зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ:


ЖЭН ЮАН ЗЫ НОМ ЗАЛАГЧ ТОЙНЫГ НЭХЭМЖЛЭН БАРИВ
ИХ БОГД ТАВАН СҮЛДЭТ СҮМИЙГ ИХЭД ТҮЙВЭЭВ

 

Өгүүлэх нь, тэр ах дүү гурвуул сүмд орж багшийн зүг өгүүлрүүн: “Хоол болжээ, багш биднийг дуудаж яамуй?” Тансаг өгүүлрүүн: “Хоол болсон ба эсэхийг асуух бус, энэ сүмд ямар нэгэн нялх хүүхэд мэт жимс буй гэнэм? Таны аль нэгэн нь хулгайлж идсэн буй?” Гахай өгүүлрүүн: “Би болбоос нэгэн номхон хүн тул идэхийг байтугай, үзсэн бээр ч үгүй.” Ариун салхин өгүүлрүүн: “Тэр инээгч мөн болой! Тэр инээгч мөн болой!” Бичин зандран өгүүлрүүн: “Өвгөн Сүн би төрөлхөөс инээхэд дуртай, чи ямар жимсээ гээж намайг инээв хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь хилэнгээ дар, бид хэмээгч гэрээс гарсан тойн хүн тул худал бүү өгүүл, бузар идээг идэхгүй болой, үнэхээр идсэн болбоос энэ хоёрт буруугаа хүлээвээс барав, юунд мэлзмүй?”


Бичин, багшийн үгийг зөвшөөж үнэнээр өчрүүн: “Багш надад хамаагүй, эдэн жимс идэхийг Гахай үзээд намайг олж ир хэмээсэнд, би гурван жимс авчраад хүн бүр нэг идсэн бөлгөө. Биднийг тэд яаж чадмуй.” Тунгалаг саран өгүүлрүүн: “Манай жимсийг дөрөв хулгайлсан бөгөөтөл хулгайлсангүй хэмээж болох буюу?” Гахай өгүүлрүүн: “Бурхан минь! Дөрөв хулгайлсан бөгөөтөл юунд гуравхныг гаргаж хуваалцмуй? Нэгийг нь тэр нууж идсэн буюу?” хэмээн тэр мангуу дэмий л цуугилдав. 


Тэр хоёр бумба үнэнийг нь олоод нэнт хараахад, бичин тэсч ядан араагаа тачигнатал хаврин нүдээ дүгрэглэн шийдмээ барин уураа дарж дотроо ийн сэтгэрүүн: Энэ хүүхэд даанч хэтрэмхийлмүй, олны өмнө эднийг занчихын оронд баахан хүлээж үндсээр нь үгүй хийж хэн алин ч идэж чадахгүй болгосугай!” хэмээгээд толгойн үснээс нэгийг зуулан авч “Хувил” хэмээн зандарсанд хуурмаг бичин хувилан Гахай шороо хоёрын  дэргэд зогсож хоёр бумбын хараахыг сонсов. Түүний үнэн бие нь үүл хөлөглөн жимсийн хүрээлэнд одож шийдэм эргүүлэн модыг нэгэн зэрэг занчаад, бас уул давааг түлхэн унагах хувилгаан увдисыг хэрэглэн тэр модыг түлхэн унагав. Тэр модны навч бутран салаа хугарч үндэс нь мултарч, бумбын багшийн өвсөн үрлийн язгуур нь тасрав. Бичин унасан модны дээрээс жимс эрвээс нэг ч үгүй болжээ. Үзвээс, тэр жимс алдад харшиваас унамуй, бичний болд бэрээ мөн алтан дулдуйтай тул цохьмогц цөм унаж газарт шингэжээ. Бичин: “Сайн! Сайн! Хэн алин ч хилэгнэсний хэрэггүй!” хэмээгээд шийдмээ авч урагш ирж үсээ хураагаад орондоо зогссонд тэдгээр эгэл нүдтэй хүмүүс үүнийг эс мэдэв. 


Тэндээс тэр хоёр бумба удтал хараагаад, ариун салхин өгүүлрүүн: “Тунгалаг сар минь, эдгээр тойдыг бид илжиг болтол хараавч эс дуугарснаар үзэхэд хулгайлсангүй буюу. Мод өндөр, навч зузаан тул буруу тоолсон магадгүй, бид эднийг хараахын оронд дахин очиж тоолохыг хүрэхгүй.” Тунгалаг сар: “Энэ үг зөв” хэмээгээд хоёулаа цэцгийн хүрээлэнд орж үзвээс мод нь үндсээрээ мулгарч, салаа хугаран, навч зулгарч жимс нэг ч үгүй болсонд хоёул ихэд цочиж сүнс сарнин сүг завхжээ. Шүлгийн үг:


        Хувраг Тансаг баруунш зорчин түмэн өлзийт уулнаа буугаад,
        Хувилгаан бичин хилэн хөдлөн өвсөн үрлийн үндсийг таслав.
        Арш модны салаа мөчир хугаран уг нь гараад,
        Ариун салхи, Тунгалаг саран зүрх түгшин мэлрэв.


Тэд хоёулаа газарт унаж: “Манай таван сүлдэт сүмийн эрдэнийн үрлийн үндэс нь тасрав, багш ирсэн хойно бид юу хэлэх буй? Яаваас сайн! Яаваас сайн!” хэмээн удтал мэлрэн балрав. Тунгалаг саран өгүүлрүүн: “Ах битгий цуугилд, бид тэднийг цочоож үл болмуй. Энэ өөр хүн бус сааргүй тэр нүүрт үстэй аянгын эрхтэн мэт амьтан увидас үүсгэн манай эрдэнийг үгүй хийжээ. Хэрвээ бид түүн лүгээ ёс хэлэлцвээс тэр лав мэлзмүй, түүн лүгээ булаалдан тэмцэлдэж гар хөдөлбөөс бид хоёулаа яахан тэд дөрвүүлийг дийлмүй? Бид эчиж “Жимс бүрэн буй, буруу тоолов” хэмээн тэднийг хуурч буруугаа хүлээсүгэй. Өдгөө тэдний хоол нэгэнт болсон тул идэхийн үес ногоо нэмж өгсүгэй. Тэд хүн бүр аягаа барьмагц бид хоёулаа үүдийг нь хааж хаалга бүхнийг цөм оньсолж орхивоос барав. Багш ирсний хойно тэр өөрөө мэдтүгэй. Багш тэднийг хуучин танил хэмээн уучилбаас мөн багшийн тал болтугай, эс уучилбаас бид нэгэнт хулгайчийг барьсан тул ялгүй.” Ариун салхин: “Энэ үг зөв!” хэмээв.


Тэд хоёулаа Тансагийн дэргэд ирж бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Бид сая болхи бүдүүлгээр багшийг дайрчээ, битгий уурла, битгий уурла.” Тансаг өгүүлрүүн: “Юунд ийн өгүүлмүй?” Ариун салхин өгүүлрүүн: “Мод өндөр навч зузаан тул бид эндүү тоолсон ажгуу, сая дахиж тоолон үзвээс жимс нэг ч дутсангүй цөм байнам.” тэр Гахай их л эртийж ийн өгүүлрүүн: “Энэ томоогүй хоёр хүүхэд, юм мэдэхгүй байгаад юунд биднийг гүжирлэн дэмий хилсээр хараамуй? Үнэхээр нүгэлтэй.” Бичин үүнийг цөм мэдэж байх тул дотроо ийн сэтгэрүүн: “Шал худал! Шал худал! Жимс нэгэнтээ барсан атал юунд ийнхүү өгүүлмүй!... эсвэл үхсэнийг дахин эдгээх арга буй буюу...” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбол хоол авчир, бид идээд одсугай!” хэмээв.


Гахай будаа аягалж, Шороо ширээ тавьсанд, тэр хоёр бумба яаран одож тарвас, хаш, лууван, буурцаг, гайму зэрэг элдэв зүйлийн  ногоог найман пял авчирч тавив. Бас нэгэн тавур цай хоёр цомтой авч ирэн хажууд зогсон зочлов. Багш шавь дөрвүүлээ аягаа сая өргөтөл тэр хоёул гэнэт хаалгыг хааж гуулин оньсоор тасхийтэл оньслов. Гахай инээн өгүүлрүүн: “Энэ хүүхэд ташаарчээ, таны эндхийн зан бас ч сонин юунд үүдээ дарж будаа идмүй?” Тунгалаг саран өгүүлрүүн: “Сонин ч болов, хачин ч болов, будаа идэж барсан хойно хаалгыг нээн өгсүгэй.” Ариун салхин хараан өгүүлрүүн: “Энэ олби өвчинд дайрагдсан тоймгуудыг үз!” Та миний хувилгаан жимсийг хулгайлж идсэн ялаа бараагүйгээр бас хувилгаан модыг түлхэн унагааж манай таван сүлдэт сүмийн эрдэнийн үндсийг тасалчихаад бас энэ тэр хэмээмүй. Та дахиж төрж далайн усаар угаасан ч баруун газар хүрч бурханд золгож чадахгүй болжээ!” хэмээсэнд Тансаг аягаа тавиад дотор нь мөс залгисан мэт болов. Тэр хоёулаа гурван давхар үүдний цөм оньслоод гол сүмийн үүдний гадна ирээд нэгэн зэрэг харааж тэнгэр орой болсон тул будаагаа идэж унтахаар эчив. 


Тансаг бичнийг зэмлэн өгүүлрүүн: “Энэ сармагчин ч газар бүрт хэрэг өдөөмүй! Чи жимс хулгайлан идсэн болбоос тэдний хараахыг баахан тэсвээс барав, юунд хүний модыг түлхэж унагамуй! Хэрвээ энэ ёсыг барьж заалдваас чиний эцэг ноён суусан ч мөн зөвөө олж чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Багш битгий цуугилд, тэд хоёулаа унтахаар явав. Тэднийг унтсаны хойно бид шөнөөр дутааваас барав.” Шороо өгүүлрүүн: “Гурван давхар үүдийг цөм оньсолжээ, бид яахан гарч явмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Хамаагүй, надад арга буй.” Гахай өгүүлрүүн: “Чамд арга үгүй хэмээн зовних буюу! Чи хорхой шавьж болоод цонхны нүхээр гарч болмуй, ганц бидэн хувилж үл чадах тул зовлон амсах буй за!” Тансаг өгүүлрүүн: “Тэр хэрвээ биднийг цөм хаяж ганцаар гарч одвоос би даруй хуучин номоо уншмуй, тэр хэрхэх буй.” Гахай инээн өгүүлрүүн: “Бурхны номд баатар явагч судар, бадамгарав, маяар,  манигамбум, доржзодов зэрэг ном буй хэмээн сонссон бөлгөө, харин “Хуучин ном”-ыг эс сонсов.” Бичин өгүүлрүүн: “Дүү чи үүнийг үл мэдмүй, миний толгой дээр зүүсэн энэ цагираг болбоос Хомсим Бодисадва манай багшид өгч, багш намайг хууран өмсгөөд ургасан мэт авч болохгүй болжээ. Үүнд нэгэн чангаруулах тарни буюу чангаруулах ном буй, тэр тарни буюу номыг уншваас миний толгой тэсгэлгүй өвдмүй. “Хуучин ном” гэгч даруй үүнийг өгүүлжээ. Тийнхүү багш намайг үүгээр гацмуй. Багш минь, бүү унш, би  яасан ч та нарыг орхихгүйгээр бүгдийг авч гарсугай” хэмээв.


Хараахан ийн өгүүлэлдэн атал, тэнгэр орой болж, санамсаргүй дорно зүгээс саран мандав. Бичин өгүүлрүүн: “Энэ үед түмэн жигүүртний чимээ тасарч мөсөн тэргэл дээр гэрэлтсэн тул өдгөө явбаас сайн.” Гахай өгүүлрүүн: “Чи дэмий бүү авзаал, үүд цөм оньсолсон байтал хэрхэж явмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи миний эрдмийг үз” хэмээгээд гарт шийдмээ барин “Оньс нээх тарнийг уншин хаалгыг нэгэнтээ заасанд хангинах дуу гарч гурван давхар үүдний оньс цөм өөрөө унаад хаалга нээгджээ. Гахай инээн өгүүлрүүн: “Үнэхээр сайн эрдэм, төмрийн дархан ирэвч ийм түргэн нээж чадахгүй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хаалгыг нээхэд ямар гайхамшиг буй? Тэнгэрийн өмнө хаалгыг дохивоос даруй нээгдэх болой.” хэмээгээд багш юугаа моринд мордуулан Шороо хөтлөөд, Гахай дамжуураа дамнан их замд орж шууд баруун зүгт одов. Бичин өгүүлрүүн: “Та алгуур яв, өвгөн Сүн би одож тэр хоёр хүүхдийг нэг сар сайн унтуулсугай.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, түүний амийг бүү хорло, ийм болбоос алтыг аваад авдрыг нь хагалсан ялд ормуй.” Бичин “Би мэдмүй” хэмээгээд тэдний хонох гэрийн гадна ирээд эрт өдөр үлэмж  махаранз лугаа тэнгэрийн зүүн үүднээ мөрийцөөд шүүж олсон нойрын хорхойгоо хоёрыг гарган цонхны нүхээр няслан оруулсанд тэр хоёр хорхой шууд ирж хацар дээр нь суумагц тэр хоёр бумба хамар хурхиран үхсэн мэт унтав. Бичин хойш эгэж Тансагийг хөөж гүйцээд шууд их замд орон баруунш одов.


Нэгэн шөнө үүр цайтал зогсолгүй явав. Тансаг өгүүлрүүн: “Энэ сармагчин хоолойгоо барьж дийлэхгүй уршиг татаж намайг нэг шөнө амруулсангүй!” Бичин өгүүлрүүн: “Намайг дэмий зэмлэх хэрэггүй, өдгөө тэнгэр нэгэнт гэгээрэв. Энэ замын хажуугийн модны доор түр амраад жич явсугай.” Тансаг мориноосоо бууж, нарсан модыг түшин даяаны суудалд суув. Шороо дамжуураа тавин  үүрэглэн ахуйд Гахай хэдийнээ чулууг дэрлэн унтжээ.” Бичин дотроо бодлоготой тул модноо авиран салаанд дүүжлэн наадаж дөрвүүл ийн амрахыг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр их хувилгаан тэнгэрийн орны чуулганаас тархаад шавь нараа дагуулан түшидийн ордноос гарч, өлзийт үүлнээ хөлөглөн хэдийн түмэн өлзийтийн уулын таван сүлдэт сүмд хүрч ирэхэд, үүд хаалга цөм цайтал нээгдэж хүрээ хашаа маш цэврийг үзээд ийн өгүүлрүүн: “Ариун салхин эд хоёул харин ч сайжирчээ, урьд үд болтол унтдаг бөлгөө. Энэ өдөр бид гэрээс гарсанд эд харин эртлэн босч үүд хаалгаа нээн хүрээ хашаагаа цөм шүхэрджээ” хэмээсэнд олноороо цөм баярлав. Дуганы үүдний өмнө хүрч ирвээс хүж зул асаасангүй бөгөөд тэр хоёр бас үзэгдэхгүй. Шавь нар өгүүлрүүн: “Манийг үгүйд тэр хоёр байдаг юмыг цөм авч боссон буюу?” Их хувилгаан өгүүлрүүн: “Бумбын мөрийг засах хүнд юуны тийм муу сэтгэл байх аж? Санаваас өчигдөр хаалгаа дарсангүйгээр унтаад өдгөө бас босоогүй буй за?” Олон шавь одож үзвээс, тэд үүдээ хааж хурхиран унтсаар ажгуу. Олноор үүдийг цохин дуудваас юунд сэрэх аж. Үүдийг эвдэн орж орноос чирэн буулгасан ч эс сэрэв. Тэр их хувилгаан инээн: “Шавь минь? Бясалгал хийгсэд хувилгаан уур биед дүүрч нойр хүрэхээргүй бөлгөө, та хоёр юунд ийн их зүдэрсэн буй? Эсвэл хүн эднийг хорлосон буюу? Хурдан эчиж ус авчир” хэмээсэнд нэгэн шавь хэдийн цомтой ус авчирч барив, тэр их хувилгаан тарни уншин нүүр өөд нэгэнт үлээсэнд хоёр шавь нойрноос сэрэв.


Хоёулаа унтсанаас сэрж нүдээ нээж багш ба олон номын ах нараа таниад яаран газар сөгдөн мөргөн өгүүлрүүн: “Багш минь чиний хуучин танил хэмээгч тэр зүүн газраас ирсэн тойн харин ч нэг бүлэг дээрэм ажгуу. Даанч догшин маш сүрхий?”


Их хувилгаан инээн өгүүлрүүн: “Бүү айгтун, алгуур хэлтүгэй.” Ариун салхин өгүүлрүүн: “Багш эчсэний хойно удсангүй зүүн газрын Тансаг гурван шавиа дагуулан ирсэнд, бид багшийн зарлигаар тэднийг залж оруулаад ирсэн учрыг асууж, орхоодой жимсээс хоёрыг авч барьсан бөлгөө. Тэр тойн манай гайхамшигт эрдэнийг танихгүй, сая төрсөн нялх хөвгүүн хэмээгээд эс идсэнд шавь бид хүн бүр нэгийг идэв, санамсаргүй түүний доорх нэг Сүн овогт бичин хэмээх тойн нь орхоодой жимсээс дөрвийг хулгайлан идсэнд тэдний зүг зөөлнөөр ёс хэлж үнэнээр хэдэн үг хэлсэнд, тэр харин тааламжгүй болж бие хуваах аргыг хэрэглэн сэмээр одож, даанч хөнөөлтэй......” хэмээгээд хоёул тэсгэлгүй шогшин уйлахад олноор асууруун: “Та хоёрыг тэр тойн занчсан буюу?” Тунгалаг саран өгүүлрүүн: “Занчсан бус, ганц манай тэр жимсний модыг занчин унагажээ?” Тэр их хувилгаан үүнийг сонсоод өчүүхэн ч уурласангүйгээр: “Бүү уйл! бүү уйл! Чи тэр Сүн овогтыг танихгүй болой, тэр нь бас нэгэн сул хувилгаан бөгөөд Рид хувилгаан цаглашгүй их, урьд өдөр тэнгэрийн ордныг их л түйвээсэн бөлгөө. Модыг нэгэнт унагасан болбол та тэр тойныг лав таних буй за?” Ариун салхин өгүүлрүүн: “Цөм танимуй.” Их хувилгаан өгүүлрүүн: “Тийм болбоос та хоёулаа намайг дагаж ир, өөр шавь нар гэрт хоцорч эрүүгийн багажийг бэлтгэ, эргэж ирсний хойно би түүнийг занчихад сайн?” хэмээв. 


Олон хувилгаад зарлигийг хүлээв. Тэр их хувилгаан Ариун салхин ба Тунгалаг сарыг дагуулан өлзийт үүлнээ хөлөглөн Тансагийг нэхэмжлэн удалгүй мянган газрын үзүүр гарч үүлний дээрээс баруунш бараалбаас Тансагийн бараа үзэгдэхгүй тул хойш эргэн зүүнш ажиглаваас харин тэднээс есөн зуун газар илүү хэтэрчээ. Тэр үес Тансаг нэг шөнө зогсолгүй явж сая нэг зуу хорин газар явсан ажгуу. Хоёр шавь нь өгүүлрүүн: “Тэр модны ёроолд суугч нь даруй Тансаг мөн болой.” Их хувилгаан өгүүлрүүн: “Би хэдүйнээ олж үзэв. Та хоёулаа гэрт эгэж дээс бэлтгэ, би ганцаар түүнийг барьсугай?” хэмээсэнд хоёр шавь эгсэнийг өгүүлэхгүй. 


Тэр их хувилгаан үүлнээсээ буугаад нэгэн бадарчин болон хувилав. Түүний чимсэн нь: Биед бумбын дээл өмсч, бэлхүүсээр нэгэн өргөн бүс бүсэлжээ. Гарт бугын сүүлний гөвүүр барьж, ганди тогшуурыг хөнгөнөөр тогшжээ. Гурван хамартай өвсөн шаахайг хөлд өшиглөн, есөн артай алчуураар тэргүүнээ ороожээ. Ариун салхи агуу ханцуйг хийсгэн, амандаа сар мандав хэмээн дуулжээ.


Тэр алхсаар шууд модны доор ирж Тансагийн зүг их дуунаар: “Өвгөн тойнд үгээгүй бумба ёсолмуй” хэмээсэнд Тансаг яаран босч хариу ёслов. Тэр их хувилгаан асууруун: “Эрхэм тойн хаанаас ирэв? Ямар учирт энд суумуй?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би зүүн газрын Тан хааны зарлигаар баруун газраас ном залахаар явах хүн бөлгөө. Зам зуур баахан амарсугай хэмээмүй.” Их хувилгаан зоримогоор гайхан өгүүлрүүн: “Тойн зүүнээс ирсэн болбоос миний уулаар дайрсан буй за?” Тансаг өгүүлрүүн: “Эрхмийн аршийн орон хаана байхыг эс мэдмүй!” Их хувилгаан өгүүлрүүн: “Түмэн өлзийт уулын таван сүлдэт сүм даруй ядуу бумба миний суусан орон болой.”


Бичин түүний ийн өгүүлэхийг сонсоод гэмтэй хүн гэгээн ухаантай хэмээгчээр яаран урагш давшиж: “Бид их замаар ирсэн бөлгөө, чиний тэнүүр таарсангүй.” Тэр их хувилгаан хуруугаар зааж инээн өгүүлрүүн: “Муу сармагчин чи хэнийг мэхэлмүй, чи сүмд орж миний жимсний модыг сүйтгэж шөнөөр оргож энд ирээд бас зайлуулан чалчмуй? Битгий явагтун! Эртхэн миний модыг төлж өг.” хэмээсэнд Бичин их л хилэгнэн шийдмийг далайн их хувилгааны толгойг дайруулан занчин орохуйд тэр их хувилгаан зайлан өнгөрүүлж, солонго татан огторгуйд гарав, бичин бас хойноос нэхэн огторгуйд гарсанд их хувилгааны үнэн дүр илрэв. 


Түүний чимсэн нь:


        Тэргүүнд улаан алтан малгай тавьж, биед тогорууны дээл өмсчээ.
        Зөөлөн ултай шаахайг хөлд өшиглөж, ёнгорын бүсийг дундуур бүсэлжээ. 
        Ариун цогц нялх хүүхэд лугаа адил, арчсан нүүр охин хүн мэт. 
        Гурван мушгиа сайхан сахал эрүүн доогуур хийсч
        Гургуулдайн өд өрвөлөг чамархайд давхарлажээ. 
        Бичинг угтахуйяа гарт зэвсэггүй, бугын сүүлийн гөвүүр сэтгэлийн аяар сажилжээ. 


Тэр бичин сайн мууг танихгүй, шийдмээр цохилон орохуйд тэр их хувилгаан гөвүүрээр шийдмийг халхлан хэдэн удаа зөрөлцсөнгүй “Орчлонг ханцуйлах” увидсыг хэрэглэн үүлний дээрээс агуу ханцуйгаа салхины эсрэг хөнгөнөөр гөвсөнд Тансаг багш шавь дөрвүүлийг морины хамт ханцуйлан аваачив. Гахай өндөр дуунаар өгүүлрүүн: “Муу болов? Бид цөм уутанд оров?” Бичин өгүүлрүүн: “Мангуу уут бус ханцуй болой.” Гахай өгүүлрүүн: “Энэ нь гарахад ямар бэрх, би малтуураар малтаж цоолбоос цөм гарч одох болой. Тэр ханцуйгаа сайтар уясангүйн учир гоожигдов хэмээн санах буй за?” хэмээгээд малтуур эргүүлэн хүчлэн занчив. Тэр ханцуй хэмээгч үзэхэд торго мэт зөөлөн боловч үнэнтээ төмөр адил хатуу тул юунд цоорох аж. Тэр их хувилгаан үйлийг эгүүлэн таван сүлдэт сүмд ирж суугаад шавь нарыг дээс авчир хэмээн дуудсанд шавь нар нь дээс авчрав. Тэр их хувилгаан яг золиг чимхэх мэтээр Тансагийг чирэн гаргаж гол дуганы баганаас хүлж, бичин, Гахай, шороо гурвуулыг гаргаж тус тус нэг багананд хүлж тавив. Морийг нь гарган онгоцонд уяад бордоо өгч тэжээв. Боодолтой юмыг нь саравчны доор орхиод их хувилгаан шавь нарт өгүүлрүүн: “Эд цөм гэрээс гарсан тойн тул илд, жад, сүх, цавчуур зэргээр эрүүдэх хэрэггүй сур ташуурыг авчран эднийг нэгэн зэрэг сайтар ташуурдаж, миний модны хариуг автугай.” Шавь нар яаран эчиж нэгэн ташуур авчрав. Тэр ташуур нь, үхэр, ямаа, тэмээ, бугын сураар хийсэн бус харин лууны сураар хийсэн долоон одны ташуур ажгуу. Нэгэн хүч чадалтай шавь нь ташуурыг усанд дэвтээж гараар заан асууруун: “Багш аа алийг урьдаар ташуурдмуй?” Их хувилгаан өгүүлрүүн: “Тансаг,  шавь нараа сургаж эс чадсан тул урьдаар түүнийг ташуурд.” хэмээв. 


Бичин үүнийг сонсоод дотроо ийн сэтгэрүүн: “Хөгшин тойн элдэгдэхүйг яахин даамуй? Хэрвээ элдэгдэж гэмтвээс мөн миний хилэнц болох биш үү?” хэмээн тэсэлгүй өгүүлрүүн: “Хувилгаан чи ташаарчээ, жимсийг хулгайлсан нь би, жимсийг идсэн нь би, модыг унагасан нь бас би. Юунд урьдаар намайг элдэхгүй багшийг элдмүй?” Тэр их хувилгаан инээн өгүүлрүүн: “Энэ сармагчны үг харин ч шуурхай, тийм болбоос урьдаар түүнийг элд!” хэмээв. Элдэгч шавь асууруун: “Хэдэн ташуур элдмүй?” Их хувилгаан өгүүлрүүн: “Жимсний тоогоор гучин ташуур элд!” хэмээсэнд, тэр шавь ташуур далайн ирмүй. Бичин, энэ ташуурт ямар нэгэн хувилгаан шид байх магадгүй хэмээн сэтгэж нүд дүгрэглэн үзвээс харин гуяыг дайруулан гуядмуй. Бичин нуруугаа мушгин “Хувил” хэмээн зандарсанд хоёр гуя нь төмөр болон хувилж элдэхийг хүлээв. Тэр шавь тоолж байгаад гучин ташуур элдсэнд хэдийн үд болжээ. Их хувилгаан бас захиж өгүүлрүүн: “Өдгөө тэр шавь нараа сургаж эс чадсан Тансагийг ташуурд?” хэмээсэнд тэр бага шавь ташуур далайн ирэхүйд бичин өгүүлрүүн: “Хувилгаан бас ташаарчээ, жимс хулгайлахыг нь багш мэдэхгүй, чиний тэр хоёр шавь лугаа сүмд хэлэлцэж байсан бөлгөө, энэ цөм бид гурвуулын үйлдсэн хэрэг, хэдий сурган эс чадсан ял буй боловч, би шавь болсны хувьд багшийг орлон элдүүлсүгэй, намаг элд.” Их хувилгаан өгүүлрүүн: “Энэ сармагчин хэдий баахан зальтай боловч, харин бас элбэрлийг мэднэм, тийм болбоос бас түүнийг элд.” хэмээсэнд тэр бага шавь гучин ташуур элдэв. Бичин хоёр гуяа үзвээс толь мэт гөлийн огт өвдөхгүй. Тэр үе тэнгэр нэгэнт орой болсон тул их хувилгаан өгүүлрүүн: “Ташуурыг усанд дэвтээж тавь, маргааш эднийг дахин элдсүгэй.” хэмээсэнд тэр ташуурыг аваачиж усанд дэвтээж тавиад үдшийн цаваа зооглоод бүгдээр тус тусын гэрт эчиж амрахыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Тансаг нулимс асгаруулан шавь нараа зэмлэн өгүүлрүүн: “Та нар хэрэг өдөөн намайг бас зовлон амсуулмуй.” Бичин өгүүлрүүн: “Бүү дэмий зэмлэгтүн, элдэхэд намайг элдсэнээс бус чамайг элдсэн бээр үгүй, чи юунд дэмий л гасалмуй?” Тансаг өгүүлрүүн: “Хэдий эс элдэгдсэн боловч хүлээсний чангыг хүлцэхүйеэ бэрх.” Шороо өгүүлрүүн: “Бид бас чамтай адил хүлэгдэж амуй.” Бичин өгүүлрүүн: “Бүү цуугилд, Бүү цуугилд, баахан удаад одвоос барав.” Гахай өгүүлрүүн: “Ах мөн худал хэлмүй! энэ нойтон дээсээр атиртал хүлэгдсэнийг тэр гэрт хоригдож оньс эвдэн одох лугаа адилтгаж болмуй?” Бичин өгүүлрүүн: “Би их үг хэлэх бус, энэ нойтон олсон дээс байтугай, аяган чинээхэн бүдүүн хялгасан таталгаар уясан ч мөн миний унгахыг даахгүй болой.” хэмээн өгүүлэлдэн атал хэдийнээ шөнө болж хүн амьтны чимээ анир тасрав. Бичин биеэ авчуулах увидас үүсгэн хүлээснээс сугаран гараад: “Багш аа, бид өдгөө явсугай” хэмээхэд шороо ихэд сандарч: “Биднийг бас аварч гаргаму.” Бичин өгүүлрүүн: “Битгий дуугар, сэмхэн байгтун!” хэмээгээд Тансагийн хүлээсийг тайлан дараагаар Гахай, шорооны хүлээсийг алдраагаад морь эмээллэн юмаа авч сүмээс гарч одов. Бас Гахайг зарж: “Тэр удаас дөрвийг авчир!” хэмээсэнд Гахай их л гайхаж: “Түүгээр юу хиймүй?” хэмээн асуусанд бичин: “Надад хэрэглэх газар буй, түргэн авч ир” хэмээв.


Тэр мангуу баахан хүчтэй тул хоншоороор дөрвөн уд сэндлэн унагаагаад бичинд авчирч өгөв. Бичин салааг нь шулж Гахай лугаа сүмд дахин орж, тэр дөрвөн модоо багананд хүлж тавиад бичин хэлний үзүүрээ зууж цус гарган, модны дээр үлээж тарни уншин “Хувил”! хэмээн зандармагц тэд дөрвөн мод тус тус Тансаг, бичин, Гахай, шороо болон хувилав. Дүр байдал тэр дөрвүүл лүгээ нэгэн адил бөгөөд үг асууваас хариулмуй, дуудваас өчмүй. Хоёул ийнхүү үйлдэж бараад сая багшаа гүйцэж, бас нэг шөнө зогсолгүй явж, таван сүлдэтийн сүмээс зайдав. 


Тэнгэр гэгээрэхийн үед, Тансаг морин дээр үүрэглэв. Бичин өгүүлрүүн: “Багш даанч үхээнц! Гэрээс гарсан хүн энэ мэт тэсвэргүй байж хэрхэн болмуй. Өвгөн Сүн би мянган өдөр эс унтавч мөн нойргүй болой. Замд хүн уулзваас элэглэмүй, мориноосоо бууж энэ уулын нөмөрт баахан амраад одсугай!” хэмээв. Багш шавь нар дөрвүүл уулын нөмөрт амрахыг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь тэр их хувилгаан үүрээр босч цав зооглоод суудалд сууж: “Ташуурыг авчир, энэ өдөр Тансагийг элдмүй.” хэмээсэнд тэр шавь ташуур барьж Тансагийн зүг “Чамайг элдмүй” хэмээсэнд тэр модон хүн: “Элдвээс элдмүй за.” хэмээмүй. Тачигнатал гучин ташуур элдээд Гахайн зүг: “Өдгөө чамайг элдмүй” хэмээвээс тэр модон хүн мөн “Элдвээс элдмүй за” хэмээмүй. Шороог элдмүй хэмээвээс мөн элдмүй за хэмээмүй. Бичнийг элдэх ээлж болоход түүний үнэн бие гэнэт цочисхийн: “Муу болов!” хэмээв. Тансаг асууруун: “Яагаад муу болов?” бичин өгүүлрүүн: “Би дөрвөн уд модоор бидний бие болгон хувилгасан бөлгөө, өчигдөр хоёр удаа ташуурдсан тул, энэ өдөр эс элдэх буй за хэмээн санав, өдгөө миний хуурмаг биеийг ташуурдах тул би ийнхүү цочмуй. Увидсаа хураан авахыг хүрэхгүй.” хэмээгээд тарни уншин хураан авав. 


Тэр шавь их л цочиж ташуураан таягдан багшид мэдүүлрүүн: “Өчигдрийн элдсэн нь цөм үнэн тойн бөлгөө, өнөөдрийн элдсэн нь цөм уд модон дүнз болжээ.” хэмээсэнд тэр их хувилгаан жихүүнээр инээн магтан өгүүлрүүн: “Энэ бичин ван хэмээгч үнэхээр чадалтай ажгуу. Эрт өдөр тэнгэрийн орныг ихэд түйвээж, тэнгэрийн эрхтэн нар томоолон байлдсан ч барьж эс дийлэв хэмээсэн нь хуурмаг бус. Чи одвоос барав, юунд модон хүнээр намайг мэхэлмүй? Хэрхэвч түүнийг уучилж болохгүй.” хэмээгээд үүлнээ хөлөглөн бараалбаас тэд дөрвүүлээ юмаа дамнаж морио хөтлөн баруунш одмуй. Их хувилгаан өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Бичин чи хаашаа одмуй! Миний орхоодой жимсийн модыг төлж өг!” хэмээв, үүнийг Гахай сонсоод: “Барав! Авцаатай хүн бас ирэв.” Бичин өгүүлрүүн: “Багш чи нигүүлсэнгүйн сэтгэлийг түр хураасугай, бид баахан хэцүүг үзүүлэн түүнийг алаад одвоос барав!” Тансаг ихэд айн чичирч хариу өчихийн урьд Шороо хэдийнээ эртний таягийг эргүүлэн, Гахай малтуураа өргөн, бичин шийдмээ далайн зэргээр давшин их хувилгааныг дундаа томоолон хийж хааж ихэд байлдав. Энэ нэгэн зэрэг ихэд байлдсаныг шүлэглэсэн нь:


        Их богд Жэн Юан Зыг угаас танихгүй,
        Ертөнц лүгээчацуу сахиулсны эрдэм чадал нууц.
        Хувилгаан гурван зэвсгийн буух нь хур бороон орох мэт,
        Хумбин дэлгэх эрдэнийн гөвүүр хуй салхинд адил. 
        Барууныг заан зүүнш занчин сэтгэлийн аяар эргүүлэн,
        Өмнийг угтан арыг хамгаалан санааны тааваар тосмуй.
        Шөнийг өнгөрөөн өглөөг болохуйяа дийлэн дийлэгдэх ялгарахгүй,
        Сунжиран ийн байлдваас хэзээ баруун оронд хүрмүй.


Тэр ах дүү гурвуулаа хувь хувийн хувилгаан зэвсэгийг далайн цугаар занчин ороход их хувилгаан хөвүүрээр тосон авч, хагас цаг байлдсангүй дөрвөн тойныг морь юмтай нь ханцуйлан аваачив. Сүмд хүрсний хойно тэр их хувилгаан суудалд сууж нэг нэгээр нь авч гаргаад Тансагийг индрийн доорхи хонгорцогт модноос хүлж, Шороо Гахай хоёулыг нь хоёр талын модноос хүлж тавив. Ганц бичний дөрвөн мөчийг нь гэдрэг татаж гүлсэнд тэр дотроо “Надаас шүүн асуух буй за?” хэмээн бодож байтал тэр их хувилгаан шавь нарт  арван бүхэл бүс авчир хэмээн захив. Бичин Гахайн зүг инээн өгүүлрүүн: “Дүү минь, энэ харин нэгэн сайн санаатай хүн ажгуу, тэр бүс авчирч бидэнд дээл хийж өгнөм! Бид сайтар арвилж илүү хэдэн зах хийвээс барав” хэмээтэл тэдгээр шавь нар бүхэл нэгэн ёрог авчрав. Тэр их хувилгаан өгүүлрүүн: “Тансаг, Гахай, Шороог боож тавь!” хэмээсэнд олноор урагш давшин хэдийнээ боов. Бичин үүнийг үзэн их л инээн өгүүлрүүн: “Сайн, сайн, амьдаар авслах буюу” хэмээтэл бас элдэв зүйлийн шир авчирч тэд гурвуулын толгойг гаргаж гадуур боосон бүсийг нийдэм ширтсэнд Гахай өгүүлрүүн: “Толгой гайгүй, ганц доогуур нэгэн нүх үлдээвээс өтгөн шингэнээ гаргахад сайн!” хэмээв. Тэр их хувилгаан шавь нараа дуудан нэгэн их манзан тогоо авчируулсныг бичин үзээд Гахайн зүг инээн өгүүлрүүн: “Сайн болов! Тогоо авчрах нь лав. Бидэнд хоол хийх буй за?” Гахай өгүүлрүүн: “Тийм болтугай, бид сайн идээд үхэвч мөн гомдолгүй болой.” Шавь нар манзан тогоог дамнаж индрийн доор тавьсанд их хувилгаан мөн олныг олж хуурай түлээ авчруулж гал хөгжөөж өгүүлрүүн: “Тогооны дотор тос хийгтүн, бичнийг тосонд буцалгаж орхоодой жимсийг өгөөд өшөөгөө авсугай!” хэмээв.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 49 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 37 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 5 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 9 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 52 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 25 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 28 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 29 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 3 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 12 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 22 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 27 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 50 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 7 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 1 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 25 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 26 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 41 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК