зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ЖИН ПИН ФУД АРВАН ТАВНЫ ШӨНӨ ЗУЛ ҮЗЭВ

ХАР СҮРТ АГУЙД ТАНСАГ ЯВДЛАА ӨГҮҮЛЭВ

 

Хуврагийн ёсыг бясалгахад ёсыг хичээсү, ховдог сэтгэл шунахай санааг хурдан арилгаваас сайн. Сахил шагшабадыг сайтар сахьваас өнгийн гэрэл цацран, самуунаар сууваас гурван муу заяанд унамуй. Санааг дураар тавиваас улаан үрлийг удалгүй алдаж, сэтгэлийг дагаар орхивоос хасын чанар хувирмуй. Бухамдал гачигдал уур хилэнг үтэр түргэн арилгаваас, бурхны нууц далд эрдмийг цагийн зуур олмуй.

 

            Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл Бадгар аймгийн хотоос гарч төгс жаргалант оронд хүрэх их сүсгийг барин нэг зам явдалгүй тав зургаан өдөр явсны хойно, бас нэгэн хот үзэгдэв. Тансаг Бичинээс асууруун: “Шавь минь, энэ үзэгдэх нь ямар газар болов?” Бичин өгүүлрүүн: “Нэгэн хот ажгуу, хотын хэрмэн дээр шураг харагдахаас бус туг хиур нэг ч үгүй тул ямар хот болохыг эс мэдэв, тэр хотод ойртсоны хойно асуусугай” хэмээгээд зүүн хаалган гадна хүрвээс, цай архины худалдааны газарт хүн амьтан үймэлдэн, амуу будааны арилжих зээлд хөл хөгжөөн их. Хотын гудамжинд сул зугаачлах хэдэн эрс Гахайн хошууны урт, Шороон нүүрний хөх, Бичиний нүдний улааныг хараад чихэлдэн ирж үзсэн авч ойртон ирж асуусан хүн нэг ч үгүй. Тансаг шавь нараа хэрэг гаргуузай хэмээн хөлс чийглэжээ. Хэд хэдэн гудамжийг өнгөрсөн авч хотын төвд хүрээгүй яван атал гэнэт “Нигүүлсэхүй үүлэн сүм” хэмээх гурван үсэг бичсэн нэгэн хаалгыг Тансаг үзээд: “Энэ сүмд морийг сэвхээж бага сага цав хоол олж идвээс ямар?” хэмээсэнд Бичин: “Тэгтүгэй! Тэгтүгэй!” хэмээгээд, багш шавь дөрвүүл тэр сүмд орж үзвээс:

 

Сүм хийд сүрлэг сайхан харагдаж, эрдэнийн ганжир эрвийн сэрвийн үзэгджээ. Бурхны дуган бор үүлэнд шургаж, хуврагийн өргөө хойно өмнө зэрэглэжээ. Улаан туяа эвхрэлдэн эсэрүа тэнгэрт тулж, битүү ой ногоорон бясман тэнгэр лүгээ золгожээ. Бурхан бодисадвагийн сүмд бор униар татаж, суврагын үүд цайтал нээгдэж мөргөлтөн ихэд цуварчээ. Гүлсийн доторх хүжийн утаа цаг бүр хүдэнтэж, цөгцийн дээрх зулын гэрэл шөнө дуусан гэрэлтжээ. Дуганы дотор алтан жүнгийн дуу гэнэт цуурайтахад, тойд хувраг их дуугаар бурхны номыг уншжээ.

 

            Тэд дөрвүүл ийн үзэж атал, сүмийн дотроос нэгэн тойн гарч ирээд Тансагт ёслон: “Өвгөн багш хаанаас ирэв?” хэмээсэнд, Тансаг: “Шавь би их Тан улсаас ирэв” хэмээв. Тэр тойн үүнийг сонсоод яаран сөгдөн мөргөхөд Тансаг түүнийг тэтгэн босгож: “Сүмийн эзэн юунд ийн ёсолмуй?” хэмээсэнд, тэр тойн залбиран өгүүлрүүн: “Бидний эндхийн хүмүүс цөм бурхны номыг уншин таны Дундад улсад орж төрсүгэй хэмээн хутаг гуймуй. Багш чиний дүр байдлыг үзвээс үнэхээр буян хутгийг олсон хүн тул би чамд тийн мөргөн ёслов.” Тансаг үүнийг сонсоод инээн өгүүлрүүн: “Үл болох! Үл болох! Бид багш шавь болбоос явдлын тойд тул ямар буян хутгийг олж чадмуй! Сүмийн эзэн та биеийг тэжээн энд сул суусан хүн тул буян хутгийг олов хэмээвээс үл болохооргүй.” Тэр тойн Тансагийг удирдаж дунд дуганд орж бурханд мөргүүлсний хойно, Тансаг сая шавь нараа дуудан оруулав. Тансаг тэр тойн лугаа хараахан ярилцаж байхын цагт Бичин Гахай Шороо нар морио хөтөлж амьтайгаа сахин уруу харан зогсож ажгуу. Тансаг “Шавь” хэмээн дуудахыг сонсмогц тэд цөм хойш эргэн харсанд, тэр тойн олж үзээд ихэд сандарч: “Өвөг минь! Багштаны эрхэм шавь нар юунд ийм муухай төрсөн буй?” хэмээн асуусанд Тансаг: “Зүс муу муухай боловч, тэдэнд цөм хувилгаан эрдэм буй тул намайг нэгэн зам хамгаалан иржээ” хэмээв.

 

            Хараахан ийн өгүүлэлдэн атал, сүмийн дотроос бас хэдэн тойн гарч ирээд Тансагт ёслов. Анх уулзсан тэр тойн саяын орж ирсэн хэдэн тойнд өгүүлрүүн: “Энэ өвгөн багш болбоос Дундад улсын Их Тан улсаас иржээ, тэр гурав болбоос түүний шавь нар болой.” Орж ирсэн бүгд тойн ийн асууруун: “Өвгөн багш Дундад их Тан улсаас энд юуны учирт ирэв?” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Би Тан хааы зарлигийг хүлээж Гандарагүд уулнаа хүрч бурханд бараадан ном залахаар одмуй. Эрхмийн энэ орноор өнгөрөхөд сүм хийд тохиолдсон тул нэгт газрын нэрийг асууж хоёрт цав манз хүртээр одсугай хэмээн ирэв.” Олон тойд маш баясан Тансагийг өөр нэгэн дуганд залж аваачив. Дагуулсан тэр тойн бусад тойн ба тогооч тойныг дуудан өгүүлрүүн: “Та бүгдээр Дундад улсаас ирсэн хүмүүсийг учрахаар гарч ир, Дундад улсад аруухан хээнцэр хүн буй хэмээвэл, бас адгийн муу зүстэй амьтан буй ажгуу” хэмээсэнд, олон тойн тэр тойныг дагаж Тансагт манз барив. Тансаг: “Энэ нь ямар нэрт газар буй?” хэмээн асуусанд, тэр тойд өгүүлрүүн: “Энэ хэмээгч Энэтхэгийн харьяат аймгийн Жин Пин Фу хэмээх хот бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Гандарагүд уул эндээс хэдий хол буй?” Тэр тойд өгүүлрүүн: “Улсын нийслэл хотноо хүртэл манай эндээс хоёр мянганы барааны газар буй. Бид бүгдээр тэнд хүрч өнгөрсөн, тэндээс баруунш Гандарагүд ууланд хүртэл хэдий хол байхыг үл мэдэх тул аймшиггүй дураар хэлж болохооргүй.” Тансаг олон тойдод тал өгөв.

 

            Төдөлгүй цав авчирч барьсанд, Тансаг цав зооглож барсны хойно явсугай хэмээсэнд, тэдгээр тойд үлдээн өгүүлрүүн: “Их багш хэдэн өдөр сууж цагаан сарын арван тавны зулыг үзээд явбаас мөн хожимдохооргүй.” Тансаг цочин асууруун: “Тойн би нэгэн замд үзсэн нь уул ус, учирсан нь ад шулам тул, өдөр сарыг цөм мэдэхгүй болжээ.” Тойд бүгдээр инээн өгүүлрүүн: “Багшийн бурханд золгож бодь хутаг олох сэтгэл хүнд болсон тул, өдөр сарыг цөм умартжээ. Энэ өдөр цагаан сарын арван гурван тул үдэш зулын гэрлийг туршиж үзмүй. Нөгөөдөр яв хэмээн арван тавны тэргэл шөнө тул зулын наадам эхэлж арван найман есөн хүрмээжин сая зогсмуй. Манай эндэх хүмүүс зочинд дуртай, албан яамны түшмэл ардад халамжтай тул айл өрх бүхний гадна зул дэн өндөр өргөж шөнө турш бялар бишгүүр хөгжимдмүй. Бас эртнээс уламжлагдаж ирсэн нэгэн “Алтан зулт гүүр” буй, өдгөө нэн их дэлгэрчээ. Их багш хэдэн өдөр үлдэхийг зөвшөөрвөөс өчүүхэн тойд бид өргөнөөр зочилж чадмуй.” Тансаг аргагүй болоод энэ үдэш энд хонохоор болов. Үдэш болсонд сүмийн гол дуганы дээр хэнгэрэг харангын дуу нүжигнэж, хот зээлийн өглөгийн эзэд бурханд зул барьсанд Тансаг багш шавь дөрвүүл гэрээс гарч зул үзээд хойш буцаж нойрсов.

 

            Маргааш сүмийн тойд цав барьсанд Тансаг зооглосны дараа олон тойд лугаа хамт хойд цэцгийн хүрээлэнд зугаацахаар хүрвээс үнэхээр гайхамшигт сайхан газар ажгуу:

 

Цаг нь хаврын эхний улирлаар дэлгэрсэн тул, цаглашгүй гүн ой ногоон өнгө үзэмж нь сайхан. Дөрвөн улиралд зүйл бүрийн цэцэг өнгө булаалдан дэлгэрч, уул тал давхар давхар сонин оргилд сэгийжээ. Үнэрт өвс индрийн дэргэд соёолж, тэргүүлэгч цэцгийн салаанаас сайхан үнэр анхилжээ. Улаан тоороос навч нахиа хөвөрч, ногоон бургаснаас хөх гөлөг гөлөглөжээ. Жин Хө хүрээлэнгийн сайхныг мэдсэний учир юун, Ван Цүэн зургийн гоёыг өгүүлсний хэрэггүй. Горхины ус нэгэн салаанд хээрийн шувуу ирж одох олдошгүй, хулсан намаг мянган зүйлд холоос ирсэн зочин шүлэглэх үгээ олж эс чадав. Цээн цэцэг, мандарваа цэцэг, улаан баян цэцэг, мөшөөлт цэцэг тэнгэрийн санааг сэргээж, буурцаг цайны цэцэг, улаан тэргүүлэгч цэцэг, угтмал цэцэг, бэлгэт цэцэг хамаг эд дэлгэрчээ. Уулын ард цас хунгарлаж өвлийн байдлаа хадгалж, холхи шугуйд униар татаж хаврын үзэмжийг авчирчээ. Нуурын усанд бугын сүүдэр үзэгдэж, нарсны доор тогоруун дуу сонсогдмуй. Зүүн баруун талын асар тагтад холын зочин бууж, хойд урд сүм хийдэд хувраг тойд ном хуржээ. Цэцгийн хүрээлэнд барьсан сэлгүүцэх асрын үүлэн саравч сэгийж, үүл усны хүрээлэнд байршсан шид бүтээх өргөөний үүд цонх гялалзжээ. Өв тэгш сайхан жаргалант орон энд байх атал, өөр газраас хутагтын тойныг эрсэн учир юун.

 

Шавь дөрвүүл цэцгийн хүрээлэнд нэгэн өдөр зугаацаж бас зулын наадмыг үзэхээр эчив. Үзвээс:

 

            Хас манахын балгасан, болор эрдэний агуй, үзэсгэлэн нь таж магнаг овоолсон мэт. Молор гялтгануурын орд харш дэгтэрлэсэн нь гантиг чулууг сийлсэнд адил нарийлаг сайхан. Гүүрийн сүүдэр навталзан хөдлөхөд тэнгэр газар дайвалзаж, хэдэн суурь ал модонд улаан дөл тулалзжээ. Зургаан гудамжинд бялуу бишгүүрийн эгшиг сонсогдоход, мянган өрхийн үүдэнд тэргэл сарны гэрэл тусчээ. Хэдэн газар лаг мэлхий нуруу сэгийн харагдахад матар загас далайгаас гарч гарьд галбинга огторгуйд дүүлжээ. Зулын гэрэл сарны туяаны найрамдууд амьтан бүхэн баярлаж, таж гэмэрлэгийн эгнээний бишгүүрийн дуунд хүн бүхэн баясчээ. Тэрэг морины чимээ дуулдахад гоо охид сайхан хөвгүүдийн хасын царай харагдаж, үзэмж нь үнэхээр барагдашгүй үлэмж.

 

Тансаг олон тойд лугаа сүмийн дээрээс зулын үзэмжийг нэгэн зэрэг сонирхоод, бас хотын зүүн хаалганы өмнө хүрч баахан наадан зорчиж шөнийн хоёрдугаар жингийн үед сая хойш буцаж амрав.

 

            Манагар болсонд Тансаг олон тойдод өгүүлрүүн: “Би суварга үзвээс шүүрдсүгэй хэмээн амласан бөлгөө. Энэ өдөр арван тавны сайн өдөр тул би суваргыг шүүрдсүгэй, хүсэх нь тойд та суварганы хаалгыг нээж өгөх ажаамуу.” Тэр тойд үүнийг сонсоод суварганы хаалгыг нээж өгөв. Шороо карша намжрыг тэврэн багшийгаа дагаж, суваргын нэгдүгээр үед гарсны хойно, кирша намжраа Тансагт нөмрүүлсэнд тэр багш бурханд мөргөөд суваргын нэгдүгээр үеийг шүүрдэж дээлээ Шороод өгөв. Бас хоёрдугаар гуравдугаар ...... үеийг шүүрдэн арилгасаар орой дээр хүрэхэд давхар бүрт цөм бурхан тахиж ахуу бөгөөд цонх үүд цөм нээгджээ. Үе бүхний үзэмжийг маш гайхан бууж ирэхэд нэгэнт орой болж дэн зул асаажээ.

 

            Энэ өдөр чив хэмээн яг арван тавны шөнө тохиолдсон тул, тэр сүмийн тойд өгүүлрүүн: “Их багш, бид өмнө шөнө энэ сүмээс буюу хотын гаднаас зулыг үзэв. Энэ шөнө бид хотын дотор орж алтан зул үзвээс ямар?” Тансаг их л баясан багш шавь дөрвүүл олон тойдыг дагаж зул үзэхээр одов.

 

Арван тавны саруул сайхан шөнө, гүн огторгуйд хаврын үзэмж найрамдуу. Үймээнт хотын үүдэнд өнгөт зулыг өндөр өлгөж, үй олноор энх амгалангийн дууг дуулжээ. Зургаан гудамж гурван зээлд зулын гэрэл гялалзаж, хагас огторгуйд эрдэнийн толь өлгөгджээ. Дэгдсэн тэр тэргэл сар нь Пин Игийн өргөсөн хас таваг мэт, өлгөсөн энэ зул нь хувилгаан охидын нэхсэн хивс адил. Зулын гэрэл саран дээр тусахад туяа нь нэг дахин нэмэгдэж, сарны туяа зул дээр тусахуйяа гэрэл нь арван хувь бадарчээ.  Гинжит гүүр алсад үргэлжлэн үзүүр нь үзэгдэхгүй, галт зулын гэрэл гай зээлд  тулалзан хязгаар нь харагдахгүй. Цасан лавсагт зул, мэй цэцэгт зул, хаврын мөс бударсан мэт хатгамал бүрхүүлт зул, зураг халхавчит зул, таван өнгийн дурдан зангидсанд адил. Хушгын зул, лянхуан зул асрын үүднээ өндөр өлгөж, хөх арслангийн зул, цагаан зааны зул зулын тавиур дээр гэрэлтжээ. Хайрст загасан зул, лаг мэлхийн зул, пингийн өмнө сэжилхийлж, ямаан зул, туулайн зул саравчийн дээр бадарчээ. Гарьд галбингын зул хоёр хоёроор хосолж, барсын зул, морины зул хос хосоор явжээ. Шидэт тогоруун зул, цагаан бугын зулд уртнасан од заларч, алтан загасан зул, халим загасан зулд шүлэгчин Ли Бай морджээ. Лаг мэлхийн зулын доор хувилгаан сахиусан цугларч, жороо морин зулын дэргэд өрлөг түшмэд жагсчээ. Мянган өрхийн үүдэнд зулын гэрэл гялалзаж, арван газрын алсад утаа униар татжээ. Эндэх этгээдэд хазаарын дуун хангирцлан эрдэнэ хөлөг давхилдаж, тэртээ этгээдэд хүрдэн чимээ түчигнэн үнэрт сүйх өнгөрчээ. Заслын асрын цонхны цаана сайхан хүмүүс мөр зэрэгцэн, хирсэг түшин, гар хөтлөлцөн хос хосоор наадаж, ногоон усны гүүрийн дэргэд согтуу залуус инээлдэн үймэлдэн бөөн бөөнөөр зорчин явжээ. Хот дүүрэн бяларын дуу зогсолгүй дуурсан, бишгүүрийн эгшиг тасралгүй гарчээ.

 

Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг нь:

 

            Тайван байдалд их л баясан хүн амьтан хурж,

            Таж гэмэрлэгийн талбайн дотор өнгөт цэцгийг дуулжээ.

            Сарт шөнө зулын доор арван тавныг өнгөрөхүйеэ,

           Салхи бороо сайн тэнцэх элбэг жилийг бэлэглэжээ.

 

            Энэ үест эрхэм харц хэмээн ялгалгүй хүн амьтан их л үймэлдэн, дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж, цам харайн заан унаж нааш цааш зөрөлдөх нь үнэхээр барагдашгүй олон. Тансаг олон тойд лугаа тэр алтан зулт гүүрний дэргэд хүрч ирээд үзвээс гангийн чинээ бүдүүн гурван цөгцөнд зул асаажээ. Түүний дээрээс нь цөм алтан утсаар маш нарийн тохилог хүрсэн хоёр давхар асар тагтын дотор тун нимгэн болор шилийг тааруулж, гэрэл нь саран мэт тунгалаг болоод тосны үнэр нь маш сайхан. Тансаг олон тойдоос ийн асууруун: “Энэ ямар тос болоод үнэр нь юунд ийм сайхан буй?” Тэр тойд өгүүлрүүн: “Багш чи мэдэх бус, манай энэ Фугаас хоёр зуун дөчин газар холд нэгэн Мин Дян хэмээгч Сянь буй. Тэнд тосны алба хаагч хоёр зуун дөчин өрх сууж амуй. Фу Сяний газраас авах бусад алба нь хямд, гагц энэ тосны алба нь хэцүү. Тосны алба хаагч өрх жил бүр хоёр зуу илүү лан мөнгө зарцуулмуй. Энэ тос хэмээгч ерийн тос бус, сайхан үнэрт шар тос бөлгөө. Нэг лан тосны үнэ хоёр лан мөнгө, нэг жин нь гучин хоёр лан мөнгө. Нэг цөгцөнд таван зуун жин тос орж, гурван цөгцөнд нийт мянга таван зуун жин тос орох бөгөөд үнэ нь дөрвөн түм найман мянган лан мөнгө хүрч гуравхан шөнө шатмуй.” Бичин өгүүлрүүн: “Ийм их тос юунд гурван шөнө шатаж бармуй?” Тэр тойд өгүүлрүүн: “Цөгц бүрт өлөн цагаанаар хүрсэн дөчин есөн зулт морь буй бөгөөд цөм торго дурднаар чимэн ороожээ. Нэгэн шөнө шатааваас дараа шөнө бурхан биеэр илэрч, бас нэгэн шөнө өнгөрвөөс зулын гэрэл бүдгэрэн тос нь ширгэж үгүй болмуй.” Гахай хажуугаас инээн өгүүлрүүн: “Бодвоос бурхан тосыг хураан авчирсан буй за.” Тэд тойд өгүүлрүүн: “Тийн болой, эртнээс нааш энэ хотын хүмүүс тосыг бурхан хурааж аваачив хэмээн өгүүлдэг бөлгөө. Тос ширгэвээс хур бороо тэнцэн тариа төмс төрөөд, эс ширгэвээс ган хавсарга болж тариа алдах тул эндэх хүмүүс ийн тахьжээ.”

 

Хараахан ийн өгүүлэлдэн атал, гэнэт огторгуйд их салхи салхилсанд зул үзэгч хүмүүс цөм айж тархан одов. Олон тойд мөн зогсож чадахгүй болоод: “Багш, бид харьсугай, салхи салхилах нь бурхан багш зул үзэхээр ирэв” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Бурхны ирснийг яаж мэдэв?” Тэр тойд өгүүлрүүн: “Жил бүр ийн болой, шөнийн гурван жингийн үес их салхи салхилахад бурхан багш морилон ирснийг мэдээд хүн бүхэн зайлан оддог бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Миний санаанаас үл гарах нь бурхан бөлгөө, миний унших ном мөн бурхны ном бөлгөө, миний мөргөсү хэмээн хүсэх нь бас ч бурхан бөлгөө. Өдгөө бурханд учирсан тул мөргөвөөс сайн буюу.” Олон тойд үүнийг сонсоод эс гарав. Удалгүй салхины дотроос гурван бурхан илэрч зулын дэргэд хүрч ирсэнд, Тансаг зулт гүүрний дээр гарч мөргөсүгэй хэмээтэл, Бичин яаран татаж: “Багш, энэ сайн хүн бус, лав шулам буй за” хэмээн өгүүлтэл, гэнэт зулын гэрэл бүдгэрэн нэгэн их дуу гарч Тансагийг шүүрэн салхи хөлөглөн одов. Аяа, аль уулын үнэн шулам байгаад, ариун бурхны нэрийг зааж алтан зулыг үзэхээр ирсэн болов. Гахай Шороотон их айж багшийгаа эрж гүйлдэхэд, Бичин өгүүлрүүн: “Багшийг та эрэх хэрэггүй, багш жаргалын туйлд хүрвээс зовлонд учрах тул шуламд баригдав.” Тэр тойд үүнийг сонсоод их л эмээж: “Өвөг минь та шулмыг хэрхэж танив” хэмээсэнд, Бичин инээн өгүүлрүүн: “Та цөм ертөнцийн эгэл хүн тул, шулмын бурхан хэмээхэд хууртагдаж жил бүр зул барьжээ, саяын салхинд илэрсэн тэр бурхан хэмээгч гурван шулам болой. Миний багш шулмыг танихгүй бурхан хэмээн итгэж зулт гүүрэн дээр гарч мөргөсүгэй хэмээтэл, гэнэт зулын гэрэл бүдгэрч тэр тосыг саванд уутлан багш лугаа авч оджээ. Би хожимдсон тул тэр гурван шулам цөм салхи хувилан дутаан оджээ.” Шороо өгүүлрүүн: “Ах, тийм болбоос өдгөө хэрхсү?” Бичин өгүүлрүүн: “Татгалзаж үл болох, та хоёул сүмд орж морь амьтайгаа сайтар сахигтун, өвгөн Сүн би тэр салхины хойноос нэхэн одсугай.”

 

Их богд төд тонгорцоглож огторгуй дээр гаран тэр салхины нялуун үнэрийг дагаж зүүн хойш нэхэмжлэн одсоор үүр цайхын үед салхи нь намдаж нэгэн ууланд хүрч ирэв. Тэр уулын ургасан нь үнэхээр бэрх ажгуу. Үзвээс:

 

Уул хад давхар давхар, урсгал мөрөн муруй сарий. Уул хаданд ороонго зэл торлож урсгал мөрний дэргэд нарс майлсан сэгийжээ. Өглөөний мананд тогоруу дуугарч, үүрийн униарт галуу донгоджээ. Эрвэн сэрвэн оргилууд жад мэт ярайлцаж, эрс тэрс хаднууд загасны хайрсад адил ургажэ. Уулын оройн түмэн жан өндөр, давааны бартаа нь мянган газар өргөн. Ургамал мод улирлыг даган хөвөрч, уран хэлтэн үзэмжийг бахараан донгоджээ. Жигтэй ургасан аглаг уул зүрх алдам өндөр. Хөл зогсон хүлээвч хүн амьтан харагдахгүй. Хүрхрэн архиран сонстох нь хүрэн барсын дуун. Араат гөрөөсөн хүрч очих нь мэдэгдэшгүй, хөх чоно цагаан туулай ирж явах нь танигдашгүй. Хүрхрээ усан хөвийн ёроолд цутгалж хөөсрөн долгиолох дуу нь хүнгэнэн дүнгэнэн сонстмуй.

 

Их богд хадны орой дээр зогсож зам эрэн харж байтал, баруун хөтлөөс дөрвөн хүн гурван ямааг тууж “Амрах болтугай” хэмээх үгийг аманд хашгиран бууж ирэхийг Бичин үзээд нарийвчлан харваас жил, сар, өдөр, цагийн дөрвөн эзлэгч бие хувилан айсуй.

 

            Их богд болд бэрээгээ гаргаж нэгэнтээ сэжин аяган чинээ бүдүүн, хоёр жан урт болгоод: “Та биеэр нууж хааш одмуй?” хэмээн зандран асуусанд, дөрвөн эзлэгч биеэ танигдсаныг мэдээд ямаагаа орхиж яаран сөгдөж “Их богд, бидний ялыг уучил!” хэмээн мөргөсөнд Бичин өгүүлрүүн: “Энэ орчим та нарыг үл хэрэглэсэнд, та цөм алжуу залхуугийн туйлд хүрч өвгөн Сүн намайг хэрэгсэхээргүй болсны учир юун! Та бүгд миний багшийг далдаас хамгаалсу хэмээгээд өдгөө цөм хааш одов?” Дөрвөн эзлэгч өгүүлрүүн: “Чиний багш, тойны сэтгэлийг сул тавьж Жин Пин Фугийн Нигүүлсэхүй үүлэн сүмд жаргалыг эдлэн суусан тул жаргалаас зовлон үүсч өдгөө шуламд баригдах аюулд учрав. Чойжин бурхан чиний багшийг хамгаалж амуй. Их богд шөнийн харанхуйгаар шулмыг нэхэмжлэн одохыг бид мэдээд уул усны байдлыг чамд хэлсүгэй хэмээн ирэв.” Бичин өгүүлрүүн: “Та хэлбээс барав, бас юунд нэрээ нууж ямаа туун хашгиран ирмүй?” Дөрвөн эзлэгч өгүүлрүүн: “ “гурван аргад амрах” хэмээдэг бөлгөө, энэхүү бэлгэтэн гурван ямааг тууж ирэв.” Бичин үүнийг сонсоод занчихыг байж шийдмээ хурааж баясан өгүүлрүүн: “Энэ уул шулмын орон мөн буюу?” Дөрвөн эзлэгч өгүүлрүүн: “Мөн, мөн, энэ уулын нэр нь Хөх луут уул хэмээмүй. Үүний дотор нэгэн Хар сүрт хэмээх агуй буй. Агуйн дотор гурван шулам буй,  их шулмын нэр нь Хүйтнийг халхлагч их ван, хоёрдугаар шулмын нэр нь Халууныг халхлагч их ван, гуравдугаар шулмын нэр нь Тоосыг халхлагч их ван хэмээмүй. Энэ гурван шулам энд сууж нэгэнтээ мянган жил болов. Энэ гурван шулам хараахан багаасаа шар тосонд дуртай тул, Жин Пин Фугийн ноёдыг бурхан болон хуурч алтан зул бариулан  жил бүр энэ тосыг хурааж авмуй. Энэ жил чиний багшийг ариун тойн хэмээн таниад барьж аваачин тосонд чанаж идсүгэй хэмээмүй. Их богд түргэн багшаа гаргаваас сайн.”

 

            Бичин үүнийг сонсоод дөрвөн эзлэгчийг зандран буцааж даамай хэдэн газар явсангүй нэгэн хадны хажууд чулуун агуй харагдав. Тэр чулуун агуйн хаалга нь хагас нээгдэж дэргэдэх хөшөө чулуун дээр “Хөх луут уулын Хар сүрт агуй” хэмээх зургаан их үсэг сийлжээ. Бичин тэр агуйд аймшиггүй орсонгүй, хаалганы дэргэд зогсож: “Шулам, миний багшийг эртхэн гаргаж өг!” хэмээсэнд, гэнэт хаалга нээх их дуу гарч дотроос нь нэгэн сүрэг үхэр толгойт шулам гүйлдэн гарч ирээд хилэгнэн өгүүлрүүн: “Чи хэн хэмээгч буй? Ямар айлгүй хаалганд ирж бархирмуй?” Бичин өгүүлрүүн: “Би болбоос зүүн их Тан улсын ном залагч тойн Тансагийн их шавь Сүн Ү Күн хэмээгч бөлгөө. Жин Пин Фугаар өнгөрөхөд бид зул үзэн атал таны шулмын түрүү миний багшийг авч ирэв. Эртхэн гаргаж өг, эс бөгөөс таныг цөм цус нөж болгомуй.”

 

            Тэр бага шулам сонсоод дотогш орж: “Их ван булай болов!” хэмээв. Тэр үед гурван шулам Тансагийг агуйн духанд аваачиж юу ч асуусангүй дээл хувцсыг нь тайлаад ариун усаар угааж хэсэг хэсэг хэрчиж тосонд хайран идсүгэй хэмээн санаж байжээ. Гэнэт “Булай болов.” хэмээх дууг сонсоод их шулам ихэд цочин учрыг асуусанд, тэр бага шулам өгүүлрүүн: “Агуйн гадна нүүрэндээ үстэй, аянгын эрхтэн мэт нэгэн тойн хүн ирж, түүний багшийг их ван чамайг барив хэмээмүй. Хэрвээ түүний багшийг түргэн гаргаж өгвөөс, бидний амийг үлдээж эс өгвөөс бидний үүрийг эвдэж хүн бүхнийг цус нөж болгох хэмээн хараамуй.” Тэр гурван шулам ийн өгүүлэхийг сонсоод цөм цочин өгүүлрүүн: “Тэр тойныг барьж ирээд ямар хүн болохыг асууж эс завдав. Хүүхэд та тэр тойнд хувцсыг нь өмсгөн авч ирэгтүн, чухам хаанаас ирсэн ямар хүн болохыг асуусугай.” Олон бага шулам Тансагийн хүлээсийг тайлж дээлийг нь өмсгөөд, өмнө харшид түлхлэн авч ирсэнд Тансаг маш айн чичрэн: “Их ван амийг минь уучил!” хэмээн гуйсанд, тэр гурван шулам нэгэн дуугаар: “Чи ямар газраас ирсэн тойн бэ? Бурхны үнэн бие илрэн атал юунд бидний үүлэн замыг хашиж аймшиггүй үл зайлах нь юун?” хэмээсэнд, Тансаг мөргөн өгүүлрүүн: “Ядуу тойн би болбоос зүүн газрын их Тан улсын элч тойн бөлгөө. Баруун газар бодийн орны Аянга дуут сүмд хүрч бурхан багшид золгон ном залахаар одмуй. Жин Пин Фугийн Нигүүлсэхүй үүлэн сүмд хүрч ирээд тогоолоход, тэр сүмийн тойд намайг үлдээж арван тавны зулыг үзүүлсүгэй хэмээв. Урьд шөнө алтан зулт гүүрийг үзэхүйеэ, их вангийн бурхны дүрийг илрүүлсэнд эгэл тойн би эс таниад мөргөсүгэй хэмээгээд танд баригдав.” Тэр шулам өгүүлрүүн: “Зүүн газар хэмээгч манай эндээс маш хол, та хэдүүлээ явж амуй, нэр цөм хэн хэмээмүй, түргэн хэлж өгвөөс чиний амийг уучилсугай.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн миний нэр нь Чэн Шуан Зан хэмээмүй. Багын насанд алтан уул сүмд тойн болов. Хожим Тан хааны хишгийг хүртэж Чан Ан балгасны Хүн Фу Сэ сүмд тэргүүн тойн болон суув. Хааны түшмэл Вэй Чинсан зүүдээр Жин Хэ голын лусын эзний тэргүүнийг цавчсанд, Тан хаан эрлэгийн орноор тойрч дахин амилжээ. Тан хаан өглөг буяны их хурал хийж зуурдын сүнсийг тонилгохын цагт, Тан хаан ядуу тойн намайг хайрлаж, энэ их хурлын тэргүүн тойн болгосонд, би бага хөлгөний номыг уншив. Завшаанаар Хомсим бодисадва биеэр залран ирж, “баруун орны Аянга дуут сүмд гурван их хөлгөний судар буй, энэ судар сая үхэгсдийг тэнгэрт дэвшүүлэн чадмуй” хэмээсэнд Тан хаан намайг ном залахаар илгээхийн цагт нэрийг нь Тансаг хэмээн хайрлажээ. Надад гурван шавь буй, их шавийн нэр нь Сүн Ү Күн. Тэр тэнгэр лүгээ чацуу их богд хэмээх их цолыг олж өдгөө номын ёсонд оржээ.” Тэр гурван шулам их богд хэмээх нэрийг сонсож ихэд цочин өгүүлрүүн: “Тэр их богд хэмээгч таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээсэн Бичин ван мөн буюу?” Тансаг: “Мөн, мөн” хэмээгээд бас “Хоёрдугаар шавийн нэр нь Жу Ү Нэн. Урьд тэнгэрийн их өрлөг байжээ. Гуравдугаар шавийн нэр нь Ша Ү Жин. Урьд тэнгэрийн орхиул эвхэгч жанжин байжээ” хэмээсэнд, тэр гурван шулам үүнийг сонсоод цөм зүрх нь долгисон: “Завшаанаар үүнийг эс идэв, энэ тойны гар хөлд гав гинж хийж хойд гэрт хичээн хадгалагтун! Түүний гурван шавийг барьсны хойно идсүгэй” хэмээв.

 

            Гурван шулам бие хуяглаж агуйгаас гарч ирээд агсран өгүүлрүүн: “Аймшиггүй миний агуйд ирж хашгирах хүн хэн буй?” Бичин хадны дээр харайн гарч нарийвчлан үзвээс, шулмын дүрсэн аж:

 

Эрээн алаг нүүрт гархин нүд гялалзаж, эсэрүагийн дундаас хоёр эвэр ургажээ. Үзүүрлэсэн дөрвөн чих нь ас дээшээ босож, үлэмж сонортой нүхнээс өнгийн гэрэл цацарчээ. Өвч бие нь будагт зураг мэт, өмссөн дээл нь эрвээхийд адил алаг. Нэгдүгээр шулам нь, үнэгэн арьсан улаан малгайг тэргүүнд залж, өрвийн ургасан нүүрний үснээс халуун уур баагилжээ. Хоёрдугаар шулам нь биед өмссөн сиймхий шаагаас улаан дөл тулалзаж, бидэрьяа дөрвөн туурайнаас эрдэнийн хас хангинуулжээ. Гуравдугаар шулам нь ална хэмээн хашгирах дуу аянга нижигнэсэн мэт, арзайн харагдах шүд нь алтан зүү хатгасанд адил. Нэгэн нь бас дөмөө атгаж нөгөө нь алганд дам илдийг барьжээ. Гуравдугаар нь мөрөнд булцуут манцуургыг хөндлөн үүрчээ. Бас үзвээс өндөр богино, тарган эцэнхий их бага үхэр толгойт шулам гарт жад шийдэм өргөлцөн гарч ирэх бөгөөд гурван их тугийн дээр “Хүйтнийг халхлагч их ван” “Халууныг халхлагч их ван” “Тоосыг халхлагч их ван” хэмээх үсгийг тус тусад бичжээ. Бичин нэгэн зэрэг үзээд тэсэж ядан урагш очиж: “Тос хулгайлагч муу шулам! Сүн өвөг эцгээ танихгүй буюу?” хэмээн ихэд зандарсанд, тэр шулам ихэд зандран өгүүлрүүн: “Нэрийг чинь сонссон боловч зүсийг чинь үзсэнгүй, зүсийг чинь үзвээс бурхан тэнгэрийг ичээн алжээ” хэмээгч нь үүнийг өгүүлжээ. Чи хэмээгч тэнгэрийн орныг ихэд түйвээсэн Сүн Ү Күн мөн буюу? Өдгөө үзвээс ийм нэгэн сармагчны зулзага ажгуу!” Бичин үүнийг сонсоод маш хилэгнэн хараан өгүүлрүүн: “Тос хулгайлагч шулам чи дэмий олон юм донгодсоны хэрэггүй, миний багшийг түргэн гаргаж өг!” хэмээн шийдэм далайн занчин ороход, тэр гурван шулам бас тус тусын зэвсгээ өргөн угтан байлдав. Уулын хотгорт энэ нэгэн зэрэг их л байлдсан нь:

 

Булцуут манцуурга, дөмөө сүх, дам илдээр занчин ирэхэд, Бичин багш ганц биеэр бэрээ далайн угтан байлдав. Халуун хүйтэн тоосыг халхлагч гурван их шулам, хан хурмаст тэнгэригш түйвээсэн их богдыг үзмэгц танив. Бэрээ өргөн бархирахад бурхан сахиулсан айлдаж, манцуурга далайн сүхээр занчихад манан хүдэн татжээ. Балар эртнээс бясалгал хийсэн Бичин ван, бурхны дүрээр овлосон гурван шулам лугаа байлдан эхлэв. Тос хулгайлан хамарт түрхсэн тэр гурван шулам Тансагийг барьж заавал идэхээр зориг нэгэнтээ шууджээ. Энэ нэгэн нь багшийгаа хамгаалан мянган уулын бартааг гаталж гэхээр, тэр гурав нь мах идэхийг бодож мөнхийн зулыг барин хүлээжээ. Сүх илдний сүрчигнэн ирэх нь хэцүү хэмээвэл, чандмань бэрээний тосон авах нь цахилгаан цахилсан мэт. Баруун зүүнээс гурван шулам хавчин байлдах хэцүү хэмээвэл, баатар зоригийг ихэд бадруулан Бичиний тосон авах бас ч гайхалтай. Өглөөнөөс үдэш болтол үхэн байлдсан боловч, үнэндээ хэн нь дийлж хэн нь дийлэгдэхийг ялган мэдэхүйеэ бэрх.

 

Бичин нэгэн шийдмээр гурван шулам лугаа байлдан нэг зуун тавин удаа зөрөлдөхөд тэнгэр хараахан орой болж хэн ялан дийлэн дийлэгдэх ялгарахгүй болжээ. Тоосыг халхлагч их ван гар дахь манцуургаа нэгэнтээ сэжилхийлэн жагсаалаас буруулан гараад далбаагаа нэгэнтээ сажсанд бүгд бага шулам Бичинийг томоолон занчин ирэхэд, Бичин ганцаар тул үүл хөлөглөн дутаан одов. Тэр гурван шулам Бичиний хойноос нэхсэнгүй. Олон бага шулмыг авч агуйд орсны хойно оройн хоолоо идэв. Бас бага шулмыг зарж Тансагт хоол өгсөнд тэр их багш нэгэд мах үл идэх, хоёрт зовлон амсаж байх тул уйлсаар тэр хоолыг хэлэндээ эс хүргэснийг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин үүл хөлөглөн Нигүүлсэхүй үүлэн сүмд буцаж “Дүү нар минь” хэмээн дуудсанд, Гахай Шороо хоёул мөн удтал хүлээж тэсэж ядан атал, ийн дуудах дууг сонсмогц тосон гарч ирээд: “Ах чи юунд хэдий их удав, багшийн чимээ ямар болов?” хэмээсэнд, Бичин инээн өгүүлрүүн: “Өчигдөр шөнө тэр салхины хойноос нэхэмжилж үүр цайхын үед нэгэн ууланд хүрч шулам үзэгдэхгүй болов. Завшаанаар дөрвөн цагийн эзлэгчид учирч учрыг нь сонсвоос тэдний өгүүлсэн нь: “Энэ уулын нэр нь “Хөх луут уул”, уулын дотор нэгэн хар сүрт хэмээх агуй буй. Тэр агуйн дотор гурван шулам суужээ, их шулмын нэр нь хүйтнийг халхлагч их, хоёрдугаар шулам халууныг халхлагч их ван, гуравдугаар шулмын нэр нь тоосыг халхлагч их ван хэмээжээ. Уул нь энэ гурван шулам бурхны дүрээр хувилж Жин Пин Фугийн ноёд иргэдийг хууран зул бариулж жил бүр тосыг хулгайлан аваачжээ. Энэ жил бидэнд тохиолдоод шулам сайн мууг үл мэдэн багшийг барин аваачив. Өвгөн Сүн би шулмын чимээг сонсоод дөрвөн цагийн эзлэгчийг хойш буцааж багшийг хамгаалуулав. Өвгөн Сүн би агуйн үүдэнд хүрч хараасанд, үхэр толгойт гурван шулам гарч ирснийг үзвээс, нэгэн нь дөмөө гарт хэрэглэж, нэгэн нь дам илдийг атганд барьж, бас нэгэн нь булцуурт манцуургыг мөрөнд үүрчээ. Өвгөн Сүн би гурван шулам лугаа бүхэл нэгэн өдөр байлдаад дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал, шулам далбаагаа сажилсанд бага шулам цөмөөр гарч ирээд намайг томоолон авсанд, би үүл хөлөглөн дутаан ирэв.” Үүнийг сонсоод Гахай өгүүлрүүн: “Энэ нь эрлэгийн орны чөтгөрийн ван буй за?” Шороо өгүүлрүүн: “Эрлэгийн орны чөтгөрийн ван мөн болохыг чи яаж мэдэв?” Гахай инээн өгүүлрүүн: “Ах, тэр шулмыг үхрийн толгойтой хэмээхэд би мэдэв.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний үзэхэд гурван хирс шулам бүтжээ.” Гахай өгүүлрүүн: “Үнэхээр хирс болбоос түүнийг амьдаар барьж эврийг нь тайрч авбаас мөн хэдлэн лан мөнгөний үнэ хүрмүй” хэмээв.

 

            Хараахан ийн өгүүлэлдэн атал, тэр сүмийн тойд орж ирээд: “Сүн өвөг, оройн цав зооглох болов уу?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Дөхөм, дөхөм, идэхгүй боловч үл болохгүй.” Олон тойд өгүүлрүүн: “Та нэгэн өдөр байлдаад үл өлсөх ёсон буй буюу?” Бичин инээн өгүүлрүүн: “Нэгэн өдөр юуны хамаа буй, өвгөн Сүн би таван зуун жил юу ч идсэнгүй мөн болсон болой!” Олон тойд үүнийг үл мэдэх тул цөмөөр инээлцэв. Удалгүй цав орж ирсэнд, Бичин идэж бараад өгүүлрүүн: “Бид өдгөө унтаад маргааш эрт одож шулмыг баривчлан багшийгаа гаргасугай.” Шороо сонсоод: “Ах чи ямар үг хэлмүй! Шулам энэ шөнө унтахгүйгээр багшид хор хийх мэдэшгүй, бид өдгөө явж тэднийг барьсугай, баахан хожимдвоос багш эндэл гарах мэдэшгүй” хэмээсэнд, Гахай сүр бадруулан харайн босоод: “Дүү Шорооны үг зөв болой! Бид энэ шөнийн сарны гэгээнд шулмыг барьсу” хэмээсэн, Бичин үгийг дагаж тэр сүмийн тойдод захин өгүүлрүүн: “Та манай морь амьтайг сайтар сахигтун! Бид шулмыг баривчлан худал бурхан болохыг Фугийн яаманд үзүүлж хамаг эрхиний тосны албыг зогсоовоос сайн хэрэг бус буюу?” Олон тойд үгийг дагав. Бичин ах дүү гурвуул үүл хөлөглөн одов. Энэ одсон нь ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 55 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 42 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 11 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 15 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 58 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 31 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 34 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 34 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 8 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 17 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 28 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 33 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 12 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 30 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 31 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 47 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК