зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


ТҮМЭН ӨЛЗИЙТ УУЛАНД ИХ ХУВИЛГААН ХУУЧИН НӨХРИЙГ АХУУЛАВ.
ТАВАН СҮЛДЭТ СҮМД БИЧИН БАГШ ОРХООДОЙ ЖИМСИЙГ ХУЛГАЙЛАВ.


Өгүүлэх нь, тэд гурвуул шугуйн дотор орж үзвээс, тэр манхуу харин модонд дүүжлэгдэж энэлэн шаналан байхад Бичин дэргэд нь хүрч инээн өгүүлрүүн: “Юутай сайн хүргэн аж. Өдий болтол хадам эхдээ золгохгүй, багшид эчиж баяр хүргэхгүй, харин энд дүүжин наадмуй! Хүй, хадам эх чинь хаана буй? Хайрт гэргий чинь хаана буй? Ямар сайхан хүлээстэй хүргэн буй!” Тэр манхуу бичний домоглох үгэнд ичээд шүдээ зуун өвдөхөө хүлцэн дуун эс гарав. Шороо үзэн тэсэхгүй тул дамжуураа тавин хүлээсийг нь тайлж тавив.Тэр манхуу тэсгэлгүй ичүүрэн үг дуугий дэмий л мөргөнөм бөлгөө. Үүнийг “Ши жян ювэ хэмээх” дууллаар тэмдэглэсэн нь:


        Өнгө хэмээгч биеийг хорлогч сэлэм болой, 
        Өнгөрүү шунахайрваас эрхгүй гай болмуй.
        Үзэсгэлэнт охины гуа сайхан өнгө зүс, 
        Үнэнтээ ягчис чөтгөрөөс нэн хэцүү.
        Уг язгуур хоёр бус ганцханы учираа,
        Уутаа дүүргэх өчүүхэн ашгийг битгий сэтгэ.
        Хөрөнгийн үндэс юүгээ сайтар хичээн хадгалж, 
        Хорилгүй тавьж зоригоор битгий аашлуул.


Тэр Гахай шороо овоолон хүж асааж огторгуйн зүг наминчлан мөргөв. Бичин асууруун: “Чи тэр бодисадваг таниму?” Гахай өгүүлрүүн: “Би нэгэнт толгой эргэн, нүд эрээлжсэн тул алийг ч эс танив.” Бичин тэр бичгийг Гахайд үзүүлсэнд Гахай нэнт ичүүржээ. Шороо инээн өгүүлрүүн: “Хоёдугаар ахад ямар их буян аж тэдгээр бодисадва нар үзэж тоогоод чам лугаа ураг барилдахаар ирэв.” Гахай өгүүлрүүн: “Дүү чи үүнийг дахиж битгий дурд, би нүгэл хийв. Үүнээс хойш дахин аймшиггүй дураараа аашлахгүй. Хэдий мөр мөлтрөн, яс хугаравч мөн дамжуураа дамнаж багшийг дагаж баруун газарт одсугай.” Тансаг: “Ийм болбоос сайн” хэмээв. Бичин даруй багшаа дагуулж их замд орон удтал яваад гэнэт үзвээс нэгэн их уул явах замыг халхалжээ. Тансаг морин жолоогоо татаж: “Аяа, шавь минь, энэ ууланд шулам аж бидэнд халдах магадгүй, та хичээсү” хэмээсэнд Бичин: “Бид ах дүү гурвуул байх цагт ад чөтгөрөөс айх учир юун?” хэмээсэнд Тансаг сая санаа амарч урагш явав. Тэр уулыг үзвээс үнэхээр сайхан уул байнам.


Сүмбэрлэн асарласан өндөр уул, сүндэрлэн сэгийж үнэхээр гайхамшиг.Хормой бэл нь Күн Лүн ууланд залгаж, хүүхэн оргил нь хөх тэнгэрийг баганаджээ. Буцан эргэлдэх цагаан тогоруу хонгорцогт модонд хоноглож, бушуу шаламгай хар бичинзэлт ороонгод дүүжилмүй. Ариун шугуйд наран тусахуйяа, мянган зурвас улаан униар тунаран ухаа довыг салхи үлээхүйеэ, түмэн давхар өнгөт үүлс эвхрэлдмүй, хөхөмдөг ногоонхулсан шугуйд шувуу донгодох юутай сонсолтой, хөвч талын цэцгийн бутанд хяргуул тэмцэлдэх үнэхээр үзэлтэй. Үзэхүйеэ тэр, үлэмж хутагт оргил, үнэн буяант оргил, үзэмж төгөлдөр оргил сүглийн дүнхийж өлзийт гэрэл цацармуй. Элэгдэн удсан хад, эгц шовх хад, эрүүл бүтэн хад эрвийн сэрвийж бэлэгт униар татмуй. Сэрвэгэр хадны энгэрт өвс ногоо соргог, сэжүүр давааны орой дээр цэцэг хуар анхилам. Ягц сахлаг ухани алтгана шугуйрч, ариун цэвэр цахирмаа цэцэг зэрэглэжээ. Харанхуй шугуйд хан гарьд мянган жигүүртнийг хуруулж, хадан агуйд билигт гөрөөсөн түмэн араатныг захирмуй. Оргил булаг сэтгэлгээтэй мэт, угалзалан мурилзаж эргэн урсмуй. Далан оргил тасралгүй давхарлан дэгтэрлэн хүрээлэн босчээ. Бас тэдгээр, номин ногоон хонгорцогт, буган цоохор хулс, ашдын хөх нарсан мянган он оны идрийг тэмцэн мохошгүй, цас цагаан лиш, шунхан улаан тоор, оюун ногоон хунтар, гурван хаврын өнгийг мөрийцөн зогсошгүй. Аварга луу хүрхрэн, арслан барс урхирч, алаг тогоруу бүжиглэн сонин бичин жижигнэмүй. Уралдан давхих буга цэцгийн дундаас сумдан, уянгалан эгшиглэх галбинга нарны зүг донгодмуй. Аршийн орон буянт газар хэмээгч энэ лавтай мөн, алс далайн гурван арал түүн лүгээ тэнцэхүйеэ бэрх. Бас харахуйяа дэлгэрэн хуухирах цэцэг уулын үзэмж багтааж, дэлгэн эвхрэх үүлс өндөр оргилыг өнгөлжээ.

 

Тансаг ихэд баясч морины дээр өгүүлрүүн: “Би баруунш гарч ирснээс нааш тоолшгүй олон уул усыг туулсан боловч цөм бартаа ихтэй нураа хаднаас өөр үүнд адил ийм сайхан үзэсгэлэнт уулыг үзсэн бээр үгүй. Энэ уул аянгын дуут сүмд ойртсон бөгөөс, бид адбиш төв ёсыг хичээж бурханд мөргөсүгэй” Бичин инээн өгүүлрүүн: “Хол баймуй! Хол баймуй! Тэнд хүртэл хол баймуй!” Шороо асууруун: “Аянгын дуут сүм эндээс хэдий хол буй?” Бичин өгүүлрүүн: “Арван түмэн найман мянганы газар буй, арван хувийн нэг хувийг ч яваагүй.” Гахай өгүүлрүүн: “Аяа, ах, хэдий жил явбаас сая хүрэх буй за?” Бичин өгүүлрүүн: “Энэ замыг та хоёул явбаас арван өдөрт хүрмүй, хэрвээ би явах болбоос нэг өдөрт тавин удаа дахиад бас нартай эгмүй, хэрвээ багш явах болбоос сэтгэшгүй.” Тансаг өгүүлрүүн: “Бичин, чиний үзэхээр бид хэдийд хүрмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш чи түмэн төрөлд мөн хүрэхүйеэ бэрх болой, ганц багш чи чанарыг сахиж, үнэн сэтгэлээр сүсэглэвээс Гандарагүд уул холгүй буй.” Шороо өгүүлрүүн: “Ах минь, энэ уул хэдий Гандарагүд уул бус боловч, түүний үзэмжийн сайхан нь нэгэн сайн хүн суусан буй за.” Бичин: “Чиний үг зөв, энд чөтгөр шулам үгүй, лав нэгэн хувилгаан сахиусан оршсон орон буй за, бид зугаацан алгуур явсугай” хэмээв. 


Өгүүлэх нь, энэ газрын нэр нь Түмэн өлзийт уулан хэмээмүй, ууланд нэгэн сүм буй, нэрийг нь Таван сүлдэт бумбын сүм хэмээжээ. Сүмд нэгэн дээд хувилгаан буй, номын цол нь Жэн Юан Зы, өргөсөн нэр Иүй Ши Түн Жьюйн хэмээмүй. Тэр сүмд нэгэн зүйлийн гайхамшигт эрдэнэ гармуй. Тэр эрдэнэ хэмээгч балар харанхуй анх хуваагдаж, тунгалаг булингар эхлэн ялгарч, тэнгэр газар бас тогтоогүй үед энэ нэгэн гайхамшигт бодь үндэс бүтжээ.Дэлхий дахины дөрвөн их тивд ганц баруун тивийн Үхэр эдлэгчийн таван сүлдэт бумбын сүмд энэ гайхамшигт эрдэнэ бүтжээ. Түүний нэр нь “Өвст үрэл” хэмээх бөгөөд бас “Орхоодой жимс” хэмээмүй. Гурван мянган жилд нэг удаа цэцэглэмүй, бас гурван мянган жилд нэг удаа жимсэлмүй. Дахиад гурван мянган жил болбоос сая боловсормуй. Бараг түмэн жил болбоос сая олж идмүй. Түмэн жилд сая гучаад жимс сууж дүрс нь төрөөд гурав хоноогүй нялх хүүхэд лүгээ адил, дөрвөн мөч таван эрхтэн цөм бүрэн буй. Хувь заяат хүн тэр жимсээс нэгийг олж үнэртвээс гурван зуун жаран насалж, нэгийг олж идвээс дөрвөн түм долоон мянган наслах болой.


Тэр өдөр, Жэн Юан их хувилгаан, Закара Самбурад залагдаж, арилсан сагсар Мял ордноо “Балар эхний ёсны бүтээл”-ийг тайлбарлахыг сонсохоор одсугай хэмээн ажээ. Тэр их хувилгааны үүднээс гарсан сул хувилгаад тоолбоос барахгүй, өдгөө бас дөчин найман шавь байх бөгөөд цөм нь ёсыг олсон бүрэн чадалтан болой. Тэр өдөр дөчин зургаан шавь нараа дагуулан дээд оронд ном сонсохоор одоход, Ариун салхин, Тунгалаг сар хэмээгч хоёр бага шавийг үлдээж гэрээ сахиулав. Тэр ариун салхин хэмээгч шавь нь сая мянга гурван зуунхорин настай, Тунгалаг сар хэмээгч шавь нь мянга хоёр зуун настай бөлгөө. Жэн Юан Зы хоёр шавьд захиж өгүүлрүүн: “Би багшийн зарлигаар Мял ордноо ном тайлбарлахыг сонсохоор одмуй, та хоёул гэрээ хичээн сахигтун, удалгүй нэгэн хуучин танил нөхөр үүгээр өнгөрөн гармуй, түүнийг битгий хөнгөл, орхоодой жимснээс хоёр авч түүнд идүүлж миний найрыг илтгэ“ хэмээв. Хоёр шавь нь өгүүлрүүн: “Багшийн хуучин танил хэмээгч нь хэн болов? Бидэнд хэлж өгвөөс угтахад сайн.” Их хувилгаан өгүүлрүүн: “Тэр болбоос зүүн их Тан улсын хааны доорх богд тойн, номын цол нь Тансаг хэмээмүй, өдгөө баруун газар бурханаа мөргөж ном залахаар одмуй” Хоёр шавь нь инээн өгүүлрүүн: “Күнзийн өгүүлсэн нь “Хичээсэн ёс өөр болбоос, хэлэх өгүүлэх үл нийцмүй” хэмээжээ, бид болбоос бумбын үүдний гайхамшигт сургаалтан атал тойны ёсоор явагч лугаа яахин танил болмуй?” Тэр хувилгаан өгүүлрүүн: “Та юуг мэдмүй, тэр тойн хэмээгч баруун газрын Шигэмуни бурхны хоёрдугаар шавь алтан Тарцын Бүрэлба болой. Таван зуун жилийн урьд би “Моломын хурал”-д түүн лүгээ танилцаж тэр өөрийн гараар надад манз барьж хүндэлсэн бөлгөө. Тиймийн тул хуучин танил хэмээмүй.”


Хоёр шавь учрыг сонсоод, багшийн зарлигийг хүлээн авав. Тэр их хувилгаан мордохдоо бас ийн захируун: “Миний жимс тоотой, түүнд хоёрхныг өгч идүүл, бусдыг сүйтгэж болохгүй.” Ариун салхи өгүүлрүүн: “Хүрээлэн нээхүйн үес багш олонд хоёрыг түгээж идүүлэв. Өдгөө бас хорин найман буй тул аймшиггүй сүйтгэхээргүй.” Их хувилгаан өгүүлрүүн: “Тансаг хэдийгээр миний хуучин танил боловч, түүний доорх шавь нар уршиг татахыг сэргийлэх хэрэгтэй, тэдэнд бүү мэдүүл!” хэмээв. Хоёр шавь зарлигийг хүлээн хоцорч хувилгаан багш олон шавь лугаа үүл хөлөглөн тэнгэрийн ордонд одов.


Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл ууланд зугаацан тэргүүн өргөн үзвээс нарсан мод жигдрэн ургаж хэдэн давхар асар тагт сүндэрлэмүй. Тансаг өгүүлрүүн: “Бичин, тэр ямар газар болов?” Бичин үзээд өгүүлрүүн: “Тэр бумбын сүм бус болбоос лавтай хуврагийн хийд буй за, бидэн түргэн явж тэнд хүрвээс даруй үнэнийг олж мэдмүй” хэмээгээд удсангүй үүдэнд хүрч үзвээс: 


Нарст хөтөл нам сэлүүн, хулсан зөрөг ариун цэлмүүн. Хувилгаан тогоруу хөвөх үүлийг үдэж, сармагчин Бичин өөд уруу жимс зөөмүй. Үүдэн өмнөх уудам нуурт модны сүүдэр тусч, хад хагарахуйяа хагд хөвд ургажээ. Ордон харш сүрлэг сайхан бор орой сүмбэрлэн, асар тагт жигдрэн улаан униар тунарчээ. Үнэхээр буянт газар бодийн орон, Пэн Лайн үүлэн агуй лугаа адил. Ариун цэлмүүн хүн хар цөөн, нам сэлүүнд номын сэтгэл төрөгдмүй. Хөх шувуун Нэвс хүрзийн захиаг уламжлан, бор галбинга Дилавын номыг хүргэмүй. Үзээд дуусашгүй ёсны номын зузаан хэв суртал, үнэхээр элэр балар хувилгаан аршийн орон болой.


Тансаг мориноосоо бууж үзвээс хаалганы зөв талын нэгэн чулуун хөшөөний дээр “Буянт газар Түмэн өлзийт уул Бодийн орон Таван сүлдэт сүм” хэмээх арван том үсэг сийлжээ. Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, үнэхээр нэгэн сүм ажгуу.” Шороо өгүүлрүүн: “Энэ сүмийн гэгээн тунгалгийг үзвээс сааргүй сайн хүн суужээ. Бид орж үзсүгэй. Ном залж зүүнш эгэхийн цагт тойрвоос болох үзэмж болой.” Бичин: “Дүүгийн үг зөв” хэмээгээд бүгдээр дотогш орж үзвээс, хоёрдугаар хаалганы дээр нэгэн хос хаврын уянга буй. Тэр уянгад бичсэн нь: “Өтөлшгүй мөнхийн шидийг ологч хувилгаан ордон, өндөр тэнгэр лүгээ хамт оршигч бумбын сүм” хэмээжээ. Бичин үзээд инээн өгүүлрүүн: “Энэ бумба их үг хэлж хүнийг айлгамуй, өвгөн Сүн би таван зуун оны өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээхүйн цагт Дилавын хаалган дээр ч ийм уянгыг эс үзлээ.” Гахай өгүүлрүүн: “Үүнийг хамаарах хэрэггүй, орсугай! орсугай! Энэ бумбад бага сага эрдэм ахуу ч магадгүй” хэмээгээд хоёрдугаар хаалганы дотор орсонд дотроос хоёр бага бумба санд мэнд угтан гарч ирэв. Түүний яахин чимснийг үзвээс:


Цог сүлд төгөлдөр, царай зүс хээнцэр, оройн үсийг шанхлан ороож, охор гэзэг тавьжээ. Аршийн дээл бумбын хувцсанд ариун униар эвхрэн, уудам хормой агуу ханцуйд урьхан жавар сэнгэнэжээ. Өргөн бүсийг дундуур бүслэн луугийн толгой зангидаж, өвсөн шаахайг хөлд өшиглөн өөдөнгөөр чимжээ. Ааш авир үтэл ерөмдөг бус, Ариун салхи Тунгалаг саран хэмээгч хоёр хувилгаан шавь болой.


Тэр хоёр бага бумба бие мэхийн ёслон: ”Өвгөн багшийг угтахыг алдав. Дотогш орж суутугай” хэмээсэнд Тансаг их л баясан хоёр бумбыг дагаж сүмд орж үзвээс, таван заны гол харшид сүлжмэл үүдийг тааруулжээ, тэр шавь үүдийг түлхэн нээж Тансагийг оруулав. Тансаг тэргүүн өргөн үзвээс: туурганы төв дунд таван өнгөөр чимэн бүтсэн “Тэнгэр газар” хэмээх хоёр үсгийг өлгөжээ. Түүний доор нь нэгэн улаан шартай хүжсийн ширээ тавьж, дээр нь алтан гүлс хийгээд нэгэн багц хүж тавьжээ.


Тансаг урагш давшиж хүж асааж гүлсэнд хатган гурвантаа тойрон мөргөөд хойш эргэн ийн өгүүлрүүн: “Таны энэ таван сүлдтийн сүм хэмээгч үнэхээр баруун газрын хувилгаан орон болой. Юунд гурван ядам, дөрвөн асрын, бүгд тэнгэрийн эрхтнийг тахихгүй ганц “Тэнгэр газар” хэмээх хоёр үсгээр шөтөгн болгомуй?” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Багшид худал хэлэх бус, энэ хоёр үсгийн дээрх нь манай тахилгыг дагах буй за, доор нь дагахааргүй” Тансаг өгүүлрүүн: “Юунд тийм буй?” Тэр бумба өгүүлрүүн: “Гурван ядам болбоос миний багшийн нөхөр, дөрвөн асрын болбоос миний багшийн танил, есөн гариг болбоос миний багшийн шавь, арван хоёр эрхтэн болбоос миний багшийн доод зочин бөлгөө.” Бичин тэр үгийг сонсоод элгээ хөштөл инээхэд Гахай асууруун: “Номын ах юунд дэмий л инээмүй?” Бичин өгүүлрүүн: “Ганц өвгөн Сүн намайг орон торонгүй худал хэлдэг хэмээх бөлгөө, энэ бумба худал хэлэхэд бас наагүй цагаарчээ. 

 

“Тансаг өгүүлрүүн: “Чиний багш хаана буй?” Тэр хоёр бумба өгүүлрүүн: “Манай багшийг Закара Самбура залж арилсан сагсар Мял ордноо “Балар эхний ёсны бүтээл”-ийг сонсохоор одов” хэмээв. 


Бичин сонсож тэсч ядан зандран өгүүлрүүн: Энэ муу бумба үнэхээр хүнийг үл танимуй! Чи хэний өмнө дээрэнгүй аашилж дэмий их үг гаргамуй? Тэр Мял ордны бурхан хэмээгч хэн буй? Чиний тэр үхрийн шийрэнд ямар эрдэм буй хэмээн түүнийг залмуй!” Тансаг түүний ийнхүү хилэгнэхийг үзээд, тэр бумба үгийг эс дагаад хариуцваас хэрэг гаргах болуузай хэмээн эмээж: “Бичин, чи битгий түүн лүгээ маргалд! Бид эдний сүмд ирмэгц ийн эгдүү хүрэх нь сүмийн эзний найрыг алдах биш үү! Ерийн үгэнд “Дэглий мөн дэглийн махыг идэхгүй” хэмээжээ, түүний багш нь гэртээ үгүйд эднийг зовоож яамуй, чи гадна гарч морио идүүл, Шороо юмаа сахь, Гахай баглаагаа алдрааж бага сага амуу гарган эдний тогоог зээлж будаа чанагтун.Явахын үед түлээний зоосыг баахан өгвөөс барав.Та нар өөр өөрийн хэрэгтээ од, би энд баахан амарч будаа идмэгц явмуй” хэмээсэнд тэд гурвуул өөр өөрийн хэрэгт одов.


Тэр хоёр бумба өөр зуураа ийн магтан өгүүлрүүн: ”Сайн тойн үнэхээр баруун орны бодисадва ертөнцөд буужээ. Язгуур чанар нь хиргүй ариун ажгуу. Багш бидэнд Тансагийг залж орхоодой жимсийг түүнд идүүлэн хуучин танилын зузаан найрыг илтгэ хэмээсэн бөлгөө. Бас захьсан нь түүний доорх хүмүүсийг сайтар сэргийл хэмээсэн бөлгөө, үзэхгүй юү? Тэр гурван шавийн зүс царай нь юутай аймаар, зан ааль нь юутай догшин! Золоор тэр тойн шавиа зайлуулав. Хэрвээ зайлуулсангүй бөгөөс орхоодой жимсийг хэрхэн гаргаж болмуй?” Ариун салхи өгүүлрүүн: “Дүү минь, энэ тойн манай багшийн танил мөн бусыг нь асууваас зохимуй, эндүүрэх болуузай” хэмээгээд хоёул урагш давшиж ийн асууруун: “Багш та их Тан улсын баруун газарт ном залахаар одогч Тансаг мөн буюу?” Тансаг хариу ёслон өгүүлрүүн: “Ядуу тойн мөн бөлгөө, хувилгаан хөвгүүн яаж миний нэрийг мэдэв?” Тэд өгүүлрүүн: “Манай багш мордоход таныг хол угт хэмээн захьсан бөлгөө. Санаандгүй та морилон хүрч ирсэн тул угтахыг алдав, багш залран суув, шавь бид манз өргөсүгэй.” Тансаг: “Ямар аймшиггүй зүдээмүй” хэмээв. Тэр Тунгалаг саран хэмээгч бумба өөрийн суусан гэрт орж нэгэн цом манз авчирч Тансагт барив, манз барьсны хойно Ариун салхи өгүүлрүүн: “Дүү минь багшийн зарлигийг зөрчиж үл болмуй, хоёул одож жимс авчирсугай.” хэмээв. Тэр хоёр бумба Тансагаас салж, гэртээ орж, нэгэн нь алтан тогшуур авч, нэгэн нь торгон алчууртай улаан тэвш барьж, шууд орхоодой жимсийн хүрээлэнд одоод ариун сайхан модонд авиран алтан тогшуураар хоёр орхоодой жимсийг унагасанд Тунгалаг саран улаан тэвшээр тосон авав. Удалгүй шууд өмнө харшид ирээд Тансагт барин өгүүлрүүн: “Багш минь, манай энэ таван сүлдтийн сүм буйд тул сайн юм үгүй. Нутгийн жимс хоёрыг авчрав, ундаа дартугай” Тансаг жимсийг үзээд ихэд чичрэн хол зайлан өгүүлрүүн: “Нүгэл! Нүгэл! Энэ жил тариа төрсөн атал, юунд сүм хийдийн газар хүнийг амьдаар барьж идмүй? Юунд төрөөд гурав хоноогүй нялх хүүхдийг авчирч миний ундаасыг дармуй?” Ариун салхи дотроо: “Энэ тойн тэрхүү хэл амын хилэнцэт газар хилс гүжрийн нүгэлт далайд байсаар махан нүд эгэл төрөлхтөн болж манай аршийн орны гайхамшигт эрдэнийг үл таних болов.” хэмээн бодтол Тунгалаг саран урагш давшиж өгүүлрүүн: “Багш минь, үүнийг орхоодой жимс хэмээмүй. Нэг хоёрыг идэхэд гэмгүй” Тансаг өгүүлрүүн: “Дэмий донгодмуй, дэмий донгодмуй. Үүний эх нь жирэмсэн байх цагтаа хэдий эс зовов. Сая төрөн гурав хоноогүй хүүхдийг жимс болгон авчирч намайг хуурмуй?” Ариун салхин өгүүлрүүн: “Үнэхээр модонд ургасан жимс болой.” Тансаг өгүүлрүүн: “Дэмий чалчмуй, дэмий чалчмуй. Модон дээр хүн ургах ёс буй буюу. Цаашаа зайлуул, хар нүгэл! Хар нүгэл!” хэмээв. 


Тэр хоёр бумба үл идэхийг үзээд аргагүй өөрийн гэртээ авч одов. Тэр жимс нь бас ч сонин, удаан тавьбаас хатууран өлөгшиж амт нь хувирах тул хоёул ор дээрээ сууж хүн бүр нэгийг барин идэв.
Үзвээс, ертөнц дээр элдвийн сонин учир тохиолдох аж. Тэр хоёр бумбын хонох гэр нь хоолон гэр лүгээ наалдаж байх бөгөөд бага дуугаар шивнэвч мөн олж сонстох ажгуу. Энэ үес Гахай яг хоолны гэрт будаа чанан сууж ажээ. Тэр урьдаар тэдний алтан тогшуур улаан тэвш авч гарахыг үзээд нэгэнтээ сэжиг авсан бөлгөө, бас Тансаг орхоодой жимсийг үл танин идсэнгүйд тэд хоёр өөрийн гэртээ авчирч идэхийг сонсоод шүлсээ цувруулан: “Ямар аргаар нэгийг олж амталмуй!” хэмээн сэтгэвч бие нь бядуу, хөдөлж барихад хөшүүн тул арга бус Бичин лүгээ зөвдсүгэй хэмээн гал түлэх сэтгэлгүй болж байн байн гадагш харнам бөлгөө. Удсангүй Бичин морио хөтөлж хонгорцогт модны дээр уяад, шууд хойд гэрт орохыг үзээд тэр манхуу гараараа даллан: “Энд ир! Энд ир!” хэмээсэнд Бичин хойш эргэж, хоолны гэрийн үүднээ хүрээд: “Манхуу, чи юунд цуугимуй? Будаа үл хүрэх буюу? Багшийг цатгаж, бид одох замд нэгэн баян айл таарваас бас олж мэдэх буй за.” Гахай өгүүлрүүн: “Чи орж ир, будаа хүрэхгүй бус, энэ сүмд нэгэн эрдэнэ буй, чи мэдмүй?” Бичин асууруун: “Ямар эрдэнэ буй?” Гахай инээн өгүүлрүүн: Чамд хэлбээс мөн танихааргүй.” Бичин өгүүлрүүн: “Энэ манхуу, өвгөн Сүн намайг элэглэмүй? Би таван зуун жилийн өмнө аршийг сурвалжлан далайн хөвөө тэнгэрийн хормойгоор зорчин явахад ямар юмыг эс үзэв?” Гахай өгүүлрүүн: “Ах чи орхоодой жимсийг олж үзсэн буюу?” Бичин цочин өгүүлрүүн: “Түүнийг эс үзлээ, орхоодой жимсийг олж идвээс хүн урт насалмуй хэмээн сонссон бөлгөө. Өдгөө хаана буй?” Гахай өгүүлрүүн: “Энд байнам, тэр хоёул хоёр жимсийг авч багшид барьсанд багш түүнийг танихгүй тул төрөөд гурав хоноогүй нялх хүүхэд хэмээн айж эс идэв. Тэр хоёр бумба үнэхээр томоогүй, багш үл идвээс зүй нь манд найр тавьбаас зохих болой, тэд харин биднээс нуун энэ хаяаны чанд гэрт аваачиж хүн бүр нэгийг барьж хуур шүхэр идээд гарч одов. Би тэсч ядан араанаасаа шүлс цувруулан ямар арга гаргаж нэгийг олж амссугай хэмээмүй. Бодвоос чи шуламтай тул тэр жимсийн хүрээлэнд ороод хэдийг хулгайлан амталбаас ямар?” Бичин өгүүлрүүн: “Энэ нь хялбар, өвгөн Сүн би эчвээс даруй олж ирмүй.” хэмээгээд яаран гарч одоход Гахай араас нь татаж: “Ах минь, би тэдний хэлэлцэхийг сонсвоос, бас ямар нэгэн алтан тогшуураар тогшмуй хэмээсэн бөлгөө, эрх биш хичээнгүйлэн үйлд бүү чимээ гарга” хэмээсэнд Бичин: “Би мэдмүй, би мэдмүй” хэмээв. 


Бичин бие далдлах аргыг үүсгэн хоёр бумбын гэрт орж үзвээс, тэд хоёр жимсээ идэж бараад Тансагийн дэргэд зоог хэлэлцэхээр одсон ажээ. Бичин ийш тийш ажиглаваас цонхны дэргэд нь нэгэн хуруун чинээ бүдүүн хоёр тохой урт, доор үзүүрт саримсагт адил толгойтой нэгэн юмыг ногоон утсаар оосорлон өлгөж байхыг үзээд дотроо ийн сэтгэрүүн: “Энэ юм даруй алтан тогшуур буй за” хэмээгээд түүнийг авч гэрээс гаран хойд хүрээлэнд хүрч хаалгыг түлхэн үзвээс: 


Улаан хэрсэг эрдэнийн бошго уул хад дэгтэрлэн ургажээ.Үнэрт цэцэг өнгөт наран лугаа үзэсгэлэнгээ тэмцэлдэн, цэнхэр хулс хөх тэнгэр лүгээ өнгө булаалджээ.Горхины ус танхимыг ороон, нэгэн тохой униарт уд мэт. Хасын тэргэлийг үзэх тавцангийн өмнө хэдэн хэсэг жимсийн мод жигдрэн ув улаан анар дүүжилжээ. Ногоон нолом дэвсгэрлэн цэнхэр цахирмаа дэлгэрчээ. Булаг ус бургилан урсаж, гавир цэцэг худгийн хөвөөнөө уянгат модон лугаа эсрэглэн, хонгорцогт модны дэргэд улаан хэрсэг хасын яндар дэгдэрлэжээ. Улаан цагаан ялгарсан мянган навчит тоор, сайхан үнэр анхилсан намрын эцсийн удвал.Ороомол цэцгийн шүр мандарваагийн танхимийг чимж, гин цэцгийн тайз цана цэцгийн хүрээлэнд үргэлжилжээ. Бас хяруунд эсэргүүцэх омогт хулс, цасанд тэмцэх зоригт нарс буй. Нэн ч бас тогорууны хүрээлэн бугын хашаа, нуур бүрд харагдаж, оргилох булаг хэмхдэг хасыг хаялан алтан тоорцог овоолжээ. Умрын салхин үлээхүйеэ тэргүүлэгч цэцэг цайраад, урьхан хавар ирэхүйеэ хайтан цэцэг улайжээ. Үнэхээр хүний ертөнц дэх нэгдүгээр ариун үзэмж, баруун орны цэцгийн хүрээлэнгийн тэргүүн хэмээвээс болмуй.


Тэр Бичин бахархан явсаар бас нэгэн үүдэнд хүрч ирээд, хаалгыг түлхэн орж үзвээс харин ногооны хашаа ажгуу. Бичин инээн ийн сэтгэрүүн: “Энэ харин ногоо тарьж амиа зуух бумба ажгуу.” хэмээгээд хашааг өнгөрөн гарсанд бас нэгэн давхар үүд буй, түлхэн үзвээс, үзвээс! Төв дундад нэгэн бүдүүн мод буй, түүний хөх мөчрөөс сайхан үнэр нэгэнтээ анхилан, сахлаг навч нь натайн сүүдэрлэж гадил мэт. Модны өндөр нь мянга илүү тохой, бүдүүн нь долоо найман тэвэр амуй. Бичин тэр модыг түшин дээш ажиглаваас, өмнө салааны дээр орхоодой жимс цухуйн үзэгдэх бөгөөд ургасан байдал нь нялх хүүхэд мэт. Дахин сайтар ажиглаваас сүүлийн нэгэн гишүүний дээр нэгэн нялх хүүхэд зогсож гараар даллан эрүүгээр дохин дуудах мэт. Бичин тэсгэлгүй баясан: “Үнэхээр сайхан юм, гайхалтай юм!” хэмээгээд модны дээр авиран гарав. 


Тэр Бичин жимс хулгайлахад цагаарсан тул алтан тогшуураар нэгэнтээ тогшсонд жимс газарт унав. Бичин бас харайн бууж үзвээс сураг танаг үгүй, эргэн тойрон өвсийг яран эрвээс бараа туруугүй тул дотроо ийн сэтгэрүүн: “Сонин болов! Сонин болов! Хөл буй тул оджээ хэмээвэл, энэ хүрээнээс гарах зав болоогүй, би мэдэв, лав энэ хүрээлэнгийн савдаг нь миний жимс хулгайлахыг үзээд хураан авсан буй за?” хэмээгээд ”Ум” хэмээх тарнийн товчийг уншсанд, цэцгийн хүрээлэнгийн навдаг савдаг яаран хүрч ирээд Бичинд ёслон өгүүлрүүн: “Их богдод ямар учир байж бага эрхтэн биднийг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн дэлхий дахинд нэртэй хулгайчийг чи үл мэдэх буюу? Би урьд өлзийт тоор, тэнгэрийн сархад, хувилгаан үрлийг хулгайлж идэхийн үес над лугаа хуваасан хүнгүй бөлгөө. Өдгөө би түүний нэгэн жимсийг хулгайлсанд чи юунд дээжийг нь авмуй? Энэ жимс хэмээгч нь модон дээр ургасан тул огторгуйгаар нисэх жигүүртэн ч болов цөм нэгэн хувь буй, өвгөн Сүн би нэгийг нь авч идэхэд ямар гэм буй? Би сая нэгийг цохин унагатал, чи юунд булаан аваачмуй?” Тэр савдаг өгүүлрүүн: “Их богд та намайг буруу зэмлэв. Энэ эрдэнэ хэмээгч газрын хувилгааны юм, өчүүхэн савдаг би хэмээгч чөтгөрийн хувилгаан тул айшгүй юунд авмуй? Үүнийг идэхийг байтугай үнэртэх буян ч үгүй.” Бичин өгүүлрүүн: “Чи эс аваачсан болбоос, юунд газар унамагц үгүй болмуй?” Тэр савдаг өчрүүн: “Их богд та гагцхүү энэ эрдэнийн насан хутаг нэмэгдүүлэхийг мэдэхээс бус уг учрыг мэдэхгүй болой.” Бичин асууруун: “Үүнд ямар учир буй?” Тэр савдаг өчрүүн: “Энэ жимс хэмээгч гурван мянган жилд нэг удаа цэцэглэн, зургаан мянган жилд жимсэлж, есөн мянган жилд боловсорч түмэн жилийн хооронд гучин жимс суумуй. Хувьтай хүн олж үнэртвээс гурван зуу насалж нэгийг олж идвээс дөрвөн түм долоон мянга насалмуй. Таван махбодын харшихаас аймуй.” Бичин: “Юуг таван махбодын харшихаас аймуй хэмээмүй?” хэмээн асуусанд тэр савдаг өгүүлрүүн: Энэ жимс алтад харшваас унамуй, модонд харшваас хатмуй, усанд харшваас хайлмуй, галд харшваас шатмуй. Шороонд харшваас шингэмүй. Цохиж авахад сааргүй алтан зэвсгээр тогшвоос сая унамуй, унахад таваг дээр торго дэвсэж тосвоос болмуй, модон дээр баахан хүрвээс даруй хатаад идвээс хэрэггүй болмуй, идэхдээ шаазан савд хийж цэвэр усанд хайлуулан идмүй, шороонд харшваас шингэх тул их богд та түүнийг газар унагасан тул шороонд шингэжээ. Энэ газар хэмээгч нэгэнтээ дөрвөн түмэн долоон мянган он болж болд өрмөөр өрөмдөвч мөн орохгүй болд мэт хатуу болжээ. Тийнхүү идэгсэдийн насан хутаг урт болох нь үүнд буюу. Их богд үүнийг эс итгэвээс энэ газрыг нэг цохиж үз.” хэмээсэнд Бичин шийдэм өргөн занчихад дуун гарч шийдэм долгисч өчүүхэн ч ором гарсангүй. Бичин өгүүлрүүн: “Үнэн болой, үнэн болой! Миний энэ шийдэм чулууг занчихад чулуу хэмхэрмүй, болдыг занчихад болд ором гармуй, энэ газар ийм хатууг үзвээс би чамайг хэлсдүүлэв, чи өдгөө эгтүгэй” хэмээсэнд тэр савдаг сүмдээ эгэв.


Бичин, модны дээр авиран гарч, нэг гарт тогшуурыг барьж, нөгөө гараар эрэнгийн хормойг дэвсэж гурван жимсийг цохиж аваад модноос үсрэн бууж, шууд хоолон гэрт ирсэндГахай тосч инээн өгүүлрүүн: “Ах минь олов уу?” Бичин өгүүлрүүн: “Энэ байхгүй юу?, өвгөн Сүн би хүрвээс даруй олж ирмүй за. Үүнийг Шорооноос харамласан хэрэггүй, түүнийг дууд!” хэмээсэнд Гахай гадна гараад гараар даллан “Шороо, чи ир” хэмээн дуудсанд Шороо юмаа тавьж хоолон гэрт гүйн ирж өгүүлрүүн: “Ах намайг дуудаж яамуй?” Бичин хормойгоо дэлгэж өгүүлрүүн: “Дүү чи үз, энэ ямар юм буй?” Шороо өгүүлрүүн: “Энэ нь орхоодой жимс болой.” Бичин өгүүлрүүн: “Чи харин таних ажгуу, чи идэж өнгөрсөн буюу?” Шороо өгүүлрүүн: “Дүү би идсэнгүй боловч, эрт өдөр орхиул эвхэгч жанжин байхад хурмастын гарьдын тэргийг хамгаалан өлзийт тоорын хуримд эчих үес гадаад далайн олон хувилгаан энэ жимсийг хүргэж Нэвс хүрзийн  өлзий хутаг нэмэгдэхийг бэлгэлэн агсныг үзсэн бөлгөө. Гагц олж идсэнгүй. Ах минь над баахан амсуулах ажааму?” Бичин өгүүлрүүн: “Хэлэх хэрэггүй, бид хүн бүр нэгийг идсүгэй.” хэмээв. Тэд гурвуул хүн бүр нэгийг авч идэхэд, тэр Гахайн ам агуу гэдэс их бөгөөд бас тэр хоёр бумба идэхийн үед тэсгэлгүй хоолой хөдөлж агсан тул, жимсийг авмагц амаа ангайн бүхлээр нь залгиад ийн өгүүлрүүн: “Хоёр ах юу идэж амуй?” Шороо өгүүлрүүн: “Орхоодой жимс буй за.” Гахай асууруун: “Амт нь ямар буй?” Бичин өгүүлрүүн: “Шороо, чи түүнийг бүү хайхрагтун! Тэр урьдаар идчихээд хэнээс асуумуй?” Гахай өгүүлрүүн: “Ах, би түргэн идсэн тул амтыг нь эс мэдэв. Та сайтар зажилсан тул амтыг олсон буй за, би үртэй үгүйг нь мэдсэнгүй, чи миний хоолойн хорхойг нэгэнтээ хөдөлгөв, чи одож бас хэдийг олж ир, би алгуур идэж амтыг нь мэдсү” Бичин өгүүлрүүн: “Чи даанч ханалгүй! Энэ юмыг хоол мэт олдохын чинээгээр цадтал идэж болох буюу, түмэн жилд сая гучин жимс суумуй. Бид хүн бүр нэгийг олж идсэн нь мөн буян нь нимгэн бус болой, нэгэнтээ цадав! Байтугай Байтугай!” хэмээгээд гүйн босч алтан тогшуурыг нь цонхны нөгөө нүхээр шидээд Гахайг орхин эчив.


Тэр манхуу ийнхүү яншин гаслан ахуйд, санамсаргүй тэр хоёр бумба гэрээсээ цай авахаар орж ирээд Гахайн “Орхоодой жимсэнд ханасангүй, бас нэг олж идсэн болбоос хэдий сайн!” хэмээхийг сонсоод, Ариун салхин сэжиг авч өгүүлрүүн: “Тунгалаг саран чи тэр урт хоншоорт тойны орхоодой жимснээс бас нэгийг олж идвээс сайн!” хэмээн яншихыг олж сонссон буюу, багш одохдоо Тансагийн доорх хүмүүсийг сэргийл хэмээсэн бөлгөө, эсвээс эд манай эрдэнийг хулгайлсан магадгүй?” Тунгалаг саран хойш харж үзээд: “Ах минь, муу болов, хэрэг гарав! Энэ алтан тогшуур юунд газар унав. Бид хүрээлэнд одож үзсүгэй!” хэмээгээд хоёул санд мэнд хойш эчиж үзвээс цэцгийн хүрээлэнгийн үүд нэгэнт нээгджээ. Ариун салхи өгүүлрүүн: “Энэ үүдийг би дарсан бөлгөө, яахин нээгдэв?” хэмээн яаран цэцгийн хүрээлэнг өнгөрөн ногооны хашаанд хүрвээс, үүдэн бас нээгдэж байх тул их л сандран орхоодой жимсийн хүрээлэнд орж, жимсийг дахин дахин тооловч хорин хоёр болжээ. Тунгалаг саран өгүүлрүүн: “Чи хэд байхыг цээжилж буюу?” Ариун салхи өгүүлрүүн: “Бүгд гучин жимс бөлгөө,  хүрээлэн нээсэнд багш хоёрыг нь авч олонд түгээв, сая хоёрыг авч Тансагт барив, одоо хорин зургаа байваас таарна. Өдгөө хорин хоёрхон болсон нь дөрвөн жимс дутжээ. Хэлэлгээнгүй тэр хэдэн тоймог хулгайлжээ. Бид одож тэр Тансагийг харааваас барав!” хэмээв. 


Тэндээс, тэд хоёул цэцгийн хүрээлэнгээс гарч шууд харшид орж ирээд, Тансагийг хуруугаар зааж молтгор толгойтой тоймог, муур мэт хулгайч, шинхэг үнэртэй шинжээ барсан тойн хэмээн элдэв муугаар хараахад, Тансаг тэсэхгүй болоод: “Та юунд ийнхүү аашилмуй? Хэлэх үг буй болбоос алгуур хэлбээс барав, дэмий дайруулан хараах нь юун?”Ариун салхи өгүүлрүүн: “Чиний чих дүлий буюу? Харааж буй, чи ухахгүй юу? Чи миний орхоодой жимсийг хулгайлж идээд бас юунд биднийг хэлүүлэхгүй хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Орхоодой жимс хэмээгч ямар юм буй?” Тунгалаг саран өгүүлрүүн: “Сая авчирч чамд барихад чи нялх хүүхэд хэмээн идсэнгүй тэр жимс болой!” Тансаг өгүүлрүүн: “Арьяабал! Түүнийг үзвээс айн чичрэх атал, айшгүй хулгайлж идэх буюу! Хэдий олби өвчинд нэрвэгдсэн ч айлгүй хулгайлах хэргийг үл үйлдмүй, чи хүн эндүүрч үгүй юү?” Ариун салхи өгүүлрүүн: “Хэдий чи эс идэвч, чиний доорх хүн хулгайлж идсэн буй за.” Тансаг өгүүлрүүн: “Тэр харин ч магадгүй, та дэмий битгий цуугилд, би тэднээс асуусугай. Үнэхээр хулгайлсан болбоос би тэднээр төлүүлсүгэй” Тунгалаг саран өгүүлрүүн: “Төлүүлэх хэмээмүй? Зоосоо бариад хаанаас олмуй!” Тансаг өгүүлрүүн: “Ерийн үгэнд “Төв журам хэмээгч түмэн лан” хэмээжээ, үнэхээр олохуйяа бэрх юм болбоос, би тэднийг чамд буруу хүлээлгэвээс барав, тэд хулгайлсан ба үгүйг бас үл мэдмүй.” Тунгалаг саран: “Тэд бус хэн буй? Хуваасан нь тэгшгүй хэмээн цуугилдан амуй.” хэмээсэнд Тансаг: “Шавь нар хаана буй бүгдээр ирэгтүн!” хэмээн дуудсанд Шороо сонсоод: “Муу бумба! Тэр бага бумба дэмий хараамуй, багш бас биднийг дуудмуй, энэ нь хэрэг лэвэрсэнгүй юү, хэрхвээс сайн!” Бичин өгүүлрүүн: “Даанч ичингүүр болов. Хэрэв хэлж гаргаваас хоолойгоо барьж дийлэхгүй ховдог аашилсан хэрэг болох буюу, яасан ч хүлээн авч үл болмуй” Гахай өгүүлрүүн: “Яг таарна? Яг таарна? Мэлзвээс барав.” хэмээгээд гурвуул хоолны гэрээс гарч багшийн дэргэд ирэв. Хуухай! Чухам хэрхэн мэлзэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 44 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 32 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 1 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 5 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 47 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 20 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 24 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 24 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 58 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 7 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 17 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 2 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 56 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 20 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 21 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 36 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК