зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


БААТАР ГАХАЙ ХҮЧИН ТУСАЛЖ ШУЛМЫГ ДИЙЛЭВ

БОГД БИЧИН УВИДАС ҮҮСГЭН ГАЖУУГ СӨНӨӨВ

 

Өгүүлэх нь, “Их богд бөх цагаан морио хөтөлж амьтай боодлоо дамнаад уулаар багшаа эрэн дуудаж явтал Гахай сүйлхийлсээр хүрч ирээд: “Ах минь, чи юу хэмээн дэмий хашгирмуй?” хэмээн асуухад Бичин өгүүлрүүн: “Багш үгүй болжээ, чи үзсэн буюу?” Гахай өгүүлрүүн: “Би угаас багшийг дагаж дамжуур дамнан явах бөгөөтөл чи намайг юуны хошууч болгомуй хэмээв. Би амь цөлөн шуламтай нэгэн зэрэг алалдаад арайхан амьтай эгэж ирлээ. Шороо та хоёул багшийг сахиж агсан агаад яахан гэдрэг надаас асуумуй?” Бичин өгүүлрүүн: “Дүү минь би чамайг буруушаахааргүй хэрхсэнийг бүү мэд. Чиний нүд эрээлжиж шулмыг алдан гаргаад багшийг автахуйд хүрүүлэв. Тийнхүү би эчиж байлдан Шороо багшийг сахиж байсан бөлгөө. Өдгөө Шороо бас бараагүй болжээ.” Гахай инээн: “Лавтайяа Шороо багшийг дагуулж гадаалахаар одсон буй за” хэмээтэл Шороо хүрч ирэв. Бичин асууруун: “Шороо, багш хаана одсон бэ?” Шороо өгүүлрүүн: “Та хоёулын нүд цөм балраад шулмыг алдаж гарган багшийн зүг илгээжээ. Би эчиж шуламтай алалдлаа. Багш мориноосоо буусангүй болой.” Бичин ихэд тачааж дэвхцэн өгүүлрүүн: “Түүний аргад унажээ. Түүний аргад унажээ.” Шороо асууруун: “Түүний ямар аргад унасан бэ?” Бичин өгүүлрүүн: “Үүнийг “хэлтсийг хуваан гэсрийг давах арга” хэмээмүй. Бид ах дүү хэдүүлийг аргадаж салгаад хоорондоос нь багшийг авч оджээ. Тэнгэр тэнгэр, хэрхвээс зохином.” хэмээн гашуудан уйлж зогсохгүйд Гахай өгүүлрүүн: “Битгий уйлагтун уйлах нь сайн эрийн явдал бус хэрхэвч хол одох ёсгүй. Энэ ууланд байх нь лав тул бид эчиж эрсүгэй.” Бодовч уулнаа орж ирэхээс өөр аргагүй тул гурвуул дотогш хорин газар явахуйяа асга хадны ёроолд үнэхээр нэгэн агуй амуй. Шорон оргил сүндэрлэн сонин хад суваргалжээ. Хачин цэцэг хаслаг өвс үнэр анхилан, улаан гүйлс, ногоон тоор өнгө ялгармуй. Эргийн өмнөх бүдүүн мод уулыг бошголон үүдний гаднах өндөр нарс тэнгэрийг баганаджээ. Ал тогоруу агуй дээгүүр эргэж уулын шувуу ой дотор донгодмуй. Ороонго зэл урхи мэт торлон унжгар уд унжлага адил манжгалжээ. Ус хурсан цөөрөм дотор Гүмбэрваа луу нуугдан уул түшсэн агуйд хөгшин шулам оршжээ. Шинж бүрдсэн энэ газар үнэхээр шидтэний орноос тольдохгүй. Бичин дэргэд нь хүрч үзэхүл хаалган дээр нь “Будант уул нугалаат хайрхны холболжин агуй” хэмээн бичжээ. Бичин өгүүлрүүн: “Гахай чи гар хөдлөгтүн. Энэ болбоос шулмын үүр болой. Багш энд байх нь лав.” Гахай Бичиний сүрд эрэмшин малтуур эргүүлэн  цохилсонд чулуун хаалга эвдэрч их нүх гарав. Гахай өндөр дуугаар дуудруун: “Самуун шулам үтэр түргэн багшийг хүргэж өгөгтүн. Эс бөгөөс хаалга үүдийг чинь балбачиж хар толгойг чинь хэмхэчмүй.” Хаалгач шулам мэгдэн гүйн орж шулмын түрүүд мэдүүлрүүн: “Их ван гай болов.” Шулам асууруун: “Ямар гай болов?” Бага шулам өчрүүн: “Өмнө хаалгыг хүн ирж эвдээд багшийг ац хэмээн бархирч байнам.” Шулам сонсоод ихэд цочин: “Аль нэг нь эрэхээр ирсэн болов?” хэмээхэд шулмын хошууч: “Битгий эмээгтүн. Би гарч үзсүгэй.” хэмээгээд гүйн гарч хаалганы онгорхойгоор шагайхуул урт хоншоор, их чих харагдах тул хойш хандан дуудруун: “Их ван битгий айгтун, энэ эрсэн нь Гахай болой. Тийм чадалтай юм бус, аймшиггүй ёс бусчилж үл чадмуй. Тэр хэрвээ ёсгүй аашлахад хүрвээс үүдээ нээн гарч барьж ирээд цугаар жигнэж идсүгэй. Аймшигтай нь гагц аянгын эзний дүртэй тойн болой.” Үүнийг гадна агсан Гахай сонсоод дуудруун: “Ах минь шулам надаас айхгүй чамаас айж баймуй. Багш лавтайяа энд баймуй. Чи үтэр ирэгтүн.” Бичин хараан өгүүлрүүн: “Чивэлт адгуус Бичин өвөг чиний энд баймуй. Миний багшийг гаргаж өгвөөс амийг чинь хэлтрүүлсү.” Тэр шулмын хошууч сонсоод бас дуудруун: “Их ван муу болов. Бичин биеэр хүрч иржээ.” Тэр шулам гаслан өгүүлрүүн: “Цөм чиний явдал, юуны “хэлтэс хувааж гэсрийг авах” арга хэмээсээр энэ зовлонг өдөв. Өдгөө яаваас сайн бэ?” Хошууч өгүүлрүүн: “Их ван сэтгэлээ сул тавь. Түр битгий гаслан зэмлэгтүн. Бичин болбоос уудамч багтаамжтай сармагчин, хэдий увидас эрдэм цаглашгүй боловч өргөж магтахыг сонсох дуртай хэмээгчийг би мэдмүй. Бид нэг хуурмаг хүний толгой гаргаж үзүүлээд, түүнийг баахан магтаж хойно нь чиний багшийг бид идэв хэмээсүгэй. Тэр хууртаж эчвээс бид даруй Тансагийг идсүгэй. Хэрвээ хуурагдахгүй бөгөөс жич арга бодсугай.” Түрүү шулам асууруун: “Хуурмаг хүний толгой хаанаас олмуй?” Хошууч: “Түр миний үйлдэхийг үзэж агтун.” хэмээв.

 

            Тэр шулам сүхээр уд модны үндсийг огтлон авч хүний толгой хийж баахан хүний цус түрхэж эрээн халтар болгоод тэвшинд уул бага шулмаар хаалган дээр аваачуулан: “Өвөг богд минь хилэнгээ тайтгаруулму.” хэмээн дуудуулахуйд Бичин хэмээгч үнэхээр өргөхүйд дуртай тул Өвөг богд хэмээхийг сонсмогц Гахайг хориглон зогсоогоод: “Түр битгий гар хөдлөгтүн. Түүний юу хэмээхийг сонссугай.” хэмээв. Тэр шулам өгүүлрүүн: “Манай их ван эрхмийн багшийг барьж ирсэнд агуйд агсан өчүүхэн бүдүүлэг шулам сайн мууг үл мэдэн тэмцэж булаалдан багшийг чинь иджээ. Гагц тэргүүн нь үлдээд энд баймуй.” Бичин өгүүлрүүн: “Нэгэнт идсэн бөгөөс тэргүүнийг нь авч ирэгтүн. Би үнэн хуурмагийг нь үзсүгэй.” Тэр шулам хаалганы онгорхойгоор тэрхүү тэргүүнийг цохин гаргасанд Гахай үзмэгц дуу тавин уйлж: “Хэдий хөөрхийлөлтэй аж. Амьд сэрүүн багш орж эчээд өдгөө ганц тэргүүн нь үлдэн гарч иржээ.” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Тэнэг чи үнэн хуурмагийг үзэхгүйгээр ийнхүү юунд уйлмуй?” Гахай өгүүлрүүн: “Ичих ч үгүй. Хүний тэргүүнд бас хаанаас үнэн хуурмаг байх аж?” Бичин өгүүлрүүн: “Энэ даруй хуурмаг хүний тэргүүн буюу.” Гахай асууруун: “Чи яахан хуурмаг хэмээн мэдэв?” Бичин: “Хүний тэргүүнийг хөсөр орхиход дуун гарахгүй хуурмаг тэргүүн болбоос тогшуур модны дуу гармуй. Чи эс итгэвээс чамд орхиж үзүүлсүгэй.” хэмээгээд тэрхүү тэргүүнийг авч чулуун дээр орхисонд тон хэмээн дуу гарав. Шороо өгүүлрүүн: “Ах минь дуу гарч байнам.” Бичин өгүүлрүүн: “Дуу гарах нь даруй хуурмаг болой. Би та нарт үүний үнэн дүрийг үзүүлсү.” хэмээн болд бэрээгээ гарган нэгэнтээ дэлдсэнд балбарчээ. Гахай урагш давшин үзэхүл харин уд модны үндэс ажгуу. Гахай тэсгэлгүй хилэгнэн харааж: “Чивэлт адгуус та нар багшийг минь агуйдаа нуугаад аймшиггүй удны үндсээр Гахай өвгөө хуурмуй. Миний багш уд модны шулам буюу?” хэмээв.

 

            Тэр бага шулам ихэд айн чичирч дагжсаар гүйн орж мэдүүлрүүн: “Бэрхээ бэрх бэрх.” хэмээсэнд түрүү шулам асууруун: “Яахан ийм олон бэрх амуй?” Бага шулам өчрүүн: “Гахай Шороог нэгэнтээ хуурч чадсан боловч гагц тэр Бичин хэмээгч үнэхээр: “Хуурмаг үнэнийг ялгаж чаддаг, хуучийн арилжаачин” ажгуу. Тэр хуурмаг тэргүүн хэмээн таньжээ. Өдгөө түүнд нэг үнэн тэргүүн өгч үзвээс хуурагдах магадгүй болой.” Шулмын түрүү өгүүлрүүн: “Хаанаас үнэн тэргүүн олмуй? Хошууч шулам өгүүлрүүн: “Манай тэрхүү өвчигч тэнхимийн доторх идэж эс барсан тэргүүнээс нэгийг авч ирэгтүн.” Олон шулам даруй өвчигч тэнхимд хүрч нэгэн шинэхэн тэргүүнийг сонгон авч арьс махыг мөлжиж арилгаад тэвшинд тавин авчирч дуудруун: “Өвөг богд анхны авчирсан нь үнэхээр хуурмаг бөлгөө. Энэ болбоос үнэн Тансаг өвгийн тэргүүн мөн. Манай ван үлдээж гэрийн дарлага болгосугай хэмээж байжээ. Өдгөө тухайлан гаргаж өргөмүй” хэмээн цохиж гаргасанд цус дусалж бөмбөрдмүй.

 

            Бичин үзэхүл үнэхээр хүний тэргүүн нь тул тэсгэлгүй уйлж үүсгэв. Гахай Шороотон ч хамтаар дуу тавьж уйлмуй. Гахай нулимсаа арчин өгүүлрүүн: “Ах минь түр битгий уйлагтун, өдгөө цаг халуун тул баахан удваас үнэр орж өмхийрөн ялзрах болуузай. Би аваачин оршуулж бумбалан жич уйлсугай.” Бичин “Бас ч зүй” хэмээсэнд тэр тэнэг бузар буртаг хэмээн жигшихгүй тэрхүү тэргүүнийг өвөртөө тэврээд уулын эрэг дээр гаран нарны ээвэр салхины нөмөр газрыг сонгож малтуураар нэгэн нүх малтаад тэргүүнийг бумбалж тавьсан хойно Шороог дуудан: “Чи номын ахын хамт уйлж байтугай. Би эчиж тахилын юм олж ирээд багшийг тайсугай.” хэмээж уулын заваас удны мөчир, өндгөн чулуу авч ирээд удны мөчрийг бумбын хоёр хажууд хатгаж өндгөн чулууг бумбын өмнө овоолсонд Бичин асууруун: “Энэ нь ямар ёс вэ?” Гахай өгүүлрүүн: “Энэ удан мөчрөөр нарс майлс болгон багшийн бумбын оройг сүүдэрлэсүгэй. Энэ өндгөн чулуугаар боорцог болгож багшид тахил тавьсугай.” Бичин зандран өгүүлрүүн: “Эргүү амьтан хүн нэгэнт үхсэн бөгөөтөл бас чулуугаар тахил тавьмуй юу?” Гахай өгүүлрүүн: “Хоцорсон бид сэтгэлээ гүйцэтгэж өчүүхэн төдий ачлалыг гүйцэтгэх нь буй за.” Бичин өгүүлрүүн: “Дэмий битгий донгод. Шороо чи энд үлдэж багшийн бумба ба цагаан морь амьтай боодлыг сахиж атугай. Бид хоёул эчиж агуйг эвдэн самуун шулмыг барьж түмэн хэсэг огтчин алж багшийн өшөөг авсугай.” Шороо нулимс унаган өгүүлрүүн: “Их ахын өгүүлэх маш зүй. Би энд сахиж асугай. Та нар хичээн үйлдэгтүн.”

 

            Тэр Гахай гадуур хэдэрсэн хар дээлээ тайлж ахар цээжмэгээ чангалан малтуур өргөн Бичиний хойноос явав. Тэд хоёул агуйн өмнө хүрч ялган хэлэлцэхийг хүлээлгүйгээр чулуун хаалгыг хэмх цохиод сүрхий дуугаар бархиралдан “Багшийг гаргаж өг” хэмээн дайран ороход агуйд агсан олон шулам сүнс завхан сүг сарнитал айж хошуучийн өдсөн хэрэг хэмээн гасалмуй. Тэр түрүү шулам хошуучаасаа асууруун: “Эдгээр хуврагууд үүд хаалгыг цохиж дэлдэн амар үл байлгахад хэрхвээс зохином?” Хошууч өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь: “Алга барьсан хүн аварга загаснаас халирахгүй” хэмээжээ. Айваас битгий үйлд үйлдвээс битгий ай. Бүх агуйн цэргийг дайчилж байлдаар гарч тэр хоёр тойныг алсугай.” Тэр шулам бодовч өөр аргагүй тул төд зарлиг буулган: “Хүүхэд минь, бүгдээр сэтгэл нэгдэж хурц зэвсэг хүчит нум авч намайг даган байлдаанд ортугай” хэмээсэнд бүгдээр ихэд бархирч алан гарав. Бичин Гахай хоёул хойш ухарч уулын өмнөх тэгш газар дээр шулмыг угтан аваад зандран: “Аль нэг нь шулмын түрүү вэ? Аль нэг нь манай багшийг барьсан шулам бэ?” хэмээхүл шулмын жагсаалын гэмэрлэг тугийн дороос түрүү шулам нь гартаа төмөр манцуурга барин гэхэлзэн гарч ирээд өндөр дуугаар өгүүлрүүн: “Самуун тойн чи намайг танихгүй буюу, би болбоос даруй цаглашгүй их ван болой. Энэ оронд эзэн суусаар хэдэн зуун он боллоо. Чиний багшийг нэгэнт иджээ. Чи аймшиггүй намайг хэрхсүгэй гэнэм?” Бичин хараан өгүүлрүүн: “Цөс ихтэй адгуус чи, хэдий наслав хэмээн аймшиггүй цаглашгүй хэмээн өргөмүй? Дилав хэмээгч тэнгэр газар үүсэх үеийн дээдэс бөгөөтөл Ядам Шанравийн баруун этгээдэд залармуй. Шигэмуни хэмээгч галвыг эзэлсэн бурхан бөгөөтөл хангарьдын дор суумуй. Күнз хэмээгч бичгийн сургаалын дээдэс бөгөөтөл: “Багш” хэмээхээс эс хэтэрчээ. Адгуус чи харин аймшиггүй цаглашгүй их ван хэмээж хэдэн зуун он энд эзэн суув хэмээнэм? Битгий буруулагтун. Өвгийн шийдмийн амтыг үз.” хэмээн занчихуйяа тэр шулам зайлан өнгөрүүлж төмөр манцуургаар болд бэрээг тосч нүдээ дүгрэглэн асууруун: “Самжийн дүртэй сармагчны хоншоортой гайхал чи ямар аймшиггүй ийм арвин муу үгсээр намайг доромжилмуй. Чамд ямар чадал бий хэмээн өмнө балмадлах аж?” Бичин инээн өгүүлрүүн: “Цаасан дээр нэргүй цасан дээр мөргүй адгуус чи намайг үл мэдэх нь зүй. Чи зүрхээ чангалан зогсож атугай. Би чамд хэлсү:

 

            Төрөлх нутаг минь дорно Үлэмж биет тив, тэнгэр газар намайг тэнд түмэн он хүмүүжүүлэв. Цэцэг жимст уулын хувилгаан чулуу нэвчиж чив хэмээн миний бие майлан гарч ирэв. Угаас увидас билиг бүрдсэн тул увидас эрдмийг өөрөө бясалган бүтээв. Эсэрүа хурмаст намайг Их богд өргөмжилсөнд эрдэм чадалдаа эрдэж тэнгэр лүгээ тэмцэв. Арван түмэн эрхтэн цэргийг хүчээр арилган агаар тэнгэрийн гаригийг саяар дарав. Алдар нэр минь арван зүгт мандаад арга чадал минь гурван ертөнцөд дуурсав. Өдгөө би бурхны шашинд ороод энэрэлт багшийг хамгаалан баруунш зорчмуй. Уул үзвээс зам нээхүйеэ надад шулам зайлж, ус тохиолдвоос гүүр тавихуйяа албин чөтгөр танимуй. Балар ойд барс ирвэсийг барьж бартаат ууланд буга мангасыг дармуй. Зүүн тивээс баруун тив хүрч иртэл чөтгөр шулам аймшиггүй халдан эс чадав. Эргүү шулам багшийг хөнөөсөн чинь үнэхээр заналтай. Үүрээр чинь сөнөөж үүлдрээр чинь арилгасугай.

 

            Тэр шулам үүнийг сонсоод цочин бөгөөд хорсожараагаа хавиран урагш давшиж төмөр манцуургаар занчихуйд Бичин болд бэрээгээр хөв хөнгөн тосч аваад бас хэлэлцсүгэй хэмэж атал Гахай тачаадан малтуур өргөн шулмын хошуучийг цохилохуйяа олон шулам зэргээр давшин ирэв. Энэ удаагийн алалдаан үнэхээр: Дорно их дээд гүрэн Тан улсын тойн, төгс жаргалант бурхны орноос ном залаар ирэв. Өндөр уулын ирвэсийн шулам үүл салхи дэгдээн өнгөрөх замыг нь тосч эрдэм чадлаа үзүүлмүй. Хорт арга хэрэглэн хуурч тэднийг салгаад хоорондоос нь гэнэдүүлэн  хутагт тойныг барив. Хувилгаан увидастай Бичин лүгээ учирч харин бас алдарт Гахайтай харгав. Олон шулам уулан дээр нийлэн байлдахуйяа улаан тоос дэгдэн агаарын наранг халхлав. Тэртээ жагсаалд өчүүхэн шулам бархиралдан илд жад эргүүлэхүйеэ энтээ биед хувилгаан тойд  зандран малтуур шийдэм далаймуй. Хосгүй баатар идтэн Бичин Гахай хоёр хандсан зүгт хиартал хүчин чадал үзүүлмүй. Түрүү хошууч тэр хоёр шулам Тансагийн махыг идэх хэмээн амь гүжирмүй. Энэ хоёр нь багшийн өшөөг авахын тулд шүд зуумуй. Тэр хоёр Тансагийн махыг идэхийн тулд үхэн тэмцмүй. Урагш хойш алхилдан, нааш цааш зөрөлдөж удтал байлдсан боловч ялгуур эс гарав. Тэдгээр бага шулам огт ухрахгүй баатарлан байлдахыг Бичин үзээд үснээсээ нэгэн атга сугалан авч аманд зажлан үлээн гаргаад “Хувил” хэмээсэнд цөм түүний дүрээр хувилж нижгээд болд бэрээ бариад жагсаалд алан оров. Тэрхүү хэдэн зуун бага шулам өмнөш угтваас хойныг хөшиж чадахгүй баруунш тосвоос зүүнийг халхлан чадахгүй болоод цөм амь зулбан сарнин дутаамуй. Энэ үес Бичин Гахай тэд бас жагсаалын дотроос гадагш алан гарахуйяа тэдгээр өчүүхэн шулам малтуурт дайруулсан нь есөн сүвээр цус цуварч бэрээнд оногдсон нь яс мах шавар болжээ. Тэрхүү цаглашгүй их ван их л айж, салхи хөдөлгөн манан татуулж буруулав. Тэр хошууч нь хувиран улирч чадахгүй тул Бичиний шийдэмд оногдоод уг дүр нь илэрч үхэв. Үзвээс харин дэлт чоно ажгуу. Гахай урагш давшин хөлөөс нь татан хөрвүүлж үзээд өгүүлрүүн: “Энэ багаасаа хэдий хурга ишиг хонь ямаа хулгайлж идсэнийг мэдэхгүй.” Бичин биеэ сэгсэрч үсээ хураан аваад “Тэнэг минь удаж үл болмуй. Хурдан шулмыг нэхэж багшийн амийг төлүүлсүгэй.” хэмээхэд Гахай хойш харваас бага Бичин цөм үгүй тул “ахын хувилгаан дүр цөм оджээ.” Бичин өгүүлрүүн: “Би нэгэнт хураан авав. Гахай: “Гайхалтай гайхалтай” хэмээсэнд хоёул баярлан инээлдсээр одов.

 

            Өгүүлэх нь, тэр шулам арайхан амь мултран эгээд бага шулмаар чулуу шороо зөөлгөн өмнө хаалгыг түгжиж орхив. Тэдгээр зол таарч амьтай гарсан бага шулам бүгдээр чичрэн дагжиж үүдээ таг дараад аюулгүй бүдүүн амьсгалж ч чадахгүй авай. Бичин Гахайг дагуулан хаалганы өмнө эрж хашгиран зандравч харуй өчих хүн огт үгүй тул Гахай урагш давшин малтаж үзээд хүч эс хүрэлцэв. Бичин мэдээд өгүүлрүүн: “Гахай, хүчээ дэмий барах хэрэггүй. Тэд нэгэнт үүдээ түгжжээ. Гахай өгүүлрүүн: “Тийм бөгөөс багшийн өшөөг хэрхэн хариулмуй?” Бичин: “Түр багшийн бумба дээр эчиж Шороотой уулзсугай.” хэмээв. Хоёул хойш буцан ирж үзэхүл Шороо бас уйлсаар ажгуу. Гахай ч нэгэнтээ уяран малтуураа орхин бумбаны дээр хэвтээд газрыг маажилхийлэн уйлан өгүүлрүүн: “Заяа муутай багш минь, харь нутаг эрсэн багш минь, ямар газар яахан дахиж золгох буй за?” Бичин өгүүлрүүн: “Дүү, түр битгий гаслагтун, энэ шулам өмнө хаалгаа түгжсэн боловч лавтайяа орж гарах үүд бас нэг баймуй. Та хоёул энд сууж байгтун. Би эчиж эрж үзсүгэй.” Гахай нулимс урсган өгүүлрүүн: “Аяа Ах минь хичээн сэрэмжилтүгэй. Чи бас баригдаж эчвээс бид уйлахын аргагүй болмуй. Багшийн төлөө нэг уйлж чиний төлөө бас нэг уйлбаас эрэй хурай үгүй болох болой.” Бичин өгүүлрүүн: “Гайгүй ээ, надад сайн арга байна.”

 

            Их богд чандмань болд бэрээгээ хурааж хормойвчоо чангалан их алхмаар уулын хөтлийг давж гартал ус урсах дуу сонсодмуй. Нарийвчлан үзэхүл тэр нь нэгэн горхи ажгуу. Горхийн эхэнд нэгэн үүд байх бөгөөд үүдний хажуугаар сувгийн нүхтэй ажгуу. Тэр сэтгэрүүн: “Хэлэх юу баймуй. Энэ даруй ар үүд болой. Энэ дүрээр орвоос шуламд танигдах тул нэгэн могой хувилж орсугай. Түр байз. Жирс хувилсныг багшийн сахиус мэдвээс намайг гэрээс гарсан хүн атал могой хувилжээ хэмээн буруушаах болуузай. Нэгэн наймаалж хувилж орвоос барав. Бас үл болмуй. Багш намайг олон хөлтэй хэмээн зэмлэх болуузай.” хэмээсээр нэгэн усан хулгана болж хувираад тэр нүхээр шууд хүрээнд ороод ажиглан үзэхүл нарны ээвэр газарт хэдэн бага шулам хүний махан борц хатааж баймуй. Бичин санаруун: “Аяа хөвгүүн минь тэр лавтай багшийн минь махыг идэж барсангүй борцлон хатааж хожим идсүгэй хэмээх нь буй за. Би хэдийгээр уг дүрээр болон гүйж хүрээд нэгэн шийдмээр цохиж алж болох боловч ийн хийвээс баатар боловч бодлогогүй болоход хүрмүй. Түр хувирч ороод тэр их шулмын хэрхэж ахууг үзсүгэй.” хэмээн сувгаас үсрэн гарч нэгэн саадагт шоргоолж болон гарав. Үзвээс:

 

            Жижиг боловч шаламгай тул баатар цолтой болж жигүүр далавч бүрдсэн тул саадагт нэр олжээ. Гүүрийн дэргэд жагсаал жагсаан хөсөр дор эрдэм мөрийцмүй. Бороо хур орохыг урьд мэдэж босгож шороо овоолон үүрээ бөглөмүй. Хөнгөн гавшгай хурдан бушуу хаалга цонхоор орж гарах нь мэдэгдэшгүй.

 

            Тэр шууд гол тэнхимд нисэн орж үзвээс түрүү шулам хараахан зовнин суумуй. Тийн атал нэгэн бага шулам гүйн орж ирээд мэдүүлрүүн: “Их ван баяр болов. Баяр болов.” Шулам асууруун: “Баяр хэмээгч юу вэ?” Тэр бага шулам өгүүлрүүн: “Би сая ар үүдний гадна гарч чагнахад хүн уйлах дуу сонстмуй. Тийнхүү хадан дээр гарч өнгийн үзэхүл Гахай Бичин Шороотон бумба босгон уйлан сууж ажгуу, бодвоос лавтайяа тэр хүний тэргүүнийг Тансагийг тэргүүн болгон оршуулаад бумба босгон уйлан гашуудах нь буй за. Бичин сонсоод дотроо баярлан санаруун: “Ийн өгүүлэхээс үзэхүл манай багшийг идээгүйгээр энд хадгалж байх ажгуу. Бий түүний үхсэн амьдыг туршиж мэдээд жич болсугай.”

 

            Их богд гол тэнхимийн дотор нааш цааш нисэж ажиглаваас хажууд нь нэгэн бага үүдийг чанд дараад нотод битүүмжилсэн тул завсраар шурган орж үзэхүл харин нэгэн их хүрээлэн ажгуу. Тэнд уйлах дуун бүүр түүр сонстох тул дотогш нисэн хүрч үзэхүл модны дээрээс хоёр хүнийг дүүжилж байхын нэг нь чив хэмээн Тансаг ажгуу. Бичин үзээд ихэд баярлан өөрийн эрхгүй уг дүрээр болоод урагш давшин “Багш минь” хэмээн дуудсанд Тансаг Бичинг таниад нулимс унаган өгүүлрүүн: “Ү Күн минь, чи ирэв үү. Хурдан намайг аврагтун.” Бичин өгүүлрүүн: “Багш дэмий битгий дуудагтун. Өмнө этгээдэд шулам бий чимээ авах болуузай. Нэгэнт амь чинь үлсэн бөгөөс аврахад юу вэ? Тэр шулам харин чамайг нэгэнт идэв хэмээж хуурмаг хүний тэргүүнээр биднийг хуурахад бид хорсож үхэн алалдсан болой. Багш та сэтгэлээ сул тавь, түр тэсвэрлэн хүлээж атугай. Би эчиж шулмыг дарсан хойно чамайг гаргасугай.” хэмээв.

 

            Бичин даруй тарни уншин увидас үүсгэн мөнхүү саадагт шоргоолж болон хувирч тэнхимийн дотор эгэн орж баганын дээр суун атал тэдгээр үлдсэн бага шулмын дотроос нэгэн шулам гарч ирээд өгүүлрүүн: “Их ван, тэд түгжсэн хаалгыг эвдэж ядаад сэтгэл цөхрөн тэр хуурмаг тэргүүнийг бумбалан тахиж байх нь өнөө нэг өдөр, манагар нэг өдөр, жич нөгөөдөр нэгэн өдөр уйлбаас арга бус явж арилах болой. Тэдний дарагдаж салсны хойно Тансагийг авч ирэн хэрчиж хэсэглэн огтжин хядаж амт оруулан чанаад бүгдээр нижгээд хэсгийг амттай хүртэн урт насалж удаан жаргасугай.” Бас нэг бага шулам алга ташин өгүүлрүүн: “Тусгүй тусгүй, жигнэж идвээс сая амттай болой. Бас нэг нь чанаж идвээс түлшинд арвитай болой.” хэмээхэд бас нэг нь өгүүлрүүн: “Тэр хэмээгч эрхэм чухаг юм тул борцолж давслан хатаагаад арвилж идвээс зохимуй.” хэмээхэд багана дээрээс чагнан суусан Бичин ихэд хилэгнэн санаруун: “Миний багш танд ямар хор хүргэж шор шаав хэмээн ийн идэхийг санамуй?” хэмээн нэгэн атга үсийг үгтээн авч амандаа зажлаад үлээн гаргасанд бүгдээр цөм унтуулагч хорхой болон хувилаад шуламсын хамарт нь орсонд бага шулам цөм үүрэглэн үүсгэж аажмаар үхширтэл унтав. Гагц тэр түрүү шулам нь даамай сайн унтахгүй хоёр гараар нүүрээ маажлан найтааж ханиан зогсохгүйд Бичин санаруун тэр сэрж мэдэх буюу? Түүнд хувь нэмж өгсүгэй.” хэмээгээд үснээс бас нэгэн ширхэг зуулан авч уг ёсоор унтуулагч хорхой болгож нүүр дээр нь хаясанд зүүн хамрын нүхээр нэг, баруун хамрын нүхээр нэг шурган оров. Тэр шулам эвшээж суниан хэдэнтээ найтаан хуржигнан унтав.

 

            Бичин их л баярлан уг дүрээр болоод чихнээсээ болд бэрээгээ гарган сэгсэрмэгц аяган чинээ болжээ. Бичин бага хаалгыг цохин эвдэж хүрээлэнгийн дотор гүйн ороод өндөр дуугаар: “Багш минь” хэмээн дуудав. Тансаг өгүүлрүүн: “Шавь минь хурдан ирж хүлээсийг тайлагтун. Гэмтэхэд дөхөв, би.” Бичин: “Багш битгий яарагтун би шулмыг алаад жич ирж багшийн хүлээсийг тайлсу.” хэмээн яаран эргэж тэнхимийн дотор гүйн оров. Шийдмээ далайн сая цохьсугай хэмээгээд зогхийн зогсож бас санаруун: “Болохгүй багшийг аварсан хойно жич алсугай. Ийнхүү дахин хүрээлэнд гүйн ороод бас сэтгэрүүн “Шулмыг алаад хойно ирж багшийг тавьсугай” хэмээн нааш цааш хэдэнтээ гүйгээд сая дэвхрэн цамнасаар хүрээлэнд орж ирэв. Тансаг үзэн зовнилын дотор баясал төрөгдөн: “Сармагчин минь багш юугаа амьд ахуйг үзээд баярлахдаа хэрхэхээ олохгүй болж ийнхүү цамнах нь болой.” хэмээн санажээ. Бичин сая урагш давшин багш юугаа тайлан тавьж тэтгэн авч одоход тэртээ талын модноос дүүжлэгдсэн хүн бас дуудруун: “Багш та ихэд нэгүүлсэн намайг бас аврах ажааму?” Тансаг зогхийн зогсоод өгүүлрүүн: “Ү Күн минь тэр хүнийг бас тайлж тавигтун” Бичин асууруун: “Тэр ямар хүн бэ?” Тансаг: “Тэр болбоос надаас нэг өдөр урьд баригдаж ирсэн түлээч болой. Гэрт бүхий настай ээжээ машид санаж мөрөөдөхийг үзвээс харин ч нэгэн элбэрэлт хөвгүүн ажгуу. Түүний хүлээсийг бас тайлж бүгдийг аварваас барав.” Бичин үгийг дагаж түүнийг бас авран гаргаад хамтаар ар үүдээр гарч хадыг даван завыг туулж өнгөрөв. Тансаг тал өгч өгүүлрүүн: “Мэргэн шавь минь, чиний хүчинд шүтэж бид хоёул амь мултрав. Гахай Шороотон өдгөө хаа баймуй?” Бичин өгүүлрүүн: “Тэд хоёул цөм чиний хойноос гашуудаж баймуй. Багш дуудаж үзэгтүн.” Тансаг үнэхээр их дуугаар дуудруун: “Бажи Бажи” толгойгоо дүүртэл уйлж агсан Гахай нулимсаа арчин нусаа зүлгэж өгүүлрүүн: “Шороо багшийн сахиус эгэж ирэв. Тэр дуудаж ахуу нь бус буюу?” Бичин урагш давшин зандран өгүүлрүүн: “Тэнэг амьтан яахан сахиус илрэв хэмээмүй? Энэ ирэх нь багш бус уу” хэмээхэд Шороо тэргүүн өргөж лавлан үзээд яаран хөсөр сөгдөж багш та хал зовлонг ихэд амсав за, номын ах яахан олж аварсан аж?” хэмээхүл Бичин урдын явдлыг нэгэн зэрэг тоочив.

 

            Гахай сонсоод малтуур эргүүлэн босгосон бумбаа малтаж тэрхүү хүний тэргүүнийг гаргаж хэмх цохиж орхив. Тансаг асууруун: “Үүнийг хэмхчиж яамуй?” Гахай өгүүлрүүн: “Энэ чухам аль нэгэн зовлонт хүний хувхай толгойг мэдэхгүй. Бид харин үүний төлөө нэгэн зэрэг талаар уйлан гашуудав.” Тансаг өгүүлрүүн: “Үүний сайнаар сая би амьтай үлдсэн болой. Та ах дүү хэдүүл эчиж намайг нэхэхэд үүнээр орлуулан хуурсан буй за. Эс бөгөөс миний амь гарах бэрх болой. Үүнийг дахин оршуулж бумбалаад манай санваартан хүний сэтгэлийг гүйцэтгэтүгэй.” хэмээхэд тэнэг Гахай багшийн эрхийг дагаж тэрхүү хэмхэрч няцарсан тэргүүнийг дахин бумбалж оршуулав. Бичин инээн өгүүлрүүн: “Багш та түр сууж байтугай. Би эчиж шулмын намыг арилгаад жич эрсүгэй.” хэмээн хаднаас үсрэн бууж хавцлыг харайн өнгөрч Тансагийг хүлж агсан дээсийг авч гол тэнхимд хүрч ирээд тэр унтаа шулмын дөрвөн мөчийг атиртал хүлж болд бэрээгээрээ өлгөн мөрлөөд гарч ирэв. Бараа харж агсан Гахай олж үзээд: “Номын ах хэзээд өөдгүй хэргээр явмуй. Бас нэгийг олж тэнцүүлэн дамнаваас сайн биш үү?” Бичин өмнө нь ирээд хөсөр орхисонд Гахай малтуур өргөн зогссугай хэмээв. Бичин хориглон өгүүлрүүн: ”Түр байз агуйд байх бага шулмыг бас тонилгож бараагүй болой. Гахай өгүүлрүүн: “Ах минь би бас хамт эчиж хэдийг тонилгосугай.” Бичин “Хядахад хүч орох тул баахан түлээ олж үндсээр нь галдахад хүрэхгүй.” хэмээхэд тэр түлээчин сонсоод Гахайг дагуулан зүүн хөтөлд эчин хувхай мод хуурай түлээ цөлбөн авчрав. Бичин даруй түлээ овоолон гал хөгжөөгөөд унтуулагч хорхой болгосон үсээ хураан авав. Тэдгээр бага шуламсыг сэртэл гал өрөвсөж хуу шатаав. Бичин эгэж ирэн багшдаа золгов. Энэ үес тэр түрүү шулам сэрээд дуу гарахыг Тансаг сонсоод: “Шавь минь шулам сэржээ. Гахай урагш давшин малтуурдсанд тэр шулам үхээд уг дүр нь илрэв. Үзвээс харин нэгэн цагаан цоохор ирвэс ажгуу. Бичин өгүүлрүүн: “Цоохор ирвэс барсыг идэж чадмуй. Өдгөө бас хүн болон хувирч чаджээ. Энэ удаа алснаар сая хойчийн зовлон тасарсан болой. Тансаг тал өгч мориндоо мордтол түлээчин өгүүлрүүн: “Багш минь баруун өмнө даамай холгүй доордын буйр баймуй. Багш та бор гэрийг гэрэлтүүлэн бууж хөгшин эхэд учиртугай. Багш таны амь аварсан ачид мөргөн талархсаны хойно жич замдаа ортугай.”

 

            Тансаг сонсоод баяртай хүлээн авч түлээчинг даган дөрвүүл ирэв. Баруун өмнө зүгт даамай холгүй үзэгдэх нь:

 

            Чулуун замыг хөвд бүрхээд шивээн хашааг ороонго торложээ. Эргэн тойрон уул хүрээлэн  ойн дотор шувуу донгодмуй. Нарс хулс цэлгэрэн ногоороод навч цэцэг бадран дэлгэрмүй. Буйд бөглүү булан дотор бор гэр улалжин бүрх харагдмуй.

 

            Шивээн хашааг түшиж зогссон нэгэн эмгэн хөвгүүн минь хэмээн тэнгэр газрыг дуудан уйлж байх нь холоос үзэгдмүй. Энэ түлээчин эхээ үзээд багш шавь дөрвүүлээс түрүүлэн шивээн хашааны дэргэд гүйн хүрч сөгдөн өгүүлрүүн: “Эх минь хөвгүүн би ирэв.” хэмээсэнд тэр эмгэн хөвгүүнээ тэврэн аваад: “Хөвгүүн минь энэ хэдэн өдөр чи эгэж ирэхгүй тул лавтайяа уулын эзэнд баригдан амиа алдав за хэмээн бодож ад биш шаналан суув. Чи уулын эзэнд баригдсан бус бөгөөд яахан өдгөө сая эгэж ирэв? Дамнуур сүх чинь хэрхсэн аж?” хэмээхэд түлээчин үхэхээс хэлтрэхүйеэ бэрх болсон бөлгөө. Завшаанаар энэ хэдэн тойн учрав. Энэ багш хэмээгч Зүүн газрын Тан улсын баруун газраас ном залаар явагч архад болой. Энэ багш бас уулын эзэнд баригдан модноос дүүжлэгдэж байв. Үүний тэр гурван шавь хэмээгч цаглашгүй эрдэм увидастай тул уулын эзнийг цохин алжээ. Тэр харин нэгэн цагаан цоохор ирвэсийн шулам ажгуу. Тэдгээр олон бага шулмыг ч шатаан алаад энэ багшийг авран гарахуйяа хөвгүүн намайг ч авран гаргав. Үнэхээр тэнгэрээс өндөр газраас зузаан их ач болой. Эд нар үгүй бөгөөс хөвгүүн би үхэхээс хэлтрэн чадахгүй болой. Өдгөө уулан орон энх түвшин болж шөнийн гүнд тойровч эмээх зүйлгүй болсон болой.” хэмээжээ.

 

            Тэр эмгэн сонсоод унал мөргөлөөр мөргөн Тансаг багш шавь дөрвүүлийг угтаж улалжин бүрхэд буулгав: “Тийнхүү эх хөвгүүн хоёул мөргөн талархаад яаран цагаан цав арвин идээ бэлтгэж тэднийг зочлов. Гахай өгүүлрүүн: “Түлээчин ах минь эрхмийн ордон төдий баялаг бусыг би мэдмүй. Нэгэн цагийн хоолыг эвлүүлэн базааваас бэрх битгий хэтэрхий сүйтгэгтүн.” Түлээчин өгүүлрүүн: “Багштанаас юун нуумүй. Доордын уулан орон үнэхээр тачир яданга үнэр амтат ногоо жимс байхгүй болой. Хэдэн зүйлийн хээрийн ногоо чанаж сэтгэлээ илтгэх төдий буй за. Гахай инээн өгүүлрүүн: “Дэмий дэмий хурдхан авчирваас барав. Бид нэгэнтээ гэдэс ханхайрчээ.” Түлээчин: “Бий, бий” хэмээж удалгүй ширээ арчин суудал засаж хоол будааг өрөн тавьсанд үнэхээр цөм хээрийн ногоо авай. Үзвээс:

 

            Шар цэцэг шарвалж ногоо хурган чих, хулганын тос, хуурсан ногоо дөрвөн пял шувуун нудрага, согоон чих, аргуй ногоо, азарган цоор, амт тааруулан дөрвөн пял нэрсэн ногоо, наран ногоо, лууль ногоо, наанга цагаан найруулан сайхан чанажээ. Хөхөөний дэрс, хэлгий сараана, унаган туруу, булган таваг, ботгиртол буцалган шөлшүүлжээ. Эдгээр ногоо зуушийг энгийн будаатай барьж энэхүү түлээчин сэтгэлээ гүйцэтгэв.

 

            Багш шавь нэгэн цаг цадтал зооглоод мордсугай хэмээсэнд тэр түлээчин аймшиггүй удаан үлдээж эс чадан хөгшин эхээ залан гаргаж дахин ёслон мөргөж тал өгөв. Тэр түлээч мөргөн ёслоод нэгэн чавгын модон таяг барьж дээл хувцсаа тэгшлэн үдэн хүргэхээр болов. Шороо морийг хөтөлж Гахай дамнуураа дамнан Бичин багшаа дагаж явахад Тансаг агтан дээрээс алга хамтатган өгүүлрүүн: “Түлээчин ах чамайг зүдээн зам заалган их зам дээр хүрээд жич аярласугай.” хэмээн хэдүүл уулыг даван усыг гаталж явсаар Тансаг морины дээр бодмоглон өгүүлрүүн: “Шавь минь, Хаан эзэнд аярлан баруунш зорчсоноос хүршгүй хол замыг хөөж байнам. Уул ус үргэлжлэн аюул барагдашгүй, энд шулам самууран амь мултрахуйяа бэрх. Гагц сэтгэлээр ном залахыг бодож Галдан тэнгэрт даатгаж явнам. Хал зовлон хэзээ сая дуусч хойш эгэж Тан улсдаа буцах болов.

 

            Түлээчин эр сонсоод өгүүлрүүн: “Багш битгий зовнигтун, энэхүү их замыг барин явбаас мянганы газрын үзүүрт даруй Энэтхэгийн газар төгс баясгалант орон буюу.” Тансаг сонсоод мориноос өгүүлрүүн: “Эрхмийг зүдээж энд ирэв. Өдгөө нэгэнт их замд орсон бөгөөс гэртээ харьтугай. Настан эхийн хоол цав хайрласанд талархаж баршгүй. Үгээгүү хувраг надад өөр юм үгүй тул өглөө үдэш ном уншиж таны их хөвгүүн хоёулын урт насалж удаан жаргахыг даатгасугай.” хэмээв. Тэр түлээчин ирсэн замаар буцав. Багш шавь дөрвүүл баруун газрыг зорин явмуй. Энэ чив хэмээн: “Энд шулмыг даран аюул зовлонгоос ангижран ач хишгийг хүртэн аян замд хичээн сэрэмжилж явнам. Эгнэгт хэзээ баруун газарт хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 27 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 14 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 43 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 47 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 30 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    16 цаг 3 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    16 цаг 6 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    16 цаг 6 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 40 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 49 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    18 цаг 0 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    18 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 44 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    20 цаг 2 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    20 цаг 3 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 19 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК