зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН НАЙМДУГААР БҮЛЭГ:


БАДГАР ХОТОД ГУРВАН ТОЙН ИД ҮЗҮҮЛЭВ

БИЧИН ГАХАЙ ШОРООТОН ШАВЬ СУРГАВ

 

            Өгүүлэх нь, Тансаг баяр баясгалантайгаар Гарьд мужийн бэйлээс аярлан салж, морин дээрээс Бичинд өгүүлрүүн: “Шавь чиний энэ удаагийн үйлдсэн буян урьд удаагийн Аяг тахимлиг улсад хүүхдийг аварснаас үлэмж их болой, энэ цөм чиний гавьяа буюу.” Шороо өгүүлрүүн: “Аяг тахимлиг мянга нэг зуун арван нэгэн хүүхдийг аварсан нь яахан энэ нэгэн цагийн хураар бум түмэн амьтныг тэнхрүүлсэнд хүрмүй! Их ахын хувилгаан увидас их, ач хишиг түгээмлийг шавь би ч дотроо гайхнам.” Гахай инээн өгүүлрүүн: “Ахын энэрэл ивээл, өршөөл хайр хэдий их болсон ч өнгөн дээрээ өршөөл журмаар явж, үнэндээ хар санаа өвөрлөж ахуу болой, надтай хамт явмагц хал үзүүлэн зовоомуй.” Бичин өгүүлрүүн: “Би яахан чамайг зовоосон аж?” Гахай өгүүлрүүн: “Болжээ! Болжээ! Намайг шулмаар хүлүүлж, дүүжлүүлэх, чануулах, жигнүүлэх зэргээр зовоож гүйцэв. Энэ удаа Гарьд мужид бум түмэн хүнийг авран тэнхрүүлсэн тул зүй нь хагас жил суун, надад хэдэн цаг цадтал идүүлбээс зохих атал бас замаа хөөмүй хэмээн шаардмуй!” Тансаг тэр үгийг сонсоод зандан өгүүлрүүн: “Энэ муу мангуу, идэх чихэхээс гавьяаг мэдэхгүй! Хурдан явагтун, оргох хэрэггүй!” Гахай таг дуугүй гуншиж дамнуураа дамнан олны хамт явав. Өдөр сар өнгөрөх нь үнэхээр хурдан тул удалгүй намрын сүүл болох шахжээ. Үзвээс:

 

Ус урсгал татууран, уул ой шуурав. Навч цэцэг зулгаран, намрын эцэс шахжээ. Хяруу унах цаг болоод сарт шөнө урт санагднам. Жаргах нарнаа хулангийн утаа суунаглаж жихүүн амьсгал нүүр дээгүүр үлээмүй. Шарилж ганга улайж сайхан үнэр анхилмуй. Үр жимс боловсрон амуу тариа халиурмуй. Хээрийн галуу хөдөө буухуйяа хулсан утаа нийдэм будармуй. Эрэгчин тахиа нэгэнтээ дуугармагц эртлэн босож тариагаа хураамуй.

 

Дөрвүүл хараахан явж атал нэгэн хотын бараа харагдахад Тансаг ташуураар заан өгүүлрүүн: “Ү Күн, тэнд нэгэн хот харагдах нь ямар газар болохыг үл мэдмүй.” Бичин өгүүлрүүн: “Хүрээгүйгээр ямар газар болохыг хэрхэн мэдмүй? Замын хүнээс сурсугай.”

 

            Тийн өгүүлж атал, шугуйн дотроос гартаа хулсан таяг тулж, биедээ хөнгөн хувцас өмсөн хөлдөө олсон шаахай өшиглөн, бэлхүүсээр өргөн бүс бүсэлсэн нэгэн өтгөс гарч ирсэнд, Тансаг яаран мориноос бууж алгаа хамтатган амар ирэхэд: Тэр өтгөс таяг тулсаар харин ч ёслон асууруун: “Багш та ямар газраас ирсэн аж?” Тансаг өгүүлрүүн: “Үгээгүү хувраг би болбоос зүүн газрын их Тан улсын элч, баруун газрын Гандарагүд уулын бурхан багшид бараалан ном залахаар явмуй. Өдгөө эрхиний нутагт ирээд алсаас харагдах тэр хотын нэрийг үл мэдэх учир өтгөс өглөгийн эзнээс асуумуй.” Тэр өтгөс сонсоод өгүүлрүүн: “Хутагт тойн! Доордын газар нутаг болбоос Энэтхэг улсын харьяа Бадгар аймаг хэмээх болой. Аймгийн эзэн болбоос Энэтхэгийн хааны угсаа болох бөгөөд Бадгар хан хэмээн өргөмжлөгджээ. Энэ хан мэргэн эрдэмтэй бөгөөд тухайлан тойн хуврагийг хүндлэн ард эрхинийг хайрлах тул багш та золгохоор эчвээс эрхгүй хүндэтгэмүй.” Тансаг тал өгсөнд тэр өтгөс цааш одов.

 

            Тансаг сая сонссоноо шавь нартаа өгүүлсэнд тэд гурвуул ихэд баясан багшийгаа түшин моринд мордуулсугай хэмээхэд Тансаг: “Зам төдий хол бус тул морь унах хэрэггүй” хэмээн дөрвүүл явгалан явж хотын дүүрэгт хүрвээс тэнд арилжаа худалдаа хийгчид арвин, айл өрх олон тул их л хөөртэй. Зүс царай үг хэл нь Дундад улс лугаа адил байнам. Тансаг захиж: “Шавь нар хичээгтүн битгий дураар аашилтугай” хэмээсэнд Гахай тэргүүнээ дарж, Шороо нүүрээ далдлан ганц Бичин багшаа түшин явмуй. Зах зээлийн олон хүн хуран ирж гайхан бархиралдаж: “Манай энд лусыг дарангуйлж, барсыг номхотгох эрдэмт тойн ахуугаас бус, Гахай дагуулж самж хөтөлсөн хувраг үгүй” хэмээлдэхэд, Гахай тэсэж ядан хошуугаа гарган: “Та нар харин Гахай хааныг дарагч тойныг үзээгүй буй за” хэмээсэнд тэдгээр олон хүн их л гэлмэн, унаж тусан дутаасаар зайлан эчихүйеэ, Бичин инээн: “Тэнэг чи, үтэр түргэн хошуугаа хураагтун, гүүр гэтлэх тул хичээгтүн” хэмээсэнд тэнэг Гахай тэргүүнээ дарж дэмий л инээмүй. Унуул гүүрийг гэтлэн хотын хаалгаар орсонд дарсны мухлаг, дуучийн асар энд тэндгүй харагдан үнэхээр хутагтын орны хөгжилтэй балгас болой. Шүлэгт өгүүлсэн нь:

 

Өв тэгш бэх байгуулсан өнө бат хот, усыг нүүрлэн уулыг түшиж өнгө үзэмж сайхан. Эд таваар түгээсэн онгоц энд хуран цуглаж, архины мухлаг аянчины буудал аль олон харагдмуй. Асар тагт газар бүр сүндэрлэн арилжаа худалдаа гудамж бүхэнд баймуй. Тансаг байдал нь Тан улсын нийслэлээс дооргүй, тахиа нохойн дуу үе үе сонсогдон айл өрх зузаан.

 

Тансаг дотроо баярлан: “Баруун хязгаарын харь аймгууд хэмээн сонссоноос бус ирж өнгөрсөнгүй бөлгөө. Өдгөө үзвэл манай Тан улсаас юун өөр аж! Төгс жаргалант орон хэмээгч үүнийг өгүүлэх нь буюу. Бас сонсвоос цагаан будаа дөрвөн цэнд нэг таар, гүнждийн тос найман лийд нэгэн жин хэмээмүй! Үнэхээр таван тариа төрсөн орон ажгуу” хэмээн сэтгэв.

 

            Тийнхүү явсаар удалгүй Бадгар ханы ордонд хүрч ирэв. Ордны зүүн баруун этгээдэд зоог бэотгэх газар, зочдын ширээ зэрэг амуй. Тансаг өгүүлрүүн: “Шавь нар минь энэ нь ханы ордон буй за, би орж ханд бараалан замыг тэмдэг бичгээ халсугай.” Гахай өгүүлрүүн: “Багш ганцаар орвоос бид нар ордны үүдэнд зогсож хүлээх үү?” Тансаг өгүүлрүүн: “Тэр хаалганы дээр “зочдын өртөө” хэмээх ахуу бус уу! Та гурвуул тэнд орж морио идүүлэн намайг хүлээтүгэй. Би эчиж ханд бараалаад, хэрвээ цав хайрлаваас та нарыг дуудан хамт идсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Багш санаа амраар эчтүгэй, би мэдсү.” Шороо амьтай боодлоо дамнан өртөөнд орж ирсэнд, өртөө сахигчид нь тэдний дүр байдал айхавтарыг үзээд аймшиггүй асууж эс чадан, дураар нь суулгахыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Тансаг дээл малгайгаа халан өмсөж замын тэмдгээ авч ханы ордонд шууд хүрсэнд, хэдийн уламжлах түшмэл угтан ирж асууруун: “Хутагт тойн ямар газраас ирэв?” Тансаг өчрүүн: “Би болбоос зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газрын Аянгын дуут сүмд эчин бурхан багшид бараалж ном залах тойн болой. Өдгөө эрхиний аймагт орж ирсэн тул замын тэмдэг бичгээ халан авсугай хэмээн тухайлан мянган наст ханд бараалсу хэмээнэм.” Уламжлагч түшмэл орж айлтгасанд, тэр хан гэгээн мэргэн эзэн тул даруй залан оруулав. Тансаг харшийн дор хүрч ёсолсонд, ханаар харшид оруулан суудал хайрлав. Тансаг замын тэмдэг бичгээ өргөн дэвшүүлсэнд, хан үзвэл олон улсын тамга дарж ахуу тул их л баярлан эрдэнийн тамгаа дарж, гарын үсэг зураад эвхмэл дансанд тэмдэглэж Тансагаас асууруун: “Багш тойн та их Тан улсаас мордон олон улс аймгийг туулан энд хүрч иртэл хэдий чинээ газар явав?” Тансаг өгүүлрүүн: “Үгээгүү тойн би газрын хол ойрыг тэмдэглэсэнгүй, тэр жил Хомсим Бодисадва манай хааны өмнө биеэр илрэн магтан уншихдаа арван түмэн найман мянган газар хэмээсэн бөлгөө, үгээгүү тойн би аян замыг хөөсөөр халуун хүйтнийг нэгэнт арван дөрвөнтөө өнгөрүүлэв.” Хаан инээн өгүүлрүүн: “Халуун хүйтнийг арван дөрвөнтөө өнгөрүүлсэн бөгөөс даруй арван дөрвөн жил болжээ. Санавал зам зуур харш саад олон тохиов буй за.” Тансаг өгүүлрүүн: “Үнэхээр тоочоод баршгүй! Аль олон ад шуламд учран аюул зовлонг мохтлоо амсаад өдгөө сая эрхиний газарт хүрч ирэв!” Тэр хан сонсоод их л гайхан баясаж сайд түшмэдээ захиж цав бэлтгэ хэмээхэд, Тансаг айлтгаруун: “Үгээгүү тойны гурван шавь гадна хүлээж байх тул аюулгүй цав хүртэж чадахгүй, аян зам саатжээ.” Хан даруй зарлиг болруун: “Жасааны түшмэл эчиж багшийн гурван шавийг дуудан нэгэн хамт цав барьтугай!”

 

            Жасааны түшмэл тэдэн гурвуулыг залахаар гараад асуухад: “Үгүй! Үгүй,” хэмээлдэв. Олж үзэгсэд өгүүлрүүн: “Зочдын өртөөнд муухай дүртэй гурван хувраг сууж байх нь даруй мөн буй за” хэмээхэд даруй зочдын өртөөнд эчиж, өртөө сахигчдаас асууруун: “Аль нэгэн нь их Тан улсын ном залагч тойны эрхин шавь аж? Манай хаан залж цав барьсугай хэмээнэм” хэмээв. Үүрэглэж суусан Гахай гэнэт “цав” хэмээхийг олж сонсоод тэсэж үл чадан үсрэн босож өгүүлрүүн: “Бид даруй мөн болой! бид даруй мөн болой!” Тэд түшмэл үзээд сүнс зайлтал айж, чичрэн дагжсаар: “Бодон Гахай байнам! бодон Гахай байнам!” хэмээхэд Бичин сонсоод Гахайг татан өгүүлрүүн: “Дүү чи баахан ёс номтой атугай! Битгий бүдүүлэг аашлагтун!” хэмээхүйеэ, тэр түшмэл Бичинг үзээд: “Самжийн шулам! Самжийн шулам!” хэмээмүй. Шороо даруй гар өргөн ёсолж: “Эрхин хүнээс битгий эмээгтүн, бид гурвуул цөм Тансагийн шавь болой.” Тэд Шороог үзээд: “Галын бурхан! Галын бурхан!” хэмээлдмүй. Бичин даруй Гахайгаар морийг хөтлүүлэн, Шороогоор дамнуур дамнуулан олны хамт ордонд орж эчтэл жасааны түшмэл ордонд орж мэдүүлэв.

 

            Тэр хан эдэн гурвын ийм айхавтар сүрхийг үзээд айдас хүрэхэд Тансаг алгаа хамтатган өгүүлрүүн: “Мянган наст сэтгэл амар байгтун, миний шавь нарын зүс царай хэдий муу боловч харин зүрх сэтгэл нь сайн болой.” Гахай бас мэхийсхийн ёсолж: “Үгээгүү тойн ёс хиймүй” хэмээхэд тэр хан нэнт айв. Тансаг өгүүлрүүн: “Болхи шавь нар болбоос цөм уул хөдөөгөөс олсон тул ёслолыг мэдэхгүй, ялыг уучлан ажаамуу,” хан эмээлийг дарж, түшмэд нарт зарлиг буулган, саруул тэнхимд аваачин цав барь хэмээв. Тансаг даруй ханд тал өгөөд саруул тэнхимд эгэж Гахайг буруушаан өгүүлрүүн: “Энэ болхи амьтан ёс ном хэмээн огт үгүй! Нэгмөсөн дуугарсангүй бөгөөс харин гайгүй бөлгөө, яахан тэр мэт бүдүүлэг аашлан ихэс хүнийг цочоомуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Би амар мэндийг эрсэнгүй нь харин оножээ.” Шороо өгүүлрүүн: “Түүний амар эрэх нь огт эвгүй, урьдаар хоншоороо сэрийлгэн дэмий л бархирмуй.” Гахай өгүүлрүүн: “Амьдын зовлон хэмээгч энэ буюу! Хүн лүгээ үзвээс ийм тийм мэтийг мэдтүгэй хэмээн багш сургаж байлаа, өдгөө амрыг эрсэнд бас зөвөө олохгүй, би чамайг хэрхвээс зохимуй!” Тансаг өгүүлрүүн: “Би чамтай энгийн хүн учирваас амрыг эр хэмээснээс бус эзэн хаанд ч амрыг эрж болно хэмээсэн бус буй за, юунд энэ мэт ёс бусчилмуй! Эртний үгэнд “юманд дэс буй, хүнд зэрэг буй” хэмээжээ. Эрхин доордыг ялгахгүй яахан болмуй?” хэмээн хараахан хэлэлцэж атал зоог бэлтгэх түшмэл хэдийнээ ширээ засуулан цав авч ирэв. Багш шавь дөрвүүл даруй дуугүй болж цав зооглохыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр хан дотоод ордондоо буцсанд, тэнд байсан гурван хан хөвгүүн эцгийнхээ царай их л барайхыг үзэж угтан асууруун: “Эцэг хан энэ өдөр юутай ийн айн цочиж зовмуй?” Хан өгүүлрүүн: “Сая зүүн газрын Тан улсаас бурханд бараалан ном залагч нэгэн тойн замын тэмдэг бичгээ халах хэмээхэд түүний зүс царай эгэл бусыг үзээд цав барьсугай хэмээв. Түүнд бас гурван шавь амуй хэмээх тул би даруй залуулж авчирсанд, надад учраад мэхийж ёслохгүй гагцхүү мэхийсхийн амрыг эрэхэд би дургүй боллоо. Ийнхүү дүр байдлыг нь лавлан үзвэл гурвуулаа цөм чөтгөр шулам мэт тул айн гэлмэж, энэ мэт царай барайжээ.” Үзвээс тэр гурван хан хөвгүүн  хэмээгч энгийн бус цөм цэргийн эрдэмд дуртай бөгөөд зориг зүрхтэй тулд даруй нударга зангидан ханцуй шамламуй. Аль нэгэн уулын шулам хүний дүрээр хувилж ирсэн байж мэдмүй, бид зэвсэг авч үзэхээр эчтүгэй” хэмээжээ.

 

            Ийнхүү ахмад нь алд урт шийдэм авч, дэд нь есөн шүдэт малтуур барьж гутгаар нь хар бялуу эргүүлэн омог сүртэйгээр ханы ордноос гарч ирэн сүрхий дуугаар зандран: “Ямар ном залагч тойн хэмээмүй! Хаа баймуй?” хэмээхэд, зоог бэлтгэх түшмэл нар сөхрөн айлтгаруун: “Хан хөвгүүд айлдмуу, тэр саруул тэнхимд цав зооглож амуй” Хан хөвгүүн сайн мууг үл хамааран дайран орж зандран өгүүлрүүн: “Та нар чухам хүн буюу шулмаа эртхэн мэдүүлэн өчигтүн! Эс бөгөөс амийг чинь авмуй.” Тансаг их л айж, царай хувилан аягаа алдаад бие мэхийн өгүүлрүүн: “Үгээгүү тойн болбоос Тан улсаас ирсэн ном залагч хувраг хүн болой, шулам бус.” Хан хөвгүүд өгүүлрүүн: “Чи бас хүн дүртэй байнам, тэр гурван муухай зүстэй нь лавтай шулам буй за!” Гахай хоолонд ховдоглож огт ойшоосонгүй, ганц Бичин Шороо хоёул өндийн босож “Бид нар цөм хүн болой, хэдийгээр зүс царай жигтэй муухай боловч зүрх сэтгэл ариун, бие цогцос болхи авч билиг чанар сайн болой! Та гурав ямар газраас юуны тул ирэв. Яахан энэ мэт амны дураар өгүүлмүй?” хэмээхэд, хажууд байсан түшмэл өгүүлрүүн: “Энэ гурав болбоос манай ханы хөвгүүд болой.” Гахай гар дахь аягаа хаяад өгүүлрүүн: “Хан хөвгүүдийн байдал зэвсэг барьж ирсний санаа юун? Бидэн лүгээ цохилдсугай хэмээх буюу?”

 

            Хоёрдугаар хан хөвгүүн урагш давшин хоёр гараар малтуур эргүүлэн Гахайг занчсугай хэмээхэд Гахай хадганан инээж: “Чиний тэр малтуур ганц миний малтуурын омбол болох төдий!” хэмээж ар хормойгоо сөхөн малтуураа гарган нэгэнтээ сажихуйяа алтан гэрэл цацармуй, хэдэнтээ эргүүлэхүйеэ бэлгэт уур мандмуй. Тэр хан хөвгүүн айж гар хөл нь унтран аашилж чадахгүй болжээ. Бичин үзвэл их хан хөвгүүн гартаа нэгэн алд урт шийдэм барьж байх тул чихнээсээ болд бэрээгээ гаргаж нааш цааш нэгэнтээ сажмагц аяган чинээ бүдүүн хоёр алд илүү болоод газар гурван тохой багтартал шааж босгон тавиад: “Би энэ шийдмийг чамд өгсүгэй” хэмээмүй. Тэр хан хөвгүүн сонсоод өөрийн шийдмээ орхиод урагш давшин хичнээн ноцолдсон ч хөдөлгөж бас чадсангүй, нааш цааш түлхэж татаж үзвэл үндэс хатган газраас ургасан мэт авай. Энэ үеэс гутгаар хан хөвгүүний тэнэг нь хөдлөн бялуу эргүүлэн Шороон зүг занчин ирэхэд, Шороо тосон зайлуулж, шулмыг дарах таягаа гаргасанд өнгө бүрийн гэрэл цацармуй. Тэдгээр ноён түшмэд хэзээд цөм чичрэн дагжиж мэлрэн зогсмуй. Гурван хан хөвгүүн зэргээр хөсөр сөгдөж: “Хувилгаан багш! Бид нар эгэл хүн тул таньсангүй. Манд зэвсгийн эрдмээ гарган үзүүлэхийг түмэнтээ хүсмүй” хэмээн гуйв. Бичин урагш эчин болд бэрээгээ хөв хөнгөн сугалан авч: “Энд цухал тул бид огторгуйд гарч нэгэн зэрэг улируулж үзүүлсүгэй” хэмээв.

 

            Бичин нэгэнт исгэрэн тонцгорцоглож огторгуйд гараад, таван өнгийн үүлэн дээр зогсож болд бэрээгээ бүжиглэн цэцгийн шүхэр тэргүүнийг бүрхэн шар луу биеийг ороох мэт улируулан хэрэглэхүйеэ, эхэндээ бэрээ ба бие нь ялгаран үзэгдэж байсан боловч сүүлдээ бие нь үзэгдэхгүй болж ганц шийдэм нь алтан бөмбөг нисэх мэт үзэгдмүй. Газар дээр зогсон гайхан магтаж байсан Гахай ч тэсэж ядан өндөр дуугаар: “Би бас баахан бүжиглэсүгэй!” хэмээж салхи хөлөглөн огторгуйд гарч малтуураа дээр доор тал дөрвөн зүг найман зовхист улируулж эхэлсэнд ганц салхи сүрхрэх дуу сонсогдмуй! Ийн атал, Шороо бас багшийн зүг өгүүлрүүн: “Багш, би бас гарч сорьсугай” хэмээгээд нэгэнт үсрэн огторгуйд гарч шулмыг дарах таяг эргүүлэн алд гарьд алтан нарыг угтах, өлөн барс өеө шүүрэх эрдмийг гаргахуйяа агаар дүүрэн алтан гэрэл цацармуй! Ах дүү гурвуул огторгуй дээр нэгэн зэрэг эрдэм гаргаж хувилгаан сүрийг бадруулав. Энэ үнэхээр:

 

Үнэн Самадитаны дүр үнэхээр ер бус, өв тэгш номын үндэс нь их хоосонд амуй. Алтан модны сүр хүч арван зүгт алдаршиж, атган барьдлын эрдэм удидас энэ тивд дуурсав. Хувилгаан зэвсгийн гайхамшиг хэзээ үүрд илэрч, хурц мэсийн шид газар бүхэнд гармуй. Бодийн орон хэдий дээд боловч чанарыг цээрлэж, Бадгарын хан хөвгүүд эцэстээ номд оров.

 

Тэр гурван хан хөвгүүн үзээд их л айж газар сөгдөв. Саруул тэнхимд байсан ноёд түшмэд ба дотоод ордонд байсан хан жич бүх хотын цэрэг эрхин нийтээр зул хүж өргөн маань тоолон залбиран сүсэглэмүй. Энэ үнэхээр:

 

            Үнэн номд туулсан бурсан хуврагууд ертөнцийн хүнд буян үйлдэн жаргал олгомуй. Үүнээс хойш хутгийг олж бодь мөрөөр явагчид нь, эрхгүй даяанд суун бурхныг шүтэгчид буй за. Тэд гурвуул нэгэн зэрэг зэвсэг хэрэглэн эрдэм гаргаад үүлэн толгой даран бууж зэвсэг барьдлаа хураан багшдаа ёсолж тус тусын суудалдаа суусныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэдгээр хан хөвгүүд яаран ордондоо ирж ханд айлтгаруун: “Эцэг хан баяр болов, их гайхамшиг! Огторгуйн дунд зэвсэг бүжиглэснийг үзсэн буюу?” Хан өгүүлрүүн: “Би сая огторгуйн дунд өнгөт үүл эвхрэлдэхийг үзээд хатан эхийн чинь хамт ордноос хүж шатаан мөргөсөн боловч аль замын хувилгаан сахиулсан болохыг мэдсэнгүй.” Хан хөвгүүд өгүүлрүүн: “Хувилгаан сахиулсан бус, чив хэмээн тэр ном залагч тойны гурван муухай шавь болой. Нэг нь болд бэрээ хэрэглэн, нэг нь есөн араат малтуур хэрэглэн, нөгөө нь шулмыг дарах таяг барьжээ. Бид гурвын зэвсэгтэй маш  адил, бид тэднийг хэрэглэж үзүүлэгтүн хэмээн гуйваас “газар дээр цухал тул огторгуйд гарч бүжиглэн үзүүлсүгэй” хэмээгээд цөм үүл хөлөглөн огторгуйд гарч бүжиглэснээр агаар дүүрэн өнгөт үүл эвхрэлдэн, өлзийт уур мандав. Тэд ийнхүү нэгэн зэрэг сорьж үзүүлэн сая бууж ирээд цөм саруул тэнхимд сууж буй, хөвгүүд бид үзээд тэсгэлгүй баярлан тэднийг багш барин эрдмийг нь сурч улс олноо хамгаалсугай хэмээнэм. Энэ нь үнэхээр өгүүлшгүй их ач гавьяа болой! Эцэг ханы санаанд ямрыг мэдэхгүй.” Хан сонсоод их л баясан зөвшөөв.

 

Тийнхүү эцэг хөвгүүд дөрвүүл жагсаал хэрэглэлгүйгээр явгалан алхаж саруул тэнхимд ирвэл, тэд багш шавь дөрүүлээ амьтай боодлоо тэгшлэн ордонд орж тал өгөөд мордсугай хэмээж ажээ. Тийн атал Бадгар хан эцэг хөвгүүн дөрвүүл тэнхимд орж ирээд сөгдөж ёслоход, Тансаг их л сандарч хариу ёслов. Бичинтэн нэгэн этгээдэд зайлж сэмээр инээмүй. Тэд мөргөж бараад дөрүүлийг ордонд залсанд баясан хүлээн авч ордноо оров. Тансаг багш шавь дөрвүүлийг ордонд залж суулгаад хан өгүүлрүүн: “Тан улсын тойн багш танаас мөхөс хүн миний гуйх нэгэн явдал байх боловч, эрхиний гурван шавийн хүлээх ба эсэхийг мэдэхгүй.” Тансаг өгүүлрүүн: “Мянган наст эзэн та захих зүйл аваас өчүүхэн шавь ямар аймшиггүй үл дагамуй.” Хан өгүүлрүүн: “Мөхөс би анх танд учрахад Тан улсын бадарчин тойн хэмээж үзэж, энгийн нүд эгэл төрөлхтний хараагаар үнэн худагтныг олж таньсангүй тул хөнгөлөн осолдоход хүрүүлэв. Сүн багш, Жу багш, Ша багштан огторгуйд шид гаргахыг үзээд сая үнэн хувилгаан хэмээн мэдэв. Миний энэ гурван бага хөвгүүн цөм зэвсгийн эрдэмд бахтайн тул үнэн сүсгээр эрхиний гурван шавийг багш барьсугай хэмээмүй. Түмэнтээ хүсэх нь багш та тэнгэр газар мэт сэтгэлийг үүсгэн нийгүүлсэн өршөөж, их эрдмийг уламжлан сургаваас эрхгүй хотын үнээр барьц барин талархмуй.” Бичин сонсоод тэсгэлгүй хадганатал инээн өгүүлрүүн: “Хан та энэ газрыг мэдэхгүй ажгуу! Манай гэрээс гарсан тойн хүн нэг хэдэн шавь олсугай хэмээвч олохгүй атал эрхиний хөвгүүд үнэн сүсгээр тойны шавь болсугай хэмээвээс нэн юун өгүүлэх аж, гагц эд мөнгө хэмээн битгий өгүүлэгтүн, хөвгүүдээ бидэнд шавь болгох нь мөн ч биднийг хайрласан болой.” Хан сонсоод их л баярлаж, гол ордонд хуримын ширээ засагтун хэмээн захиа буулгав. Аяа! Захиа буумагц төдөлгүй базаажээ. Үзвээс:

 

Өнгөт хэв татан, үнэрт хүж асаан, бал бурмаар багсран, өрөм тосоор найруулсан ариун цагаан идээ ба алим жимс тэргүүтэн амттаны дээжийг алтадмал ширээн дээр дүүртэл өрөөд, анхилмал цай нэрж, ариун сархад сөгнөжээ.

 

Нэгэнтээгүүр дуулан бүжиглэж хөгжим үүсгэн нөгөөтэйгүүр хан эцэг хөвгүүд дөрвүүлээр Тансаг багш шавь дөрвүүлийг зочлон нэгэн өдөр хуримлаж сая тархав. Хан бас зарлиг буулгаж, саруул тэнхимд ор засан багш шавь дөрвүүлийг буулган манагар хүж зул өргөн багш барьж зэвсгийн эрдмийг сурсугай хэмээсэнд бүгдээр түүнчлэн үйлдэж ариун ус бэлтгэн багшийг угаалд оруулж тус тус эгэж унтацгаав. Энэ үед,

 

Шувуу шаазгай үүрэндээ шурган яв цав болоод шүлэгчин авгай нойрондоо ороод уншлагын дуу зогсов. Өндөр огторгуйд одон мичид түгээд, эзгүй талд өвс шарилж сүглиймүй. Зэргэлдээ хүрээнд хувцас гөвших чимээ гарч зэрвэ зэрвэ холын үзэмж гэр нутгийг мөрөөдүүлнэ. Царцаахай чалцагын дуун хүний сэтгэлийг мэдсэн мэт, чихний дэргэд жиржигнэн зүүд зэрэглээг эвдэв.

 

            Шөнө төдөлгүй өнгөрч, манагар өглөө болсонд, тэр хан эцэг хөвгүүн дөрвүүл ирж зогсов. Тансаг өчигдөр уулзахуйд эзний ёсоор мөргөж байсан боловч өдгөө харин багшийн дүрмээр ёслох болжээ. Тэр гурван хан хөвгүүн хөсөр сөгдөж, Бичин, Гахай, Шороотонд мөргөн: “Хүндэт багштан барьдал зэвсгээ гарган шавь бидэнд үзүүлэх ажаамуу” хэмээсэнд Гахай их л баярлаж, малтуураа гаргаж хөсөр орхив. Шороо таягаа гаргаж ханыг түшүүлэн тавив. Дэд гутгаар хоёр хан хөвгүүн дэвхлэн босож авсугай хэмээтэл өт хорхой үхэр чулуун лугаа уралдах мэт, өчүүхэн төдий ч хөдөлгөж эс чадав. Их хан хөвгүүн өгүүлрүүн: “Дүү чи дэмий битгий хүчээ барагтун, багшийн зэвсэг хэмээгч цөм хувилгаан зэвсэг болой, хэдий хүндийг хэрхэн мэдмүй!” Гахай өгүүлрүүн: “Миний малтуур төдий хүнд бус бариултайгаа нийлүүлэн бодвоос сая таван мянга бөгөөд дөчин найман жин баймуй.” Гутгаар хан хөвгүүн Шороогоос асууруун: “Багшийн эрдэнийн таяг хэдий хүнд амуй?” Шороо инээн өгүүлрүүн: “Басхүү таван мянга бөгөөд дөчин найман жин амуй.” Их хан хөвгүүн Бичиний барьдлыг үзсүгэй хэмээн гуйхад Бичин даруй чихний дотроос нэгэн зүү авч гарган салхины эсрэг сэжин нэгэнтээ аяган чинээ бүдүүн болгоод өмнө нь босгосонд хан эцэг хөвгүүн цөм айн гэлмэж, олон түшмэд цочин бэгтрэв. Гурван хан хөвгүүн даруй ёслон өгүүлрүүн: “Жу багш, Ша багш зэвсгээ цөм дээлийн дотор зүүн явах тул авахад бэлээхэн байнам. Сүн багш зэвсгээ чихнээсээ гаргаваас салхи үзмэгц өсөх нь юун болой.” Бичин инээн өгүүлрүүн: Та үл мэдмүй, миний энэ шийдэм болбоос эгэл хүнд байх юм бус, энэ шийдэм болбоос:

 

Тэнгэр газар бүтэх үеэс төмрийг нь хайлуулан, дээд их Иьюй хаан өөрийн гараар үйлджээ. Мөрөн гол далай тэнгисийн гүн гүехнийг мөн үүгээр хэмжин тодолж байжээ. Уулыг нээн усыг засаж энх болсон цагт Дорно их далайд аваачин дарлага болгон тавьжээ. Он удаан болохуйяа өнгөт туяа татан, өсөж агчиж өөрөө өндөр богино болмуй. Өвгөн Сүн би хувьтай тул үүнийг олж, өөрийн эрхээр улируулан хувилгаж хэрэглэмүй. Их болбоос уул хайрхан мэт болж, бага болбоос зүү тэвнэ адил болмуй. Чандмань болд бэрээ хэмээгч энэ шийдэм, тив дэлхийд хосгүй болой. Хүндээрээ түм гурван мянга таван зуун жин аж, хувилах улирах хувилгаан чадал цаглашгүй. Үүнийг бариад би асар тэнгэрийг түйвээн эрлэгийн орныг үймүүлэв. Хандсан зүг бүр луу барсыг номхотгон, хүрсэн газар бүхэнд чөтгөр шулмыг дарав. Нэгэнт жаргамагц наран саран будангуйрч эзэд сахиулсан эмээмүй. Галав үүсэхээс өдгөө хүртэл уламжлагдсан гайхамшигт эрдэнэ хэмээгч энэ болой.

 

Тэдгээр хан хөвгүүн сонсоод толгой авалгүй мөргөмүй. Гурвуул дахин үнэн сүсгээр хүндэд ёслон эрдэм заахыг гуйв. Бичин өгүүлрүүн: “Та гурвуул ямар зэвсгийн эрдэм сурсугай хэмээж амуй.” Хан хөвгүүд өгүүлрүүн: “Шийдэмд дуртай нь шийдмийн эрдэм сурмуй, малтуурт бахтай нэгэн нь малтуурын эрдэм сурмуй, таягт авьяастай нь таягийн эрдэм сурах болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Ийн бөгөөс заахад бас хялбар болой, ганц та нарын хүчин чадал мөхөс манай зэвсгийг хэрэглэж чадахгүй тул нэвтэртэл сурч үл чадан “Барсыг зурах хэмээсээр баал зурхайд хүрэх” болуузай хэмээнэм. Эртний хүний өгүүлсэн нь: “Сургахуйд чангагүй бөгөөс багшийн залхуу, эрдмийг сурахгүй бөгөөс хөвгүүдийн осол” хэмээжээ. Та нар нэгэнт үнэн сэтгэлийг барьсан тул эчиж хүж зул асаан тэнгэр газарт мөргөтүгэй, би та нарт урьдаар хувилгаан хүчийг нэмж өгөөд жич эрдэм сургасугай.”

 

            Гурван хан хөвгүүн сонсоод их л баярлаж, өөрийн биеэр тахилын ширээг засаж, гараа угаан зул хүж өргөн тэнгэрт мөргөж баруун багшаас эрдэм сурсугай хэмээв.

 

            Бичин Тансагт ёслон өгүүлрүүн: “Багштанд айлтгах нь шавь миний осол эндүүг уучлах ажаамуу. Эрт өдөр хязгаар уулын газар багшийн агуу өршөөлийг хүртэн номд орж баруунш ирснээс нааш хэдий багшийн ачийг хүндэтгэн хариулаагүй боловч бас ч уул усыг туулан сэтгэл хүчийг хүчитгэсэн болой. Өдгөө бурхны оронд ирж, завшаанаар эрдэмт мэргэн хан эцэг хөвгүүн лүгээ учирч, манд мөргөж багш барьсугай хэмээж амуй. Нэгэнтээеэ манай шавь нар болбоос даруй багштаны шавийн шавь болой! Багшийн үг үгүй бөгөөс айшгүй дураар явж чадахгүй. Багш зөвшөөрвөөс бид даруй эрдэм заасугай” хэмээхэд Тансаг машид баярлажээ. Гахай Шороо хоёр бас Бичиний ёслохыг үзээд багшдаа мөргөж “Багш аа! Бид болбоос хүдэг бядуу хүн тул хэл амандаа муу, өгүүлэн илэрхийлж үл чадмуй, хүсэх нь багш та номын суудалд саатаж хайрламуу, шавь бид бас нэжгээд шавь дагуулан сургаж үлдээвээс бас ч баруун газрын зам дээрх дурсгал болой” хэмээсэнд Тансаг баярлан зөвшөөрөв.

 

Бичин сая гурван хан хөвгүүнийг тэнхимийн ар дахь нэгэн ариун гэрт аваачиж од гарагийг зураад тэд гурвуулыг дотор нь наманчлуулан суулгаж өөрөө тарни уншин хувилгаан уурыг хамраар нь үлээн оруулаад, сүлд сахиусыг нь дуудан авчирч, үнэн тарнийг зааж өгсөнд цөм түмэн жин өргөх хүч чадалтай болж, сүлд тамир нь нэмэгдээд үнэхээр төрөл арилжсан мэт болжээ. Хувилгаан уур хөвчин биед гүйсний хойно гурван хан хөвгүүн сая сэхээрэн гүйн босож, нүүр царайгаа илбэн цог сүлд нь их л бадарч цөм хүч чадал ихтэй болоод их хан хөвгүүн нь болд бэрээг өргөж даагаад, дэд хан хөвгүүн нь малтуурыг өргөж дийлэн, гутгаар хан хөвгүүн нь шулмыг дарах таягийг хэрэглэж чадах болжээ.

 

Хан үзээд тэсгэлгүй баярлан ариун хурим бэлтгэж багш шавь дөрвүүлэнд ач хариулахад хуримын ширээний өмнө эрдэм зааж шийдэм, малтуур, таягийг цөм тус тус боловсруулан сургав. Тэд хэдийгээр хэдэн зэрэг эргүүлэн цохиж занчсан боловч нэгэнтээ эгэл хүн тул амьсгаа давхцан хүчин сулраад удаан тэсвэрлэж үл чадмуй. Нэнт тэдгээр зэвсэг хэмээгч цөм хувилгаантай тул орох эгэх, занчих зайлуулахад яахан тэдний санаагаар болох аж! Тийнхүү тэр өдрийн хурим төгсөв.

 

Дэд өдөр гурван хан хөвгүүн бас ирж багшдаа мөргөн талархаж өгүүлрүүн: “Хувилгаан багш нарын хайрыг хүртэж хүч тамир нэмэгдэж, багш нарын зэвсгийг өргөж даах болсон авч улируулан хэрэглэхэд хүнд нүсэр байнам. Олдвол уран дархан авчран багш нарын зэвсгүүдийг дүрэмлэн хүндийн хэмжээг хүчиндээ тэнцүүлэн хийлгэсүгэй хэмээн санамуй, багш нарын зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй.” Гахай өгүүлрүүн: “Сайн! Сайн! Өгүүлсэн нь маш зөв болой. Бидний барьдал зэвсэг болбоос нэгд та нар хэрэглэж чадахгүй. Жич бид бас шашныг тэтгэн шулмыг дарахад хэрэглэмүй, чив хэмээн өөр хийлгэх хэрэгтэй болой” хэмээсэнд, хан даруй төмрийн дархныг авчраад сайн болд түмэн жин худалдан аваачаад ханы ордны хүрээнд үйлдэхээр болов. Тэргүүн өдөр болд төмрөө хатаан тавиад, дэд өдөр Бичинтэний гурван хүний зэвсгийг гуйж аваачин үлгэр болгон үйлдэв. Ийнхүү зэвсгээ хураан аваачсангүй энд тавьж авай.

 

Аяа! Эдгээр зэвсэг хэмээгч тэдний биеэсээ огтхон ч үл салгаж болох эрдэнэ тул цөм гэрэл цацармуй. Урьд биеэсээ салгахгүй нууж явах тул мэдэхгүй байсан ажгуу. Өдгөө их хүрээнд дотор хэдэн өдөр ил тавихуйяа алтан гэрэл агаарт тултал манджээ. Энэ хотоос далан газрын үзүүр дэх Ирвэсийн толгойт уулын Барс амт агуйн шулам шөнө сууж агаад энэхүү алтан гэрэл ариун уурыг олж үзэн үүл хөлөглөн ирж үзвэл гэрэл туяа харин ханы ордноос мандмуй. Үүлэн толгойг даран бууж дэргэд нь эчин үзвэл гурван зүйлийн зэвсгээс гэрэл гарч ахуу тул шулам үзээд баярлан сэтгэрүүн: “Сайн эрдэнэ! Сайн эрдэнэ! Энд тавьж байх нь хэний юм болов?... Нэгэнт хувь ерөөл надад учирсан тул авч одвоос барав!” хэмээж салхи хөдөлгөн гурван зүйлийн зэвсгийг цөм авч шууд агуйдаа эгэв. Энэ чив хэмээн: ёсон хэмээгч зайдаж болох нь бус, зайдаж болох аваас ёс бус болой. Хувилгаан зэвсэг нь цөм алга болж, хоосон бясалгаад талаар болоход хүрчээ. Эгэгт зэвсгээ эрж олох эсэхийг  мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 55 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 42 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 11 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 15 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 58 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 31 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 34 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 34 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 8 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 17 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 28 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 33 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 12 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 30 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 31 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 47 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК