зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ:


ХАН ХӨВГҮҮН ЭХЭЭСЭЭ АСУУН ТӨВ ГАЖУУГ МЭДЭВ
ТӨМӨР МОД НУУЦЫГ УХАЖ ҮНЭН ХУДЛЫГ ЯЛГАВ


        Авгайд учран төрөл олсон шалтгааныг өгүүлбээс эл, 
        Алс ирээдүйд түүнчлэн ирсэн бурхны чуулганд ормуй. 
        Гагц сүсгээр тоост ертөнцийн бурхныг шившвээс 
        Арван зүгийн сүлд сахиулсан залран буухыг үзнэм. 
        Эгнэгт эзэн хааны үнэнийг олсугай хэмээвээс 
        Эх хатнаасаа даруй мэдэж болмуй. 
        Өөр ертөнц байхыг олж үзсэнгүй, 
        Нэгэн явдал, нэгэн алхам, нэгэн цэцэг шинэ.


Өгүүлэх нь, тэр Удишар улсын хан хөвгүүн Бичинээс салж, удалгүй хотод хүрээд хойд хаалгаар орохуйд хаалга сахигч тайганчууд хан хөвгүүнийг ирэхийг үзээд аймшиггүй хориглож үл болох тул дотогш залан оруулав. Хан хөвгүүн морийг давхин хүрээнд ороод шижир тагтын доор хүрч үзвээс эх хатан нь шижир тагтын дотор хэрсэгийг түшиж нулимс цувруулан хоёр этгээдэд хэдэн арван сул хатад шүхэр барин эмсэглэн амуй. Тэр юуны учир уйлав хэмээвээс тэр хатан шөнийн дөрвөн жингийн үед бас зүүд зүүдлээд, зүүдний үгийн хагасыг нь умартаад бодож агсан ажгуу. Хан хөвгүүн моринооос бууж хатны өмнө сөгдөөд: “Эх” хэмээн дуудсанд, эх нь чармайн инээж: “Хөвгүүн минь баяр болой! баяр болой! Чи энэ хэдэн жил эцгээ дагаж өмнө харшид агаад надад золгосонгүйн тул би тэсгэлгүй мөрөөдсөн бөлгөө. Энэ өдөр яахан чөлөө олж надад золгоор ирэв? Үнэхээр их баяр болов хөвгүүн минь, чиний эцэг хааны насан агшраа болж, аль нэгэн өдөр алтан луу анабад далайдаа эгэн, ал гарьд агаар тэнгэртээ буцваас чи хааны суурийг залгамжлах болой, чамд бас ямар үл таалах хэрэг аж нүүрт баяргүй байдал гаргамуй?” хэмээсэнд хан хөвгүүн мөргөн өгүүлрүүн: “Эх минь өдгөө хаан хэмээн луун сууринаа суугч нь чухам хэн болов?” Хатан өгүүлрүүн: “Энэ хөвгүүн солиорсон буюу! Хаан сууринд суугч нь чиний эцэг бус уу, чи юунд асуумуй?” Хан хөвгүүн урагш давшиж мөргөн мэдүүлрүүн: “Эх минь хөвгүүн намайг буруушаахгүй болбоос би айшгүй асуусугай, үгүй бөгөөс үл асуумуй.” Хатан өгүүлрүүн: “Эх хөвгүүн хоёрын хооронд ямар буруушаах газар буй, чи хэлтүгэй.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Миний асуух нь эр эмийн янаг амраг энэ гурван жил урьдахаас ямар буй?” Тэр хатан энэ үгийг сонсоод сүнс сарнин сүг нисч яаран суудлаасаа буун хөвгүүнээ тэврэн их л уйлан өгүүлрүүн: Гурван жил болтол чам лугаа учирсангүй, өдгөө юунд гэнэт ирэн үүнийг асуумуй?” Хан хөвгүүн уурлан: “Үг буй бөгөөс хурдан хэл, их хэргийг саатуулах болуузай” хэмээсэнд, эх хатан сая хоёр этгээдийн ардыг зайлуулж нулимсыг цувруулан ийн өгүүлрүүн: “Энэ хэргийг хөвгүүн чи эс асуусан аваас есөн булгийн доор оровч би мөн учрыг нь ухахгүй болой. Чи өдгөө асуусан тул би чамд хэлсүгэй: 


        Гурван жилийн өмнө маш янаг амраг байв, 
        Гурван жилийн хойно мөсөнд адил жихүүн болов.
        Дэрний дэргэд түүнээс дахин дахин өгүүлэн асууваас 
        Дэндүү хөгширсөн тул тэнхээ тамир буурчээ хэмээмүй.”


Хан хөвгүүн энэ үгийг сонсоод гарч одохуйд, хатан татаж бариад асууруун: “Хөвгүүн чи ямар учир агаад өгүүлж барахгүйгээр одмуй.” Хан хөвгүүн эхийн өвдгийг тэврэн сөгдөж өгүүлрүүн: “Аймшиггүй өгүүлж үл болмуй. Энэ өглөө зарлигийг хүлээн хот гарч авлаар эчсэн бөлгөө, зүүн газраас баруун газарт ном залаар одогч богд тойнд учрав. Түүнд Бичин хэмээгч нэгэн шавь буй бөгөөд шулмыг барих рид хувилгаан буй хэмээнэм. Уул нь миний эцэг хаан ордны цэцгийн хүрээлэнгийн наймалжин худагт унаж үхээд тэр бумба миний эцэг хаан болон хувилаад төрийг эзэлсэн ажгуу. Урьд шөнийн гурван жинд миний эцэг тэр тойнд зүүд өгч шулмыг барьж өгмү хэмээн гуйжээ. Хөвгүүн би итгэн ядахын тул эхээс асуухаар ирсэн бөлгөө, эх хатны энэ үг бээр болбоос өдгөө байгч хаан эрхгүй шулам болой.” Хатан өгүүлрүүн: “Хөвгүүн минь чи юунд хөндлөн хүний үгийг хөнгөнөөр итгэмүй?” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Эцэг хааны үлдээж өгсөн тэмдгийг үзсэнгүй бөгөөс хөвгүүн би мөн итгэхгүй бөлгөө.” Хатан ямар тэмдэг буй хэмээн асуусанд хан хөвгүүн ханцуйгаасаа хас цомцогийг гаргаж эхэд барив. Хатан үзмэгц хааны барьсан эрдэнийг таниад нүдний нулимсыг асгаруулан өгүүлрүүн: “Эзэн минь! Чи үхэж гурван жил болоод юунд миний дэргэд ирэхгүй харин урьдаар тойн хуврагт зүүд өгөн хойно хан хөвгүүнд мэдэгдэв?” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Эх юунд ийн өгүүлмүй?” Хатан өгүүлрүүн: “Хөвгүүн минь, би бас энэ шөнө дөрвөн жингийн үед нэгэн зүүд зүүдэлжээ. Зүүднээ хаан ус дуслуулан ирээд, миний өмнө зогсож өгүүлсэн нь, би үхээд гурван жил болов. Миний сүнс Тан улсын Тансагийг залж хуурамч шулам хааныг барьж өшөөг минь авч өгмү хэмээн гуйв хэмээх хэдэн үгийг цээжилж бусдыг нь цөм умартжээ. Энэ зүүдний үгийг сая бодон атал, чи ирж эдгээр учирыг надад хэлж эрдэнийг үзүүлэв. Энэ эрдэнийг энэд тавьж чи бушуу одож богд тойныг залан авчирч, тэр шулмыг баривчлан эцгийнхээ өсгөн тэжээсэн ачийг хариул!” хэмээв.


Төд хан хөвгүүн яаран моринд мордож хотын хойд хаалгыг шурган гарав. Энэ үнэхээр халуун нулимсыг бөмбөрүүлэн хатан эхээсээ салаад хамаг гомдлыг өвөрлөн богд тойнд буцав. Удалгүй сүмд хүрч ирээд мориноосоо буусанд олон цэрэг хан хөвгүүнийг угтан оруултал нар унах шахсан тул хан хөвгүүн цааз зарлан цэрэг хуяг хөдөлж болохгүй хэмээгээд гагц биеэр сүмийн хүрээнээ орж, дээл малгайгаа засан Бичинд золгоор оров. Тэр Бичин ван гол харшаас гэхэлзэн гарч ирэхүйд хан хөвгүүн өвдөг даран сөгдөж: “Багш минь, би хүрч ирэв” хэмээсэнд Бичин урагш давшин тэтгэн босгож: “Чи хотод орж хэнээс асуув?” хэмээсэнд, хан хөвгүүн: “Эхээсээ асуув” хэмээгээд эх хатны хэлсэн үгийг нэгэн зэрэг өгүүлсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Тийм хүйтэн болбоос ямар нэгэн хүйтэн юм хувилж шулам бүтсэн буй за, хялбар! хялбар! Өвгөн Сүн би арилгасугай, энэ өдөр орой болов, хэрэг үйлдэхэд дөхөмгүй, чи түр харигтун, би манагаар эрт одсугай.” Тэр хан хөвгүүн мөргөн өгүүлрүүн: “Багш минь, би энд хоноод манагаар эрт чамлугаа хамт эчсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Болохгүй, болохгүй! Бид хамтаар хотноо орвоос тэр шулам намайг залж ирэв хэмээн чамайг хорломуй.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Би өдгөө эгэвч тэр мөн намайг зэмлэх буй за.” Бичин өгүүлрүүн: “Тэр чамайг юунд зэмлэмүй?” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Би өглөөний бараалалд түүний зарлигаар цэрэг хуяг, нохой шувуудыг авч авлаар гарч ирсэн бөлгөө, өдгөө нэг ч ганзагагүйгээр яахан буцмуй? Тэр намайг чадалгүй хэмээн буруушаан гянданд хоримуй, ийнхүү чамайг маргаад хотноо ортол надад өөр итгэлтэй хүн үгүй тул хэнийг түших вэ?” Бичин өгүүлрүүн: “Энэ ямар бэрх вэ? Чи эртхэн хэлсэн бөгөөс чамд гөрөөсийг бэлтгэн тавих бус уу.”


Тэр богд Бичин хан хөвгүүний өмнө эрдмээ гарган, биеэ нэгэнтээ сунган үүлнээ дэгдэн гараад “Ум” хэмээх тарнийн товчийг уншсанд тэдгээр уул усны навдаг савдаг огторгуйд ирж Бичинд ёслон өгүүлрүүн: “Их богд, өчүүхэн эрхтэн маныг дуудсаны учир юун?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би Тансагийг хамгаалан энд ирээд шуламд учирсан тул түүнийг барьсугай хэмээмүй. Энэ хан хөвгүүн авлаар гарч ирээд юм олсонгүйд аймшиггүй үл буцахыг яасу, та нар одож арслан барс араатан гөрөөсийг авчирч хан хөвгүүнд өгч буцаа!” хэмээсэнд тэдгээр навдаг савдаг зарлигаас зөрчиж үл болох тул хэдий авчирмуй хэмээн асуув. Бичин өгүүлрүүн: “Хэдий боловч болмуй, баахан авчирваас барав” хэмээсэнээ тэдгээр эзэд сахиулсан, навдаг савдаг тус тусын цэргээ дуудан нэгэн зэрэг гөрөөс жигүүртнийг цуглуулж битүү салхи үүсгэсэнд туулай гургуул, гур зүр, буга хандгай, бодон мангис, барс чоно, баавгай өтөг зэрэг ан амьтан нийт мянга илүүг авчирч Бичинд өгсөнд Бичин: “Үүнийг өвгөн Сүн би авах нь бус, та нар эдгээр араатан жигүүртний шөрмөсийг сугалаад хан хөвгүүний эгэх замд тавь, тэнд нохой шувуудыг тавихгүйгээр хотод аван орвоос даруй та нарын гавьяа болой” хэмээсэнд олон эзэд үгийг дагаж салхийг хураан ан гөрөөсийг замын хажууд авчирч тавив.


Тэндээс Бичин үүлнээс бууж, хан хөвгүүнд ийн өгүүлрүүн: “Чи хойш эгэгтүн, зам дээр чинь олон гөрөөс буй, түүнийг хураан аваачигтун” хэмээв. Хан хөвгүүн түүний огторгуйд гарсан рид хувилгааныг үзээд үл итгэж болохгүйн тул төд ёслон мөргөөд сүмээс гарч цэргээ аван хотод орохуйд замын хоёр хажууд арвин ан гөрөөс баймуй. Тэдгээр цэргийн ард юуны Бичний хувилгаан эрдмээр авчирсныг мэдэх аж, гагц мянган настын цаглашгүй буян болой хэмээлдэн нохой шувууг тавилгүйгээр цөм барин авч ялгуусан дууг дуулан баяр баясгалантайгаар хотноо ирэв.


Тэндээс сүмийн тойн хан хөвгүүний тэднийг ийнхүү хүндлэхүйг үзээд ямар аймшиггүй үл хичээнгүйлмүй? Төд ариун цагаан цав базаан Тансагт бариад өмнө даяаны гэрт аваачиж хонуулав. Тэргүүн жингийн үе болсноо Бичин дотроо бодлоготой тул нойр нэн хүрэхгүй болж хэдийн харайн босч Тансагийн дэргэд ирээд “Багш” хэмээн дуудав. Тэр үес Тансаг бас уньаагүй боловч Бичин ирж зориуд үймүүлэхээс айж унтсан болж үл хариулав. Бичин түүний тоймог толгойг түлхэн: “Багш унтсан буюу?” хэмээсэнд Тансаг уурлан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин унтахгүй юунд бархирмуй?” Бичин өгүүлрүүн: “Би багш лугаа нэгэн явдлыг зөвдсүгэй хэмээсэн бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Ямар явдал буй?” Бичин өгүүлрүүн: “Би тэр хан хөвгүүнд миний хувилгаан эрдэм уулнаас өндөр уснаас гүн тул шулмыг барих нь уутнаас юм авахтай адил хэмээн биеэ гайхуулсан бөлгөө. Өдгөө бодохуйд тийм хялбар бус тул нойр хүрэхгүй байнам.” Тансаг өгүүлрүүн: “Чи хялбар бус хэмээн барихаа байсугай хэмээмү юү?” Бичин өгүүлрүүн: “Юунд барихгүй буй? Гагц ёсонд зохихгүй мэт байнам.” Тансаг өгүүлрүүн: “Энэ сармагчин дэмий донгодмуй! Шулам хааны суурийг булаан эзэлсэнд бид түүнийг барихуйд бас ямар ёсонд үл зохих газар буй?” Бичин өгүүлрүүн: “Багш чи гагц ном уншин даяанд суухыг мэдэхээс бус хууль цаазыг мэдхгүй, энгийн үгэнд “Хулгайчийг барихуйд хулгайлсан эд лүгээ хамт барих” хэмээжээ. Тэр шулам гурван жил хаан суугаад мэдэгдсэн учиргүй тул өвгөн Сүн би чадлаар түүнийг барьсан ч ял асуухуйяа бэрх болой.” Тансаг өгүүлрүүн: “Ял асуухуйд ямар бэрх буй?” Бичин өгүүлрүүн: “Битүү хул боловч бөмбөрч хэд өнхөрмүй, тэр хэрэв “Удишар улсын хаан миний бие тэнгэрийг тэрсэлсэн ялгүй атал чи юунд намайг барьмуй? хэмээвээс надад ямар гэрч баримт аж түүн лүгээ маргалдмуй?” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос чи хэрхэн үйлдсүгэй хэмээмүй?”


Бич инээн өгүүлрүүн: “Миний арга хэдийн тогтов. Гагц багшийн өмөөрөхөөс эмээмүй.” Тансаг өгүүлрүүн: “Би хэнийг өмөөрмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш ер Гахайн төрсөн нь болхи бүдүүлэг хэмээн түүнийг өмөөрмүй.” Тансаг өгүүлрүүн: “Би түүнийг юунд өмөөрмүй?” Бичин өгүүлрүүн: “Хэрвээ чи түүнийг үл өмөөрөх болбоос багш баахан зориглож Шороо лугаа энд суу, би Гахайтай хамт тэр Удишар улсын хотод орж цэцгийн хүрээлэнгийн наймалжин худгийг малтан хааны хүүрийг гарган авч ирээд вааданд баглаж, бид маргааш хотод орж замын гэрч тэмдэг солихыг хайхралгүйгээр шулам лугаа золгомогц занчсугай. Тэр хэрвээ эс хүлээн эсэргүүцвээс бид даруй “Энэ хүнийг чи алжээ” хэмээн хүүрийг гарган түүнд үзүүлэн хан хөвгүүнийг авчран эцэгт нь бэлэвсрэл хийлгэж, хатныг дуудан эрийг нь таниулан, сайд түшмэдийг цуглуулан эзнийг нь үзүүлж барсны хойно өвгөн Сүн би дүү нар лугаа хамт гэрч бүхий зарга хийхүйд сайн” хэмээсэнд Тансаг дотроо маш баясан ийн өгүүлрүүн: “Гагц айх нь Гахай үл одох буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Ямар вэ? Би чамайг өмөөрмүй хэмээсэнгүй юу? Түүнийг үл одохыг чи яахан мэдэв? Би сая дуудахуйд чи эс хариулсан мэтээр дуугүй байваас барав! Тэр найман санваарт байтугай есөн санваарт байсан ч, би гурван ямхын ялзрашгүй хэлээр өгүүлж түүнийг аргагүй болгон авч одмуй.” Тансаг: “Тийн болбоос чи өөрөө мэдтүгэй” хэмээв.


Бичин багшаасаа салаад Гахайн дэргэд ирж: “найман санваарт” хэмээн дуудавч тэр манхуу зам хөөж зүдэрсэн тул толгойгоо ороон хурчигнан унтаад эс сэрвэй. Бичин түүнийн чихнээс татан зогдроос чирэн босгосонд тэлчлэн өгүүлрүүн: “Наадах хэрэггүй, сайн унтаад маргааш замаа хөөхгүй юү?” Бичин өгүүлрүүн: “Наадах бус, нэгэн наймаа буй, бид хоёул одож хийсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ямар наймаа буй?” Бичин өгүүлрүүн: “Чи хан хөвгүүний хэлснийг сонссонгүй юу?” Гахай өгүүлрүүн: “Би түүн лүгээ учирсан ч үгүй, юу хэлснийг сонссон ч үгүй.” Бичин өгүүлрүүн: “Тэр шуламд нэгэн эрдэнэ буй, маш хэцүү хэмээн надад хэлэв, бид манагаар хотод орвоос эрхгүй түүн лүгээ байлдмуй. Тэр шулам хэрвээ эрдэнээ тавьж маныг бариваас харин муухай болох бусуу? Бид харин урьдаар гар хөдлөн түүний эрдэнийг хулууж авчирваас харин сайнгүй юу?” Гахай өгүүлрүүн: “Ах чи намайг хуурч аваачаад хулгайч болгох буюу. Энэ наймаад би одож чамайг хавсарч болмуй. Гэвч чам лугаа хэлэлцэн тогтох нь, эрдэнийг хулууж шулмыг дарсан хойно эрдэнийг хуваалцахгүйгээр би ганцаараа авмуй.” Бичин өгүүлрүүн: “Чи тэр эрдэнийг авч юу хиймүй?” Гахай өгүүлрүүн: “Би танд адил уран башир ухаан арга гаргаж цав олж идэх буюу, Гахай миний бие бохир, ам бядуу, ном уншиж чадахгүй тул хоол идээ ховор чухаг газар тохиолдвоос цав сольж идэхүйд сайн бус уу?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би юуны эрдэнэд дурлах аж, гагц нэр гарахын төлөө болой, тэр эрдэнийг чамд өгсүгэй.” Тэр манхуу эрдэнэ өгмүй хэмээхүйг сонсоод маш баясан давхилан босоод дээлээс өмсөн Бичинийг дагаж одов. Архи дарс хүний нүүрийг нилчигнүүлж, алт мөнгө бясалгагчийн сэтгэлийг хөдөлгөмүй хэмээгч нь энэ болой. Тэндээс тэд хоёул Тансагаас нуун сэмээр сүмийн үүдийг гарч гэрэд татан хот зүг одов. 


Удалгүй хотод хүрч үүлийг даран чагнаваас, жүнгийн асарт хоёрдугаар жингийн дуу жингэнэмүй. Бичин өгүүлрүүн: “Дүү хоёрдугаар жин болжээ.” Гахай өгүүлрүүн: “Сайн! сайн! Хүмүүс цөм дуг нойр амуй” хэмээгээд хоёул өмнө хаалгаар орохгүй, шууд хойд хаалганд хүрч ирээд чагнаваас тогшуур тодны дуу сонстмуй. Бичин өгүүлрүүн: “Аяа, дүү минь, өмнө хойд хаалгыг цөм маш бат сахисанд яахан ормуй?” Гахай өгүүлрүүн: “Хулгайч юуны хаалгаар орох буй? Хэрэм харайн орсугай” хэмээсэнд Бичин үгийг дагаж биеэ өндөсхийн хотын хэрэм дээр харайн гарав. Гахай бас хойноос мацан гараад хоёул сэмээр зам эрэн, цэцгийн хүрээлэнгийн зүг одов. Ийн яван атал нэгэн цагаан дээвэрт тагт үзэгдэж дээр нь “Хааны цэцгийн хүрээлэн” хэмээх үсэг сарны гэрэлд тодхон харагдмуй. Бичин ойр хүрч лавлан үзвээс хаалганы дээр битүүмж нааж оньсолсон оньс нь цөм зэвэрчээ. Бичин Гахайг гар хөдөл хэмээсэнд тэр манхуу малтуураараа хаалгыг хага занчвай. Бичин урьдаар ороод цочин бархирсанд Гахай их л цочин урагш давшин татаж өгүүлрүүн: “Аяа, ах минь чи намайг айлгаж алах нь болой! Хулгайч хүн бас бархирах ёсон буюу! Хүнд сэрэгдээд маныг барьж цаазын газар аваачваас хэдийгээр эс алавч цэрэгт цөлөх буй за.” Бичин өгүүлрүүн: “Дүү минь, би юунд цочив хэмээвээс үүнийг үзэгтүн:


        Үзэмжит хэрсэг зурагт хэрэм өнгөө алдаад
        Өндөр асар хасын тагт хазайн нуржээ.
        Усан шимэлдэг голын хөвөөнөө шавар балчигт булагдаад
        Ороомог цана уулан доор хорвойн хатжээ.
        Мэлрэг цэцэг сарнай цэцгийн анхилмал үнэр боогдоод
        Мандарваа цэцэг тураг сараана дэлгээд бас нойрмогложээ.
        Цацагт цэцэг хин цэцэг өвс шарилжид ширэлдээд
        Сонин өвс сайхан цэцэг хохирон шарлажээ.
        Хачин хад хиймэл уул цөм нурж унан,
        Харз нуур хатаж ширгээд загасан элэг цайжээ.
        Хөх нарс бор хулс хуурай түлээ болоод
        Хөхнөлдсөн өвч шарилж явах замыг хаажээ.
        Улаан гавир, ногоон тоорын салаа мөчир хугарч
        Анар хайтан үжрэн хувхайраад үндэс нь гарчээ.
        Гүүрний гишгүүр хонгил зам дээр ногоон хөвд тогтож,
        Хүрээлэнгийн дотор эл хуль жихүүнээр цэлмийжээ.”


Гахай сонсоод ийн өгүүлрүүн: “Ах, түүний төлөө шүүрс алдах нь юун? Эртхэн манай наймаагаа хийсүгэй!” хэмээв. Бичин хэдий сэтгэл хөдөлсөн боловч Тансагийн зүүдэнд орсон тэр гадил модон доорх худгийг санаж хараахан яван атал, нэгэн бүдүүн гадил мод үзэгдвэй. Түүний ургасан нь өөр мод лугаа адилгүй, навч намаа нь үнэхээр сахлаг ажгуу:


        Тарихуйяа үр нь аруухан
        Төрөлхөөс бие нь хөндий.
        Нахиа бүр самаагийн чимэг зүүж,
        Навч бүр занданы үнэр шингээжээ.
        Цэл ногоон цацаг нь салхинаа намиран
        Час улаан хүйс нь нүднээ илтэй.
        Гутралт шөнийн хурд зовниж, 
        Гуниралт намрын салхинаас эмээмүй.
        Тэжээн өсгөсөн нь цэцэрлэгчийн хүч,
        Тарьж ургуулсан нь эзэгнэгчийн эрдэм.
        Бичиг бичихүйеэ чухал хэрэглэлтэй бөгөөд 
        Бие сэрүүцэхүйеэ мөн их тустай.
        Гарьдын далавч лугаа үлитгэж болох бөгөөд
        Галбингагийн жигүүр лүгээ зэрэгцүүлж бас болмуй.
        Нарийн сүүдэр доошоо туслаж, 
        Нимгэн униар дээгүүр нь бүрхжээ. 
        Бараан хуш нь цонхыг халхалж
        Бараг сүүдэр нь үүдэнд тусчээ.
        Хун галууг суулгахгүй бөгөөтөл
        Хурдан хүлгийг уяж юуны болмуй.
        Хяруутай өглөө навч нь хорвогор,
        Сартай шөнө өнгө нь бүдэг.
        Шатам халуунаа сэрүүцэж болох төдий бус,
        Шарам нарнаас далдалж бас болмуй.
        Тоор алимын өнгө буст гомдон
        Тоосгон хэрмийн зүүнтээ уйтгарлан амуй.


Бичин: “Энэ модны доор эрдэнэ буй, Гахай чи хурдан малтагтун!” хэмээсэнд тэр манхуу малтуураар тэр модыг занчин унагаж хоншоороо үндсийг хоёр гурван тохой сэндэлсэнд нэгэн хавтгай чулуу гарч ирэв. Гахай үзээд маш баясан өгүүлрүүн: “Аяа, ах минь! үнэхээр буян хишиг дэлгэрчээ! Хавтгай чулууны доор лав эрдэнэ буй, гагц бута-д хийсэн буюу, эсхүл авдарт хийснийг эм мэдмүй.” Бичин: “Чи чулууг сөхөж үзэгтүн!” хэмээсэнд тэр манхуу үзвээс дотроос цагаан гэрэл цацармуй. Гахай инээн өгүүлрүүн: “Хишиг болов! хишиг болов! Гэрэл цацарч байнам!” хэмээгээд бас урагш одож нарийвчлан үзвээс сарны гэрэл худгийн усанд туссан ажгуу. Гахай өгүүлрүүн: “Аяа, ах чи хэрэг хийхүйд хэзээд дутуу үйлдмүй.” Бичин өгүүлрүүн: “Би юуг дутуу хийв?” Гахай өгүүлрүүн: “Энэ нь худаг болой, эрдэнэ худаг дотор байхыг эртхэн хэлсэн аваас, би буудлын дээсийг авч үл ирэх буюу, тийн бөгөөс чи дээсээр намайг доош буулгаваас эрдэнийг үл олох буюу, өдгөө хоосон гараар энэ худагт хэрхэн ормуй?” Бичин өгүүлрүүн: “Чи орсугай хэмээмүй юү?” Гахай өгүүлрүүн: “Дээсгүй хэрхэн ормуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Тийн болбоос чи дээлээ тайл, би нэг арга гаргасугай.” Гахай өгүүлрүүн: “Тайлмаар ямар арвин хувцас буй? Энэ намжираа тайлбаас барав.”


Бичин алтан толтот бэрээгээ гаргаж хоёр үзүүрээс нь татаж “Урт бол” хэмээсэнд, даруй хорь гучин алд урт болов. Бичин бас: “Гахай чи нэгэн үзүүрээс барь, би чамайг тавьж оруулсугай” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Аяа чи тавьж үл болмуй.” Бичин: “Би мэдмүй” хэмээгээд тэр манхууг бэрээний үзүүрээс тэврүүлэн худагт тавин оруулав. Удсангүй усанд хүрсэнд тэр манхуу: “Усанд хүрэв!” хэмээн бархирав. Бичин шийдмээр нэгэнтээ бүлсэнд Гахай пүлхийтэл усанд унаад шийдмийг алдаж хоншоороороо усыг поржигнуулан хараан өгүүлрүүн: “Тэнгэр ниргэсэн! Би чамайг усанд хүрвээс бүү тавь хэмээв, чи харин намайг түлхэж оруулав.” Бичин бэрээгээ татаж аваад инээн өгүүлрүүн: “Дүү минь, эрдэнийг олов уу?” Гахай өгүүлрүүн: “Эрдэнэ үгүй, хоосон ус буй!” Бичин өгүүлрүүн: “Эрдэнэ лав ёроолд живсэн буй за, чи дотогш орж тэмтэрч үз.” Тэр манхуу усанд сайн тул шумбан орж ёроолд хүрээд нүдээ нээж үзвээс “Болор ордон” хэмээх хоёр үсэгтэй нэгэн их хаалга буй. Гахай их л цочин ийн сэтгэрүүн: “Барав! Би буруу замаар далайн ёроолд хүрчээ. Далайд сая болор орвон буй, худагт хэрхэн байх аж?” Үзвэс худагт лусын ордон байхыг тэр манхуу мэдэхгүй ажгуу. 


Гахай хараахан ийн сэтгэн атал, хэдийн усыг цагдагч ягчис үүдээ нээж Гахайг үзээд, яаран дотогш гүйж орон мэдүүлрүүн: “Хаан минь, хэрэг гарав! Худаг дээрээс нэгэн урт хоншоор их чихтэй чармаа нүцгэн тойн унаж ирээд үхсэнгүй үг хэлэн ирмүй.” Тэр худгийн лусын хаан цочин өгүүлрүүн: “Энэ лав тэнгэрийн их өрлөг ирсэн буй за, өчигдөр шөнө, шөнийг эргэгч эрхтэн хурмастын зарлигаар Удишар улсын хааны сүнсийг аваачиж Тансагт золгуулан их богдыг залж шулмыг бариул хэмээсэн бөлгөө, энэ эрхгүй тэнгэр лүгээ чацуу их богд, тэнгэрийн их өрлөг лүгээ хамт иржээ, осолдож болохгүй, түргэн угтаар гарсугай” хэмээв. Тэр лусын хаан дээл малгайгаа засан, олон усан эрхтэнийг авч, үүд гаран өндөр дуунаар: “Тэнгэрийн их өрлөг гэрт залран бууму” хэмээсэнд Гахай: “Хуучин танил ажгуу” хэмээн нэг ч эргэлзсэнгүйгээр шууд болор ордонд орон эчив. Тэр Гахай ичиж зовохыг мэдэлгүй чармаа нүцгэнээр суудал дээр гарч лаглайн суусанд лусын хаан асууруун: “Их өрлөгийг ялаа тайлж бурхны номд ороод Тансагт шавь болж баруун газар ном залаар одов хэмээн сонссон бөлгөө, өдгөө ямар хэрэгт энд хүрч ирэв?” Гахай өгүүлрүүн: “Миний номын ах Бичин намайг зарж чамаас ямар нэгэн эрдэнийг ац хэмээн илгээв.” Лусын хаан өгүүлрүүн: “Ташаарав, би тэдгээр гол мөрөн далай тэнгисийн лусын хаадад адил нисэн дэгдэх хувилгаан эрдэмгүй, энэ худагт удтал хоригдон нар сарыг олж үзэхгүй атал эрдэнийг нэн хаанаас олмуй?” Гахай өгүүлрүүн: “Түлхэх хэрэггүй, буй болбоос гаргаж өг.” Лусын хаан өгүүлрүүн: “Нэгэн эрдэнэ буй боловч гаргаж болохгүй, их өрлөг өөрөө одож үзвээс ямар?” Гахай өгүүлрүүн: “Сайн! сайн! Би одож үзсүгэй!”.


Тэндээс лусын хаан Гахайг дагуулж ордныг тойрон саравчны доор хүрч үзвээс зургаан тохой өндөр биетэй нэгэн хүний хүүрийг тэнд хөндлөн тавьжээ. Лусын хаан гараар зааж: “Эрдэнэ даруй энэ болой” хэмээсэнд Гахай урагш давшин үзвээс нэгэн хаан хүний шарил ажгуу. Тэргүүнд очирт малгайг өмсч, биед шар магнаг дээл хэдрээд, хөнгөн гутлыг хөлд өшиглөж, хасын бүсийг дундуур бүсэлжээ. Гахай инээн өгүүлрүүн: “Бус! Бус! Үүнийг эрдэнэ болгож болох буюу, Гахай би ууланд шулам болон явахуйн цагт энэ мэтийн юмыг үзсэнээр үл барам, тоолшгүй идсэн бөлгөө. Үүнийг ямар эрдэнэ хэмээмүй?” Лусын хаан өгүүлрүүн: “Их өрлөг үүнийг үл танимуй за, энэ болбоос Удишар улсын хааны хүүр болой. Тэр худагт унасанд би өнгийг нь үл хувилгах эрдэнээр үүний биеийг нь эвдрүүлсэнгүй бөлгөө. Чи үүнийг үүрэн гараад, тэр тэнгэр лүгээ чацуу их богд эдгээн чадах болбоос, эрдэнэ байтугай ямар юм ававч дутах буюу.” Гахай өгүүлрүүн: “Тийн болбоос би үүрч гаргасугай, чи надад хөлсний зоосыг хэдий өгмүй?” Лусын хаан өгүүлрүүн: “Надад өгөх зоос үгүй.” Гахай өгүүлрүүн: “Чи намайг зүгээр зарах буюу? Тийн бөгөөс би үүрэхгүй!” Лусын хаан: “Чи үүрэхгүй болбоос байтугай” хэмээсэнд Гахай гаран эчив. Тэр лусын хаан хоёр ягчисаар хүүрийг дамнуулан хаалганы гадна гаргаж тавиад, ус далдалж эрдэнээ хураан авсанд ус цалгилах дуун гарав.


Гахай усны дууг сонсоод яаран хойш харж үзвээс тэр орд харш цөм үзэгдэхгүй болсонл сандран тэмтэрвээс тэр хааны хүүр гарт тормуй. Гахай их л айж усны дээр мөлхөн гарч ирээд худгийн хаяаг барьж дуудан өгүүлрүүн: “Номын ах минь, шийдмээ буулгаж намайг гарга!” Бичин дээрээс асууруун: “Дүү, эрдэнэ буй буюу?” Гахай өгүүлрүүн: “Ямар эрдэнэ буй! Доор нэгэн лусын хаан баймуй, тэр намайг нэг үхсэн хүний хүүрийг үүрч гарга хэмээв, би эс болсонд тэр намайг хаалга гаргаад орд харшаа цөм хураан авчээ. Төд би тэмтэрвээс тэр хааны хүүр миний гарт баригдсанд их л айж бүх бие бүр суларч хөдөлж чадахгүй болжээ. Аяа ах минь, юу ч болов, намайг гарга!” Бичин өгүүлрүүн: “Тэр даруй эрдэнэ болой, чи юунд авч ирэхгүй буй?” Гахай өгүүлрүүн: “Үхээд хэдий болж байхыг хэн мэдмүй, үхсэн хүнийг үүрч яамуй?” Бичин өгүүлрүүн: “Түүнийг чи гаргахгүй болбоос би даруй одмуй” Гахай өгүүлрүүн: “Чи хаа явмуй?” Бичин өгүүлрүүн: “Би сүмд эгэж багшид золгон унтаар одмуй.” Гахай өгүүлрүүн: “Би үл одох буюу?” Бичин өгүүлрүүн: “Чи өөрөө гарч чадваас хамт одсугай, эс чадваас эндээ байтугай.” Гахай их л мэндэн: “Чи бодож үз! Энэ худгийн цээл их амсар бага, бас хэдэн жил хэрэглэсэнгүй тул худгийн хаяанд цөм хаг хөвд ургаж маш гулгархай болжээ. Гахай би хотын хэрмийг мацан гарахуйд мөн хүчирдэх атал, ийм гүн асга худгаас хэрхэн гарч чадах вэ? Ах минь, ах дүүгийн найрыг бүү алдагтун, би үүрч авчирсугай.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос чи түргэн үүрч гарга, хамт харьж эртхэн унтахуйд сайн.” Тэр манхуу дахин усны дотор шумбан орж хааны хүүрийг олоод нуруунд үүрэн усны дээр гарч худгийн хаяаг түшиж дуудан: “Ах, би авч ирэв” хэмээв. Би доош харваас үнэхээр үүрч байхыг үзээд алтан толтот бэрээгээ худагт тавин оруулав. Тэр манхуу ундууцан шийдмийн үзүүрийг амаар зуусанд Бичин хэвхэн татаж гаргав.


Гахай тэр хүүрийг газар дээр тавиад, дээлээ авч өмсөхүйд Бичин тэр хүүрийг үзвээс өнгө зүс амьд мэт өчүүхэн ч хувилсангүй тул Гахайн зүг асууруун: “Энэ хүн үхээд гурван жил болтол эс эвдэрсэн нь юун?” Гахай өгүүлрүүн: “Тэр лусын хаан надад хэлсэн нь өнгийг үл хувилгах эрдэнээр түүний биеийг нь эвдрүүлсэнгүй хэмээсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Сайн! Сайн! Энэ нь нэгэнд тэр өшөөгөө автугай, хоёрт мөн манай гавьяа бүтэхийн шалтгаан болой. Дүү минь, үүнийг түргэн үүрэгтүн.” Гахай өгүүлрүүн: “Үүнийг үүрч хаа одох буй?” Бичин: “Багшид үзүүлсүгэй.” хэмээсэнд Гахай аман дотроо түднэн өгүүлрүүн: “Уршиг! Яршиг! Би амар унтаж байтал энэ сармагчин уран үгээр ямар нэгэн наймаа хийх хэмээн намайг хууран авчираад өдгөө харин үхсэн хүнийг үүрүүлмүй! Энэ үхсэн хүний бузар ус өмхий шүүс нь намжирыг минь бузарлаваас хэн угааж өгөх вэ? Угааваас юугаа өмсөх вэ?” Бичин өгүүлрүүн: “Чи үүрч яв, хүрсэн хойно би чамд өмсөх дээл өгсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ичихгүй! Өөрөө өмсөх дээлгүй бөгөөтөл бас хүнд дээл олж өгөх хэмээмү юү?” Бичин өгүүлрүүн: “Чи эс үүрвээс байтугай, юунд ийнхүү яршигламуй.” Гахай өгүүлрүүн: “Би үүрэхгүй!” Бичин өгүүлрүүн: “Чи үүрэхгүй болбоос гуяа гаргагтун, би хорин бэрээ занчсугай!” Гахай ихэд сандарч: “Ах минь, чиний тэр хүнд бэрээгээр хорь занчваас би энэ хаанд адил болох болой.” Бичин: “Чи занчихаас айх болбоос эртхэн үүрч яв!” хэмээсэнд элдэхээс айж тэр хүүрийг авч үүрээд их л ундууцан хүрээлэнгээс гарч одов. 


Бичин тарни уншин хийн орноос нэг аман хий сорон үлээсэнд хуй салхи хөдөлж төдөлгүй Гахайг хааны ордны дотоод хүрээлэнгээс хийсгэн шууд хотоос гараад салхиа хурааж хоёул сүмийн зүг алгуур алхан ирэхүйд тэр манхуу дотроо уурлан, Бичинээс хариугаа авсугай хэмээн арга үүсгэн сэтгэрүүн: “Энэ сармагчин чи намайг их зовоомуй, сүмд хүрсэн хойно энэ үхсэн хүнийг тэр эдгээж чадмуй хэмээн багшид ховлосугай, тэр хэрвээ эдгээж эс чадваас багшаар цагирагийг чангалах тарнийг уншуулж, энэ сармагчны тархийг нь эрэн гаргаваас сая миний сэтгэл ханаж, хорслоо тайлж болном!” хэмээгээд бас ийн сэтгэрүүн: “Болохгүй! Болохгүй! Үхсэн хүнийг эдгээх нь түүнд ямар бэрх, тэр эрлэгийн тэнд одоод сүнсийг нь авчирваас сааргүй эдгээмүй, гагц эрлэгийн тэнд одолгүйгээр ертөнцөд байсаар эдгээж чадмуй хэмээн хэлэв хэмээвээс аргагүй болмуй, энэ арга сайн.” Ийн сэтгэн атал хэдийн сүмийн үүдэнд хүрч ирэв. Гахай дотогш орон хааны хүүрийг даяаны гэрийн үүдэн гадна орхиод: “Багш ирж үз” хэмээв. Тэр үес Тансаг хараахан унтаагүй аж, Гахайг Бичин хууран аваачаад удтал ирэхгүйг Шороо лугаа хэлэлцэн суун атал гэнэт Гахайн ийн дуудахыг сонсоод яаран босч асууруун: “Шавь минь, юуг үз хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Бичиний нагац эцгийг үүрч авчрав.” Бич өгүүлрүүн: “Энэ муу агын тулмыг үз! Надад ямар нагац эцэг буй?” Гахай өгүүлрүүн: “Чиний нагац эцэг бус болбоос өвгөн Гахай надаар үүрүүлсэн учир юун? Би хэчнээн хүч барсныг мэдэхгүй!”


Тансаг Шороо лугаа үүд гарч үзвээс тэр хааны өнгө зүс хувилсангүйд Тансагийн дотор нь уяран өгүүлрүүн: “Аяа, хаан чи аль төрөлдөө түүн лүгээ өшөө зангидаж энэ төрөлдөө түүнд учирч хорлогдоод хөвгүүн ба түшмэдээсээ салж үхэв. Чиний эхнэр хөвгүүн балайран мунхарсанд өөр хэн чамд тахил идээ өргөх вэ?” хэмээгээд дуу тавин уйлахуйд Гахай инээн өгүүлрүүн: “Багш минь, энэ чамд ямар хамаа буй? Өвөг эцэг чинь бус, дэмий л уйлж яамуй?” Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь минь, гэрээс гарсан хүн энэрэнгүй нигүүлсэнгүйгээр үндэс болгож, аврах туслахаар үүд болгожээ. Чи юунд ийнхүү хатуу сэтгэлтэй буй?” Гахай өгүүлрүүн: “Миний сэтгэл хатуу бус, номын ах надад үүнийг эдгээж чадмуй хэмээсэн бөлгөө, тиймийн тул би түүнийг үүрэн авчрав.” Тэр Тансаг угаас чих зөөлөн хүн тул тэр манхуугийн үгэнд ороод Бичийг дуудан өгүүлрүүн: “Чи үнэхээр энэ хүнийг эдгээн чадваас долоон үет алтан суварга бүтээсэн мэт болоод гандарагүд ууланд хүрч бурхан багшид мөргөснөөс хэтрэх болой.” Бичин өгүүлрүүн: “Багш чи юунд энэ манхуугийн дэмий чалчихыг итгэмүй! Хүн үхээд долоон зуун өдөр болбоос амьд ертөнцийн үйлийг амсан бараад төрөл авмуй, энэ хаан үхээд гурван жил болсон тул яахан эдгэж чадмуй?” Тансаг түүний ийн өгүүлэхийг сонсоод: “Тийн бөгөөс байтугай” хэмээсэнд Гахай хажуунаас нь өгүүлрүүн: “Багш чи түүний үгэнд бүү ор, түүний толгойн хуучин нь хөдөлжээ, чи тарниа уншваас тэр лав чамд эдгээж өгөх буюу.” Тансаг үнэхээр тэр цагираг чангалах тарнийг уншсанд Бичиний нүд чинэрэн толгой нь дэлбэрэх мэт өвдөв. Чухам хэрхэн эдгээхүйг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 28 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 16 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 44 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 48 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 31 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 4 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 7 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 8 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 42 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 51 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 1 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 6 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 29 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 46 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 4 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 5 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 20 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК