зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ХААНЫ СҮНС ШӨНИЙН ГҮНЭЭ ТАНСАГТ БАРААДАВ
ХУВИЛГААН БИЧИН УВИДСААР ХАН ХӨВГҮҮНИЙГ УДИРДАВ


Өгүүлэх нь, Тансаг Эрдэнэт ойн сүмд сууж зулын доор наманчлал даатгалыг баахан уншин, Ялгуусан тогосын эх хэмээн судрыг нэгэн зэрэг үзээд, шөнийн гурван жингийн үес унтсугай хэмээн судраа хураан сая бостол, гадна сүрхрэх чимээ гарч жигтэй салхи салхилав, Тансаг зулыг үлээн унтраавуузай хэмээн яаран дээлийн ханцуйгаар халхлав. Тэр зулын гэрэл сүүмэлзэхүйд Тансагийн зүрх түгшин айдас хүрч нойр нь хүрээд номын ширээг түшин нүдээ анин байтал чихэнд шуугих дуун сонстон, цонхны гадна жихүүн салхин сүрчигнэмүй. Тэр салхи үнэхээр:


        Зулгарсан навчийг шарчигнатал хийсгэн,
        Зузаан үүлийг хөвөлзтөл үлдмүй.
        Хог тоос дэгдэн одот тэнгэрийг халхалж, 
        Хамаг шороо бутран газар дэлхийг бүрхжээ.
        Үе үе догшрон, үе үе намдмуй.
        Намдсан үед нарс хулс шуугин,
        Догширсон үес далай тэнгис давалгаалмуй.
        Ойн шувууд үүртээ хэвтэж үл тогтон,
        Усны загас орондоо аж үл чадмуй.
        Дуган харшийн үүд цонх нээгдэн савлаад,
        Дотор агсан бурхдын хөргүүд задгай болжээ.
        Мандал цэцгүүд хийсэн унаж, 
        Мөнх зул үлээгдэн унтрав.
        Лавир чимгүүд тасран хийсч,
        Лаа хүжсүүд дэлсэгдэн унав.
        Шорог дуаз хугаран ойчиж,
        Сүм дуган сууриараа хөдлөв.

        
Тансаг зүүдний дотор бараг бүрэг байхуйд, нэгэн зэрэг салхи салхилан өнгөрмөгц гадна “Багш минь!” хэмээх доор дуун сонстмуй. Тансаг өндийн үзвээс үүдний гадна нэгэн эр хүн хамаг биеэсээ ус дуслуулан нүднээс нулимс асгаруулан “Багш минь!” хэмээн дуудмуй. Тансаг бие мэхийн өгүүлрүүн: “Чи нь албин чөтгөр буюу, ад шулам буюу, харанхуй шөнө энд ирж намайг шоглох нь юун? Би тийм урин тачаангуй хүн бус, би болбоос зүүн орны их Тан улсын эзний зарлигаар баруун газар бурханд мөргөн ном залаар одогч төв чигч тойн болой. Надад гурван шавь буй, тэдэнд цөм луу барсыг номхотгон ад чөтгөрийг арилгах хувилгаан эрдэм буй. Тэд хэрвээ мэдвээс чамайг үлтэртэл занчин үнсэн товрог болгомуй. Чи эртхэн миний эндээс зайлан од, энэ нь мөн ч миний амьтныг аврах нигүүлсэхүй сэтгэл болой.” Тэр хүн өгүүлрүүн: “Багш минь, ад чөтгөр бус, буг шулам ч бус.” Тансаг өгүүлрүүн: “Тийн бөгөөс чи юунд харангуй шөнө миний энд ирмүй?” Тэр хүн: “Багш чи намайг лавлан үзэгтүн” хэмээсэнд Тансаг нарийвчлан үзвээс, Аяа, тэр хүн нь:


        Тэргүүнд очирт малгай тавьж, 
        Дундуур ногоон бүс бүслэн
        Биед луут шар магнаг дээл өмсч,
        Хөлд үүлэн угалзат гутал дүрэн, 
        Гарт одот хас цомцог барьжээ.
        Өнгө зүс нь өлзийт хувилгаан мэт,
        Бие байдал нь бичгийн богд адил.


Тансаг үзээд их л цочин бие мэхийн өндөр дуунаар: “Чи нь аль орны хаан буй? Залран суу” хэмээгээд тэтгэн босгосугай хэмээн гар сунган хий шүргэв. Эгэж суугаад дахин үзвээс мөн тэр хүн тул Тансаг асууруун: “Эзэнтэн аль газрын хаан буй, ямар улсын эзэн буй? Бодвоос лав зальхай түшмэлд дарлагдан улс гэр амгалангүй болоод шөнөөр дутаан гарч миний энд ирсэн буй за. Ямар учиртай ирэв? Надад өгүүлэх ажааму” хэмээсэнд тэр хүн нүднээсээ нулимс цувруулан хөмсөг зангидан өнгөрсөн хэрэг юүгээ тоочин өгүүлрүүн: “Багш минь, эндээс баруунш дөчин газрын үзүүр нэгэн их хот буй, тэр даруй миний тулгар төр байгуулсан нийслэл бөлгөө.” Тансаг асууруун: “Тэр газрын нэр нь юун?” Тэр хүн өгүүлрүүн: “Багшаас нуухгүй, тэр даруй мөхөс миний байгуулсан Удишар хэмээх улс болой.” Тансаг асууруун: “Хаан ямар учирт мэндүүрэн миний энд ирэв?” Тэр хүн өгүүлрүүн: “Аяа, багш минь, таван жилийн өмнө манай тэнд их ган болоод, тариа алдаж хамаг иргэд өлбөрөн үхээд гаслангийн туйлд хүрэв.” Тансаг тэргүүн дохин инээн өгүүлрүүн: “Хаан минь, эртний үгэнд өгүүлсэн нь “Улс төв бөгөөс тэнгэр ивээмүй” хэмээжээ. Санаваас чи лав түмэн иргэнийг энэрэн өршөөхгүй буй за. Тийм ган болсон бөгөөтөл юунд хотоос зайлан дутаамуй, харин сан хөмрөгөө нээн, олон иргэдийг тэтгэж, урьдын эндүүрлээ гэмшин буян үйлдэж, тэдгээр хилсдсэн хүнийг суллан уучилбаас, тэнгэрийн санаанд нийлэн салхин эевэрүү бороо тэгш болох болой.” Тэр хүн өгүүлрүүн: “Миний улсын сан хөмрөг хоосорч зоос амуу бараад, бичиг цэргийн түшмэдийн цалин пүнлүү тасарч, мөхөс хүн миний цагийн хоолонд махгүй болов. Би ус зассан Иүй хааныг дуурайн түмэн иргэн лүгээ жаргал зовлонг хамтатгах хэмээн биеийг угаан өглөө үдэш хүж шатаан залбирсан боловч гурван жил дараалан гандаж хамаг гол хатаж, худаг цөм ширгэжээ. Хараахан ийн хамаг бүгд зовлонгийн туйл болон атал, гэнэт Жүн Нан Шан хэмээх уулнаас бясалгагч бумба ирээд салхи урин бороо оруулж аргалыг хувилган алт болгож чадмуй хэмээн урьдаар миний түшмэдэд учран, хойно мөхөс хүнд золгов. Би түүнийг мандалд гарган бороо гуйлгасанд, үнэхээр удалгүй их бороо орон газар дэлхийг ундлав. Мөхөс би гурван тохой бороо оруулбаас болмуй хэмээсэнд удаан жил гандсан тул шимдэж чадахгүй хэмээн тэр бас илүү хоёр ямх оруулжээ. Би түүнийг их тус хийв хэмээн журмын ах дүү болов.” Тансаг өгүүлрүүн: “Энэ нь хаанд их баяр болов.” Тэр хүн өгүүлрүүн: “Ямар баяр буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр бумба үнэнхүү ийм их эрдэмтэй бөгөөс бороо чухаг болбоос бороо оруулан, алт дутагдваас алт гаргалгаваас барав, бас ямар ханахгүй зүйл буй хэмээн харшаас салж миний дэргэд ирмүй?” Тэр хүн өгүүлрүүн: “Би түүн лүгээ хамт идэн хамт сууж хоёр жил болоод, хараахан нэгэн хаврын улиралд тоор гүйлс цэцэглэн, эрхэм гэрийн хөвгүүд охид хээр одож зугаацан наадмуй. Тэр үед Бичиг цэргийн түшмэд цөм яаманд эгэж, хатад гэргий бүр ордонд буцжээ. Би тэр бумба лугаа гар гараа хөтлөлцөн цэцгийн хүрээлэнд зоогхийж явсаар, гэнэт наймалжин худгийн дэргэд хүрсэнд тэр бумба ямар юм орхисныг мэдэхгүй, худгаас алтан гэрэл цацарвай. Тэр намайг хуурч ямар эрдэнэ болохыг үз хэмээсэнд би худгийн хөвөөнөө хүрч өнгийн үзэж атал тэр гэнэт хорт санаа үүсэн намайг түлхэн оруулаад худгийн амсрыг хавтгай чулуугаар дарж шороо дэвсэн дээр нь гадил модыг суулгажээ. Хөөрхий болой, би нэгэнтээ үхээд гурван жил болов. Би болбоос худагт унаж үхсэн хилс чөтгөр болой!” хэмээв.


Тансаг түүний чөтгөр хэмээхийг сонсоод их л айвч бас аргагүй асууруун: “Чиний үг даанч худал болов. Чи үхээд гурван жил болтол тэдгээр бичиг цэргийн сайд түшмэд гурван ордны хатад гэргий үл үгүйлэх ёс буюу?” Тэр хүн өгүүлрүүн: “Багш минь, түүний чадлыг өгүүлбээс үнэхээр ертөнцөд ховор! Мөхөс хүнийг хорломогц тэр даруй цэцгийн хүрээлэнд бие сэжин миний дүрээр хувилж, над лугаа ав адил болоод өдгөө миний төрийг эзэлж, далдуур миний улсыг булаажээ. Тэр миний бичиг цэргийн дөрвөн зуун түшмэл гурван ордны хатад, зургаан хүрээлэнгийн сул хатдыг цөм эзэлжээ.” Тансаг өгүүлрүүн: “Чи бас даанч үхээнц болжээ.” Тэр хүн асууруун: “Юунд үхээнц хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр шулам харин ч рид хувилгаан байж, чиний дүрээр хувилан сууриныг эзэлснийг тэдгээр бичиг цэргийн түшмэд, ордны хатад мэдэхгүй боловч, чиний сүнс тодорхой үл мэдэх бээр үгүй атал, юунд эрлэг хаанд мэдүүлэн өөрийн хилс учраа гаргаж үл заалдмуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Түүний хувилгаан чадал маш их, нийслэлийн сахиулсан лугаа найз нөхөр бололцон, уулын савдаг лугаа ураг садан болоод арван эрлэг лүгээ ах дүү барилджээ. Тийнхүү би хаана эчиж заалдмуй.”


Тансаг өгүүлрүүн: “Хаан чи эрлэг хаанд заалдаж эс чадаад өдгөө энд ирж яамуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Багш минь, миний зэргийн хилс сүнс нь ямар аймшиггүй чамайг эрж ирмүй? Сүмийн үүдэн дээр номын сахиулсан, арван хоёр эрхтэн, таван орны кирди, дөрвөн цагийн эзлэгч, арван найман чойжин цөм чамайг хамгаалж амуй. Сая шөнө эргэгч эрхтэн салхиар намайг хүргэн авчрав. Тэр надад хэлсэн нь чиний гурван жилийн гамшин дүүрэв, чи эчиж тэр багшид мөргөвөөс, түүний доор нэгэн тэнгэр лүгээ чацуу их богд аж, буг шулмыг дарахуйд сайн хэмээсэнд би сүсэглэн ирсэн бөлгөө. Түмэнтээ гуйх нь миний улсад хүрч тэр шулмыг барин зөв бурууг тодорхойлбоос багшийн их ачийг үүрд үл умартмуй!” Тансаг өгүүлрүүн: “Хааны энэ ирсэн нь миний шавийг залж тэр шулмыг дарсугай хэмээх буюу?” Тэр хүн өгүүлрүүн: “Мөн! Мөн!” Тансаг өгүүлрүүн: “Миний тэр шавь өөр хэрэг үйлдэхүйд тусгүй боловч чөтгөр шулмыг барихуйд харин ч сайн. Би түүнийг илгээн шулмыг бариулсугай хэмээхүл, гагц ёсонд үл зохихоос зовмуй.” Тэр хүн өгүүлрүүн: “Юунд үл зохимуй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр шулмын хувилгаан эрдэм их тул чамд адил хувилаад чиний төрийг эзэлснээр бичиг цэргийн олон сайд түшмэд цөм түүн лүгээ үг нийцэж сэтгэл зохицож, гурван ордны хатад түүн лүгээ гүн найртай болжээ. Миний шавь хэдий эрдэмтэй боловч яахан гар хөдөлж болмуй, хэрвээ олон түшмэдэд баригдаж, маныг улсыг булаан олныг дарлав хэмээх их ялыг тулгаж, хотод хоривоос барсыг зурах хэмээгээд харин нохой болгох буй за?”


Тэр хүн өгүүлрүүн: “Улсад бас миний хүн буй.” Тансаг өгүүлрүүн: “Сайн! Сайн! Санаваас лав төрлийн ван, түшмэдийн сайд буй за, өдгөө аль газрыг сахин сууж амуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Тийм бус, ордонд миний төрсөн хөвгүүн бага эзэн буй.” Тансаг өгүүлрүүн: “Санаваас чиний хөвгүүнийг тэр шулам цөлсөн буй за?” Тэр хүн өгүүлрүүн: “Бус болой, тэр алтан харш хийгээд таван гарьдын асарт аж, эсвээс бичгийн түшмэд лүгээ утгыг шүүмжлэн, эсвээс тэр бумба лугаа харшид гармуй, өдгөө эх хөвгүүн уулзсангүй гурван жил болов.” Тансаг асууруун: “Энэ нь ямар учир буй?” Тэр хүн өгүүлрүүн: “Энэ нь шулмын гаргасан арга, хэрвээ эх хөвгүүн уулзаад элдвийг хэлэлцэн живдрээ гарахыг болгоомжилсон санаа болой.” Тансаг өгүүлрүүн: “Чиний зовлон нь миний зовлон лугаа адил, цөм урьдын тавьсан хувь ерөөл буй за. Миний эцгийг усан хулгай алаад миний эхийг авав. Гурван сар болсны хойно намайг төрөөд голд орхисонд бурхан тэнгэр өршөөж, алтан уулын сүмийн их тойн намайг авч тэжээн хүмүүжүүлэв. Чиний бага эзэн хараахан багаасаа эцэг эхээ алдсан нь над лугаа адил хөөрхий болой” хэмээгээд “Чамд хан хөвгүүн буй боловч би түүн лүгээ хэрхэн олж золгомуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Юунд учирч үл чадах буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр, шуламд хориглогдож төрсөн эх лүгээ учирч үл чадах атал, миний нэгэн тойн ямар шалтгаар түүн лүгээ учирмуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Тэр маргааш харшаас гарч ирмүй.” Тансаг асууруун: “Харшаас гарч яамуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Маргааш өглөө гурван мянган цэрэг авч, нохой шувуу дагуулан хот гарч авламуй, багш лав түүн лүгээ олж учрах тул миний энэ үгийг түүнд хэлбээс тэр даруй итгэх болой.” Тансаг өгүүлрүүн: “Тэр хэмээгч ертөнцийн эгэл махбод бөгөөд өдгөө шуламд хууртаж эцгээ болгосон тул миний үгийг яахан итгэмүй?” Тэр хүн өгүүлрүүн: “Тэр үл итгэвээс би чамд нэгэн тэмдэг өгсүгэй.” Тансаг асууруун: “Ямар юм бэ?” Тэр хүн гарт барьсан алтан хөвөөөт хас цомцогоо тавиад өгүүлрүүн: “Үүнээр тэмдэг болговоос болмуй.” Тансаг асууруун: “Үүнээр яахан тэмдэг болгомуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Тэр бумба миний биеэр хувилсан ч энэ эрдэнэ түүнд үгүй, тэр ордонд ороод олон түшмэдэд өгүүлсэн нь бороо гуйгч бумба миний цомцогийг хулууж аваачив хэмээсэн бөлгөө. Энэ юм үгүй болоод гурван жил болсон тул миний хөвгүүн үзвээс, лав эдээс эзнийг санагалзан миний өшөөг авах буй за.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос би үлдээн авч, шавийг илгээн чамд туслуулсугай. Чи хаана хүлээмүй?” Тэр хүн өгүүлрүүн: “Би хүлээж болохгүй, өдгөө одож шөнө эргэгч эрхтнийг гуйн дахин нэгэн зэрэг хувилган салхи хөдөлгүүлэн ордны дотор хүрээлэнд орж, хатанд нэг зүүд өгсүгэй, тэд эх хөвгүүнийг хэлж таны багш шавь нар лугаа нэгэн сэтгэлтэй болгосугай.” Тансаг тэргүүн дохин хүлээн авч: “Чи од” хэмээв.


Тэр хилс сүнс мөргөн одохуйд Тансаг үдсүгэй хэмээн босоод хөл торон ойчсонд цочиж сэрвээс нэгэн зүүд ажгуу. Сандарсан хүчинд тэр сүүмэх зулын зүг: “Шавь минь!” хэмээн дуудсанд Гахай сэрээд өгүүлрүүн: “Юуны шавь минь! Шавь минь!” хэмээмүй? Би урьд сайн эр хэмээн явахуйн цагт тухайлан хүнийг барин идэж, үнэхээр жаргалтай амьдарч агсан бөлгөө. Гагц чи тойн болсон ч биднээр эмсэглүүлэн өдөр шөнөгүй зовоомуй! Анх хэлэхүйд тойн болгосугай хэмээлээ, өдгөө боол болгон, өдөр болбоос боодол өргүүлэн морь хөтлүүлж, шөнө болбоос шээсээ цацуулж, хөлөө халууцуулмуй! Өдөр болтол унтахгүй шавь минь хэмээн дуудаж яамуй?” Тансаг өгүүлрүүн: “Би сая ширээнд элэгдэн дугжраад нэгэн сонин зүүд зүүдэлбэй.” Бичин үсрэн босч: “Багш, зүүд хэмээгч санаанаас үүсмүй, чи ууланд хүрэхийн урьд шулмаас аймуй, аянган дуут сүмийг алс хол хэмээн халширмуй, Чан Анаа санагалзан хэзээ эгнэм хэмээн зовнимуй. Тийнхүү бодлого олон болбоос, зүүд олон болмуй, өвгөн Сүн би гагц сэтгэлээр бурханд уулзсугай хэмээх тул надад нэг ч зүүд үгүй.” Тансаг: “Энэ зүүд гэр нутгаа санасан зүүд бус, саяхан нүд анимагц, нэгэн зэрэг догшин салхи салхилан гэрийн гадна нэгэн хүн ирж биеэ Удишар улсын хаан хэмээмүй, бүх биеэс ус дуслаад, нүднээс нулимс цувруулмуй” хэмээн зүүдний учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Өгүүлэх хэрэггүй, тэр хүн багшид зүүд өгсөн нь лав өвгөн Сүн надад нэгэн явдал саатаж харгалзсан нь болой. Бодохул аль ямар нэгэн шулам хааны суурийг эзэлсэн буй за, би түүний үнэн худлыг нь тодорхойлж нэгэн шийдэмд гавьяа бүтээсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Тэр шулмын хувилгаан эрдэм нь хэцүү хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Түүнд ямар хувилгаан эрдэм буй хэмээн аймуй! Өвгөн Сүн миний ирснийг мэдвээс тэр шулам орох газраа олохгүй болмуй!” Тансаг бас өгүүлрүүн: “Зүүдний дотор тэр хаан нэгэн эрдэнээр тэмдэг болгон эчсэн бөлгөө.” Гахай өгүүлрүүн: “Битгий дэмий өгүүл, зүүдэлбээс зүүдэлсэн болой, бас тийм олон үг хэлж яамуй?” Шороо хажуунаас өгүүлрүүн: “Цээжин доторх цээжийг итгэхгүй бөгөөс өршөөлтэй өршөөлгүйг сэрэмжлэгтүн” хэмээжээ. Бид дэн авч гараад үзвээс барав.”


Тэндээс Бичин үүдийг түлхэн хамтаар гарч үзвээс, сарны гэрэл доор индрийн дээр алтаар хөвөөлсөн хас цомцог байх тул Гахай шүүрэн аваад: “Ах минь, энэ ямар юм бэ?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Энэ хэмээгч хаан хүний гартаа баригч хас цомцог болой. Багш минь, энэ юм энд байхыг үзвээс зүүд нь үнэн болжээ. Маргааш шулмыг барих хэргийг өвгөн Сүн би даан авсугай, багш гагц гурван зүйлийн явдлыг хүлээвээс сая болмуй.” Гахай өгүүлрүүн: “Сайн болов! Сайн болов! Зүүд зүүдэлбээс барав, бас учиргүй түүнд хэлж өгмүй. Тэр аль хүнээр элэг үл барьмуй? Өдгөө бас гурван зүйлийн явдлыг сэдэн гаргаж чамайг шоглосугай хэмээмүй.” Тансаг дотогш ороод: “Аль гурван зүйлийн явдлыг даалгамуй?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Маргаад чамайг хал амсуулмуй, зэмлэгдүүлмүй, хижиг дайруулмуй.” Гахай инээн өгүүлрүүн: “Нэг нь мөн зарж гүйцэх атал, гурван зүйлийг хэрхэн дааж чадмуй?” хэмээсэнд Тансаг болбоос маш сэргэлэн хүн тул бас асууруун: “Энэ гурван явдлыг яахан дийлмүй?” Бичин өгүүлрүүн: “Асуух хэрэггүй, би өдгөө чамд хоёр зүйлийн юм өгсүгэй.”


Төд Бичин нэгэн үсийг сугалан авч “Хувил” хэмээсэнд улаан алтан ширтэй хайрцаг болон хувилав. Бичин тэр цагаан хасын цомцгийг хайрцгийн дотор хийж өгүүлрүүн: “Багш чи тэнгэр гэгээрсэн хойно намжираа өмсч үүнийг гартаа барин өмнөх их дуганд ном уншин суу, би хотод нь орж шулам мөн бусыг үзсүгэй, хэрвээ шулам мөн болбоос түүнийг алаад сайн нэрээ үлдээсү, шулам бус болбоос хэрэг өдөхийг байсугай.” Тансаг: “Зөв! зөв!” хэмээв. Бичин бас өгүүлрүүн: “Тэр хан хөвгүүн авлахаар гарч ирэхгүй бөгөөс мөн байтугай, хэрвээ үнэхээр зүүдний ёсоор хотоос гарч ирвээс би түүнийг удирдан чамд золгуулсугай.” Тансаг өгүүлрүүн: “Тэр надад золгосон хойно би юу хэлэх вэ?” Бичин өгүүлрүүн: “Тэр ирвээс би урьд ирж чамд мэдүүлсүгэй, чи тэр хайрцгийн амыг баахан завсарла, би нэг сөөм биетэй тойн болон хувилаад хайрцгийн дотор байсу, тэр ирвээс эрхгүй бурханд мөргөмүй, чи сууж бүү хөдөл, тэр чиний үл хөдлөхийг үзээд хилэгнэн барьсугай хэмээмүй, баривч, хүлэвч, элдэвч, алавч түүний зоригоор болтугай.” Тансаг өгүүлрүүн: “Аяа, түүний цааз хурц, үнэхээр алах болбоос хэрхсү?” Бичин өгүүлрүүн: “Гайгүй, би байнам, хэрвээ тийм хэцүү үед хүрвээс би лав чамайг хамгаалмуй. Тэр чамаас асууваас, чи зүүн газраас ирсэн элч, баруун газраас ном залан бурханд эрдэнэ барьмуй хэмээн өгүүл, тэр ямар эрдэнэ буй хэмээн асууваас чи намжираа түүнд нээн зэрэг хэлээд, энэ болбоос гутгаар зэргийн эрдэнэ, бас тэргүүн, дэд хоёр зүйлийн эрдэнэ буй хэмээгтүн. Тэр бас асууваас энэ хайрцгийн дотор нэгэн эрдэнэ буй, өнгөрсөн таван зуун жил, өдгөөх таван зуун жил, ирээдүйн таван зуун жил бүгд мянга таван зуун жилийн явдлыг бүрэн айлдмуй хэмээн намайг гарга, би түүнд чиний зүүдний үгийг хэлсүгэй, тэр итгэвээс түүн лүгээ хамт одож, шулмыг барин түүний эцэг хааны өшөөг аван, нэр юүгээ энэ газар үлдээсүгэй. Хэрвээ эс итгэвээс энэ хас цомцогийг гаргаж үзүүл. Гагц түүний нас нь бага тул үүнийг үл таних буй за.” хэмээсэнд Тансаг сонсоод тэсгэлгүй баясан өгүүлрүүн: “Шавийн энэ арга огоот сайн! Нэгэн эрдэнийн нэр нь намжир болтугай, нэгэн эрдэнийн нэр нь хас цомцог болтугай, чиний хувилсныг ямар эрдэнэ хэмээн нэрлэмүй?” Бичин өгүүлрүүн: “Хааныг тэтгэгч” хэмээтүгэй Тансаг үгийг дагаж дотроо тэмдэглэн авав. Тэндээс багш шавь дөрвүүл нэгэн шөнө юуны унтаж орох аж, тэнгэр гэгээрэхийг хүлээв. 


Удалгүй үүр цайсанд Бичин босч, Гахай Шороо хоёулд захиж өгүүлрүүн: “Та хоёул гадна гарч тойдыг үймүүлж үл болмуй, хэрэг бүтсэн хойно хамтаар явсугай” хэмээгээд огторгуйд дэгдэн гараад баруунш бараалбаас дөчин бээрийн үзүүр үнэхээр нэг хот буй. 


Бичин ойртон үзвээс тэр хотын дотор шулмын уур зовлонгийн униар бүрхэн байхуйг үзээд Бичин огторгуйд зогсон шүүрс алдаж өгүүлрүүн: 


        “Үнэн эзэн хаан сууринд сууваас
        Өлзийт туяа өнгөт солонго татмуй,
        Ад шулам луун ордныг эзэлсэн тул
        Алтан бошгыг хар уур оньсолжээ” хэмээн хараахан зовнин атал гэнэт буун дуу гарч, хотын зүүн хаалгыг цайтал нээж нэгэн анги цэрэг морь ав тавин гарч ирэв. Үзвээс:


Өглөө эрт эзний хотоос гараад 
Өлөн сөөгийг томоолон ан гөрөө хиймүй.
Өнгөт хиур туг далбаа наранд гялсан,
Үрээ морь агт хүлэг салхийг сөрөн давхилдмуй.
Авын хэнгэргийг нүрчигнэтэл дэлдэхүйеэ
Ангийн зэвсэг атганд гялалзмуй.
Хайчин шонхорыг морьдод суулгасан
Хуяг цэрэг баатар хэмээхүл,
Хурдан нохдыг хойноосоо дагуулсан
Өрлөг жанжин эрэлхэг.
Үхэр буун дуу газар дэлхийг донсолгон,
Өндөр шургууд өдрийн нарыг халхалжээ.
Хүн бүр холховч завыг онилон,
Хуяг бүр хүчит нумыг үүрчээ.
Бэл бүхэнд урхи торыг дэлгэн,
Бэрх бүхэнд боом цалам орхижээ.
Аюулах дуун аянга мэт нижигнээд
Авын хоморгод араатан жигүүртэн хоригджээ.
Хурдан туулай дутаан гарахуйяа бэрх
Хулжин үнэг холхин гарахуйяа хэцүү,
Гургуул ятуу урхи торонд унаж,
Гур зүр сум зэвэнд оногдмуй.
Уул ойг үлдээлгүй тарж,
Араатан жигүүртнийг алдалгүй алмуй.


Тэдгээр хүмүүс хотын зүүн хаалгаар гарч удалгүй хорь илүү газар яван ууланд орж ирэв. Бичин лавлан үзвээс дундад цэрэгт нэгэн бяцхан жанжин хуяг дуулга өмсч, хонгор морь унаж, гарт эрдэнийн сэлэм барьж, сүүжинд хүчит нум зүүжээ.


        Хээнцэр дүрт эзний шинж илрээд
        Хээмсэг байдал нь хааны төлөв тодорчээ.
        Өнгө зүс нь өчүүхэн хүн бус,
        Үнэн эзэн хааны хөвгүүн маягтай.


Бичин огторгуйгаас үзэж баясан: “Энэ нь хан хөвгүүн болой, би үүнийг нэгэн удаа хошигносугай” хэмээн сэтгээд үүлийг даран доош бууж, нэгэн цагаан туулай болон хувилаад хан хөвгүүний морины өмнө гүйв. Хан хөвгүүн их л баярлан сум онилон харваснаа туулай оногдов. 


Үзвээс Бичин зориуд суманд оногдсон мэт үзүүлж, нүд хурц гар бушуу тул сумыг тосон авч дутаасан ажгуу. Туулай оногдсоныг үзээд хан хөвгүүн морио ташуурдан хойноос нэхэмжлэн ирэхүйд Бичин мөн холдохгүйгээр гүйсээр Эрдэнэт ойн сүмд хүрч мөн биеэр болон хувилаад сумыг хаалганы дээр хатган шууд дотогш орж Тансагт: “Ирэв! ирэв!” хэмээгээд нэг сөөм биетэй тойн болон улаан хайрцгийн дотор оров.


Өгүүлэх нь, тэр хан хөвгүүн нэхсээр сүмийн хаалга хүрч ирвээс харвасан сум хаалган дээр хатгаж туулай үзэгдэхгүй болов. Тэр хан хөвгүүн их л цочин: “Сонин болов! Миний харвасан сум туулайг оносон бөлгөө, юунд хаалганд хатгаад туулай үгүй болов! Санаваас энэ туулай он жил удаж, шулам бүтсэн буй за” хэмээгээд сумаа сугалан авч дээш харваас, сүмийн хаалган дээр “зарлигаар байгуулсан Эрдэнэт ойн сүм” хэмээх илэрхийлэл буй. Хан хөвгүүн дотроо сэтгэрүүн: “Урьд миний эцэг хаан эндэх тойдод алт мөнгө өгч энэ сүмийг шинэтгэн засуулсан бөлгөө, санамсаргүй энэ өдөр энд хүрч ирэв. Энэ нь төв хэмээн, бясалгалын хүрээлэнгээр өнгөрөхүйеэ бурсан хувраг лугаа учраад, энэ наснаа ийм нэгэн сул өдөр тохиолдов хэмээсэн лүгээ нийцжээ. Би орж үзсүгэй.”


Тэр хан хөвгүүн мориноосоо бууж орсугай хэмээтэл бүгд түшмэд цэрэг цөм хүрч ирээд сүмийн үүдийг шургахуйд сүмийн олон тойд их л сандран угтан мөргөв. Тэр хан хөвгүүн бурханд мөргөөд, нүд өргөн сүмийн үзэмжийг шинжвээс, төв дундад нь нэгэн тойн сууж амуй. Хан хөвгүүн үзээд тэсгэлгүй хилэгнэн өгүүлрүүн: “Энэ тойн огт ёсгүй! Би өдгөө төрийн түшмэдээ дагуулан хүрч ирэхүйд хэдий зарлиггүй, хол угтахыг осолдсон ч завилан сууж үл босох нь юун? Үүнийг барь!” хэмээн зандмагц хоёр этгээдийн түшмэд зэргээр давшиж, Тансагийг чирэн буулгаж хүлсүгэй хэмээтэл Бичин хайрцгийн дотор тарни уншин: “Номын сахиулсан нар хийгээд эрхтэн нар сонс, би өдгөө арга хэрэглэн шулмыг дарсугай хэмээмүй. Энэ хан хөвгүүн үүнийг мэдэхгүй тул миний багшийг хүлсүгэй хэмээмүй, та нар сахиж битгий хүлүүлэгтүн, хэрвээ хүлүүлбээс та нар цөм ялтай болмуй!” хэмээсэнд бүгд эрхтэн аймшиггүй Бичиний зарлигаас зөрчиж үл болох тул Тансагийг хамгаалав. Тэдгээр барихаар ирсэн хүмүүс Тансагийн биед ойртон эс чадав.


Тэр хан хөвгүүн өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн буй? Энэ мэт бие хамгаалах увидсыг хэрэглэн над лугаа тэмцэлдмүй.” Тансаг урагш давшин ёслон өгүүлрүүн: “Ядуу тойн надад бие хамгаалах увидас үгүй, би болбоос баруун газар хүрч аянгын дуут сүмээс ном залан бурханд эрдэнэ барихаар одогч тойн болой.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Чиний зүүн газар хэмээгч хэдий дундад гүрэн боловч маш яданги, чамд ямар эрдэнэ буй?” Тансаг өгүүлрүүн: “Миний биед өмссөн намжир болбоос гутгаар зэргийн эрдэнэ, өөр бас хоёр зүйлийн сайн эрдэнэ буй!” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Чиний энэ намжир нь биеийг бүрэн халхлан чадахгүй нэг мөр чинь гаран атал, юунд эрдэнэ хэмээн гайхуулмуй!” Тансаг өгүүлрүүн: “Миний энэ намжир хэдийгээр биеийг бүрэн халхалж чадахгүй боловч үүнд нэгэн бадаг шүлэг буй. Шүлэгт өгүүлсэн нь:


        Бурхны номт дээлийг бүрэн бус хэмээн битгий шүүмжил,
        Бор тоосноос тонилгох үнэн гайхмашиг үүнд буй.
        Мянган үйлтгэл, түмэн хичээлээр бодь хутгийг бүтээгээд
        Найман эрдэнэ, есөн танаар өрлөг сүлдийг нийлүүлжээ.
        Хувилгаан охид хутагт дагина урлан үүнийг оёод
        Хувраг тойн надад хайрлан биеийн хирийг арилгав.
        Эрхэм таныг эс угтсан нь эгнэгт бага хэрэг,
        Эцгийн өшөөг эс авах нь элбэрэлгүй хөвгүүн.”


Хан хөвгүүн үүнийг сонсоод тэсгэлгүй хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу тойн дэмий чалчмуй! Чиний тэр муу намжираа ямар юм болгон төдий их магтмуй. Би эцгийн ямар өшөөг эс авав.” Тансаг урагш давшин залбирч асууруун: “Аяа, ертөнцөд хүн болон төрвөөс хэдэн зүйлийн ачлалыг гүйцэтгэвээс зохимуй?” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Тэнгэр газрын үүдэн заяасан нэгэн ачлал, наран сарны ивээн гийгүүлсэн нэгэн ачлал, эзэд хаадын энэрэн өршөөсөн нэгэн ачлал, эцэг эхийн өсгөн хүмүүжүүлсэн нэгэн ачлал болой.” Тансаг инээн өгүүлрүүн: “Хан хөвгүүний үг ташаарав. Хүнд гагц тэнгэр газар, нар сар, эзэд хаадын ачлалаас өөр эцэг эхийн ачлал буй?” Хан хөвгүүн хилэгнэн өгүүлрүүн: “Тойн чи эзэд хаад, эцэг эхээ орхиж үсээ туйлж хот тойрон ходоодоо тэжээсэн амьтан тул юу мэдмүй, хүн эцэг эхгүй болбоос хаанаас гармуй?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би мэдэхгүй нь үнэн. Миний энэ хайрцаг дотор “Хааныг тэтгэгч” хэмээх нэгэн эрдэнэ буй, тэр эрт өдгөө ирээдүйн мянга таван зуун оны хэргийг мэдмүй, эцэг эхийн өсгөн хүмүүжүүлсэн ачлал буй эсэхийг түүнээс асууваас мэдэхгүй болой, ядуу тойн би эзнийг энд удтал хүлээлгэв.” 


Хан хөвгүүн үүнийг сонсоод: “Чи гаргагтун, би үзсүгэй” хэмээсэнд, Тансаг хайрцгийг нээмэгц Бичин дотроос үсрэн гарч тойрон явахуйд хан хөвгүүн өгүүлрүүн: “Энэ өчүүхэн хүн юуг мэдмүй?” Бичин, түүнийг өчүүхэн хэмээн чамлахыг сонсоод биеэ нэгэнтээ сунгасанд гурван тохой илүү биетэй болов. Цэргийн ард үзээд цочин өгүүлрүүн: “Энэ мэт хурдан өсвөөс хэдэн өдөр болохгүй тэнгэрийг цоолох болой” Бичин өсөөд үнэн биеийн төдий болов. Тэр хан хөвгүүн асууруун: “Хааныг тэтгэгч, энэ өвгөн тойн чамайг эрт өдгөө ирээдүйн явдлыг цөм мэдмүй хэмээмүй, чи чухам далаар төлгөлөх буюу? Бичиг судраар буян зовлонг ялгах буюу?” Бичин өгүүлрүүн: “Би төлгө үзэх бус, гагц гурван ямхын хэлэнд итгэж аливаа явдлыг ухаанаар илт айлдмуй.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Энэ боол дэмий өгүүлмүй. Эртээс нааш зурхайт ном туйлын гүн нууц, дэлхий дахины сайн мууг тас ялган хүнийг хичээлгэх бөлгөө, тийнхүү далан төлгө, төлгөч өвсний төлгө цөм маш мэргэн болой. Чиний хэлээ итгэсэн төлгөд ямар баримт буй хэмээн зоригоор буян, зовлонг өгүүлэн хүний сэтгэлийг бачилмуй!” Бичин өгүүлрүүн: “Чи битгий яар, миний хэлэхийг сонс, чи болбоос Удишар улсын хааны хөвгүүн, таван жилийн өмнө их ган болж түмэн иргэнд зовлон тохиолдсонд чиний хаан эцэг олон түшмэдийн үнэн сүсгээр бороо гуйсан ч эс оров. Хараахан дусал хур ч буухгүй атал, Жүн Нан Шан хэмээх уулнаас нэгэн бясалгагч бумба ирээд бороо оруулсанд чиний эцэг хаан өчүүхэн явдалд өнгөрүү баясан түүн лүгээ ах дүү бололцов. Энэ явдал буй буюу?” хэмээн асуусанд хан хөвгүүн өгүүлрүүн: “Үнэн! үнэн! Чи бас хэл.” Бичин өгүүлрүүн: “Тэндээс гурван жил болсны хойно тэр бумба үзэгдэхгүй болоод, өдгөө хэн хаан сууж буй?” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Урьд нэгэн бумба ирж бороо оруулсанд миний эцэг лүгээ ах дүү барьж хамт жаргасан нь үнэн, хойно эцэг хаан түүн лүгээ хамт цэцгийн хүрээлэнд цэцэг үзэн атал тэр бумба хувилгаан салхи хөдөлгөн миний эцэг хааны гарт барьсан алтаар хөвөөлсөн цагаан хас цомцогийг авч, Жүн Нан Шан ууланд одов. Миний эцэг түүнийг мөрөөдөн цэцэг үзэх санаагүй болоод цэцгийн хүрээлэнгийн үүдийг дараад гурван жил болов. Өдгөө хаан сууринд сууж байх нь миний эцэг бус хэн буй?”


Бич үүнийг сонсоод инээн зогсохгүй. Хан хөвгүүн дахин асууваас Бичин инээхээс өөр хариу эс өгүүлэв. Тэр хан хөвгүүн их л хилэгнэн өгүүлрүүн: “Энэ боол хэлэхгүй, юунд дэмий л инээмүй?” Бичин өгүүлрүүн: “Хэлбээс үг маш урт, гагц хүн олон хэлж болохгүй.” Хан хөвгүүн түүний үгэнд учир байхыг мэдээд ханцуй сэжин дагасан түшмэдээ цөм гар хэмээсэнд жанжин түшмэд зарлиг уламжлан гурван мянган цэргийг авч сүмийн гадна хүрээ буув. Энэ үед харшийн дотор нэг ч хүн үгүй, хан хөвгүүн дээр сууж, Тансаг өмнө нь зогсон, Бичин зүүн этгээдэд зогсов. Сүмийн тойд цөм гарсны хойно Бич сая царайг төв болгож урагш давшин өгүүлрүүн: “Тэр салхи хувилан одсон нь чиний эцэг, өдгөө сууринд сууж байх нь тэр бороо гуйсан бумба болой.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Дэмий донгодмуй! Дэмий донгодмуй! Тэр бумба одсоноос хойш салхи бороо тэгш, улс иргэн амгалан болов. Чиний хэлэхүй бээр болбоос сууринд суугч нь миний эцэг хаан бус болжээ. Би насан бага тул чамд гэм хийхгүй, хэрвээ миний эцэг хаан сонсвоос чамайг барьж түмэн анги болгон огтчих болой!” хэмээгээд зандан буулгасанд Бичин Тансагийн зүг өгүүлрүүн: “Ямар буй? Би түүнийг үл итгэх хэмээн эс хэлэв үү? Үнэн болов! Тэр эрдэнээ түүнд бариад замын тамгат бичгээ солин эртхэн одсугай” хэмээсэнд Тансаг улаан хайрцгийг Бичинд өгөв. Бичин хайрцгийг аваад биеэ сэгсрэн үсээ хураасанд хайрцаг хэдийн үгүй болов. Төд хоёр гараараа цагаан хасын цомцогийг хан хөвгүүнд барив.


Хан хөвгүүн авч үзээд ийн өгүүлрүүн: “Энэ тойныг үз! Таван жилийн өмнө бумба болон ирж миний эрдэнийг хууран аваачаад өдгөө бас тойн болж ирээд эрдэнийг барьмуй, эднийг барь!” хэмээн зандсанд Тансаг их л айж, Бичинийг хуруугаар заан өгүүлрүүн: “Энэ муу агтын даамал! Хэрэг өдөөн намайг зовоомуй!” Бичин урагш давшиж хориглон өгүүлрүүн: “Битгий цуугь! Чимээ бүү гарга! Би хааныг тэтгэгч бус, надад өөр үнэн нэр буй.” Хан хөвгүүн уурлан өгүүлрүүн: “Чи нааш ирж үнэн нэрээ мэдүүл! Би яаманд хүргэн ял асуухуйд сайн!” хэмээв. 


Бич өгүүлрүүн: “Би энэ өвгөн тойны их шавь, нэр нь Бичин хэмээмүй. Багш шавь бид дөрвүүл баруун газраас ном залаар одох замд өчигдөр орой болж энд ирж хонов. Миний багш ном уншин аж, шөнийн гурван жингийн үес нэгэн зүүд зүүдэлж чиний эцэг хаан ирээд өгүүлсэн нь, тэр бумба цэцгийн хүрээлэнгийн наймалжин худагт эцгийг чинь түлхэн унагаж амийг хорлон, түүний дүрээр хувилан суурийг булаав хэмээмүй. Бас өгүүлсэн нь, үүнийг төррийн түмэн түшмэд мэдэх хүн үгүй, бага эзэн нас бага тул ялган ухахгүй. Сэрэгдэхээс болгоомжилж чамайг ордонд орохыг цаазлан цэцгийн хүрээлэнгийн үүдийг дарав хэмээмүй. Чиний эцэг хаан энэ шөнө тухайлан ирж надаар шулмыг даруулсугай хэмээсэнд би шулам бус болуузай хэмээн болгоомжлон огторгуйд гарч үзвээс үнэхээр нэгэн шулам мөн. Хараахан гар хөдлөн барьсугай хэмээтэл санамсаргүй чи ав тавин хотоос гарч ирэв. Чиний зэвд оногдсон тэр цагаан туулай даруй миний бие болой. Би чамайг сүмд удирдан авчраад багшид золгуулан хилс хэргийг хэлж өгсөн нь үг бүр үнэн бөлгөө. Чи өдгөө цагаан хасын цомцогийг таних атал юунд өсгөн хүмүүжүүлсэн ачийг бодож эцгийн өшөөгөө авахгүй буй?” хэмээсэнд тэр хан хөвгүүн үгийг үл итгэсүгэй гэхүл бас хэдэн хувийн үнэн учир буй, үнэмшин итгэсүгэй гэхүл, эзний сууринд суугч нь миний эцэг болой” хэмээн хоёрын хооронд хэцүүдэн байхуйг Бичин үзээд урагш давшин өгүүлрүүн: “Хан хөвүүн сэжиглэх хэрэггүй, чи хойш улсдаа эгэж эх хатнаасаа өдгөө эр эмийн янаг амраг нь гурван жилийн өмнөхөөс ямрыг асууваас даруй үнэн худлыг мэдэж болмуй.” Тэр хан хөвгүүн ухааран өгүүлрүүн: “Энэ үг зөв, би одож эхээс асууж ирсүгэй” хэмээгээд үсрэн босч цагаан хасын цомцогийг ханцуйлан гартал Бичин хойноос татаж зогсоогоод өгүүлрүүн: “Чи өдий олон хүнийг дагуулан эгвээс сааргүй чимээ гарч хэрэг эвдэрмүй. Чи хойд үүдээр хулуун орж эхээсээ сэмхэн асуу. Хэрвээ тэр шуламд мэдэгдвээс таны эх хөвгүүн хоёулын амийг батлахад бэрх болой.” Хан хөвгүүн сургасан үгийг хүлээн авч сүмийн гадна гарч олон жанжин түшмэдэд: “Та нар энд хүрээ буу, хөдөлж болохгүй, би учиртай тул эчээд удалгүй ирмүй. Ирсэн хойно хамтаар харьсугай” хэмээв. Үзтэл тэр: Хүрээ буух зарлигийг хүн бүхэнд зарлаад хүлэг морийг ташуурдан хуй салхи мэт довтлон одов.


Энэ эчсэнд эх хатан лугаа хэрхэн золгож, хэрэг ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 54 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 42 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 10 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 14 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 57 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 30 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 33 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 34 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 8 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 17 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 27 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 32 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 12 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 30 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 31 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 46 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК