зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ:


ЦЭЦЭГ ЖИМСТ УУЛНАА ОЛОН БИЧ ЦУГЛАВ
ЦЭЛГЭР НАРСАН ОЙД ТОЙН ТАНСАГ ШУЛАМД УЧРАВ


Өгүүлэх нь, Бичин багш хэдий Тансагт хөөгдсөн авч мөнхүү дурсан санагалзаж шүүрс алдан явсаар хэдийнэ дорно далайд хүрч: “Би энэ замаар явсангүй нэгэнтээ таван зуун жил болжээ!” хэмээн өгүүлээд далайн усыг үзвээс: 


        Хүдэнт долгион ойлсож, тэнгэрийн оёдолд залгалдаж, 
        Хүчит давалгаан бууж газрын судалд нэвтэрмүй. 
        Долгилох усан, нижигнэх аянга хаврыг зандрах мэт, 
        Түрхрэх цүнхээл догшин салхи зуныг үлдэх адил. 
        Луу хөлөглөсөн өтгөс эчих, ирэхүйд зовниж, 
        Тогоруу унасан арш өнгөрөх буцахуйд зүрхшээмүй. 
        Хөвөө хавьд айл тосохгүй, 
        Хөхөмдөг уснаа загасчны завь цөөн, 
        Хүрхрэх давалгаан мөнх цасыг цайлзуулан,
        Хүчит салхин зуныг намар болгожээ. 
        Жигүүрт болжмор дураар орж гаран, 
        Зэрлэг ахууна тааваар шумбан дэгдэж, 
        Загас гөхдөх хүний бараа харагдахгүй, 
        Жиргэн донгодох цахлайн дуу л сонстмуй.
        Усны гүнд яраалах загас цэнгэлдэж, 
        Огторгуйн цээлд өнгөрөх галуу төвөгшөөмүй.


Бичин багш нэгэнтээ тонгорцоглон дорно далайг өнгөрөн хэдийнэ Цэцэг жимст уулнаа хүрэв. Үүлэн толгойг дарж доош нарийвчлан үзэхүйеэ тэр ууланд цэцэг өвч цөм үгүй болж утаа униар тасран цавчаал сарьдагууд эмбэрэн (хагаран) нурж, ой мод шатагдан хувхайрчээ. Яахан энэ зэрэгт хүрэв? хэмээвээс тэр тэнгэрийн ордныг түйвээж дээр тэнгэрт баригдан эчсэнээс хойно энэ уулыг Эл Лан богд Мэй шан уулны ах дүү долуулыг дагуулан ирж галдан талсан ажгуу. Бичин багш үзээд нэн ч уяран гашуудав. Уул хувхайрч үзэмж буурсныг эртний шүлэгт шүлэглэсэн нь: 


        Эрхэм уулыг эргэн үзэхүйеэ нүдэн нулимс цувран, 
        Эл хуль сарнин буурсанд нэгэнтээ уярмуй.
        Эрт өдөр сүрлэг уулс гэмтэл сүйтэлгүй хэмээлээ
        Өдгөө үзээд нутаг орон эвдрэн сөнөснийг мэдэв.
        Хорсолтой нь Эл Лан хөвгүүн атал гэрийг сүйтгэж, 
        Хувилгаан эрдэмт Бич намайг тэсч ядтал давчлав.
        Аллага хийж, хуучид шүтээний чинь бумбыг малтсанаас бус,
        Аав дээдсийн чинь тавьш мугуудад халдаж явсангүй бөлгөө. 
        Агаар тэнгэрт хүдэн манан бултаар арилан замхрав,
        Алтан дэлхийд салхи үүлс үл сарних юун? 
        Зүүн даваанд эрээн барсын хүрхрэх дуун намдаж
        Баруун уулнаа цагаан сармагчны орилох чимээ зогсон,
        Хойд завд үнэг туулайн зорчсон мөр арилж
        Өмнөд хавцалд буга гөрөөсний бараа сүүдэр тасарчээ.
        Цэгээн чулуу голд шатагдаж хэсэгт шороод адил,
        Цэлгэр элс түймэрт түлэгдэн овоодой шавар мэт болжээ.
        Агуйн гаднах хөгшин нарс бүгдээр хэлбэрэн ойчоод 
        Асгын өмнөх ногоон майлс цөм цөөрөн шингэрээд
        Арц зандан ховол цөөрс бултаар шатагтан барж,
        Алим гүйлс тоор чавга бүгд сүйдэн дуусчээ.
        Бөлжиргөнө ялам ор тасарсанд хүрийг хэрхэн тэжээсү?
        Бургас хулс хувхайран шингэрсэнд болжмор хаана үүрлэмүй?
        Бултгар хадны гайхамшигт чулуу тоос шороо болж
        Булаг хүрхрээ хатан ширгэж өвс дүүртэл ургажээ.
        Цавчаал хаднаа шороо харлаж гүнжид 
        Цахилдаг булагдан чанадах замын шавар улайж 
        Зэл ороонго үргэлжилмүй, 
        Эрт өдрийн жигүүртэн шувуу хааш нисэн зугатав? 
        Эргэцэн тойрох араатан амьтан аль ууланд эчив? 
        Элийрэн хувхайрсан энэ газрыг ирвэс гүрвэл жигшиж 
        Эвдрэн сөнөсөн энэ орноос тогоруу могой зайлмуй. 
        Энэ мэт зовлон амсах заяа тавилангийн үндсийг эргэцүүлэн санаваас 
        Эрт өдрийн нүгэл үйлдсэний үр буй за.


Тэр Бичин хараахан эмгэнэн байтал өлөн өвст уулан хажуугийн өргөс сондуулт зав дотроос дуу гарч долоо найман бяцхан Бичин үсрэн гарч хүрээлэн ирж мөргөн: “Бичин өвөг өнөөдөр харьж ирэв үү?” хэмээмүй. Бичин ван өгүүлрүүн: “Та нар яахан цэнгэн наадахгүй нэг нэгээр нуугдан далдалмуй? Би ирээд өдий удтал та нар бараа сүүдэр харагдахгүй учир юун?” Бичнүүд сонсоод цөм нулимс цувруулан өчрүүн: “Бичин ван дээр тэнгэрт баригдан эчсэнээс хойш бид бүр гөрөөчин хүний халыг амсаж үнэхээр гаслангийн далайд унав, тэнд хүчит нум, хурц сумаар харван, аварга харцгай авын нохойгоор хөөж, өгөөш тор гох жадаар даран барих тул амь биеийг хайрлан аймшиггүй наадахаар гарч чадахгүй, агуй хонгилд нуугдаж үүр ил тул далдлан, өлсвөөс хажуугийн өвсийг сэмээр идэж, ундаасваас горхины уснаас ирж ундалмуй, сая Бич өвгийн дууг сонсч угтан золгохоор ирсэн бөлгөө, өршөөн тэтгэх ажааму?” Бичин эдгээр үгсийг сонсоод нэн ч сэтгэл эвхрэн уярав. Бичин асууруун: “Энэ ууланд та нар хэд баймуй?” Бичнүүд өчрүүн: “Хөгшин залуутай мянгаад баймуй.” Бич өгүүлрүүн: “Урьд намайг байхад дөрвөн түм долоон мянган бич байсан бөлгөө, өдгөө цөм хаана одсон бэ?” Бичнүүд: “Өвгийг явснаас хойно энэ уул Эл Лан богдод галдагдан их хагас нь шатагдан үхэв. Бид худаг дотор нуун, булаг дотор шургаж, төмөр гүүрэн доор далдалж амь гарав. Түймэр унтарсан хойно гарч ирэхүйеэ амь зуух цэцэг жимс цөм үгүй болсон тул оршин суухуйяа бэрх болж хагас нь мөн өөр газар нүүн одоод манай энэ хагас нь гаслан зовлонг хүлцэн уулнаа суув. Энэ хоёр жил гөрөөчин ард ирж хагасыг нь барин аваачжээ.” Бичин өгүүлрүүн: “Тэд таныг барин аваачиж юу хиймүй?” Бичнүүд: “Энэ гөрөөчин ард үнэхээр заналтай болой! Тэд манай холховч суманд оногдон, хорлогдон, цохигдон үхсэнийг нь аваачиж, арьсыг өвчин ясыг шулж жанд чанан, цуунд жигнэж, тосонд буцалгаж, давсанд хуурч будаанд зуушилмуй. Эсвээс тэдгээр торд унан, хориулд баригдсаныг амьдаар аваачин тэднээр наадам болгон үсрүүлэн харайлгаж, тонгорцоглон хөрвүүлж дэвтрүүлэн гүйлгэж зээл дээр аваачин харанга цан цохиж санаан тааваар наадмуй.” хэмээжээ.


Бичин сонсоод ихэд хилэгнэн: “Агуй дотор хэн хэрэг шийтгэмүй?” хэмээн асуусанд Бич өчрүүн: “Мөн тэр Ма, Льюй хоёр өрлөг болон Бэн, Ба хоёр баатартан захирмуй.” Бич: “Та нар эчиж намайг ирэв хэмээн тэдэнд мэдүүл.” хэмээсэнд бяцхан Бичин үүдээр түлхэн орж “Бичин өвөг харьж ирэв.” хэмээн мэдүүлсэнд Ма, Льюй, Бэн, Батан цөм яаран гарч мөргөн золгож угтан оруулав. Бич суудалд сууж бага Бичид өмнө ирж ёслон асууруун: “Сонсвоос Бич өвөг ойрд амь гарч Тансагийг хамгаалан өрнө зүгт ном залаар эчив хэмээсэн бөлгөө, яахан өрнөш эчихгүй, ууланд буцан ирэв?” Бич өгүүлрүүн: “Хүүхэд та нар хараахан мэдэхгүй, тэр Тансаг хэмээгч мэргэн мунхгийг танихгүй, би нэгэн замд шулмасыг даран энэ биеийн эрдэм чадлыг шавхан хэдэн удаа шулмыг алсан бөгөөтөл тэр намайг амьтныг хороон нүгэл үйлдэв хэмээн шавь болгон авахгүй хөөн явуулж бас Үлдэх бичиг бичин ашид үл хэрэглэмүй хэмээв.”


Олон Бичин алга ташин их л инээлдэн: “Үнэнхүү буян болой! Бас ямар тойн болсугай хэмээмүй? Гэрт буцан ирж биднийг дагуулан хэдэн жил наадагтун!” хэмээгээд: “Хурдан наргилын архи авчирч Бичин өвгийг угтах хурим бэлтгэ” хэмээн дуудав. Бичин өгүүлрүүн: “Архи уухыг түр болигтун. Би та нараас асуусугай, тэр гөрөөчин ард хэдий удваас манай уулнаа нэгэн удаа ирмүй?” Ма, Льюй хоёр өрлөг өгүүлрүүн: “Ямар цаг хэмээн ялгалгүй, тэд өдөр туж манай энд түйдмүй.” Бич багш өгүүлрүүн: “Өнөөдөр тэд яахан ирсэнгүй вэ?” Ма, Льюй хоёр өчрүүн: “Удалгүй ирэх болой.” Бич багш захин өгүүлрүүн: “Хүүхэд ээ, бүгдээр уулан дээрээс шатанхай чулууг зөөн авчирч, хорь гуч дөч тавин хэсгээр овоолон тавигтун, надад арга буй”. Тэдгээр бяцхан бич сүрэглэн гарч олон овоо чулуу овоолжээ. Бичин багш үзээд даруй: “Хүүхэд ээ, бүгдээр агуйд далдлагтун, өвгөн Бичин бээр увидас гаргасугай” хэмээв. 


Бичин багш уулан оройд гарч үзвээс гэнэт өмнө этгээдээс хэнгэрэг харанга нүржигнэн цангинаж, мянга илүү морьтон авын бүргэд, ангийн нохой дагуулан жад илд барьж ирмүй. Бич ван тэдгээр хүмүүсийг нарийвчлан үзвээс цөм догшин сүртэй эрэмгий эрс ажээ. Үнээр:


        Үнэгэн малгайг тэргүүнд өмсч, 
        Өнгөт магнагийг биед хэдэрчээ. 
        Өдөт сумыг саадагт дүрж, 
        Үзэмжит нумыг ташаанд зүүжээ. 
        Өнгөлзөх хүн нь өгөөш эрэх барс мэт, 
        Үсрэлдэх агт нь завыг харайх луу адил. 
        Авын нохдыг өмнө хойноо сүрэглүүлж
        Анч бүргэдийг дал мөрөнд суулгажээ. 
        Үхэр бууг туйван сагснаа дамнаж, 
        Үнс дарийг ход ховдонд дүүргэжээ. 
        Өндөр савааг багц багцаар авч 
        Үзүүрт сэрээг тэвэр тэврээр тээжээ. 
        Унагаж авах урхи торыг ачин, 
        Уургалж авах бойм цалмыг ганзагалжээ.
        Өлөн чоно мэт бүгдээр дэмий л орилолдож 
        Үдшийн од мэт уул бүрхэн дүүрмүй. 


Тэдгээр хүмүүс уулан өөд бүрхэн ирэхүйг Бичин багш үзээд дотор ихэд хилэгнэн тарни уншиж хийн орноос нэгэн ам хий сорон авч үлээн илгээсэнд их хар салхи дэгдэв, тэр салхийг үзвээс үнээр: 


        Улаан тоос дэгдэж элс шороо хийсэн, 
        Ургаа модыг үгтээн ой шугуйг хугачмуй. 
        Ойлсох давалгаан уул мэт босч, 
        Оргилох долгион даваа мэт хөндөлдмүй. 
        Шар манан сансрын нарыг халхалж, 
        Шороо тоос хөрст газрыг бүрхжээ. 
        Балар ой барс урхирах мэт дуурьсч, 
        Баглагар хулс луу хүнгэнэх мэт шуугьмуй. 
        Хар салхи босч хамаг амьтныг бусниулан 
        Хайр чулуу дэгдэн хүн амьтныг хөнөөмүй.


Их богд ийм хар салхи дэгдээн хайр чулуу хийсгэж, мянга илүү хүнийг сөнөөсөн нь үнэхээр:


        Хайр чулуунд цохигдон хар тэргүүн нь хагарч, 
        Хад модонд дайрагдан хүлэг морь нь үхжээ. 
        Хүүр яс нь хөсөр хэвтэж, 
        Хүрэн цус нь асгарчээ. 
        Өрх гэртээ эгнэгт эргэж үл чадан, 
        Эхнэр хүүхдээсээ үүрд хагацжээ.
        Шүлгийн үг нь:
        Хүн алагдаж хөлөг үхсэнээ харьж хэрхэн чадмуй?
        Хөөрхий сүнс хөдөө хээр хэсэн тэнүүчилмүй.
        Эвүү хайрхан эрэмгий баатарчууд хэмээгдсэн эдгээр хүмүүс өдгөө
        Эрхэм дордсын ялгалгүй элс шороонд булагдав.


Бичин багш үүлэн толгойг доош залж алга ташин их л инээж: “Сайн болов! Тансагт орж өгснөөс хойш тэр үргэлж намайг сургах нь: “Мянган өдөр буян үйлдэвч бээр буян басхүү дутагдмуй, нэг өдөр нүгэл үйлдвээс нүгэл харин илүүдмүй” хэмээх бөлгөө, энэ үг үнэн ажгуу! Би түүнийг дагаж явахуйд хэдхэн шулмыг алсанд тэр намайг амьтныг хөнөөв хэмээмүй, өдгөө гэрт ирээд харин ийм олон гөрөөчин ардыг хөнөөжээ” хэмээгээд даруй: “Хүүхэд ээ, гарч ирэгтүн!” хэмээн дуудсанд олон бичин сонсвоос хар салхи өнгөрөн намдаж Бичин багш дуудах тул бүгдээр үсрэн гарч ирэв. Бичин багш өгүүлрүүн: “Тануус уулан энгэрт эчиж, тэдгээр цохигдон үхсэн гөрөөчин ардын хувцсыг тайлан авчирч цусыг угаан хувцас болгон өмсч, үхэгсдийн хүүрийг гүн завт хаян, үхсэн морьдыг чирэн авчирч арьсыг өвчин гутал хийж өмсөөд, махыг нь хадгалан идэгтүн. Тэдгээр нум сум, жад илдийг авч зэр зэвсэг болгон, тэдгээр өнгө бүрийн туг хиурыг надад авчирч өг” хэмээхүйд олон Бичин нэгд нэгээр хүлээн авав.


Бичин багш тэдгээр туг далбааг задлан угааж өнгө өнгөөр нийлүүлсэн нэгэн алаг туг хийж, түүний дээр “Цэцэг жимст уулыг дахин засаж, Усан үүдэт агуйг шинэтгэн сэлбэсэн тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн бичээд агуйн амсарт шорог босгон өлгөөд, өвс бордоо, амуу хүнсийг цуглуулан “Хувраг” хэмээх үгийг огоот дурдахгүй болов. Түүнд найз танил олон бөгөөд эрдэм чадал их тул, дөрвөн далайн лусын хаадаас хувилгаан рашаан зээлж уулыг угаан шинэтгээд энгэрт уд улиас, ард нарс майлс тарьж, алим чавга тоор жүрж тэргүүтэн зүйл бүрийн жимсийн модыг ургуулан эрх дураар аж төрөн суухыг хэлэхгүй.


Тэндээс Тансаг хов үгийг үнэмшин хувилгаан Бичинийг үлдэн илгээгээд моринд мордож, Гахай өмнө нь зам удирдан, Шороо амьтай боодлыг дамнан өрнөш явсаар цагаан барсын давааг өнгөрсөн хойно гэнэт нэгэн балар ой тохиолдов. Үзвээс үнээр зэл ороонго ширэлдэн, нарс майлс хөхрөн ногоормуй. Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, уулан замын бэрх бартаатайн дээр бас ой мод ягч зузаан тул хичээн сэрэмжлэгтүн! Энд шулам араатан чөтгөр тохиолдуузай” хэмээхүйд Манхуу Гахай зориг гарган Шороогоор морийг хөтлүүлэн өөрийн бие малтуур өргөн зам удирдсаар шууд нарсан ойд оров. Хараахан явж атал хутагт тойн морио зогсоож өгүүлрүүн: “Гахай, би нэгэн өдөр явж үнээр өлсчээ. Ямар газраас баахан хоол цав бадарлаж надад идүүлмүй?” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Багш мориноос бууж энд хүлээж байгтун, өвгөн Гахай бээр эрэхээр эчсүгэй” хэмээв. Хутагт тойн мориноос бууж, Шороо дамжуураа тавин бадар аягыг гарган Гахайд өгсөнд Гахай: “Би одмуй” хэмээв. Хутагт тойн асууруун: “Хааш эчмүй?” Гахай өгүүлрүүн: “Хамаарах хэрэггүй, Бичин жич эчвээс халуун гал дотроос мөс эрж, хар усан дээгүүр өрөм суулгавч хоол цав олж чадмуй.”


Тэр нарсан ойгоос гарч баруунш арваад газар явтал айл тосгоны бараа харагдахгүй, үнэнхүү араатан чоно сүлжилдэхээс бус айл амьтан үл харагдах атар цөл газар ажгуу. Манхуу Гахай явсаар алжааж дотроо ундууцан өгүүлрүүн: “Анханд Бичин байхуй цагт хөгшин тойн юуг авсугай хэмээвээс цөм олдмуй, өдгөө миний биед тулж ирсэнд “Гэрийн эзэн болоод сая цагаан будааны үнийг мэдэв.” хэмээсэнчлэн үнэнхүү бадар барих газар үл олдмуй.” хэмээн мөн баахан явбаас нойр хүрэн үүсгэж дотроо санаруун: “Би хэрвээ даруйхан буцваас хөгшин тойнд цав олдохгүй хэмээн хэлэхүйд тэр миний хол явсныг үл үнэмшмүй, эрхгүй илүү баахан удаж эчвээс сая мэдүүлэн хэлэхүйд сайн. Больтугай, энэ өлөн өвснөө түр унтсугай” хэмээгээд Манхуу Гахай өлөнд шурган унтав. Анханд түр баахан дугжирваас даруй боссугай хэмээсэн авч зам хөөж бие алжаасан тул толгой тавьмагц хурхиран унтжээ.


Гахай энд унтахыг түр хэлэхгүй. Жич Өгүүлэх нь, хутагт тойн ой дотор чих хангинан нүд татаж, дотор амаргүй болоод яаран эргэж Шороог дуудаж өгүүлрүүн: “Ү Жин ээ, Гахай цав бадарлаар эчээд яахан ийм удтал эс буцмуй?” Шороо өгүүлрүүн: “Багш мэдэхгүй болой, тэр баруун газрын хүний цав өргөх олныг үзвээс хэвлий нь их тул чамайг юуны хэрэгсмүй? Идэж цадсан хойно сая буцаж ирэх буй за. Тансаг өгүүлрүүн: “Тийн болой, тэр хэрвээ өөртөө хоолонд шунаж сууваас Бид түүн лүгээ хаана учирмуй? Тэнгэр орой болов, энэ газар хоноглож болох орон бус. Эрхгүй нэгэн хоногийн газар олбоос сая зохимуй.” Шороо өчрүүн: “Хамаагүй, багш түр энд сууж агтун, би түүнийг эрж ирсүгэй” Тансаг өгүүлрүүн: “Ингэвээс зүй, цав олох эсэх хамаагүй, хоногийн газар олох нь чухал.” Шороо эрдэнийн шийдмийг шүүрч нарсан ойгоос гарч Гахайг эрэхээр одов. 


Хутагт тойн ой дотор ганцаар суухуйд ихэд бухимдан алжаавч арга буюу хатуужин босоод амьтай буудлыг нэгэн доор овоолж морийг модноос уяад бүрх малгайг авч гохир таягийг тулан дээл хувцсыг засаад уйтгарыг сэргээсүгэй хэмээн ой дундуур алхлан эчив. Хутагт тойн хээрийн өвс, уулын цэцгийг үзэн, үүрт эгэх шувууны шуугианыг сонсон явсаар, ой доторх зузаан сөөг, зөрөг цуваад ороод санаа сэтгэл уймран бухимдах давхцаж санамсаргүй зам төөрчээ. Тэр нэгд болбоос уйтгар сэргээсүгэй, жичид болбоос мөн Гахай Шороог эрсүгэй хэмээсэн бөлгөө. Тэр хоёр ас баруунш явсан атал, хутагт тойн санамсаргүй нэгэн зэрэг тойроод өмнөш чиглэн явжээ. Нарсан шугуйгаас гараад гэнэт тэргүүн өргөвөөс тэртээ этгээдэд нэгэн хэрмээс алтан гэрэл цацран өнгөт туяа татмуй. Нарийвчлан харваас үзвээс нэгэн эрдэнийн суварга аж, түүний алтан ганжираас гэрэл цацарсан ажгуу. Жаргах наран ташуу тусахуйяа алтан ганжираас гэрэл цацарч байх нь энэ ажгуу. Тэр өгүүлрүүн: “Миний шавь нарын хувь зохиол муу ажгуу. Зүүн тивээс мордсоноос нааш, сүм тохиолдвоос хүж шатаан, бурхан учирваас мөргөл хийж, суварга харгаваас арилган цэвэрлэмүй хэмээн зорьж асан бөлгөө. Тэр гэрэл цацрах нь чив хэмээн нэгэн шижир алтан эрдэнийн суварга бус уу? Юун хэмээн түүний өөд эчихгүй аж? Суварганы дэргэд лав сүм хийд буй бөгөөд сүмд лав тойн хувраг буй болой. Би эчиж үзсүгэй, энэ газраа замын хүн үгүй тул амьтай боодол, бөх цагаан морийг энд орхихуйд бодвоос хамаагүй. Хэрвээ тэнд тухтай газар буй бөгөөс шавь нар ирсэн хойно хамт хоног гуйсугай” хэмээв. Аяа,


Хутагт тойны уруудах цаг нь ирж, гэхэлзэн алхсаар суваргын дэргэд хүрэв. Үзвээс:


        Өнгийм хад үүлнээ шургаж, 
        Өндөр оргил тэнгэрт тулжээ. 
        Уулан хормой үргэлжлэн хошуурч, 
        Асга шорон сэгийлцэн сүндэрлэжээ, 
        Ой мод нягтран ургаж, 
        Ороонго зэл үргэлжлэн бүрхжээ. 
        Ургаа цэцэг үлээх салхинаа сажлан, 
        Урсах усан үдшийн сарыг угтмуй. 
        Гүн завд хувхай мод дамнаж, 
        Гөлгөр хаднаа хатмал ороонго наалджээ. 
        Чулуун гүүр доогуур булгийн ус хоржигнон урсч, 
        Чанад довжоон дээр цагаан хөвд ургажээ. 
        Холоос харахуйяа хутагт гурван арал лугаа адилшаан, 
        Хавьтаж лавлан үзэхүйеэ хувилгаан орон Пэн Лайгаас хэтийдмүй. 
        Өндөр нарс суман хулс зав горхиор ургаж, 
        Өнгийн шувуу сонин сармагчин асга хаднаа сүлжилдмүй. 
        Агуйн гадна араатан бүлэг бүлгээр явж, 
        Ойн дотор жигүүртэн сүрэг сүргээр нисмүй. 
        Өвс ногоо цэлгэрэн ургаж, 
        Үзэмжит цэцэг бадран дэлгэрчээ. 
        Эндэх нь илэрхийеэ шулмын орон бөгөөтөл 
        Өдгөө тойн уршиг тохион өөрөө хүрч иржээ. 


Хутагт тойн их алхмаар суварганы үүднээ хүрвээс нэгэн одончир хулсан орхиул өлгөжээ. Тэр орхиулыг сөхөн дотогш ороод гэнэт тэргүүн өргөн үзвээс чулуун ор дээр нэгэн шулам хэвтэж амуй. Түүний төрсөн байдал төлөв шинжийг хэлбээс:


        Бараан хөх царай нь барайж, 
        Барзгар хүрэн сахал нь сэрвийжээ. 
        Гал улаан үс нь босч, 
        Гахайн дөрвөн соёо нь бултайжээ, 
        Шаах шонхорын хамар нь хохойж, 
        Шар шувууны нүд нь гилийжээ. 
        Зангидсан хоёр нударга нь манцуу мэт, 
        Жийсэн хоёр хөл нь дүүцэн адил. 
        Дээгүүр нөмөрсөн шар нөмрөг нь карша дээлээс хэтийдэж, 
        Дэргэд тавьсан хурц илд нь эрдэнийн сэлэм лүгээ тэнцмүй, 
        Хад чулуун ор дээр агч энэ шулам хэмээгч 
        Хамаг өчүүхэн шулмаст ноён хэмээн өргөгдмүй. 
        Ийнхүү тэрээр өчүүхэн шулмасыг дайчлан жагсаал жагсааж ч үзлээ, 
        Өндөр ширээнд сууж өрлөг болж ч үзлээ. 
        Сарны гэгээнд хэдүүл суун, сархад ууж ч үзлээ, 
        Салхин дөлөөнд ханцуй гөвж цай зооглож ч үзлээ. 
        Хувилгаан увидсаар их тул хоромхон зуур хорвоо ертөнцийг эргэмүй. 
        Хутагт аршийн тарьсан тариалангаас хасын жимс хурааж, 
        Хувилгаан бумбын хөгжөөсөн галд эрдэнийн үрэл бүтээмүй. 
        Энэхүү бага агуй нь Аюуш тамд арай хүрэхгүй байсан ч 
        Этгээд муухай шулмасууд нь эрлэгийн элчээс хэтийджээ.


Хутагт тойн шулмын шинжийг үзээд хирдхийн цочиж хойш хэд алхам ухран бүх бие нь мэдээ алдаж, хоёр хөл нь сулран зөөлрөөд яаран бие эргэн гадагш гартал тэр шулмын сонор хурц тул хэдийнэ шулмын шар нүдээ нээж: “Хүүхэд ээ, үүдэн гадна ямар хүн баймуй?” хэмээн дуудахуйд нэгэн бяцхан шулам толгой бултайлган гадагш үзвээс нэгэн мухар толгойт тойн тул яаран дотогш гүйн орж мэдүүлрүүн: “Их Ван аа, гадна бов бондгор толгойтой, мав мантгар хацартай, зув зузаан чихтэй, зөв зөөлөн махтай нэгэн тарган тойн буй!” хэмээв. Тэр шулам сонсоод дуу алдан инээж өгүүлрүүн: “Энэ үнээр “аманд орсон мах, аяганд орсон загас” болой. Хүүхдүүд ээ, нисэх мэт нэхэмжлэн эчиж надад барьж авчирваас шан шагнамуй.” Тэдгээр бяцхан шулам багшралдан гарч, түрхрэлдэн нэхэв. Тансаг үзээд хэдий сандран зугтаж хурдан дутаасан ч дотор мэндүүрэн бальдаж хоёр хөл суларсны дээр бас уулан зам энхэл донхол, ой шугуй ягч зузаан, өдрийн нар бас орой болсон тул яахан дутаан гарч чадах аж? Тэдгээр бяцхан шулам барьж аваад хөндлөн дамнаж аваачив. Энэ үнээр:


        Гүехэн горхид луу умбахуйа сам хорхойд доромжлогдон, 
        Гүн уулнаас барс салбаас гөлөг нохойд дарагдмуй. 
        Хэдийгээр сайн явдал саад олонтой хэмээвч 
        Хэн хүн Тансагийн адил бэрхийг амсаж үзлээ?


Тэдгээр бяцхан шулам Тансагийг дамнан авчирч хулсан орхиулын гадна тавиад баярлан инээлдэж: “Их Ван аа, тэр тойныг барьж авчрав.” хэмээн мэдүүлсэнд шулам хулгай нүдээр хяламхийж харваас үнээр лагшин бэлгэтэй тойн ажгуу. Тэр дотроо “Энэ тойн эрхгүй дээр газрын хүн болой, хөнгөвчлөн үзвээс болохгүй, хэрвээ баахан сүр үзүүлэхгүй бөгөөс үүнийг яахан номхотгох аж? хэмээн бодоод сүр мандуулан гал улаан сахал үсээ босгож, хараахан хоёр нүдээ төгрөглөн их дуунаар зандран, “Тэр тойныг ац!” хэмээсэнд олон шулам нэгэн дуунаар “Жа” хэмээн хүлээн авч, Тансагийг дотогш түлхлэн оров. Энэ үед Тансаг “Богино саравчны доор тэргүүнээ эрхгүй бөхиймүй” хэмээсэнчлэн арга буюу алгаа хамтатган түүнд мэхийн ёслов. Тэр шулам: “Чи ямар газрын тойн бэ? Хаанаас ирж хааш одмуй? Хурдан тодорхойлон өчигтүн!” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Би болбоос Тан улсын тойн болой, Их Тан хааны зарлигаар баруун газраас бурхны ном залаар эчмүй, эргэн уулаар өнгөрөхүйд эрдэнийн суваргат мөргөсүгэй хэмээж байгаад санамсаргүй эрхэм таныг цочоов, ялыг хэлтрүүлэх ажааму. Баруун газраас ном залаад зүүнш эгсэн цагт ариун алдрыг ашид дурсмуй!” Тэр шулам сонсоод тачигнатал инээж: “Би чамайг дээр их гүрний хүн хэмээсэн үнэн ажгуу. Цав хэмээн чамайг идсүгэй хэмээж атал харин хүрч иржээ! Маш сайн болов! Бус бөгөөс талаар алдан илгээх бус уу? Чи болбоос миний өгөө тул нэгэнтээ хүрч ирсэн хойно тавин явуулмуй хэмээн битгий санагтун!” хэмээгээд бяцхан шуламд: “Энэ тойныг аваачин хүлэгтүн!” хэмээхүйд үнээр олон шулам томоолон ирж Тансагийг атиртал хүлээд сүнсийг дуудах баганад уяж тавив.


Их шулам мөн илд барин хүрч ирээд асууруун: “Тойн чи хэдүүл явж амуй? Аймшиггүй ганцаар баруун газар эчих бус буй за?” Тансаг түүний илд барьсныг үзээд номхон шударгаар өчрүүн: “Их Ван аа, надад хоёр шавь буй, нэр Гахай, Шороо хэмээмүй. Цөм нарсан ойгоос гарч цав бадарлаар эчжээ. Бас нэгэн дамнуур амьтай боодол болон нэг бөх цагаан морь бий, цөм нарсан ойд баймуй” хэмээв. Их шулам: “Үнээр буян тохиожээ, хоёр шавь чам лугаа бүгд гурвын дээр нэгэн морийг нэмбээс цадтал нэгэн цагийн цав барьмуй.” хэмээтэл бяцхан шулмас “Бид эчиж түүнийг барьж авчирсугай!” хэмээв. Их шулам өгүүлрүүн: “Битгий гарагтун, тэр хоёул цав олж авчирваас лав багшдаа идүүлсүгэй хэмээн эрэх болой, эрээд эс олдвоос лав манай үүднээ эрж ирмүй”. Эртний үгэнд “Хүргэж ирсэн наймаа хямд” хэмээсэнчлэн тэр цагт жич алгуур барьсугай.” Олон шулмас өмнө үүдээ хаав.


Тансаг зовлонд унасныг түр хэлэхгүй. Тэндээс Шороо ойгоос гарч Гахайг эрсээр арваад газар явтал айл тосгон үл харагдах тул өндөр довцогт гарч хараахан бараа харж атал гэнэт өлөн өвснөө үг хэлэлцэх сонсодсон тул яаран шийдмээр өлөнг ярж гүн өвснөө эрвээс үзвээс Манхуу Гахай өлөн дотор унтаж зүүдээр үг хэлж, асан ажгуу. Төдий Шороо түүний чихнээс татан сэргээгээд: “Манхуу, багш чамайг цав бадарла хэмээснээс бус энд унтагтун хэмээсэн буюу?” хэмээхэд Манхуу Гахай балаг алдан босоод, “Дүү минь ямар цаг болж баймуй?” хэмээв. Шороо өгүүлрүүн: “Хурдан босогтун, багш, бид хоёулыг цав олох эсэх хамаагүй хоногийн газар эрэгтүн” хэмээж амуй. Манхуу Гахай тэнтэр мүнтэр алхан бадар аягыг аван малтуураа чирэн Шороо лугаа буцан ирэв. Ой дотор орж үзэхүйд багш нь алга болсон тул Шороо ундууцан өгүүлрүүн: “Багшийг лав шулам аваачсан буй за, энэ цөм Манхуу чи цав бадарлаар эчээд эс ирсний уршиг болой!” Гахай инээн өгүүлрүүн: “Дүү чи битгий дэмий өгүүлэгтүн, энэ ой дотор болбоос ариун сэлүүн орон тул шулам үгүй болой, бодвоос лав хөгшин тойн хүлээж ядан нэгэн тийш зоогхийр одсон буй за, бид эрээр эчсү.” Тэд хоёул морио хөтлөн амьтайгаа дамнаж, нөмрөг таягийг хураан аваад нарсан ойгоос гарч багш юугаа эрэн одов.


Тансагийн тоо хэмжээ хараахан гүйцээгүй тул, тэд хоёр дэмий эрсэнгүй гэнэт ас өмнө зүгт алтан гэрэл цацран харагдсанд Гахай өгүүлрүүн: “Дүү минь, буянтай хүнийг булж үл болмуй, тэр гэрэл цацрах нь нэгэн эрдэнийн суварга болой, багш лав тэнд эчжээ. Хэн аймшиггүй хөнгөвчлөх аж? Бодвоос эрхгүй цав манз бэлтгэн дайлж амуй. Бид мөн түргэн явж цаваас амжин идсүгэй.” Шороо: “Ах аа, сайн мууг урьдаас хэлэхүйеэ бэрх, бид жич эчиж үзсүгэй” хэмээв.


Тэд хоёул омог сүртэйгээр үүднээ хүрвээс үзвээс үүдээ хааж амуй. Үүдний дээрх хасын илэрхийлэлд: “Аяга уулны Хөхөмдөг саран агуй” хэмээн бичжээ. Шороо өгүүлрүүн: “Ах аа, энэ сүм хийд бус, шулмын агуй болой. Багш үүний дотор аху мөн болзошгүй” Гахай “Дүү битгий эмээгтүн. Чи морийг уяж амьтай боодлыг харж агтун, би эчиж асууж үзсү.” хэмээгээд малтуураа өргөн урагшлан хүрч өндөр дуунаар: “Үүдээ нээгтүн!” хэмээн зандсанд агуйн дотор үүд сахигч бяцхан шулам хаалга нээн дүр байдал эмээлтэй сонин хоёр хүн буйг үзээд яаран дотогш гүйн орж мэдүүлрүүн: “Их Ван аа, наймаа үүдэнд хүрч иржээ!” Их шулам: “Наймаа хаана буй?” хэмээхүйд бяцхан шулам өгүүлрүүн: “Агуйн гадна нэгэн урт хоншоор, их чихт хувраг болон нэгэн хөх нүүрт хувраг ирж үүд нээ хэмээж амуй!” Их шулам их л баярлан: “Гахай, Шороо хоёр багшаа эрэн иржээ. Тэд бас эрж ирэх ажгуу, яахан миний үүднээ хүрч ирсэн аж? Нэгэнтэйеэ авир байдал айхавтар аваас битгий хөнгөлөн угтсу” хэмээгээд “Хуяг зэвсэг ац!” хэмээн хашхирав. Бяцхан шулмас дамнан авчирсанд тэр хуяглан баруун гарт илд барин шууд гарч ирэв.


Тэндээс Гахай Шороо хоёр хараахан үүднээ хүлээж атал гэнэт хэрцгий шулам дэвхрэн гарч ирэв. Төрсөн шинж хуягласан байдлыг үзвээс үнээр:


        Цэл хөх царай нь барайж, 
        Час улаан үс сахал нь босчээ. 
        Алтан хуяг дуулгаас гэрэл цацран 
        Алмас шигтгэрт бүс нь адбиш илтэй. 
        Аглаг уулнаа сэлгүүцэхүйеэ угалзан шуурга дэгдэж, 
        Анабад далайд зугаацахуйяа хүчит давалгаан босмуй. 
        Хөх савартаа хөнөөгч илд барьсан энэ шулам хэн хэмээвээс, 
        Хөвчин дэлхийд алдаршсан Шар дээлт хэмээмүй.


Шар дээлт шулам гарч ирмэгц асууруун: “Аль газрын хуврагууд миний үүднээ ирж дэмий л хашхирмуй?” Гахай өгүүлрүүн: “Хөвгүүн чи нагац өвгөө үл танимуй юу? Би болбоос их Тан улсын баруун газарт илгээсэн элч, миний багш болбоос хааны дүү Тансаг хутагт болой! Хэрвээ чиний гэрт буй бөгөөс эртхэн хүргэн гарч ирвээс малтуурын амтыг үзэхээс хэлтэрмүй!” Тэр шулам инээн өгүүлрүүн: “Мөн болой, мөн болой. Үнээр миний гэрт нэгэн Тансаг буй. Хүндлэн зочилж, хүний махан боорцог идүүлж амуй, таануус мөн орж нэгийг идэж үзвээс ямар?”


Манхуу Гахай түүний үгийг үнэмшиж үнээр орж эчсүгэй хэмээхүйд Шороо татан зогсоож өгүүлрүүн: “Ах чамайг хуурч амуй, чи хэзээ хүний мах идэж асан аж?” Гахай сая сэхэсхийн ухаж, малтуур өргөн шулмын нүүр лүү цохьсонд тэр шулам дальдран зайлаад ган илд өргөн угтан оров. Тэр хоёр цөм увидас үзүүлэн, үүл хөлөглөж огторгуйд дэгдэн гарч тулалдахуйд Шороо амьтай боодол, бөх цагаан морийг орхиж эрдэнийн шийдмийг өргөн яаран хавчин байлдав. Тэр үед хүчит хоёр тойн хөнөөлт нэгэн шулам лугаа үүлэн дундуур тулалдахыг үзвээс үнээр: 


        Атганд барьсан эрдэнийн илдээр малтуур шийдмийг тосч, 
        Энд шулам сүр тавьж, хувилгаан хоёр хүчлэн байлдмуй. 
        Эргэлдэн бүжиглэх малтуур гялалзан адбиш хэцүү, 
        Эрчлэн занчих шийдэм сүрхрэн үнээр аймшигтай. 
        Хоёр хуврагийн хүчит зэвсэг зай завсаргүй буусан ч 
        Хулгай шулам Шар дээлт огт айхгүй тулалдмуй. 
        Энэ шулмын эрдэм удвис тийм хялбар бус, 
        Эрдэнийн илдийг эргүүлэхүйеэ мөнгөн суунаг татмуй. 
        Огторгуйн дунд алалдан тэмцэхүйд 
        Униар хүдэн тунарч, 
        Орчин буух зэвсгийн үзүүрт
        Уулын толгой хэрвэгдмүй. 
        Баатар нэрийг олохуйн тулд шулам хэрхэн зогсном, 
        Багшийн амийг аврахын учраа хувраг яахан буцмуй.


Тэд гурав огторгуйд нааш цааш тулалдан хэдэн арав зөрөлдтөл дийлэн дийлэгдэх ялгарахгүй, тус бүр амь тэмцэн үхэхүй бээр байлдаж хэн алинд үл автмуй. Тансагийг хэрхэн аврахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 53 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 40 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 9 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 13 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 56 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 29 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 32 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 32 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 15 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 10 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 28 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 29 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 44 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК