зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


СЭТГЭЛИЙН БИЧИН ТӨВ БОЛОХУЙЯА ХАМАГ ХАРШ ДАРАГДАВ
СОЛГОЙ ЁСЫГ ЭВДЭХҮЙЕЭ САРУУЛ САРЫГ ҮЗЭВ


Өгүүлэх нь, Бичин үүлнээс бууж багшид Бодисадва тэнсэхийн тул хувилгаан шавь нарыг агсан байгуулсан ба Дилав эрдэнээ аваачсан учрыг тоочин өгүүлсэнд Тансаг нэн сүсэг төрж шууд баруун зүгт одов. Тансаг моринд мордож Гахай дамжуураа дамнан, Шороо морийг хөтлөн, Бичин шийдэм барин зам нээж уулаас буун шууд эчив. Багш шавь дөрвүүл эртлэн оройлон хэдэн өдөр явсангүй бас нэг их уулын дэргэд хүрч ирэв. Тансаг морины дээрээс дуудан өгүүлрүүн: “Шавь минь та нар тэр уулын бартааг үзэгтүн, энд бас буг шулам байх магадгүй, эрхбиш хичээвээс сайн.” Бичин өгүүлрүүн: “Багш олон юм бодох хэрэггүй, гагц хийморио дэгдээвээс аливаа түйтгэр аяндаа арилмуй.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, баруун газар одохуйд юутай ийнхүү бэрх буй? Би Чан Анаас гарснаас нааш дөрөв таван жил болжээ. Юунд бас үл хүрмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Болоогүй, болоогүй, бас үүднээсээ гараагүй?” Гахай өгүүлрүүн: “Ах юунд худал хэлмүй, ертөнцөд бас ийм их үүд буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Дүү минь, бид бас үүдний босгыг алхаагүй буюу?” Шороо инээн өгүүлрүүн: “Ах их үгээр хүнийг айлгах буюу, ийм их гэрийн гол нурууг хаанаас худалдан олох буй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хөх огторгуйгаар дээвэр болгон, наран сарнаар хаалга цонх болгон, дөрвөн уул таван хайрханаар тулгуур багана болгожээ. Тийнхүү тэнгэр газрыг нэгэн агуу гэр болгон бэхлэв?” Гахай өгүүлрүүн: “Барав! Барав. Бид нэг зэрэг тойроод хойш эгвээс барав.” Бичин: “Дэмий бүү донгод, өвгөн Сүн намайг үг дуугүйгээр дагаваас барав” хэмээв. Их богд болд бэрээгээ хөндлөн барьж, Тансагийг хамгаалан зам удирдан шууд урагш одов. Тансаг морины дээрээс үзвээс, нэг сайхан уул эчих замыг халхалжээ. Тэр уул нь: 


        Асга оргил сүмбэрлэн агаар тэнгэрт тулаад 
        Аварга модод сэгийлцэн хөх үүлнээ шургажээ.
        Хөшиглөн татсан хөх униарын дотор
        Хүрэн Бичиний жажигнах дуун байн байн сонсогдмуй.
        Хөхрөн цэлгэрсэн нарс майлсны дунд 
        Тогоруун дуу зэрэг зэрэг гармуй,
        Хавцал зав дотор салхич балт түлээчийг айлгамуй.
        Хад эрэг дээр шулам үнэг анчныг цочоомуй.
        Бартаатай уул аа! Бартаатай уул аа!
        Барзгар хад энд тэндгүй харагдан
        Бэрх хавцал хааяагүй үзэгдмүй. 
        Хачин сонин харгай нарс намаа нийлэн саравчлаад
        Хатаж хувхайрсан хөгшин модонд ороонго зэл ороолджээ.
        Харз булаг оргилохуйяа жихүүн уур манаран,
        Хана хад сүндэрлэхүйеэ сэрүүн жавар татмуй.
        Уулан дээр арслан барс хүрхрэн,
        Ой дотор шувуу болжмор донгодмуй.
        Буга хандгай сүрэглэн бут сөөгөөр сүлжин,
        Борон (зэрлэг муур), малур (мануул) бүлэглэн өгөө эрэн гүйлдмүй.
        Хүн хар гэж энэ уулнаа нэг ч тохиолдохгүй,
        Хөх чоно харин ч энд тэндгүй харагдмуй.
        Ажиглаваас арш хувилгааны бясалгал хийх орон бус,
        Араатан жигүүртний үүрлэн оршиж өгөө эрэх газар.


Тансаг айн дагжсаар уулын дотор ороод морины жолоог татаж Бичинийг дуудан сэтгэл уяран өгүүлрүүн: “Би ном залах бат тангараг тавин, нийслэл хотоос мордон гарч ирлээ. 


        Аян замдаа гурван шавь ба хүлэг морь олж, 
        Алсыг зорин агтаа шалан өрнөш замналаа. 
        Уулыг даван усыг гатлан ном судрыг эрж, 
        Асгыг авиран, хадыг даван бурхан сахиулсанд мөргөлөө. 
        Энэ бие мэндхэн явж эгээрлийг гүйцэтгэхүйг хичээн 
        Эгнэгт хэзээ улсдаа буцаж эзэнд бараадах буй за.”


Бичин үүнийг сонсоод инээн өгүүлрүүн: “Багш бүү зов, сэтгэлийг сул тавин урагш явбаас хэрэг явдал аяндаа бүтэх болой.” Багш шавь дөрвүүл уулын үзэмжийг үзэн явахуйяа улаан наран хэдийнээ уулын цаана жаргавай. Төв хэмээн:


        Аянчин цөм өртөөд буугаад 
        Агаарт одон нэгэнтээ түгэв.
        Олом гармын онгоц завийг аргамжаад,
        Орд яамны үүд хаалгыг хаав.
        Албан түшмэд өрх гэртээ эгээд,
        Алаачин загасчин айл тосгондоо  .
        Асар дээр жүнгийн дуу дуурьсан,
        Агаарт гэгээн саран мандав.


Тансаг морин дээрээс алсыг ажиглаваас тэртээ уулын хотгорт асар тагт сэгийлцэн, ордон харш зэрэглэн харагдмуй. Тансаг өгүүлрүүн: “Тэнгэр орой болов, тэнд нэгэн асар үзэгдэх нь лав сүм хийд буй за, бид тэнд хүрч нэг шөнийг өнгөрөөн маргаад явсугай.” Бичин: “Багшийн үг мөн болой, бүү яар, урьдаар би түүний сайн мууг үзсүгэй” хэмээгээд огторгуйд дэгдэн гарч нарийвчлан үзвээс үнэхээр нэгэн их сүм ажгуу, тэр сүм:


Тоосго хэрмийг улаанаар ширтэж,
Товруут хаалгыг алтаар өнгөлжээ.
Дэгдэр дэгдэр асар тагт давааны энгэр суваргалан,
Давхар давхар ордон харш уулан дотор жигдэрчээ.
Согшин дуган нь Шигэмунийн харш лугаа нүүрлэн,
Цогчин асар нь сүмийн үүдийг асалжээ.
Долоон үет суварга үүл ороон униар татаад,
Туулсан гурван бурхны хөргөөс алтан гэрэл цацармуй.
Манзуширийн дуган нь Чойжингийн цамхаг лугаа зэрэгцэн, 
Майдарын харш нь Арьяабалын танхим лугаа залгалджээ.
Уулыг харах тагтын гадуур хөх униар татан,
Агаарыг бараалах асрын дээгүүр улаан туяа бүрхжээ.
Хулс нарс хүрээлэн ургаж хөхрөн ногоороод,
Хурлын дуган, номын харш жигдрэн харагдмуй.
Яруу сэлүүн үзэмж байдал сэтгэлийг баясган,
Ариун тунгалаг уул ус уйтгарыг сэргээмүй.
Даяаны гэрт номч багш ном тавин,
Тахилын гонхноо хөгжимч банди хөгжим үүсгэмүй.
Адис хувилгаан мандал дээр удамбар цэцэг дэлгэрээд,
Арвис номын тавцангийн өмнө самаа цэцэг ургажээ.
Эрдэнийн хийдийг ой хүрээлэн, 
Эсэрүн харшийг уул өвөрлөжээ.
Ариун зул дуган бүр гэрэлтэж, 
Арц хүж харш дүүрэн анхилмуй.


Бичин үүлнээс буун ирээд Тансагт мэдүүлрүүн: “Багш, үнэхээр сүм ажгуу, бид хоног гуйхаар одсугай.” Тансаг морийг шалж шууд сүмийн хаалганд хүрч ирсэнд, Бичин асууруун: “Багш минь, энэ сүм ямар нэртэй вэ?” Тансаг өгүүлрүүн: “Би мориноос буугаагүй атал, надаас ямар сүм бэ? хэмээн асуух чинь адбиш ухваргүй бус уу?” Бичин өгүүлрүүн: “Багш чи хар багаасаа тойн болж, бичгийн эрдмийг сурч номын ёсыг тайлбарлан утга зүйд цөм нэвтрээд, Тан хааны хишгийг хүлээсэн бөгөөтөл юунд хаалганы дээрх тийм их үсгийг үл танимуй?” Тансаг хараан өгүүлрүүн: “Муу сармагчин үг хэлэхүйд үнэхээр ёсгүй, шингэх нарнаа нүд гялбах бөгөөд хаалганы дээрх үсэг нь тор тоосонд дарагдсан тул би яахан үзэж гарах буй.” Бичин биеэ сунган дөрвөн алд илүү болоод гараар тэр үсгийн тоосыг арчаад: “Багш үз!” хэмээв. Тансаг үзвээс “Зарлигаар байгуулсан Эрдэнэт ойн сүм” хэмээн тов тодорхой бичжээ. Бичин увидсаа хураан авч өгүүлрүүн: “Багш минь энэ сүмд хэн урьдаар орж хоног гуймуй?” Тансаг өгүүлрүүн: “Би орсугай, та нарын дүр байдал муухай, авир зан догшин бөгөөд үг хэдэр, омог дээрэнгүй. Хэрвээ сүмийн тойныг уурлуулбаас биднийг үл хонуулмуй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос багш ортугай?” хэмээв. 


Тансаг дулдуйгаа тавьж жанчаа тайлан, дээлээ засан, алгаа хамтатган сүмийн үүдийг орж үзвээс хоёр этгээдэд улаан хэрсэгийн дотор Очирванийн хөргийг бүтээсэн нь үнэхээр айхавтар. 


        Энэ нэгний бараан нүүр, барзгар сахал нь адбиш сүрхий, 
        Тэр нэгний хилэнгийн нүд, хясаа хөмсөг нь үнэхээр айхавтар. 
        Нэг нь том нударгыг зангидан зүүн талд сүндэрлэн, 
        Нэг нь агуу алгыг дэлгэн баруун этгээдэд сэгиймүй. 
        Шижир алтан хуягаас шар гэрэл сацран, 
        Цагаан мөнгөн дуулга нь шингэх нарнаа гялсмуй. 
        Баруун орны хүн бүхэн бурханд сүсэгтэй тул 
        Бараан чулуун гүлсээс хүжсийн утаа баагимуй.


Тансаг үүнийг үзээд тэргүүн дохин урт шүүрс алдаж сэтгэрүүн: “Манай зүүн оронд бас ийм их бурхны хөрөг бүтээж тахих хүн буй бөгөөс шавь би баруун оронд одох хэрэггүй болой?” хэмээн хараахан явсаар бас хоёрдугаар хаалганд хүрч үзвээс, зүүн баруун өмнө хойно дөрвөн зүгийн хур салхийг тэнцүүлэхүйг бэлгэдэж тэтгэгч, сонордогч, нэмэгч, ажигч дөрвөн Махаранзын хөргийг босгожээ, хоёрдугаар үүдийг шурган орж үзвээс дөрвөн бүдүүн нарс мод аж, намаа (модны нарийн салаа мөчир) нь шүхэрлэн нарыг халхалжээ, Тансаг тэргүүн өргөн үзвээс энэ нь цогчин дуган ажгуу. Тансаг алгаа хамтатган наманчилж мөргөв. Мөргөж бараад бурхны тавцанг тойрон хойд үүдэнд хүрч үзвээс, Хомсим Бодисадва өмнө далайн амьтныг авран гэтэлгэж бүхүй зураг буй. Тэр туургын дээр цөм урчуудын сийлсэн сам, наймаалж, загас, мэлхий тэргүүтэн толгойгоо цухуйн сүүлээ ширвэн усанд наадмуй. Тансаг бас тэргүүнээ хэдэн зэрэг дохиж их л сэтгэл хөдлөн шүүрс алдан сэтгэрүүн: “Хөөрхий, хайрс хавтаст зэргийн усан амьтан цөм бурханд мөргөх атал хүн бясалгалд үл хичээх нь юун?” 


Ийнхүү шүүрс алдан атал гуравдугаар үүдний дотроос нэгэн бумба гарч ирээд, Тансагийн байдал дүр үтэл бусыг үзээд яаран урагш давшин ёслон өгүүлрүүн: “Багш чи хаанаас ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Шавь би зүүн газрын Тан улсын хааны зарлигаар баруун газраа хүрч бурханд мөргөн ном залаар одмуй. Өдгөө орой болсон тул танай энд нэгэн шөнийг өнгөрөөсүгэй хэмээн ирэв.” Тэр бумба өгүүлрүүн: “Багш битгий буруушаагтун, би толгой мэдэж үл чадмуй. Би болбоос газар шүүрдэх, жүн цохих бумба, дотор түрүү багш буй, би орж түүнд хэлсүгэй, болох болбоос би даруй гарч ирэн залсу, эс болох болбоос айшгүй саатуулж үл болмуй” хэмээсэнд Тансаг: “Чамайг зовоов” хэмээв.


Тэр бумба дотогш орон мэдүүлрүүн: “Багш минь, гадна нэгэн хүн иржээ.” Тэр багш яаран босч дээлээ халан, үснирт малгайгаа өмсч, хаалга гаран бумбаас: “Тэр ирсэн хүн хаана буй?” хэмээн асуусанд бумба гараар зааж өгүүлрүүн: “Тэр гол харшийн ард байх бус уу?” Тэр багш Тансагийн толгой нүцгэн, биед ширмэл дээл өмсч, хөлд хуучин шаахай өмсөөд үүдийг түшин зогссоныг үзээд их л хилэгнэн өгүүлрүүн: “Энэ бумбыг занчилтай! Чи миний тойдын түрүүг үл мэдэх буюу, би гагцхүү хотоос хүж зул өргөхөөр ирсэн ноёд түшмэдийг угтах буй за, энэ мэт тойныг би угтах буюу, чи юунд лавлахгүй надад мэдүүлмүй. Энэ тойныг үзвээс шударга номхон хүн бус, лав бадарчин тойн болой, энэ өдөр орой болсон тул хоног гуйхаар ирсэн буй за, миний гэрт үүнийг хонуулж болох буюу, өмнө саравчийн доор нэгэн шөнийг өнгөрөөтүгэй хэмээвээс барав, надад мэдүүлэх юун?” хэмээгээд хойш гэртээ оров.


Тансаг үүнийг сонсоод нулимсыг асгаруулан өгүүлрүүн: “Аяа, юутай хөөрхий? “Хүн нутгаасаа ангижирваас доромжлогдмуй” хэмээгч нь үүнийг өгүүлжээ, шавь би хар багаас тойн болоод сахил алдан, санваар эвдэж, самадигаас цалгарсан үгүй бөгөөд дуганыг сэвтээн, бурхан шүтээнд халдсан явдал нэнтээ үгүй бөлгөө. Аяа би аль төрөлдөө бурхан тэнгэрт алдастай явснаар энэ наснаа намайг огоот муу хүнд учруулж байхыг үл мэднэм, тойн чи эс хонуулбаас барав, юунд энэ мэт муушаан доромжилж, өмнө саравчинд нэгэн шөнийг өнгөрөөтүгэй хэмээмүй. Энэ үгийг Бичинд эс хэлсэн нь харин сайн, хэрвээ түүний дэргэд хэлсэн болбоос тэр сармагчин чиний хөлийг хугартал шийдэмдэх буй за, байтугай, байтугай, энгийн үгнээ “Хүн ёслолыг урьтал болгомуй” хэмээжээ, би орж нэгэн үг асуун түүний санааг мэдсүгэй.”


Тансаг, түүний хойноос даган орж үзвээс тэр тойн дээлээ тайлаад их л сүйлгэлэн сууж ном уншиж байх буюу, эсвээс бусдад замзаг бичиг бичиж байх алиныг эс мэднэм, ширээн дээр нэг арвин цаас дэвтэр овоолон тавьжээ. Тансаг айшгүй ойр үл эчин, холоос бие мэхийн өндөр дуунаар: “Багшид шавь би ёсолмуй” хэмээсэнд, тэр тойн Тансагийн орж ирсэнд дургүйцэн хайш яаш хариулан асууруун: “Чи хаанаас ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Шавь би зүүн газрын Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залаар явмуй, энэ өдөр орой болсон тул танай сүмд нэг шөнийг хоног гуйж манагаар тэнгэр гэгээрмэгц даруй явсугай, өвгөн багш үлдээн хонуулахыг хүсмүй.” Тэр тойн босон өгүүлрүүн: “Чи Тансаг мөн буюу?” Тансаг өчрүүн: “Доорд шавь мөн болой.” Тэр багш өгүүлрүүн: “Чи баруун газраас ном залаар одох атал, юунд зам үл мэдмүй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь би эрхмийн энд анх удаа ирсэн болой.” Тэр тойн өгүүлрүүн: “Эндээс баруун этгээдэд дөрөв таван бээрийн газар явбаас гучин газрын буудал хэмээх нэгэн их буудлын газар буй, тэнд хүрвээс хонох гэр, хоол будаа цөм буй. Миний энд зайгүй, таны зэргийн холоос ирсэн тойныг хонуулж чадахгүй.” Тансаг алгаа хамтатган наманчлан өгүүлрүүн: “Эртний хүний үгэнд “Сүм хийд хэмээгч гэрээс гарсан тойн хүний өртөө бууц, сүмийн хаалга үзэгдвээс, гурван шэн амуугийн хувь буй” хэмээжээ, чи биднийг үл хонуулах нь ямар санаа буй?” Тэр багш маш хилэгнэн өгүүлрүүн: “Энэ олныг хэсэгч бадарчин тойны ам үнэхээр усан гулгуур, тосон зүлгүүр ажгуу?” Тансаг өгүүлрүүн: “Юуг усан гулгуур, тосон зүлгүүр хэмээмүй? Тэр багш өгүүлрүүн: “Эртний үгэнд “Барс хотод орж ирвээс өрх бүр үүд хаалгаа хаамуй, хэдийгээр хүнийг хөнөөхгүй хэмээн хэлсэн ч муу цуу аль эрт гарав” хэмээжээ.” Тансаг өгүүлрүүн: “Юуг муу цуу аль эрт гарав хэмээмүй?” Тэр тойн өгүүлрүүн: “Тэр жил нэг хэдэн тойн ирээд хаалганы доор суухуйд би тэдний дээл цоорхой, гутал ханзархай яданги байдлыг үзээд яаран гэрт залан оруулж дээд суудалд суулгаад цав манз барин хуучин дээлээ зээлэн өгч өмсгөөд хэдэн өдөр суулгасан бөлгөө. Хэн санав, тэд харин идэж өмсөхүйн баланд шунаад явахгүй суусаар долоо найман жил болов, сууваас барав, хойно бас олон муу явдал үйлджээ.” Тансаг асууруун: “Ямар муу явдал үйлдэв?” Тэр тойн өгүүлрүүн: “Чи миний хэлэхийг сонс:


        Сэлүү цагт чулуу тоосго шидэн,
        Сэтгэл уйтгарлаваас хана туургыг сэндэчмүй.
        Жихүүн хүйтэнд цонхны гацуураар гал түлэн
        Зуны халуунд хаалгыг мултлан сэрүүцмүй.
        Лавир тарцгийг тасдан авч хөлөө ороон,
        Лаа хүжийг хулуун авч лууван солимуй.
        Цөгц савыг хөнтрөн, зулын тосыг цутган,


Шанага тогоо булаалдан чадал тэнхээгээ үзэлцмүй. Тансаг үүнийг сонсоод дотроо ийн сэтгэрүүн: “Аяа хөөрхий, шавь би тийнхүү явах тойн мөн буюу?” хэмээгээд дотор уяран уйлсугай хэмээвээс, бас тэр хөгшин тойн элэглүүзэй хэмээн сэмээр дээлийн хормойгоор нулимсаа арчин дуугүй гарч ирээд гурван шавьд учирсанд багш нь царай муутай гарч ирэхийг Бичин үзээд ийн асууруун: “Энэ сүмийн тойн чамайг элдэв үү?” Тансаг өгүүлрүүн: “Элдсэнгүй.” Гахай өгүүлрүүн: “Лав элдсэн буй за, эс бөгөөс юунд уйлан алдмуй.” Бичин асууруун: “Чамайг хараасан буюу?” Тансаг өгүүлрүүн: “Хараасан бээр үгүй.” Бичин өгүүлрүүн: “Элдсэнгүй, хараасан ч үгүй бөгөөтөл чи юунд ийнхүү гачигдмуй? Эс бөгөөс гэрээ санасан буй за?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, эдний энд хонох газаргүй хэмээмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Эд лав бумба нар буй за?” Тансаг уурлан өгүүлрүүн: “Бумбын сүмд сая бумба буй, тойны сүмд бумба суух ёс буюу.” Бичин өгүүлрүүн: “Чи үл мэднэм, тойн болбоос бидэн лүгээ адил болой, энгийн үгэнд өгүүлсэн нь: “Бурхны хуралд орсон нь цөм ерөөл бүхий хүн” хэмээжээ. Чи түр сууж бай, би орж үзсүгэй.”


Тэр Бичин тэргүүн дэх алтан цагирагийг дарж, хормойвчоо чангалан, болд бэрээгээ барьж, шууд сүмийн дотор орон гурван цагийн бурхны хөргийг зааж өгүүлрүүн: “Та нар хэдийгээр шавраар бүтээгдэж алтаар шардагдсан хөрөг хэмээвч сонор сэрэлгүй буюу? Өвгөн Сүн би өдгөө Тан улсын богд тойныг хамгаалан баруун газраас үнэн номыг залаар одмуй, өдгөө таны энд хоносугай хэмээн ирэв. Нэрээ түргэн мэдүүл! Үл хонуулах хэмээвээс нэг л шийдэмд таануусын алтан биеийг хэмхчин шавар Шороог чинь гаргамуй!” хэмээв.


Энэ их богд өмнө үүдэнд хараахан ийн өдөөн өгүүлэн атал, дотроос үдшийн хүж өргөгч нэгэн бумба хэдэн хүж асаан бурхны өмнөх гүлст хатгахаар ирэхүйд Бичин гайд хэмээн дуун гарсанд тэр хүн их л цочин унаад дахин мөлхөн босч царайг нь үзэн маш айж, унан тусан хойш дутаан гэрт орж тэр багшдаа мэдүүлрүүн: “Гадна нэгэн тойн ирэв!” хэмээсэнд, тэр багш ундууцан өгүүлрүүн: “Эдгээр бумбын мах нь загатнав! Би өмнө саравчны доор хонуул хэмээн эс хэлсэн буюу? Юунд дахин дахин мэдүүлмүй! Дахин мэдүүлбээс хорин мод занчмуй!” Бумба өчрүүн: “Энэ тойн урьдах тойн лугаа адилгүй, төрсөн байдал нь асар муухай.” Тэр багш өгүүлрүүн: “Ямар зүстэй буй?” Бумба өчрүүн: “Нүд дүгрэг, чих дэлдгэр, нүүрт үстэй, аянгын эрхтний амтай, атганд шийдэм далайн, араагаа хавиран алж нядлах байдал буй” Тэр багш: “Би гарч үзсүгэй” хэмээв.


Тэр багш үүдийг түлхэн гартал, яг Бичиний дайран ирэх лүгээ тааралдав. Үзвээс түүний төрсөн нь онхор царай, улаан нүд, эрэг магнай, ярзгар шүдтэй, наймаалж лугаа адил мах нь дотор урган яс нь гадна гарчээ. Тэр багш их л айн хирдхийн дутаан орж үүдээ хаав. Бичин нэхэж ирэн хаалгыг занчин эвдээд: “Эртхэн мянган тасалгаа гэр цэвэрлэ, өвгөн Сүн би унтмуй!” хэмээсэнд, тэр багш чичрэн бумбын зүг өгүүлрүүн: “Түүний их үг хэлэх нь зүсний муухай лугаа тэнцжээ. Миний энэ сүмд хурлын дуган, бурхны харш, жүн хэнгэргийн тагт, хоёр хонгилтой бүгд нийлээд гурван зуун тасалгаа гэрээс хэтрэхгүй бөгөөтөл тэр харин мянган тасалгаа гэр авч унтмуй хэмээнэм, үүнийг би хаанаас гаргаж өгмүй?” Бумба өгүүлрүүн: “Багш минь, би бас түүнээс айж цөм хэмхрэхүйд хүрчээ, яахан хариулахыг чи өөрөө мэдтүгэй. Тэр багш хоолойгоо чичрүүлэн өндөр дуунаар өгүүлрүүн: “Хоног гуйгч тэр тойн сонс, манай энэ буйд уулны бага сүмд хонох газар үгүй, өөр газар одож хонох ажааму.”


Бичин шийдмээ тэвэр бүдүүн болгон хувилгаад хүрээний дунд босгон тавьж ийн өгүүлрүүн: “Зайгүй хэмээвээс та цөм нүүж гар!” Тэр багш өгүүлрүүн: “Энэ сүмийг өвөг багш, миний багшид уламжлан өгч, миний багш бас бидэнд уламжлав. Бид бас хойч үед уламжилмуй. Тэр учир ёсыг үл мэдэн биднийг хөөж гаргамуй хэмээмүй.” Бумба өгүүлрүүн: “Муу болов! Нүүвээс барав, түүний тэр хөшүүр мод үүдээр орж ирэв.” Бумба өгүүлрүүн: “Чи дэмий битгий чалч! Бид хөгшин залуу дөрөв таван зуун хүн хааш нүүмүй? Нүүн гарсан ч мөн суух газаргүй.” Бичин үүнийг сонсоод өгүүлрүүн: “Нүүх газаргүй бөгөөс нэг нь гарч ир, би нэг шийдэм цохиж дүрэм үзүүлсүгэй!” Тэр багш нэгэн бумбыг дуудан өгүүлрүүн: “Чи гарч цохиул” хэмээв. Тэр бумба их л сандарч өгүүлрүүн: “Өвөг минь! Тийм бүдүүн шийдмийг үзэж байгаад намайг эчиж цохиул хэмээх буюу!” Тэр хөгшин багш өгүүлрүүн: “Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөрт хэрэглэмүй” хэмээжээ. Чи юунд үл гармуй?” Бумба өгүүлрүүн: “Багш чи, тэр шийдмийн хэцүүг мэдэх атал юунд шавь намайг гарч цохиул хэмээмүй?” хэмээн өвөр зуураа цуугилдаан үүсгэв.


Бичин үүнийг сонсоод дотроо сэтгэрүүн: “Занчихыг үл даах нь үнэн, хэрвээ би нэг шийдэмд нэгийг занчин албаас миний багш намайг догшин аашлав хэмээх донгодмуй. Чингэхийн оронд өөр нэг юмыг занчиж эдэнд үзүүлсүгэй” хэмээгээд тэргүүн өргөн үзвээс гэрийн үүдний гадна нэгэн чулуун арслан буй, төдий шийдэм өргөн нэгэнтээ занчсанд хэмх эчив. Тэр багш цонхны цоорхойгоор үзээд маш айн ширээний доор орсонд бумба бас зууханд шургавай. Тэр хоёр амандаа цөм: “Өвөг эцэг минь! Хүнд шийдэм байнам! Хүнд шийдэм байнам! Даахгүй! Хонуулсугай! Хонуулсугай!” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Би таныг цохихгүй, энэ сүмд хэдий тойн буй?” Тэр багш чичрэн өгүүлрүүн: “Энэ сүмийн хоёр зуу наян таван өрх гэрт бүгд таван зуу гаруй тойн буй.” Бич өгүүлрүүн: “Чи түргэн одож таван зуу илүү тойноо цөм урт дээл өмсгөн мөрлөн жагсааж миний багшийг угтваас би таныг элдэхгүй.” Тэр багш өгүүлрүүн: “Өвөг минь, үнэхээр элдэхгүй болбоос дамнаж оруулсан ч үл болох бээр үгүй.” Бичин өгүүлрүүн: “Хурдан гарч угт!” Тэр багш бумбыг дуудан: “Чиний цөс хэмхэрсэн байтугай, зүрх чинь хагарсан ч бүгд тойныг дуудан Тансаг өвгийг угтсу” хэмээв.


Тэр бумба аргагүй амийг цөлөн ар үүдээр гулган гарч гол харшид хүрээд зүүнд өлгөсөн жүнг жингэнэтэл цохиж, баруунд өлгөсөн хэнгэргийг түчигнэтэл дэлдсэнд сүмийн их бага олон тойд зэргээр ирж асууруун: “Өдий орой болсон атал жүн хэнгэрэг дэлдэж яамуй?” Бумба: “Түргэн дээл хувцсаа халагтун, багшийг даган Тан улсаас ирсэн Тансаг өвгийг угтмуй” хэмээсэнд олон тойд цөм тэр тэгш жагсааж үүдэнд гаран угтав. Үзвээс зарим нь орхимж ороон, зарим нь намжир өмсч, намжир орхимжгүй ядуу нь самдавыг залган биед нөмөрчээ. Бичин үүнийг үзээд асууруун: “Тойн чиний өмссөн нь ямар дээл буй?” хэмээсэнд тэр тойн их л айн өгүүлрүүн: “Өвөг минь, битгий цохь, би хэлсүгэй. Энэ нь хотоос бадарлаж олсон бөс болой. Энд оёдолчин үгүй тул бид өөрөө хийсэн “лавшиг” хэмээгч дээл болой.”


Бичин энэ үгийг сонсоод инээд хүрч олон тойдыг авч үүд гаран сөгдөв. Тэр багш мөргөж бараад өндөр дуунаар өгүүлрүүн: “Тан улсаас ирсэн өвөг гэрт залран буу” Гахай үзээд өгүүлрүүн: “Багш та даанч хэрэггүй, чи ороод нүдэндээ нулимстай нүүртээ гунигтай гарч ирэв. Номын ах яагаад ийм хэцүү аргатай буй, тэднийг мөргүүлэн биднийг угтуулмуй?” Тансаг өгүүлрүүн: “Энэ манхуу юм мэдэхгүй! Ерийн үгэнд “чөтгөр догшин хүнээс аймуй” хэмээснийг эс сонссон буюу” хэмээгээд тэдний ийн мөргөн сөгдөхүйг үзээд дотор нь эс тэсэн урагш давшиж: “Та бүгд босогтун” хэмээсэнд олон тойд өгүүлрүүн: “Багш та шавьдаа хэлж шийдэм хөдөлгөн занчуулахгүй болговоос бид нэг сар сөгдөвч үл болох бээр үгүй.” Тансаг өгүүлрүүн: “Бичин чи эднийг битгий занч” хэмээсэнд Бичин: “Би занчсангүй, хэрвээ занчсан бөгөөс хэдийнэ хүйс тэмтрэн аллаа” хэмээсэнд тэдгээр тойд сая босч морийг хөтлөх нь хөтөлж, дамжуурыг дамнах нь дамнан, Тансагийг сугадах нь сугадаж, Гахайг өргөх нь өргөж, Шороог түших нь түшиж хамтаар сүмд оров.


Олон тойн бас ёслон мөргөхүйд Тансаг өгүүлрүүн: “Түрүү тойн босогтун, дахин ёсолбоос ядуу тойн миний буян үл даамуй, чи бид цөм нэгэн адил бурхны шавь нар болой.” Түрүү тойн өгүүлрүүн: “Багш та болбоос дээд гүрний эзэн элч, өчүүхэн тойн хол угтахыг осолдов, өдгөө болхи оронд хүрч ирсэнд эгэл нүдээр эрхмийн цогцосыг эс танисныг хэрхсү. Санамсаргүй уулзсанд сааргүй асуух нь ариун цагаан цав зооглох буюу? Улаан цав зооглох буюу? Цав базаахуйд сайн.” Тансаг өгүүлрүүн: “Цагааныг идмүй.” Тэр түрүү тойн өгүүлрүүн: “Эрхмийн шавь нар улаан цав идэх буюу?” Бичин өгүүлрүүн: “Бид хараахан багаас ариун цагаан цав иддэг.” Тэр түрүү тойн өгүүлрүүн: “Өвөг минь, энэ догшин эр ба бацаг барих ажгуу!” хэмээтэл нэгэн зүрх ихтэй тойн урагш давшиж асууруун: “Багш нар ариун цагаан цав зооглодог болохул хэдий амуу чанаваас хүрэх буй?” Гахай өгүүлрүүн: “Бага гэрийн хүүхэд асуусны учир юун! Нэг хүнд нэг дан амуу чанагтун” хэмээв. Тэдгээр тойд цөм их л мэндүүрэн тогоо шанага угаан цав манз бэлтгэн эхлэв. Гэгээн зулыг өндөр өлгөж, ширээ засан Тансагийг хүндэд дайлав.


Багш шавь дөрвүүл үдшийн цав зооглож барсны хойно олон тойд сав зэмсэгээ хураасанд Тансаг тал хийж өгүүлрүүн: “Эрхмийн эрдэнийн хийдийг дэвжээрүүлэв.” Түрүү тойн өчрүүн: “Айшгүй хүлээж үл болмуй, бид осолдов” хэмээв. Төдий Тансаг өгүүлрүүн: “Бид энэ гэрт хонох буюу?” Тэр түрүү тойн: “Багш та битгий яарагтун, өчүүхэн тойн тохируулсугай” хэмээгээд бумбаас асууруун: “Тэнд зарагдах хүн буй буюу?” Бумба: “Буй” хэмээв. Түрүү тойн захин өгүүлрүүн: “Та хоёр нь өвс бордоо бэлтгэж, Тансаг багшийн морийг тэжээ, бас хэдэн хүн очиж өмнө этгээдийн тэр гурван тасалгаа даяаны гэрийг шүүрдэн цэвэрлэж, ор дэвсгэр бэлтгэн багшийг залж нойрсуул” хэмээв.


Тэдгээр бумба нар тус тус бэлтгэн төгсөөд Тансагийг залаар ирэв. Багш шавь дөрвүүл морийг хөтлөн дамжуураа дамнаж шууд даяаны гэрийн үүдэнд хүрч үзвээс дэн зул гэрэлтэн, хоёр этгээдэд дөрвөн их ор тавьжээ. Бичин үүнийг үзээд тэр морийг тэжээх бумбыг дуудаж өвс бордоог гэрт оруулж тавиулан, цагаан морио уяж бумба нарыг цөм явуулав. Тансаг төв дундад сууж, хоёр этгээдэд таван зуун тойн гар тавин зогсоод аймшиггүй үл салмуй. Тансаг бие мэхийн өгүүлрүүн: “Олноор эгтүгэй, ядуу тойн би бие амарсу” хэмээсэнд тэдгээр тойд аймшиггүй эс хөдлөв. Түрүү тойн урагш давшин олонд өгүүлрүүн: “Багшийг эмсэглэн хэвтүүлээд сая буцтугай” хэмээв. Тансаг өгүүлрүүн: “Цөм тохиров, та цөм эгтүгэй” хэмээсэнд олноор сая тархан эчив.


Тансаг бие засахаар гадна гараад тэргэл сар огторгуйд дэгдсэнийг үзээд: “Шавь нар минь” хэмээн дуудсанд Бичин, Гахай, Шороо цөм гарч ирэн хажууд зогсов. Тансаг сарны гэгээн гэрэл хасын орчлонг даяар гийгүүлэхийг үзээд, нутгаа санах сэтгэл төрөн аманд ийн нэгэн шүлгийг шүлэглэн өгүүлэв. Энэ шүлгийн үг нь:


        “Ариун тунгалаг эрэднийн толь огторгуйн цээлд өлгөгдөөд,
        Уул усны өнгө дүрийг өвч тольджээ.
        Мөнх тэнгэр хасын орчлонд гэгээн гэрэл түгээд,
        Мөнгөн аяга мөсөн тавгаас ариун уур мандмуй.
        Түмэн газраас цагт даяар гийгээд,
        Тив дэлхий мөн шөнөд нийдэм тодорчээ.
        Анабад далайгаас хас бөмбөг дэгдэн гарч,
        Агаар тэнгэрт болор мөхлөг өндөр өлгөгджээ.
        Холын аянчин хоногийн газар ганцаар уйтгарлан,
        Хөгшин өтгөс хөдөөгийн буудалд хүлцэн унтмуй.
        Эзний хүрээлэнд ортол зажин үс цайгаад
        Эрхмийн асарт гартал залуу нас нөгчжээ.
        Иүй Лян уянга шүлгээ Жиний сударт үлдээгээд
        Юань хун завь онгоцоо мөрнөө шөнө сэлжээ.
        Хундаганаа гэрэл тусахуйяа жихүүнийг үлдэн
        Хоргоноо туяа гийгэхүйеэ дулааныг авчирмуй.
        Өргөө бүр цагаан цасыг шүлэглэн
        Өрх бүр саруул үзэмжийг уянгалмуй.
        Уулан сүмд энэ шөнө хоноглоруун
        Аль өдөр эх нутагт эгэх ажаам.”


Бичин үүнийг сонсоод урагш давшин өгүүлрүүн: “Багш чи гагц сарны саруул сайхныг үзээд эх нутгаа эргэлзэн санахаас сарны учрыг үл мэдмүй. Сар болбоос тэнгэрийн зүйн шугам хэмжүүр болой. Сар гуч болсон цагт түүний аргын сүнсний төмөр нь сарниад билгийн сүгийн ус дүүрснээр гэрэлгүй харанхуй болох тул үүнийг “Битүүн” хэмээмүй. Энэ цагт нар лугаа эвцэлдээд битүүн, шинэтгэл хоёр өдрийн хооронд аргын гэрэлд сэрж жирэмсэлмүй. Шинийн гурванаас нэгдүгээр арга мандан, шинийн найманд хоёрдугаар арга үүсч, сүгийн дотор сүнс хагас нөхцөөд түүний тэгш нь шугам татсан мэт тул “дээд хагас” хэмээмүй. Арван таван хүрвээс гуравдугаар арга цөм бүрдээд дүүрэн болмуй, тиймийн тул “Тэргэл” хэмээмүй. Арван зургаанд нэгдүгээр билиг төрөөд, хорин хоёронд хоёрдугаар билиг үүсч, энэ үед сүнсний дотор сүг хагас нөхцөөд, түүний тэгш нь шугам татсан мэт тул “доод хагас” хэмээмүй. Гучинд гурван билиг цөм бүрдээд битүүн болмуй. Энэ нь анхны боловсролын учир болой. Бид хэрвээ хоёр наймыг бясалгаж, ес есийг бүтээвээс бурханд амархан уулзаад, уг нутагт хялбар эгмүй. Шүлгийн үг нь:


        Дээд хагас хойно, доод хагас өмнө,
        Эмийн амт тэнцүүхэн бөгөөд чанар чадал бүрэн.
        Дээж аван буцаж ирээд зуухан дотор боловсруулан
        Чин зоригоор үйлээ бүтээвээс даруй бурхны орон.”


Тансаг үүнийг сонсоод сэхэсхийн ухаад, үнэн үгийг нь нэвт мэдэж маш баясан Бичинд тал өгөв. Шороо хажуунаас инээн өгүүлрүүн: “Номын ахын энэ үг хэдий мөн гэвч гагц хагасын урьд хэмээгч аргын цаг, хагасын хойно хэмээгч билгийн цаг, билгийн дотор арга нь хагас, ус төмрийг олсныг өгүүлснээс бус, бас:


        Ус гал нөхцөлдөх нь өөр өөрийн зохиол буй,
        Эх Шороон эдгээр бүхнийг зохицуулахуйд итгэжээ.
        Гурван махбод харшгүй хамтадваас 
        Голд ус аж, тэнгэрт сар оршмуй хэмээхүйг өгүүлсэнгүй” хэмээсэнд Тансаг үүнийг сонсоод дотор нь саруул болов. Энэ нь төв хэмээн нэгэн ёсыг тодорхой тайлбаас мянган ухаан нээгдээд төрөхгүйг нэвт өгүүлж чадваас тэр даруй хувилгаан болой хэмээх үг лүгээ нийлжээ. Гахай урагш давшин Тансагийн дээлнээс татан өгүүлрүүн: “Багш тэдний дэмий донгодохыг сонсох хэрэггүй, манай унтахуйг саатуулмуй. Энэ саран хэмээгч:


        Хэлтгий бөгөөтөл удалгүй дахин дүгрэг болоод
        Хэрэг дээрээ миний төрсөн лүгээ адил бүрэнгүй.
        Будаа идэхүйд хэвлий их хэмээн намайг голох болоод,
        Аяга барихуйд шүлс гоожуулнам хэмээн жигшин өгүүлмүй.
        Тэд урьдах буянаар цөм уран цэцэн болоод
        Би гагц муу ерөөлөөр тэнэг мунхаг болжээ.
        Ном залж гурван муу заяаны хилэнцээс тонилбоос
        Чихийг сэжин, сүүлээ шарван тэнгэрийн орноо гармуй.”


Тансаг өгүүлрүүн: “Болтугай, шавь нар зүдсэн тул урьдаар унттугай. Би энэ нэгэн боть номоо уншсу.” Бичин өгүүлрүүн: “Багшийн үг ташаарав, чи хар багаасаа гэрээс гарч тойн болсон тул ном бүхнийг эс нэвтэрсэн бээр үгүй буюу? Бас Тан хааны зарлигаар баруун газар одож бурханд мөргөн “Их хөлгөний үнэн ном”-ыг залан авчирмуй. Өдгөө үйл бүтээгүй, бурханд золгоогүй, номоо бас залаагүй атал, бас ямар ном уншмуй?” Тансаг өгүүлрүүн: “Би Чан Анаас гарч ирээд өдөр бүр аялан хоног бүр замнасаар багын үед сурсан номоо мартуузай хэмээмүй. Энэ шөнийн сэлүүнд баахан уншсугай.” Бичин өгүүлрүүн: “Тийм болохул бид урьдаар унтсугай” хэмээгээд тэд гурвуул өөр өөрийн орондоо орон унтвай. Тансаг даяаны гэрийн үүдийг хааж мөнгөн зулыг сайтар засаад номоо дэлгэн уншин суув. Энэ нь төв хэмээн тагтны дээрх цагийн дохионд хүний хөл хураагдахуйяа, тэртээ мөрний загасан онгоцноо гал сөнөсөн үе, чухам тэр багш яахан сүмээс мордохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 7 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 23 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 27 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 46 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК