зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ЭНЭТХЭГИЙН ГАРЬД МУЖ ТЭНГЭРТ БУРУУДАН ГАНГИЙН АЮУЛ БОЛОВ

ЭРДЭМТ ИХ БОГД БУЯНД УДИРДАН РАШААН ХУР ОРУУЛАВ

 

Эчнээ гүнээ их ёсны үндсийг яахан мэдсү, үүнийг тайлан номловоос чөтгөр сахиулсан цочмуй. Галав ертөнцийг багтаан гайхамшигт гэрлийг задалбаас хорвоо орчлонд үлитгэшгүй үнэн цэнгэл түүнд буй. Төгс гайхамшигт Гандарагүд оргилоос тана сувд гаргахуйя, таван өнгийн гэрэл цацран, тэнгэр газар түмэн амьтныг гийгүүлж, түүнийг ухагсдын насан буян уул далай мэт болов.

 

Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл, түлээчин эрээс аярлан салж будант уулаас буугаад их замыг барин хэдэн өдөр явахуйяа гэнэт нэгэн хот үзэгдэхэд, Тансаг асууруун: “Ү Күн, энэ үзэгдэх хот нь Энэтхэг  улс болсон буюу?” Бичин гар сажин өгүүлрүүн: “Бус! бус! Шигэмуни бурхны орон хэдийгээр төгс жаргалант орон хэмээвч хот балгад үгүй, нэгэн их уул төдий бөлгөө. Уулын дээр нь асар тагт орд харш ахуу бөгөөд нэрийг Гандарагүд уулын их аянгын дуут сүм хэмээмүй. Хэдий Энэтхэг  улсад хүрсэн ч Шигэмунийн сууринд хүрсэн бус болой. Энэтхэг ийн хот нь Гандарагүд уулаас хэдий хол ахууг үл мэдмүй. Тэр үзэгдэх хот болбоос Энэтхэг  улсын хязгаарын балгасан буй за, Дэргэд нь хүрвээс тодорхой мэдэх болой.”

 

            Тийн хэлэлцэн явсаар удалгүй хотын дэргэд хүрч Тансаг мориноос буугаад гурван давхар хаалгыг өнгөрөн орохул, зээл гудамж элий хулий, ард иргэн өлсгөлөн өнгөтэй. Хотын бэлчирт хүрэхүйеэ, маш олон хар дээлт хоёр гарлан зогсоод, бас хэдэн зэрэг хэргэмтэн саравчны доор зогсчээ. Тэдгээр хүмүүс тэд дөрвүүлд зам үл тавихад Гахай тэнэглэн аашилж урт хоншоороо өлийлгөн: “Зам тавь! Зам тавь!” хэмээн бархирсанд, тэр олон хүн сая тодорхой олж үзээд: “Шулам ирэв! шулам ирэв!” хэмээлдэн сүнс сахиус нь зайлж, орох газар олохгүй унаж тусан дутаалцмуй. Саравчин доор зогссон хэргэмтэн ч чичрэн дагжсаар мэхийн асууруун: “Ямар орноос ирсэн аж?” Тансаг шавь нар юун хэрэг өдөөжээ хэмээн өөрийн биеэр урагш давшин өчрүүн: “Үгээгүү тойн би болбоос зүүн газрын их Тан улсын элч Энэтхэг  улсын аянгын дуут сүмийн бурхан багшид бараадан ном залахаар эчмүй. Эрхиний газарт анх орох тул газрын нэрийг эс увайлан буудал олоогүй тул хотод ормогц ёсыг алдав. Ноёнтоныг хүсэх нь уучлан аваачих ажааму.” Тэр хэргэмтэн сая ёслон өгүүлрүүн: “Энэ газар болбоос Энэтхэг  улсын хязгаарын Гарьд муж хэмээмүй. Энд жил дараалан ган гачиг болж байхын тул мужийн бэйл намайг зарж тунхаг гарган эрдэмтэд тойн номч багшийг урин бороо гуйсугай хэмээж байнам.” Бичин сонсоод асууруун: “Тунхаг нь хаана буй?” Хэргэмтэн нар өгүүлрүүн: “Энд баймуй, сая авчраад хараахан өлгөж завдаагүй байсан болой. Бичин: “Наашаа авч иртүгэй, би үзье хэмээсэн, тэдгээр хэргэмтэн тунхаг бичгийг саравчны доор өлгөж, Бичин тэд дөрвүүл үзэхүл, тэр тунхагт бичсэн нь:

 

“Их Энэтхэг  улсын Гарьд мужийн бэйл Шангуван тунхаг гарган эрдэмтэн багш их номч нарыг урин залахын учир нь: манай мужийн газар орон уудам, цэрэг иргэн чинээлэг асан ч өдгөө жил дараалан ган гачиг болж, тариа төмс алдан, өвс мод хувхайрч, худаг ус ширгээд аяга будаа алтны үнэ хүрч, атга өвс мөнгөний үнэ хүрч, ач үрээ худалдан амь зуухад хүрчээ. Баян өрх аргацан амьдарч ахуу боловч үгээгүү ард амьдрах аргагүй болжээ. Хотод болбоос хуулийг сахин хувцас юмаа данжлан гол залгаж байх боловч хөдөөд болбоос хуулийг тэрслэн хүн тонон идэж амуй. Ийнхүү арван орны эрдэмтэн мэргэд залран ирж бороон гуйн иргэнийг аварваас ачийг хүндэд хариулсугай. Үүнд мянган лан алтаар ач хариулахаар амласнаа хэрхэвч няцахгүй.”

 

Бичин үзэж бараад асууруун: “Мужийн бэйл Шангуван хэмээгч юун аж?” Хэргэмтэн нар өгүүлрүүн: “Шангуван хэмээгч даруй манай мужийн бэйлийн овог болой.” Бичин инээж: “Энэ овог хараахан ховор болой.” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Ах та бичиг уншсангүй тул үл мэдмүй. “Зуун овог”-ийн эцэст “Шангуван Эүян” хэмээн байх бус уу?” Тансаг өгүүлрүүн: “Шавь нар сул үг битгий өгүүл, аль нэг нь бороон гуйж чаддаг бөгөөс нэгэн цагийн өгөөмөр хур оруулж олон амьтныг тусалбаас хязгаарлашгүй их буян болой, хэрвээ чадахгүй бөгөөс даруй явсугай, зам саадаж үл болмуй.” Бичин өгүүлрүүн: “Бороон гуйхад ямар ямар бэрх зүйл амуй! Гол мөрнийг юүлж тэнгис далайг хутгаж, одон гарагийг шилжүүлэн огторгуй агаарыг эргүүлэх, будан манан татуулан бороон салхи урих аль нэгэн нь миний хараахан багаас гаргаж асан наадам бус аж! Үүнд гайхамшигтай зүйл юун амуй!”

 

            Тэдгээр хэргэмтэн түшмэд сонсоод яаран хоёроо явуулж мужийн бэйлдээ мэдүүлрүүн: “Ноён минь цаглашгүй баяр болой!” хэмээсэнд зул хүж асаан наманчлан даатгаж асан ноён нь баяр хэмээхийг сонсоод яаран асууруун: “Ямар баяр буй?” Тэр түшмэл өчрүүн: “Энэ өдөр тунхгийг аван зээл дээр сая өлгөтөл аянгын дуут сүмд эчин бурхан багшид бараалан, үнэн номыг залахаар явагч дорно Их Тан улсын дөрвөн тойн хүрч ирээд бороон гуйж хур оруулан чадах хэмээнэм. Тийнхүү ирж мэдүүлнэм!”

 

            Тэр мужийн бэйл дээлээ засан сүйх морь хэрэглэлгүй, хөтөч дагагсад дагуулалгүйгээр явгалан алхаж, зээл дээр эчин мөргөн гуйсугай хэмээн ирэв. Түүнийг ирэхийг олж үзээд: Мужийн бэйл ноён ирэв” хэмээлдэн олон хүн хоёр тийш зайлан зам тавин өгөв. Тэр ноён Тансагийг үзмэгц шавь нар нь муухай дүртэй хэмээн үл эмээн урагш давшин зээл дунд сөгдөн өгүүлрүүн: “Доорд түшмэл болбоос Гарьд мужийн бэйл Шангуван овогт болой.  Богд тойныг мөргөн залж бороон гуйж иргэнийг тэнхрүүлсүгэй хэмээнэм. Багш та энэрэн нигүүлсэж рид хувилгаан гарган ивээн  тэнхрүүлэхийг хүсмүй!” Тансаг хариу ёслон өгүүлрүүн: “Энд үг хэлэлцэх газар бус, хувраг би нэгэн сүм хийд олж буусны хойно жич зөвлөсүгэй!” Тэр бэйл ноён өгүүлрүүн: “Доордын яаманд ариун сэлүүн газар буй, багш та морилж буух ажааму” хэмээв. Тийнхүү, багш шавь дөрвүүл морио хөтлөн дамнуураа дамнан яаманд хүрч суулцсаны хойно манз барив. Дэмий удалгүй бас цав барьсанд, тэнэг Гахай өлөн барс өөх олсон мэт үмхэхэд тэдгээр аягачин цөм цочин сандарч нааш цааш тасралгүй гүйлдэн хоёул будаа зөөсөөр цадсаны хойно сая зогсов. Тансаг цав хайрласанд харамж өгөөд, бас асууруун: “Мужийн ноён, эрхмийн мужид ган гачиг тохиогоод хэдэн он болов?” Тэр бэйл ноён өгүүлрүүн: “Энэ газар болбоос Энэтхэг ийн хязгаар, орны нэрийг хэлбээс Гарьд муж хэмээмүй. Үргэлжлэн гурван жил ган гачиг гамшиг болоод, өвс мод хувхайран үр тариа тасрав. Их бага өрх ялгалгүй амьдрахуйяа бэрх болж, арван гэрийн ес нь уй гашуу хиймүй. Хагас илүү нь цөм өлбөрөн үхээд хоцорсон хүмүүс ч амьсгал тасрах шахжээ. Өчүүхэн түшмэл тунхаг гарган эрдэмтнийг ирэхүйеэ, эрхэм багш завшаанаар энд морилон ирэв. Рашаан хур оруулан ард иргэнийг аварваас ач хариулах мянган лан алтыг дуртайяа баримуй.

 

            Бичин сонсоод их л баярлан хадганатал инээн өгүүлрүүн: “Битгий дурд! битгий дурд! Хэрвээ мянган лан алтыг дурдваас дусал хур ч үл оруулмуй. Харин буяныг бүтээвээс би чамд нэвтэртэл нэгэн цагийн бороог оруулж өгсүгэй.” Тэр мужийн бэйл хэмээгч ариун ноён сайн түшмэл, ард иргэнд өршөөл хайртай тулд, Бичинийг дээр суудалд залаад мөргөн гуйруун: “Их багш энэрэн нигүүлсвээс доорд түшмэл би их ачийг үүрд шүтэн санамуй.” Бичин өгүүлрүүн: “Олон өгүүлэх хэрэггүй залран босогтун. Эрхинийг зүдээн багшид бараа болгон суулгамуй, миний эчиж үйлдэхийг үзэж агтун.” Шороо өгүүлрүүн: “Ах яахан үйлдмүй?” Бичин өгүүлрүүн: “Гахай та хоёул тэнхимийн өмнө надад жигүүр болон зогсож, миний лусыг дуудан бороо оруулахыг үзтүгэй” хэмээхэд, Гахай, Шороо хоёул зарлигийн ёсоор болов. Гурвуул тэнхимийн өмнө зогсож, тэр мужийн бэйл хүж шатаан мөргөж, Тансаг тэнхимд суун ном уншмуй.

 

            Бичин тарни уншмагц, зүүн этгээдээс нэгэн хэсэг бараан үүл дэгдэж, удалгүй тэнхимийн дээр хүрч ирмүй. Энэ нь зүүн далайн лусын хаан Уу Гован ажгуу. Уу Гован үүлээ хурааж, хүний дүрээр хувилаад Бичиний өмнө бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Их богд та өчүүхэн лууг дуудсан нь хааш зарах хэмээж баймуй?” Бичин өгүүлрүүн: “Чи босогтун! Чамайг зөвтгөж холоос урьсан нь өөр хэргийн төлөө бус! Энэхүү Гарьд мужийн оронд жил дараалан гангийн аюул болж атал юуны учир бороо эс оруулсныг асуусугай хэмээсэн бөлгөө.” Лусын хаан өгүүлрүүн: “Их богдтонд айлтгаад мэдүүлсүгэй. Би хэдий бороо хурыг захиран мэдэвч дээд тэнгэрийн зарлигаар явуулах төдий болой. Тэнгэрийн зарлиггүй бөгөөс ямар аймшиггүй энд ирж бороо оруулж болмуй?” Бичин өгүүлрүүн: “Би зам таарч үүгээр өнгөрөхөд, гангийн аюул үргэлжлэн энэ газрын иргэнд гамшиг тохиосныг үзээд тухайлан чамайг урьж энэ газрыг ундаалсугай хэмээлээ, чи харин ийнхүү шалтагламуй?” Лусын хаан өгүүлрүүн: “Ямар аймшиггүй шалтагламуй? Их богд тарни уншин дуудсанд ямар аймшиггүй үл ирмүй. Тийн боловч тэргүүнд тэнгэрийн зарлиг үгүй, жичид бороо оруулах эрхтнийг авчирсангүй тул яахан бороо оруулж чаднам? Их богд үнэхээр авран тэнхрүүлсүгэй хэмээх санаа аваас доорд лус би далайдаа эргэж цэргийг дайчлан хүлээсүгэй. Их богд та тэнгэрт гарч бороо оруулах зарлиг гуйж, усны эрхтэнээр лууг тавин ирүүлбээс би зарлиг ёсоор хур оруулсугай.”

 

            Бичин сонсоод лусын хаан буцаагаад тэргүүний өгүүлснийг Тансагт айлдав. Тансаг өгүүлрүүн: “ Нэгэнт ийн бөгөөс чи эчиж үйлдэгтүн, Батыг алдаж үл болмуй.” Бичин даруй Гахай Шороотонд захиран: “Багшийг сайхан хамгаалж атугай, би тэнгэрийн ордонд эчмүй” хэмээн өгүүлмэгц үзэгдэхгүй болжээ. Тэр мужийн бэйл их л гэлмэж өгүүлрүүн: “Тэр багш хаана одов?” Гахай инээн өгүүлрүүн: “Үүл хөлөглөн тэнгэрийн ордонд эчжээ.” Тэр бэйл ноён сонсоод их л бишрэн гайхаж яаран зарлиг гаргаж бүх хотын цэрэг иргэн, ноён түшмэлийг ялгалгүй цөм лусын хаанд тахил өргөн, үүдэнд их ус ган тавьж удан мөчир хатгаад зул хүж өргөн даатган залбиртугай хэмээн захирчээ.

 

            Жич өгүүлэх нь, Бичин нэгэнт тонгорцогломогц, даруй тэнгэрийн баруун хаалганд хүрсэн нь их хан Дирдашири, тэнгэрийн цэргийг дагуулан угтан золгож өгүүлрүүн: “Их богд, ном залах үйлс чинь бүтсэн буюу? Бичин өгүүлрүүн: “Мөн даамай холгүй болсон байнам. Өдгөө нэгэнт Энэтхэг  улсын хязгаар болох Гарьд мужид хүрчээ. Тэр орон гурван жил гангийн аюул болж, ард иргэн энэлэн зовж ахууг үзээд, би энэрэх сэтгэл төрж, лусыг дуудан бороо оруулсугай хэмээвэл лусын хаан гуйчаар бороо оруулбаас болохгүй хэмээх тул хурмастад бараалан зарлиг гуйхаар ирэв.” Дирдашири өгүүлрүүн: “Тэр газар бороон оруулж болохгүй буй за, би урьд сонссон нь: тэр мужийн бэйл самууран, тэнгэр газрыг доромжлон явахад, хурмаст яллан амуун уул, гурилын уул, алтан үнс үйлджээ, хэзээ энэ гурван зүйл дууссаны хойно сая бороо оруулмуй хэмээх мэт бөлгөө.” Бичин эдгээрийн утга санааг үл мэдэхийн тулд хурмаст бараалан мэдсүгэй хэмээхэд, Дирдашири аймшиггүй хориглож үл тавин оруулав. Гэгээн харшид хүрэхүйеэ, дөрвөн Адиша угтан өгүүлрүүн: “Их богд ямар хэргээр энд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Тансагийг хамгаалан явсаар Энэтхэг улсын хязгаарт хүрсэн Гарьд мужийн газар бороо хургүй учир эрдэмтэн багш залан бороон гуймуй хэмээж ахууд тохиов. Би лусыг дуудан бороо оруулсугай хэмээвэл, тэр бас тэнгэрийн зарлиг үгүйгээр гуйчлан оруулж болохгүй хэмээх тул тухайлан ирж дээд тэнгэрийн зарлигийг гуйн олж, иргэний зовлонг тайлсугай хэмээнэм.” Дөрвөн Адиша өгүүлрүүн: “Тэр газар бороон оруулж болохгүй болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Болох ба эсэх  цөм танд хамаагүй, хурмастын тэнд намайг оруулагтун, миний нүүр тал ямар зэргийг үзтүгэй.” Хэ Сян Вэн өгүүлрүүн: “Энгийн үгэнд өгүүлсэн нь “Хэрээ мэдэхгүй хүн нүүрээ барахыг мэдэхгүй” хэмээжээ.  Сьюй Жин Ян өгүүлрүүн: “Дэмий битгий хэлэлцэгтүн, түр түүнийг удирдан оруулсугай” хэмээсэнд, Чьюй, Жан, Хэ, Шьюй дөрвөн Адиша түүнийг удирдан Бидэрьяа эрдэнэ харшийн өмнө хүрч айлтгаруун: “Түмэн наст дээд эзэн, Бичин өдгөө Энэтхэгийн хязгаар болох Гарьд мужид хүрээд хур борооны тул хурмастаас зарлиг эрмүй.” Хурмаст өгүүлрүн: “Гурван оны өмнө арван хоёр сарын хорин тавны өдөр мөхөс хүн дэлхий дахиныг эргэж үзсүгэй хэмээн явсаар түүний оронд хүрсэнд тэр боол Шангуван овогт эрдэм өршөөлгүй тул тэнгэрийг тахих ариун тахилыг түлхэн унагаж, нохойд идүүлэн бас муу үгээр доромжлон хараасан тул түүнийг ялдаж мөхөс би гурван зүйлийн юмыг үйлдэж сайн үнэрт харшид тавьсан бөлгөө, та нар Бичинийг удирдан аваачиж үзүүлтүгэй, хэрвээ тэр гурван зүйл дууссан бөгөөс бороо оруулах зарлиг өгсүгэй, тийн бус бөгөөс энэ хэргийг хамаарах хэрэггүй.”

 

            Тэр Адиша даруй Бичинийг удирдан сайн үнэрт харшид эчиж үзүүллээ. Арван алд өндөр амуун уул нэг, хорин хос алд өндөр гурилын уул нэг амуй. Амуун уулын дэргэд нэгэн нударган төдий тахиа аж, нэг нэгэн мөхлөгөөр яаралгүй түүн идэж амуй. Гурилын уулын дэргэд нэгэн шар баал хэвтэж дуртай дургүй долоож байнам. Зүүн этгээдийн төмөр сөрөөс хуруун чинээ гөнжүүртэй тохой хагас орчмын алтан оньс өлгөж доор тавьсан зулын галаар тэр оньсны гөнжүүрийг шаржээ. Бичин үүний учрыг мэдэхгүйн тул Адишатанаас асууруун: “Үүний учир нь юун буй?” Адиша өгүүлрүүн: “Тэр боол тэнгэрийг сөрөн ялд унасан тул хурмаст энэ гурван зүйлийг үйлджээ, тахиа нь амууг идэж бараад, боол нь гурилыг долоон дуусгаж, зулын гал оньсны гөнжүүрийг шаран тасалбаас тэр газар сая бороо ормуй.

 

            Бичин сонсоод их л цочин хиртхийж айлдахад үл болохыг мэдээд харшаас гарахуйяа маш их ичгүүр төрөн явмуй. Дөрвөн Адиша өгүүлрүүн: “Их богд тачаах хэрэггүй, энэ хэргийг богдын үйлд хичээвээс дийлж болмуй, хэрвээ ганц сэтгэлээр буян үйлдвээс тэнгэрийн орон донслон тэр амуу гурилын уул өөрөө унаж, алтан оньс өөрөө тасрах болой, чи тэд нарыг ятган бурханд удирдваас жаргал хэмээгч хол бус буюу.” Бичин үгийг дагаж Бидэрьяаэ рдэнэ харшид оролгүйгээр ертөнцөд буцах болов. Удалгүй тэнгэрийн баруун хаалганд хүрч ирсэнд, их хан Дирдашири асууруун: “Ирсэн хэрэг чинь ямар болой?” Бичин даруй амуу уул, гурилын уул, алтан оньсны хэргийг нэгэн зэрэг өгүүлж бас: “Үнэхээр иргэнийг өгүүлсэн мэтээр зарлиг өгсөнгүй, сая дөрвөн Адиша намайг үдэхдээ тэр боолыг ятган буянд удирдваас сайн үрийг олмуй хэмээнэм” хэмээж аярлан салж доор ертөнцөд буун ирэв.

 

            Муж хотын бэйл ба Тансаг, Гахай, Шороо жич их бага олон түшмэд бүгдээр угтан ирж эчсэн хэргийг асуухад Бичин даруй тэр мужийн бэйлийг зандран өгүүлрүүн: “Гурван жилийн өмнө арван хоёр сарын тавны өдөр чи тэнгэрийг доромжлон ял олгосноор зуун овогтонд хүртэл зовлон амсаж, өдгөө бороо оруулахгүй байнам!”  Тэр мужийн бэйл ихэд айн гэлмэж хөсөр сөгдөн өгүүлрүүн: “Гурван жилийн өмнөх хэргийг багш та яахан  мэдсэн аж?” Бичин өгүүлрүүн: “Тэр өдөр чи юунд тэнгэрийг тахьсан ариун тахилыг  унагааж нохойд идүүлсэн аж? Үнэнээ өчигтүн!” Тэр ноён аймшиггүй нуун далдалж чадахгүй өгүүлрүүн: “Гурван жилийн өмнөх арван хоёр сарын хорин таванд тэнгэрийг тахих тахилын юмыг яамны дотор бэлтгэсэн бөлгөө, доордын эхнэр мэргэн бус тулд муу үгсээр гутаан хэлэлцэхэд нэгэн цаг зуурын хилэнд автагдан мэдэл балраад тахилын юмыг түлхэн унагааж нохойд идүүлсэн бөлгөө. Энэ хоёр жилийн турш үүнийг бодох бүр санаа сэтгэл амаргүй болох боловч илэрхийлэн хэлэх газаргүй авай. Харин дээд тэнгэрт яллагдан, түмэн иргэнийг чирэгдүүлэн зовоосныг мэдсэнгүй ээ. Өдгөө завшаанаар дээд багшийг гэрэлтүүлэн буухад тохиолдсон тул гэгээн сургаалыг гуймуй, дээд тэнгэрт олсон ялыг яахан тайлбаас болмуй.” Бичин өгүүлрүүн: “Тэр өдөр болбоос чив хэмээн хурмаст тэнгэр ертөнцөд буух өдөр байжээ. Тэнгэрийн тахилыг нохойд өгч муу үгээр зүхэхийг чинь үзээд хурмаст даруй гурван зүйлийн юм үйлдэж ялыг чинь тэмдэглэжээ.” Гахай асууруун: “Ямар гурван зүйлийн юм бэ?” Бичин өгүүлрүүн: “Сайн үнэрт харшид арван хос алд өндөр амуун уул нэг, хорин хос алд өндөр гурилын уул нэг буй, амуун уулын хажууд нударганы чинээ тахиа нэг аж, нэг нэг мөчлөн түүнийг идэж баймуй, гурилын уулны дэргэд нэгэн шар баал хэвтэж, дуртай дургүй долоож баймуй. Зүүн этгээдийн төмөр сөрнөөс өлгөсөн алтан оньсны гөнжүүр хуруун чинээ бүдүүн байв, доор нь зул тавьж зулын галаар түүнийг шаржээ. Тахиа нь амууг барж, баал нь гурилыг дуусгаж зул нь оньсны гөнжүүрийг тасалсан цагт энэ газар сая бороо орох хэмээнэм!” Гахай инээн өгүүлрүүн: “Гайгүй. Гайгүй, ах хэрвээ намайг дагуулан авчирваас, би увидас үүсгэн хувирч нэгэн цагт амуу гурилыг идэж бараад алтан оньсыг тасалбаас даруй бороо орох болой.” Бичин өгүүлрүүн: “Тэнэг чи битгий дэмий өгүүл! Энэ болбоос дээд тэнгэрийн зохиосон арга болой, чи хэрхэн болмуй?” Тансаг асууруун: “Ийм болбоос хэрхвээс сайн болой?” Бичин өгүүлрүүн: “Бэрхгүй! бэрхгүй!, дөрвөн Адиша надад өгүүлсэн нь буяны үйлийг хичээвээс энэ хэргийг тайлж болмуй хэмээжээ.” Тэр бэйл ноён даруй хөсөр сөгдөн гашуудан гуйж өгүүлрүүн: “Гагц багш таны сургахыг шүтэж, доорд түшмэл би нэг нэгээр гүйцэтгэсүгэй.”Бичин өгүүлрүүн: “Чи хэрвээ ганц сэтгэлийг барьж, үнэн сүсгээр буяны үйлд хичээн ном гүрэм үйлдвээс би бас чиний төлөө зүтгэж өгсүгэй, чи хэрвээ урьдын нүглээ арилгахгүй болбоос би мөн тайлбарлан илэрхийлж үл чадмуй, удалгүй тэнгэрт яллагдан амь насаа ч хамгаалж чадахгүй болмуй.” хэмээв.

 

            Тэр мужийн бэйл сөндөн мөргөж, үүнээс хойш шашинд орж бурханд сүсэглэмүй хэмээн амлаж, тэр дороо зарлиг буулган хувраг бумбыг залан хурал хуруулж гүрэм хийлгэн ерөөл уншуулж гурван өдрийн залбирлыг гүйцэтгэв. Мужийн бэйл бас олон иргэнийг дагуулан тэнгэр газарт зул хүж өргөж, өөрийн хилэнцээ наманчилжээ. Тансаг ч ном уншин буяны мөрийг заав. Бас хотын дотор гаднах баян ядуу айл өрх, эр эм хөгшин залуугүй, хүж шатаан маань тоологтун хэмээн захиа буулгасан тул газар бүхэн маань тоолон ном унших дуун дүрхийхэд Бичин их л баярлан Гахай Шороотонд өгүүлрүүн: “Та хоёул багшийг сайхан асарч байгтун, би түүний төлөө дахин эчсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ах бас хаашаа одох хэмээж амуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ мужийн бэйл үнэхээр миний үгийг сонсож, ятгалыг авч үнэн сүсгээр буян үйлдэн, ганц сэтгэлээр бурханд сүсэглэх тул би дахин эчиж, хурмастад мэдүүлэн бороо гуйж үзсүгэй.” Шороо өгүүлрүүн: “Ах үнэхээр эчих бөгөөс зам саатахын төлөө татгалзан зовних хэрэггүй, нэгэн удаа бороо оруулбаас сая бидний үйлдсэн цагаан буян болох болой.”

 

            Бичин дахин үүл хөлөглөн шууд тэнгэрийн хаалганд хүрээд Дирдаширитай уулзав. Дирдашири асууруун: “Өдгөө чи дахин ирж юу хийнэм?” Бичин өгүүлрүүн: “Тэр мужийн бэйл нэгэнт буяны мөрд оржээ” хэмээсэнд Дирдашири их л баясав. Хоёул хараахан хэлэлцэж атал бодролч эрхтэн гартаа бумбын айлтгал хуврагийн мэдүүллийг өргөн тэнгэрийн хаалганд хүрч ирэв. Тэр эрхтэн Бичинийг үзээд ёслон өгүүлрүүн: “Эдгээр нь цөм Их богдын буянд удирдсаны сайн болой.” Бичин асууруун: “Чи үүнийг хаана хүргэх хэмээж баймуй?” Бодролч эрхтэн өчрүүн: “Шууд гэгээн харшид хүргэвээс тэдгээр Адиша нар даруй хаан хурмастад барих болой.” Бичин өгүүлрүүн: “Тийм бөгөөс чи урьд явтугай, би даруй хүрмүй” хэмээсэнд тэр эрхтэн тэнгэрийн хаалгаар орж эчив. Дирдашири өгүүлрүүн: “Их богд та хурмастад бараалахаар эчих хэрэггүй шууд тохиогч ордонд эчиж, аянгын эрхтэнийг олж цахилгаан цахиулан аянга дуугаргаваас даруй бороо оруулж өгөх болой.”

 

            Бичин үнэхээр түүний үгийг дагаж Бидэрьяа эрдэнэ харшид эчилгүй, шууд тохиогч ордонд хүрсэнд тэдгээр олон эрхтэн сахиулсан цөм угтан гарч ирээд асууруун: Их богд хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Яаруу явдалтай тулд дээд тэнгэрт золгохоор ирэв.” Олон эрхтэнтэн даруй уламжлан мэдүүлсэнд тэр тэнгэр есөн гарьдын суудлаас бууж, дээл хувцсыг засаж ёслон золгов. Бичин өгүүлрүүн: “Би багшийг хамгаалан явсаар Гарьд  мужид хүрэхүйеэ тэндэхийн гангийн аюул хэцүүг үзээд бороо гуйж өгсүгэй хэмээн ам алдсан тул эрхиний харьяа олон эрхтнийг гуйж тэнд аваачин аянга дуугаргасугай хэмээн ирсэн болой.” Тэнгэр өгүүлрүүн: “Миний мэдэхэд тэр мужийн бэйл тэнгэрийг доромжилсон тулд гурван зүйлийг үйлдсэн бөлгөө, бороо оруулж болох эсэхийг үнэхээр мэдэхгүй ээ.” Бичин өгүүлрүүн: “Би өчигдөр даруй хурмастад бараалан зарлиг гуйсан бөлгөө, хурмаст даруй Адишаг заран над лугаа хамт илгээж, сайн үнэрт харшид бүхий гурван зүйлийг үзүүлэв. Тэр нь амуун уул, гурилын уул, алтан оньс тэргүүнтэн ажгуу. Энэ гурван зүйл дуусваас даруй бороо орж болмуй хэмээмүй. Түүнийг дуусгахгүй хэмээн би зовнихуйд тэр мужийн бэйл тэргүүлэн ард иргэнийг сайнд удирдан буян үйлдвээс, “хүнд сайн санаа байх бөгөөс, тэнгэр эрхгүй дагамуй” хэмээсэн мэтээр тэнгэрийн өршөөлийг олж зовлон гамшигаас хэлтэрч болмуй хэмээн дөрвөн Адиша надад сургамуй. Өдгөө нэгэнт буяны сэтгэл үүсч сайн нэр дуурсгажээ. Тэдний нүгэл хилэнцээ наманчлан буяны мөрд орох айлтгалыг Бодролч эрхтэн сая хурмастад давшуулав. Тийнхүү би тусгайлан тэнгэртэнд мэдүүлэн, аянгын эрхтнийг зээлэн аваачиж туслуулсугай хэмээсэн бөлгөө.” Тэнгэр өгүүлрүүн: “Нэгэнт ийм бөгөөс Дэн, Шин, Жан, Доутан цахилгаан авайг дагуулан Их богдын хамт Гарьд мужид эчиж аянга цахилгаан үүсгэтүгэй” хэмээв.

 

            Тэр дөрвөн эрхтэн Бичинийг дагаж удалгүй Гарьд мужийн хязгаарт хүрээд, огторгуй дээр увидас үүсгэж эхэлсэн, аянга нижигнэж, цахилгаан гялбамуй. Энэ үнэхээр:

 

Цахилгаан цалхилах нь алтан могой гялбалзах адил, аянга дуугарах нь арслан барс хүрхрэх мэт. Ал шар суунаг агаар дүүрэн татаж, аварга хүчит дуун уул хайрхныг донсолгомуй. Тулсхийх оч огторгуй даяар бадран, дүнгэнэх дуу ой хөвчийг доргиулмуй. Гал улаан гэрэл гялсхийн цахилахуйяа, гарсан дуунд газар дэлхий доргилмуй.

 

            Тэр Гарьд мужийн хот хөдөөгийн албан түшмэд, ард иргэн гурван жил аянгын дуу сонсоогүй тул өдгөө аянга цахилгааныг үзээд цөм хөсөр сөгдөн тэргүүн дээрээ гүлс өргөн зарим нь удын мөчир барьж, маань тоолж ном уншихад дээд тэнгэр цочив. Энэ чив хэмээн эртний шүлэгт өгүүлсэн мэтээр:

 

Хүнд нэгэн бодол төрөгдвөөс

Тэнгэр газар тольдон мэдмүй.

Сайн мууд хариулал үгүй аваас

Сансар хурмаст голч бус болъюу.

Их богд аянгын эрхтэнийг авчраад Гарьд мужид аянга нижигнүүлэн цахилгаан цахиулж, хүн бүхнийг буяны мөрд оруулсныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр Бодролч эрхтэн мэдүүлэл илтгэлийг аван гэгээн харшид хүрсэнд, дөрвөн Адиша хурмастад барив. Хурмаст үзээд зарлиг болруун: “Тэр боол үнэхээр буяны мөрд орсон бөгөөс гурван зүйл ямар болсныг үзэгтүн” хэмээн хараахан хэлэлцэж атал, сайн үнэрт харшийг сахиж асан эрхтэн гэнэт ирж айлтгаруун: “Амуу, гурил цөм агшин зуур алга болоод алтан оньс бас тасарсан байнам.” Жасааны эрхтэн Гарьд мужийн навдаг савдагийг дагуулан ирж мөргөн айлтгаруун: “Тус мужийн бэйл ба ард иргэн, албан түшмэл бурхан номд сүсэглэн, бурхны мөрд орсон тул нигүүлсэн өршөөж, нэгэн цагийн рашаан хур буулган ард иргэнийг авран тэнхрүүлэхийг гуймуй” хэмээхэд хурмаст тэнгэр их л баясан зарлиг болруун: “Салхин, үүл, борооны аймгийн эрхтэн нар доор буун Гарьд мужийн зурагт энэ өдөр энэ цагаас эхлэн үүл түгээн, аянга дуугаргаж, гурван тохой дөчин хоёр дусал бороо оруултугай” хэмээжээ. Дөрвөн Адиша даруй олон аймагт зарлиг уламжлан бүгдээр доор ертөнцөд буун тус тусын сүр хүчийг гаргав.

 

            Бичин чив хэмээн Дэн, Шин, Жан, Доугийн хамт цахилгаан цахиулж атал олон эрхтэн цөм хүрэлцэн ирж огторгуйд хургаад салхин хөдөлгөн үүл бүрхүүлж рашаан хур асгаруулав. Тэр бороог үзвээс:

 

Хар үүл эвхрэн, харанхуй манан бүрхэв. Хүчит аянга нижигнэж, хурц цахилгаан цахилав. Догшин салхи салхилан, долгин хур цутгуулав. Алдшаа наманчлан амлан даатгаснаар агаар тэнгэр зөвөөр үзэн ард иргэнийг аврав. Эрдэмт Их богдын ач гавьяагаар эндэхийн уул ус рашааны шим хүртэв. Хүрхрэн орох бороо хөх мөрнийг хөнтөрсөн мэт, хоромхон зуур хөдөө тал нэлийв. Саравчнаас буух ус хүрхрээ мэт, цонхны гадна асгарах хур цутгал адил. Хүн  бүр маань тоолон ном уншиж, хот зээлд хурын ус дүүрэв. Гол мөрөн цөм үерлээд, горхи булаг цөм бялхжээ. Үр тариа амилан, өвс мод эдгэрэв. Амуу будаа элбэгжихүйеэ, арилжаа худалдаа хөгжиж, тариа төмс төрөхүйеэ тариачин ард баясмуй, түүнчлэн таван тариа төрж, тансаг тайван амьдран, хур бороо тэнцэн, хотол ард жаргав.

 

Тийнхүү нэгэн өдрийн зуур гурван тохой дөчин хоёр дусал бороо оруулаад, олон эрхтэн аажмаар увидсаа хураахад огторгуйд Бичин багш сүрхий дуугаар: “Дөрвөн аймгийн олон эрхтэн нар түр үүлээ тогтоон хүлээгтүн, би эчиж тэр мужийн бэйлийг дуудан гаргаж мөргүүлсүгэй. Эрхин та нар үүлэн хөшгийг ярж, үнэн дүрээ үзүүлбээс сая ноён сэтгэлээр бишрэн сүсэглэх болой” хэмээсэнд олон эрхтэн арга бус огторгуйд зогсон хүлээв.

 

Бичин даруй үүлэн толгойг даран дорогш бууж мужийн яаманд хүрвээс Тансаг, Гахай, Шороотон угтан ирж, тэр мужийн бэйл ч унал мөргөлөөр угтан авав. Бичин: “Надад талархахыг түр байтугай, дөрвөн аймгийн эрхтэн сахиулсныг би нэгэнт хүлээлгэн зогсоов. Чи олноо авчирч, мөргөн тал өгвөөс дахин ирж бороо оруулахад сайн болой” хэмээсэнд, тэр мужийн бэйл зарлиг гарган олныг цуглуулан зул хүжийг өргөн мөргөв. Тэр дөрвөн аймгийн эрхтэн хувилгаан үүл мананг ярж, үнэн дүрээ илрүүлэв. Тэр дөрвөн аймаг хэмээгч бороо, аянга, үүл, салхины дөрвөн аймаг буюу. Үзвээс:

 

Лусын хааны цэнхэр царай цагаан сахал дэлхийд хосгүй, аянгын эзний догшин дүр гохигор хошуу хорвоод адилтгашгүй. Үүлч хөвгүүний алтан титэм хасын царай илтэй, салхич өгийн хөмсөг гархилсан нүд сүрхий. Олон эрхтэн огторгуйд илрэн өөр өөрийн хувилгаан дүрээ үзүүлэв. Гарьд мужийн хүмүүс сая бишрэн сүсэглэж хүж өргөж залбиран мөргөөд нүглийг тэвчив. Энэ өдөр эрхтэн нарт бараалан үнэн сэтгэлээр буян үйлдэж номд оров.

 

Олон эрхтэн нар нэгэн цаг хэр байсанд ард иргэн сүсэглэн толгой авалгүй мөргөж байв. Бичин бас үүлэн дээр гарч олон эрхтэнд ёслон тал өгч: “Эрхин та нарыг зүдээв! Өдгөө өөр өөрийн ордондоо залран буцагтун, би бас энэ мужийн ард иргэнээр цаг бүр тахил өргүүлсүгэй, та нар үүнээс хойш таван өдөрт нэгэн салхин, арван өдөрт нэгэн бороогоор тусалж атугай” хэмээсэнд бүгдээр хүлээн авч эгсэнийг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь,  Бичин багш үүлнээс буун Тансагт золгон өгүүлрүүн: “Үйл бүтээж, иргэн амирласан тул амьтай боодлоо тэгшлэн аян замаа хөөсүгэй.” Тэр мужийн бэйл сонсоод яаран ёсолж өгүүлрүүн: “Сүн багш ямар үг хэлмүй! Таны ач цаглашгүй их болой, доорд түшмэл би бага хурим бэлтгэж хүнд ачит талархсугай хэмээсэн бөлгөө. Бас иргэний тариалангийн газрыг худалдан авч сүм байгуулан, багш нарыг хөрөглөн тахиж шүтсүгэй хэмээнэм. Хэдий элэг зүрхэнд сийлэн тэмдэглэвч их ачийн түмний нэгнийг хариулж чадахааргүй, яахан даруй явах хэмээн өгүүлмүй!” Тансаг өгүүлрүүн: “Таны өгүүлэх хэдий зөв боловч бид болбоос баруун газраас ном залахаар эчих хувраг тулд удаан сууж болохгүй болой. Хэдэн өдрийн дотор эрхгүй явмуй” хэмээсэн боловч тэр ноён хаанаас тавьмуй, мөн тэр шөнө хурим бэлтгэн хүн гаргаж сүм байгуулан эхлэв.  Дэд  өдөр цагаан хурим бэлтгэн, Тансагийг дээд суудалд залж, Бичин, Гахай, Шороог дараа суудалд залав. Мужийн бэйл тэргүүлэн их бага ноёд түшмэд архи барин хундага өргөж, хөгжимдөн дуулж нэг өдөр зочлон хуримлав. Шүлэгт өгүүлсэн нь:

 

        “Гандаж хатсан тариа төмсөнд рашаан хур буугаад

        Гол мөрөн усжиж онгоц сал нэвтрэв.

        Хувилгаан тойн энд заларч ирээд

        Хурмаст тэнгэрт Бичин гарсны гавьяа болой.

        Нүгэлт гурван хэргийг ариулаад

        Нэгэн сэтгэлээр буян үйлдсэн болой.

        Үүнээс хойш үүрд энх сайхан цаг болоод

        Он он элбэг жил болохыг хүсчээ.

 

            Ийнхүү өдөр бүр хурим тавин найрлан сүм бүтэхийг хүлээн хагас сар шахам болов. Нэгэн өдөр тэр мужийн бэйл Тансаг багш шавь дөрвүүлийг залж сүмийг үзүүлсүгэй хэмээсэнд Тансаг цочин өгүүлрүүн: “Тийм их үйлийг яахан өдий түргэн бүтээсэн аж?” Тэр ноён өгүүлрүүн: “Доорд түшмэл би шаварчин үйлчнийг шаардан өдөр шөнөгүй үйлдсээр ийм түргэн бүтэв, тийнхүү багш нарт үзүүлсүгэй хэмээн залмуй.” Бичин инээн: “Үнэхээр эрдэм чадалтай мэргэн ноён ажгуу!” хэмээсээр шинэ барьсан сүмд хүрэв. Тэр сүмийг байгуулсан нь харш дуган агуу сүрлэг, хаалга үүд илтэй тул бүгдээр шагшран зогсохгүй. Бичин даруй “багш нэр хайрламу” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн:  “Болмуй, үүнийг даруй “Рашааны хур түгээмэл туст сүм” хэмээвээс зохимуй”. Тэр бэйл ноён магтан өгүүлрүүн: “Маш сайн! маш сайн!” хэмээж, зар тунхаг гарган тойн хувраг залж суулган зул хүж өргүүлэн, Тансагтаны дөрвүүлийн хөргийг зүүн этгээдэд тахиж, дөрвөн цагаар тахин шүтмүй хэмээв. Бас аянгын эрхтэн лусын хааны сүм байгуулж ачийг хариулав. Үзэж бараад даруй явахаар бэлтгэв.

 

Тэр хотын ард иргэн үлдэжж чадахгүйг мэдэж тус тус барьц барихад өчүүхэн төдий ч авсангүй, тийнхүү ард иргэн албан ноёд нийтээр хиур дуаз өргөн, самбаран хөгжим үүсгэж гучин газар гартал үдээд бас салж төвдөхгүй, бараа тасартал нулимс унагаан харж зогсов. Энэ чив хэмээн: илт буянт хувилгаан тойн түгээмэл хишгийг соёрхож, их богд эрдэмт Бичин агуу өршөөлийг хүртээжээ. Чухам хэзээ Шигэмунид олж золгохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 49 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 36 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 5 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 9 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 52 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 25 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 28 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 28 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 2 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 11 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 22 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 27 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 6 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 24 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 25 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 41 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК