зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


БАРТААТ ДЭВСЭГ УУЛАНД ЭЗЛЭГЧ ЭРХТЭН МЭДЭЭ ХҮРЭВ,
БАДАМ ЛЯНХУА АГУЙД ГАХАЙ БАГШ ГАРТ ТОХИОЛДОВ


Өгүүлэх нь, Тансаг Бичинийг дахин олоод, Эрдэнэ заант улсын гүнжийг аварснаар тэр улсын эзэн түшмэд их л хүндлэн хотыг гартал үдэв. Түүнээс багш шавь дөрвүүл нэнт сэтгэл нийлэн санаа шуудаад баруунш явахуйд хараахан хаврын сүүл сар болжээ.


        Сэвүүн салхин удын найлзуурыг үе үе үлээгээд, 
        Сайхан үзэмж шүлгийн сэдвийг дахин дахин төрөгдүүлмүй. 
        Урьхан хавар уран хоолойтныг урин 
        Уяхан эгшиг татаад ургамал цэцэг хаа яагүй дэлгэрээд 
        Сайхан үнэр анхилмуй. 
        Хайтан хүрээлэнд хайрууцай болжмор 
        Хос хосоор жиргээд, 
        Хаврын үзэмж сайхан байдал 
        Ханагар цээжийг баясгамуй. 
        Харгуй замд униар манан татан бишгүүрийн дуу дуурьсаад 
        Ханцуй шамлан хундага зөрөлцөн архи уун найрламуй.


Багш шавь дөрвүүл хараахан яван атал нэгэн их уул өмнөх замыг хөндөлссөнд Тансаг өгүүлрүүн: “Өмнө өндөр уул амуй, барс чоно байх магадгүй, шавь нар минь хичээгтүн.” Бичин өгүүлрүүн: “Багш чи тойн хүн бөгөөтөл юунд гэртээ суугчийн үгийг хэлмүй. Чи шувуун үүрт даяанчийн зүрхэн тарнийг мартсан буюу, түүнд өгүүлсэн нь: “Сэтгэлд түйтгэр үгүй болбоос айхгүй болоод буруу алжаасаас бүрмөсөн ангижирч чадмуй.” хэмээжээ. Өдгөө гагц “Сэтгэлийн хирийг арилгаж, чихний буртгийг цэвэрлэх хэрэгтэй. Хэцүү бэрхийг туулбаас хэтийдсэн хүн болж хэрхэн чадмуй.” Чи сэтгэл зовон санаа цөхрөх хэрэггүй, өвгөн Сүн би байсан цагт тэнгэр унасан ч айх газаргүй. Нэн барс чоноос юунд аймуй?” Тансаг морийг татаж шүлэглэрүүн: “Би


        Өнгөрсөн жил эзний зарлигаар Чан Ан балгаснаас мордохуйяа, 
        Өрнөш одож бурханд мөргөсүгэй хэмээн саналаа. 
        Алтан хөрөг шарилт улсад хэрэлдэн, 
        Ариун зул эрдэнийн суварганаа гийгмүй. 
        Эн дэлхийн гол мөрнийг цөм гатлан, 
        Энэ ертөнцийн уул давааг бүгд давав. 
        Аян замд үүл манан давхар давхар, 


Аль цагт сэтгэл уужран бие амрах буй?” хэмээсэнд Бичин сонсоод хадганатал инээн: “Аяа, багш биеэ амрах хэмээвээс ямар бэрх буй? Буяны үйлс бүтэж, бодь хутгийг олбоос, ерөөл бүгд төгсч, ном бүхэн хоосон болмуй. Тэр цагт аливаа бүхэн сэтгэлийн аяар болох тул бие үл амрах буюу?” хэмээсэнд Тансаг алсхийн баясч, алжаахыг умартан, агтаа давхин амгай дугтран урагш одов. 
Багш шавь дөрвүүл удсангүй уулны өмнө хүрч үзвээс үнэхээр бэрх бартаатай аж: 


        Асга шоронгийн өмнөх ой дотор барс ирвэс тухалж, 
        Алам зав дахь цүнхээлийн уснаа гүмбэрваа луу гурвалзмуй. 
        Дээш харахуйяа сүндэрлэсэн өндөр оргил тэнгэрт тулаад 
        Доош ажиглахуйяа хүнхийсэн гүн зав луст нэвтэрчээ. 
        Өөд гарах тоом нь шат индэр мэт дэгдэр дэгдэр
        Уруу буух зөрөг нь алам гуу адил онхор хүнхэр үнэхээр
        Хачин жигтэй хад уул
        Халил өндөр асга оргил аж.
        Халил өндөр оргил дээр эм түүгчид эмээн, 
        Хана асга хаднаас түлээ авагчид зүрхшээмүй.
        Буга бөхөн, хулан тахь хойш урагш зөрөлдөн
        Бор чандага, бух гөрөөс нааш цааш гүйлдмүй.
        Өндөр уул нарыг халхлан
        Өлөн чоно өлөлзөн хармуй.
        Бут сөөг замыг хавхлан морь орохуйяа бэрх,
        Бодийн орон Гандарагүдэд яахан олж хүрэх аж?
        Тансаг морийг татан хараахан ажигламуй. Тэр гэнэт үзвээс тэртээ хөтөл дээр нэгэн түлээч өвгөн зогсож амуй. Түүний байдлыг лавлан үзэхүл: 


        Тэргүүнд хөх эсгий малгай дарж,
        Биед хар өрмөг дээл өмсчээ.
        Хөх эсгий малгай хурц гэрлийг халхлах нь гайхалтай,
        Хар өрмөг дээл халуун хүйтнийг тэнцүүлэх нь тавтай.
        Хадан хурц ган сүхийг эргүүлэн,
        Хуурай салааг цавчин унагаж боожилмуй.
        Урь хаврын өнгө, улбар царайд үүр шингээд
        Орчлонгийн гаднах сул сэтгэлгээ
        Уртат гурван арлын алст оршсон адил.
        Энэ наснаа өөрийн хувь зохиолоороо аж төрөх бөгөөтөл 
        Эгнэгт ямар алдар доромжийн учраа уул ойд хоргодмуй?


Тэр түлээч:


        Хуурай модыг хараахан цавчин атал
        Хутагт тойн гэнэт дорноос морилон айсуй
        Түлээ авахаа түр зогсон урагш болж,
        Түргэхэн дээш авиран хадан дээр гарав.


Түлээч өвгөн холоос Тансагийг үзээд өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Тэр баруунш явагч тойн түр зогс! Би чамд үг хэлсүгэй, энэ ууланд нэгэн бүлэг хорт шулам буй, тухайлан хойш урагш явах хүнийг барьж идмүй.”


Тансаг үүнийг сонсоод сүнс зайлан сүг сарниж, морин дээр онож тогтохгүй болоод хойш харж шавь нарыг дуудан өгүүлрүүн: “Тэр түлээч өвгөн энэ ууланд хорт шулам буй хэмээн өгүүлэхийг та нар сонссон буюу? Хэн очиж түүнээс лавлан ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ агуу тавь, өвгөн Сүн би одож түүнээс үнэн худлыг асуун ирсүгэй.”


Бичин алд алдаар алхан уулан дээр гарч тэр түлээч өвгөнд ёслон золгосонд тэр түлээч өвгөн хариу ёслон өгүүлрүүн: “Тойн та нар ямар хэрэг аж энд хүрч ирэв?” Бич өгүүлрүүн: “Ах танд нуулгүй хэлсүгэй, бид болбоос зүүн газрын хааны зарлигаар баруун газраас ном залаар одогч мөн, тэр морь унагч нь миний багш болой. Тэр баахан аймтгай тул таны саяын энд шулам буй хэмээн өгүүлснийг сонсоод надаар асуулгахаар илгээсэн бөлгөө. Тэр шулам хэмээгч чухам хэдэн оны шулам болов? Эрдэм нь ямар буй? Ах чи надад үнэнийг хэлбээс би савдаг навдгийг дуудан барьж хүргүүлэхүйд сайн болой.” Түлээч өвгөн үүнийг сонсоод дээш хандан их л инээн өгүүлрүүн: “Үзвээс чи харин нэгэн солиотой тойн ажгуу.” Бичин өгүүлрүүн: “Би солиотой бус, энэ болбоос үнэн үг болой” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Чи үнэн үг хэлэх бөгөөтөл ямар аймшиггүй түүнийг барьж хүргэх хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи түүний сүрийг мандуулан, худал мэдээ хүргэн миний явах замыг хорих нь лав шулмын ураг садан буй за, ураг садан бус боловч, лав тэдний хань хамсаатан болох буй за.” Түлээч өвгөн инээн өгүүлрүүн: “Энэ муу солиотой тойн огоот ёсгүй, би чухам сайн санаагаар хэлж, өглөө үдшийн замдаа баахан хичэЭддүгэй хэмээсэн бөлгөө, гэдрэг харин намайг луйварламуй. Шулмын байх газрыг би мэдэхгүй, мэдэвч чи аймшиггүй түүнийг яахан барьж хааш хүргэмүй?” Бич өгүүлрүүн: “Хэрвээ тэнгэрийн шулам болбоос би түүнийг хурмастад хүргэмүй, газрын шулам болбоос би түүнийг савдагт тушаамуй. Баруун газрын шулам болбоос би түүнийг бурханд хүргэмүй, зүүн газрын шулам болбоос би түүнийг богдод тушаамуй. Баруун газрын шулам болбоос би түүнийг Махашуварид хүргэмүй, өмнөд орны шулам болбоос би түүнийг ангарагт тушаамуй. Усны шулам болбоос би түүнийг лусын хаанд хүргэмүй. Буг чөтгөр болбоос би түүнийг эрлэгт тушаамуй. Түүнд цөм өөр өөр хамаарах орон буй. Өвгөн Сүн би газар болгон таних хүн бий тул бичиг илгээвээс түүнийг нэгэн шөнөд хөөн аваачих болой.”


Тэр түлээч тэсгэлгүй хадганатал инээн өгүүлрүүн: “Чиний энэ солиотой ойн газар бүхнээр тэнэн хэссээр өчүүхэн төдий увидас сураад гагц чадалгүй чөтгөрийг барин чадахаас өөр ийм хэцүү шулам лугаа учраагүй буй за.” Бичин өгүүлрүүн: “Түүний хэцүүг чи яахан мэдэв?” Түлээч өгүүлрүүн: “Энэ Дэвсэг уул эргэн тойрон зургаан зуун газар буй, энэ уулны дотор нэгэн агуй буй, нэр нь Бадам лянхуа агуй хэмээмүй. Агуйн дотор хоёр их шулам аж, тэд Тансагийг сураглан хөргийг хөрөглөн, ирвээс идсүгэй хэмээн хүлээн амуй. Та нар өөр газраас ирсэн болбоос бас гайгүй, гагц Тан хэмээх үсэг байх болбоос гарахыг бүү сана!” Бичин өгүүлрүүн: “Бид мөн Тан улсаас ирсэн болой.” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Тэд яг та нарыг идсүгэй хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Сайн болой! Сайн болой! Гагц тэд биднийг хэрхэн идэх буй?” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Чи түүнд хэрхэн идүүлсүгэй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Тэр урьд толгойгоос эхлэн идвээс харин ч сайн бөлгөө, хэрвээ хөлөөс эхлэн идвээс хэцүү болном.” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Юуг урьд толгойгоос эхлэн идвээс сайн хэмээмүй? Юуг хөлөөс эхлэн идвээс сайн хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Үзвээс чи амсаж үзсэнгүй ажгуу. Урьд толгойгоос эхлэн идэх болбоос хазмагц даруй үхэх тул хуурч идэх буюу чанаж идэхүйд би юуны өвдөхийг мэдэх аж. Хэрвээ хөлөөс эхлэн идэх болбоос шагайг минь хэмлээд гуяыг минь зажлан нуруунд хүртэл би юуны тэр даруй үхэхүйд хүрмүй. Тийнхүү амьдын тамыг амсах тул бие зовох бус уу?” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Тэр юуны төдий яршигламуй, чамайг барьж аваачваас хүлээстэйгээр тогоонд хийж болгоод бүхэлдэх буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ харин сайн! Энэ харин сайн! Гагц халуун уурт бүтэхээс бус өвдөхийг үл мэдмүй.” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Тойн чи битгий наадам хий. Тэр шуламд таван зүйлийн эрдэнэ буй бөгөөд хувилгаан эрдэм үнэхээр цаглашгүй. Чи хэдий тэнгэрийг тулах, далайг юүлэх сайн эр ч болов, Тансагийг хамгаалан энүүгээр гарсугай хэмээвээс мөн хэд хэдэн удаа үхэтгэх буй за.” Бичин өгүүлрүүн: “Чухам хэдэн удаа үхэтгэмүй?” Түлээч өвгөн өгүүлрүүн: “Гурав дөрвөн удаа үхэтгэх буй за.” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс гайгүй, бид нэг жилд долоо найман зуун удаа үхэтгэмүй, энэ гурав дөрвөн удаа үхэтгэх ямар бэрх буй? Дугхийвээс даруй өнгөрөх нь болой.”


Бичин гагц сэтгэлээр Тансагийг хамгаалан гаргахыг бодон өчүүхэн ч айхгүйгээр хойш ирж багшдаа ийн өгүүлрүүн: “Дэмий их гайгүй, нэг хэдэн муу шулам буй хэмээмүй. Энэ газрын хүмүүс зүрхгүй тул түүнээс айжээ. Өвгөн Сүн би байсан цагт айх учир юун? Явсугай! Явсугай!” хэмээсэнд Тансагийн дотор сая уужран даган одов. 


Хараахан цааш яван атал түлээч өвгөн үзэгдэхгүй болсонд Тансаг өгүүлрүүн: “Саяын мэдээ хүргэсэн тэр түлээч өвгөн юунд үзэгдэхгүй болов?” Гахай өгүүлрүүн: “Бидний хийморь хэвтсэн тул хар өдөр чөтгөрт учрав.” Бичин: “Тэр лав ойд түлээ цавчаар орсон буй за, би одож үзсүгэй” хэмээгээд, ал нүд алтан цэцгийгээ нээж дөрвөн зүгт ажиглаваас бараа үгүй. Нүд өргөн дээш харваас харин өдрийн эзлэгч хувилгаан үүлэн дээр ганцаар зогсчээ. Бичин хойноос хөөн хүрч хараан өгүүлрүүн: “Хамуут чөтгөр чи учир буй бөгөөс юунд шууд хэлэхгүй ийнхүү хувилж өвгөн Сүн намайг шогломуй?” Тэр эзлэгч мэндэн ёслон өгүүлрүүн: “Их богд мэдээ хүргэхүйг баахан хожимдсон миний ялыг уучилму. Тэр шулмын хувилгаан эрдэм үнэхээр цаглашгүй, хувилах улирах нь мохошгүй. Гагц чиний уран гайхалтай ухаан арга, улиран хувилах хувилгаан эрдмээр багш юугаа хамгаалан гарахуйд итгэмүй. Хэрвээ баахан осолдвоос баруун газар одохыг бүү сана.”


Бичин эзлэгчийг зандран эгүүлж хэлсэн үгийг дотроо цээжлээд, үүлийг даран доош үзвээс багш нь Гахай Шороог дагуулан айсуй. Бичин дотроо: “Би эзлэгчийн үгийг багшид тэр хэвээр нь хэлбээс тэр аймтгай тул лав уйлмуй. Түүнд хэлэхгүйгээр дэмий л дуугүй явсугай хэмээхүл энгийн үгэнд “Яваагүй зам там” хэмээжээ. Хэрвээ шулам түүнийг барьж аваачваас бас ч өвгөн Сүн миний зовлон болох бус уу?... Энэ удаа харин Гахайд баахан амтлуулж, урьдаар түүнийг илгээж байлдуулан үзсүгэй. Тэр хэрвээ шулмыг дийлбээс түүний гавьяа болтугай. Хэрвээ чадал мөхөсдөж шуламд баригдваас өвгөн Сүн би гаргаж авахуйд мөн оройтохгүй. Гагц тэр Манхуу залхуу хойрго бөгөөд багш бас түүнийг өмгөөлөх тул тэр холхин зайлаад урагш үл явах магадгүй, өвгөн Сүн би аргалж үзсүгэй.” хэмээн бодов.


Бичин арга үүсгэн нүдээ нухлан нулимс гаргаад шууд багшаа чиглэн ирэхүйд Гахай үзээд яаран Шороон зүг өгүүлрүүн: “Дамжуураа тавь, боодлоо гарга, бид хоёул хуваасугай!” Шороо өгүүлрүүн: “Ах юунд хуваасугай хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Хувааваас барав! Чи Шороо голдоо эгэж шулам бол, Гахай би Гоу Луу Жуан тосгонд эгэж гэргийгээ үзсүгэй. Цагаан морио худалдаж багшид нэгэн авс арилжин аваад ясыг нь оршуулан олноороо тархсугай. Бас баруун газарт одохыг санах буюу?” Тансаг морин дээрээс сонсоод өгүүлрүүн: “Энэ муу тэнэг зам хөөхгүй бас юунд дэмий донгодмуй?” Гахай өгүүлрүүн: “Би дэмий донгодвоос чиний хөвгүүн болсугай, чи тэр Бичийг уйлан ирэхийг үзэхгүй юү? Тэр хэмээгч тэнгэр дээр гарах, газар доор орох, сүхэнд оногдохгүй, галд түлэгдэхгүй, тост тогоонд орсон ч айхгүй сайн эр бөлгөө, өдгөө тэр уруу царайлан уйлан ирэхүйг үзвээс энэ ууланд лав хэцүү догшин шулам буй. Нэн бидний зэргийн үхээнц дорой хүмүүс энэ уулыг яахан туулмуй?” Тансаг өгүүлрүүн: “Чи дэмий бүү донгод, би түүнээс асууж мэдсүгэй” хэмээгээд асууруун: “Бичин чи үг буй болбоос өгүүл, юунд уруу царайлан уйлан унжин намайг айлгамуй?” Бичин өгүүлрүүн: “Багш минь, саяын тэр мэдээ хүргээр ирсэн хүн нь өдрийн эзлэгч хувилгаан болой, түүний хэлэх нь энэ уулны даваа өндөр, зам бэрх, шулам хэцүү тул туулахуйяа бэрх хэмээмүй. Урагш явж болохгүй тул хойш эгэж хожим ирэхийг хүрэхгүй” хэмээсэнд Тансаг сонсоод их л цочин Бичиний барсын арьсан хормойвчийг татаж өгүүлрүүн: “Аяа, шавь минь, бид гурван хувийн нэгийг туулсан атал юунд ийнхүү халшран ухрах үгийг хэлмүй? Бичин өгүүлрүүн: “Би хүч чадлаа хайрлах бээр үгүй, “Ганц цучил гал болохгүй, ганц хүн хүн болохгүй” хэмээсэнчлэн шулам олон, шавь ганцаар тул чадал мөхөсдүүзэй хэмээн болгоомжлох нь болой.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, чиний үг зөв, цэргийн бичигт өгүүлсэн нь “Цөөнөөр олныг дийлэхүйеэ бэрх” хэмээжээ. Гахай Шороо цөм миний шавь тул, чи тэднийг зоригоор зарваас барав. Нэгэн сэтгэл, хамтын зоригоор харилцан туслалцан зам нээн намайг уул гаргаваас харин ч хамтат бодь мөрийг олох бус уу?”


Бичин ийнхүү үнэрхсэний сайнаар багшийн зөвшөөрлийг олоод бас нулимсыг арчин өгүүлрүүн: “Багш минь, хэрвээ энэ уулыг гарсугай хэмээвээс, Гахай эрхбиш миний хоёр зүйлийн явдлыг дагаваас сая гарч болмуй. Эс тийн бөгөөс гарахуйяа бэрх.” Гахай өгүүлрүүн: “Аяа, ах минь явахгүй болбоос барав, бид тархсугай, бас юунд намайг чирмүй?” Тансаг өгүүлрүүн: “Гахай чи номын ахаасаа асуу, тэр чухам чамайг ямар газар зарсугай хэмээмүй?” Гахай Бичинээс асууруун: “Ах минь, чи намайг хаа хэрэглэсүгэй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Нэгэнд болбоос багшийг сахьмуй, хоёрт болбоос уул цагдмуй.” Гахай өгүүлрүүн: “Багшийг сахих хэмээгч суух буюу, ууланд цагдах хэмээгч явах буюу, суух атал явах, яван атал суухыг би ганцаар хэрхэн амжмуй?” Бичин өгүүлрүүн: “Би чамайг хоёр явдлыг цөм дааж ав хэмээсэн бус, нэгийг нь хүлээн авбаас барав.” Гахай бас инээн өгүүлрүүн: “Тийн болбоос харин ч баахан хэлэлцвэртэй, гагц багшийг яахан сахих, уулыг яахан цагдахыг мэдэхгүй, надад тодорхойлон хэлбээс би хялбарыг нь сонгохуйд сайн болой.” Бичин өгүүлрүүн: “Багшийг сахих хэмээгч нь багш бааваас чи дагаж од, багш явбаас чи сувил, багш өлсвөөс чи одож цав бадарла, өчүүхэн осолдож багшийг эцээн царай алдуулбаас чамайг элдмүй.” Гахай өгүүлрүүн: “Энэ хэцүү! Энэ хэцүү! Дагаж сувилах нь цөм гайгүй, ар дээрээ үүрч, өвөр дээрээ тэвэрсэн ч цөм болмуй. Гагц айл тойрон цав бадарлах нь адбиш хэцүү. Энэ газрын хүмүүс намайг ном залаар одогч тойн хэмээн таних бээр үгүй, харин уулнаас үргэсэн хээрийн Гахай хэмээн эндүүрч, малтуур сэрээ барилцан гарч ирээд намайг дарж унаган алаад өвлийн идэш болговоос үнэхээр хижиг дайрсан хэцүү явдал болох бусуу?” Бич өгүүлрүүн: “Тийн болбоос уул цагдтугай.” Гахай өгүүлрүүн: “Уулыг яаж цагдмуй?” Бич өгүүлрүүн: “Чи уулын дотор орж энэ уулын нэр, агуйн байдал ба хэдий олон шулам байхыг сурж ир, бид гарахуйд сайн.” Гахай өгүүлрүүн: “Энэ харин гайгүй, Гахай би одож уулыг цагдсугай” хэмээгээд, тэр манхуу хормой шуун малтуур өргөн сүр бадруулан их замыг барин одов. 


Бичин тэсгэлгүй инээсэнд Тансаг үзээд хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин, чи! Ах дүүн зуур атгаг өвөрлөн өчүүхэн ч өрөвдөн хайрлах сэтгэлгүй. Чи арга гарган түүнийг уул цагдуулаар илгээгээд бас юунд сэмээр элэглэмүй!” Бич өгүүлрүүн: “Би түүнийг элэглэсэн бус, миний энэ инээхүйн дотор нэгэн учир буй, Гахай энэ эчсэн нь лав уул цагдахгүй, шулмын мэдээ авахгүйгээр харин нэг газар орж бие далдлаад, худал үг зохион ирж маныг мэхлэх болой.” Тансаг өгүүлрүүн: “Яахан мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Би ажиж мэдэв. Эс итгэвээс би даган одож үзсүгэй. Нэгэнд болбоос түүнийг хавсран шулмыг барьсугай, жичид болбоос түүний бурханд мөргөх сүсгийн үнэн худлыг мэдсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Сайн! Сайн! Чи од, гагц түүнийг бүү шоглогтун!” Бичин мөн хэмээгээд хойноос гүйцэн хүрч нэгэн шумуул болон хувилав. Үзвээс:


        Нив нимгэн жигүүр нь нисэхүйеэ үнэхээр хөнгөн,
        Нав нарийн бие нь шургахуйяа адбиш хялбар
        Навч цэцгийн доогуур нааш цааш сүлжихүйеэ
        Нарийн суунаг татах мэт жирэвхийн өнгөрмүй.
        Шавьж хорхойн дотор хамгийн бага нь тэр хэмээхүл
        Шөвөгдөн өрөмдөж шурган орох нь тун бас гайхалтай.
        Сэрүүн шугуй, гүн ойд хэдэн өдөр нуусан ч 
        Сэргэг нүд хурц харц түүнийг үл танимуй.


Төд Бичин гингэнэн жингэнэн ниссээр удалгүй Гахайн чихний арын зогдорт наалдан суув. Тэр манхуу гагц явахыг мэдэхээс өөр хүзүүн дээр хүн байхыг юуны мэдэх аж. Бараг долоо найман газар явсны хойно малтуураа таягдан хойш харж, хуруугаар заан хараан өгүүлрүүн: “Энэ муу зөөлөн сэтгэлт хөгшин тойн, хулжин хуйхар сармагчин, нүүрийг харагч цэнхэр царайт Шороо! Та цөм тэнд амар сууж, Гахай намайг ганцаар зовоон уул цагдуулмуй! Цөм ном залж үнэн мөрийг ологч бөгөөтөл гагц намайг гаргаж уул эргүүлэх нь юун! Ха ха ха шулам байхыг мэднэм бөгөөтөл зайлан явахгүй, харин надаар түүнийг эрүүлэн явуулах юун! Гахай би сэлүүн газрыг эрэн нэгэн нойр унтаад арга гарган уул цагдав хэмээн алба бөглөвөөс барав” хэмээгээд малтуураа чирэн бас нэгэн зэрэг явж, уулан завын нэгэн хэсэг гүн өвсөнд шурган ороод малтуураар өвсийг малтаж, бие дээр овоолоод эвшээн суниан өгүүлрүүн: “Юутай жаргал, тэр муу агтын даамал над лугаа адил ийм жаргалыг ч олохгүй” хэмээсэнд Бичин түүний чихний ард байж тодорхой сонсоод шоглосугай хэмээн нисэн одож нэгэн цондуул болон хувилав. Үзвээс:


        Час улаан хошуу нь өрөм шөвөг мэт,
        Цэл ногоон жигүүр нь цэцгийн дэлбээ адил
        Хоёр хөлийн хумс нь хурц дэгээ мэт
        Хорхой шавьж ирж модноо базагдан суумуй.
        Үжрэн ялзарсан зөөлөн салаанд үнэхээр их дуртай
        Өнчрөн ургасан хөгшин модыг өнөд маш жигшнэм.
        Өдөн жигүүрээ дэлгэн нисэхүйеэ үнэхээр гавшгай
        Өт эрэн хальс шагайлахуйд маш мэргэн.


Энэ цондуул маш хөнгөн гавшгай. Тэр Манхуу гүн өвсөнд сая дугхийн атал, улаан хошуу хар хөлтэй цондуул хэдийнэ нисэн ирээд хоншоорыг нь тогшсонд Гахай цочин сэрээд мөлхөн босч бархиран “Шулам буй! Шулам буй! Миний хоншоорыг жадалав, хэцүү өвднөм” хэмээгээд хоншоороо тэмтэрвээс цус гарсанд Манхуу өгүүлрүүн: “Надад ямар ч баярын учир үгүй атал, юунд хоншоорыг улаанаар мялаамуй?” хэмээн нэлээд түднээд ийш тийш сайтар ажиглаваас огт чимээ үгүй тул бас: “Шулам ирсэнгүй бөгөөтөл намайг хэн жадалсан буй?” хэмээгээд гэнэт нүд өргөн дээш харваас, үзвээс нэг цондуул огторгуйд нисч ахуйг үзээд, шүдээ зуун хараан өгүүлрүүн: “Үхэл дайрсан амьтан!


Агтын даамал намайг дарлах нь бага хэмээн чи бас ирж түйдмүй юү? Би мэдэв, тэр намайг лав хүн хэмээн таньсангүй, харин хоншоорыг минь үзээд үжрэн ялзарсан мод болгон санаж, хорхойг нь эрж идье хэмээн тогшсон буй за. Би хоншоороо өвөрлөж унтсугай” хэмээгээд хоншоороо өвөрлөн хэвтэв. Бичин бас нисэн ирээд түүний чихний хойно бас нэг тогшсонд манхуу сандран босч өгүүлрүүн: “Үхэл дайрсан адгуус, адбиш намайг зовоомуй. Үүний үүр нь энд байх буй за, намайг үүрийг эзлүүзэй хэмээн ийнхүү ирэн ирэн тогших буй за, байтугай! Би унтахгүй!” хэмээгээд малтуураа чирэн явахуйд Бичин дээр тэсгэлгүй инээд хүрч: “Энэ тэнэг нүдээ нээж байн атал намайг бас танихгүй” хэмээв.


Төдий Бичин мөн шумуул болон хувилж түүний чихний хойно суугаад салалгүй дагаж эчив. Тэр манхуу цааш бас дөрөв таван газар явж, гэнэт уулан хотгорт гурван үхэр чулуу байхыг үзээд яаран малтуураа тавин бие мэхийн ёслохуйд Бичин сэмээр инээн сэтгэрүүн: “Тэр амьгүй чулуу үг хэлж чадахгүй, чиний ёсыг мөн хариулж чадахгүй атал чи түүнд ёслох нь мөн ч мунхагийн туйл болой.” Үзвээс, тэр манхуу харин гурван чулуугаар Тансаг, Бичин, Шороо болгон уул цагдсанаа хариу мэдүүлэн эхлэв. Тэр манхуу амандаа өгүүлрүүн: “Би хойш эчсэний хойно багш надаас шулам буюу хэмээн асууваас шулам буй хэмээн өчсүгэй, надаас ямар уул хэмээн асууваас, би шавраар босгосон, шороогоор овоолсон, тугалгаар цутгасан, гуулиар давтсан, гурилаар хийсэн, цаасаар наасан, бэхээр зурсан уул хэмээн өчсүгэй, тэд намайг манхуу хэмээвээс би мөн хадан агуй хэмээн өгүүлсү. Ямар хаалга буй хэмээвээс төмөр хадааст хаалга хэмээн хэлсү. Дотор нь хэдий агуй буй хэмээн асууваас, гурван давхар хэмээн өчсү. Хаалганы хадаас хэдий буй хэмээн ухчлан асууваас Гахай би яаран сандарч тоолж амжсангүй хэмээн нийлүүлж тэр муу агтын даамлыг хуурваас барав!” хэмээв.


Тэр манхуу худал хэлэх үгээ дахин дахин бясалган малтуураа чирэн ирсэн замаар гэдрэг эгэхүйд Бичин түүний үгийг тодорхой сонсоод даруй жигүүрээ дэлгэн нисэн одож уг биеэр болон багшид золгосонд багш асууруун: “Бичин чи ирсэн атал Гахай юунд эс ирэв?” Бичин инээн өгүүлрүүн: “Тэр тэнд худал хэлэхийг бясалгаж амуй, удалгүй хүрч ирмүй.” Тансаг өгүүлрүүн: “Тэр хоёр чихээ лавтайлган, хоншоор амдаа бядуу хүн болой, тэр хаанаас худал үг зохиож чадмуй? Харин чи ямар нэгэн худал үг зохиож түүнийг хүрэлсүгэй хэмээх буй за?” Бичин: “Багш уртад түүнийг өмгөөлмүй. Энэ цөм үнэн болой” хэмээгээд Гахайн өвсөнд шурган унтсан ба цондуулд тогшигдон сэрээд чулуунд ёслон өгүүлснийг нэгэн зэрэг хэлэв. Удсангүй тэр манхуу чихээ лавтайлган зохиосон худал үгээ мартах болуузай хэмээн аман дотроо ахин дахин бясалгасаар хүрч ирэхүйг Бичин үзээд зандан: “Муу манхуу, чи амандаа юу уншмуй?” хэмээсэнд Гахай чихээ дэлдийлгэн нэгэн зэрэг чагнаад: “Би нэгэнтээ хүрч ирэв.” хэмээгээд газар тэврэн сөгдсөнд Тансаг түшин босгоод: “Шавь минь, биеийг зүдээсэн болой.” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Тийн болой, явганаар уул давах нь үнэхээр биеийг зовоомуй.” Тансаг өгүүлрүүн: “Шулам буй буюу?” Гахай өчрүүн: “Шулам буй, шулам буй, нэг үүр шулам буй.” Тансаг бас асууруун: “Чамайг хэрхэн тавьж гаргав?” Гахай өчрүүн: “Тэд намайг Гахайн дээдэс, Гахайн нагац хэмээн дуудан, нэг цагийн амтат шөл ариун цав барин хүндлээд, биднийг уул гарган өгсүгэй хэмээв.” Бичин: “Чи өвсөн дотор унтаад зүүдэлсэн буй за.” хэмээсэнд Гахай агзайсхийн айн сандарч дотроо сэтгэрүүн: “Өвөг минь! Миний унтсаныг энэ хэрхэн мэдсэн буй?” Бичин урагш давшин чихнээс нь мушгиад: “Чи нааш ир, би чамаас асуусугай.” хэмээсэнд Манхуу нэнт сандарч, чичрэн дагжсаар өгүүлрүүн: “Асууваас барав, чихийг мушгих нь юун?” Бичин асууруун: “Ямар уул буй?” Гахай өчрүүн: “Хадан уул буй.” “Ямар агуй буй?” Гахай өчрүүн: “Хадан агуй буй.” “Ямар хаалга буй?” Гахай өчрүүн: “Төмөр хадааст хаалга буй.” “Дотор нь агуу буюу?” Гахай өчрүүн: “Гурван давхар буй.” Бичин өгүүлрүүн: “Чи хэлэх хэрэггүй, үлдсэнийг би өгүүлсүгэй, багш итгэхүйд сайн.” Гахай өгүүлрүүн: “Дүрсээ үз, чи үзсэнгүй бөгөөтөл юу мэдмүй хэмээн намайг орлон өгүүлмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Хаалганы хадаас нь хэдий буй? хэмээн асууваас Гахай би яаран сандраад тоолж амжсангүй” хэмээсэн чинь худал буюу?” Тэр манхуу Гахай бээр яаран сөгдсөнд Бичин өгүүлрүүн: “Гурван чулуугаар биднийг орлуулан мэхийн мөргөөд эгэж ирсний хойно ийм тийм хэмээн худал хэлсүгэй хэмээн өгүүлсэн чинь худал буюу? Бас агтын даамал асууваас би түүнийг хуурсугай хэмээн хэлсэн чинь худал буюу?” хэмээсэнд тэр манхуу яаран мөргөн өгүүлрүүн: “Номын ах, чи лав намайг дагаж эчсэн буй за?” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу аагын тулам, галзуу амьтан! Ийм чухал газарт чамайг уул цагдтугай хэмээн илгээсэнд, чи харин тэнд унтмуй, цондуул чамайг эс тогшсон бөгөөс чи өдгөө болтол унтах буюу, сэрсэн бөгөөтөл бас худал хэлж хэргийг саатуулмуй, хурдан гуяа гарга, таван шийдэм занчиж цээрлэл болгосугай.”


Гахай сандран өгүүлрүүн: “Ахын тэр шийдмийн хэцүүг нь би мэдмүй, шүргэгдвээс шөрмөс тасрах болой, өртөгдвөөс үхэх болой, тавантаа занчигдваас талх болох болой.” Бичин өгүүлрүүн: “Чи занчихаас айх бөгөөтөл юунд худал хэлмүй?” Гахай өгүүлрүүн: “Ах минь, энэ нэгэн удааг хэлтрүүлмү, дахиж аймшиггүй худал хэлэхгүй.” Бич өгүүлрүүн: “Тийн болбоос гурван шийдэм занчсугай.” Гахай өгүүлрүүн: “Өвөг минь, нэг занчихыг ч даахгүй!” хэмээгээд, аргагүй багшийн хормойноос татаж гуйн өгүүлрүүн: “Багш намайг аврах ажааму.” Тансаг өгүүлрүүн: “Бичин чамайг худал үг зохиомуй хэмээснийг би итгэсэнгүй бөлгөө, өдгөө үзвээс үнэн хэрэг тул чухам занчваас зохьмуй. Гагц уулыг туулахуйд хүн цөөдвөөс хүчин мөхөсдөх болуузай. Бичин чи түүнийг түр уучилж уул гарсны хойно занчигтун.” Бичин өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Эцэг эхийн үгийг дагаваас элбэрэлт хөвгүүн болой” хэмээжээ. Өдгөө багш уучилтугай хэмээх тул түр хэлтрүүлсүгэй. Чи дахин одож уул цагдагтун, хэрвээ худал хэлэн хэргийг саатуулбаас сааргүй занчмуй!”


Тэр манхуу аргагүй мөлхөн босч дахин уулыг цагдаар одов. Тэр их замаар ороод араас Бичин гэтэх болов уу хэмээн алхам бүр ажиглан хичээж, бүртэлзэн харагдах бут сөөгийг ч бич хэмээн сэжиглэн, долоо найман газар гарсан хойно, уулын хөтөлд нэгэн барс гүйхийг үзээд, тэр мөн айхгүй, малтуураа өргөн өгүүлрүүн: “Номын ах, чи намайг гэтээр ирэв үү? Энэ удаа би худал хэлэхгүй” хэмээгээд цааш яван атал догшин салхи салхилан нэгэн үжирсэн модыг үлээн унагаж өнхрөн ирэхүйд манхуу бас үсрэн дэвхцэж, өвчүүгээ дэлдэн өгүүлрүүн: “Ах минь, чиний энэ ямар зан буй? Би худал хэлэхээ байв хэмээн хэлсэн бөгөөтөл чи бас юунд мод хувилан намайг занчаар ирмүй?” хэмээгээд бас урагш явж атал нэгэн тураг хэрээ толгой дээгүүр гуагалан өнгөрөхүйд манхуу бас өгүүлрүүн: “Ах чи юунд ийнхүү сэжиг олон буй? Би худал хэлэхгүй хэмээвээс даруй хэлэхгүй болой, бас юунд тураг хэрээ болон гэтмүй?” Энэ удаа Бич түүнийг дагасангүй бөлгөө. Гахай өөрөө цочин өөрөө сэжиглэн ийн явахуйг түр өгүүлэхгүй. 


Энэ уулны нэрийг Дэвсэг уул хэмээмүй. Бас нэгэн агуй аж, нэрийг нь Бадам лянхуа агуй хэмээмүй. Тэр агуйд Алтан эвэрт, Мөнгөн эвэрт хэмээх хоёр их шулам буй. Алтан эвэрт шулам нь гол суудал дээр сууж, Мөнгөн эвэрт шулмаас асууруун: “Дүү минь, бид уулыг цагдсангүй хэдэн өдөр болов?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Хагас сар болжээ.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Дүү, энэ өдөр гарч цагдваас сайн болой.” Мөнгөн эвэрт шулам асууруун: “Энэ өдөр цагдах нь юун?” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Дүү чи мэдэхгүй, сонсвоос зүүн газрын Тан улсын хаан, Тансагийг зарж баруун газраас ном залаар илгээв хэмээмүй. Түүнд Бичин, Гахай, Шороо хэмээх гурван шавь буй бөгөөд бас нэгэн бөх цагаан морь буй. Чи түүн лүгээ учирваас барьж авчрагтун.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Бид хүн идсүгэй хэмээвээс хаанаас хэдийг үл олмуй, тэр тойн баруун газарт хүрч чадах бөгөөс түүнийг гарган илгээсүгэй.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Чи үүнийг мэдэхгүй, би тэнгэрийн орноос салахуйн цагт хүнээс сонслоо. Тансаг хэмээгч алтан цалцага ертөнцөд бууж, арван төрөл ариуныг сахин үнэн шимийг нэгэн дусал ч эс хөдөлгөсөн цэвэр цогцтон, түүний махыг олж идвээс үхэшгүй мөнхийн шидийг олмуй хэмээмүй.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Үнэхээр түүний махыг идвээс мөнхийн шидийг олох болохул, бид юуны бас биеийг зүдээн, бясалгал хийж барс лууг боловсруулан үрэл эм бүтээмүй? Гагц түүнийг барьж идвээс барав, би одож барин авчирсугай.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Дүү, чиний зан тун ч түргэн болжээ, битгий яарагтун. Чи эчвээс сайн мууг ялгахгүй, тойн учирваас бүхнийг барьж авчраад хэрвээ Тансаг бус болбоос мөн тусгүй, надад тэдний хөрөг буй, чи үүнийг авч эчээд тойн учирваас тулгаж үз” хэмээгээд бас алин нь хэн болохыг цөм ялган өгүүлэв. Мөнгөн эвэрт шулам хөргийг аван нэр овгийг сайтар цээжлэн агуйгаас гарч гучин бага шулмыг дагуулан уулыг цагдаар одов. 


Тэндээс Гахай бээр гай барцадад учрах цаг болсон тул чив хэмээн бага шулам лугаа учрав. Шулам эчих замыг хөндөлсөн: “Хаанаас ирсэн ямар хүн буй?” хэмээн асуусанд тэр манхуу сая тэргүүн өргөн чихээ дэлдийлгэн, шулмыг үзээд, их л мэндүүрэн “Би хэрвээ ном залагч тойн хэмээвээс эд лав барин аваачмуй. Гагц замын хүн хэмээн өчсүгэй.” хэмээн сэтгээд замын хүн хэмээн өгүүлтэл тэр бага шулам хэдийнэ хойш эргэн их шуламд замын хүн болой хэмээн мэдүүлсэнд тэр гучаад шулмын дотор түүнийг таних нь мөн буй, үл таних нь мөн буй, нэг нь хөргийг зааж өгүүлрүүн: “Энэ тойн нь хөрөг дээрх Гахай лугаа юутай адил.” хэмээн тэр хөргийг өргөхүйд Гахай ихэд цочин гайхаж: “Энэ хэдэн өдөр хэцүү муухай сүр сүлдгүй байсан бөлгөө, үзвээс эд миний сахиусыг урин авчирсан ажгуу.” хэмээн өгүүлтэл Мөнгөн эвэрт шулам хуруугаар заан өгүүлрүүн: “Тэр бөх цагаан морь унасан нь Тансаг, тэр аянгын эзэн мэт төрсөн нь Бич болой” Гахай үүнийг сонсоод залбиран өгүүлрүүн: “Бурхан айлд, намайг битгий дансандаа оруул! Заасан Гахайн толгой тэргүүтнийг хорин дөрвөн хувь өргөсүгэй.....” хэмээн амандаа түднэн дэмий л амлан ахуйд тэр шулам бас өгүүлрүүн: “Тэр өндөр хар нь Шороо, энэ урт хоншоор унжгар чихтэй нь Гахай мөн.” Гахай түүний нэрийг дурдахыг сонсоод яаран хоншоороо өвөртөө хийсэнд тэр шулам дуудан өгүүлрүүн: “Тэр тойн хоншоороо гарга!” хэмээв. Гахай өчрүүн: “Эхийн хэвлийгээс унахуйд ийнхүү ургасан хамрыг яаж гаргамуй” хэмээсэнд хүүхэд ирж түүний хоншоорыг гохоор гохдож гарга хэмээн зарлигдав. Гахай яаран хоншоороо гаргаж ийн өгүүлрүүн: “Ийм нэгэн юм буй за, үзсүгэй хэмээхүл үзвээс барав, түүнийг гохдож юу хиймүй?” хэмээв.


Тэр шулам Гахайг таниад эрдэнийн сэлмээ далайн цавчин орохуйд, манхуу мөн малтуур өргөн тосон авч: “Хөвгүүн минь битгий ёсгүй аашил! Малтуур үз!” хэмээсэнд шулам инээн өгүүлрүүн: “Үзвээс чи лав их болсны хойно тойн болсон буй за,” Гахай өгүүлрүүн: “Сайн хөвгүүн! Сэргэлэн хөвгүүн! Чи яахан өвөг эцгийнхээ их болсны хойно тойн болсныг мэдэв?” Шулам өгүүлрүүн: “Чиний энэ малтуурыг би үзвээс хүний хэрт хөвд яван ногоо тарихуйдаа хулгайлж ирсэн буй за” Гахай өгүүлрүүн: “Хөвгүүн чи өвөг эцгийнхээ энэ малтуурыг юуны таних ажээ, миний энэ малтуурыг энгийн малтууртай үлитгэж үл болмуй. Энэ хэмээгч:


        Арзгар шүдийг цутгасан нь луун хумсыг дуурайн
        Алтан шигтгэрээр бүтсэн нь барсын шинжийг барьжээ.
        Атаатан дайсан лугаа алалдан тулалдахуйяа жихүүн салхи татан
        Ад шулам лугаа байлдан тэмцэлдэхүйеэ ридэт гал дүрэлзмүй.
        Багш Тансагийг тэтгэн хамгаалж барцад түйтгэрийг арилган,
        Баруун орноо одох замд буг шулмыг дармуй.
        Баатарлан байлдахуйяа будан тоос нар сарыг бүрхэн
        Буулган занчваас бараан үүл одон гарагийг халхалмуй.
        Сүмбэр уулыг занчваас сүйрэн нурж барсыг айлган,
        Сүн далайг хутгалбаас цалгилан долгисч лусыг цочоомуй.
        Шулам чиний эрдэм чадал хэдий хэцүү боловч
        Ширвэсэн малтуурт дайрагдан есөн сүвээс чинь цус гармуй.”


Тэр шулам үүнийг сонсоод юуны хүлээх аж, долоон одот сэлмийг өргөн, Гахай багш лугаа уулан хөтөлд хойш урагш хорин удаа байлдаж хэн алин ч дийлэн дийлэгдэх ялгарахгүй. Гахай гэнэт гандуу хөдөлж, чих лавталзуулан, шүлс савируулан малтуур бүжиглэн, үхэн байлдан ирэхүйд тэр шулам баахан зүрхшээж олон шулмыг даллан зэргээр хумин байлдав. Гахай ганцаар нэгэн лүгээ байлдахуйд бас ч гайгүй бөлгөө, өдгөө эдгээр олон бага шулам цугаар байлдан орохуйд баахан хөл алдаж, эсэргүүцэж чадахгүй тул дарагдан буруулав. Зам нь энхэл донхол тул санамсаргүй ороонго зэлд торж унаад дахин босч цааш чармайн гүйтэл, зам дээр унтаж байсан нэгэн бага шулам хөлийг нь торгож, элэг түрүүлэн хөсөр унагав. Олон шулам гүйцэн хүрээд чихээс чангаан, зогдроос базгадаж, сүүлээс чирэн дээр өргөн, дамнан тэлсээр агуйдаа аваачив. Аяа! Энэ үнэхээр: гагц биеийн барцадыг арилгахуйяа бэрх атал, гай зовлон арилгах нь юуны хялбар. Гахай багшийн амь нас чухам хааш болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 41 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 28 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 57 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 1 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 44 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 17 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 20 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 20 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 54 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 4 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 14 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 19 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 41 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 58 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 52 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 16 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 17 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 33 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК