн гал тавьсан болбоос усыг агсан унтраах буй за, юунд гал халхлах даруулыг хэрэглэмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, хэрвээ усыг агсан унтрааваас түймэр унтарч тэдэнд ашигтай болох буюу, чиний даруулыг агсан аваачиж Тансагийг хамгаалж гаргаваас барав, бусдыг нь хэрэгсэж яамуй? Түргэн! Түргэн! Миний хэргийг бүү саатуул!” Тэр Махаранз инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин бас ч ийнхүү муу сэтгэл үүсгэж ганц өөрийгөө бодоод бусдыг бодохгүй.” Бичин өгүүлрүүн: “Хурдан! Хурдан!  Бүү олон юм ярьж миний их хэргийг саатуул!” Тэр Махаранз айшгүй үл өгч болохгүй тул гал халхлах эрдэнийн даруулыг Бичинд өгөв.


Бичин авмагц үүл хөлөглөн сүмд хүрч Тансаг болон цагаан морь боодлыг даруулаар халхлаад, өөрөө өвгөн тойны гэрийн орой дээр гарч карша намжираа сахиж гал тавихыг үзэн суув. Олон тойн гал тавьсанд Бичин тарни уншиж хийн орноос нэгэн аман хий сорон авч үлээсэнд гэнэт их салхи хөдөлж гал улам хөгжив. Үнэхээр их гал ажгуу. Гагц үзвээс:


Хар утаа багларан бургиж, улаан нөл түржигнэн мандав. Хар утаа багларан бургисанд хамаг од үзэгдэхгүй болов, улаан нөл түржигнэн мандсанд орчлон дэлхий цөм улайв. Сая эхлэхүйеэ гялс гялс хорт могойн хэл мэт, салхи ахдахуйяа тулс тулс гал үхэр тоглоход адил. Өмнө зүгийн гурван уур баатар сүрээ бадруулж, галын сахиусанд ид шидээ гаргав. Хуурай түлээ ноцсоноо Сүй Жэнгийн галаас ахдав. Хомсим бодисадвагийн сүмд шатсанд, Дилавын хөөргөөс хэтэрчээ. Галын аюул гарахад, галдан тэнгэр бас хавсармуй. Хуугих салхины хүчинд, хүрэн улаан гал хөх огторгуйд мандмуй. Пажигнан дуугарах дуун нь, битүүний шөнийн пуужин мэт. Түчигнэн дуугарах чимээ нь, түмэн агт давхихад адил. Шатсаар дуганы бурхан дутааж эс гарав. Хөгжсөөр хүрээний Чойжин далдлах газаргүй болов. Энэ гал нь Ууй Бэйгийн дайны түймрээс хэтэрч, Э Фан Гүнд гал орсон мэт.


Оч үсрэн уул шатав хэмээгч нь түүнийг өгүүлжээ. Агшин зуур салхи хөдлөн гал мандаад Хомсим бодисадвагийн сүм түймрийн далай болов. Тэр сүмийн тойд авдар хоргоо зөөн тогоо шанагаа шилжүүлэн гаслах дуун хүрээ дүүрч тэнгэрт тулав. Бичин биеэрээ хойд гэрийг халхлан даруулаар өмнө гэрийг бүрхэв. Түүнээс бус нэг гэр ч үлдсэнгүй цөм шатав. Үнэхээр тэнгэр тулам улаан нөл дүрэлзэж, туургыг нэвтлэм алтан гэрэл гэрэлтжээ.


Санамсаргүй энэ гал нь уулын нэгэн шулмыг цочоов. Энэ сүмийн ас өмнө хорь илүү бээрийн газарт нэгэн Хар салхит хэмээх уулын агуйн дотор нэгэн шулам буй ажгуу. Тэр шулам унтаж сэрээд хөрвөхөд цонхоор гэрэл тусахыг үзэж тэнгэр гэгээрэв хэмээн санаж яаран босоод гарч үзвээс харин ас хойно гал гарсанд шулам ихэд цочин: “Энэ лав Хомсим бодисадвагийн сүмд гал алдсан буй за! Эдгээр тойд огт хичээмтгий үгүй! Би одож тэдэнд тусалж галыг нь унтараасугай хэмээгээд үүл хөлөглөн ирж үзвээс үнэхээр тэнгэр тулам гал ноцож өмнө этгээдийн харш дуган цөм үнсэн товрог болоод хоёр жигүүрийн саравчинд гал авалцаж хүржигнэтэл шатах ажгуу, тэр шулам их алхмаар шургалан орж ус авчир аа хэмээн бархиран хойд гэрт ирж үзвээс галгүй бөгөөд нэг хүн гэрийн орой дээр сууж салхи уримуй. Тэр шулам учрыг мэдэж яаран орж үзвээс гэрийн дотор нь гэрэл цацраад ширээний дээр нь нэгэн хөх боодолтой юм буй. Шулам нээн үзвээс нэгэн зах карша намжир болох тул бурхны үүдний гайхамшигт эрдэнийг мэдэж гал унтраахаа байн тэр эрдэнийг авч үймэлдэх чөлөөнд гараад үүл хөлөглөн шууд агуйдаа эгэв.


Тэр гал шатсаар үүр цайхын хирд сая унтрав. Тэр олон тойдыг үзвээс чарман нүцгэнээр уйлан хайлан үнсний дотроос алт мөнгө гууль төмөр малтах ч буй, бас хэрэм түшүүлэн бүрх барьж, тогоо тулаад будаа чанах ч буй, ийнхүү уйлан хайлан энэлэн шаналан байхыг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь Бичин гал халхлах даруулыг авч нэгэнтээ тонгорцоглон тэнгэрийн өмнө хаалганд хүрч Бясман махаранзад тушааж өгөөд: “Сайн болов! сайн болой!” хэмээв. Тэр Махаранз эрдэнээ хүлээн аваад: “Их богд үнэхээр үнэнч болой. Хэрвээ миний эрдэнийг аваад надад эс эгүүлбээс би чамайг хаанаас эрэх буй хэмээн зовж байлаа, өдгөө хүргэж ирсэнд үнэхээр баярламуй.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хүний юмыг мэхэлж авах хүн мөн буюу? Үүнийг нь “Сайнаар зээлээд сайнаар буцааваас дахин зээлэхэд бэрхгүй” хэмээх болой.” Махаранз өгүүлрүүн: “Удтал учирсангүй тул ордонд орж баахан сууваас ямар буй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би урьдахын адил “Суудлыг цуцартал сууж шүүмжлэх” үгүй болов, өдгөө Тансагийг хамгаалж явах тул чөлөө олдохгүй, хожим алгуур хэлэлцсүгэй” хэмээгээд яаран салах ёс хийж үүлийг хөлөглөн хүрч ирээд биеэ мөн нэгэн зөгий хувилгаад нисэн орж уг биеэ болж үзвээс тэр багш бас амттай нойрссоор ажээ.


Бичин дуудан өгүүлрүүн: “Багш минь, тэнгэр гэгээрэв, бостугай” хэмээсэнд Тансаг сая нойрноос сэрж бие урван “Мөн” хэмээгээд хувцсаа өмсөж хаалга нээн гарч үзвээс, цөм үнсэн товрог болоод асар тагт сүм хийд цөм үзэгдэхгүй болжээ. Тансаг их л цочин өгүүлрүүн: “Юунд урд харш цөм үгүй болоод үнсэн товрог болов?” Бичин өгүүлрүүн: “Чи бас зүүдэлсээр буюу! Энэ шөнө галгарчээ.” Тансаг өгүүлрүүн: “Би яагаад мэдсэнгүй буй?” Бичин өгүүлрүүн: “Би энэ гэрийг хамгаалж, багшийн сайтар унтахыг үзээд сэрээсэнгүй бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: ”Чи энэ гэрийг хамгаалах чадалтай байгаад юунд бус гэрийг үл хамгаалмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Багшид үнэнээ хэлсүгэй, үнэхээр чиний өчигдрийн хэлснээр тэр өвгөн тойн манай карша намжирт дурлаад манийг шатааж алсугай хэмээн арга хэрэглэжээ. Хэрвээ би мэдсэнгүй бөгөөс өдгөө цөм үнс болсон болой!” Тансаг сонсоод цочин өгүүлрүүн: “Тэдний тавьсан гал буюу?” Бичин өгүүлрүүн: “Тэд бус өөр хэн буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэд чамайг хөнгөлсөнд чи энэ хэргийг үйлдсэн буй за?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би тэр мэт муу хэргийг юунд үйлдмүй? Үнэхээр тэд өөртөө тавьжээ, тэдний муу санааг нь мэдээд тэр галыг унтрааж өгсөнгүй, баахан салхи хөдөлгөн тусалсан бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Тэнгэр минь! Гал гарахад ганц усаар туслах буй за, юунд салхиар тусалмуй?” Бичин өгүүлрүүн: “Эртний үгэнд “Хүнд барсыг хорлох сэтгэлгүй болбоос барсад хүнийг хорлох санаа үгүй” хэмээжээ. Тэр гал тавьсангүй бөгөөс, би юунд салхийг хөдөлгөх буй?”. Тансаг өгүүлрүүн: “Карша намжир хаана байх буй? Бас түлэгдсэн болов уу?” Бичин өгүүлрүүн: “Гайгүй! Карша намжирыг тавьсан гэрт гал орсонгүй.” Тансаг өгүүлрүүн: “Хэрвээ баахан сүйдсэн болбол би тэр тарниа уншваас чи даруй үхэх болой!” Бичин яаран өгүүлрүүн: “Багш, бүү унш! Чиний карша намжирыг авчирч өгвөөс барав, би авчраад бид замаа хөөсүгэй” хэмээгээд Тансаг морио хөтлөн, Бичин дамжуураа дамнаад шууд хойд гэрт ирэв.


Өгүүлэх нь олон тойд уйлан гашуудаж байтал, гэнэт тэр багш шавь хоёул морио хөтлөн дамжуураа дамнасаар ирэхийг үзээд цөм сүнс нь гарч сүг нь сарнин маш айн өгүүлрүүн: “Хилс сүнс амиа нэхэхээр ирэв!” хэмээсэнд Бичин зандан өгүүлрүүн: “Ямар хилс сүнс амь нэхэх буй? Манай карша намжирыг хурдан авчир!” хэмээв, олон тойд цөм сөгдөн өгүүлрүүн: “Эртний үгэнд “Өшөөнд өшөөтөн буй, өрөнд төлөөсний эзэн буй” хэмээжээ, амь нэхсүгэй хэмээвээс манд хамаагүй, цөм Их аргат, өвгөн тойн хоёр арга гаргаж таныг алсан болой, биднээс битгий амиа нэх”. Бичин зандан өгүүлрүүн: “Энэ үхлээ эрсэн малууд! Хэн танаас амь нэхмүй! Миний карша намжирыг авчирч өг, бид явмуй!”Олны дотроос баахан зориг зүрхтэй хоёр тойн гарч ирээд ийн өгүүлрүүн: “Та тэр даяаны гэрт шатаж үхсэн болой, өдгөө ирж карша намжираа нэхэх нь, та хүн буюу, чөтгөр буюу?” хэмээн асуусанд, Бичин инээн өгүүлрүүн: “Энэ малууд! Бидний хоносон даяаны гэрийг үзэж ирээд дахин өгүүлтүгэй, юуны гал буй?” хэмээсэнд тойд мөлхөж босоод өмнөш үзвээс тэр даяаны гэрийн үүд цонх өрх тасалгаа өчүүхэн ч түлэгдсэнгүй ажээ, бүгдээр маш айн, сая Тансагийг хувилгаан багш, Бичинийг сахиусан тойн хэмээн мэдээд цөм ирж мөргөн өгүүлрүүн: “Бидэнд нүд буй боловч цөцгий үгүй тул дээрээс бууж ирсэн хувилгаадыг эс танив. Чиний карша намжир хойд гэрийн өвгөн багшийн дэргэд буй” хэмээсэнд Тансаг хэдэн давхар нурж сүйрсэн хэрмийг өнгөрч шүүрс алдан зогсохгүй. Хойд гэрт очиж үзвээс үнэхээр гал орсонгүй ажгуу, олон тойд урьдаар очиж дуудан өгүүлрүүн: “Багш аа! Тансаг гэгч үнэхээр хувилгаан ажгуу, түлэгдэж үхсэнгүй, бид харин өөрийн хөрөнгөө цөм сүйтгэв! Эртхэн карша намжирыг нь өгтүгэй” хэмээцгээв.


Тэр өвгөн тойн карша намжирыг эрэвч олдохгүй болсны дээр бас сүмийн гэр байшин цөм шатсанд түмэн хувь цухалдан зовниж байтал, гэнэт энэ үгийг сонсож дуу гарч эс чадаад, хэрхэн санавч хэлэх үг орох газаргүй харайн босоод хэрэм мөргөв. Хөөрхий, тэр өвгөн тойн хэрэм мөргөсөнд, толгой нь хагаран тархи нь гарч сүнс нь сарниад, амьсгаа тасран улаан цусан элс шороог будав.


Шүлгийн үг:


        Хөөрхийлөлтэй болой хөгшин тойн үнэхээр юутай мунхаг,
        Хүний ертөнцөд талаар амьдран нэгэн насыг барав.
        Хомсим бодисадвагийн ховор эрдэнийг тэр үл таниад,
        Хойш үед уламжлахыг бодоод ховдог санаа үүсэв.
        Карша намжирыг хялбараар олж өөрийн болгосугай хэмээвээс,
        Гарцаагүй гар хоосрон гамшиг зовлонд учирмуй.
        Их ухаант Их аргат өдгөө ямар тус буй?
        Эцэс сүүлдээ бусдыг хорлох гээд өөрсдөө хоосон болов.


Олон тойд мэндүүрч уйлан өгүүлрүүн: “Багш нэгэнтээ хэрэм мөргөж үхэв, карша намжир бас үгүй болжээ, одоо хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Санаваас та хулгайлж аваад нуусан буй за, бүгдээр гарч ир! Нэрээ бичиглэгтүн, би нэг нэгээр байцаасугай!” хэмээв. Сүмийн тойд хувраг банди, бумба нарыг данслан бүртгэж их бага нийт хоёр зуун гучин хүний нэрийг тушаав. Бичин, багшаа дээр залж суулгаад олон тойдыг нэг нэгээр дуудаж хувцсыг тайлуулан нэгжсэн боловч олсонгүй тул бас тэр бүгдийн авдар хорго эд барааг нь нэгжин эс олов. Тансаг их л тачаадан Бичинд уурлаж тарниа уншсанд, Бичин толгойгоо тэвэрч газарт түс гэтэл унаж тэсэж ядан: “Бүү унш! бүү унш! Карша намжирыг сааргүй олж ирсүгэй” хэмээсэнд, олон тойд үзээд нэг нэгээр чичрэн дагжсаар урагш давшиж хориглон гуйсанд, Тансаг сая уншихаа зогсов, Бичин нэгэнт үсрэн босч чихнээсээ шийдмээ гарган тэдгээр тойдыг занчсугай хэмээхэд Тансаг үзээд зандан зогсоож: “Энэ сармагчин! Толгой чинь өвдөхөөс айхгүй, бас ёс бусчилмуй юу? Битгий гар хөдөл! Хүнийг хорлож болохгүй! Эднээс дахин нягтлан асууж үз!” хэмээсэнд, бүгд тойд Тансагт мөргөн гуйн өгүүлрүүн: “Багш амийг хэлтрүүл! Бид үнэхээр олж үзсэнгүй. Энэ цөм тэр өвгөн тойны хэрэг. Тэр өчигдөр шөнө карша намжирыг харж уйлсаар шөнө дунд болов, тэр нэг мөсөн өөрийн болгож эрдэнийг ашид уламжлах санаа үүсэж арга тогтон багш таныг шатааж алсугай хэмээн түймэр тавьсан бөлгөө; гал гарч догшин салхи ихэд хөдөлсөнд бид ганц гал унтраахыг бодож юм хумаа зөөхөд яараад, карша намжир хэрхсэнийг эс мэдэв.”


Бичин их л хилэгнэн хойд гэрт орж үхсэн өвгөн тойныг тайчиж хэдий нэгжсэн ч олсон бээр үгүй. Тэр гэрийн доторх газрыг гурван тохой илүү малтуулж үзвээс бас үгүй. Бичин баахан бодож ийн асууруун: “Танай энд ямар нэгэн шулам буй буюу?” Тэр сүмийн тэргүүн тойн өгүүлрүүн: “Багш эс асуусан бөгөөс бид цөм мартжээ, эндээс зүүн өмнө этгээдэд нэгэн Хар салхит уул хэмээх уул буй, тэр Хар салхит уулын  хар салхит агуйд нэгэн их хар шулам буй, манай тэр үхсэн өвгөн тойн үргэлжид түүн лүгээ ном хэлэлцдэг бөлгөө, үүнээс өөр шулам үгүй.” Бичин өгүүлрүүн: “Тэр уул эндээс хэдий хол буй?” Олон тойн өгүүлрүүн: “Хорьхон газар буй, тэр үзэгдэж байх уулан орой даруй мөн.” Бичин инээн өгүүлрүүн: “Багш сэтгэлээ сул тавь, лав тэр шулам хулгайлан аваачсан буй за.” Тансаг өгүүлрүүн: “Тэр эндээс хорь илүү газар байтал яахан түүнийг аваачив хэмээн магадалмуй?”, Бичин өгүүлрүүн: “Өчигдөр шөнийн галын гэрэл тэнгэрт тулжээ, хорин газар байтугай хоёр зуун газар холоос ч ил үзэгдмүй. Тэр лав галын гэрлийг үзээд сэмээр ирж манай карша намжирыг эрдэнэ хэмээн таниад, үймээнд завдан хулгайлан аваачсан буй за. Өвгөн Сүн би одож үнэн худлыг мэдсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Чи явбаас би өдгөө хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Үүний тул сэтгэлийг сул тавь, далдад эрхтэн бүгд чамайг ивээн сахьмуй, илтэд болбоос би тэдгээр олон тойдоор чамайг хүндлэн асруулсугай хэмээгээд бүгд тойдыг дуудан авчирч: “Хэдэн хүн гарч тэр өвгөн тойны үхдэлийг булагтун, бас хэдэн хүн гаргаж миний багшийг асран, цагаан морийг сахьтугай!” хэмээсэнд, олон тойд тийн болтугай хэмээв. Бичин бас өгүүлрүүн: “Та аман дээрээ хүлээн аваад намайг одсоны хойно миний багшийг үл хүндлэн үл асрах ба цагаан морийг үл тэжээн, өвс усыг үл тэнцүүлбээс, энэ шийдмийн амтыг ийн үзэх” хэмээгээд шийдмээрээ тэр шатагдсан хэрмийг занчсанд тэр хэрэм хэмхрээд бас долоо найман давхар хэрэм шийдэмд догдлон нурав. Олон тойд үзээд нэг нэгээр яс нь шижигнэн бие нь унтраад, нулимс унаган мөргөн өгүүлрүүн: “Өвөг минь, санаа амар явтугай, бид чинээгээр чармайн үнэн сэтгэлээр энэ багшийг хүндлэн асарсугай, аймшиггүй хялгасан төдий ч үл осолдмуй” хэмээсэнд Бичин яаран тонгорцоглон үүл хөлөглөж шууд Хар салхит ууланд карша намжираа эрэхээр одов. Тэр төв хэмээн:


Алтан тарц үнэнийг мөрдөн нийслэл балгаснаас гараад, ас баруунш дулдуйгаа барьж ногоон зүлгэнд хийсгэв. Аян замд араатан чоно барс ирвэс үлэмж, арилжаачин худалдаачин бичгийн хүн аяа юутай ховор. Харь улсын мунхаг тойны атаанд тохиолдоод, хан тэнгэр лүгээ чацуу их богдын сүрэнд түшжээ. Гал гарч салхин дэгдэн сүм хийд түлэгдэхүйеэ, галзуу өтөг шөнөөр ирж карша намжирыг хулгайлжээ. Энэ одсонд карша намжираа хэрхэн олох ба өлзий мөр юу болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 43 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 31 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 59 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 3 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 46 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 19 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 23 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 23 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 57 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 6 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 16 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 21 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 1 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 19 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 20 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 35 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК