зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Зуудугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЗУУДУГААР БҮЛЭГ:


ҮНЭН НОМ ЗҮҮН ГАЗАРТ ИРЭВ

ТАВАН БОГД БОДЬ МӨРИЙГ ОЛОВ

 

Тансаг багш шавь дөрвүүл бие мултран Очирваань нар лугаа салхи хөлөглөн одсоныг түр дурдахгүй. Өгүүлэх нь тэр Чэн Жиа Жуан гацааны амийг аврагч сүмд байсан олон хүмүүс тэнгэр гэгээрсэн хойно бас жимс зуушаа бэлтгэн өргөхөөр ирээд, тагтны доор хүрвээс Тансаг үзэгдэхгүй болсонд яахаа олохгүй болоод гаслан өгүүлрүүн: “Бурхан Бодисадваг үзэж байсаар алдаж явуулав!” хэмээгээд бэлтгэсэн идээгээ асар дээр дамнан гаргаж тайлга тавин цаас шатаав. Үүнээс хойш тэр сүмд жилийн дөрвөн их тайлга, хорин дөрвөн бага тайлга тасрахгүй болоод, бас аврал эрэгчид, өлзий мөр даатгагчид, ураг амлагчид, өр төлөөсөө нимгэрүүлэгчид, үрийн хутаг гуйгчид нь өдөр болгон ирцгээж хүж зул өргөн тахив. Үнэхээр алтан гүлсэд арц хүж мянган он унгасаж хас цөгцөнд түмэн жил мөхөшгүй мөнхийн зултай болжээ. Үүнийг мөн өгүүлэхгүй.

 

Жич өгүүлэх нь, найман их Очирваань сайхан үнэрт салхиа дахин хөдөлгөж тэд дөрвүүлийг авч нэгэн өдөр болсонгүй зүүн газар хүрч ирсэнд, эзний нийслэл Чан Ань балгасан нүдний өмнө үзэгдэв. Тайзун хаан Жэн Гуаны арван гуравдугаар оны есөн сарын арван гуравны өдөр Тансагийг хотоос үдээд арван зургаан жил болсонд Үйлдэх яамны түшмэдээр Си Ан хотын тойрогт нэгэн ном бараалах тагт цогцлуулж хаан жил бүр өөрийн биеэр тэр тагтны дээр гарч Тансаг ирэхийг бараалах ажгуу. Чив хэмээн энэ өдөр хаан бас тэр тагтан дээр гарваас, гэнэт баруун өөдөөс бэлгэт үүл тэнгэрийг бүрхэн, сайхан үнэр үе үе үнстмүй. Гайхан харж байтал Очирваань нар Огторгуйд зогсож Тансагийн зүг өгүүлрүүн: “Богд тойн! Чан Ань хот хүрч ирэв. Бид бууж болохгүй, эндэх хүмүүс сэцэн сэргэлэн тул манай дүрсийг олж мэдэх болуузай. Их богдтон бас буух хэрэггүй, чи ганцаар одож номоо хаандаа бариваас даруй эгэж ирэгтүн. Бид огторгуйд чамайг хүлээж хамтдаа бурхны зарлигийг эгүүлэхээр одсугай.” Их богд өгүүлрүүн: “Бурхны үг хэдий зөв хэмээвч энэ олон судрыг багш хэрхэн дамнаж даамуй морийг тэр яахан хөтөлмүй! Бид гурав хамт одож хүргэсүгэй, та энд баахан хүлээж байгтун. Бид учрыг айшгүй үл саатаамуй.” Очирваань өгүүлрүүн: “Тэр өдөр Хомсим Бодисадвагийн айлдсан нь нааш цааш найман өдрийн дотор хүрч ир гэсэн бөлгөө, өдгөө нэгэнтээ дөрвөн өдөр болжээ. Ганц найман санваарт жаргалд шунаад болзсон хугацааг саатуулахаас эмээмүй.” Гахай инээн: “Багш бурхан болсугай хэмээвэл, би бас бурхан болсугай хэмээн бодох тул жаргалд шунан учрыг саатуулах ёс буй буюу! Их Богд хүн та энд хүлээж байгтун, би номыг тушааваас даруй эгэж хамт одсугай” хэмээгээд Гахай дамжуурыг дамнан Шороо морийг хөтөлж, Бичин багшаа дагуулан үүлийг дараад бүгдээр тэр номыг авч бараалах тагтны дэргэд хүрч буув.

 

Тайзун хаан түшмэдийн хамт Тансагийг олж үзээд тагтнаас буун угтан авч: “Дүү чи хүрч ирэв үү?” хэмээсэнд, Тансаг сөгдөн мөргөв. Тайзун хаан Тансагийг түшиж босгоод бас асууруун: “Энэ гурав юуны хүн?” Тансаг өгүүлрүүн: “Замаас олсон шавь нар болой.” Тайзун хаан их л баясан шадар түшмэдэд: “Миний сүйх морийг бэлтгэж дүүг моринд мордуулан хамтаар хотноо орсугай” хэмээсэнд, Тансаг хишигт мөргөн моринд мордов. Их богд алтан толтот шийдмээ атган хойноос ойр дагаж, Гахай Шороо дамжуур, морио аван жагсаалыг дагаж хамтаар Чан Ань хотноо оров. Үнэхээр:

 

Тэр жил ариун хуримд сууж энх түвшинд цэнгэлдэхүйеэ, түшмэл сайд сэгийлцэн эрэлхэг сүрийг үзүүлэв. Тойн багш ном тайлан их гүрэм хийснээ, тэнгэрийн хөвгүүн алтан харшид зарлиг тушаан буулгав. Боомтын бичгийг хаан цохлон Цогчин тойнд хайрласнаа, бурхны судрын уг шалтгаан таван махбодоор бүрэлджээ. Буг ад бүгдийг нядлахуйяа багш шавь нар зүдэв, буян гүйцэж нийслэл хотноо өдгөө баярлан эгэв.

 

Тансаг багш шавь дөрвүүл хааныг даган ордонд ороход, ном залагч тойн эгэж ирснийг хотын ард цөм мэдэв. Тансагийн суусан Эдүн Фу Сэ сүмийн их бага олон тойд тэр хуш модны салаа цөм зүүнш хандсаныг үзээд цочин гайхаж, “Сонин! сонин! Энэ шөнө салхин салхилсангүй, энэ модон салаа яагаад цөм зүүнш эргэсэн аж?” хэмээхэд, тэдний дотор Тансагийн шавь байсан нэгэн тойн: “Хурдан дээлийг авчир! Ном залахаар одсон багш иржээ!” хэмээсэнд, олон тойд асууруун: “Чи яаж мэдэв?” Тэр тойн өчрүүн: “Тэр жил багш мордохдоо өгүүлсэн нь: “Би одсон хойно тав гурван он эсвэл зургаа долоон жил болмуй, ганц энэ хуш модны салаа зүүнш хандваас та даруй намайг ирэв хэмээн мэдэнтүн” хэмээжээ. Манай багшийн амаар өгүүлсэн үг ташаагүй тул тийнхүү мэдэв” хэмээгээд яаран дээлээ нөмрөн гарч баруун зээлд хүрвээс “Ном залахаар одогч тойн сая хүрч ирээд эзэн хаан угтан авч оров” хэмээлдэх тул яаран гүйж очоод, хааны жагсаалыг үзэн айшгүй үл ойртож хойноос дагаж ордны хаалган гадна хүрэв. Тансаг мориноос буун дотогш ороод, луугийн морь, номын дамжуураа Бичин, Гахай, Шороогоор харуулж индрийн доор зогссоны хойно Тайзун дүү Тансагийг харшид гаргаж суудал хайрлан суулгав. Тансаг хишигт мөргөн суугаад “номыг авчир” хэмээсэнд Бичинтэн шадар түшмэдэд номыг өгч дээш өргөв. Тайзун: “Хэдий боть буй? Яаж залж ирэв?” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Сайд тойн би тэр Гандарагүд ууланд хүрч бурханд золгоод, Шигэмуни хайрлаж Ананд Гашив хоёр Бодисадвагаар Сувд тагтанд аваачиж цав идүүлэв. Дараагаар Эрдэнийн асраас ном уламжлагтун хэмээв. Тэр хоёр Бодисадва бэлэг авах хэмээсэнд бид бэлтгэсэн юмгүй тул түүнд бэлэгний юмгүйгээр номыг авав. Төдий бурхны хишигт мөргөөд зүүнш гарч иртэл, гэнэт шулмын салхи салхилан номыг хийсгэсэнд шавь нар баахан хувилгаан ридтэй тул хойноос нэхэн эчихэд нэгэнтээ цөм цацан бутруулжээ. Үзвээс харин цөмөөр үсэггүй хоосон цаас тул сайдаар их л цочиж дахин очоод Шигэмунид мэдүүлж наманчлан гуйв. Шигэмунийн өгүүлсэн нь: “Энэ номыг анх бүтээхийн цагт Аяг тахимлиг нар авч буун бодийн орны Зуу овогт өглөгийн эзний гэрт нэгэн удаа уншиж түүний үр хүүхдийг өлзий мөртэй, үхэж нөгчсөнийг нь гэтэлгэж өгсөнд тэр баян сая гурван суулга гурван шэн мөнгийг барьсанд би бас түүнийг хямд худалдав, хожмын шавь нар юугаар аж төрмүй хэмээн хэлэв” хэмээмүй. Тийн биднээс бэлэг авсугай хэмээснийг бурхан илт мэдэхийг үзээд, би аргагүй эзний хайрласан тэр алтан багвар аягыг бариад сая үсэгтэй үнэн номыг олж залав. Энэ ном нийт гучин таван аймаг, аймаг болгоноос нэг хэдийг авч, таван мянга бөгөөд дөчин найман ботийг залж олов. Энэ тоо яг нэгэн хөлгөнд нийцэх болой.” Тайзун үүнийг сонсоод маш баясаж зарлиг буулгаж: “Хуримлах яаманд хурим базаа, зүүн асарт тал өгмүй” хэмээгээд гэнэт индрийн доор зогссон гурван шавийн байдал зүс өөрийг үзэж асууруун: “Эрхэм дүүгийн шавь нар үнэхээр гадаад улсын хүний байдал буй?” Тансаг бие мэхийн өгүүлрүүн: “Ахмад шавийн овог Сүн, номын нэр нь Ү Күн, би бас түүнийг Син Жэ хэмээн дуудмуй. Түүний уг нутаг нь Зүүн Үлэмж биет тивийн Уулай улсын Цэцэг жимст уулын Усан үүдэт агуй болой. Таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг их түйвээснээр бурхан багш түүнийг баруун хязгаар уулын доор чулуун авдар дотор хийж даржээ. Хойно завшаанаар Хомсим Бодисадвагийн сургаалыг олж, дуртайяа бурхны үүдэнд оров, би үүнийг тавин гаргаж, зам турш энэ хүний ачийг их л олов. Хоёрдугаар шавийн овог Жу, номын нэр нь Ү Нэн, би түүнийг найман санваарт хэмээн дуудаж дасчээ. Уг нутаг нь Бурхант хайрханы Буянт агуйн хүн. Үйзэн улсын улсын Гоу баяны гэрт шулмаслан байсныг Бодисадва номлож Бичин барьж дагуулав. Зам турш мөрний хүчээр дамжуур дамнан, ус чадахаараа гол мөрнийг гэтэлсэн гавьяа буй. Гутгаар шавийн овог нь Ша, номын нэр Ү Жин, би түүнийг Шороо хэмээн дуудмуй. Уг нь Шороо голд шулмаслан байсныг Бодисадва номлоод бурхны сургаалд оруулжээ. Тэр морь нь эзний хайрласан морь бус. Хаан өгүүлрүүн: “Морины зүс адил атал юунд бус хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Сайдаар Могой ороонго уулын Бүргэд халирах завын усыг гэтлэхэд, тэр морийг энэ морь залгижээ. Бичин одож Бодисадваг залан энэ морины учрыг асууваас үзвээс уг нь баруун далайн лусын хөвгүүн ял олсныг мөн Бодисадва аварч надад хөлөг болтугай хэмээн номложээ. Тэр даруйд уг морины зүсээр хувилгасан тул адил болов. Очих замд би унаж ирэх замд ном ачаад, уул давааг туулан бэрх бартааг давсан нь мөн үүний хүчинд итгэсэн бөлгөө.” Хаан сонсоод гайхан зогсошгүй. Бас асууруун: “Тэр бодийн орон хэмээгч эндээс хэдий хол буй?” Тансаг өгүүлрүүн: “Хомсим Бодисадвагийн зарлигаар болбоос арван түм найман мянган газар хэмээмүй. Бид тэмдэглэсэнгүй. Гагц өдөр болгон уул даваа туулсаар халуун хүйтнийг арван дөрвөнтөө өнгөрснөө мэдмүй. Тоолшгүй уул усыг гэтэлж бас хэдэн улсын хаанд учирч цөм байцаан гаргасан тэмдэг тамга буй, шавь нар тэмдэгт бичгээ гарган, хаанд эгүүлмүй” хэмээгээд авчирч барив. Тайзун авч үзвээс Жэн Гуаны арван гуравдугаар оны есөн сарын арван гуравны өдөр өгсөн бичиг буй. Хаан инээн өгүүлрүүн: “Үнэхээр уджээ, өдгөө нэгэнтээ Зун Гуаны хорин долдугаар он болжээ” хэмээв. Тэр тэмдэгт бичгийн дээр: Эрдэнэ заант улсын тамга, Удишар улсын тамга, Харшаар улсын тамга, Кис Курган охин улсын тамга, Кашкар улсын тамга, Зүч улсын тамга, Аяг тахимлиг улсын тамга, Номыг сөнөөгч улсын тамга, бас Гарьд муж, Бадгар аймаг, Жин Пин Фугийн тамга буй. Тайзун хаан үзэж бараад хураалгажээ.

 

            Төдөлгүй хааны шадар түшмэл ирж хуримд залсанд хаан, Тансагийн гараас барин харшаас бууж: “Эрхэм шавь нар ёслол дүрэмд ямар буй?” хэмээн асуусанд, Тансаг өгүүлрүүн: “Бага шавь нар цөм уул хөдөө зэрлэг газрын шулмын бие тул Дундад орны төрийн ёсонд боловсорсонгүй, хаан ялыг уучлах ажааму.” Тайзун инээн өгүүлрүүн: “Яллахгүй, яллахгүй. Бүгдээр зүүн асрын хуриманд орогтун” хэмээсэнд, Тансаг бас хишигт мөргөн, гурвуулыг дуудан хамтаар тэр асарт гарч үзвээс, үнэхээр Дундадын их гүрэн тул энгийн газар лугаа адилгүй. Үзвээс:

 

Өнгөт хивийг үүднээ өлгөн, улаан хивсийг газарт дэвсчээ. Сайхан үнэр хамарт шургаж, сонин жимс шинэ сэвүүн. Буйшил цом, болор хундаганд алтан суулган сувд шигтгэж, шар алтан таваг, цагаан хасын аяганд цэцэг ороолгон чимжээ. Манжин луувангаа шалзартал чанаад, цул сараанад чихэр цутгажээ. Хатаасан мөөгний амт сайхан хэмээвэл, далайн ногоон үнэр бас гайхалтай. Халуун сүеэг хэдэнтээ нэмэн оруулж, халамын үрэнд бал олонтоо тургижээ. Мияндьюйн ховлын навч хольж, модны далдуугийн хамт буурцагийн хөөрмөг зуурчээ. Хөхөөний дарсны охь ногоо, шувуун нударганы хуурай талх. Хуажуугийн дотор лууван хольж, гаймуугийн дотор гуа нийлүүлжээ. Ариун зуушийн амт нь сайхан хэмээвэл, авчирч тавьсан алим жимс аяа юутай олон. Хушга шавдал, луугийн нүд, баржгар луугийн нүд, Шуан Жү хотын туулайн бөөр Шандун газрын улаан чавга Жинанд ургасан мөнгөн гүйлс бүдүүн алим. Шид самар, лянхуан уг их үрэлтэй үзэм, хурган бөөр, гуан цөм, зангууны үр ч байнам. Нангиад арүр, алмурад, балт алмурад, ахлаг алим. Бидбал, бадмын үндэс, хар лиш, улаан гүйлс зүйл болгон бүрэн гүйцжээ. Бас жигнэсэн, хөөрүүлсэн балтай идээн сайхан боорцог нэлээд буй, нэн тэр амтат дарс үнэрт цай сонин гайхамшигтай зүйлүүд амуй. Өгүүлж баршгүй үнэтэй идээ нь үнэхээр Дундад улс баруун газраас асар өөр.

 

Бичиг цэргийн олон сайд баруун зүүн хоёр этгээдэд жигүүрлэн сууж, Тайзун хаан төв дундад заларч, хөгжим үүсгэн дуу дуулж, тэгш ихэмсэгээр өдөр дуустал найрлан цэнгэлдэв. Төв хэмээн:

 

Эзэн хааны эрхэм хурим Тан, Иьюйгээс хэдийдэж үнэн номыг олж залах үлэмж буян байжээ. Үеийн үед үлдэж уламжлаад мянган галав дэлгэрч, өнгөт туяа өвч бүрхэж эзний хотыг гэрэлтүүлэв.

 

Тэр өдөр тэнгэр орой болсон тул хишигт мөргөн хурим тархав. Хаан харшдаа морилж, хамаг түшмэд яамнаа буцсанд, Тансагтан бас Хүн Фу Сэ сүмд ирвээс тэр сүмийн олон тойд мөргөн угтаж оруулав. Сая сүмийн үүдийг ортол, олон тойд өгүүлрүүн: “Энэ өглөө модны салаа цөм зүүнш хандсанд, бид багш ирснийг мэдэж хотоос угтахаар гарсан бөлгөө, үнэхээр энэ өдөр хүрч иржээ!” Тансаг тэсгэлгүй баярлаж дуганд оров. Тэр үед Гахай бас будаа цай хэмээн цуугилдахгүй болоод, Бичин Шороо нар мөн цөм лавдуун болжээ. Энэ хэмээгч цөм бодь мөр бүтсэний учир тийм болжээ. Тэр шөнө энд хоног барьж амрав.

 

            Жич өглөө хаан харшид гараад түшмэдийн зүг өгүүлрүүн: “Би санаваас дүүгийн гавьяа хэмжээлшгүй зузаан, цаглашгүй их тул хариулахуйяа бэрх. Мөхөс хүн бодсоор нэгэн шөнө унтсангүй, аман зоригоор хэдэн бадаг сул уянга зохиож сэтгэлээ илэрхийлсүгэй хэмээмүй. Гагц бичиж тавьсангүй. Дотоод бичигч түшмэл нааш ир, мөхөс хүн уншваас чи нэг нэгээр бичигтүн” хэмээв. Тэр бичгийн үг:

 

“Сонсвоос тэнгэр газар дүрс буй аж илрээд, хамаг амьтныг агуулж багтаажээ хэмээмүй, дөрвөн цаг бодьгүй эчнээгээр, халуун хүйтнийг нууж хамаг бодисыг хувилгамуй. Тийнхүү тэнгэрийг шагайж, газрыг үзвээс, бүтэл мунхаг бээр цөм түүний эшийг ухмуй. Билгийг танин аргыг хянагчид буй авч, бодлого мэргэнээр түүний дүрмийг мохоогчид цөөн. Тийнхүү тэнгэр газар арга билгийг агуулсан бөгөөтөл, хялбараар ухагдах нь түүний дүрс бүхүйн учир болой. Арга билиг тэнгэр газарт багтсан бөгөөд үл мохоогдох нь түүний бодьгүйн гэм болой. Тийнхүү дүрс байж гэрчлэхийг нь, хэдий мунхаг боловч бээр балрагдахгүй. Бодьгүй нь үл үзэгдэхийн тул мэргэн бөгөөтөл бас ч төөрөгдөхийг олж мэдэв. Нэн ялангуяа бурхны ёс хоосныг шүтэж, далдыг онолон, дугуйгаар баримталжээ. Түмэн зүйлийг түгээмэл тэнхрүүлж, арван зүгт сурталчлан жолоодмуй. Рид гайхамшгийг илрүүлбээс цаглашгүй дээр болоод хувилгаан хүчийг хурааваас хэмжээлшгүй доор болмуй. Их хэмээвэл орчлон галав дүүрээд, бага хэмээвээс хялгас ширхэгт багтмуй. Егүүдэхгүй үүсэхгүй, мянган галав орчоод үл хуучирмуй. Далд мэт ил адил, хамаг буяныг улируулан өнөд оршмуй. Гайхамшиг ёсон илбээр тогтоод, сахин шүтээд хязгаарыг мэдэхгүй. Увидас шид тунгалаг нам үйлднэм бөгөөд уг эх ухагдахгүй. Тийнхүү мунхаг балар эгэл хүдэг, өчүүхэн болхи олдой ерөмдөгөөр түүний сэтгэлийн урмаараа жишиж, сэжиг бачирдалгүй болж чадах буюу! Тийн гэвч их ёсны мандсан үүсэл баруун газар буй хэмээн мэднэм зэ. Ханы төрд эснэн зүүднээ илт үзэгдээд, зүүн газрыг гийгүүлж нигүүлсэхүйг өрнүүлэв. Эрт бээр, шинж ялгаран мөр тодрохын цагт үг эс хүрсээр соёл бүтээд үргэлж нуугдах үед, эрхиний дотор эрдмийг шүтэн сахилыг дагахыг мэджээ. Төд сүүдэр балран сүлд нуугдаад, шилжин дэвшиж төрөл халахад хүрээд, шар алтны өнгө тоосрон, гурван мянганы гэрлийг толилохгүй; сайхан хөргийн зургийг дэлгэж, хугасаар дөрөв наймны шинжийг засчээ. Үүгээр үнэн үг өвч дэлгэрч, адгуусны аймгийг гурван муу заяанаас зайлуулан, үлдээсэн сургаал алсад алдаршин, амьтан бүхнийг арван орноо удирджээ. Их бага хөлгөнөөр ялган хуваасан бурхны ном байж, нэн бас увидсаар улируулан: төв гажууг залхаан номложээ. Манай төрийн номын багш Шуан Зан болбоос, шашны сургаалын тэргүүлэгч буюу. Хараахан багаасаа хашир боловсон, хан гурван эрдэнийн хүчийг хэдийнээ ухаж, хувилгаан сэтгэлгээг урддаа барьж, дөрвөн хүлцэнгүйн явдлыг урьд агуулжээ. Нарсны салхи усны саран, түүний гэгээн цогт гүйцэхүүн бээр үгүй; аршийн шүүдэр ариун дусал, түүний тунгалаг шимд яахан хавьтаж чадмуй! Тийнхүү билиг нэвтэрвээс чирэгдэлгүй, богдын сэрлээр бодьгүйг төсөөлжээ. Зургаан тоосноос гялалзан цолгорч, мянган галавт зүйрлэшгүй болжээ. Дотоод гүрнээ сэтгэлийг тогтоон төв номын түлхэн саатал гуниан; гайхамшигт сонор хэнхдэгт суурьшин гүн утгын гажуудан ташаарснаа шүүрсэлмүй. Бодлогын дотор зүйл ялган зүйг тодорхойлж, өнгөрсөний сонсголыг өргөнөөр сурвалжлан хуурмагийг хасан үнэнийг залгаж, хойшийн сургаалыг нээсүгэй хэмээхийн тул, ариун орноо сэтгэл хүсэлхийлэн, санваарыг сахьсаар баруунш зорчив. Түгшүүрт хязгаар улсыг туулан дулдуйг чирсээр ганцаар замнав. Хурсан цас үүрээр будрахуйяа, хөндлөн газар зам төөрөөд; бор тоосон бүрийгээр дэгдэхүйеэ богд тойн тэнгэрийн цаана хаагдлаа. Түмэн газрын уул мөрнөө, утаа мананд шурган урагш тэмүүлж; хоромхоноо хувьсах халуун хүйтнээ, хяруу бороог гишгэн өмнөш орлоо. Сүсэг хүндэд зүдлийг хөнгөлөн сэдсэн явдлыг гүйцэтгэсүгэй хэмээсээр арван дөрвөн оны дотор, баруун орныг бартал хэсэв зэ. Үнэн сургаалыг эрэн сурч, өөр улсыг мохтол тойров. Хос шугуй найман уснаа ёсыг үнстэн салхийг амталж; Хачир хад бугын хүрээлэнд хачин сонинг гайхан барааллаа. Урьд богдын эрхэм үгийг хүлээж, дээд эрдэмтний үнэн сургаалыг хүртэв. Гайхамшиг үүдийг гартаа туршиж, ганжуурын явдлыг мохтол судлав. Зургаан барамид гурван хөлгөний ёсон, зүрх өрцөнд зураглан авч, хулсан эвхмэл нэгэн сангийн утга, хуушааны амнаа уншлага болоод долгиолон цолгимуй. Зорчиж явсан улс хязгааргүй хэмээвэл, залж авчирсан номд тоо буй. Нийт олсон их хөлгөний чухал судар, гучин таван аймаг нийлэн бодвоос таван мянга дөчин найман боть, нааш дундад орчуулан тархааж, ялгуусан үйлсийг дэлгэрүүлэн алдаршуулмуй. Нигүүлсэхүйн үйлийг баруун орноос удирдаж номын хурыг зүүн тивд дүүрмүй. Богдын сургаал дутуугаас дахин бүртгэхүйеэ, булт амьтад нүглээсээ буянд оров. Гал усны зовлонгоос гарч, түмэн амьтныг төөрлөөс авраад, алтан усны булингарыг тунгааж, ашид хамтаар тэртээ хөвөөнөө дэвхэлмүй. Үүнээс муу нь нүглийн эрхээр тунаж, сайн муу нь ерөөлийн хүчээр мандан, магтах тунахын үүслийг хүн өөрөө үйлдэхийг мэдэв. Үлитгэвээс гавир өндөр даваанаа ургаад, рашаан хур сая түүний цэцгийг шимтгэж, Бадам лянхуа ногоон долгионоос гарч, бармасын  тоос түүнийг хиртээн үл чадмуй. Лянхуа гавир угаас өөрөө, цогц цэвэр чанар ариун нь бус, ургасан газар өндөр тул өчүүхэн тоосон хүрэхгүй; оршсон орон тунгалаг тул өмхий хог үл наалдмуй. Төдий цэцэг модон сайны ачаар сайн нь бүтэх атал, хүн тэргүүтэн хүсэл мэдэл буйн тул, буяны ерөөлөөр буяныг үл хүсэх буюу? Энэ номыг мөрлөн шүтэж сурталчлан дэлгэрүүлбээс наран саран лугаа цацуу мохошгүй болж; гайхамшиг буян түгээмэл соёрхож галав орчлонд уламжлан өнөд удирдах буй за!” хэмээжээ. Бичиж бараад даруй богд тойныг урив. Тэр үед Тансаг хараахан ордны гадна хүлээж байсан тул, урилгыг даган яаран орж бие мэхийн хүнд ёсыг гүйцэтгэсэн хойно, Тайзун харшид залан гаргаж бичгээ Тансагт өгч үзүүлсэнд, Тансаг дахин давтан хишигт мөргөөд айлтгаруун: “Эзэн гүнгийн утга үгс эрхэм эчнээ, ёс зүй гүн нарийн. Гагц ямар гарчиг авахыг мэдэхгүй.” Хаан өгүүлрүүн: “Мөхөс хүн дүүд талархахын санаанаас өчигдөр үдэш амаар өгүүлсэн болой, нэрийг “Богдын сургаалын оршил” хэмээсүгэй. Болох эсэхийг мэдэхгүй.” Тансаг талархан мөргөж зогсохгүй байтал хаан бас уншруун:

 

“Мөхөс хүний эрдэм хас танаас гутран, үг алт чулуунаас ичүүрмүй. Дотоод шастирыг дурдваас нэнт сонссон зүйл ч үгүй. Амны тааваар утга дурдсан нь асар болхи болжээ. Ариун бэхсийг гутаан алтан хуудсыг бузарлаад, ваар тоосгыг сувдын шугуйд зэрэглэжээ. Зэрэгцүүлэн хянаж өөрөө бодвол, нүүр улайж дотор исвэлзмүй. Зөөлрүүлэн тохинуулж хариулав хэмээхэд, зүдсэн сэтгэлд хол үл гүйцмүй!”

 

            Тэр үед хамаг түшмэд хамтаар баяр хийж, богдын сургаалын бичгийг дамжуулан дотоод гадаадад нийдэм уламжлав. Хаан өгүүлрүүн: “Дүү үнэн номоо уншиж өгвөөс ямар?” Тансаг өгүүлрүүн: “Эзэн гүн хэрвээ энэ номыг сонстугай хэмээвээс эрхбиш сүм хийд эрэх буй за, эрдэнийн харшид уншиж үл болмуй.” Хаан их баясаж шадар түшмэдээс асууруун: “Нийслэл хотын аль сүм нь хамгийн ариун буй” жигүүрийн суудлаас ичгийн эрхэн сайд Шьюй Иьюй урагш давшин айлтгаруун: “Хот дотор тэр Ян Та Сэ хэмээх сүм хамгаас ариун” хэмээв. Тайзун даруй түшмэдэд зарлиг болруун: “Хүн бүр хэдэн боть судар тэвэрч Ян Та Сэ сүмд од, мөхөс би дүүгээр ном уншуулсугай” хэмээсэнд, олон сайд үнэхээр тус тус судар тэврэн Тайзуныг дагаж сүмд хүрч, өндөр мандал цогцлон төхөөрүүлэв. Тансаг: “Гахай, Шороо та хоёул морь амьтайгаа сахь, Бичин миний дэргэд байгтун” хэмээгээд, хааны зүг өгүүлрүүн: “Эзэн гүн үнэн номыг дэлхий дахинд уламжилсугай хэмээвээс өөр дэвтэр дээр буулган тархааваас болмуй. Уг судрыг эрхэмлэн хадгал, хөнгөлж үл болмуй.” Тайзун хан инээн: “Дүүгийн үг маш зөв!” хэмээгээд, бичгийн яамны түшмэдээр номыг хуулан бичүүлээд хотын зүүн этгээдэд бас нэгэн сүм байгуулж, нэрийг “Хааны хуулбарын сүм” хэмээв.

 

            Тансаг хэдэн боть судраа тэврэн мандал дээр гарч сая уншсугай хэмээтэл гэнэт сайхан үнэр анхилан огторгуйгаас найман их Очирваань: “Номч тойн судраа тавь, биднийг дагаж баруунш буцтугай” хэмээн дуудсанд доор байсан Бичинтэн гурвуул цагаан морьтойгоо хэдийнээ цөм огторгуйд нисэн гарав. Тансаг бас номоо тавиад мандлаас дээш дэгдэн Очирваанийг дагаж баруун зүгт одов. Тайзун хаан түшмэдийн хамт яаран огторгуйн зүг залбиран мөргөв. Энэ төв хэмээн:

 

Бүхэл арван дөрвөн жил баруун газар хэсэж, богд тойн чармайн зүтгэсээр ном судрыг залав; барцад зовлонг бартал амсаж бэрх гамшгийг туулан, бартаа ихт уул мөрнийг авиран мацаж ирэв. Ес ес наян нэгний өл тамыг амсаж, гурван мянганы бүтээл гүйцмэгц их мянганыг туулав. Их хөлгөний гайхамшигт судар дээд гүрнээ ирээд, өдгөө болтол зүүн оронд үүрд үлдэн уламжлав.

 

Тайзун хаан тэргүүлэн, олон түшмэд мөргөж бараад, даруй эрдэмт тойдыг сонгож, тэр Ян Та Сэ сүмд өвтэгш их гүрэм айлдан, их хөлгөний үнэн номыг уншуулж, зуурдын сүнсийг тонилгон, сайн үйлийг түгээмэл дэлгэрүүлээд, номыг хуулан бичүүлж дэлхий дахинаа тархаасныг өгүүлэхгүй.

 

            Тэндээс найман Очирваань үнэрт салхийг хөлөглөн Тансагтныг морины хамт дагуулан удалгүй тэр Гандарагүд ууланд хүрч ирэв. Энэ удаа урагш хойш нийт найман өдөр болжээ. Тэр цагт Гандарагүд ууланд олон хувилгаад цөм Шигэмунийн ном номлохыг сонсном ажгуу. Найман Очирваань Тансаг багш шавь дөрвүүлийг Шигэмунийн дэргэд дагуулан ороод: “Шавь нар бид тэр өдөр багшийн алтан зарлигийг хүлээн авч, Богд тойныг Тан улсад хүргэж номыг тушаалгаад, өдгөө авч ирэв” хэмээн айлтгаад Тансагтныг дуудаж бурхны дэргэд хүрч хэргэмээ хүлээгтүн хэмээтэл Шигэмуни зарлиг болруун: “Тойн чи урьд төрөлд миний Алтан тарц хэмээгч хоёрдугаар шавь бөлгөө. Миний ном номлохыг сонсолгүй, их сургаалыг хөнгөлснөөр тийн зүүн газарт буулган төрүүлэв. Өдгөө дахин номын үүдэнд ороод миний сургаалын үнэн номыг зүүн газарт дэлгэрүүлсэн гавьяа чинь маш их тул, бодь мөрийн их хэргэмийг нэмэн өгч, өдгөө чамд үнэн цогт Зандан бурхны бошгыг хүртэв. Сүн Ү Күн, чи тэнгэрийн орныг их л түйвээсэнд, би их аугаа хүчээр чамайг таван махбодын уулан доор дарсан бөлгөө. Тийн чиний гай бараад миний шашинд орж сайныг үүсгэн мууг тэвчиж замд хамаг шулмыг дарж гавьяаг бүтээсэн тулд, өдгөө чамд бодь мөрийн их хэргэмийг нэмэн өгч, байлдаанаас маш тийн бөгөөд ялгуусан бурхны бошгыг хайрлав. Жу Ү Нэн, чи болбоос уг нь тэнгэрийн оёдол усан цэргийн их өрлөг бөлгөө, Өлзийт тоорын хуримд согтож саран ордны хувилгаан дагиныг шоглосны тул чамайг бууруулж ертөнцөд хөөсөнд чи адгуусны төрөл аваад Бурхант уулын Буянт агуйд хилэнц хийж явсан боловч, харин хүний биед багтан, их сургаалыг таньж миний шашны үүдэнд дагаад, богд тойны дамжуурыг дамнан явсан чинь гавьяа буй. Тийн боловч залхуу тачаангуй сэтгэлээ арилгасангүй тул чамд бодь мөрийн хэргэм нэмж, мандал арилгагч зардасны бошго өгөв” хэмээхэд, Гахай бас аман дотроо түднэн өгүүлрүүн: “Тэднээ цөм бурхан болгосон бөгөөд намайг юунд нэгэн мандал арилгагч зардсан болгомуй?” Шигэмуни өгүүлрүүн: “Чи ховдог бөгөөд хойрго, ходоод чинь их тул ийн өргөсөн болой. Дэлхий дахины дөрвөн их тивд миний сургаалыг шүтэгчид маш олон, аливаа тайлга барьцын зүйлийг цөм чамаар арилгуулмуй, энэ нь хүнээс илүү амсан зооглох тушаал болой. Муу нь юун буй! Ша Ү Жин, чи угт орхиул эвхэгч тэнгэрийн жанжин бөлгөө. Урьд Өлзийт тоорын хурим дээр шил цомыг хагалсан учир чамайг бууруулан буулгасанд чи Шороо голд төрөл аваад, бас хүн идэж нүгэл үйлджээ, завшаанаар миний сургаалд ороод, санваар авч богд тойныг хамгаалан уул авиран мөрнийг гэтэлсэн гавьяа буй тул, чамд бодь мөрийн их хэргэм нэмж, алтан биет Архадын бошго өгөв” хэмээгээд бас тэр цагаан морийг дуудаж: “Чи угт болбоос баруун далайн Гуан Жин лусын хааны тайж бөлгөө. Эцгийнхээ зарлигийг тэрслээд, элбэрэл бусын ял олсон боловч завшаанд мөн биеэ цагаатган миний шашны үүдэнд ороод, өдөр дуусан богд тойныг ачиж баруунш ирээд бас үнэн номыг ачин зүүн газар хүргэсэн гавьяа буй тул чамд бодь мөрийн хэргэм нэмж, найман аймгийн тэнгэрийн луугийн бошго өгөв”

 

Тансагтан дөрвүүлэн тус тус мөргөв. Морин нь бас ирж хишигт мөргөсөнд, бурхан бас кирди нар зарлиг болон морийг Гандарагүд уулын арын луу хувилгагч нууранд аваачуулж түлхэн оруулснаа, тэр морь усан дотор хөлбөрмөгц арьс үс нь гуужиж толгойд нь эвэр урган, биед нь алтан хайрс гарч, эрүүний доор мөнгөн сахал ургаад, бүхэл бие бэлгэт уур, дөрвөн хөлд өлзийт үүлс эвхэрч, луу хувилгагч нуураас үсрэн гарч, сүмийн хаалганы дотор Шигэмуни бурхны өмнө тэнгэр тулагч баганыг ороон хэвтэв. Хамаг бурхад Шигэмунийн цаглашгүй рид шидийг шагшин магтаж байтал, Бичин бас Тансагийн зүг өгүүлрүүн: “Багш, би өдгөө бурхны бошгыг олоод чам лугаа нэгэн дэс болов, чи бас тэр боодсынн тарниа уншиж бурхан болчихсон намайг зовоох ёс буй буюу? Эртхэн боодос султгах тарниа уншиж боодсыг булталж аваад хэмхэлж, бас ямар нэгэн Бодисадва тэр боодсыг хэрэглэж бусдыг зовоохгүйд сайн.” Тансаг өгүүлрүүн: “Урьд чи алиа онгод аашлахад, энэ боодсоор боосон буй за. Өдгөө нэгэнтээ бурхан болсон тул бас чамд зүүлгэх ёс буюу! Аяндаа арилсан буй за, чи тэмтэрч үзэгтүн.” Бичин гар өргөн тэмтэрч үзвээс үнэхээр үгүй болжээ. Энэ үед үнэн цогт Зандан бурхан, байлдаанаас маш тийн бөгөөд ялгуусан бурхан, мандал арилгагч зардан, алтан биет Архад, цөм бодь хутагтны сууриндаа залраад, тэнгэрийн луу мөн бодь мөрийг олжээ. Шүлэглэсэн шүлгийн үг:

 

        Нэгэн бүрэлбагийн үнэн цогц улаан тоосноо унаад,

        Нийлэн зохилдсон дөрвөн шинж биеийг дахин бясалгав.

        Таван махбодийн өнгийг шүүмжилбээс хоосон бөгөөд сэм,

        Хамаг шулмын хоосон нэрийг дэмий бүү дурд.

        Бодь хутагт цогт зандан их шарилыг олоод

        Бүтээл бүтэж сууринд залраад сансрын хүрднээс туулав.

        Хувилгаан номыг хорвоо ертөнцөд дэлгэрүүлсэн хишиг нь агуу,

        Хосгүй дээд сууринаа таван богд дэвшив.

 

Таван богд бодь хутгийн сууринд суух үед олон зүгийн бурхад, Бодисадва, Арш, Архад, Кирди, Аяг тахимлиг, Уваши, Увашигэ, уул агуйн хувилгаан сахиулсан, их эрхтэд, зургаан улаагчин, зургаан хөх, дөрвөн цагийн эзлэгч, Чойжин, газар усны навдаг савдаг, жич ёсыг олсон багш Арш цөм ирж, тус тусын суудалд суун сонсон авай. Үзвээс:

 

Хачир цогцолсон хаданд өнгөт униар хурж, төгс баясгалант ертөнцөд яруу үүлс цугларав. Алтан луу намжуун хэвтэж, хасын барс номхон оцоймуй. Туулай тахиа тав дураар зорчилдон, мэлхий могой эрх зоригоор цагирагламуй. Улаан гарьд хөх галбингаа баясалдан нисэж, хар бич цагаан буга цэнгэлдэн тоглов. Найман улирлын бэлгэт цэцэг, дөрвөн цагийн шидэт жимс, согд нарс хөгшин хуш, шулсан майлс засмал хулс жигдэрчээ. Таван өнгийн тэргүүлэгч цэцэг цоморлигоо дэлгэж, түмэн оны тоор гүйлс язартал боловсорчээ. Мянган жимс, мянган цэцэг мяралзан мөрийцөж, мандлын дээр өнгөт солонго татаж өлзийт үүлс эвхрэлдэв.

 

Бүгдээр алгаа хамтатган залбираад:

 

        “Намо Дивангар бурхан. Намо бидэрьяа гэрэлт оточдын хаан.

        Намо түүнчлэн ирсэн Шигэмуни бурхан. Намо гурван цагийн бурхан.

        Намо ариун баясгалант бурхан. Намо маш гийгүүлэгч бурхан.

        Намо эрдэнэ банжид чимэгт хаан бурхан. Намо майдар бурхан.

        Намо авид бурхан. Намо цаглашгүй наст бурхан.

        Намо үнэний зүг удирдагч бурхан. Намо очир зүрхэнээр сайтар эвдэгч бурхан.

        Намо эрдэнийн гэрэл гаргагч бурхан. Намо лусын эрхт хаан бурхан.

        Намо хичээнгүй сайт бурхан. Намо эрдэнэ саран гэрэлт бурхан.

        Намо үзсээр туст бурхан. Намо Бирузана бурхан.

        Намо хурьцалгүйн хөвгүүн бурхан. Намо цэцгийн цогт бурхан.

        Намо эрдэм цогт бурхан. Намо тийн бөгөөд дарагч цогт бурхан.

        Намо зандан гэрэлт бурхан. Намо маань эрдэнийн банжид чимэгт бурхан.

        Намо билгийн зулаар гийгүүлэгч бурхан. Намо далайн эрдмээр гийгүүлэгч бурхан.

        Намо их нигүүлсэхүй гэрэлт бурхан. Намо нигүүлсэхүй хүчит хаан бурхан.

        Намо мэргэн сайны охь бурхан. Намо үлэмж чимэгт бурхан.

        Намо алтан цэцгийн гэрэлт бурхан. Намо эрдэм гэгээн бурхан.

        Намо бэлгэ билиг ялгуусан бурхан. Намо ертөнцийн амарлингуй гэрэлт бурхан.

        Намо наран сарны гэрэлт бурхан. Намо наран саран сувдын гэрэлт бурхан.

        Намо билгийн банжид чимэгт ялгуусан хаан бурхан. Намо үнэн эгшигт бурхан.

        Намо мөнхийн гэрэл банжид чимэгт бурхан. Намо ертөнцийг үзэгч зулт бурхан.

        Намо номын ялгуусан хаан бурхан. Намо Сүмэр уулын гэрэлт бурхан.

        Намо их билгийн хүчит хаан бурхан. Намо алтан далайн гэрэлт бурхан.

        Намо хязгааргүй гэрэлт бурхан. Намо эрдмийн гэрэлт бурхан.

        Намо цогт зандан бурхан. Намо байлдаанаас маш тийн бөгөөд ялгуусан бурхан.

        Намо Хомсим Бодисадва. Намо их хүчийг олсон Бодисадва.

        Намо Манзушир Бодисадва. Намо Самандабадара Бодисадва.

        Намо ариун их далайн хамаг Бодисадва.

        Намо лянхуан нуурын далайн чуулганы Бодисадва.

        Намо бурхны орны төгс баясгалант хамаг Бодисадва.

        Намо гурван мянган кирди их Бодисадва.

        Намо таван зуун Архадын их Бодисадва.

        Намо Аяг тахимлиг, Уваши Увашигэ, Шарибудари Шираван Бодисадва.

        Намо хязгааргүй цаглашгүй номт Бодисадва.

        Намо Очир хүчит богд Бодисадва. Намо мандал арилгагч зардсан Бодисадва.

        Намо найман эрдэнийн алтан биет Архад Бодисадва.

        Намо найман аймгийн тэнгэр лусын үлэмж хүчит Бодисадва. Эдгээр зэргийн хамаг ертөнцийн олон бурхад.

 

Дуртайяа энэхүү эрдэм буянаар дээд цогт бурхны орныг ариутгав. Дээш дөрвөн давхар хишгийг хариулан, доош гурван муу заяанаас тэнхрүүлэв. Хэрвээ үзэж сонсогчид байваас, хичээнгүйлэн сэрээд бодь сэтгэл үүсгэтүгэй. Хамтаар төгс баясгалант орноо төрөөд, хишиг ивээл энэ нэгэн биед хариулах болтугай.

 

Арван зүгийн гурван ертөнцийн хамаг бурхад, хамаг Бодисадва, Манзусадва, Маха билиг барамид” хэмээн номложээ.

 

Баруунш зорчсон үлгэр энд хүрч төгсөв.

 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 45 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 32 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    13 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 1 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 5 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 48 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 21 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 24 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 24 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    15 цаг 58 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 8 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 18 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 2 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    18 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 20 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 21 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 37 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК