зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ХУВИЛГААН БИЧИН ХАР САЛХИТ УУЛАНД ИХЭД БАЙЛДАВ
ХОМСИМ БОДИСАДВА ХАР ӨТӨГ ШУЛМЫГ НОМХОТГОН ХУРААВ


Өгүүлэх нь, Бичин нэгэнтээ тонгорцоглон огторгуйд дэвхлэн гарахад, тэр сүмийн их бага тойд хувраг, банди бумба нар цөмөөр тэнгэрийн зүг залбиран мөргөж өгүүлрүүн: “Өвөг минь! Харин үүл мананг хөлөглөх хувилгаан богд ертөнцөд буусан ажгуу! Тиймээрээ галд шатагдсангүй аж! Хорсолтой нь манай тэр хүнийг үл таних хөгшин турсага нь бусдыг хорлох хэмээгээд биеэ хорлов!” Тансаг өгүүлрүүн: “Та нар босогтун, түүнд хорсох хэрэггүй. Бичин одоод карша намжирыг эрэн олбоос түмэн хэрэг төгсмүй. Ганц эрэн эс олбоос миний тэр шавийн зан догшин тул та нарын амь ямар болохыг эс мэдмүй, бараг нэг ч хүн гарч үл чадмуй.” Бүгд тойн энэ үгийг сонсоод нэг нэгээр цөм зүрх түгшин гол дэлсэж ганц карша намжирыг эрэн олох болтугай хэмээн тэнгэрт залбиран даатгахыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Сүн их богд огторгуйд дэгдэн биеэ нэгэнт сэлгэмэгц хэдийнээ Хар салхит ууланд хүрч ирээд үүлийг зогсоон нарийвчлан үзвээс үнэхээр сайхан уул ажгуу. Энэ үес хараахан хаврын цаг тул тэр уулыг үзвээс:


Түмэн горхи горжигнон мянган эрэг үзэмж булаалджээ. Шувуу донгодохуйяа хүн үл харагдаад, цэцэг зулгарахуйяа шугуй нэн анхилам. Бороо өнгөрөн тэнгэр арилахуйяа огторгуй цэлмийгээд, салхин илбэн нарс найгахуйяа ногоон халхавч дэлгэжээ. Уулнаа өвс ногоорон хээрийн цэцэг дэлгэрээд өндөр хад сэгийжээ. Ороонго зэл торлон ургаа мод цэлгэрээд уул даваа өндөр. Сул хүн тохиолдохгүй тул, түлээчин өвгөн нэн хаана байх буй? Горхины хөвөөнөө гургуул тогоруу хос хосоор ус уун, чулууны дээр хээрийн сармагчин алиархмуй. Суваргаласан нь лавай мэт харавтар хад өнгө ялгаран сэгийсэн нь оюуг овоолсонд адил хаврын үзэмж илэрчээ.


Тэр Бичин хараахан уулын үзэмжийг үзэн байтал гэнэт хөтлийн цаана хүний үг хэлэлцэх дуун сонстмуй. Төдий сэмээр алхан хадан эрэгний доор биеэ далдалж үзвээс, харин гурван шулам хөсөр сууж амуй, дундад нь нэгэн их хар эр сууж, баруун этгээдэд нь нэгэн бумба сууж, зүүн талд нь нэгэн цагаан дээлтэй бичгийн хүн суугаад цөм гүлс босгож гүүр татаж хувилгаан үрэл найруулах зэрэг гажуу үүдний солиу суртлыг өгүүлэлдмүй. Дундад нь суусан хар эр инээн өгүүлрүүн: “Нөгөөдөр миний төрсөн өдөр тул хоёр авгай баярт нийлүүлэн ирэх ажааму?” хэмээсэнд, цагаан дээлтэй бичгийн хүн өгүүлрүүн: “Жил бүр их вангийн насны баярт ирдэг бөгөөтөл энэ жил ирэхгүй ёс буй буюу?” Тэр хар эр өгүүлрүүн: “Энэ шөнө би нэгэн эрдэнэ олов, нэр нь бурхны карша намжир хэмээмүй, үнэхээр нэгэн сайн эд, би маргааш түүгээр насны баяр хийж, их хурим бэлтгэж олон уулын нөхдийг урьж “Бурхны номт их дээлийн чуулган” хэмээн нэрлэвээс ямар?” Тэр бумба: “Сайн! сайн! Би маргааш урьтаж ирж өлзийн баярт нийлүүлэн, нөгөөдөр дахин хуримд ирсүгэй” хэмээв. Бичин бурхны номт дээл хэмээх үгийг сонсоод лав өөрийн эрдэнэ мөн хэмээн мэдээд, тэсэж ядан хадан эрэгнээс харайн гарч болд бэрээгээ далайн их дуугаар зандан өгүүлрүүн: “Таны зэргийн хэдэн хулгайч миний карша намжирыг хулгайлж авчраад бас юуны “Бурхны номт их дээлийн чуулган” хийх хэмээмүй? Эртхэн гаргаж өг! Битгий буруул!” хэмээн шийдмээр толгойг нь дайруулан цохьсонд тэр хар эр салхин болон дутаав, тэр бумба үүл хөлөглөн буруулав, ганц цагаан дээлтэй бичгийн хүнийг цохиж алав. Түүнийг чирч авчраад үзвээс нэгэн цагаан эрээн могойн шулам ажгуу. Бичин түүнийг долоо найман анги болгон таслаад, дахин ууланд орж хар эрийг эрэхээр одов. Нэгэн сэрвэн хадыг тойрон, өндөр давааг давж үзвээс нэгэн агуй буй, тэр агуйг үзвээс:


Утаа униар тунаран нарс майлс сэгийлцжээ. Утаа униар тунаран агуйн үүдийг бүрхээд нарс майлс сэгийлцэн уул давааг халхалжээ. Хөгшин модон гүүр даган ургаж, хөхөмдөг зэл уулан толгойг ороожээ. Болжмор шувуу цэцэг зууж үүлнээ сүлжин, буга согоо бут хийсгэн чулуун дэгтэрт гармуй. Тэр агуйн өмнө, цагийн цэцэг цаглашгүй дэлгэрэн сайхан үнэр анхилмуй. Далангийн дээр ногоон удын найлзуур сэрвэлзэн алтан гургалдай жиргээд, эргийн хажуугийн туурт эрвээхий хоргодон эргэцмүй. Ээрэм талыг магтах газаргүй боловч эгнэгт Пэн Лайарлын үзэмжнээс доор үгүй.


Бичин, агуйн үүдэнд хүрээд үзвээс, хоёр чулуун хаалгыг таг даржээ. Тэр хаалганы хөндлөн чулуун хавтсан дээр ”Хар салхит уулын хар салхит агуй” хэмээх зургаан их үсгийг тодорхой сийлжээ. Төдий Бичин шийдэм далайн “Хаалга нээ!” хэмээн дуудсанд хаалга сахигч бага шулам гарч ирээд асууруун: “Чи ямар хүн буй, айшгүй манай хувилгаан агуйн үүдийг дэлдмүй?” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу үхлээ эрсэн нүгэлт мал! Чи энэ уулаа ямар газар хэмээн аймшиггүй хувилгаан агуй хэмээмүй!”Хувилгаан” хэмээх нь чиний хэлэх үг мөн буюу? Чи хурдан орж тэр хар шуламд хэл, миний карша намжирыг гаргаж өгвөөс түүний амийг уучилмуй!” хэмээсэнд, тэр бага шулам яаран дотогш гүйн орж мэдүүлрүүн: “Их ван!” Бурхны номт их дээлийн чуулган” хийж чадахгүй болов! Үүдний гадна нэгэн нүүрэндээ үстэй аянгын эрхтэн лүгээ адил тойн ирж, карша намжираа авсугай хэмээмүй!” Тэр хар эр Бичинээс дутааж үүдээ даран сууж амжаагүй тул энэ үгийг сонсож дотроо ийн сэтгэрүүн: “Энэ боол, хаанаас ирснийг мэдэхгүй, энэ мэт айшгүй миний үүдэнд ирж ёсгүй аашилмуй” хэмээгээд хуяг дуулгаа өмсөж гарт хар залаат жадыг атган гарч ирэв. Бичин үүдний гадна шийдэм далайн нүд өргөн үзвээс тэр шулмын төрсөн нь адбиш сүрхий ажгуу:


Хатан төмөр битүү дуулга гэрэл цацран гялтганаж, хар алтан гархин хуяг туяа татан харагдмуй. Гурамсан сиймхий бор тэрлэгний агуу ханцуй намиран, гогцоолон дарсан оосор бүч лавир болон хийсчээ. Хүдэр гарт барьсан нь хар залаат жад, хүчит хөлд өшиглөсөн нь бараан арьсан гутал. Алтан цөцгий нэгэн хос цахилгаан мэт гялбалзаж, уулын бэрхэд буг бүтсэн Хар салхит шулам болой!


Бичин дотроо сэмээр инээн ийн сэтгэрүүн: “Энэ дамшиг юутай хар аж, бодвоос тоосго шатааж нүүрс малтагсад буй за?” хэмээтэл тэр шулам их дуугаар хараан өгүүлрүүн: “Хаанаас ирсэн тойн буй, аймшиггүй миний үүднээ ирж цуугимуй?” хэмээсэнд, Бичин шийдэм далайн урагш давшин өндөр дуугаар зандан өгүүлрүүн: “Олон үг хэлэх хэрэггүй! Түргэн өвөг эцгийнхээ карша намжирыг гаргаж өг!” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Чи аль сүмийн тойн буй? Карша намжираа хаана гээж миний энд ирэн ац хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би карша намжираа Хомсим бодисадвагийн сүмийн хойд гэрт тавьсан бөлгөө, тэр сүм гал алдаад үймэлдэн байх чөлөөнд чи хулгайлан авчраад, “Бурхны номт их дээлийн чуулган” хийж насан баяраа бэлгэлэх хэмээн хэлсэн атал юунд хулгайлсангүй хэмээмүй? Түргэн надад эгүүлэн өгвөөс чиний амийг хэлтрүүлсүгэй! Хэрвээ “Үгүй” хэмээх үгийг шүдний завсраараа гаргаваас би чиний энэ салхит хар уулыг түлхэн унагаагаад, хар салхит агуйг чинь талхдаж, их бага шулам хэмээн эс ялган цөм нядлан махан талх болгомуй.”


Тэр шулам үгийг сонсож хэ хэ хэмээн хүйтнээр инээн өгүүлрүүн: “Энэ дамшгийг үзвээс! Өчигдөр шөнийн галыг чи тавьсан биш үү! Чи тэр гэрийн нуруун дээр сууж салхин урин гал тавьсанд карша намжирыг чинь би авчирсан нь үнэн бөлгөө. Чи яамуй! Чи аль газраас ирсэн буй? Овог юун нэр хэн? Чамд ямар их чадал буй хэмээн аймшиггүй энэ мэт их үг хэлмүй!” Бичин өгүүлрүүн: “Чи харин нагац өвгөө бас танихгүй юу! Би болбоос их Тан улсын хааны дүү номын багш Тансагийн шавь, овог Сүн, нэр Ү Күн хэмээмүй, чадлыг хэлбээс сүнс чинь сарнин, зүрх чинь дэлбэрч үхмүй!” Тэр шулам өгүүлрүүн: “Би чам лугаа ер учирсангүй, чи чадлаа надад хэлэгтүн” Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь чи лавдуун зогсож эцгийнхээ өгүүлэхийг сайтар сонс! Би: Хар багаас хувилгаан эрдмийг сурч шидийг олсон тул, хувилан улирах нь салхины аяыг дагаж баатар сүр их. Чанарыг тэжээн үнэнийг бясалган өдөр сар удсан тул, сансрын хүрднээс үсрэн гарч мөнхийн шидийг олов. Ганц сэтгэлийг баримталж эрдэмтнийг эрэн ёсыг сурвалжлаад, гайхамшигт уулнаа авиран гарч эмийн үндсийг түүв. Тэр ууланд нэгэн өндөр наст өвгөн Арш аж, өлзий хутгийн өндрийг өгүүлбээс арван түм найман мянга болжээ. Өвгөн Сүн би түүнд мөргөн багш болгон шүтсэнээр, өв тэгш их багш надад үхэхгүй мөнхрөх замыг заав. Өөрийн биед үхэшгүй үрэл буй атал, өөр газраар эрэх нь үнэхээр талаар хэмээн сургав. Эрхэм дээд тэнгэрийн хувилгаан гайхамшгийг олсугай хэмээвээс, үндэс язгуургүй бөгөөс үнэхээр бясалгахуйяа бэрх. Эргэх гэрлийг өвчүүнд гийгүүлэн сэтгэл амарлингуй сууж, эгнэгт наран саран гал усыг цээжин дотроо солилцуулав. Түмэн хэргийг үл бодон хүслийг бүрэн тэвчээд, зургаан үндсийг ариутган биеэ чанга болгов. Өтөлшгүй залуу болохыг олох нь хялбар, эглээс тонилон богдос болох зам нь урт бус. Гурван жилийг гутралгүй бясалгаваас хувилгаан цогц бүтээд, эгэл ардын адил энэлэл шаналал үгүй болов. Арван хойг гурван арлыг санааны дураар тойроод, тэнгэрийн хязгаар далайн хөвөөг бартал зорчив. Ертөнцийг элээн гурван зуу илүү насалтал, есөн тэнгэрт нисэн гарч эс чадлаа. Далайд орон лусыг дарангуйлан энэ эрдэнийг олоод, гарт барих алтан толтот болд бэрээтэй болов. Цэцэг жимст ууланд би тэргүүн суугаад, Усан үүдэт агуйд бүгд шулмыг цуглуулав. Дээд хурмаст тэсгэлгүй намайг дуудан аваачаад, тэнгэр лүгээ чацуу их богд болгов. Бидэрьяа эрдэнэ харшийг би хэдэнтээ түйвээгээд, Нэвс хүрз эхийн эрдэнийн тоорыг би олонтаа хулгайлж идэв. Арван түмэн тэнгэрийн цэрэг намайг барих хэмээн ар өвөргүй томоолон, атаатны зэвсэг арзайн сарзайн агаарын нарыг халхлав. Суваргат махаранз надад дийлэгдэн хрид эгээд, Нэйж тайж надад элдэгдэн цэргээ аван буруулав. Бага богдын хувилах улирах цаглашгүй тул, бас ирж над лугаа байлдан гар огоо тэнцэв. Хомсим бодисадва хурмаст тэнгэр лүгээ өмнө хаалганд зогсож хувилгаан шидтэн бид хоёрын хослон байлдахыг үзэв. Өвгөн Дилав нэгэн мөрний хүчээр тусалсан тул, бага богд намайг барьж тэнгэрийн оронд хүргэв. Шулмыг дарангуйлах баганад биеийг минь хүлэн, хувилгаан цэргийг илгээн тэргүүнийг минь цавчуулав. Илдээр цавчин манцуургаар занчсан ч гэмтээж эс чадаад, эргэж бас аянга буулган галаар түлэв. Өвгөн Сүнд үнэн чадал лав буй тул, өчүүхэн төдий ч айсангүй зүв зүгээр байв. Хүргэн аваачиж Дилавын гүүрнөө хайлуулаад, зургаан улаагчин самадийн галаар алгуур шарав. Өдөр гүйцэж гүүр нээсэнд би үсрэн гараад, төмөр шийдмээ барьж тэнгэрийг үймүүлэн гүйв. Хөндлөн гулд хүрсэн газар бүхэнд хүчлэн хориглох хүн үгүй, гучин гурван өдөр ихэд байлдан тэнгэрийг маш түйвээв. Бурхан Шигэмуни ид шидийг хэрэглэн, таван махбодын  уулаар өвгөн Сүн намайг дарав. Уулнаа дарагдан урваж болохгүй таван зуун жил болоод, учир төгсөж нэгэн өдөр Тан улсын Тансагт золгов. Өдгөө би бодь мөрт орон баруун газар хүрч, Аянгын дуут сүмийн Шигэмуни бурханд мөргөмүй. Эс итгэвээс тэнгэр газар дөрвөн далайгаас асуу, эцэг чинь би ертөнцөд алдартай тэргүүн зэргийн шулам!”


Тэр шулам энэ үгийг сонсоод инээн өгүүлрүүн: “Чи харин тэнгэрийн ордонг түйвээсэн тэр “Агтын даамал” буюу?” хэмээсэнд, Бичин түүнийг Агтан даамал хэмээн дуудахыг маш цээрлэдэг тул энэ үгийг сонсоод ихэд хилэгнэн хараан өгүүлрүүн: “Чиний энэ хулгайч шулмыг үз! Миний карша намжирыг хулгайлаад эгүүлэн өгөхгүй харин намайг дайрмуй! Битгий буруул! Шийдэм үз!” хэмээн занчин ороход тэр хар эр бие зайлан жад өргөн угтан байлдав. Эд хоёулын энэ нэгэн зэрэг байлдсан нь:


Сэтгэлийг хангагч чандмань болд бэрээ, хар залаат жад харилцан харгалдан, агуйн өмнө эд хоёул ихэд байлдав. Нэгэн нь зүүн суга зүрхэн угаар жадлахад, нэгэн нь улаан хоолой уушгин эхээр занчмуй. Энэ нэгний болд бэрээг хэрэглэх нь бурхан сахиус мэт, тэр нэгний залаат жадыг зарах нь жавар салхи нэвтрэхгүй. Халзан барс харайн үсрэн хумсаар шүүрэн ирэхүйеэ, шар луу ширвэн тоглож бие эргэх түргэн. Өнгөт манан бүрхэн, улаан солонго татаад, хоёр шулмын хувилгаан эрдэм үнэхээр цаглашгүй их. Нэгэн нь бодь мөрийг бясалгасан тэнгэр лүгээ чацуу их богд, нэгэн нь үнэн шидийг олсон хар шулмын ван. Гар золгон гам сэмгүй байлдсан нь, карша намжираа алдахгүй хэмээн мэрийн чармайх буюу.


Тэр шулам, Бичин лүгээ байлдан арван хэдэн удаа болж дийлэн дийлэгдэх ялгарахгүй. Наран үд болох шахсанд тэр хар эр жадаар шийдмийг тогтоон өгүүлрүүн: “Бид хоёр байлдахаа түр зогсъё, би будаа идэж ирээд чам лугаа дахин байлдсугай.” Бичин өгүүлрүүн: “Энэ муу мал! Чи эр хүн буюу? Сайн эр бөгөөс нэгэн өдөр будаа үл идэхэд ямар хамаа буй? Өвгөн Сүн би уулан доор дарагдаж байхад таван зуун жил болтол нэг үмх будаа идсэн бээр үгүй. Чи юуны өлсөх аж? Битгий шалтагла! Миний карша намжирыг өгвөөс чамайг сая тавьж илгээмүй” хэмээсэнд, тэр шулам хоосонг жадлан агуйдаа орж бага шулмаа хураан чулуун хаалгаа дараад хуримаа бэлтгэн урилгын бичиг бичиж олон уулын шулмасыг залан чуулган хийхийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Бичин агуйн хаалгыг занчсан боловч нээж чадсангүй тул, хойш Хомсим бодисадвагийн сүмд буцан ирэв. Тэр сүмийн тойд, хөгшин тойноо оршуулж бараад, Тансагийг асран үдийн цав манз барин атал, Бичин огторгуйгаас буун ирэв. Олон тойд бүгдээр сөгдөн мөргөж угтан оруулаад Тансагт золгуулав. Тансаг ийн өгүүлрүүн: “Бичин, чи ирэв үү? Карша намжирын хэрэг хааш болов?” Бичин өгүүлрүүн: “Уг эзнийг олов. Харин эдгээр тойдыг хилсдүүлэхэд хүрэв, тэр хар салхит уулын шулам хулгайлан аваачаад цагаан дээлт бичгийн хүн ба бумба лугаа сууж ярилцан авай. Би сэмээр сонсвоос, нөгөөдөр тэр хар шулмын төрсөн өдөр тул олон шулмыг урьж “Бурхны номт дээлийн их чуулган” хийж насан баяраа бэлгэлэмүй хэмээлдмүй. Би урагш давшин шийдмээр занчсанд, тэр хар эр салхин болон дутаав, бумба бас үзэгдэхгүй болов, тэр цагаан дээлт бичгийн хүнийг занчин алаад үзвээс нэгэн цагаан эрээн могойн шулам ажгуу. Би тэр шулмыг нэхэмжлэн эчээд агуйн гадна нэгэн зэрэг байлдав. Тэр шулам манай эрдэнийг хулгайлан аваачсанаа мэдэрсэн бөгөөд над лугаа хагас өдөр байлдаж дийлэн дийлэгдэх ялгарсангүйд, шулам будаа идмүй хэмээж агуйдаа ороод чулуун хаалгаа дарж гарч ирэхгүй болов. Би багшид энэ учрыг хэлсүгэй хэмээн ирлээ. Карша намжир буй тул, тэр айшгүй надад үл өгч чадах буюу?”


Олон тойд үүнийг сонсоод наманчлах нь наманчилж, мөргөх нь мөргөн цөм: “Намо Авид бурхан минь! Энэ өдөр байх газрыг олсон тул бид нарын амь сая гарав!” Бичин өгүүлрүүн: “Та нар битгий баярла, эрдэнэ бас миний гарт ороогүй, багш бас мордоогүй. Ганц карша намжирыг олж, багш биднийг сайтар мордуулбаас, таны хэрэг сая төгсмүй. Хэрвээ өчүүхэн төдий осолдвоос өвгөн Сүн би зүгээр үл тавьмуй. Та сайн цав манз базааж миний багшид барьтугай, сайн өвс бордоо авчирч миний морийг тэжээтүгэй!” хэмээсэнд, олон тойд цөм бүхнийг хүлээн авч: “За! за! Айшгүй хялгасан төдий осолдохгүй” хэмээв. Тансаг өгүүлрүүн: “Чи яваад хагас өдөр болсонд би гурван цаг манз уун хоёр цаг цав идэв, эд өчүүхэн ч осолдсонгүй. Чи ганц карша намжирыг олохоо шамдваас сайн.” Бичин өгүүлрүүн: “Багш яарсны хэрэггүй! Байх газрыг нэгэнт мэдсэн тул хэрхэвч тэр малыг барьж номт дээлийг олж ирмүй, сэтгэлээ сул тавь” хэмээв.


Хараахан хэлэлцэж байтал, тэр дээд гэрийн тэргүүн тойн цав авчран Бичинд барьсанд, Бичин баахан идээд дахин үүл хөлөглөн шулмыг эрэхээр одов. Хараахан уулын захад хүртэл, нэгэн бага шулам модон хайрцгийг сугандаа сугавчлан их замаар айсуй. Бичин хайрцагны дотор урилганы бичиг байх буй за хэмээн сэтгээд шийдэм далайн нэгэнтээ занчсанд, хөөрхий тэр бага шулам нэгэн хэсэг махан талх болов, Бичин хүүрийг замын хажууд орхиод, хайрцгийг нь нээн үзвээс үнэхээр нэгэн урилгын бичиг буй ажгуу, бичигт өгүүлсэн нь:


“Их номч алтан нуурын дээд тойны бясалгалын ширээний доор, бага дүү чинь өтөг би өргөн барив: Удаа бүр өршөөл хишгийг үлэмж хүртсэнд өрц цээжнээ гүн тэмдэглэн сүсэглэв. Шөнө галын аюул гарсныг үзээд тэнхрүүлэхийг осолдов, бодвоос Аршийн алтан цогцос лав гайгүй буй за. Шавь би санамсаргүйгээр бурхны номт дээл нэгэн захыг олоод, баярын хурим хийж цэцэгт хундага өргөн олноор үзсүгэй хэмээмүй. Цагт нь, Аршийн бие адбиш залран ирж сайтар хэлэлцэхийг мянган зэрэг хүсэмжилмүй, үүний тул урьдчилан хоёр өдрийн өмнө барив” хэмээжээ.


Бичин үзээд хадаанатал инээн өгүүлрүүн: “Энэ муу турсагын үхсэн нь өчүүхэн ч хилсгүй, тэр харин шулам лугаа хоршоолж өчүүхэн эрдэм сураад хоёр зуун далан насалсан ажгуу. Өвгөн Сүн би түүний зүсийг сайн тэмдэглэсэн бөлгөө, би тэр өвгөн тойны дүрээр хувилаад агуйд орж миний эрдэнийг хаанад тавьж байхыг үзсүгэй, хэрвээ ил буй болбоос би авбаас барав, юунд түүн лүгээ хүчийг талаар сүйтгэмүй.”


Бичин тарни уншсанд тэр өвгөн тойн лугаа нэгэн адил болон хувилаад болд бэрээгээ нууж их алхмаар шууд агуйн үүдэнд хүрээд хаалгаа нээ хэмээн дуудав. Бага шулам үүдээ нээж өвгөн тойныг таниад яаран хойш орж мэдүүлрүүн: “Алтан нуурын дээд тойн ирэв” хэмээсэнд тэр шулам ихэд цочиж ийн сэтгэрүүн: “Бага шулмыг сая зарж уриулсан бөлгөө, тэр өдгөө хүрэх зав болоогүй атал, өвгөн тойн юунд урьдчилан ирмүй? Бодвоос бага шулам түүн лүгээ учирсангүй буй за? Эсвээс эрдэнээ авуулахаар Бичин түүнийг илгээсэн буй за. Хэрэг мэдэгч ээ, тэр карша намжирыг түүнд битгий үзүүл!” хэмээв.


Бичин өмнө үүдийг шурган ороод хүрээний үзэмжийг үзвээс, нарс хулс цэлгэрэн хөхөрч, туур гүйлс өнгө ялгаран, зүйл бүрийн цэцэг бадран дэлгэрч, бут бут цахирмааны сайхан үнэр үе үе анхилаад үнэхээр нэгэн сайхан орон ажгуу. Бас дотогш орвоос хоёрдугаар үүдэн дээр нь: “Аглаг ууланд нам нуухуйяа эгэл бодол үгүй, Аршийн агуйд сэлүүн суухуйяа төгс жаргалд баясмуй” хэмээх хос уянга өлгөжээ, Бичин дотроо ийн сэтгэрүүн: “Энэ дамшиг бас ч тоост ертөнцөөс ангижран, хувиа сахисан шулам ажгуу” хэмээн тэр үүдийг шурган бас дотогш орж гуравдугаар үүдэнд хүрвээс цөм зурмал саравч сийлмэл нуруу, гэгээн цонх өнгөт өрх, Гагц үзвээс тэр хар эр биед ногоовтор торгон охор дээл өмсөж, гадуур нь хар хивийн занч нөмөрч, тэргүүнд өнцөгт зөөлөн хар малгай тавьж, хөлд бугын арьсан гутал өшиглөжээ. Тэр шулам, Бичиний орж ирэхийг үзээд, дээл малгайгаа тэгшлэн яндраас бууж угтан өгүүлрүүн: “Алтан нуурын өвгөн нөхөр лүгээ учирсангүй хэдэн өдөр болов. Заларч буу, залран буу” хэмээсэнд, Бичин тал өгч суусны хойно цай барив. Тэр Шулам босч бие мэхийн өгүүлрүүн: “Нөгөөдөр найрлахын тул сая хүн илгээж чамайг уриулсан бөлгөө, өвгөн нөхөр юунд энэ өдөр залран ирэв?” Бичин өгүүлрүүн: “Сая чамд золгосугай хэмээн иртэл санамсаргүй тэр зарсан хүн лүгээ замд учирч урилгын бичгийг үзвээс “Бурхны номт дээлийн их чуулган” хийх хэмээхийг мэдээд, яаран урьд нэгэн өдөр үзсүү хэмээн ирлээ.” Тэр шулам инээн өгүүлрүүн: “Өвгөн нөхөр ташаарав, тэр карша намжир болбоос Тансагийн дээл бөлгөө, Тансаг чиний гэрт сууж байх тул эс үзсэнээр үгүй, энэ өдөр юунд миний энд ирж надаас үзсүгэй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Ядуу тойн би түүнээс зээлэн авчраад шөнө болсон тул үзэж завдсангүй байтал их ван харин авч иржээ. Бас сүмд гал алдаж хамаг юмаа шатаав, тэр Тансагийн шавь Бичин хэмээгч баахан эр чадалтай тул галын дотроос карша намжираа эрсэн боловч олсноор үгүй. Харин х ванд их буян буй тул үүнийг олов. Тийнхүү үзсүү хэмээн ирлээ.”


Хараахан ийн өгүүлэлдэн атал, уулыг цагдагч нэгэн бага шулам орж ирээд мэдүүлрүүн: “Их ван! Гай болов! Манай бичиг хүргэгч бага зарц зам зуураа Бичинд алагджээ. Тэр Бичин энэ дашрамд тохиолдуулан Алтан нуурын өвгөн тойн болон хувилаад бурхны номт дээлийг мэхлэн авахаар ирсэн болой!” Шулам сонсоод дотроо ийн сэтгэрүүн: “Өвгөн тойн энэ надад хүрч ирсэнд, би баахан сэжиг авсан бөлгөө, үнэхээр тийн ажгуу!” хэмээгээд ховх үсрэн босоод жадаа авч Бичинийг жадлахад Бичин уг биеэрээ болон, шийдмээ гарган жадыг тосон авч гол ордноос үсрэн гарч хүрээний дотор байлдсаар өмнө хаалганы гадна гарав. Тэр агуйн олон шулам цөм их л айж хөгшин залуу бүгдээр цөс хэмхрэн сүнс сарнив. Энэ удаа уулын орой дээр их л байлдсан нь урьд удаагаас хол гарчээ.


Тэр Бичин ван цөс их өвгөн тойн болон хувилсанд, энэ хар эр ухаан мэргэн бурхны номт дээлийг нуужээ. Ухаан хэрэглэн урнаар өгүүлэх нь сэвгүй хэмээвэл, ухчилан асуун угт нь тулгах бас ч хэцүү. Эрдэнэ карша эрхэм бөгөөд гайхамшиг тул эвлүүлж байгаад үзсүү хэмээвэл гаргахгүйг хэрхсүү. Бага шулам уулыг цагдан гай болсныг мэдүүлсэнд, хөгшин шулам хилэн төрөн хувилгаан сүрийг бадруулав. Барин хоёул байлдан занчилдсаар хар салхит агуйнаас гараад, бэрээ жадны зөрөлдөх нь бас ч хялбар бус. Шийдмээр жадыг тосохуйяа дуу нь хангинаад, жадаар шийдмийг угтахуйяа гал нь бадармуй. Бичин хувилгааны улиран хувилах нь ертөнцөд цөөн хэмээвэл, хорт шулмын хувилан улирах нь хорвоод чухаг. Энэ нэгэн нь эрдэнийн номт дээлээр насны баяраа хийсүгэй хэмээмүй, тэр нэгэн нь карша намжираа олохгүй болбоос эгэхгүй хэмээмүй. Хоёул хослон байлдан салахгүй болоод Хомсим бодисадва ирсэн ч зогсоохуйяа бэрх. Тэр хоёр агуйн үүднээс байлдсаар уулын орой дээр гарав, бас уулан оройноос байлдсаар огторгуй дээр гарав. Эд хоёул хуй салхин хийсгэн хумаг шороо дэгдээн, үүл манан татан өдөр туж байлдсан боловч дийлэн дийлэгдэх нь эс ялгарсанд тэр шулам өгүүлрүүн: “Энэ өдөр орой болов, чи маргааш ир, би чам лугаа дийлэн дийлэгдэхийг ялгасугай.” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи битгий буруул! Байлдваас төстэйхөн байлдсугай, бас юуны тэнгэр орой болоход шалтагламуй” хэмээгээд толгой түрүүгүй цохилоход, тэр шулам бас салхин болон дутааж агуйдаа ороод хаалгаа таг дарж гарч ирэхгүй болов.


Бичин аргагүй болоод төдий Хомсим бодисадвагийн сүмд буцаж үүлний толгойг доош даран “Багш” хэмээн дуудсанд, Тансаг нүд цавчилгүй түүнийг харсаар байсан тул маш баясав. Бас түүний гарт карша намжир үгүйг үзээд их л айн ийн асууруун: “Бурхны номт дээлийг юунд эс олж ирэв?” Бичин ханцуйнаасаа урилгын бичгийг гарган багшид өгч өгүүлрүүн: “Тэр шулам, энэ үхсэн өвгөн тойн лугаа найртай ажгуу. Тэр нэгэн бага шулмыг зарж бичиг илгээн “Бурхны номт дээлийн их чуулган”-д иртүгэй хэмээн урьжээ. Би тэр бага шулмыг занчин алж, өвгөн тойн болон хувилаад түүний агуйд орон нэгэн цом цай мэхлэн уув. Түүнээс карша намжирыг үзсүгэй хэмээсэнд, тэр эс гаргав. Хараахан ийн суун байтал, нэгэн уул цагдагч бага шулам орж ирээд чимээг задруулсанд тэр даруй над лугаа занчилдан үүсгэв. Орой болтол байлдаад дийлэн дийлэгдэх эс ялгарсанд, тэр тэнгэр орой болсныг үзэж агуйдаа дутааж ороод хаалгаа таг дарав. Өвгөн Сүн би аргагүй түр буцан иржээ.” Тансаг асууруун: “Түүний чадал чамаас ямар?” Бичин: “Над лугаа адил” хэмээсэнд, Тансаг сая тэр бичгийг авч үзээд сүмийн тэргүүн тойнд өгч: “Таны багш мөнхүү нэгэн шулам буй за” хэмээсэнд, тэр тэргүүн тойн мэнд сөгдөж: “Манай багш шулам бус хүн бөлгөө, тэр хар шулам бүтээл бүтээж хүний ёсыг олоод, үргэлж сүмд ирж ном хэлэлцдэг. Түүнээс манай багш тамир тэжээх увидсыг сургаснаар ийнхүү нөхөрлөн ханилжээ” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Эдгээр тойдод шулмын уур үгүй хүний уур буй, ганц надаас тарган бүдүүн, шулам бус болой. Тэр урилгын бичигт “Бага дүү өтөг” хэмээжээ, бодвоос энэ юм лав хар өтөгний шулам буй за.” Тансаг өгүүлрүүн: “Миний сонссон эртний үгэнд “Өтөг хүн гөрөөс хэмээгч цөм адгуусны аймаг” хэмээжээ. Цөм адгуусны аймаг атал бас яахан шулам болох буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Би бас адгуусны аймаг бөлгөө, өдгөө тэнгэр лүгээ чацуу их богд болжээ. Тэр над лугаа ямар өөр буй? Их төлөв нь ертөнцийн юм есөн сүв буй аваас цөм шидийг олж болмуй.” Тансаг өгүүлрүүн: “Чи сая өгүүлэхэд түүний чадал нь чам лугаа адил хэмээжээ, тийн болбоос чи яахан түүнийг дийлж карша намжирыг олох буй?” Бичин: “Гайгүй надад арга буй” хэмээв.


Хараахан ийн өгүүлэлдэн атал, олон тойд оройн цав барьсанд багш шавь хоёул идэж бараад зул асаалгаж Тансаг мөн өмнөх даяаны гэрт хонов. Олон тойд цөм бүрхэнд орон унтав. Дээр доор сүмийн тэргүүн тойдыг хойд гэрт хонуулав. Энэ үед шөнө нам болоод Гагц үзвээс:


Тэнгэрийн оёдол тэндээс тодроод, хасын орчлонд хог тоосон үгүй. Огторгуй дүүрэн одон мичид гялалзаад, урсгал мөрнөө давалгаан цөм намджээ. Түмэн найр цөм бүхэн хураагдаад мянган уулнаа жигүүртний бараа тасарчээ. Нуурын хөвөөнөө загасчны гал унтраад суварганы доторх бурхны зул бүдгэрчээ. Өчигдөр шөнө тойны жүн дуурьсан, энэ үдэш уйлах дуун сонстмуй.


Мөн шөнө даяаны гэрт нойрсов. Тэр Тансаг карша намжираа бодсоор унтаж орсонгүй урван хөрвөсөөр үүр цайлгаад яаран босч дуудан өгүүлрүүн: “Бичин, тэнгэр гэгээрэв, хурдан босч карша намжираа эрэхээр од” хэмээсэнд Бичин үсрэн босоод үзвээс бүгд тойд гар тавин газар зогсож манз баримуй. Бичин өгүүлрүүн: “Та нар миний багшийг сайтар асрагтун, би өдгөө одмуй.” Тансаг ширээнээс бууж түүний ханцуйг татан өгүүлрүүн: “Чи хааш одмуй?” Бичин өгүүлрүүн: “Би бодвоос энэ хэрэг цөм Хомсим бодисадва ёс бусаар аашилснаас болжээ. Тэр энд сүм хийд байгуулан зул хүж асаан тахиулах атал, бас юунд шулам лүгээ айл зэргэлдээ болон суумуй? Би өмнө далайд одож түүнийг авчраад карша намжираа тэр шулмаас авахуулмуй.” Тансаг өгүүлрүүн: “Чи энэ удаа одвоос хэзээ ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Хурдан явбаас цав зооглохын зуур буюу, удаан явбаас үд болох буюу. Эдгээр тойд багшийг асрах тул би өдгөө одсу” хэмээмэгц даруй үзэгдэхгүй болов.


Төдөлгүй өмнө далайд хүрээд үүлийг зогсоон үзвээс:


Өргөн далай цайлс цайлс тэнгэр лүгээ залгалдаад, өлзийт үүлс хөвс хөвс уул мөрнөө тунарчээ. Мянган давхар цасан давалгаан хөх огторгуйд хүрхрэн, түмэн дэгтэр утаа униар өдрийн нарыг халхалжээ. Давалгаан босохуйяа дөрвөн этгээдэд аянга нижигнэх мэт, долгион ойхуйяа найман зовхист цахилгаан цахилахад адил. Тэр усны байдлыг түр битгий өгүүл, түүний дунд юу байхыг төдөлгүй үзсүгэй. Улаан, шар, бор, хар, ногоон, хөх зургаан зүйлийн солонго уулыг бүрхэн усыг халхлан өнгө булаалдан мяралзжээ. Бор хулст энэ Лука уул нь, Бодисадвагийн эзэлсэн Будлангийн орон болой. Сэрвэгэр хад сэгийн сэгийн ургаад, сэжүүр оргил сансар тэнгэрт тулжээ. Түүний дээр нь, түмэн зүйлийн гайхамшигт цэцэг мянган төрлийн бэлгэт өвс ургаж, эрдэнэт шугуй салхины аяар найган алтан лянхуа агаарын наранд гялсжээ. Бодисадвагийн харшийг болор шилээр дээвэрлэж, Чойян агуйн өмнө толбо хивс дэвсчээ. Ногоон улиасны сүүдэр доор тоть шувуу донгодон, бор хулсан шугуйн дотор өнгөт тогос жиргэжээ. Алмаз чулууны дээр Архад Чойжин сууж, Алтан нуурын өмнө Ивээл тойн зогсчээ.


Тэр Бичин, энэ ер бусын сайхан үзэмжийг үзсээр шууд бор хулсан шугуйн доор хүрч ирвээс хаалгыг сахигч тэнгэрийн эрхтэн угтан авч ийн өгүүлрүүн: “Урьд өдөр Бодисадва, их богдыг сайны мөрд оров хэмээн баясан олонд магтсан бөлгөө, өдгөө Тансагийг хамгаалан агаад ямар чөлөөгөөр энд ирэв?” Бичин: “Би, Тансагийг хамгаалан явж, замд нэгэн хэрэгт тохиолдсон тул, тийн Бодисадвад золгохоор ирэв. Та мэдүүлж өгөх болов уу?” хэмээсэнд, тэр тэнгэрийн эрхтэн яаран агуйд орж мэдүүлсэнд Бодисадва оруул хэмээв. Бичин номын ёсыг дагаж, бадам лянхуа тавцангийн доор мөргөв. Бодисадва: “Чи юунд ирэв?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Миний багш, чиний сүмд хоносон бөлгөө, чи ертөнцийн хүний тахилыг амсан агаад, бас юунд тэр хар өтөгний шулмыг тэнд айл болгон зэргэлдээ суулгамуй, тэр миний багшийн карша намжирыг хулгайлсанд, би хэдэнтээ авсугай хэмээн нэхэмжилсэн боловч эс олов, өдгөө тухайлан чамаас нэхэхээр ирэв.”  Бодисадва өгүүлрүүн: “Энэ сармагчны хэлэх үг юунд ийм ёсгүй буй, өтгийн шулам чиний эрдэнийг хулгайлсан болбоос чи түүнээс авах буй за, юунд надаас нэхэхээр ирмүй? Энэ цөм чиний энэ хилэнцэт сармагчин цөс ихдээ эрдэж эрдэнээ өчүүхэн хүнд үзүүлснээс болжээ. Чи бас салхин урин гал хөгжөөж, миний зугаацах доод сүмийг шатаасан атал, бас миний энд ирж намайг гүжирлэмүй!”


Бичин, Бодисадвагийн ийн хэлэхийг сонсоод түүний ил далдыг нь цөм айлдахыг мэдээд яаран мөргөж ийн өгүүлрүүн: “Бодисадвашавь миний ялыг уучлагтун! Үнэхээр тийм бөлгөө. Ганц тэр шулам миний карша намжирыг өгөхгүй, багш бас тэр тарниа уншваас миний толгой дэлбэрэх мэт тэсгэлгүй өвдөх тул, Бодисадва нигүүлсэнгүй сэтгэлээр өршөөн хайрлаж надад туслан тэр шулмыг барьж, номт дээлээ авч баруунш явуулах болов уу?” Бодисадва өгүүлрүүн: “Тэр шулмын хувилгаан эрдэм чамаас дооргүй, би Тансагийн талыг харж чам лугаа нэгэн удаа одсугай.” Бичин үүнийг сонсоод дахин дахин хишигт мөргөв. Төдий Бодисадва Бичин лүгээ өлзийт үүлийг хөлөглөн хар салхит ууланд хүрч ирээд үүлнээс бууж, зам барин агуйн зүг ирэв.


Хараахан яван атал, тэр уулын хажуугаас нэгэн бумба гарт болор таваг барьж, тавагны дотор хоёр мөхлөг хувилгаан үрэл хийж гарч ирэв. Тэр бумба Бичин лүгээ ас мөргөсөнд Бичин шийдмээ авч гаргаж толгой руу цохисонд гавал хэмхрэн тархи үсрэн үхэв. Бодисадва их л цочин өгүүлрүүн: “Энэ сармагчин бас ч хэрцгийгээ байхаар үгүй! Чиний карша намжирыг энэ хулгайлсан бус, чи түүнийг танихгүй атал ямар өшөө буй хэмээн занчин алмуй?” Бичин өгүүлрүүн: “Бодисадва, чи үүнийг танихгүй, энэ болбоос тэр хар өтгийн шулмын нөхөр мөн, энэ өчигдөр нэгэн цагаан дээлт бичгийн хүн лүгээ зүлэг дээр суун хэлэлцэж байв. Нөгөөдөр болбоос хар шулмын төрсөн өдөр тул “Бурхны номт дээлийн их чуулган” хиймүй хэмээн харилцан урьж агсан бөлгөө. Энэ өдөр энэ урьдаар ирсэн ажгуу. Би үүнийг танимуй.” Бодисадва өгүүлрүүн: “Үнэхээр тийм болбоос мөн болтугай” хэмээсэнд Бичин сая одож тэр бумбыг өргөн үзвээс харин нэгэн хөх чоно ажгуу. Тэр тавагны ёроолд: “Лин Шьюй Зы бүтээв.” хэмээх хэдэн үсэг сийлжээ.


Бичин үүнийг үзээд инээн өгүүлрүүн: “Сайн болов! сайн болов! Өвгөн Сүн надад ч сайн болов, Бодисадва чамд ч сайн болов. Энэ шулмыг занчсангүй байтал, өөрөө мэдэрчээ. Энэ мөн ч үүний үхэх цаг болжээ.” Бодисадва өгүүлрүүн: “Бичин, чиний энэ ямар үг буй?” хэмээвэл, Бичин өгүүлрүүн: “Аяа, Бодисадва! надад нэгэн арга буй, үүнийг аргыг аргаар хэмээмүй. Болох ба үгүйг Бодисадва мэдмүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чи хэл, би сонссугай.” Бичин өгүүлрүүн: “Бодисадва, чи үз! Энэ таваг дахь хоёр үрэл болбоос бид тэр шуламд золгох бэлэг буюу, энэ тавагны ёроолд сийлсэн “Лин Шьюй Зы бүтээв” хэмээх дөрвөн үсэг нь бид шулмыг барих хөтөлбөр буюу, Бодисадва хэрвээ миний санааг дагаваас би нэгэн арга үүсгэж зэвсэг хөдөлгөн, байлдахгүйгээр тэр шулмыг барин карша намжираа эгүүлэн авбаас болмуй. Хэрвээ миний хэлснийг дагахгүй бөгөөс бурхны номт дээлээр тал хийж чи баруунш од, би зүүнш явж Тансагийг талд хаясугай” Бодисадва инээн өгүүлрүүн: “Энэ сармагчны хоншоор үнэхээр хэцүү!” Бичин өгүүлрүүн: ”Надад нэгэн арга буй.” Бодисадва өгүүлрүүн: “Чамд ямар арга буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ тавагны дээр сийлсэн “Лин Шьюй Зы бүтээв” хэмээх үсгийг санаваас энэ бумбын цол буй за, Бодисадва миний үгийг дагаваас та энэ бумбад адил хувилагтун, би энэ хоёр үрэлний нэгийг идээд, нэгэн ихээхэн үрэл болон хувилсугай. Бодисадва та энэ болор тавагтай хоёр үрлийг барьж тэр шуламд баяр хийхээр одож, ихээхэн нэгэн үрлийг тэр шуламд өгч идүүл, тэр хэрвээ манай бурхны дээлийг гаргаж өгөхгүй болбоос өвгөн Сүн би түүний гэдсийг базсугай.”


Бодисадва аргагүй тэргүүн дохин үгийг дагав. Бичин инээн: “Энэ арга ямар?” хэмээв. Тэр үед Бодисадва даруй цаглашгүй их нигүүлсэнгүй сэтгэл, хязгаалшгүй ид хүчээр түг түмэн бие болон хувилж сэтгэлээр ухааныг мэдэж, ухаанаар биеийг түшиглэн агшин зуур Лин Шьюй Шян Зы болон хувилав.


Өнгө илтэй өдөн дээл Аршийн шинжийг бүртгэн, өрнө салхин үлээхүйеэ номын дуун үүсэх мэт. Үтэл агсан цогтой дүр нарс майлсыг гутааж үзэмж овор аруудхан хээнцэр эртэн өдгөөд цолгорчээ. Даян дэлхийг бартал хэрэхэд хорголзох явдалгүй, даяанд орон бясалгал хийхэд таталцах зүйл алга. Цаглашгүй хүчит шашны үнэн эзэн буй, цалгай шулмын ил дүрийг нэгэнтээ зээлсэн ч юув!


Бичин үзээд өгүүлрүүн: “Гайхалтай! гайхалтай! Чухам шулам Бодисадва болсон буюу, эсвээс Бодисадва шулам болсон буюу?” Бодисадва мөшөөн өгүүлрүүн: “Аяа, Бичин! Бодисадва шулам хэмээгч цөм нэгэн сэтгэлээс үүсчээ. Хэрвээ уг язгуурыг шүүмжилбээс цөм хоосон болой.” Бичин хоромхон зуур нэгэнт сэхээрч бие урвамагц нэгэн үрэл болон хувилав:


Хэв дүрс мөхлөг тул хэзээд тавагны дотор бөмбөрмүй. Есийн тоо гүйцээд ид шид үлэмж, ерөөл бэлгэ бүрдээд чадал хүчин төгс. Гялалзам өнгөт булхмал алтаар гадарлаж гялгарам гэрэлт монь эрдэнийг ахуулжээ. Тохлоо мөнгөн усан өнгөний төдий бус, тоо хэмжээнд нийцүүлэхүйеэ бас ч хялбар үгүй.


Бичин нэгэн үрэл болон хувилсанд Бодисадва хэдийн үзэж таниад болор тавганд хийж шууд шулмын агуйн үүдэнд хүрч ирэв, үзвээс үнэхээр:


Эрэг гүн хад өндөр үнэхээр жигтэй, шулам орон гаран хүн амьтан цөөн, майлс хөхөмдөг, нарс ногоон, бас Арш хувилган нуун бясалгаж ёс мөр олж болмуй. Ууланд зав буй, завд булаг буй, горжигнон урсах усны чимээ ятгын дуун мэт сонстмуй. Эргэнд буга буй, шугуйд тогоруу буй, яв цавын дотор Аршийн сэтгэлийг саатуулж болмуй. Энэ нь Арш шулам ерөөлтэй тул бодисадва бууж ирээд, цаглашгүй, нигүүлсэхүй сэтгэлээр хязгааргүй өршөөв.


Бодисадва үзээд сэтгэл дотроо баясан санаруун: “Энэ хилэнцэт адгуус энэ уулын агуйг эзэлсэн нь бас ч нэлээд буянтай ажгуу” хэмээгээд нигүүлсэхүй сэтгэл төрөгдөв.


Агуйн үүдэнд хүрвээс агуйг сахигч бага шулам цөм таньж: “Лин Шьюй багш ирэв” хэмээн орж хэлсэнд тэр шулам угтан гарч ирээд ийн өгүүлрүүн: “Лин Шьюй, хувилгаан биеийг чилээн үзэхээр ирсэнд өчүүхэн агуй өнгө гэрэл нэмэгдэв.” Бодисадва өгүүлрүүн: “Өчүүхэн бумба би, таны мянган насны баярт нийлүүлэн нэгэн үрлийг хичээн барьсугай хэмээн ирсэн бөлгөө.” Тэд хоёул харилцан ёсолж суусны хойно, тэр шулам бас өчигдрийн учраа тоочин эхэлсэнд, Бодисадва хариу өчсөн бээр үгүй, яаран тавагтай үрлээ өргөн өгүүлрүүн: “Энэ мөн ч бумба миний өчүүхэн сэтгэл болой” хэмээгээд ихээхэн нэгэн үрлийг тэр шулмын зүг түлхэн өгүүлрүүн: “Их вангийн мянган өлзий батдах болтугай!” хэмээсэнд тэр шулам бас нэгэн үрлийг түлхэн Бодисадвад өгч: “Лин Шьюй Зы лүгээ адил болох болтугай” хэмээгээд тэр шулам сая авч залгисугай хэмээтэл, тэр шулам өөрөө өнхрөн оров. Шулам уг дүрсээр хувилаад дөрвөн хөлөөр зогсоод дахин өнхрөн унав, Бодисадва уг биеэр болон тэр шулмаас карша намжирыг авсны хойно, Бичин хэдийнээ хамрын нүхээр гарч ирэв. Бодисадва бас тэр шулмыг ёсгүй аашлах болгожээ хэмээн толгойд нь нэгэн цагираг өмсгөв, тэр шулам босоод жадаа авч жадалсугай хэмээтэл, Бодисадва, Бичин хоёул хэдийнээ огторгуйд гараад тарни уншсанд, тэр шулмын толгой өвдөн жадаа орхин газарт өнхрөхийг Бичин үзээд элгээ хөштөл инээв.


Бодисадва өгүүлрүүн: “Хилэнцэт адгуус! Чи өдгөө номд ормуй юу?” Тэр шулам ам дүүрэн өгүүлрүүн: “Үнэн сэтгэлээр номд орсугай, ганц амийг уучлахыг гуймуй!” хэмээсэнд Бичин хэрэгт саад болохоос болгоомжлон цохин алсугай хэмээтэл Бодисадва яаран хориглон өгүүлрүүн: “Түүний амийг битгий хорлогтун, надад хэрэглэх газар буй.” Бичин өгүүлрүүн: “Энэ мэт шулмыг занчин алахгүйгээр харин үлдээж ямар газар хэрэглэмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Миний Будлан уулын арыг сахих хүн үгүй, би үүнийг аваачиж уулыг сахигч их эрхтэн болгосугай.”, Бичин инээн өгүүлрүүн: “Үнэхээр зовлонгоос гэтэлгэгч нигүүлсэхүй бурхан ажгуу, нэг ч амьтанд хор хийхгүй, хэрвээ өвгөн Сүн надад тийм тарни буй болбоос мянган түмэн удаа уншаад энэ уулын хар өтөг бүхнийг үлдэлгүй цөм алах бөлгөө!” хэмээв. Өгүүлэх нь, тэр шулам амь орсон боловч толгойн өвдөхийг хүлцэн чадахгүй тул газарт сөгдөж гуйн өгүүлрүүн: “Ганц амийг хэлтрүүлбээс үнэн мөрд орохыг хүсмүй!” хэмээн мөргөхөд Бодисадва түүний толгойг нь илж сахил өгөх гээд жадыг нь бариулан дэргэдээ дагуулав. Тэр хар өтгийн зэрлэг санаа энэ өдөр сая дарагдаад, мохошгүй нүсэр зан энэ цагт хураагдав. Бодисадва, Бичинд зарлиг болруун: “Чи хойш эгтүгэй. Тансагийг сайхан асар. Хойшид дахиж битгий залхууран хэрэг өдөгтүн” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Бодисадваг зовоон хол залж ирсэндээ мөргөж барахгүй, шавь би хүргэвээс зохимуй.” Бодисадва: “Хүргэх хэрэггүй” хэмээсэнд Бичин карша намжираа авч мөргөн салав. Бодисадва бас өтөгг дагуулж шууд Буланд залрав. Үүнийг шүлэглэсэн нь:


        Өлзийт гэрэл тунас тунас Бодисадвагийн биеийг ороогоод,
        Өнгөт солонго зурвас зурвас үнэхээр онц бахралтай.
        Ертөнцийн хүнийг түгээмэл тусалж бүхнийг өршөөн хөөрхийлөөд,
        Номын хязгаарыг нийдэм үзэж алтан лянхуа илрэв.
        Энэ ирсэн нь цөм номоо уламжлахын тул болой.
        Өдгөө явахад угаас өчүүхэн сэв хоцрохгүй.
        Шулмыг дагуулан номд оруулж өмнөд далайд эгээд,
        Хоосны үүдэнд карша намжирыг дахин олгожээ.


Үүнээс хойш хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 40 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 27 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 0 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 43 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 15 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 19 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 19 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 53 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 2 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 13 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 57 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 15 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 16 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 31 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК