зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорьдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРЬДУГААР БҮЛЭГ:


ШАР САЛХИТ ДАВААНАА ТАНСАГ ЗОВЛОНД УЧРАВ
ШУЛМЫН БААТРЫГ ГАХАЙ ГАВШГАЙЛАН СӨНӨӨВ


Ном хэмээгч сэтгэлээс үүсэн, харин бас ч сэтгэлээс арилмуй. Үүсэх арилахыг хэн хүн эзэдлэхийг эрхин авгай өөрөө тодолму. Өөрийн сэтгэлээс эгнэгт үүсэж авсу, өөр хүнээр хэлүүлэх учир юун? Ганц сэтгэлээр хатуужин бясалгаваас, хатан төмрөөс цус шахаж гаргамуй за. Хамар юугаа унгасан утсаар дөрлөн хий хоосонд уяж тавиад, алдрах сулрахаас айхын учир хоосны мөрийн хонгорцогт модноо хүлэгтүн. Хулгайг битгий хөвгүүнээ болгон үзэгтүн, хатуужин бясалгасан номын чинь цөм умартан гээгджээ. Уран мэхэнд унахгүй хэмээвээс урьдаар түүнийг нэгэн нудрагад унага. Сэтгэлээ илтгэсүгэй хэмээвэл сэтгэл бас үгүй, номыг илрүүлсүгэй хэмээвэл ном бас зогсчээ. Хүн амьтан үл үзэгдэх үед хөх мөнх тэнгэр тунгалагаар цэлмэмүй. Ялин мөнгөн намрын сарны төгрөгийг яахан түвдэж харилцан салгаж болном.


Энэ нэгэн бүлэг цээр үгс нь номын багш Тансаг билиг Барамид хэмээх судрыг нэвт ухаад үүд хаалгаа нээснээс болжээ. Тэр багш үүрд уншин уртад цээжилсээр нэгэн зурвас гайхамшигт гэрэл нь өөрөө нэвтэрчээ.


Өгүүлэх нь, багш шавь гурвуул эртлэн оройлон явсаар удалгүй бас зуны халуун цаг болжээ. Гагц үзвээс:


Үзэсгэлэн цэцэг гунирахуйяа өнгөт эрвээхийн найр нимгэн, өндөр модны оройд олон Тарцын дуун царгимуй. Хүр хорхой үүр юүгээ бүтээж улаан анар жигдрэн хөхөмдөг нууранд шинэ лянхуа өнгө ялгаран дэлгэрчээ.


Тэр өдөр хараахан яван атал наран орой болж замын хажууд нэгэн айл байхыг үзээд Тансаг өгүүлрүүн: “Бичин, тэнгэрийн наран өрнө унахуйяа гал бөмбөгөнд адил, тэргэл саран дорноос мандахуйяа мөсөн болор мэт мөлүүн. Замын хажууд нэгэн айл байх завшаанд бид очиж нэг шөнийг өнгөрөн маргааш явсугай.” Гахай өгүүлрүүн: “Мөн! мөн! Гахай миний гэдэс бас өлсөв, тэр айлд хүрч баахан цав гуйж идвээс хүчтэй болж дамжуур дамнахад сайн.” Бичин өгүүлрүүн: “Энэ гэрээ эрэмцэгч чөтгөрийг үз. Чи гэрээсээ гараад хэдэн өдөр болов хэмээн ийнхүү гасалмуй!” Гахай өгүүлрүүн: “Ах минь, хэн чамд адил өлсөж ундаасахыг тэсвэрлэн чадах буй, би багшийг дагаснаас нааш өлсгөлөнгийн зовлонг хэдэн өдөр тэсвэрлэснийг чи мэдмүй юү?” Тансаг үүнийг сонсоод: “Гахай чи хэрвээ гэрээ санаад тэсэхгүй бөгөөс тойн болж үл чадмуй, чи хойш эргэхийг хүрэхгүй” хэмээсэнд тэр манхуу мэндүүрэн сөгдөж: “Багш, чи номын ахын үгийг бүү сонс, тэр намайг гүжирлэмүй. Би гасалсангүй атал тэр намайг гаслав хэмээмүй. Би болбоос нэгэн асвар шулуун хүн тул гэдэс өлссөнд нэгэн айлд орж цав бадарлан идсүгэй хэмээсэн бөлгөө, тэр намайг харин гэрээ эрэмцэгч чөтгөр хэмээн дэмий л хараамуй. Багш минь, би Бодисадвагийн сахилыг хүртэж бас багшийн өршөөлд ивээгдсэн тул дуртайяа багшийг эмсэглэн баруун газарт одож, алдлаад унасан ч аруншаа эгэхгүй хэмээн амалдсан атал, юунд бас намайг гэрээс гарсан хүний үг бус үгийг хэлэв хэмээмүй?” Тансаг: “Үнэхээр тийм болбоос чи босогтун” хэмээв.


Тэр манхуу харайн босч аман дотроо түднэсээр дамнуураа дамнан урагш явав. Тэндээс замын дэргэдэх нэгэн айлын хаалганд хүрч, Тансаг мориноос буусанд, Бичин хэдийнээ жолооноос хөтөлж, Гахай дамнуураа тавьж, модны сүүдэр доор зогсов. Тансаг дулдуйгаа барин, жанчаа засаж, тэр айлын хаалганд ганцаар хүрвээс, гэрийн дотор нэгэн өвгөн хулсан ширээн дээр хажуулан хэвтэж амандаа ном уншмуй. Тансаг аймшиггүй их дуун үл гарган намаар: “Өглөгийн эзэнд ёсолмуй” хэмээсэнд, тэр өвгөн ховх үсрэн босоод дээл хувцсаа засаж, угтан гарч хариу ёслон ийн өгүүлрүүн: ”Угтахыг осолдов, тойн хаанаас ирэв? Юуны учир ядуу миний богино саравчинд хүрч ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би болбоос зүүн газрын Тан улсын хүн бөлгөө, богд эзний зарлигаар Аянгын дуут сүмд хүрч бурханд мөргөн ном залмуй. Эрхмийн энд хүрч ирэхэд тэнгэр нэгэнт орой болсон тул хоног гуйхаар ирэв.” Тэр өвгөн толгойгоо сэгсэрч өгүүлрүүн: “Үл болох, үл болох, баруун газарт ном залахаар эчиж үл болох, ном залсугай хэмээвээс зүүн газраас зал.” Тансаг дотроо ийн сэтгэрүүн: “Бодисадва баруунш од хэмээн заасан бөлгөө, энэ өвгөн юунд зүүнш яв хэмээмүй? Зүүн газар юуны ном байнам?...” хэмээн удтал түдгэлзэн дуун эс гарав.


Бичин хэмээгч угаас зан түргэн тул хүлцэн чадахгүй урагш давшиж өндөр дуугаар: “Энэ өвгөн өтөлсөн атал учир мэдэхгүй. Бид болбоос гэрээс гарсан тойн бөлгөө, холоос ирж хоног гуймуй. Чи юунд худал үгээр манийг хуурмуй. Хэрвээ гэр чинь цухал хонох газаргүй болбоос бид энэ модны доор суугаагаар нэгэн шөнийг өнгөрөөвөөс барав, чамайг зовоохгүй” хэмээсэнд, тэр өвгөн Тансагийн ханцуйнаас татаж өгүүлрүүн: “Чи харин дуун гарахгүй болов, чиний тэр онхор нүүр, хамшгар эрүү, шовгор хоншоор, улаан нүдтэй туранхай чөтгөр мэт шавь юунд хөгшин намайг дайрмуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ өвгөн үнэхээр юм мэдэхгүй, тэдгээр сайхан хүмүүс үзэхэд хэдий нүдний цэцэг мэт боловч үнэнтээ үгээгүйн тулам буй за, өвгөн Сүн миний бие бага боловч асар бэх, арьсны дотор боогдож байх нь нэгэн бөөн шөрмөс болой.”


Тэр өвгөн өгүүлрүүн: “Чамд эрдэм буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Аймшиггүй их үг өгүүлэхгүй, өөрөө зарж хүрэх эрдэм буй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чиний гэр хаана буй? Юуны учир үсээ тойлж тойн болсон буй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний уг нутаг болбоос Үлэмж биет тивийн Уулай улсын Цэцэг жимс уулын Усан үүдэт агуй бөлгөө. Хар багаас шулмын үйлийг дуурайн, Ү Күн хэмээх нэртэй болоод, эрдмээр “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээв. Хурмастын хишгийг үтээрэн тэнгэрийн ордныг их л түйвээгээд гамшигт тохиолдов. Өдгөө гамшиг арилан зовлон дуусаад номын үүдэнд орж үнэн хутгийг олж миний энэ Тан улсын номын багшийг дагаж баруун газарт хүрч бурханд мөргөн ном залахаар одмуй. Уулын өндөр, усны гүн, замын холоос айх учир юун! Өвгөн Сүн надад чөтгөр шулмыг дарах, луу барсыг дагуулах хувилгаан эрдэм байх бөгөөд тэнгэр дээр гарах, газар доор орох ид шид буй. Таны ордонд хэрвээ ваар тоосго хөдлөх, тогоо шанага дуугарах, үүд хаалга нээгдэх муу ёр буй бөгөөс өвгөн Сүн би түүнийг дарж чадмуй” хэмээсэнд тэр өвгөн энэ нэгэн анги үгийг сонсоод хадганатал инээн өгүүлрүүн: “Үзвээс харин нэгэн хоншоор худалддаг бадарчин тойн ажгуу.” Бичин өгүүлрүүн: “Хоншоор худалдаж аваас чиний хөвгүүн болтугай. Би энэ хэдэн өдөр багшийг дагаж замд зүдсэн тул чамтай хэлэлцэх дургүй баймуй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чи хэрвээ эс зүдээд хэлэлцэх дуртай бөгөөс чиний үгний олонд би ядаж үхэх буй за! Чамд үнэхээр ийм эрдэм буй бөгөөс баруун газарт одож болмуй. Та хэдүүл явж буй? Миний гэрт орж хоногтун.” Тансаг өгүүлрүүн: “Өглөгийн эзний эс голсон хишигт талархмуй, бид гурвуул бөлгөө.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Тэр нэгэн нь хаана буй?” Бичин заан өгүүлрүүн: “Энэ өвгөний нүдэн гал буурсан ажгуу, тэр модны доор зогсож байх нь мөн бус уу?” Тэр өвгөн Гахайн тэр зүс царайг үзмэгц арай эс унан гэрийн зүг гүйж: “Шулам ирэв! Хаалга хаагтун!” хэмээн дэмий л хашхирмуй. Бичин түүнийг нэхэн гүйцээд: “Өвгөн чи битгий айгтун, тэр шулам бус, миний номын дүү болой.” Өвгөн чичрэн дагжин өгүүлрүүн: “Муу болов, муу болов! Нэгэн нь нэгнээсээ нэн муухай болов.” Гахай урагш давшиж өгүүлрүүн: “Өвгөн чи зүсээр хүнийг ялгаваас ихэд ташаарчээ. Бидний зүс хэдий муухай боловч цөм хэрэгтэй ард болой.”


Тэр өвгөн гурван тойн лугаа хараахан ийн хэлэлцэн атал, айлын өмнө талаас хөл нүцгэн хоёр залуус нэгэн хөгшин эмгэн ба хэдэн бага хүүхдийг дагуулан тариан газраас ирмүй. Тэд саарал морьтой хүмүүс дамнуур дамнан хаалганы өмнө цуугилдан ахууг үзээд чухам ямар учир болсныг мэдэхгүй цөм урагш давшиж: “Юу хийх хүн буй?” хэмээн асуусанд Гахай хойш хандан чихээ хэдэнтээ тавьж урт хоншоороо нэгэнтээ сунгасанд тэдгээр хүмүүс ихэд айн унаж тусан зүг бүрт дутаав. Тансаг мэнд санд дуудан өгүүлрүүн: “Битгий айгтун, битгий айгтун, бид муу хүн бус, ном залахаар одогч тойн.” Тэр өвгөн гэрээс гарч ирэн эмгэнээ түшин босгож өгүүлрүүн: “Хөгшин чи айх хэрэггүй. Энэ багш болбоос Тан улсаас ирсэн тойн болой. Гагц түүний шавь нарын зүс нь муухай боловч зүрх нь харин ч цагаан, хөгшин хүүхдээ авч гэртээ орогтун” хэмээсэнд тэр эмгэн өвгөнөө түшсээр хүүхдээ дагуулж орж эчив.


Тансаг үүдний хулсан ширээнд суугаад зэмлэн өгүүлрүүн: “Аяа, шавь та хоёулын төрсөн байдал төвлүүн бус бөгөөтөл үг яриа бас ч болхи бүдүүлгийн учир энэ нэгэн гэрийн хүмүүсийг цөм унаж тустал айлган надад нүгэл хийв!” Гахай өгүүлрүүн: “Багшид нуулгүй хэлсүгэй, Гахай би багшийг дагаснаас нааш харин нэлээд сайхан болжээ, урьд Гоу өвгөний тосгонд байхын цагт хоншоороо баахан эртийлгэн хоёр чихээ нэгэнтээ тавиваас адаг багадаа арав хорин хүнийг айлган алдаг бөлгөө.” Бичин инээн өгүүлрүүн: “Манхуу чи битгий дэмий донгод. Тэр муухай юмаа баахан хураагтун.” Тансаг өгүүлрүүн: “Бичин чиний хэлж байхаа үз, өнгө зүс хэмээгч төрөлх болой, чи түүнийг хэрхэн хураалгаж болмуй?” Бичин өгүүлрүүн: “Эртгэр хоншоороо эвэр дотроо чихээд бүү гарга, дэлдгэр чихээ хойш хумиад бүү хөдөлгө, үүнийг даруй хураав хэмээмүй.” Тэр манхуу үнэхээр хоншоороо эвэр дотроо хийж чихээ хойш хумиад тэргүүн өргөн ийш тийш нэгэн зэрэг ажиглаад босон зогсов. Бичин ор дэвсгэрээ гэрт оруулан, морио уяанд уяв.


Төд үзвээс, тэр өвгөн нэг залуу хүнээр гурван цом цай авчруулан барив. Цай дуусмагц бас цав бэлтгэ хэмээсэнд, тэр залуус нэгэн хуучирсан ширээ хоёр эвдэрхий суудлыг авчран хүрээний дунд тавиад тэд гурвуулыг залан суулгасанд Тансаг асууруун: “Өвгөн өглөгийн эзний эрхэм овог юун?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Доод хүний овог Ван.” “Хэдэн хөвгүүнтэй буй?” “Хоёр хөвгүүн гурван ачтай.” Тансаг өгүүлрүүн: “Баяр баяр! Насан сүүдэр хэдий хүрэв?” Өвгөн өчрүүн: “Тэнэгээр явсаар жаран нэг болов.” Бичин өгүүлрүүн: “Сайн сайн, жаран нэгний жил орсон буй за.” Тансаг бас асууруун: “Өвгөн өглөгийн эзэн сая өгүүлэхэд баруун газраас ном залахаар одоход бэрх хэмээгч юун?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Ном залахад бэрх бус, ганц зам нь бэрх болой. Миний эндээс баруунш гучин газрын хавьд нэгэн уул буй, нэр нь Найман зуун газрын Шар салхит даваа хэмээмүй. Тэр ууланд чөтгөр шулам олон тул ном залахаар одоход бэрх хэмээв. Энэ бага тойн эрдэм чадал буй хэмээх тул мөн эчвээс үл болохооргүй.” Бичин өгүүлрүүн: “Гайгүй, гайгүй, өвгөн Сүн болоод номын дүү байсан цагт ямарваа чөтгөр шулам асан ч аймшиггүй бидэнд үл халдмуй.”


Яг ийн хэлэлцэн атал, гэрийн хүүхэд будаа авчран ширээн дээр тавьж “цав зоогло” хэмээв. Тансаг алгаа хамтатган аяган ядам эхлэн унштал, Гахай хэдийн нэг аяга зоогложээ. Багшийн аяган ядам чиглээгүй атал бас гурван аяга зоогложээ. Бичин өгүүлрүүн: “Энэ будаан тулам лав өлөн чөтгөрт дайралдсан буй за!” Ван өвгөн түүний идэхийн түргэнийг үзээд: “Энэ тойн лав их өлссөн буй за, хурдан будаа нэмж авчир” хэмээсэнд тэр манхуугийн ходоод үнэхээр их тул тэргүүн өргөлгүйгээр нэг л хөгөөр чихсээр арван хэдэн аяга иджээ. Тансаг Бичин хоёул тус бүр хоёр аяга идээд зогсоход тэр манхуу бас аягал хэмээмүй. Ван өвгөн: “Түлээгүй тул зууш базаасангүй харсуу хоол зооглому” хэмээсэнд Тансаг, Бичин хоёул цөм цадав хэмээмүй. Гахай өгүүлрүүн: “Энэ өвгөнийг үзвээс, хэн чамаар заяа бодуулж буй, юуны төлгө мөлгө хэмээн дэмий л түднэмүй, түргэн будаа нэмж авчирваас барав.” Манхуу нэгэн цагийн хоолонд нэгэн гэрийн будааг идэж бараад сая хагас болов хэмээмүй. Идэж бараад аяга шанагаа хурааж хулсан ор засаж нойрсов.


Дэд өдрийн үүр цайхын үед, Бичин морио эмээллэж Гахай дамнуураа тэгшилж байхад, өвгөн бас эмгэнээрээ цай боорцог базаалган авчирч зочлов. Идэж дуусаад өвгөнд тал өгөн одоход, өвгөн өгүүлрүүн: “Зам гудаст ямар сэтгэлд үл нийцэх учир тохиолдвоос эргэж миний гэрт ирж хоному.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн чи бэлгэгүй үгийг битгий өгүүл, бидний мэтийн гэрээс гарсан хүнд хойш буцах ёс буй буюу?” хэмээгээд морио ташуурдан дамнуураа дамнаад баруунш одов.


Аяа! Энэ одоход баруун газрын зам үнэхээр бэрх, барцад тулгаран шуламд учрах  буй за! Гурвуул явсаар нэгэн өндөр уулын өмнө тулж ирэв. Тансаг морин дээрээс үзвээс үнэхээр бартаа ихтэй уул ажгуу:


Өндөр уул, өргөн нуруу, асга хад, алам зав, оргил булаг, өнгийн цэцэг. Тэр уулыг өндөр үгүй хэмээхэд орой нь хөх үүлэнд шургажээ. Тэр хөвийг гүн үгүй хэмээхэд ёроол нь лусын ордонд оржээ. Уулын өмнүүр цагаан үүл эвхэр эвхэр, хэдэр хад эрвийн сэрвийн. Түмэн зан өндөр асга тоолшгүй олон, үзэхүйеэ сүнсэн завхмуй. Хадны ард луу ичээлэх агуй муруй сарий, агуйн дотор ус дуслах дуун сонстмуй. Эрвэгэр эвэрт буга нааш цааш гүйлдэн, алмайран зогсох араат арслан хүнийг ширтэн үзмүй. Улаан хайрст дагтар ороолдон эвхрэлдэн хэвтэж, цагаан нүүрт сармагчин дэвхцэн наадмуй. Үдшийн хэвтшинд буцах уулын барс, үүр цайх үед давалгааг түлхлэн уснаас гарах луу, агуйн амсар нь хүржигнэн дуугармуй. Жигүүртэн шувууд өвсөн дотроос үргэн нисэн, догшин араатан шугуйн дундуур нааш цааш явмуй. Барс чоно сүрэглэн өнгөрөхүйеэ, хүний зүрх түг түг түгшмүй. Төв хэмээн буруу хандсан агуйнууд буруу хандсан агуйг халхлан, бас уулыг халхалжээ. Хөхөмдөг хад мянган зан хасыг цогцлон, ногоон хөшиг түмэн алд утааг бүрхжээ.


Тэр Тансаг бөх цагаан морийг алгуур алхуулж, Сүн их богд үүлийг хурааж аажмаар дэгдэн, Гахай багш дамнуур дамнан гэлдэрхийлэн уулын үзэмжийг үзэж яван атал, гэнэт нэгэн их хуй салхин хөдлөв. Тансаг морин дээр ихэд цочин: “Бичин ээ, салхин хөдлөв!” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Салхин хэмээгч тэнгэрийн дөрвөн улирлын амьсгал болой, түүнээс айх хэрэг юун?” Тансаг өгүүлрүүн: “Энэ салхин нь хэтэрхий догшин, тэнгэрийн салхин лугаа таарахгүй байнам.” Бичин өгүүлрүүн: “Тэнгэрийн салхин лугаа таарахгүйг багш яахан мэдэв!” Тансаг өгүүлрүүн:  “Чи энэ салхийг үзэгтүн:


Алар балар тэнгэрийн хаяанаас үүсэж, архиран шуугин ас дээш босмуй. Уулын цаана мянган ой шуугиж, ургаа мод түмэн суурь ганхжээ. Хөвд ургасан уд үндсээрээ хөдөлж, хүрээнд тарьсан хуар цэцэг хийсмүй. Загасчин онгоцон дээсээ чангалаад зочдын хөлөг бүр зангуугаа орхижээ. Аяны хүн зам зуураа төөрч, уулын түлээчин дамнуураа алджээ. Шидэт ойгоос сармагчин бутран үргэж сонин цэцгийн дундаас буга зугтан эчив. Эрэгний өмнөх хонхорцогт мод зах даран унаж, завын доорх нарс майлсны салаа мөчир хугарчээ. Шороо хийсэн элс дэгдэж хуугих дуун гарч, мөрөн урван, далай хөрвөн давалгаа уйлан босмуй.


Гахай урагш давшиж Бичинийг татан өгүүлрүүн: “Номын ах аа, энэ салхин үнэхээр хэцүү, бид түр далдлахыг хүрэхгүй.” Бичин өгүүлрүүн: “Дүү чи даанч үхээнц, салхинаас далдлах болбоос, хэрвээ шуламд учирваас нэн яах буй?” Гахай өгүүлрүүн: “Аяа ах минь, чи эртний үгэнд өнгөнөөс зайлах нь дайснаас зайлах мэт, салхинаас зайлах нь сумнаас зайлах лугаа адил хэмээснийг эс сонссон буюу, бид түргэн далдалсугай.” Бичин өгүүлрүүн: “Чи битгий өгүүл, би энэ салхиийг барин үнэртэж үзсүгэй.” Гахай инээн өгүүлрүүн: “Номын ах бас дэмий л худал үг хэлмүй, салхийг барьж болох буюу! Баривч мөн алган дээр тогтох буюу.” Бичин өгүүлрүүн: “Дүү чи юу мэдмүй, өвгөн Сүн надад “Салхин барих” увидас буй.” хэмээгээд салхины эхийг өнгөрүүлээд сүүлнээс нь нэгэн атга атган авч үнэртвээс хиншүүн үнэртэй тул: “Үнээрэн сайн салхин бус! Үнэр нь нялуун байнам, барсын салхи бус болбоос шулмын салхин болой. Үүнд хэрхэвч нэгэн учир буй” хэмээв. Үнэхээр гайхамшигт их богд ажгуу.


Үг барахын урьд, тэр уулын хажуугаас гэнэт нэгэн эрээн барс сүүлээ гуядан харайн гарч ирэв. Тансаг ихэд гэлмэгдэн морины дээр тогтож ядан өнхрөн унаж биеийн сүнс биед үгүй болж замын хажууд хэвтэв. Гахай дамнуураа тавьж Бичинээс урьд есөн араат малтуурыг дээр өргөн өндөр дуугаар: “Энэ муу адгуус хааш одмуй” хэмээн тэргүүн рүү занчихад, барс ас дээшээ цоройн босч өмнө хөлөөрөө цээжний арьсаа тайлан замын хажууд зогсов. Үзвээс түүний дүрс байдал адбиш муухай ажгуу:


Арьсаа тайлсан нүцгэн биенээс цус нөж гоожин, алцгар муруй дөрвөн мөч нь улаан загал болжээ. Гал мэт дүрэлзсэн санчигны үс нь ийш тийш сэгсийн, зэс утсанд адил хос хөмсөг нь ас дээш босчээ. Ган мэт хурц соёо гадагш хандан ярзайн, гархи адил хоёр нүдэн гавал дотор гэрэлтжээ. Хүнгэнэх их дуун нь хөндий талд долгисон хүүе хэмээн ихэд хашгиран хүний зүг агсармуй.


Тэр барс өндөр дуугаар өгүүлрүүн: “Алгуур ир, би өөр хүн бус, Шар салхит их вангийн доорх хошууч жанжин болой. Энэ өдөр их вангийн зарлигаар уулыг цагдаж, архины зууш хийх хэдэн эгэл ардыг барьж ир хэмээсэн бөлгөө. Чи хаанаас ирсэн тойн ийнхүү аймшиггүй зэвсэг хөдөлгөн намайг хорломуй!” Гахай хараан өгүүлрүүн: ”Муу адгуус чи намайг үл танимуй! Бид хэмээгч зам өнгөрөх эгэл ард бус, харин зүүн газрын их Тан улсын хааны дүү Тансагийн шавь, зарлигаар баруун газарт эчиж бурханд мөргөн ном залахаар одмуй. Чи миний багшийг цочоохгүйгээр эртхэн хол зайлан зам тавьбаас би чиний амийг хэлтрүүлсүгэй, бас урьдах адил галзуурваас малтуурын доор найр тавихгүй.”


Тэр шулам үг хэлэхийг хүлээлгүй, урагш магшин Гахайн нүүрийг базан ирэхэд Гахай яаран зайлж малтуур далайн оров. Тэр шулам зэвсэггүй тул буруулан эчсэнд Гахай хойноос нэхэмжлэв. Тэр шулам уулын хажууд гарч чулууны доороос хоёр илд гарган илд бүжиглэн хойш ирэв. Тэр хоёул уулын доор урагш хойш зөрөлдөн байлдахад, Бичин Тансагийг түшин босгож, өгүүлрүүн: “Багш битгий ай, энд түр сууж байгтун, би эчиж Гахайд нэгэн мөрний хүчээр тусалж шулмыг алаад замаа хөөсү” хэмээхэд Тансаг сая чичрэн босч билиг Барамидаа уншин суухыг өгүүлэхгүй.


Бичин шийдмээ далайн “Барь!” хэмээн нэгэнтээ хашхиран ороход Гахай мөн сүр бадруулан байлдахуйяа тэр шулам тэсэж ядан буруулав. Бичин хойноос: “Тавьж болохгүй, эрхгүй барьсугай!” хэмээн хашхирч хоёул малтуур өргөн шийдэм далайн нэхэн ирэхэд тэр шулам их л мэндүүрэн “Алтан тарц арьсаа тайлах” увидсыг улируулан нэгэнт хөрвөмөгц уг дүрс илрэн нэгэн галзуу барс болж хувилав. Бичин Гахай хоёул юуны тавих аж, алсугай хэмээн хойноос тавилгүй нэхэн ирэхэд тэр шулам байдал бачим болсныг мэдээд цээжээ нэгэнтээ маажмагц арьсаа тайлан хаяж нэгэн өөр чулуун дээр нөмрүүлэн тавиад үнэн бие нь салхи болон хувилж Тансаг хаанад буй хэмээн эрэн ирэв. Тэр үед Тансаг яг билиг Барамидаа уншин сууж асан тул шүүрэн авч салхин хувилан эчив. Аяа Тансаг юутай хөөрхий аж. Улаан нялхад уснаа урсав, өдгөө сая хоосны үүднээ орохуйяа үйл бас ч олон. Тэр шулам Тансагийг барьж агуйн үүднээ хүрээд салхиа хураан үүд сахигчид өгүүлүүн: “Чи их ванд мэдүүл, хошууч барс нэгэн тойныг олзлон үүдний гадна хүлээмүй” хэмээсэнд удсангүй агуйн эзэн зарлиг уламжлан оруул хэмээв. Тэр хошууч барс хос илдээ ард солбин хатган Тансагийг түлхлэн урагш давшиж өгүүлрүүн: “Эрдэмгүй өчүүхэн жанжин би, их вангийн зарлигаар уулыг цагдахаар гараад, санамсаргүйгээр зүүн газрын их Тан улсын хааны дүү номын багш Тансагийг барьж нэгэн цагийн шөл болгосу хэмээн  авчрав. Түүний хэлэх нь баруун газарт одож бурханд мөргөн ном залмуй” хэмээмүй.


Тэр агуйн эзэн үүнийг сонсож ихэд цочин өгүүлрүүн: “Тансаг хэмээгч Тан хааны зарлигаар ном залахаар одогч хувилгаан тойн бөгөөд түүний доор нэгэн хувилгаан эрдэмд нэвтэрсэн Бичин хэмээгч шавь буй хэмээн сонслоо, чи яахан түүнийг олж барьсан буй?” Хошууч өгүүлрүүн: “Түүнд хоёр шавь буй, анх уулзсан нь хоншоор урт чих их, есөн араат малтуур барьжээ. Нөгөө нэгэн нь ал нүдэн алтан цөцгийтэй гарт болд бэрээ хэрэглэжээ. Тэд хоёул намайг нэхэхээр ирэхэд би “Алтан тарц арьсаа тайлах” увидсыг хэрэглэн хулгайлан гарч энэ тойныг барин их ванд нэгэн цагийн зууш болгосугай хэмээн авчрав.” Агуйн эзэн өгүүлрүүн: “Өдгөө түүнийг идэж үл болмуй?” Хошууч өгүүлрүүн: “Аманд орсон махыг хэлээр түлхэж болох буюу?” Агуйн эзэн өгүүлрүүн: “Чи үл мэдмүй, үүнийг идэхэд гайгүй, ганц түүний хоёр шавь нь ирж цуугилдваас амаргүй болох буй за. Үүнийг түр хойд хүрээлэнгийн салхийг тогтоогч баганад хэдэн өдөр хүлж тавиад түүний шавь нар түйвээхгүй болсон цагт идвээс, нэгд түүний бие нь цэвэр болмуй. Хоёрт хэл ам үүсэхгүйгээр чанаж идэх буюу хуурч идэх цөм бидний дур буюу.” Хошууч алсхийн баярлан өгүүлрүүн: “Их ван холыг бодсон нь их зөв, хүүхэд ирж үүнийг аваач!” хэмээв.


Хажуугаас нь долоо найман бага шулам гарч ирээд элээ цурвага шүүрэх мэтээр Тансагийг атиртал хүлэн аваачив. Энэ үед гашуун заяат Тансаг Бичин юүгээ мөрөөдөн, гамшигт тохиосон тойн Гахай юугаа дурсмуй. “Шавь минь! Та нар аль уул, ямар газарт шулмыг барин, чөтгөрийг дарахаар одсон буй, би харин шуламд баригдан энэ мэт хорыг амсмуй. Та нар лугаа хэзээ золгох болов. Аяа юутай гашуун, та нар эртхэн ирвээс миний амийг аварч болмуй, баахан оройтвоос миний амь нас хааш болохыг мэдэхүйеэ бэрх.” хэмээн урт шүүрсийг алдан нулимс унагав.


Тэндээс, Бичин Гахай хоёул барсыг хөөсөөр уулан бэлд хүрвээс, тэр барс гүйсээр нэгэнт хөшиж хадны доор орж хэвтжээ. Бичин шийдэм далайн чинээгээрээ шийдэмдэхэд гар нь доргиж унтрав. Гахай малтуур буулгаж үзвээс гал бадарчээ. Бичин үзвээс хоосон арьсыг үхэр чулууны дээр нөмрүүлэн тавьсан ажгуу. Бичин их л цочин: “Муу болов! Түүний аргад унав!” хэмээсэнд Гахай асууруун: “Түүний ямар арганд унав?” Бичин өгүүлрүүн: “Үүнийг”Алтан тарц арьсаа тайлах арга” хэмээмүй. Тэр арьсаа энд орхиод явжээ. Бид түргэн буцсугай, багш түүний гарт орох болжээ.” хэмээн хоёул мэнд санд эгвээс багш нэгэнт үгүй болжээ. Бичин аянга мэт их дуугаар: “Барав, багш нэгэнт баригдав.” хэмээн бархирахад Гахай морио хөтлөн нүдний нулимсыг унаган өгүүлрүүн: “Тэнгэр ээ, тэнгэр ээ, багш чамайг хаанаас эрмүй!” Бичин тэргүүн өргөн өгүүлрүүн: “Дүү минь битгий уйл! Уйлбаас хийморь хэвтмүй. Хэрхэвч энэ уулнаас гарахгүй, бид хоёул эрэхээр одсу” хэмээв.


Тэд хоёул ууланд орон эчвээс, нэгэн элгэн хадны энгэрт агуйн амсар онгойн харагдмуй. Хоёул хараахан ажиглаваас үнэхээр бартаа их ажгуу:


Эрвэн сэрвэн шорон хаднаа, эртний зөрөг зам балраад, хөх нарс ногоон хулс хүйгэх салхинд найгаад хөвсгөр уд бургасан намаа харшилдан шуугимуй. Элэг хадны энгэрт элдэв чулуун эрвийн сэрвийн, элмэг ой гүн шугуйд сонин шувуу хослон донгодмуй. Гол горхи горчигнон шуугин тэртээ хаднаа мөргөөд, усан нь цалгилан энтээ элсэнд шимтжээ!  Сэмжин үүлс хөвхөс хөвхөс, шидэт өвс найгас найгас. Зальт үнэг хулжин туулай зөрөлдөн, заарт араат, эвэрт буга мөргөлдмүй. Халил хадны хажууд мөнхийн ороонго ургаж, гуу завын ёроол доор хөгшин нарс сүүдэрлэжээ. Уул хадны ургасан нь Хуа Шангаас давж, зулгарах цэцэг донгодох болжмор нь даяан Дайгаас хэтэрчээ.


Бичин өгүүлрүүн: “Дүү чи дамнасан юмаа нөмөр газар тавьж, морио бэлчээрт тавьж идүүл, өвгөн Сүн би түүний агуйн үүднээ байлдан шулмыг бариваас багшийг гаргаж болмуй.” Гахай: “Олон үг хэлэх хэрэггүй, түргэн од” хэмээв. Бичин намжир засан, барсын хормойвчийг дээр шууж, шийдэм далайн агуйн өмнө хүрч үзвээс хаалган дээр “Шар салхит давааны шар салхит агуй” хэмээх зургаан үсгийг дурайтал бичжээ! Бичин шийдэм өргөн өндөр дуугаар: “Шулам, түргэн миний багшийг тавьж гаргагтун! Эс тийн бөгөөс үүрийг чинь балбачин өндөг зулзага ялгалгүй алмуй!” хэмээв.


Тэдгээр бага шулмас үүнийг сонсож цөм их л айн гэлмэж дотогш орон: “Их ван аа, муу болов.” хэмээсэнд тэр шар салхит шулам суудал дээрээс асууруун: “Ямар муу болов?” Бага шулам өчрүүн: “Агуйн хаалганы гадна аянгын эздийн зүстэй адгуус гарт бүдүүн төмөр шийдэм барин багшийг авчир хэмээн хашхирмуй!” Агуйн эзэн ихэд цочиж хошууч барсыг дуудан өгүүлрүүн: “Би чамайг уулыг цагдаад зэрлэг үхэр, хээрийн Гахай, тарган буга, зээр гур зэргийн амьтныг барьж авчир хэмээсэн бөлгөө, чи юунд тэр Тансагийг барьж ирэв. Өдгөө түүний шавь нар нь цуугилдваас хэрхсү?” Хошууч өгүүлрүүн: “Их ван сэтгэлийг сул тавь, өчүүхэн жанжин хэдий эрдэмгүй боловч, дуртайяа тавь жаран хүүхдийг дагуулан гарч тэр Бичинийг баривчлан зуушинд нэмүүр болгосугай.” Агуйн эзэн өгүүлрүүн: “Миний дэргэд их бага тэргүүтнийг гаргавал бас зургаа долоон зуун хүүхэд буй тул, чи өөрөө шилж аваачигтун. Ганц тэр Бичинг барьсан цагт бидний сэтгэл сая амар болж тэр тойныг идэж болмуй, чи үнэхээр түүнийг барьж чадваас би чам лугаа журмын ах дүү барилдсугай. Харин барьж дийлэхгүй гэдрэг биед хор олбоос надад гомдож үл болмуй” хэмээв.


Хошууч барс: “Сэтгэлийг сул тавь, би эчиж ирсүгэй” хэмээгээд тавиад бага шулмыг шилэн авч хэнгэрэг дэлдэн хиур даллан хос илдийг гарт барьж агуйгаас үсрэн гарч өндөр дуугаар зандан өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн сармагчин тойн! Ямар аймшиггүй миний үүднээ ирж дэмий л цуугилдмуй?” Бичин их л хараан өгүүлрүүн: “Энэ муу үсгүй адгуусыг үз, чи арьсаа тайлах аргыг хэрэглэж миний багшийг хулгайлан авчраад гэдрэг надаас асуух буюу, эртхэн миний багшийг хүргэж ирвээс би чиний амийг үлдээсүгэй!” Хошууч барс өгүүлрүүн: “Миний их ван чиний багшийг будааны зууш болгон авчрав, чи ухаантай болбоос харигтун! Эс хариваас би мөн чамайг барьж будааны зууш болгомуй.” Бичин үүнийг сонсоод гал мэт хилэгнэн арааны шүдээ тачигнатал хавирч ал улаан нүдээ төгрөглөн болд бэрээгээр заан зандан өгүүлрүүн: “Чамд ямар эрдэм буй хэмээн аймшиггүй ийм их үг гаргамуй! Битгий буруулагтун миний шийдмийн амтыг үз!” хэмээн занчин ороход тэр шулам илд өргөн тосон авав. Эд хоёул чадал юугаа гарган нэгэн зэрэг ихэд байлдсан нь:


Өнөөх шулам нь үнэн галууны өндөг буюу өрлөг Бичин үхэр чулуунаас хатуу буюу. Ган илдээр болд бэрээг тосох нь, галууны өндөг хаданд мөргөсөнтэй адил буюу. Хар хэрээ яахан хан гарьд лугаа тэмцэлднэм? Харцгай шонхор лугаа өчүүхэн бөднө хэрхэн халднам? Тэр шулам салхин үлээн уул талыг бүрхэхүйеэ, тойн Бичин униар дэгдүүлэн наран саранг цааш нааш гурван удаа зөрөлдсөнгүй, чадал мөхөсдөж шулмын хүч сулрав. Амь гаран халхалмуй! Буруулан дутаасугай гэхлээр аяа, Бичин түүнийг юуны сул тавинам.


Тэр шулам Бичиний болд бэрээг хүлээж болохгүй тул хоосныг цавчин хойш буруулав. Тэр, агуйн эзнийхээ өмнө Бичинг барин авчирсугай хэмээн ам бардам хэлсэн тул аймшиггүй эгсэнгүй, уулын зүг амь тэмцэн дутаасанд Бичин тавилгүйгээр шийдэм далайн хойноос нэхэмжлэн нэгэн хотгор газарт хүрч ирвээс Гахай харин ч тэнд морио идүүлэн ажээ. Гахай хөөцөлдөх дууг сонсож хойш эргэн үзвэл Бичин нэгэн шулмыг нэхэмжлэн айсуй. Гахай морио орхиж малтуур далайн хөндлөнгөөс хүрч ирэн хүчлэн занчсанд, хөөрхий тэр шулам зайлан завдсангүй толгой оногдон тархи гарч үхэв. Гахайн баатрыг шүлэглэсэн нь:


        Хэдэн жилийн өмнө төв ёсонд сэтгэлчлэн дагаж
        Хичээн болгоомжлон бацаг барьж үнэн хоосныг ухав.
        Ариун сэтгэл ганц санаагаар Тансагийг хамгаалсу хэмээн
        Анх удаа шашны үүднээ тэргүүн гавьяаг байгуулав.


Тэр манхуу хөлөөр шулмын нуруун дээр гишгэн малтуураар бас занчихад Бичин их л баясан өгүүлрүүн: “Дүү минь маш сайн! Тэр дөч тавин бага шулмыг дагуулан над лугаа байлдан дарагдаад өөрийн агуйд эгсэнгүйгээр энд үхэхээр иржээ. Золоор чи тоссон тул тэр буруулан эс чадав.” Гахай өгүүлрүүн: “Салхи хөдөлгөж багшийг аваачсан нь энэ буй за?” Бичин: “Мөн болой! мөн болой!” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Чи түүнээс багш хаана байхыг асуусан буюу!” Бичин өгүүлрүүн: “Энэ шулам багшийг агуйд аваачиж ямар нэгэн их вандаа нэг цагийн зууш болгон өргөв хэмээмүй, үүнийг сонсоод ихэд хилэгнэн түүн лүгээ байлдан энд хүрч ирсэнд чи занчин алжээ. Дүү минь, энэ гавьяаг чинь дансанд тэмдэглэсүгэй. Чи энд морио харж юмаа харж байгтун, би энэ үхдэлийг аваачиж агуйн үүдэнд өдөөн байлдваас адбиш шулмын ванг баривчлан багшийг гаргаж болмуй.” Гахай өгүүлрүүн: “Ахын үг зөв болой! Чи эчиж түүн лүгээ байлдаад дийлбээс мөн миний энд хөөн авчир, Гахай би нэгэн малтууранд алсугай.” Бичин нэгэн гарт болд бэрээгээ барин, нэгэн гарт барсын үхдэлийг чирэн шууд агуйн үүднээ ирэв. Энэ үнээр: 


Багшид барцад аж шулам лугаа тохиолдов, Бичин Гахай сэтгэл нийлрүүн самуун адыг дарав. Эгнэгт энэ удаа одоод шулмыг дарж багшаа гаргаж дийлэх эсэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 40 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 27 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 0 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 43 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 15 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 19 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 19 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 53 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 2 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 13 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 57 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 15 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 16 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 31 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК