зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


БУЯНТ УУЛАНД БИЧИН БАГШ ГАХАЙГ ДАГУУЛАВ
БУРХАНТ ХАЙРХАНД ТАНСАГ БИЛИГ БАРАМИДЫГ ХҮРТЭВ


Өгүүлэх нь, тэр шулмын гэрэл өмнө явж, их богд үүл хөлөглөн хойноос нэхсээр нэгэн ууланд хүрэв. Тэр шулам улаан гэрлээ хурааж уг биеэр болоод агуйд орж нэгэн есөн араат малтуур барин байлдахаар ирсэнд, Бичин зандан: “Муу шулам! Чи хаанаас ирсэн буй? Миний нэр цолыг яахан мэдэв? Чамд ямар чадал буй, үнэнээ хэлбээс үхэх амийг чинь хэлтрүүлсүгэй!” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Чи миний чадлыг мэдэхгүй! Чи урагш ирж сайхан зогсогтун, би чамд хэлсүгэй, би болбоос:


Анх байхын үеэс ааш зан муутай, амар жаргалыг эрэн алзуу залхуугаар явав. Биеийг тэжээн бясалгал хийхийг би ер мэддэггүй, балар мунхагт төөрөгдөн өдөр хоногийг өнгөрүүлэв. Зүгээр суун атал нэгэн хувилгаан ирсэнд, хоёул зэрэгцэж суулцан сайн мууг ярилдав. Алж нядлахыг зогс хэмээн Арш намайг ятгаад, хорвоогийн хурьцлыг тэвч хэмээн хувилгаан намайг сургав. Нирваан үзүүлэн тахал барих тэр нэгэн цагт, найман чөлөөгүйтэн гурван мөрд гэмшмүй хэмээв. Үүнийг сонсоод сэтгэл эргэн мөрийг зассугай хэмээн, үгийг авч санаа шуудаад нууц увидсыг гуйв. Хувь ерөөл буй тул хувилгаан багшид мөргөсөнд, тэнгэрийн боомт газрын оньсыг тэр надад заав. Есөнтөө болгосон их үрлийг би олж хүртээд, өдөр шөнө зогсолгүй бясалгал хийж эхлэв. Эсэрүа зулайнаас эхлэн хөлийн уланд хүртэл, бөөрний усан хэлэн доор орон давсгийг халуулав. Нялх хөвгүүн нярай хүүхэн-ээр арга билгийг найруулаад, цагаан дуулга мөнгөн усыг нийлүүлэн наран саранг хуваав. Галын орны луу усан орны барсыг ивээлдүүлэн хэрэглээд, билигт мэлхий алтан тахианы цусыг дуустал соров. Гурван цэцэг орой дээр багларан үндсэнд эгээд, таван амьсгал язгуурт буцаж бүх биед нэвтрэв. Бясалгал төгсөж боловсрол гүйцээд дээш дэгдэн гарсанд, тэнгэрийн хувилгаад хос хосоор ирэн намайг угтав. Өнгөт үүл эвхрэлдэн өлмийн доороос ургаад, өвч бие, хөнгөн цагираг алтан харшид бараадав. Хурмаст тэнгэр хурим тавин олон сахиусыг урьсанд хувилгаан Арш зэрэг ялган дэс дараалан жагсаав. Хаан хурмаст зарлиг буулган намайг ноён өргөмжлөөд, хамаг усан цэргийг хамааруулан тэнгэрийн өрлөг болгов. Эх Нэвс хүрз энэрэн өлзийт тоорын хурим тавиад, эрдэнийн хасын нууранд эрхтэн сахиусыг урив. Зүггүй уун архинд согтоод, бодлого санаа балраад дэмий балай аашлав. Баатар сүрэндээ эрэмшин саран ордноо ороход, гоо дагина гарч ирэн намайг угтан оруулав. Хувилгаан дагинад тачааж сүг сүлд нь завхаад, хурьцлын сэтгэл дахин хөдөлж дарж чадахгүй болов. Самуун хүсэл сааргүй хөдлөн, дээд доодыг эс ялган, саран дагиныг тэврэн авч санасугай хэмээв. Дахин дахин гуйсан ч охин дагина хүлээхгүй, нааш цааш зайлан дутаахад ааш минь баахан хөдлөв. Ужидлах хүсэл огторгуйд мандан аянга мэт бархирсанд, орд харш зэргээр доргин тэнгэр нурахад хүрэв. Байцаагч эрхтэн балаг алтан хурмаст тэнгэрт мэдүүлээд, булай татаж тэр өдрөөс эхлэн заяа минь доройтов. Саран ордны гадуур гурван давхар бүслээд, годилдож гарах замгүй гай зовлонд учрав. Олон хувилгаад нүрэн ирж намайг барьж аваачсанд, уусан архины хүчинд тэднээс эс айв. Бидэрьяа эрдэнэ харшид намайг түлхлэн аваачсанд, хууль цаазаар аваач хэмээв. Завшаанаар Сугар гариг зэргээс давшин гараад, сайхан үгийг олон хэлж хэлтрүүлэхийг гуйв. Алахыг байж эрүү тулган хоёр мянган манцуурга занчсанд, арьс хагаран мах язран яс хугарахад хүрэв. Амьдаар тавин тэнгэрийн орноос цөлөн гаргасанд, Буянт ууланд ирж аж төрөн суув. Ял олж доод оронд буун Гахайд орж төрөөд, нэрийг халж овгийг солин Жу Ган Лиэ хэмээв.”

 

Бичин сонсоод: “Үзвээс! Тэнгэрийн оёдлын их өрлөг доод оронд буув хэмээсэн нь чи ажгуу. Тиймийн тул өвгөн Сүн миний нэр цолыг мэджээ” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Урьд цагт агтан даамал чи тэнгэрт халдаж олон эрхтэнг зовоосон бөлгөө. Өдгөө чи бас энд ирж намайг дарламуй! Бүү ёс бусчил, миний малтуурны амтыг үз!” хэмээн занчин ирэхэд Бичин шийдэм өргөн угтав, хоёул шөнө дөл болтол уулын дээр амь цөлөн байлдаж, энэ нэгэн зэрэг их л алалдсан нь:


Бичиний алтан цөцгийт ал нүдэн нь цахилгаан мэт гялбасан, шулмын гархин хоёр нүдэн нь мөнгөн цэцэгт адил цийлэлзмүй. Энэ нэгэн нь амнаасаа өнгөт манан үлээхэд, тэр нэгэн нь хамраасаа улаан солонго татуулмуй. Улаан солонго татахад харангуй газар гийгээд, өнгөт манан үлээхэд шөнө гэв гэгээн болов. Алтан толтот шийдэм, есөн араат малтуур зөрөлдөхүйеэ эрэлхэг хоёр баатар энэ дэлхийд хосгүй. Нэгэн нь их богд ертөнцөд бууж, нэгэн нь их өрлөг тэнгэрээс залран иржээ. Тэр нэгэн нь, сүр сүлдээ алдаад шулам бүтжээ, энэ нэгэн нь завшаанаар зовлонгоос хэлтрээд Тансагт шавь болжээ. Малтуурны ирэх нь луу хумсаа сарвайх мэт, шийдмээр угтах нь гарьд цэцэгт сүлжих адил. Тэр нэгэн нь: “Эр эмийг салгах нь эцгийг минь алсан лугаа адил” хэмээхэд, энэ нэг нь: “Хүний охиныг эзэлсэн чамайг хөрвөтөл барилтай!” хэмээмүй. Хоёул хорсон байлдсаар тэнгэр гэгээрэхэд, тэр шулмын хүчин дарагдаж мөрөн нь ширхрэв.


Тэр хоёр, хоёрдугаар жингийн үеэс байлдсаар үүр цайлгахад шулам тэсэж чадахгүй болоод хуй салхин хувилж агуйдаа ороод хаалгаа чанд дарж гарч ирэхгүй болов. Бичин үзвээс хаалганы гадна нэгэн чулуун хөшөө дээр “Үүлт агуй” хэмээх үсэг бичжээ. Тэр шулам гарч ирэхгүй бөгөөд тэнгэр бас гэгээрсэн тул Бичин дотроо ийн сэтгэрүүн: “Багш минь намайг хүлээсээр сэтгэл нь үл амрах, би харьж уулзаад дахин ирж энэ шулмыг баривч оройтохгүй” хэмээгээд, үүлэнд дэвхлэн гармагц хэдийнээ Гоу Луу Жуан тосгонд хүрч ирэв.


Өгүүлэх нь, Тансаг тэдгээр өтгөс лүгээ эртэн өдгөөг хэлэлцсээр үүр цайлган шөнөжин унтсангүй. Бичинээ эрмэлзэн байхад, Бичин хэдийнээ хүрээний дотор бууж шийдмээ хурааж хувцсаа засаж “Багш минь! Би ирэв” хэмээсэнд тэдгээр өтгөс яаран ёсолж “Зовоов! зовоов!” хэмээн өгүүлэхийн зуур Тансаг өгүүлрүүн: “Чи одоод нэгэн шөнө болов, барьсан шулам чинь хаана буй?” Бичин өгүүлрүүн: “Багш минь, тэр ертөнцийн шулам бус, бас уулын араатан бус, тэр нь дээд орны тэнгэрийн оёдлын их өрлөг хэмээх эрхтэн ял хийгээд доод ертөнцөд бууж ирсэн ажгуу. Тэр ганц умайд буруу орсноор зүс царай нь хээрийн Гахай адил болсон боловч ухаан билиг нь мөнхүү байсаар, тэр зүс байдлаараа овог болгож нэрээ Жу Ган Лиэ хэмээв хэмээмүй. Өвгөн Сүн би шийдмээ гаргаж занчсанд тэр хуй салхин болон дутаав, би салхины зүг нэгэнтээ занчсанд тэр бас нэгэн зурвас улаан гэрэл хувилан шууд агуйдаа буцаад есөн араат малтуураа авч над лугаа нэгэн шөнө байлдав. Тэр тэнгэр гэгээрэхэд над дарагдаж агуйдаа ороод үүдээ бэхлэн гарч ирэхгүйд өвгөн Сүн би түүний хаалгыг балбачиж дийлэн дийлэгдэхийг ялгасугай хэмээвэл багшийн сэтгэл чилэх болов уу хэмээн мэдүүлэхээр ирэв” хэмээв.


Тэр Гоу өвгөн сонсоод яаран сөгдөж: “Тойн чи өдгөө түүнийг хөөж явуулсан боловч, таныг одсоны хойно бас ирвээс хэрхмүй, та миний төлөө түүнийг барьж үндсийг арилгаваас сая хойш зовлонгүй болмуй, өвгөн би аймшиггүй таныг хөнгөлөх бээр үгүй, сааргүй хүндэд талархаж төрөл садны өмнө гэрч бичиг байгуулан гэрийн эд хөрөнгөө тойн лугаа тэн хуваасугай. Гуйх нь эрхгүй шулмын үндсийг тасалж Гоу овогт миний үүд өрхийг ариутгах болов уу” хэмээсэнд, Бичин инээн өгүүлрүүн: “Энэ өвгөн чи бас үнэхээр сайн мууг мэдэхгүй, тэр шулам учраа надад цөм хэлсэн бөлгөө. Түүний идэх нь хэдий их боловч, таны төлөө хүчээ хайрлалгүй зүтгэж, энэ хэдэн жил чиний аж амьдрал асар өөдөлсөн нь цөм түүний тус буй за. Тэр, чиний юмыг зүгээр идсэнгүй, түүнийг хөөж яамуй. Түүний хэлэхээр тэр бас тэнгэрийн орноос ирсэн эрхтэн хэмээмүй, тэр чинь аж төрөхийн тул хүчээрээ зүтгэснээс өөр чиний охиныг хорлосон бээр үгүй. Ийм сайн хүргэнийг олсон нь “Үүд өрх тэнцжээ” хэмээвээс болох атал, чи юунд нэр төрийг гутаав хэмээн түүнийг хөөмүй? Түүнийг үлдээж хүргэнээ болгон авч сууваас сайн болой.” Өвгөн өгүүлрүүн: “Хэдийгээр гэрийн зан суртлыг гутаасангүй боловч ганц нэрэнд муухай болж, хүн бүр “Гоу өвгөний хүргэн нь шулам болой” хэмээн өгүүлэхээс ичмүй.” Тансаг өгүүлрүүн: “Аяа, Бичин, эднийг нэг мөсөн тусалбаас барав.” Бичин өгүүлрүүн: “Би сая түүнийг тэнссэн бөлгөө, энэ удаа очвоос эрхгүй түүнийг барьж авчран танд үзүүлсүгэй, та бүү зовогтун! Гоу өвгөн, чи миний багшийг сайтар хүндэл, би одмуй” хэмээгээд бараа туруугүй болов.


Бичин төдөлгүй тэр ууланд хүрээд, агуйн хаалгыг шийдмээр балба цохиж хараан өгүүлрүүн: “Аагын тулам, тэнэг юм түргэн гарч ир! Байлдсугай!” Тэр шулам агуйн дотор хурхиран унтаж байв. Тэр, хаалгыг цохин аагын тулам хэмээн авшгүй муухайгаар хараахыг сонсоод маш хилэгнэн малтуураа барин гүйн гарч ирээд их дуугаар хараан өгүүлрүүн: “Энэ агтан даамал огоот бурангуй! Чамд юуны хамаа буй, чи миний хаалгыг юунд эвдмүй? Чи цаазын бичигт үзтүгэй, хүний хаалгыг эвдэн орвоос алах ял буй!” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ манхуу! Би чиний хаалгыг эвдэвч ёс хэлэх газар буй. Зуучны хүн ч үгүй, бэлэг дарс ч үгүйгээр хүний охиныг дарлан авсан чиний ял нь чухам цавчин алахад хүрэв.” Тэр шулам өгүүлрүүн: “Олон үг хэлэх хэрэггүй, миний малтуурын амтыг үз!” хэмээн занчин ороход Бичин шийдмээрээ тосож аваад ийн өгүүлрүүн: “Чиний энэ малтуур нь Гоу өвгөний гэрийн ногоог тарихад хэрэглэж байсан буй за, ямар сайн юм хэмээн түүнээс айх буй!” Тэр шулам өгүүлрүүн: “Чи танихгүй болой, миний энэ малтуур хэмээгч ертөнцийн энгийн юм бус, чи миний хэлэхийг сонсогтун: Энэ болбоос хувилгаан төмрийг хайлуулан ширээгээд, дахин дахин давтаж өнгө гартал үрэн бүтээжээ. Дилав өөрөө алх сүх хөдөлгөн, галын бурхан гараараа нүүрс түлш нэмжээ. Таван орны кирди нар арга ухаанаа шавхаж, зургаан улаагчин зургаан хөх хүчээ гарган үйлджээ. Есөн арааг үйлдэж сайхан бүтээгээд, хоёр төмөр гархинд ховор алтан навчийг дүүжилжээ. Түүний дээр зургаан гариг таван одыг дөрвөн цаг найман улирлаар тааруулан чимжээ. Урт богино дээр доор нь тэнгэр газрыг тогтоогоод, зүүн баруун арга билиг нь наран саранг хуваажээ. Зургаан зурхай хувилгаан жанжинг тэнгэрийн хуулиар зохиож, найман хөллийн одон гаригийг удирасадын зүйгээр байршуулжээ. Нэрийг нь дээд эрдэнийн алтан шимтсэн малтуур хэмээж, хурмастад өргөн хотыг сахих ховор эрдэнэ болгожээ. Бясалгал хийснээр би тэнгэрийн эрхтэн болоод, биеийг тэжээн чанарыг засаж мөнхийн шидийг олжээ. Зарлигаар тэнгэрийн оёдлын тэргүүн өрлөг өргөмжилсөнд, төмөр малтуурыг хурмаст надад зэвсэг болгон шагнажээ. Өргөж авбаас догшин нөл гэрэл суунаг татаад, эргэж тавьбаас салхин дэгдэн бэлгэт цас лавсмуй. Тэнгэрийн эрхтэн хувилгаан жанжин нар түүнээс бүгд цочиж, эрлэгийн орны арван хаад ч үүнээс аймуй. Ертөнцөд ийм зэвсэг энэ нэгээхэн буюу, дэлхийд тийм төмөр тэр ганцхан буюу. Санааны аяар хувилан улирах нь сэтгэлийн баясал буюу, ухааныг ухан урван хөрвөх нь тарнийн эрдэм буюу. Гараасаа салгалгүй хэдэн жил явлаа, гарч ороход хань болон дагалаа. Гурван цагийн хооронд тавилгүй барилаа, нэгэн шөнийн нойронд орхилгүй саналаа. Өлзийт тоорын хуримд үүнийг авч одлоо, эзэн тэнгэрийн харшид үүнийг мөрлөн орлоо. Ганц архины халуунд ааш хөдлөн түрэмгийлээд, хүчинд эрэмшин хөггүй самуурав би. Хурмаст хилэгнэн доод ертөнцөд намайг цөлөн буулгасанд, хүнийг идэн амьтныг хөнөөн нүглийг их л үйлдэв. Хадан агуйд санаа самууран хүнийг барьж идээд, Гоу Луу Жуан тосгонд ураг холбон сэтгэл баясан жаргав. Энэ малтуур далайд орвоос луу матрын үүрийг угаар нь урвуулан, энэ малтуур ууланд гарваас барс чонын элүүг балба цохимуй. Олон зүйлийн зэвсгийг одоо дурдахаар үгүй, онц миний малтуур гарт барихад эвтэй. Эсэргүүцэн байлдаад чамайг дийлэхэд ямар бэрх буй, энэ өдөр гавьяа бүтээхийг нэн өгүүлэх юун. Хүрэл толгой төмөр биетэй хүн болсон ч, хүнд энэ малтууранд оногдвоос сүнс сарнин сүлд завхмуй.”


Бичин сонсоод шийдмээ хураан авч: “Манхуу чи битгий их үг хэлэгтүн! Өвгөн Сүн би толгойгоо чамд бөхийж өгсүгэй, чи нэгэн зэрэг цохиж үз! Сүнс сарнин сүлд завхах буюу” хэмээсэнд, тэр шулам үнэхээр малтуур далайн бүх хүчээр цохисонд, толгойноос нь гал бутран оч үсрээд өчүүхэн ч эс алзав. Тэр шулам маш цочин: “Хэцүү толгой! хэцүү толгой!” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Чи, өвгөн Сүнг мэдэхгүй, би тэнгэрийн орныг түйвээн хувилгаан үрэл өлзийт тоор шидэт архи хулгайлж бага Эл Ланд баригдаад, шулмыг цавчих дайсан өмнө хүлж тэнгэрийн олон хувилгаан эрхтэн намайг сүхээр цавчин манцуургаар занчиж илдээр огтчин сэлмээр чичиж, галаар түлж, аянгаар ниргэсэн боловч өчүүхэн төдий ч хөндөөж чадсангүй. Дилав бас намайг аваачиж найман хөллийн зууханд хийж хувилгаан галаар улайлган давтсанд эс үхээд, харин гуулин толгой төмөр бие ал нүд нь алтан цөцгийтэй болов, чи эс итгэвээс бас нэгэн зэрэг цохиж үз, өчүүхэн ч өвдөхөөр үгүй.” Тэр шулам өгүүлрүүн: “Чиний энэ сармагчны зулзгыг би цээжилж ахуу нь чи тэнгэрийн орныг түйвээсэн цагт гэр чинь үлэмж биет тивийн Уулай улсын Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйд байсан бус буюу, чиний нэрийг эс сонссоор удав, чи юунд энд ирж намайг дарламуй? Эсвээс миний хадам эцэг чамайг урьж авчирсан буй за?” Бичин өгүүлрүүн: “Чиний хадам эцэг намайг урьж авчирсан бус, өвгөн Сүн би гажуугаа халж сайнд баясан бумбыг хаяж тойн болоод, зүүн газрын их Тан улсын хааны дүү Тансаг хэмээх номын багшид шавь болж, баруун газарт хүрч бурханд мөргөн ном залахаар одмуй. Замдаа Гоу Луу Жуан хэмээх тосгонд хоносонд, тэр өвгөн аага залгигч чамайг барьж охиныг минь гаргаму хэмээн намайг гуйв!”


Тэр шулам энэ үгийг сонсоод малтуураа орхин, бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Тэр ном залах хүн хаана буй? Чи намайг удирдаж золгуулах болов уу.” Бичин өгүүлрүүн: “Чи түүнд золгож яамуй?” Шулам өгүүлрүүн: “Би Хомсим бодисадвад учирсанд, тэр намайг сайны мөрд удирдан сахил өгсөн бөлгөө. Тэр намайг ном залах хүнд шавь болж баруун газар одож бурхнаас ном залж ирвээс гавьяагаар ялаа дийлэн бодь мөрт ор хэмээсэн бөлгөө. Би энэ хэдэн жил хүлээвч огт сураггүй, чи түүнд шавь болоод юунд ном залах үгийг эртхэн үл өгүүлэн, ид хүчиндээ эрэмшин миний хаалганд ирж намайг дарламуй?” Бичин: ”Чи зусар аргаар намайг хуурч биеэ бултарсугай хэмээмү юү? Чи үнэхээр Тансагт шавь болсугай хэмээвээс тэнгэрийг зааж амалдагтун, би чамайг дагуулан багшид аваачиж золгуулсугай” хэмээсэнд, тэр шулам түсхийтэл сөгдөж огторгуйн зүг амуу уурдах мэт түжигнэтэл мөргөлөн өгүүлрүүн: “Ум ма ни бад мэ хум, хэрвээ үнэн сэтгэл магад санаан бус болбоос, мөнхүү тэнгэрийн цаазаар биеийг минь түмэн хэсэг болгох болтугай!” хэмээн амалдахыг Бичин сонсоод ийн өгүүлрүүн: “Ийм болбоос чи гал авч ир, энэ агуйг түймэрдсэний хойно би чамайг аваачсугай.” Тэр шулам үнэхээр түлээ авчраад гал тавин, тэр үүлт агуйг эвдэрхий уурхай болгож Бичинд өгүүлрүүн: “Надад өдгөө хоргодох газар үгүй болов, чи намайг удирдаж аваачигтун!” Бичин: “Чи малтуураа надад өг” хэмээсэнд, шулам малтуураа Бичинд өгөв. Бичин биенээсээ нэгэн үс зуулан авч амандаа зажилж “Хувил!” хэмээн үлээсэнд нэгэн олсон дээс болон хувилав. Тэр урагш давшин дээсээр шулмын гарыг ард нь хүлэхэд шулам бас хөдлөх бээр үгүй зоригоор нь хүлүүлэв. Бичин тэр шулмыг чихийг нь мушгиж “Түргэн яв! түргэн яв!” хэмээсэнд шулам өгүүлрүүн: “Баахан аяар! Гар чинь хатуу мушгихад чихний уг өвдмүй.” Бичин өгүүлрүүн: “Чамд тал хаяж болохгүй! Эртний үгэнд “Номхон Гахайг догшиноор барих” хэмээжээ. Би багшид золгоод чиний үнэн сэтгэлийг мэдсэн хойно сая чамайг тавимуй” хэмээгээд хоёул үүл манан хөлөглөн төдөлгүй Гоу Луу Жуан тосгонд хүрч ирэв. Шүлгийн үг нь:


Төмрийн чанар хатуу тул модыг ялж чадаад, сэтгэлийн Бичин модон лууг дарангуйлан хурааж авав. Төмөр мод дагалдан эедвээс цөм нэг болоод, мод нь төмөрт ханилбаас чадал сая гармуй. Нэгэн эзэн нэгэн зочин завсар үгүй таараад, гурван найртан гурвантаа нийлэхэд нарийн нууц буй. Чанар сэтгэлгээ цугаар баясваас үнэн тамир хураад, баруун оронд хамт одох сэтгэл санаа нэг.


Удсангүй тосгоны өмнө хүрч ирээд, Бичин нэгэн гараар малтуурыг барьж, нэгэн гараар түүний чихийг мушгиж өгүүлрүүн: “Тэр гэрт сууж байх хүнийг танимуй юу? Тэр даруй миний багш болой” хэмээв. Тэр Гоу өвгөн ба төрлийн өвгөд бүгдээр Бичиний шулмыг хүлэж чихнээс нь хөтлөн авчрахыг үзээд цөм баясан угтан гараад дуудан өгүүлрүүн: “Багш аа! Тэр даруй миний хүргэн болой!” хэмээхэд тэр шулам өмнө ирж өвдөг нугалан сөгдөн мөргөж өндөр дуугаар өгүүлрүүн: “Багш аа, шавь би угтахыг осолдов, багш миний хадам эцгийн гэрт байхыг мэдсэн бөгөөс хэдийн ирж угтан золгох бөлгөө, юуны ийм олон уршиг татмуй?” Тансаг өгүүлрүүн: “Бичин, чи түүнийг яаж номхтгосон буй?” Бичин шулмын чихийг нь сая тавиад малтуурын ишээр түүний толгойг нь тогшин өгүүлрүүн: “Манхуу, чи учраа өгүүл!” хэмээсэнд, тэр шулам сая Бодисадва түүнийг сайны мөрт оруулсныг нэгэн зэрэг нарийвчлан өгүүлэв.


Төд Тансаг маш баясан Гоу өвгөнөөр хүжсийн ширээ засуулж гараа угаагаад хүж зул асаан өмнөш хандан: “Бурхан Бодисадвагийн гайхамшигт их хишгийг хэрхэн хариулсу!” хэмээн мөргөсөнд тэр хэдэн өтгөс бас цугаар хүж өргөн мөргөв. Мөргөж барсны хойно Тансаг суудалд суун: “Бичин, чи түүний хүлээсийг тайл!” хэмээсэнд, Бичин үсээ биедээ хураан авав. Тэр шулам Тансагт дахин мөргөөд баруунш даган одохыг гуйв. Бас Бичинд ёсолж урьд шавь орсноор түүнийг номын ах хэмээн дуудав. Тансаг: “Чи нэгэнт миний шавь болсны тул би чамд нэгэн номын нэр өгсүгэй, эрт орой дуудахад сайн” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Аяа, багш минь, Бодисадва надад сахил хүртээгээд Ү Нэн хэмээх номын нэр өгсөн бөлгөө.” Тансаг инээн өгүүлрүүн: “Сайн, сайн чиний номын ахын нэр Ү Күн, чиний нэр Ү Нэн, үнэхээр миний үүдний нэгэн аймаг болой” хэмээв. Ү Нэн өгүүлрүүн: “Би Бодисадвагаас сахил аваад найман зүйлийн үнэртэнг цээрлэсэн бөлгөө. Би хадам эцгийн гэрт байхад мах идсэнгүйгээр өдгөө багшид золгов. Би бацгаа тайлбаас ямар?” Тансаг өгүүлрүүн: “Болохгүй! болохгүй! Чи найман зүйлийг цээрлэсний тул, би чамд найман санваарт Ба Жие хэмээх нэрийг өгч овгийг дагуулан Гахай хэмээвээс ямар?” хэмээсэнд, тэр манхуу баясан: “Багшийн зарлигийг хичээн дагасугай” хэмээв, үүнээс хойш Гахай хэмээн дуудахаар болов.


Тэр Гоу өвгөн ийнхүү гажуугаа халж сайнд орсныг үзээд маш баясан гэрийн хүүхдийг дуудан хурим бэлтгээд Тансагт тал өгөв. Тэр Гахай урагш давшиж хадам эцгээ татаж: “Аяа, аав минь! Чи миний гэргийг авчирч хадам багш, хадам ахад нь золгуулбаас ямар?” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Мэргэн дүү чи нэгэнтээ тойн болсон тул үүнээс хойш гэргий хэмээх үгийг бүү дурд, ертөнцийн хүнд эмтэй бумба байхаас бус эмтэй тойн үгүй. Бид цав идээд баруунш одсугай” хэмээсэнд, тэр өвгөн цав авчруулаад, Тансагийг дээр суулгаад Бичин Гахайг зүүн баруун хоёр этгээдэд, олон төрөл садан нар дагалдан суув. Гоу өвгөн нэгэн хундага архи барьж тэнгэр газарт ядамлаад дараагаар Тансагт барьсанд Тансаг өгүүлрүүн: “Өвгөнд нуулгүй хэлсүгэй, ядуу тойн би төрөлхөөс мах архины зүйлийг эдэлдэггүй бөлгөө.” Гоу өвгөн өгүүлрүүн: “Багшийн мах идэхгүйг мэдэхийн тул мах оруулсангүй. Энэ архи бас сул архи тул нэгэн хундага уухад гэмгүй.” Тансаг өгүүлрүүн: “Архи хэмээгч манай тойн хүний их цээрлэл болой.” хэмээсэнд, Гахай цочин өгүүлрүүн: “Багш, би бацаг баривч архийг ер тасалсангүй бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хэдийгээр бодон маалуугаар уусангүй боловч архийг бас тасарсан бээр үгүй.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болбоос ах дүү та хоёул баахан ууж болмуй, ганц согттол ууж хэргийг саатуулж болохгүй” хэмээсэнд тэд сая тэргүүн хундагыг хүлээн авч уув. Энэ нэгэн зэрэг хундага солилцон уусан жаргалыг өгүүлбээс баршгүй.


Цав барьж хуримлаж барсны хойно, тэр өвгөн нэгэн улаан тавганд хоёр зуун лан мөнгө, гурван зах бөс намжирыг авчирч барьсанд, Тансаг өгүүлрүүн: “Бид хэмээгч явуул тойн, хаана айл тохиолдвоос бадарлаж идмүй, энэ алт мөнгө эд барааг айшгүй авч үл болмуй” хэмээв. Бичин урагш давшин гар сарвайн нэгэн атга мөнгийг атган аваад Гоу Цайд өгч ийн өгүүлрүүн: “Өчигдөр чамайг зовоов, чи миний багшийг дагуулж ирснээр, энэ өдөр нэгэн шавь олсон тул чамд талархах юм үгүй, энэ мөнгийг авч өвсөн шаахай худалдан авч өмсөгтүн. Үүнээс хойш шулам буй болбоос бас надад хэлж өг, би чамд талархах цаг буй” хэмээсэнд Гоу Цай хүлээн авч мөргөв. Гоу өвгөн өгүүлрүүн: “Тойн та алтан мөнгийг эс ававч намжир дээлийг авбаас хөгшин миний өчүүхэн сэтгэл гүйцэх болой.” Тансаг өгүүлрүүн: “Маний гэрээс гарсан хүн бусдын юмыг өчүүхэн авбаас хилэнц нь мянган галавт арилахуйяа бэрх. Энэ хуримд идэж үлдсэн боорцгийг баахан өгч замын хүнс хийвээс барав.” Гахай хажуунаас нь өгүүлрүүн: “Багш, номын ах эс авбаас байтугай, би түүний гэрт хэдэн жил хүргэн болоод хүч хөлсний будаа боловч гурван таар авалтай болой. Өчигдөр үдэш номын ах миний намжирыг уржээ, надад нэг зах хар намжир өг, шаахай бас алив, надад нэгэн шинэ шаахай өг!” хэмээсэнд, Гоу өвгөн түүнд эс өгвөөс үл болох тул, намжир шаахай худалдан авчирч өгөв.


Гахай намжираа өмсөөд их л гэхэлзэн алхсаар Гоу өвгөний дэргэд хүрээд мэхийсхийн ёсолж ийн өгүүлрүүн: “Өдгөө би тойн болсон тул хадам эх, хоёр хадам эгч, хүргэн ах ба бүгд ураг элгэнд уулзан золгож чадахгүй болов. Үүнийг хадам эцэг тэдэнд хэлж өгөх болов уу. Аяа, хадам эцэг, чи миний гэргийг сайтар харгалзах болов уу, бид хэрвээ ном залж эс чадваас, би ирж сахилаа тайлаад мөн чиний хүргэн болж аж төрсүгэй.”, Бичин зандан: “Тэнэг юм! Дэмий бүү донгод!” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Дэмий донгодох бус, эмээх нь нэгэн цагт эндэгдэл гаргаваас ном ч үгүй эм ч үгүй болох бус уу?” Тансаг сонсоод өгүүлрүүн: “Олон үг хэлэх хэрэггүй, бид эртхэн явсугай” хэмээгээд цагаан морио эмээллүүлж унаад, Гахай дамжуур дамнан, Бичин болд бэрээгээ барьж өмнө нь удирдан багш шавь гурвуул Гоу өвгөн хийгээд түүний төрөл саданд аярлан салж баруун зүгт одов. Шүлэглэсэн шүлгийн үг нь:


        Тал дүүрэн утаа униарт ой шугуй тодроод,
        Тан улсын бурхны шавь гашуун зовлонг амсав.
        Өлсвөөс нэгэн багвараар мянган өрхийн будааг идээд,
        Таарваас мянган зүүгээр оёсон нэгэн хувцсыг өмсөв.
        Санааны морь битгий хөөрөн чадлын чинээгээр давхи,
        Сэтгэлийн Бичин битгий омгорхоглон хоолойн тааваар хашхир.
        Зан чанар ивээлдэн тогтвоос цөм барилдан нийлээд, 
        Тэргэл сарны тунамал гэрэл үсний хирийг угаав.


Багш шавь гурвуул баруунш их замд орж нэг сар яван Үйзэн улсын захаас гарсанд гэнэт нэгэн их уул үзэгдэв. Тансаг жолоогоо татаад: “Аяа, өмнө нэгэн өндөр уул баймуй, та хоёр хичээ!” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Гайгүй! гайгүй! Энэ уулын нэр нь Бурхант хайрхан хэмээмүй. Энэ уулын дотор нэгэн шувуун үүрт даяанч ном бясалган суумуй, Гахай би түүнд золгож өнгөрсөн бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Түүний бясалгал нь ямар буй?” Гахай өгүүлрүүн: “Түүнд нэлээд их эрдэм буй? Тэр намайг шавь болж ёсыг зас хэмээсэн бөлгөө, би одсонгүй” хэмээн багш шавь ийн хэлэлцсээр дэмий удсангүй тэр ууланд хүрэв. Сайхан уул аж! Үзвээс:


Уулын энгэрт хөх нарс ногоон арц, уулын ард ногоон уд улаан туур. Жир жир жиргэх нь жигүүртэн шувууны хэлэлцэх дуун, гялс гялс хөдлөх нь хувилгаан тогорууны жигүүрийн дэвэлт. Сайхан үнэр ханхас ханхас мянган цэцэг өнгө ялгараад, элдэв өвс салхинаа халиуран түмэн янзын сонин. Завын ёроолд ногоон ус горчигнож, эргийн өмнө бэлгэт үүл хөвөлзмүй. Үзэмжит энэ сэлүүн тунгалаг оронд, ирж очих хүн харагдахгүй.


Тансаг морин дээрээс бараалбаас нэгэн арц модны дээр өвсөн үүр амуй, түүний баруун этгээдэд буга гөрөөс шидэт өвсийг өргөн, зүүн этгээдэд бичин сармагчин, хувилгаан жимс барьжээ. Модны оройгоор хөх галбинга, өнгөт гарьд хамтаар донгодож, хар тогоруу алтан гургалдай хуран цугларчээ. Гахай хуруугаар заан: “Тэр нь шувуун үүрт даяанч буюу!” хэмээсэнд Тансаг морио шамдуулж шууд тэр модны доор хүрэв.


Тэр даяанч, багш шавь гурвуулын хүрч ирэхийг үзээд үүрнээсээ гаран модноосоо буусанд Тансаг мориноосоо бууж мөргөв. Тэр даяанч Тансагийг өргөн босгож өгүүлрүүн: “Богд тойн босогтун, би угтахыг осолдов.” Гахай: “Даяанчид би ёсолмуй” хэмээсэнд, даяанч цочин асууруун: “Чи тэр Буянт уулын Жу Ган Лиэ бус буюу? Ямар их хувь ерөөлөөр богд тойнд шавь болсон буй?” Гахай өгүүлрүүн: “Урьд жил Хомсим Бодисадва намайг сайны мөрд удирдсанд би үүний шавь болсугай хэмээн амласан бөлгөө.” Даяанч ихэд баясан: “Сайн! сайн!” хэмээгээд бас Бичинийг заан өгүүлрүүн: “Энэ хэн болов?” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ өвгөн даяанч Гахайг таних атал намайг юунд үл танимуй?” Даяанч өгүүлрүүн: “Эс уулзсанаас болжээ” хэмээв. Тансаг: “Энэ нь миний их шавь Бичин болой” хэмээсэнд Даяанч инээн: “Ёслохыг осолдов” хэмээв. Тансаг дахин мөргөөд ийн асууруун: “Баруун газрын аянгын дуут сүм эндээс хэдий хол буй?” Даяанч өгүүлрүүн: “Хол! хол! Замд барс ирвэс олон тул явахад хэцүү.” Тансаг ихэд хичээнгүйлэн дахин асууруун: “Чухам хэдий хол буй?” Даяанч өгүүлрүүн: “Зам хэдий хол боловч эцэстээ сааргүй хүрэх өдөр буй, ганц барцад түйтгэрийг арилгах нь бэрх, надад нэгэн боть билиг Барамид хэмээх ном буй, тавин дөрвөн бадаг, нийт хоёр зуун далан үсэг буй, барцад түйтгэр учрах цагт энэ номыг уншваас гайгүй болой” хэмээсэнд, Тансаг сонсохыг мөргөн гуйв, тэр даяанч амандаа ийн уншив.


“Ялж төгс нөгчсөн эх билгийн чанад хязгаарт хүрсэн билиг Барамид, Ялж төгс нөгчсөн эх билиг Барамидад мөргөмү. Басхүү тэр цагт Бодисадва билиг Барамидын гүн нарийн явдлыг бүгд үзэж бүрэн, тэдгээр таван цогцосыг бээр мөн чанараар бүгд хоосон хэмээн үнэнээр бүгддээ үзэв. Шарибударь, өнгө бие хоосон болой, хоосон бүгд өнгө бие болой. Өнгө биенээс хоосон өөр бус, хоосноос өнгө бие өөр бус буюу. Түүнчлэн сэрэхүй сэтгэхүй үйлдэхүй мэдэхүй бүгд хоосон болой. Шарибударь аа, тэр мэтийн тул хамаг бурхад цөм хоосон болой, төрөхгүй, түрдэхгүй, хиргүй, хирнээс хагацахааргүй, буурахгүй, нэмэхгүй болой. Тэр мэтээр хоосонд өнгөгүй, сэрэхүй үгүй, сэтгэхүй үгүй, үйлдэхүй үгүй, мэдэхүй үгүй, нүдгүй, чихгүй, хамаргүй, хэлгүй, биегүй, дургүй, өнгөгүй, дуугүй, үнэргүй, амтгүй, хүртэхүй үгүй, номгүй болъюу. Нүдний язгуургүйгээс сэтгэлийн язгуургүй, сэтгэлийн билгийн язгуурт хүртэл бээр үгүй болъюу. Мунхаг үгүй, мунхаг арилсангүйгээс өтлөхүй үхэхүй үгүй, өтлөхүй үхэхүй барагдах хүртэл бээр үгүй болъюу. Зовлон ба хамгийг төрүүлэгч түритгүүлэгч мөр бээр үгүй, бэлгэ билиг бээр үгүй, олохгүй, үл олохоор үгүй болъюу. Шарибударь аа, түүгээр Бодисадва нар олохгүйн тулдбилиг Барамидад шүтэж аж, сэтгэлд түйтгэр үгүй, түйтгэргүйгээс айхгүйгээр буруу алжаанаас машид нөгчиж бүрэн, их нирвааны эцэст нь хүрэв. Гурван цагт суусан хамаг бурхнууд бээр билиг Барамидад шүтэж бүрэн, тэнсэлгүй үнэн төгс туулсан бодь хутгийг илт төгсгөн бурхан болов. Түүгээр үнэн хэмээн мэдээгүй, билиг Барамидын тарни, их ухааны тарни, тэнсэлгүй тарни, цэц бус лугаа чацуу тарни, хамаг зовлонгуудыг устган машид амарлиулагч тарни, худал бус үнэн хэмээн мэдэж бүрэн, билиг Барамидын тарнийг өгүүлэв, Датаяата ум хиди! хиди!бараа хиди! барасанхиди! боди суухаа!” 


Тэр үед Тан улсын номын багш угаас үндэс буй тул тэр даяанчийг даган номлосонд даруй цээжилж өдгөө болтол уламжилжээ. Энэ болбоос үнэнийг бясалгахын бүх ёсон, бурхан болохын үүдэн болой.


Тэр даяанч номыг заагаад үүлэнд гишгэн шувууны үүрэндээ гарсугай хэмээтэл, Тансаг татан зогсоож бас баруун газрын хол ойр сайн муу чухам ямрыг гуйн асуусанд, даяанч мөшөөн өгүүлрүүн:


“Явах зам нь хэцүүгүй, миний хэлэхийг сонсох ажааму. Мянган уул түмэн ус бартаатай болоод, олон түйтгэр олон шуламд учирмуй. Тэнгэр тулсан эргэнд учравч сэтгэлээ сул тавиад бүү айгтун. Явсаар Мул хэмээх хаданд хүрвээс, хөлийн мөрийг даган гишгэтүгэй. Хар нарсны ойд хичээж яв, энд шулам замыг олон боомуй. Чөтгөр шулам хот балгасанд дүүрээд, шулмын хаан уул дүүрэн суумуй. Хөгшин барс ордонд суух болоод, хөх чоно зардсан болон явмуй. Арслан заан цөм ван өргөмжлөөд, өтөг ирвэс сайн түшмэд болмуй. Хээрийн Гахай дамжуур дамнаад, усан шулам өмнө чинь тохиолдмуй. Өнө болсон хөгшин чулуун бичин дотроо тавгүй хилэгнэмүй. Чи тэр танилаасаа асуутугай, тэр баруун газрын замыг мэдмүй” хэмээв.


Бичин тэр үгийг нь сонсоод, хүйтнээр инээн: “Бид явсугай, түүнээс асуух хэрэггүй, надаас асууваас барав” хэмээсэнд Тансаг бас эс ухжээ. Төдий тэр даяанч алтан гэрэл болон шувуун үүрэндээ гарав, Тансаг дээш харж мөргөхөд, Бичин ихэд хилэгнэн төмөр шийдмээр үүрийг чичлэхэд гэнэт бадам лянхуа цэцэг түмэн давхар ургаад, элдэв өнгийн гэрэл нь мянган зурвас цацран гарав. Бичин хэдийгээр далайг хутган мөрөнг цалгиулах агуу хүчтэй боловч, тэр модны нэгэн навчийг нь хөдөлгөн эс чадав. Тансаг үзээд Бичинийг татаж өгүүлрүүн: “Ийм гайхамшигт Бодисадвагийн үүрийг чи юунд хөндмүй?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Тэр бид ах дүү хоёулыг нэгэн зэрэг хараагаад одов.” Тансаг өгүүлрүүн: “Тэр баруун газрын замыг өгүүлсэн буй за, хэзээ чамайг хараав?” Бичин өгүүлрүүн: “Багш чи мэдэх бус, тэр “Хээрийн Гахай дамжуур дамнамуй” хэмээгч Гахайг хараасан бөлгөө, “Өнө болсон хөгшин чулуун бичин” хэмээгч намайг хараасан үг болой.” Гахай өгүүлрүүн: “Номын ах битгий хилэгнэгтүн, энэ даяанч бас өнгөрсөн ирээдүйн хэргийг мэдмүй, түүний “Усан шулам өмнө тохиолдмуй” хэмээх үгийн үнэн худлыг мэдсүгэй, түүнийг хэлтрүүлж бид явсугай” хэмээв. Бичин, тэр лянхуа цэцэгт бэлгэт үүлс хэдийнээ үүрний дэргэд хүрснийг үзээд, даруй багшаа моринд унуулан, уулнаас бууж баруун зүг одов. Энэ нэгэнтээ одсон нь: Ариун буян хүний ертөнцөд чухаг хэмээвэл, ад түйтгэрийг уул дүүрэн байлгамуй. Үүнээс хойш чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 46 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 33 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 2 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 6 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 49 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 22 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 25 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 25 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 59 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 8 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 19 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 24 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 3 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 21 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 22 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 37 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК