зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН НАЙМДУГААР БҮЛЭГ:


БИЧИН БОЛОВСРОН МОРЬ НОМХРОН САЯ ХҮҮРЭЭС ГАРАВ

ҮЙЛ БҮТЭН ЯВДАЛ ТӨГСӨӨД ШИГЭМУНИ БУРХАНАА БАРААДАВ

 

Тэр Кү баян дахин эдгэж тойд бумбыг урьж, туг далбаа өргөн хөгжим үүсгэн анхны ёсоор Тансаг багш шавь дөрвүүлийг үдэн мордуулсныг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл их замд орон одоход, үнэхээр тэр бурхны орон нь өөр газар лугаа асар адилгүй. Хүрсэн газар бүхэнд зүйл бүрийн шидэт өвс, гайхамшигт цэцэг, хөгшин майлс, хөхөмдөг нарс үзэгдэж, очсон оронд гэр бүр буян үйлдэж өрх бүхэн өглөг өгчээ. Уул бүрийн өмнө бясалгал хийгсэд олонтаа тохиолдож, ой модны дотор судар дуулагчдын яруу дуун сонстмуй. Багш шавь дөрвүүл үдэш өнжин өдөр явсаар зургаа долоон өдөр одсон хойно, гэнэт нэгэн мөр орд харш хэдэн давхар үүл тагт үзэгдэв. Энэ үнэхээр:

 

Ганжирт орой огторгуйд сэгийн, Галдан тэнгэрийн хананд тулжээ. Гадагш харваас шингэх нарыг өнгийн, гар сунгаваас барилдах одыг шүүрмүй. Тунгалаг гэгээн дуганы гэгээвч орчлон дэлхийг бараалж, дүнхийн харагдах тулгар саравч үүл халхавчинд залгалджээ. Уран тогоруу донгодохуйяа уянгат модон сэвхийгээд, өнгөт галбингаа бүжиглэхүйеэ үдшийн салхин сэрүүн. Энэ сая хас эрдэнээр цогцолсон балгас, тана сувдаар чимсэн тэнхим хэмээвээс болмуй. Үнэн номыг өгүүлэн үүсгэхүйеэ орчлон дэлхийд ёсыг уламжилмуй. Хаврыг угтан цэцэг урьдаар анхилж, хурын дараа нарс нэнт хөхөрмүй. Бор далдуу шидэт жимс он бүр сайхан, улаан гарьд урагш хойш хальж учир болгоноо гайхамшиг.

 

Тансаг холоос ташуураар зааж өгүүлрүүн: “Ү Күн, тэр үнэхээр сайхан газар байнам!” Бичин өгүүлрүүн: “Багш чи зам зуур тэр хуурмаг орны худал бурханд үргэлж мөргөх болоод, өдгөө энэ үнэн орны үнэн бурхныг үзээд, мориноос үл буух нь юун буй?” Тансаг яаран мориноос буугаад, удалгүй тэр ордон харшийн үүдэнд хүрснээ, нэгэн бяцхан тойн хаалганд хажуулан зогсож: “Тэр ирэгч нь зүүн газрын ном залагч тойн мөн буюу?” хэмээсэнд, Тансаг яаран дээлээ засан нүд өргөн үзвээс:

 

Гэмэрлэг дээлийг биед хэдэрч, хас гөвүүрийг гарт сажжээ. Гэмэрлэг дээлийг биед хэдрэхүйеэ, эрдэнийн ордон хасын нуурын хуримд үргэлж оролцжээ. Хасын гөвүүрийг гарт сажихуйяа, хан мандал бор ордноо эгнэгт тоосгүй. Шидтэний сахиаг сүүжинд зүүж, өвсөн шаахайг хөлд өшиглөжээ. Өмнөш алхах нь үнэн хувилгааны байдалтай, өнгө зүсний сайхан нь өөрөөс гайхамшигтай. Егүүдэшгүй биеийг олсон ялгуусан орны зочин, ертөнцийн тоосноос илт хагацсан урт наст хутагтан, анх удаа хачир цогцолсон ууланд ирсэн богд тойн, алтан үснирт их аршийг таньж эс чаджээ.

 

Бичин түүнийг үзэж таниад багшдаа: “Энэ болбоос хачир цогцолсон Гандарагүд уулын Ариун хас хэмээх сүмийн алтан үснирт их Арш болой. Өдгөө манийг угтмуй” хэмээсэнд, Тансаг сая ухаж урагш давшин ёсолсонд, тэр Арш инээн өгүүлрүүн: “Богд тойн өдгөө сая хүрч ирэв. Би Хомсим бодисадвад хууртжээ. Тэр арван жилийн өмнө бурхны зарлигийг авч зүүн газраас ном залагч хүнийг эрэхээр одоход надад хэлсэн нь, хоёр гурван жил дээр лав хүрч ирмүй хэмээжээ, би жил бүр хүлээвч чимээ сураггүй, санамсаргүй энэ өдөр сая олж золгов.” Тансаг алгаа хамтатгаж: “Их Аршийн ийн хайрласанд сүсэглэн хариулмуй!” хэмээгээд дөрвүүл морио хөтлөн дамнуураа дамнаж хамтаар тэр сүмд оров. Дахин нэг нэгээр ёслон золгосны хойно, тэр их Арш цав манз барьж, халуун усыг авчруулан Тансагтаныг биеэ угаатугай, бурханд золгоход сайн хэмээв. Төв хэмээн:

 

Үйл дуусан бясалгал төгсвөөс, биеийг сайтар угааж, уг чанар боловсорч гүйцвээс үнэн ёсонд нийцмүй. Мянган гамшиг түмэн зовлон өдгөө сая намжаад, есөн сахил гурван цээрлэл шинээр эхлэн үүсмүй. Буг чөтгөр арилбаас буцалгүй бурхны орноо хүрч, гай дуусан гамшиг устваас гарцаагүй шашны үүднээ ормуй. Хирийг угааж буртагийг цэвэрлэвээс хэзээд ариухан болоод, хилэнц нүглээс хагацан ангижирваас мөнхийн бие болмуй.

 

Багш шавь дөрвүүл биеэ угааж бартал тэнгэр орой болоод тэр сүмд хоног барьжээ.

 

Маргааш эрт Тансаг карша намжраа өмсөн, үснирт малгайгаа зүүгээд, дулдуйгаа барин дуганд орж их Аршид аярлан ёслоход, тэр Арш инээн өгүүлрүүн: “Өчигдөр ирэхэд уранхай саранхай бөлгөө, өнөөдөр үснирт малгай өнгөт намжир өмссөн нь үнэхээр бурхны шавь хэмээвээс болмуй.” Тансаг ёслон одсугай хэмээхэд, их Арш өгүүлрүүн: “Түр байз, би чамайг үдсүгэй.”  Бичин өгүүлрүүн: “Таныг зүдээх бээр үгүй, би замыг мэдмүй.” Их Арш өгүүлрүүн: “Чиний мэдэх нь огторгуйгаар эчих зам, богд тойн бас огторгуйгаар одох цаг болоогүй тул эрхбиш явган замаар явбаас сайн.” Бичин өгүүлрүүн: “Энэ үг мөн. Өвгөн Сүн би энд хэдэнтээ ирсэн боловч, цөм огторгуйгаар одож үүлээр эгснээс бус энэ доор замаар явсан бээр үгүй, чи бидэнд зам заан өгтүгэй. Миний багш бурханд бараадах сэтгэл бачим тул саатуулж үл болмуй.” Их Арш мөшөөн Тансагийн гараас барин, Зандан мандалд удирдан шашны үүдээр гарав. Үзвээс энэ зам угаас тэр сүмийн өмнө үүдээр гарахгүй, харин сүмийн гол дуганы хойд үүдээр гарах ажгуу. Их Арш тэр хачир цогцолсон Гандарагүд уулыг хуруугаар зааж өгүүлрүүн: “Богд тойн чи үзэгтүн, тэр огторгуйн мандалд таван өнгийн яруу гэрэл солонгорон, бэлгэт уур мянган давхар хүрээлсэн нь даруй хачир цогцолсон Гандарагүд уулын гол оргил, бурхан багшийн оршсон ялгуусан орон болой.” Тансаг үзээд сөгдөн мөргөхөд, Бичин инээн өгүүлрүүн: “Багш, энд мөргөх газар бус, энгийн үгэнд “Уулыг ойр хэмээвээс унаагаа мохоох” хэмээжээ. Хол, хол! Чи эндээс мөргөсөөр хүрэх хэмээвээс магнай чинь тэсэх буюу?” Их Арш: “Богд тойн та өдгөө Их богд, тэнгэрийн өрлөг, орхиул эвхэгч жанжин лугаа дөрвүүл нэгэнтээ буянт оронд хүрч ирээд Гандарагүд уулын барааг үзэв, би эндээс эгсүгэй” хэмээсэнд, Тансаг тал өгөн салж одов.

 

Бичин багш, Тансагтаныг удирдан алгуураар дээш авирч тав зургаан газар явсангүй, гэнэт нэгэн догшин мөрөн давалгаан хаялан эчих замыг хөндөлсөж, өргөн нь найм есөн газар буй. Эргэн тойрон хүний бараа үгүй тул Тансаг хирдхийн өгүүлрүүн: “Ү Күн, бид төөрсөн буюу, эсвэл их Арш буруу зааж өгсөн буюу? Энэ ус ийм өргөн болоод долгион бас маш хэцүү, онгоцгүй яаж гармуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Эндүү үгүй, чи үз, тэнд нэгэн гүүр байнам биш үү? Тэр гүүрээр гарваас сая бодь мөрийг олох болой.” Тансагтан урагш хүрч үзвээс тэр гүүрний үзүүрт нэгэн хөшөө чулуу баймуй, түүний дээр нь: “Огторгуй нэвтлэгч олом” хэмээх гурван үсэг буй. Үзвээс тэнд нь нэгэн өнчин модны гүүр буй ажгуу:

 

Холоос харваас хорвоод хөндөлссөн хас нуруу мэт, хавьтан үзвээс халгих давалгааг зүссэн хувхай нэгэн мод. Өргөн мөрөн гүн далайг туулахад хялбар, өрөөсөн мод өнчин нуруунд хүн яахан гишгэмүй! Түмэн алд урт солонго газрын түвшинээс татаж мянган ширхэг цагаан хив тэнгэрийн хөвөөнөө мяралзмуй. Арш хувилгаан үүл манангаар өнгөрөхөөс өөр, арван хувь нарийн хальтиргаагаар хэн аймшиггүй гэтэлмүй.

 

Тансаг үзээд маш эмээн өгүүлрүүн: “Ү Күн, энэ харин хүн явж болох гүүр бус, би өөр зам эрсүгэй.” Бичин инээн өгүүлрүүн: “Гаталж болох, гаталж болох!” Гахай сандран өгүүлрүүн: “Энэ хэдий явах зам мөн боловч хэн аймшиггүй үүгээр гарах буй? Ус нь түргэн болоод долгион бас догшин, гав ганц мод нь хальтиргаатай бөгөөд нарийхан, яаж гишгэмүй?” Бичин өгүүлрүүн:“Та цөм энд байгтун, өвгөн Сүн би явж танд үзүүлсүгэй.”

 

Их богд тэр өнчин модон гүүр дээр үсрэн гарч гэлбэлзсээр удсангүй тэртээ хөвөөнд гараад: “Нааш ир! Нааш ир!” хэмээн дуудсанд, Тансаг нь гар сажин, Гахай, Шороотон толгойгоо маажиж: “Горьгүй! Горьгүй!” хэмээмүй. Бичин эргэж ирээд Гахайг чирч: “Манхуу чи намайг дагаж гар! Намайг дагаж гар!” хэмээхэд, Гахай газар хэвтээд: “Хальтирмуй! Хальтирмуй! Явж үл болмуй! Намайг тавь! Би салхи хөлөглөн гарсугай!” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Энэ ямар газар буй, чи салхи хөлөглөж болох буюу? Эрхгүй энэ гүүрээр гарваас сая бурхан болж чадмуй.” Гахай өгүүлрүүн: “Бурхан болж чадахгүй бөгөөс байтугай, үнэхээр гарч чадахгүй!” Хоёул гүүрний захад ийн зууралдахад, Шороо ирж тэднийг ятган салгав. Тансаг хойш харваас усны доор урсгалаас нэгэн хүн онгоц сэлбэн ирээд: “Онгоцон дээр гартугай! Онгоцон дээр гартугай!” хэмээн дуудмуй. Тансаг их л баясаж: “Шавь нар минь, бүү алиархаад бай, тэндээс нэгэн гэтэлгэгч онгоц айсуй” хэмээсэнд, гурвуул зэргээр босож гэдрэг харан үзвээс тэр онгоц ойр хүрч иржээ.Үзвээс харин нэгэн ёроолгүй юм ажгуу. Бичин, билгүүн нүдээр үзвээс удирдагч амуу эрдэнийн банжид чимэгт хаан бурхныг таниад үл мэдэгч болон: “Нааш сэлж ир!” хэмээн дуудсанд, тэр хүн удалгүй онгоцоо эргэнд хөвөөдүүлэн: “Суутугай! Суутугай!” хэмээн дуудав. Тансаг үзээд их л эмээн өгүүлрүүн: “Чиний энэ ёроолгүй эвдэрхий онгоцонд хүн хэрхэн суумуй?” Бурхан өгүүлрүүн: “Миний энэ онгоц болбоос:

 

Их балар эхэлж үүсэхэд нэр нь алдаршиж, үүнийг би сэлүүрт засаж халах хэрэггүй. Давалгаан долгион дундуур явахад өөрөө төвшин болоод, төгсгөлгүй үүсгэлгүй үүрд цэнгэлдэн баясалдмуй. Зургаан нисванист халдалгүй нэгэн үндэснээ тогтнож, түмэн галавт егүүтгэгдэшгүй өөрөө амарлин явмуй. Ёроолгүй онгоцоор далайг туулахуйяа бэрх боловч, эрт өдгөө ирсэн амьтан бүхнийг гэтэлгэжээ.”

 

Их богд наманчлан тал хийж өгүүлрүүн: “Миний багшийг удирдсан их ачийг умартахгүй, Багш онгоцонд гарагтун. Энэ онгоц хэдий ёроолгүй боловч догшин салхи долгион давалгаанд учравч үл хөрвөх болой.” Тансаг сэжиглэн эмээн байхад, Бичин багшийнхаа гараас татан онгоцны зүг түлхэн орхисонд, Тансаг зогсон чадахгүй болоод усан дотор унав. Тэр онгоцны хүн хэдийнээ нэгэн гараар Тансагийг татан аваад онгоцон дээр зогсоов. Тансаг дээлээ сэгсрэн хөлөө дэвсэж Бичинийг загнамуй. Бичин даруй Шороо Гахайтаныг дагуулан морь амьтайгаа аваад онгоцон дээр гарсанд, тэр онгоцны хүн онгоцоо хөнгөн сэлбэж ус гатлан гарахад, дээр урсгалаас нэгэн үхсэн хүний хүүр урсан ирэхийг Тансаг үзээд их л цочин атал, Бичин инээж: “Багш бүү айгтун, тэр хэмээгч чиний бие болой” хэмээсэнд, Гахай бас: “Багш мөн! Багш мөн!” хэмээв. Шороо бас алга ташин: “Багш буюу, багш буюу!” хэмээсэнд, тэр онгоцны хүн бас: “Тэр нь чиний бие мөн! Баяр, баяр!” хэмээмүй.

 

Тэр онгоцон төвшинээр одсоор удсангүй огторгуй нэвтлэгч хувилгаан олмын чанад хөвөөнөө хүрээд, Тансаг сая бие эргэж тэртээ эрэг дээр сэвхийн үсрэн гарав. Шүлэглэсэн шүлгийн үг:

 

Умай хэвлийн мах ясыг огоорон тэвчиж орхиод,

Ойр янаг уг салтар үнэн бүрэлбаа ажгуу,

Учир гүйцээд энэ өдөр сая бурхан болохуйяа

Урьд өдрийн зургаан зургаан хир юүгээ ариутган арилгав.

 

Энэ үнэхээр агуу их оюун билиг чанад хөвөөний цаглашгүй номд оров хэмээгч болой. Дөрвүүл эргийн дээрээс эргэж харваас онгоц сал огт үзэгдэхгүй болсонд, Бичин сая тэр онгоц сэлбэгч хүн нь удирдагч амуу эрдэнийн банжид чимэгт хаан бурхан болохыг хэлж өгөв. Тансаг сая ухаад гурван шавьдаа таны хүчин болой хэмээн тал өгөхөд Бичин: “Бид хэн хэндээ тал өгөх хэрэггүй, нэгэн нэгэндээ туслалцсан буй за. Бид багшийн зовлонгоос гарсанд шүтэж, шашны үүдэнд даган баясаад үнэн ёсыг бүтээв. Багш мөн манай хамгаалсны сайнаар сахил Шагшабадыг хичээж чадаад эгэл махбодоо гээв. Багш чи энэ цэцэг өвс нарс хулс гарьд галбингаа тогоруу бугат ялгуусан орныг үз, тэр чөтгөр шулам адалсан газар лугаа адилтгаваас чухам алин сайхан алин муухай? Алин буянтай алин нүгэлтэй буй?” хэмээсэнд, Тансаг цаглашгүй баясав. Төдий тэд нэгэн нэгээр бие нь хөнгөн болоод Гандарагүд уулнаа алхан гарваас тэр Аянга дуут эртний сүм хэдийнээ нүдэн өмнө үзэгдэв.

 

Ганжир залам Галдан тэнгэрт тулж, гантиг суурь сүмбэрийн судаснаа нийлжээ. Сонин хад дэгтэрлэн зэрэглэж, жигтэй чулуу эрвийн сэрвийн харагджээ. Цавчаа эргийн доор шидэт цэцэг хаслаг өвс ургаж, цуваа замын дэргэд бэлгэт далдуу үнэрт цахирмаа дэлгэрчээ. Хувилгаан Бичин жимс түүн тоорын шугуйд шургаж, хун галуу нарснаа хоноглон салаан дээр суужээ. Өнгөт гарьд хос хосоор өглөөн нарыг угтан жиргэх нь өлзий мөрийг бэлгэдэж, хөх галбингаа хоёр хоёроор хүчит салхийг сөрөн нисэх нь хүний ертөнцийн хөгжил жаргалыг зөгнөжээ. Бас үзвээс, алтан ваарт дээвэр дээр араатан гөрөөсөн жиргэлж, сонин сайхан тоосго дээр сувд тана шигтгэжээ. Баруун зүүн хоёр талд бидэрьяа эрдэнийн орд харш жигдэрч, хойно өмнө хоёр этгээдэд хутагтын сүм даяаны дуган сүндэрлэжээ. Махаранзын сүмээс мянган зулын гэрэл цацарч, бурхны дуганаас бор униар татжээ. Хөх огторгуйд суваргын орой харагдаж, гүлсийн дотор хүжсийн үнэр анхилжээ. Төв хэмээн, хутагтын орон хэмээгч хурмаст тэнгэрээс ялгадашгүй, үлэмж их жаргалд өдөр шөнө мэдэгдэшгүй. Тор тоос тогтошгүй хамаг ерөөлийн эх, түмэн галав егүүрэшгүй төгс баясгалант орон.

 

Багш шавь дөрвүүл амарлингуйгаар уулын орой дээр гараад үзвээс бас тэр хөх нарсан шугуйн доор Убаши Убашигэ нар суулцаж ногоон майлсны сүүдэр доор бурсан хуврагууд цуглажээ. Тансаг даруй урагш хүрч ёслон золгоход тэдгээр олонУбаши Убашигэ, Шарибудари Сараван, Аяг тахимлиг нар яаран алгаа хамтатган наманчилж: “Богд тойн бүү ёсол, Шигэмуни бурханд мөргөсөн хойно дахин хэлэлцсүгэй” хэмээсэнд, Бичин инээн: “Хол байнам! Хол байнам! Урьдаар эдний багшид золгохоор одсугай” хэмээв.

 

Тэр багш ихэд баясаж, Бичинийг даган шууд Аянга дуут сүмийн хаалганы гадна хүрсэнд, дөрвөн их Очирваань угтан ирж, “Богд тойн хүрч ирэв үү?” хэмээсэнд Тансаг бие мэхийн: “Мөн, шавь Шуан Зан би хүрч ирэв” хэмээгээд дотогш орсугай хэмээтэл, Очирваань өгүүлрүүн: "Богд тойн түр хүлээ, бид орж айлтгасугай” хэмээгээд, нэгэн нь дотогш орж хоёрдугаар хаалганы дөрвөн Очирвааньд “Тансаг ирэв” хэмээн мэдүүлсэн хойно, хоёрдугаар хаалганы Очирваань бас гуравдугаар хаалганд одож “Тансаг ирэв” хэмээн мэдүүлэв. Гуравдугаар хаалганы тахил өргөгч хувилгаан тойд “Тансаг ирэв” хэмээхийг сонсоод яаран их Цогчин дуганы доор хүрч түүнчлэн ирсэн Шигэмуни бурханд: “Тан улсын богд тойн эрдэнийн ууланд ном залахаар хүрч ирэв” хэмээсэнд, Бурхан багш маш баясан, даруй найман Бодисадва, дөрвөн их Очирваань, таван зуун архад гурван мянган кирди, арван нэгэн аварга гараг, арван найман Чойжинтон бүгдийг цуглуулж, хоёр этгээдэд жигүүрлэн жагсаагаад, алтан зарлиг буулган “Тансагийг оруул” хэмээв., дотроос дам дамаар бурхны аман зарлигийг уламжлав. Тэр Тансаг маш хичээнгүйлэн Бичин Гахай Шороотоны хамт морь амьтайгаа аван шууд хаалгаар орон очив. Төв хэмээн:

 

Тэр жил агуу зоригоор хааны зарлигийг хүлээж, тэмдэг бичгийг авч өвөрлөөд хасын индрээс аярлав. Үүрийн гэгээгээр уулнаа авиран униар манан лугаа ханилж, үдшийн бүрийд чулуу дэрлэн үүл хүдэн лүгээ нөхөрлөв. Даяаныг ахуулан гурван мянган усыг холоос гаталж, дулдуй барин түмэн эргийн урт аяныг туулав. Бодь мөр олохоор бор өдрийг тоолон явсаар, богд тойн өнөөдөр бурхан багшид олж бараадав.

 

Багш шавь дөрвүүл их Цогчин дуганы доор хүрч бурханд сөгдөн мөргөөд бас хоёр этгээдийн Бодисадва нарт мөргөв. Дахин бурхны өмнө сөгдөж тэмдэг бичгээ өргөсөнд, бурхан нэгэн зэрэг нарийвчлан үзээд Тансагт буцаан өгөв. Тансаг мөргөн айлтгаруун: “Шавь Шуан Зан би, зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар эрдэнийн уулыг алсаас бараалан, хамаг амьтны тусын тул бурхнаас үнэн номыг залахаар ирэв. Бурхан өршөөн энэрч номоо хайрлаад, намайг үтэр түргэн улсад минь эгүүлэх ажаамуу” хэмээсэнд, бурхан сая ихэд нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэж Тансагийг зүг ийн хэмээн зарлиг болруун: “Таны тэр зүүн газрын өмнөд замбуутив хэмээгч нутаг дэвсгэр уудам, эд элбэг хүн зузаан бөгөөд шунахай ховдог алж нүдлэхэд дуртай садар самуун худал хуурамч олон. Бурхан шашныг шүтэхгүй, буяны үйлэнд дургүй, гурван эрдэнийгүтээрч, таван тариаг хөнгөлмүй. Шударга элбэрлийг орхиж, өршөөл журмыг умартаад, муу сэтгэлээр биеэ балруулж, их дэү бага жигнээр хэрэглэмүй. Амьтанд хор хөнөөл үйлдэхийн тул цаглашгүй хилэнцэт болоод нүглийн сав дүүрч айс тамд унан, элдэв зовлонг амсан, адгуусанд төрж, амийг биеэр төлж өгмүй. Бирдэд төрж өлсөж ундаасахын зовлонг үзэж орчлонд орчоод, сансрын хүрднээс үл тонилох нь цөм энэ гэм болой. Тэр газар Күн овогт хэдийгээр өршөөл, журам, ёслол, эрдмийн сургаалыг нээж, хаад ван нар хэрэглэн уламжилж засахад цөлөх, албадах, цавчих, хөвчдөх эрүү байх боловч, тэр мунхаг балай мэдэшгүй хүмүүс мууг сэдэж үл цээрлэхийг яасу! Надад зовлонгоос гэтэлгэн хилэнцийг алдраагч, гурван хөлгөний судар буй. Энэ гурван хөлгөний сударт: Номыг өгүүлсэн нэгэн хөлгөн судар нь тэнгэрийг шүүмжилж, онолыг өгүүлсэн нэгэн хөлгөн судар нь газрыг шүүмжилж, бас нэгэн хөлгөн сударт чөтгөрийг тонилгожээ. Нийт гучин таван аймаг нэг түм таван мянга нэг зуун дөчин дөрвөн боть, үнэнээр бодь мөрд орох зам, буяны үйлийн дээд үүд болой. Үүнд дөрвөн тивийн аливаа бүхэн, тэнгэр, газар, хүн, амьтан, араатан, жигүүртэн, цэцэг, мод, сав хэрэгсэл, хүний хэрэгт хүртэл эс тэмдэглэсэн бээр үгүй. Та холоос ирсэн тул танд бүгдийг цөм өгсүгэй хэмээвэл танай тэр газрын хүн мунхаг харанхуй бөгөөд дээрэнгүй, миний номын үнэн утгыг ухахгүй, миний шажны нууцыг үл таньж гутаахаас эмээмүй” хэмээгээд, бас Ананд Гашив хоёрт ийн зарлиг болруун: “Та хоёр эд дөрвүүлийг дагуулан сувдаар цогцолсон тагтны доор аваачиж урьдаар цав идүүлээд, жич эрдэнийн тагтыг нээн, миний тэр гурван хөлгөний гучин таван аймаг номын дотроос тус тус хэдэн ботийг авч эдэнд өгөөд, зүүн газарт дэлгэрүүлэн, их сургаалын ачийг үүрд уламжилтугай” хэмээв.

 

Тэр хоёр Бодисадва бурхны зарлигаар тэднийг тагтны доор удирдан аваачваас гайхамшигт сувд чухаг эрдэнийг зэрэглэн тавьсан нь үнэхээр барагдашгүй. Гагц үзвээс тэр тайлгын олон хувилгаад цав ширээ зассан нь цөм Аршийн идээн, хувилгаан зууш, дээд цай, тэнгэрийн жимс, элдэв амттан нь энгийн идэш лүгээ огоот адил бус. Багш шавь дөрвүүл бурхны хишигт талархан мөргөөд санаан тааваар амсан зооглов. Тэр үнэхээр:

 

Эрдэнийн гэрэл алтан цацраг харах нүдийг гялсгаж, этгээд үнэртэн сонин амттан залгих хоолойд тааламжтай. Угалзан хэрсэг алтан асрын үзэмж асар сайхан, Увашийн эгшиг нэгэн хөг чихний сонорт яруу. Ариун идэш хувилгаан цэцэг хүнд тохиолдох цөөн ч адист цай эрхэм дарс амссан бүхнийг мөнхрүүлмүй. Ирэх замд мянган зовлонг дуусган эдэлж туулснаар, энэ өдөр энхжин дэгжирч ёсыг олсонд баясмуй.

 

Энэ удаа үнэхээр Гахайн зол дайран Шороогийн заяа тохиолдож, бурхны орны цогцыг халах насыг уртатгах идээг тааваар идэв. Хоёр Бодисадва эдэн дөрвүүлийг зочлон цав идүүлж барсан хойно, эрдэнийн тагтны үүдийг нээн удирдан оруулж үзүүлбээс, тэнд алтан гэрэл бэлгэт уур мянган давхар бүрхэж, өнгөт униар яруу үүлэн түмэн зурвас татжээ. Номын авдар, эрдэнийн шургуул дээр цөм улаан цохдос нааж, судрын нэрийг гарчиглан бичжээ. Тэр нь:

 

  • Нирвааны судар нэгэн аймаг - Долоон зуу дөчин найман боть
  • Бодисадвагийн явдлын судар нэгэн аймаг - мянга хорин нэгэн боть
  • Огторгуйн зүрхэн судар нэгэн аймаг- дөрвөн зуун боть
  • Баатараа явагч нэрт судар нэгэн аймаг - зуун арван боть
  • Ач хариулахыг үзүүлсний их хураангуй судар нэгэн аймаг - тавин боть
  • Магад тогтоолын судар нэгэн аймаг - зуу дөчин боть
  • Эрдэнийн сангийн судар нэгэн аймаг - Дөчин таван боть
  • Цэцгийн чимэгт судар нэгэн аймаг - таван зуун боть
  • Үнэмлэхүй үнэнд мөргөх судар нэгэн аймаг - ерэн боть
  • Их билиг барамидын судар нэгэн аймаг - есөн зуу арван зургаан боть
  • Их гэгээн гэрэлт судар нэгэн аймаг -гурван зуун боть
  • Тансаг болсон аймгийн судар нэгэн аймаг -мянга нэг зуун арван боть
  • Цэцгийн чимэгт судар нэгэн аймаг - таван зуун боть
  • Вэй Мүэ Жиэ Увашийн судар нэгэн аймаг - зуун далан боть
  • Гурван онолын өөр судар нэгэн аймаг - Хоёр зуун далан боть
  • Очироор огтлогч судар нэгэн аймаг - зуун боть
  • Үнэн номын онолт судар нэгэн аймаг - зуун хорин боть
  • Бурхны цадигийн судар нэгэн аймаг - найман зуун боть
  • Таван лусын судар нэгэн аймаг - гучин хоёр боть
  • Бодисадвагийн Шагшабадын судар нэгэн аймаг - зуун арван зургаан боть
  • Их хураангуй судар нэгэн аймаг - зуун гучин боть
  • Махада улсын судар нэгэн аймаг - гурван зуу тавин боть
  • Цагаан лянхуа нэрт судар нэгэн аймаг - зуун боть
  • Егүзэрсийн судар нэгэн аймаг - зуун боть
  • Эрдэнэ мөнхийн судар нэгэн аймаг - Хоёр зуун хорин боть
  • Бурхны орны онолын судар нэгэн аймаг - зуун гучин боть
  • Санхьягийн судар нэгэн аймаг - зуун тавин долоон боть
  • Бодийн орны элдэв судар нэгэн аймаг - мянга есөн зуун тавин боть
  • Сүсэг төрөхийн онолт судар нэгэн аймаг - Мянган боть
  • Их бэлгэ билгээр гэтэлгэгч судар нэгэн аймаг - мянга  наян боть
  • Эрдэнийн охь судар нэгэн аймаг - мянга хоёр зуун наян боть
  • Уул давхарлагийн судар нэгэн аймаг - найман зуун тавин боть
  • Үнэн Шагшабадын ухаант судар нэгэн аймаг - Хоёр зуун боть
  • Ялгуусан их тогосны эх хэмээх судар нэгэн аймаг - Хоёр зуун хорин боть
  • Үнэн мэдлийн онолт судар нэгэн аймаг - Зуун боть
  • Авидарма судар нэгэн аймаг - Хоёр зуун боть хэмээжээ.

 

Ананд Гашив хоёул, Тансагийг дагуулан номын нэрийг нэгэн зэрэг үзүүлээд ийн өгүүлрүүн: "Богд тойн чи хол газар зүүн тивээс энд ирсэн тул бидэнд барих бэлэг юун буй? Түргэн гаргаж өг, ном уламжлахад сайн.” Тансаг өгүүлрүүн: “Шавь Шуан Зан холоос ирсэн тул юм бэлтгэж авчирсангүй.” Хоёр Бодисадва инээн өгүүлрүүн: “Сайн! Сайн! Хоосноор ном уламжилбаас хойдох шавь нар бид өлсөж үхэх болой!” Бичин тэдний номоо үл өгөхийг үзээд тэсгэлгүй бархиран өгүүлрүүн: “Багш, бид одож бурханд айлтгасугай, түүнийг өөрөө ирж өвгөн Сүн надад номоо өгүүлтүгэй.” Ананд өгүүлрүүн: “Бүү цуугь! Энэ ямар газар хэмээн чи бас дураар ийн аашилмуй! Нааш ирж номоо ав.” Гахай Шороотон уураа хүлцэн Бичинийг хориглож урагш одож номыг хүлэээж аваад боодолдоо боогоод морин дээр ачиж үлснийг хоёр дамжуур болгон Гахай Шороо дамнаж, эрдэнийн суудлын өмнө ирж бурханд талархан мөргөөд шууд хаалга гарч одоход, Бурхан Бодисадва нарт цөм хоёртоо мөргөв. Бас их хаалганд хүрч Аяг тахимлиг, Шарибудари Сараван, Уваши Увашигэ нарт нэг нэгээр аярлан ёслоод уулнаас буун одсоныг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, тэр эрдэнийн тагтан дээр нэгэн амарлингуй орны Дивангар бурхан буй аж, тэдний ном уламжлахын хэргийг сэмээр сонсож илт ухав. Тэр бурхан, Ананд Гашив хоёр Бодисадва үсэггүй номыг өгч гаргасныг мэдээд ганцаар инээн: “Зүүн газрын тойд мунхаг харангуй, үсэггүй номыг үл танив. Энэ нь богд тойныг талаар зүдээсэн хэрэг болох буюу?” хэмээн сэтгээд: “Энд хэн баймуй?” хэмээн асуусанд, суудлын хажуугаас заан хүчит Бодисадва гэхэлзэн гарч ирэв. Дивангар түүнд захиж өгүүлрүүн: “Чи Тансагийг хөөж гүйцээд тэр үсэггүй номыг хувилгаан ридээр булаан авч, тэднийг дахин ирүүлж үсэгтэй ном аваачуултугай.” Тэр заан хүчит Бодисадва даруй хуй салхи хөлөглөн Аянгын дуут сүмээс гарч эчив. Тэр салхи үнэхээр:

 

Бурхны доорх агуу идтэн, хийн орны салхин өгий лүгээ юуны таарнам. Асар өрөөний ариун охидын үлээгүүр, Аршийн сүвээр хуугинахыг юуны хүрнэм. Энэ нэгэн зэргийн салхинд луу матар өлөө эрж олохгүй болж, далай мөрөн давалгаалан босов. Хар бич жимсээ түүж чадахгүй болоод, шар тогоруу салхинаа дэлсэгдэн хуучин үүрээ эрмүй. Улаан гарьдын уяхан эгшиг сонстохгүй болоод, уран гургалдайн урт аялгуу баларчээ. Хөх нарс хугаран унаж, хувин дахь цэцэг хийсэн замхарчээ. Зэгс хулс зам хаатал унаж, алтан лянхуа нууранд сажилжээ. Жүнгийн дуун мянган газрын цаана сонстож, номын аялгууг уулын ард аваачжээ. Эргийн өмнөх гайхамшигт цэцэг зүсээ алдаж, үүдний дэргэдэх шидэт өвсний үндэс нь гарчээ. Өнгөт галбингаа жигүүрээ дэлгэж чадахгүй болоод, цагаан буга уулын эрэгт далдалжээ. Сайхан үнэр санхлан сав ертөнц дүүрч, сэрүүн уур сэрчигнэн үлээгээд сансрын мандалд тулжээ.

 

Тэндээс Тансаг хараахан явж байтал сайхан үнэр санхлан үнсдэхүйд энэ цөм бурхны орны сайн бэлгэ хэмээн санаад огт ойшоосонгүй бөлгөө. Гэнэт нэгэн чимээ гармагц хоосон огторгуйгаас нэгэн гар сунган бууж ирээд, морин дээр ачиж байсан ном судрыг хөв хөнгөнөөр шүүрэн одсонд, Тансаг их л айн өвчүүгээ дэлдэж дуудан хашхирснаа, Гахай хойноос нэхэж эчив. Шороо дамжууртай судраа сахиж, Бичин нисэх мэт нэхэж одсонд, тэр заан хүчит Бодисадва, Бичиний ойртон ирэхийг үзээд, сайн мууг хайхрахгүй занчиж биеийг гэмтээх магадгүй хэмээн тэр судрын боодлыг алдраагаад доош орхив. Бичин судрын боодол алдарч ном салхинд хийсэхийг үзээд, нэхэхийг байж, үүлийг даран судрын хойноос даган буув. Заан хүчит Бодисадва салхинаа хураагаад хойш эгэж Дивангар бурханд мэдүүлснийг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, Гахай хойноос хүрч ирээд хийссэн номыг Бичиний хамт түүн аваад Тансагийн дэргэд ирсэнд, Тансаг нулимсыг цувруулан: “Аяа, шавь нар минь! Энэ төгс баясгалант оронд бас шулам буй ажгуу!” хэмээтэл, Шороо боодолтой судрыг тосож аваад алдраан үзвээс, үзвээс үсэггүй цагаан цаас болжээ. Яаран Тансагт өгч өгүүлрүүн: “Багш чи үз, энэ нэгэн боть нь үсэггүй!” Бичин бас нэгэн ботийг сөхөж үзвээс мөн үсэггүй, Гахай нэгийг тайлбаас бас үсэггүй тул Тансаг даруй: “Та тэр судруудыг цөм нээж үз” хэмээсэнд Шороо нэг нэгээр алдрааж үзвээс боть бүр цагаан цаас ажгуу. Тансаг санаа алдан өгүүлрүүн: “Манай зүүн газрын хүнд үнэхээр хишиг үгүй! Ийм хоосон цаасыг аваачаад юун хиймүй? Тан хаанд яахан нүүр золгомуй! Эзнийг мэхэлсэн үхэх ялаас хэлтрэн чадахгүй болой!” Бичин учрыг хэдийн ухаад Тансагийн зүг өгүүлрүүн: “Багш хэлэх хэрэггүй, энэ лав тэр Ананд Гашив хоёр дамшиг манаас бэлэг олсонгүйдээ энэ хоосон цаасыг өгчээ, өөр учир бус. Бид дөрвүүл эгэж тэдний эдийн тул хуурсан ялыг заалдсугай.” Гахай мөн хажуугаас хашхиран: “Мөн! Мөн! Бид заалдахаар одсугай!” хэмээгээд дөрвүүл яаран хойш эгэж дахин Аянга дуут сүм өөд ирэв.

 

Удсангүй сүмийн хаалганд хүрч ирсэнд олноор цөм гар өргөн угтаж: “Богд тойн судраа солихоор ирэв үү?” хэмээн инээлцэв. Тансаг толгой дохин талархав. Олон Очирваань мөн хориглохгүй тавин оруулжээ. Шууд их Цогчин дуганы өмнө ирээд Бичин бархиран өгүүлрүүн: “Шигэмуни! Бид багш шавь нар газрын хол зүүн тивээс энд иртэл мянган шуламд учирч түмэн зовлонг амсчээ. Та өршөөн ном өг хэмээсэн атал, Ананд Гашив хоёр ашиг олсонгүй хэмээн гэм хийж үсэггүй цагаан цаасны дэвтрийг манд өгч гаргав. Бид цаасны арилжаачин бус, түүнийг аваачаад юун хиймүй? Шигэмуни тэднийг яллах ажааму! Шигэмуни мөшөөн зарлиг болруун: “Чи бүү цуугь. Тэдэн чамаас бэлэг авах хэмээснийг би хэдийнээ мэдэв. Ганц номыг хөнгөнөөр уламжлан хоосноор авч болохгүй. Урьд миний шавь нар энэ номыг авч уулнаас буугаад Бодийн орны Зуу овогт өглөгийн эзний гэрт уншиж, тэдний гэр хотлоорын амьд байгсдын амийг нь сахиж, үхэгсдийн сүнсийг нь тонилгоод гурван суулга гурван шэн шижир алтыг барьсанд би бас түүнийг хямд уншиж өгөв хэмээн чамлаж, хожмын шавь нар зарах зоосгүй болжээ хэмээсэн бөлгөө. Чи өдгөө гар хоосноор ном авах тул, тэр чамд цагаан цаасыг өгөв, цагаан цаасан хэмээгч үсэггүй үнэн ном, нэн эрхэм буюу. Ганц танай зүүн газрын хамаг амьтан харангуй мунхаг тул үсэггүй номыг ийн уламжилжээ” хэмээгээд бас Ананд Гашивыг дуудан: “Түргэн үсэгт номноос боть бүр хэд хэдэн судар гаргаж эдэнд өгөөд, энд ирж тоог нь мэдүүл” хэмээв.

 

Хоёр Бодисадва дахин тэр дөрвүүлийг удирдан Сувдын тагтны доор хүрч, Тансагаас бас бэлэг ац хэмээсэнд, Тансаг барих юмгүй тул даруй Шороог дуудан алтан бадар аягаа гаргуулж хоёр гараараа өргөж: “Шавь би үнэхээр хол газраас ирсэн тул өргөцийн юм бэлтгэсэнгүй. Энэ бадар аяга болбоос Тан хаан өөрийн гараар надад хайрласан эд, шавь би зам турш үүнийг барьж бадар гуйсан бөлгөө, өчүүхэн сэтгэл юүгээ илтгэхийн тул үүнийг барьсугай, их Бодисадва үүнийг авму, улсад эгсэн хойно, Тан хаанд айлтгаж лав хүндтээ хариулмуй, гагц хааны зарлигийг хүлээж хол замыг хөөснийг бодож, үсэгт номоо хайрлах ажааму” хэмээсэнд, тэр Ананд алтан бадар аягыг гартаа авмагц инээмсэглэхэд, Сувд тагтыг харагч хүчтэн тахилчин цөм айлуу айлуу хэмээн инээлцэж: “Нүүргүй! Нүүргүй! нэхэж байгаад номын хариугаа авав! хэмээлцэн түүнийг элэг барьж наадам хийхэд, нүүр улайтал ичсэн боловч, алтан бадар аягаа тавилгүй зуурмуй. Гашив сая тагтанд орж номыг аван нэг нэгээр тоолон өгөхөд, Тансаг өгүүлрүүн: “Шавь нар сайхан үзэж авагтун, анхан удаагийн адил бүү болго” хэмээв. Тэр гурвуул нэг боть нэг ботиор тосож үзвээс цөм үсэгтэй бөлгөө. Төд нэг хөлгөний таван мянга дөчин найман боть номыг тоолон авч моринд ачаад үлснийг бас нэг дамжуур болгон Гахай дамнаж, өөрийн амьтайгаа Шороо дамнав. Бичин морио хөтлөн, Тансаг дулдуйгаа барьж, үснирт малгайгаа засан дараад, карша намжраа сэгсэрч, сая баяр хөөртэйгээр Шигэмунийн өмнө хүрч ирэв. Төв хэмээн тэд:

 

Ивээлт энэ их хөлгөний судар хэмээгч, ялгуусан бурхан Шигэмунийн бүтээсэн үнэн ном. Богд тойн Шуан Зан бэрхийг туулан ирснийг мэдвэл, Бодисадва Анандын шунахай зан ч ертөнцийн хүний элэг ээ. Дээр удаа эс анхаарсныг Дивангар золоор сэнхрүүлсэн тул, дахин ирж үнэн номыг олоод сэтгэл алсхийн баярлав. Удалгүй энэ ном зүүн газраа уламжлагдах болсонд, олон бүгд хамаг амьтан түүний шимд ивээгдэх болов.

 

Ананд Гашив хоёр Бодисадва Тансагийг удирдан Шигэмунийн дэргэд иртэл, Шигэмуни бурхан бадам лянхуан тавцан дээр завилан суугаад, луу номхотгогч, барс дарагч хоёр их хүчтэнээр бүрээ татуулж гурван мянган бурхад, гурван мянган кирди, найман очирваань, дөрвөн Бодисадва, таван зуун архад, найман зуун Аяг тахимлиг, олон Уваши, Увашигэ, Шарибудари, Сараван, Тэнгэр нар Буянт агуй хутагт уулын их бага бүгд шүтээн тойдыг хуруулж, сууваас зохихыг нь суулган, зогсвоос зохихыг нь зогсоож нэгэн цагт тэнгэрийн хөгжим алсаас сонстож, Аршийн аялгуу дуурьсан, агаар дүүрэн ариун гэрэл цацарч, бэлгэт униар бүрхээд, олон бурхад цөм Шигэмунид золгов. Шигэмуни зарлиг болруун: “Ананд, Гашив түүнд хэдий боть судар өгөв? Нэг нэгээр тоог мэдүүл” хэмээснээ хоёр Бодисадва даруй айлтгаруун: “Өдгөө Тан улсад өгсөн нь:

 

  • Нирвааны судар - Дөрвөн зуун боть,
  • Бодисадвагийн явдлын судар - гурван зуун жаран боть,
  • Огторгуйн зүрхэн судар -Хорин боть,
  • Баатараа явагч нэрт судар - гучин боть,
  • Ач хариулсныг үзүүлсний их хураангуй судар - Дөчин боть,
  • Магад тогтоолын судар - Дөчин боть,
  • Эрдэнийн сангийн судар - Хорин боть,
    • Цэцгийн чимэгт судар - наян нэгэн боть,
    • Үнэмлэхүй үнэнд мөргөхүй судар - гучин боть,
    • Их билиг барамидын судар - зургаан зуун боть,
    • Их гэгээн гэрэлт судар - тавин боть,
    • Тансаг болсон аймгийн судар - таван зуун тавин боть,
    • Вэй Мүэ Жиэ Увашийн судар - гучин боть,
    • Гурван онолын өөр судар - Дөчин хоёр боть,
    • Очироор огтлогч судар - нэгэн боть,
    • Үнэн номын онолт судар - Хорин боть,
    • Бурхны цадигийн судар - зуун арван зургаан боть,
    • Таван лусын судар -Хорин боть,
    • Бодисадвагийн Шагшабадын судар - жаран боть,
    • Их хураангуй судар - гучин боть,
    • Махада улсын судар - зуун дөчин боть,
    • Цагаан лянхуа нэрт судар - арван боть,
    • Егүзэрсийн судар - гучин боть,
    • Эрдэнэ мөнхийн судар -зуун далан боть,
    • Бурхны орны онолын судар - гучин боть,
    • Санхьягийн судар - зуун арван боть,
    • Бодийн орны элдэв судар - мянга зургаан зуу гучин найман боть,
    • Сүсэг төрөхийн онолт судар - тавин боть,
    • Их бэлгэ билгээр гэтэлгэгч судар - ерөн боть,
    • Эрдэнийн охь судар - зуу дөчин боть,
    • Уул давхарлагийн судар - тавин зургаан боть,
    • Үнэн Шагшабадын ухаант судар - арван боть,
    • Ялгуусан их тогосын эх хэмээх судар - арван дөрвөн боть,
    • Үнэн мэдлийн онолт судар - арван боть,
    • Авидарма судар - арван боть,

 

Их хөлгөний ном бүгд нийлэн гучин таван аймаг, түүний дотроос таван мянга бөгөөд дөчин найман боть ном сонгон авч зүүн газрын богд тойноор Тан улсад уламжлуулав. Өдгөө цөм моринд ачиж дамжуураар дамнан хишигт мөргөхөөр хүлээж буй” хэмээв.

 

Тансаг багш шавь дөрвүүл морио уяж, дамжуураа тавин алгаа хамтатган наманчлан залбирч мөргөхөд, Шигэмуни Тансагийн зүг зарлиг болруун: “Энэ номын буян нь цаглашгүй, хэдийгээр миний сургаалын сэцэн толь хэмээх боловч, үнэнд гурван сургаалын язгуур нь болой. Танай тэр замбуутивийн газар хүрсэн хойно хамаг амьтанд хичээнгүйлэн дэлгэрүүл, омтгойлж үл болмуй. Бие махбодийг ариутгалгүй, сахил Шагшабадыг авалгүй хүнээр ботийг сөхүүлж болохгүй. Эрхэмлэгтүн! Хүндэтгэгтүн, үүний дотор хувилгаан болох ёсыг олох гайхамшигт нууц буй” Тансагт хишигт мөргөөд зарлигийг хичээнгүйлэн дагамуй хэмээж мөнхүү үнэнч сүсгээр гурвантаа тойрон мөргөж номыг залан гарав. Гадаад хаалганд хүрээд бас олон богд хувилгаадад нэг нэгээр тал хийн ёслохыг өгүүлэхгүй.

 

Түүнчлэн ирсэн бурхан Тансагийг явуулсны хойно сая ном уламжилсан хурал тархав. Төдийд Хомсим Бодисадва хажуугаас урагш давшин гарч ирээд Шигэмунид наманчлан айлтгаруун: “Шавь би тэр жил Бурхны алтан зарлигийг авч зүүн газраас ном залагчийг эрэн олоод өдгөө үйл бүтэв. Бүгд арван дөрвөн жил явж, нийт таван мянга бөгөөд дөчин өдөр бас найман өдөр болбоос хөлгөний тоонд нийцмүй. Шавийн зарлиг эгүүлэхийг зөвшөөрөх ажаамуу?” Шигэмуни их л баясаж: “Өгүүлсэн нь маш зүй, алтан зарлигийг эгүүлтүгэй” хэмээгээд найман их Очирваанийг дуудаж: “Та нар рид хувилгаанаар богд тойныг зүүн газарт хүргэж номыг уламжлаад, найман өдрийн дотор эгүүлэн авчирч, нэгэн хөлгөний тоог нь гүйцэд болгогтун” хэмээснээ, Очирваань нар даруй Тансагийг гүйцэн хүрээд: “Ном залагч намайг дагаж ир!” хэмээмэгц Тансагтаны бие махбод үнэхээр маш хөнгөн болоод Очирваань нарыг даган үүл хөлөглөн одов. Энэ сая үнэн сүсгийг чанд бариваас бурханд олж бараадаад, үйлээ бүтээн явдлаа төгсгөвөөс нисэн дэгдэж чаджээ. Зүүн газарт хүрээд яаж номоо уламжлахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 34 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 22 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 50 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 54 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 37 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    16 цаг 10 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    16 цаг 13 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    16 цаг 14 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 48 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 57 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    18 цаг 7 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    18 цаг 12 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 52 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    20 цаг 10 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    20 цаг 11 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 26 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК