зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


АРГА УХААНААР ШУЛМЫН ВАН СЭТГЭЛИЙН БИЧИНИЙГ МОХООВ
АРИЛЖИХ УВИДСААР ИХ БОГД ЭРДЭНИЙГ ХУУРАН АВАВ


Өгүүлэх нь, тэр хоёр бага шулам хуурмаг хулыг булаалдан үзэн атал, Бичин гэнэт үзэгдэхгүй болсонд Самбаат дүвж нь өгүүлрүүн: “Ах минь, худилгаан бас худал хэлэх буюу, эрдэнийг сольсны хойно, биднийг хувилгаан болгосу хэмээгээд юунд үг дуу ч үгүйгээр одов?” Хэрсүү золиг өгүүлрүүн: “Үнэнийг хэлэхүйд бид түүнийг үсэртэл олжээ. Тэр айшгүй хааш одмуй?” Хулыг нааш авчир, би тэнгэрийг хийж тэнсэн үзсүгэй” хэмээгээд, хулыг авч дээш орхисонд унаж ирэв. Самбаат дүвж мэндэн өгүүлрүүн: “Юунд тэнгэрийг үл хиймүй!” Бич хувилгаан болон хувилан ирээд хуурмаг хулаар манай үнэн эрдэнийг хууран аваачсан буй за?” Хэрсүү золиг өгүүлрүүн: “Дэмий бүү донгод! Тэр Бичинийг гурван уулаар дарж амуй, яахан гарч чадмуй? Нааш авчир, тарни уншилгүй яаж болмуй, би уншиж тэнгэрийг хийсүгэй” хэмээгээд хулыг аван дээш орхимогц: “Хэрвээ эс өгвөөс би биндэрьяа эрдэнийн харшид одож дайн хөдөлгөмүй!” хэмээн тарни уншиж барахын урьд бас унаж ирэв. Хоёр шулам өгүүлрүүн: “Хийхгүй! Хийхгүй! Лав хуурмаг юм болжээ.”
Хоёр шулам хараахан цуугилдан атал, Бичин огторгуйд зогсон тодорхой үзээд тэднээр баахан наадуулбаас хэрэг эвдрэхээс болгоомжлон, биеэ сэгсрэн үсээ хураан авсанд хоёр шулмын дөрвөн гар цөм хоосон болоод, хэрсүү золиг өгүүлрүүн: “Дүү минь хулыг авчир.” Самбаат дүвж өгүүлрүүн: “Чи барьж байсан биш үү. Тэнгэр минь, яагаад үгүй болчихов? хэмээн хоёул ханцуйгаа гөвөн, өврөө уудлан, өвс эрэн газар тэмтэрсэн ч юуны олох аж? Хоёул маш айн эмээж нэг нэгнээ гөлрөн харж өгүүлрүүн: “Хэрхвээс сайн! Хэрхвээс сайн! Их ван бид хоёрт эрдэнээ өгөөд, Бичинийг барьж авчир хэмээсэн бөлгөө. Өдгөө Бичийг олж барьсангүй эрдэнээ алдав. Өдгөө хойш одож юу хэлэх вэ? Лав занчиж алах буй за, хэрхсү! хэрхсү!” Самбаат дүвж өгүүлрүүн: “Бид орговоос барав.” Хэрсүү золиг өгүүлрүүн: “Хааш оргомуй?” Самбаат дүвж өгүүлрүүн: “Хааш оргосон ч тэр, хэрвээ эгэж эрдэнээ алдав хэмээвээс, амьгүй болох буюу.” Хэрсүү золиг өгүүлрүүн: “Оргох хэрэг үгүй, мөн хойш эгсүгэй, хоёрдугаар их ван чамайг хайрладаг биш үү, эрдэнийг алдсан учрыг би чамд түлхсүгэй, тэр хэрвээ өршөөвөөс мөн амь үлдмүй. Эс өршөөгөөд элдэж алавч мөн нутагтаа үхсүгэй, одсугай! одсугай!” хэмээн хоёулаа зөвлөөд агуйдаа эгэв. 


Тэдний эгэхүйг Бичин огторгуйгаас олж үзээд, биеэ сэгсрэн нэгэн ялаа болон хувилж, тэр хоёулыг даган нисэн одов. Тэр ялаа хувилаад эрдэнээ хаана ширгүүлчихэв? Зам дээр хаяж, өвсөн дотор шургуулчихлаа гэхлээр хэрвээ хүн аваачваас, үнэхээр ч илжиггүй, гурван лан ч үгүй болох бус уу? Биедээ авч явмуй гэхүл ялаа хэмээгч буурцгийн мөхлөгийн төдий юм тул, чухам хаана хийж яахан авч явмуй? Үзвээс тэр эрдэнэ бас түүний чандмань болд бэрээ лүгээ адилаар сэтгэлчлэн ихдэж, багасч чадах эрдэнэ ажгуу. Тийнхүү мөн биедээ шингээж болмуй. Тэр дүнгэнэн ниссээр хоёр шулмыг дагаж, удалгүй агуйд нь хүрч ирэв. 


Үзвээс, тэр хоёр их шулам архи ууж суумуй. Бичин үүдний хатавчны дээр сууж, чих тавин чагнаваас, тэр хоёр бага шулам өвдөг даран сөгдөж: “Их ван минь” хэмээв. Тэр хоёр их шулам хундага тавьж асууруун: “Та хоёул хариад ирэв үү?” хэмээсэнд бага шулам “Бид ирэв” хэмээв. Их шулам бас асууруун: “Бичинийг барьж авч ирэв үү?” хэмээсэнд бага шулам дуу эс гаран дэмий л мөргөв. Их шулам дахин дахин асуухуйд бага шулам газар тэврэн мөргөж өгүүлрүүн: “Бидний үхэх ялыг уучлах ажааму! Бид эрдэнийг барин уулын хөтөлд хүрсэнээ, гэнэт Пэн Лай арлаас ирсэн нэгэн хувилгаан лугаа учрав. Тэр хувилгаан биднийг хааш одмуй хэмээн асуусанд Бичинийг барихаар одмуй хэмээн хариулав. Тэр Бичин хэмээх нэрийг сонсмогц маш хорсон, биднийг туслан барьсугай хэмээмүй. Бид түүний туслахыг эс зөвшөөрөн, эрдэнэд хийж авч ирэх учрыг хэлж өгсөнд, харин тэр хувилгаанд бас нэгэн хул байж, тэнгэрийг хийж авах чадал буй, бид шунахай сэтгэл үүсч, манай хүн хийж авах хулаар түүний тэнгэрийг хийж авах хулыг сольсугай хэмээв. Гэтэл Самбаат дүвж хумхыг нэмүүр болгон өгөв. Хувилгааны эрдэнэ бидний гарт тогтож чадахгүйг хэн санав. Сая туршин үзсүгэй хэмээтэл, хүн эрдэнэ цөм үзэгдэхгүй болжээ. Өчүүхэн хүний үхэх ялыг уучлахыг түмэнтээ гуйму!” Алтан эвэрт шулам аянга мэт хилэгнэн өгүүлрүүн: “Барав! Барав! Энэ лав тэр сармагчин хувилгаан болж хувилаад манай эрдэнийг хуурч аваачжээ. Тэр сармагчны хувилгаан эрдэм цаглашгүй, орон бүхний хувилгаан сахиулсныг цөм танимуй. Ямар нэгэн хувилгаан эрхтэн түүнийг тавин гаргаад миний эрдэнийг хууран аваачуулав.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ах бүү хилэгнэ, тэр муу сармагчин огоот ёсгүй. Чамд чадал буй бөгөөс харин ч одвоос барав, юунд бас миний эрдэнийг хууран аваачмуй? Би түүнийг эс бариваас үүрд баруун газрын шулам болохоо байсугай!” Алтан эвэрт шулам асууруун: “Чи түүнийг яаж барьмуй?” Мөнгөн эвэрт шулам өчрүүн: “Бидэнд таван зүйлийн эрдэнэ буй бөлгөө. Өдгөө хоёр нь автагдсан ч бас гурав буй тул, түүнийг эрхгүй бариваас болмуй.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Бас ямар ямар гурван зүйлийн эрдэнэ буй?” Мөнгөн эвэрт шулам өчрүүн: “Долоон одот сэлэм, гадил дэвүүр минь биед буй. Бас нэгэн алтан цалам нь лус дарагч уулын лусыг дарагч агуйд суугч хөгшин эхийн тэнд буй, өдгөө хоёр бага шулмыг зарж, эхийг залж Тансагийн махыг идсүгэй. Тэр цалмыг авч ирсний хойно Бичинийг барьсугай.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Хэнийг илгээмүй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Энэ хоёр мэт бодолгүй ардыг илгээж үл болмуй” хэмээгээд Хэрсүү золиг, Самбаат дүвж хоёрыг зандран гаргасанд, тэр хоёул: “Сайн болов! Сайн болов! Занчсан ч үгүй, хараасан ч үгүйгээр биднийг уучлав” хэмээн гарч ирэв. Мөнгөн эвэрт шулам: “Уул сахигч барс, Ус харагч луу хэмээгч миний хоёр гоцогийг дуудагтун” хэмээсэнд, тэр хоёр хэдийнээ хүрч ирээд сөгдөв. Мөнгөн эвэрт шулам захин өгүүлрүүн: “Та хоёул хичэЭддүгэй” хэмээсэнд, тэд цөм “Хичээмүй” хэмээв. “Та хоёул болгоомжилтугай” хэмээсэнд, тэд цөм “Болгоомжилмуй” хэмээв. Мөнгөн эвэрт шулам дахин асууруун: “Та хоёул эмээгийнхээ гэрийг мэдмүй юү?” тэр хоёр: “Мэдмүй” хэмээв. Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: ” Тийм болбоос та хоёр түргэн одож, хөгшин эхэд мөргөн золгоод, Тансагийн махыг барьсугай хэмээн залж авчир. Эхийг ирэхүйдээ алтан цалмаа авчир хэмээн хэлэгтүн, би Бичинийг барьмуй.”


Тэр хоёр шулам захиаг даган яаран одов. Бичин тэдний дэргэд байсан тул үгийг цөм сонсоод хойноос нисэн хүрч Уул сахигч барсын бие дээр нь суув. Хоёр гурван газар явж, тэр хоёрыг занчин алсугай хэмээн бодоод бас: “Эднийг алахуйд хялбар, гагц тэр хөгшин эмийн дэргэд алтан цалам буй бөгөөд бас аль газар сууж байхыг мэдэхгүй. Би урьдаар асуугаад сая алсугай хэмээн сэтгээд нисч буун ирж, тэр хоёрыг зуу илүү алхам явуулсны хойно нэгэн бяцхан шулам болон хувилаад үнэгэн малгай даран барсын арьсан хормойвчийг дээш хандуулан татаж уяад, хойноос нэг дуудан өгүүлрүүн: “Өмнө эчигсэд намайг баахан хүлээ” хэмээсэнд Ус харагч луу хойш эргэн үзэн: “Чи хаанаас ирсэн бэ?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Ах минь, та нар нэгэн гэрийн хүнээ үл таних буюу?” Шулам өгүүлрүүн: “Зүс буруу, зүс буруу, урьд үзсэнгүй.” Бичин өгүүлрүүн: “Үзсэнгүй нь таармуй, би болбоос гадаад үйлийг хамаардаг хүн бөлгөө!” Бага шулам өгүүлрүүн: “Гадаад үйлийг хамаардаг ноён тул бид чамайг үл танив, чи хааш одмуй?” Бичин өгүүлрүүн: “Их ван та хоёрыг зарж Тансагийн махыг идүүлэхээр эмгийг урин, ирэхдээ алтан цалмыг авчран Бичинийг барьмуй хэмээн илгээвэй хэмээмүй. Та хоёрыг замд наадаж алгуур яваад хэрэг саатахаас болгоомжлон их ван намайг эчиж, та хоёулыг бушуу явуул хэмээн илгээв.” Тэр хоёул үүнийг сонсоод үл сэжиглэн нэгэн гэрийн хүн болгож хамт яаран урагш одоод нэгэн амьсгаагаар долоо найман газар явсны хойно бичин өгүүлрүүн: “Нэлээд хурдан явав, бид гэрээс гарч ирээд хэдий газар явав?” Шулам өгүүлрүүн: “Арван тав зургаан газар явжээ.” Бичин асууруун: “Бас хэдий хол буй?” Ус харагч луу гараар зааж: “Тэр хар ой даруй мөн болой” хэмээсэнд Бичин тэргүүн өргөн үзвээс, хар ой холгүй болжээ. Бодвоос тэр хөгшин шулам энэ ойд буй тул, Бичин тэр хоёулыг өмнөө явуулж болд бэрээгээ гарган, хойноос гүйцэн хүрч нэгэнтээ занчсанд тэр хоёр тун нялзрай тул занчсаныг даасангүй, хоёр хэсэг нөж болжээ. Шулмын үхдэлийг чирэн замын хажуу дахь өлөн өвсөнд орхиод, биеэсээ нэгэн үсийг сугалан авч үлээн “Хувил” хэмээмэгц Уул сахигч барс болгон хувилгаад, өөрийн бие Ус харагч луу хувилан шууд лусыг дарах агуйг чиглэн эмгийг залаар эчив. Энэ нь далан хоёр зүйлээр хувилан улирах хувилгаан увидас болой:


Төдөлгүй ойн дотор ороод хараахан эрэн атал, нэгэн чулуун хаалга аж, хагас нээгджээ. Айшгүй шууд орж үл болох тул, “Хаалга нээ!” хэмээн дуудсанд, дотроос нэгэн эм шулам гарч ирээд хаалгаа нээн асууруун: “Чи хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Би Дэвсэг уулны Бадам лянхуа агуйн хүн бөлгөө, эмгийг залаар ирэв.” Тэр эм шулам: “Чи орогтун” хэмээсэнд Бичин хоёрдугаар хаалганд хүрч дотор үзвээс нэгэн буурал эмгэн төв дундад суужээ. Түүний байдал дүрийг үзвээс: 


        Цал буурал гэзэг нь сэглийж,
        Цайвар шар нүд нь гөлийжээ.
        Атираа хуниа орсон авч нүүр царай нь улаа бутарч,
        Аман шүд нь сийсэн боловч тамир сүлд нь сайн амуй.
        Өтөлж байвч өнгө зүс нь гэгээмсэг,
        Өндөр насалсан ч бие цогцос нь чийрэг.
        Цагаан хивээр тэргүүнийг боон торгон алчуур татаад,
        Чихэндээ эрдэнийн шигтгэрт алтан ээмэг зүүжээ.


Бичин түүнийг үзээд аймшиггүй орохгүй, хоёрдугаар хаалганы гадна зогсож, нүүрээ битүүлэн уйлан үүсгэв, чи түүнийг юунд уйлав хэмээмүй, шулмаас айсан буюу? Айсан боловч уйлахааргүй болой. Түүний эрдэнийг хууран авч, хоёр бага шулмыг нь занчин алсан атал, бас юунд уйлав? Эрт урьд цагт тэр найман хөлөлийн зуухан дотор дөчин есөн хоног шатаагдаад нэгэн дусал нулимс ч унагасангүй бөлгөө. Өдгөө гагцхүү Тансагийн ном залах гашууныг санаж, сэтгэл эвхрэн эхэр татан уйлав. Тэр бас дотроо ийн сэтгэрүүн: “Өвгөн Сүн би өдгөө хувилгаан эрдмээр бага шулам болон хувилж, хөгшин шулмыг урихаар ирсэн тул, зогсоогоор өгүүлэх ёсгүй, эрхбиш түүнд мөргөх болов. Би төрснөөс нааш сайн эр хэмээн яваад гуравхан хүнд мөргөв, нэг нь Шигэмуни бурхан, нэг нь Хомсим Бодисадва, бас нэг нь хязгаар ууланд багш намайг аварсан тул би түүнд дөрвөнтөө мөргөв. Би түүний төлөө чин зориг, гагц сэтгэлээр чармайсугай хэмээсэн бөлгөө. Нэг боть судар хэдий үнэ хүрэх вэ? Харин энэ өдөр намайг шуламд мөргүүлэхүйд хүргэв. Бүү мөргөсү хэмээхүл хэрэг сэрэгдмүй. Хайрхан болой, гагц багшийн зовлонг арилгахуйн тул, хүний доор ичгүүрийг хүлцэн мөргөсү!” хэмээгээд аргагүй урагш давшин сөгдөж: “Эмгэд мөргөмүй” хэмээв. Хөгшин шулам: “Хүүхэд минь, босогтун” Бичин дотроо сэтгэрүүн: “Сайн, сайн, үнэхээр ч сайхан дуудав!” Хөгшин шулам асууруун: “Чи хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Бид Дэвсэг уулны Бадам лянхуа агуйн хоёр их вангийн зарлигаар эмгийг Тансагийн мах зооглуулахаар залаар ирэв. Эмгийг ирэхүйдээ алтан цалмаа авчран Бичинийг барьсугай хэмээмүй.” Хөгшин шулам их л баясан: “Элбэрэлт үр минь!” хэмээгээд миний сүйхийг авчир хэмээсэнд Бичин дотроо сэтгэрүүн: “Үр минь, шулам бас сүйхэнд суух аж!” хэмээтэл, хойд гэрээс хоёр эм шулам нэгэн сүйх дамнан агуйн гадна тавьж, хар торгон лавир татсаны хойно, хөгшин шулам агуйгаас гарч сүйхэнд суув. Хэд хэдэн охин шулам заслын хайрцаг, толины тавиур, нүүрийн алчуур, жагарын багвар барин, хоёр этгээдэд дагалдав. Хөгшин шулам өгүүлрүүн: “Та нар эчиж юу хиймүй? Би өөрийн хүүхдийн гэрт одохуйд бас зарагдах хүнгүй хэмээн зовох буюу, та нар бүгдээр эгэж үүдээ дарж, гэрээ сайтар сахигтун!” хэмээсэнд, сүйх дамнах хоёр шулмаас бусад нь цөм хойш эгэв. Хөгшин шулам асууруун: “Намайг залаар ирсэн тэр хүний нэр хэн хэмээмүй?” Бичин яаран өчрүүн: “Миний нэр нь Ус харагч луу хэмээмүй. Түүний нэр нь Уул сахигч барс хэмээмүй.” Хөгшин шулам өгүүлрүүн: “Та хоёул өмнө орж зам удирдан яв” хэмээсэнд би дотроо: “Үнэхээр урагшгүй! Номоо олж залаагүйгээр харин үүнд боол болов” хэмээн сэтгэв, гэвч айшгүй зөрчиж үл болох тул, өмнө орж зам удирдан эчив. 


Тав зургаан газар яваад, Бичин нэгэн хадан дээр сууж сүйх хүрч ирэхүйд өгүүлрүүн: “Дамнасаар мөр өвдөж байх буй за, түр амраад явбаас ямар?” Тэр хоёр бага шулам Бичиний санааг үл мэдэх тул сүйхээ тавин амрав. Бич сүйхний хойно нь ороод нэг үсээ зуулж боорцог болгоод гарт барин идэн суухуйд, сүйх дамнагч хоёр шулам үзээд өгүүлрүүн: “Ноён та юу идмүй?” Бичин өгүүлрүүн: “Хэлэх үг үгүй, тийм холоос эмгийг залаар ирээд, багахан ч шан хишиг хүртсэнгүй, гэдэс тэсгэлгүй өлснөм, биед байсан хүнсээ идэж бараад, сая явсугай.” Сүйх дамнагч өгүүлрүүн: “Бидэнд баахан хайрламу.” Бичин: “Нааш ир, нэгэн гэрийн хүн тул эрээлэх учир юун?” хэмээсэнд тэр хоёр сайн мууг үл мэдэн Бичиний дэргэд ирж сая түүний боорцгийг хуваан идсүгэй гэтэл, Бичин шийдмээ гарган тэргүүнийг дайруулан тогшсонд, сая нэг нь нялтран талх болж, нэг нь үхсэнгүй ёолон хэвтэв. Тэр хөгшин шулам ёолох дууг сонсоод сүйхний цонхоор гадагш хартал, Бичин хүрч ирэн тэргүүнийг нь дайруулан шийдэмдсэнд, толгой нь хагарч, тархи нь гарч үхэв. Сүйхнээс чирэн гаргаж үзвээс харин есөн сүүлт хөгшин үнэг ажгуу, Бичин инээн: “Нүгэлт адгуус! Бас юуны эмэг хэмээн дуудагдмуй, чи эмэг болбоос өвгөн Сүн би элэнц хуланц болох буй за!” хэмээгээд түүний алтан цалмыг нэгжин олоод ханцуйд хийж, баясан сэтгэрүүн: “Муу шулам чамд ямар чадал буй боловч, энэ гурван зүйлийн эрдэнэ өвгөн Сүн минийх болов!” хэмээгээд бас дөрвөн үсээ сугалан авч нэгийг нь Уул сахигч барс болгон хувилгаж, нэгийг нь Ус харагч луу болгож, хоёрыг нь сүйх дамнагч шулам болгон хувилгав. Өөрийн биеэ хөгшин шулам болон хувилаад сүйхэнд сууж, замд орон одов.


Төдөлгүй Бадам лянхуа агуйн хаалганд хүрч, үсээ хувилгасан тэр бяцхан шулам урагш давшин: “Хаалга нээ!” хэмээн дуудсанд хаалга сахигч бага шулам үүдийг нээгээд асуун өгүүлрүүн: “Уул сахигч барс, Ус харагч луу ирэв үү?” хэмээсэнд тэр бага шулам: “Ирэв” хэмээв, үүд сахигч бага шулам асууруун: “Залсан эмэг хаана буй?” Бага шулам хуруугаар заан өгүүлрүүн: “Тэр сүйхэн доторх нь бус буюу?” Бага шулам: “Та нар баахан хүлээ, бид орж мэдүүлсүгэй” хэмээгээд гүйн орж: “Их ван минь, эмэг морилон ирэв” хэмээсэнд тэр хоёр их шулам хүжсийн ширээ бэлтгэн угтан авав. Бичин баясан дотроо сэтгэрүүн: “Сайн болов! Сайн болов! Өдгөө миний ээлж болов! Би бага шулам болон тэр хөгшин шуламд нэг мөргөсөн бөлгөө. Өдгөө би хөгшин шулам болон хувилаад түүний эх болсон тул надад дөрвөнтөө мөргөх буй за. Хэдий хонжмоор учир үгүй боловч илүү хэд мөргүүлмүй!” хэмээгээд сүйхнээс бууж хувцсаа тэгшлэн биеэ шилгээмэгц дөрвөн үсээ хураан авч дотогш орохуйд хаалга сахигч бага шулмууд хоосон сүйхийг дотогш дамнан аваачив. Тэр хойноос мөн хөгшин шулмын байдал гаргаж нахилзан тахилзан алгуур алхан орохуйд, тэдгээр их бага олон шулам цөм ирж сөгдөн угтаад бялар бишгүүр үлээн, хүжис шатаан гол танхимд залан оруулав. Тэр гол танхимын хоймор суусан хойно хоёр шулмын ван өвдөг даан сөгдөж: “Эхэд хөвгүүн бид ёслон мөргөмүй” хэмээн мөргөсөнд Бичин: “Хүүхэд минь, та нар бос” хэмээв.


Өгүүлэх нь, танхимын гол нуруунаас дүүжлэгдэж байсан Гахай үүнийг үзээд ха ха хэмээн дуу алдан инээсэнд, Шороо өгүүлрүүн: “Ах минь, чамайг дүүжилсээр инээлгэхүйд хүргэвэй.” Гахай өгүүлрүүн: “Дүү минь, миний инээх нь бас учир буй.” Шороо асууруун: “Ямар учир буй?” Гахай өгүүлрүүн: “Би харин маныг жигнэж идэх эмэг нь ирэв хэмээн санасан бөлгөө. Үзвээс юуны эмэг байх ажээ, үзвээс өнөөх улаан бөгст чоно иржээ.” Шороо асууруун: “Улаан бөгст хэмээгч хэн буй?” Гахай инээн өгүүлрүүн: “Тэр агтын даамал иржээ.” Шороо өгүүлрүүн: “Чи түүнийг яахан танив?” Гахай өгүүлрүүн: “Сая тэр “Хүүхэд минь та нар бос” хэмээн өндийсхийхэд сармагчны сүүл нь годосхийн гарсныг би өндөрт дүүжлэгдсэн тул тодорхой үзэв.” Шороо өгүүлрүүн: “Битгий дуугар, бид түүний юу хэлэхийг сонстугай.” Гахай “Мөн, мөн” хэмээгээд дуугүй авай.


Тэр Бичин төв дундад сууж асууруун: “Хөвгүүн минь, ямар хэрэгт намайг залав?” Шулам өгүүлрүүн: “Эхэд энэ хэдэн өдөр нэхэж сайн юм олж барьсангүй тул хүндлэлийг осолдов. Энэ өглөө бид зүүн газраас ирсэн Тансаг хэмээгч тойныг бариад айшгүй ганцаар идэж болохгүй тул, эхийг залж түүнийг сайтар жигнээд насан өлзий нэмэгдэхийн тэст дээжийг нь барьсугай хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн минь, Тансагийн махыг би харин идэхгүй, сонсохул Гахай хэмээгчийн чих нь маш амттай гэнэм, түүний чихийг огтолж авч ир, би архинд зууш болгосугай” хэмээв. Гахай үүнийг сонсоод өгүүлрүүн: “Үхэл дайрсан, чи миний чихэнд дурлаж ирсэн буюу! Би чиний үнэнийг хэлж, гаргаваас харин ч муу болох буюу.”


Хуухай! Манхуугийн энэ үгэнд Бичиний хувилсан нь сэрэгдэв. Бас уул цагдагч хэдэн бага шулам ба хаалга сахигч шулам цөм орж ирэн мэдүүлрүүн: “Их ван минь, гай болов!” Бичин эмгийг занчиж алаад оронд нь овлон иржээ!” Шулам үүнийг сонсмогч долоон одот сэлмийг сугалан Бичийг цавчин ирэхүйд, тэр их богд улаан гэрэл болон дутаан эчив. Хувилгаан эрдэм хэмээгч үнэхээр хялбар бус, нийлбээс бие болон нэгэнтээ сарниваас уур болмуй хэмээгч үүнийг өгүүлэх аж. Алтан эвэрт шулмын сүнс нь зайлан сүг нь завхаад, олон шулам цөм толгой сэжин гайхвай. Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Дүү минь, бид Тансаг, Шороо, Гахай, морь буудлыг нь цөм Бичинд эгүүлэн өгч, энэ хэл амыг тасалбаас зохимуй.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ах юу хэмээмүй? Би хэдий чинээ хүч гарган, тэдгээр тойныг барьж авчрав. Чи түүний зусар аргаас айн буцаан өгсүгэй хэмээх нь үнэхээр илд жадаас эмээх эм хүн буюу? Ах бүү айгтун, би Бичиний хувилгаан эрдэм адбиш хэцүү хэмээн сонссон бөгөөд нэг удаа учирсан боловч байлдсан бээр үгүй. Хуяг дуулга авчир, би түүн лүгээ гурван удаа байлдаж үзсүгэй, би дийлбээс Тансагийг бид идсү, би эс дийлбээс тэр цагт Тансагийг буцаан өгөхүйд мөн оройтохгүй.” Алтан эвэрт шулам: “Мэргэн дүүгийн үг мөн болой” хэмээгээд хуяг дуулгыг авч ир хэмээв. 


Олон шулам хуяг дуулгыг дамнан авчирсанд хоёрдугаар их шулам бие хуяглан эрдэнийн сэлмийг гарт барин, үүднээс гарч өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Бичин чи хааш одмуй?” Бичин огторгуйд аж түүний нэрийг дуудахыг сонсоод яаран тэргүүн өргөн үзвээс, Мөнгөн эвэрт шулам айсуй. Түүний чимсэн нь:


        Цул мөнгөн гарьдын дуулгыг тэргүүнд тавин,
        Цуд болд эрдэнийн хуягийг биед өмсчээ.
        Гүмбэрван шөрмөсөн бүсийг дундуур бүслэн,
        Хөнгөн арьсан гутлыг хөлд өшиглөжээ.
        Царайн өнгө цахилгааны эрхтэн мэт,
        Цогцос бие цагдагч Махаранз адил.
        Долоон одот сэлмийг дээр далайгаад 
        Догшин дүр үнэхээр айхавтар.


Мөнгөн эвэрт шулам өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Бичин чи эртхэн миний эрдэнэ ба эхийг эгүүлж өгвөөс би чиний багш Тансагийг тавьж ном залаар явуулсугай!” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу шулам, чи өвөг эцгээ танихгүй буюу! Эртхэн миний багш, номын дүү нар, цагаан морь, боодолтай юмыг эгүүлэн өгч, замын хүнсийг баахан бэлтгэ, хэрвээ “үгүй” хэмээх үг шүдэн завсраар гаргаваас, өөрөө дээс авчран миний хүлэхийг хүлээ.” Мөнгөн эвэрт шулам үүнийг сонсоод үүлэн дээр дэгдэн гарч, сэлэм далайн Бичинийг цавчин ирэхүйд Бичин шийдмээр угтан байлдав. Тэр хоёулын огторгуйд энэ нэгэн зэрэг алалдсан нь: 


        Эр хүчин тэнцэж, эрдэм чадал хосолжээ.
        Хоёр их хувилгаан баатар
        Хослон байлдахуйяа, 
        Аглаг уулын барс хэрэлдэхүй лүгээ адил,
        Анабад далайн луу тэмцэлдэхүй лүгээ адил.
        Хоёр барс хэрэлдэхүйеэ
        Хурц хумс савардан баймуй.
        Хос луу тэмцэлдэхүйеэ
        Хүчит сүүл шарван ирмүй.
        Энэ нэгний урван шарван зэвсгийн эрдэм улируулах нь хэцүү,
        Тэр нэгний дэгдэж харайн байлдаж ирэх нь зав чөлөө тавихгүй.
        Хувилгаан бэрээний буун ирэх нь Эсэрүагаас зайдахгүй
        Хурц сэлмийн ширвэн ирэх нь аюулхайгаас холдохгүй.
        Энэ нэгний сүр нь сүлд тэнгэрийг айлган,
        Тэр нэгний уур нь аянгын эрхтнээс хэтийдмүй.
        Тэр хоёул гучин удаа зөрөлдөн дийлэн дийлэгдэх эс ялгарав.


Бичин дотроо: “Энэ муу шулам, өвгөн Сүн миний шийдмийг харин ч даамуй! Би үүний гурван зүйлийн эрдэнийг олсон атал юунд биеийг зүдээн үүн лүгээ дэмий тэмцэж хэргийг саатуулмуй? Хул, хумхын нэгийг хэрэглэн үүнийг бариваас барав” хэмээн сэтгээд бас: “Болохгүй! Болохгүй! Энгийн үгэнд “Эрдэнэ эзэндээ ээлтэй” хэмээжээ. Би үүний нэрийг дуудаад тэр өчихгүй болбоос, миний хэрэг саатах бус уу? Түр алтан цалмаар бариваас барав” хэмээн бодоод шийдмээр сэлмийг тосч, алтан цалмыг шулмын толгой руу орхив. Үзвээс тэр шуламд цалам чангалах, цалам сулруулах хэмээх хоёр тарни буй ажгуу, хэрвээ өөр хүнийг цаламдахуйд чангалах тарни уншваас мултарч үл чадмуй. Өөрийн хүнээ цаламдахуйд сулруулах тарни уншваас бие үл гэмтмүй. Тэр шулам өөрийн эрдэнээ таниад сулруулах тарни уншин толгойгоо мултлан аваад цалмыг Бичиний зүг орхисонд толгой оногдож тордвой. Бичин биеэ авчуулах увидас хэрэглэсүгэй хэмээтэл тэр шулам чангалах тарни уншин чав чанга боомилсон тул хэрхэн мултарч чадах аж? Тэр цалам доош шувтран хүзүүг боомилохуйд Бичин үзвээс харин нэгэн алтан цагираг ажгуу. Тэр шулам цалмаас хөтөлж бариад Бичиний толгойг нь эрдэнийн сэлмээр долоо найман удаа цавчсан боловч адагтаа арьс нь хогжирсон бээр үгүй. Шулам өгүүлрүүн: “Энэ муу сармагчны толгой үнэхээр хатуу, би түр цавчихыг байж, агуйд аваачсаны хойно сайтар элдсүгэй, чи миний хоёр эрдэнийг эртхэн гаргаж өг!” Бичин өгүүлрүүн: “Би чиний ямар эрдэнийг авав хэмээн надаас нэхмүй?” Тэр шулам Бичиний биеийг нь нэгжин хул, хумхаа аваад цалмаас хөтлөн агуйдаа хүрч, “Ах минь, би барьж авчрав” хэмээсэнд Алтан эвэрт шулам асууруун: “Хэнийг барьж авчрав?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Бичинийг барьж авчрав, чи ирж үз.” Алтан эвэрт шулам үзээд Бичинийг таньж, маш баясан инээн өгүүлрүүн: “Мөн! Мөн! Үүнийг уртхан дээсээр баганаас аргамжиж наадсугай!” хэмээгээд, Бичинийг аргамжаад, хоёр шулам хойд танхимд орж ирээд суув.


Тэр их богд баганыг тойрон маажлахуйд дээрээс Гахай үзээд инээн өгүүлрүүн: “Аяа, ах минь чихийг олж идэхгүй болов!” Бичин өгүүлрүүн: “Манхуу, дүүжлэгдээд таатай байх буюу? Би өдгөө гарч та нарыг сааргүй аварсугай.” Гахай өгүүлрүүн: “Ичгүүргүй! Өөрийн биеэ гаргах чадалгүй бөгөөтөл, бас бусдыг аварсугай хэмээмүй. Байтугай! байтугай! Бид бүгдээрээ нэг дор үхвээс эрлэгийн оронд одохуйяа хань болохуйд сайн!” Бичин өгүүлрүүн: “Дэмий бүү донгод! Миний гарахыг үзэгтүн.” Гахай бас: “Би чиний яахан гарахуйг үзсүгэй” хэмээв. Тэр их богд Гахай лугаа ийн хэлэлцэхүйн зуур тэр хоёр шулмыг ажиглаваас, дотор гэрт архин ширээ засч, олон бага шулам хундага пял зөөлцөн, нааш цааш гүйлдэх чөлөөнд увидас үүсгэн шийдмээ гаргаж, ган хуурай болгон хувилгаад, хүзүүн доорх цагирагийг хуурайдан тасалж мултран гарч ирэв. Тэр үсээ сугалан өөрийн бие болгон хувилгаад багана аргамжиж, үнэн бие нь нэгэн бага шулам хувилан дэргэд нь зогсон авай. Гахай үүнийг үзээд бархиран өгүүлрүүн: “Муу болов! муу болов! аргамжсан нь хуурмаг юм, дүүжилсэн нь үнэн бие болой!” хэмээсэнд Алтан эвэрт шулам үүнийг сонсч ийн асууруун: “Тэр Гахай юун хэмээн дэмий л бархирмуй?” Бага шулам болон хувилсан Бичин урагш давшин өгүүлрүүн: “Гахай нь Бичинийг хувилан од хэмээн өдөөсөнд Бичин түүний үгийг авсангүй тул тэр тэнд тийнхүү бархирмуй.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Гахайг шударга хэмээн санасан бөлгөө, өдгөө үзвээс шударгагүй ажгуу! Түүний хоншоорыг хорин мод занч!” Бич мод авч Гахайг занчихаар ирэхүйд Гахай өгүүлрүүн: “Чи баахан хөнгөн занч, хүчтэй занчваас би бас бархирмуй, би чамайг танинам!” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний хувилах нь цөм та нарын төлөө болой, чи юунд бусдад сэрэгдүүлмүй? Энэ агуйн шулам цөм танихгүй атал, чи хэрхэн ганцаар намайг танимуй?” Гахай өгүүлрүүн: “Чи хэдий толгой түрүү ба хөвчин биеэ хувилгаж чадваас, бөгсний хоёр улаан тонтгор хувилахгүйд би танимуй” хэмээсэнд Бичин хойд идээний гэрт ороод тогооны хөөгөөр бөгсөө хөөдөж ирсэнд Гахай үзээд бас инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин хаана одоод бөгсөө хөөдөж ирэв” хэмээв.


Бичин мөн шулмын эрдэнийг хулгайлах санаа буй тул, их хэрсүү байдал гарган урагш одож сөгдөн өгүүлрүүн: “Их ван, тэр Бичин баганыг тойрон мөлхсөөр алтан цалмыг тасалж мэдмүй, өөр нэгэн бүдүүн дээсээр халж аргамжваас ямар?” Алтан эвэрт шулам: “Чиний үг зөв” хэмээгээд өөрөө бүсэлсэн сур бүсээ тайлж Бичинд өгөв. Бичин аваад хуурмаг Бичинийг аргамжиж, алтан цалмыг ханцуйд хийгээд, өөрийн үснээс нэгийг сугалан авч, алтан цалам болгон хувилгаж хоёр гараар шуламд барив. Шулам гагц архинд амтархан нарийвчлан үзсэнгүй хураан авав. Их богд арилжих увидас хэрэглэн үсээр алтан цалмыг солин авав хэмээгч үүнийг өгүүлжээ. 


Бичин эрдэнийг олоод яаран хойш эргэн хаалга гарч уг биеэр болон өндөр дуунаар “Шулам!” хэмээн хашхирсанд хаалга сахигч бага шулам асууруун: “Чи хэрхсэн хүн, юунд энд ирж ийнхүү бархирмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи түргэн орж тэр их шуламд Мичин хэмээгч ирэв хэмээн мэдүүл” хэмээсэнд тэр бага шулам түүний хэлсэн ёсоор мэдүүлэв. Тэр Алтан эвэрт шулам үүнийг сонсоод их л цочин өгүүлрүүн: “Нэг Бичинийг барьтал, бас нэгэн мич ирэхүй нь юун?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ах бүү айгтун, эрдэнэ цөм миний гарт буй, би хулыг аван гарч түүнийг барьсугай.”Алтан эвэрт шулам: “Дүү минь хичээгтүн” хэмээтэл Мөнгөн эвэрт шулам хэдийн хулаа авч агуйгаас гаран үзвээс, бие нь баахан богино боловч Бичин лүгээ нэгэн адил. Шулам асууруун: “Чи хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Бичиний дүү мич хэмээгч би болой, ахыг минь барив хэмээн сонсоод ирсэн бөлгөө.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ахыг чинь би барьсан нь үнэн, өдгөө агуйн дотор хорьж амуй. Чи над лугаа байлдсугай хэмээн ирсэн буй за, би мөн чам лугаа байлдахгүй, би чиний нэрийг дуудваас чи аймшиггүй хариулмуй юу?” Бичин: “Би айхгүй, чи мянгантаа дуудваас би түмэнтээ хариулмуй!” хэмээсэнд тэр шулам хулаа барин огторгуйд дэгдэн гараад амсрыг нь доош хандуулан: “Мич” хэмээн дуудсанд Бичин хариу дуугарсангүй дотроо сэтгэрүүн: “Хэрвээ дуу гарваас түүний хуланд нь орох буй за” Тэр шулам өгүүлрүүн: “Чи юунд үл дуугармуй?” Бичин өгүүлрүүн: “Миний чих баахан хатуу тул эс сонсов, чи ихээхэн дууд” Тэр шулам бас “Мич” хэмээн дуудав. Бичин бас дотроо сэтгэрүүн: “Миний үнэн нэр Бичин хэмээмүй, мич хэмээгч солиу дуудлага тул юуны түүний тэр хуланд орох ажээ” хэмээгээд хариу дуугартал хэдийн пүсхийж хулан дотор орон эчив. Тэр шулам амсар дээр тарни нааж тавив. Тэр эрдэнэ хэмээгч үнэн худал нэрийг ялгахгүй, гагц дуу гарваас сорон аваачих ажгуу. 


Тэр их богд хулны дотор ороод нүд өргөн үзвээс хав харанхуй, толгойгоор дээш нүдвээс юуны хөдөлгөж чадах ажээ, амсрыг чав чанга таглажээ. Бичин ундууцан өгүүлрүүн: “Урьд тэр хоёр бага шулам над лугаа уулан дээр уулзахуйн үед хэлсэн нь, энэ хул ба хумхын дотор орвоос нэг цаг гурван мөчид идээ шүүс болон хайлмуй хэмээсэн бөлгөө. Намайг хайлуулах юу магад?” хэмээгээд бас сэтгэрүүн: “Хамаагүй, хайлуулж дийлэхгүй буй за! Өвгөн Сүн би таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээхүйн үес, дилавын найман хөлөлийн зууханд дөч есөн хоног Алтан зүрх, мөнгөн уушги, гуулин толгой, төмөр нуруу, ал нүдэн алтан цэцгийтэй болсон тул, юуны нэг цаг гурван мөчид даруй хайлмуй? Түүнийг даган агуйд орж хэрхэхийг үзсүгэй.” Мөнгөн эвэрт шулам түүнийг авч ороод: “Ах минь, авч ирэв” хэмээсэнд Алтан эвэрт шулам асууруун: “Хэнийг авч ирэв?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Тэр мич хэмээгчийг хуланд хийж авчрав.” Тэр Алтан эвэрт шулам баясан өгүүлрүүн: “Дүү минь, бүү хөдөлгө, хөдөлгөхүйд шал шал дуугарваас, тарниа сая шаалсугай!” Бичин үүнийг сонсоод сэтгэрүүн: “Миний энэ бүхэл биеийг хөдөлгөхүйд ам дотроос шал шал дуугарахуйд хайлав хэмээн итгэж, нээхүйн зуур өвгөн Сүн би одвоос барав” хэмээн сэтгээд хүлээн суув. Тэр шулам архиндаа болоод хөдөлгөхгүй. Бичин арга гарган бархиран өгүүлрүүн: “Эх минь, нуруун яс цөм хайлав!” хэмээсэнд Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Нуруунд хүрсэн болбоос цөм хайлсан буй за, сөхөж үзсүгэй” хэмээв.


Бич үүнийг сонсоод үсээ сугалан авч, “Хувил” хэмээн зандарсанд, доод бие нь хайлсан Бичин болж хувилаад хулын ёроолд суулгаж, чухам биеийг нь нэгэн шумуул болон хувилж, хулны амсарт наалдан суув. Мөнгөн эвэрт шулам тарнийг шагайлан сөхөж үзтэл, Бичин хэдийн нисч гараад нэг хөрвөмөгц эмгийг залаар одсон Ус харагч луу болон хувилж дэргэд нь зогсож авай. Алтан эвэрт шулам хулыг шагайн үзвээс тэр Бичиний доор бие нь хайлаад дээр бие нь хөдлөн амуй. Тэр үнэн худлыг үл мэдэн яаран өгүүлрүүн: “Дүү минь, хурдан амсрыг наа! Хайлж бараагүй байнам!” хэмээсэнд Мөнгөн эвэрт шулам уг ёсоор нааж тавив. Бичин хажууд аж сэмээр: “Өвгөн Сүн би энд байхыг мэдэхгүй!” хэмээн инээн авай.


Алтан эвэрт шулам нэг хундага архи нэрж Мөнгөн эвэрт шуламд бариад өгүүлрүүн: “Мэргэн дүү, би чамд нэгэн хундага архи барьсугай.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Бид өдий уучихаад бас юуны учир архи барьмуй?” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Чи Тансаг, Гахай, Шороог бариад бас Бич, Мич хоёрыг барив. Энэ цөм чиний гавьяа тул хэдэн хундага илүү ууваас зохимуй.” Мөнгөн эвэрт шулам ахын ийн өгүүлэхүйд айшгүй эс авбаас болохгүй тул гар дах хулаа Бичиний хувилсан Ус харагч лууд өгч, хоёр гараар хундагыг хүлээн авав. Бичин хулыг хүлээн авч хажууд эмсэглэмүй. Мөнгөн эвэрт шулам архийг тосон балгаад бас хариу барихуйд Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Хариу барих хэрэггүй, би чам лугаа баахан уусугай” хэмээн нэг нэгэндээ найр тавин авай. Бичин хулыг барьсаар нүд шилжүүлэлгүй тэр хоёрыг ажиглаваас, хундага зөрөлцөн өчүүхэн ч хайхралгүй байхуйд хулыг ханцуйлж, үсээ сугалан хул болгон хувилгаад барин зогсов. Хоёр их шулам нэг зэрэг ууж огоот нарийвчилсангүйгээр эрдэнээ тосон авч, өөр өөрийн суудалд сууж мөн архиднам. Их богд эрдэнийг олоод эргэн гарч дотроо баясан: “Шулам чи хэдий эрдэмтэй боловч эрдэнийн хул өдгөө бас өвгөн Сүн миний гарт оров” хэмээв. Хойшид чухам ямар аргаар багшаа гарган шулмыг дарахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 53 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 40 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 9 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 13 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 56 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 29 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 32 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 32 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 15 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 10 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 28 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 29 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 45 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК