зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛДУГААР БҮЛЭГ:


ХОРТ ШУЛАМ ЭРДЭНЭЭР ГАЛ УТАА ТАВИВ

ХУВИЛГААН БИЧИН АРГААР АЛТАН ХОНХЫГ ХУЛГАЙЛАВ

 

            Өгүүлэх нь, Бичин шийдмээ барин огторгуйд дэвхлэн гараад сүр тавин зандан өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн шулам буй? Бас хааш түйвээхээр одмуй?” Тэр шулам мөн өндөр дуугаар өгүүлрүүн: “Би өөр хүн бус, бэлгэт гөрөөсөн уулын голч гөрөөсөн агуйн Сай Тайсуй их вангийн хошууч, өдгөө их вангийн зарлигаар хатан эхэд зарагдах хоёр шивэгчин охиныг авахаар ирэв, чи хэн хэмээгч буй? Аймшиггүй ирж надаас асуумуй!” Бичин өгүүлрүүн: “Би болбоос тэнгэр лүгээ чацуу их богд хэмээмүй. Өдгөө Тансагийг хамгаалан баруун бодийн орны бурханд мөргөхөөр одох учир энэ улсад ирвээс таны мэтийн гажуу шулам хааныг дарлахыг сонсоод тухайлан эрдэм чадлаа гарган шулмыг барьж улс гэрийг амаржуулсугай хэмээн эрж олохгүй байтал, чи харин амиа хүргэж иржээ!” Тэр шулам сонсоод сайн мууг мэдэхгүй жадаар жадлан ирэхэд Бичин шийдэм далайн угтан байлдав. Хоосон огторгуйд энэ нэгэн зэрэг ихэд алалдсан нь:

 

Болд бэрээ нь лусын ордны далайг тогтоогч эрдэнэ, бохир жад нь эгэл ертөнцийн давтмал төмөр. Энгийн зэвсэг хэрхэн эрдэнийн зэвсэгт тэнцмүй, өчүүхэн шүргэвээс сахиус нь сарнимуй. Их богд болбоос анхны шидтэн, эргүү шулам болбоос албин муусайн. Өчүүхэн ад хэрхэн үнэн хүнд халдан чадмуй. Үнэн төв болбоос гажуу этгээд сөнөмүй. Нэгэн нь салхи дэгдээн тоос будруулж эзэн хааныг айлгахуйяа нэгэн нь үүл хөлөглөн униар гишгэж нар сарыг халхаллээ. Цохиж занчин зайлан хариулж дийлэн дийлэгдэхийг мөрийцөн, чадалгүй бөгөөс хэн айлгүй баатар хэмээн бардамламуй! Их богдын эрдэм чадал үнэхээр хэцүү, эрдэнийн шийдмээр нэгэнтээ занчихуйяа урт жад хуурав.

 

Шулмын жад нь Бичиний шийдэмд оногдоод хоёр анги болсонд шулам их л гэлмэгдэж салхи хөлөглөн ас баруунш амь тэмцэн буруулав.

 

            Бичин түүнийг нэхэлгүй огторгуйгаас бууж шулмаас далдлах нүхний гадна ирээд: “Багш, хаан лугаа хамт гарч ирэгтүн, шулмыг нэгэнтээ хөөж явуулав” хэмээн дуудсанд, Тансаг сая хааныг түшин гарч ирээд үзвээс шулмын уур арилан тэнгэр цэлмэгшжээ. Тэр хаан хуримын ширээний дэргэд ирээд алтан хундаганд дарс хийж, Бичинд барин: “Хувилгаан тойнд талархсугай” хэмээсэн, гаднаас нэгэн түшмэл орж ирэн: “Хотын баруун хаалганд түймэр гарав!” хэмээн мэдүүлсэнд, Бичин архитай хундагыг дээш орхив. Тэр хундага газар дээр дангинан унаж ирсэнд хаан үүнийг үзээд ихэд мэндүүрэн ёслон өгүүлрүүн: “Уучил, миний буруу болов. Зүй нь харшид залан хуриманд барих бөлгөө. Ганц энд бэлэн дарс байх тул ийн өргөв. Багш хундагыг шидэн хилэгнэсэн нь надад уурласан буй за?” Бичин өгүүлрүүн: “Бус, бус” хэмээн сая өгүүлтэл бас нэгэн түшмэл ирж мэдүүлрүүн: “Хэцүү бороо! Хэцүү бороо! Баруун хаалганы түймрийг нэгэн их бороо орж цөм унтраав. Зээлд орсон бороо нь цөм дарсны үнэртэй” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Хаан, миний хундага орхиход намайг уурласан буюу хэмээн санасан буй за, бус болой. Тэр шулам баруун зүг дутаахад би нэхсэнгүй тул тэр гал тавин оджээ. Миний энэ нэгэн хундага архинд шулмын гал унтраад зуун овогтны амийг аварсанаас өөр ямар санаа байх аж!”

 

            Хаан маш баясаж Тансаг багш шавь дөрвүүлийг эрдэнийн харшдаа залж улсаа өгөх санаа ахуйг Бичин үзээд инээн өгүүлрүүн: “Тэр шулам өөрийгөө Сай Тайсуйгийн зарлигаар зарц охидыг авахаар ирсэн хошууч хэмээмүй. Тэр өдгөө дарагдан одож их шуламд мэдүүлбээс их шулам нь эрхгүй эрэн ирж над лугаа тэмцэлдмүй. Тэр хэрвээ их цэргээр даран ирвээс зуун овогтноо гамшиг болж хаан эзнийг цочоон эмээлгэх болуузай. Ийнхүү би тосч эчин зам дээр түүнийг барьж хатныг эгүүлэн авчирсугай. Ганц аль зүгт одохыг мэдэхгүй, эндээс түүний тэр уул хэдий газар байх буй?” Хаан өгүүлрүүн: “Мөхөс хүн урьд туршуулагчаар туршуулсан бөлгөө, тэнд эчиж иртэл тавиад өдөр болжээ. Эндээс өмнө зүг бараг гурван мянган илүү газар хэмээмүй.” Бичин сонсоод: “Гахай, Шороотон энд сахиж буй, би одож эрсүгэй” хэмээхэд, хаан хормойноос татаж: “Хувилгаан тойн нэгэн өдөр амартугай, баахан замын хүнс бэлтгэсэн хойно, сайн морь унаж одвоос сая болмуй” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Хаан таны энэ үг явган хүний уул арвин даваа давахыг өгүүлэх нь нь болой.” Өвгөн Сүн үнэнээ чамд хэлсүгэй, энэ мэт гурван мянганы газар одож эгэхгүйг хундагатай архи хүрэхгүй болой. Хаан өгүүлрүүн: “Хувилгаан тойн миний хэлэхийг бүү зэмлэгтүн, эрхмийн дүр байдлыг үзвэл, яг нэгэн бич сармагчин мэт атал яахан энэ мэт зам хөөх эрдэм увидастай аж?” Бичин өгүүлрүүн:

 

Хар бич шар сармагчин хэдий миний төрөл хэмээвч хараахан багаас би нэгэнтээ мөнхийн шидийг олов. Их багшийг эрэн эрдэм увидас сурч, өдөр шөнө ялгалгүйгээр агуйд бясалгав. Асар тэнгэр миний саравч, их газар миний хясаа, ачит хоёр эмийн найраг наран сарныг хамтатгажээ. Арга билгийг шингээн авч гал усыг нийлүүлэхүйеэ агшин зуур нэгэн цагт нууж учрыг ухав. Тэнгэрийн товчийн улируулан хөдөлгөх их хүчинд итгэж, долоон дохиурын эргэн сэжлэх улирал тоог түшиглэжээ. Хясааг зогсоох, гал оруулах цагийг сайтар нийцүүлэн хорголжийг татан дуулгыг нэмэхэд харилцан зохицуулан солимуй. Таван махбодийг нэгтгэн нийлүүлэхүйеэ цогц бүтэц үүсгэн, дөрвөн дүрийг бүртгэн гаргахуйяа цаг хэмжээг хуваажээ. Хоёр уур бодь ёсны их гүрнээ нөхцөөд, гурван сургаал алтан үрлийн ариун замд нийлэв. Увидас эрдмийг ухан нэвтрээд дөрвөн мөчид шингээхүйеэ, үсрэн хонгорцоглоход угаас хувилгаад тэмцэх адил. Өндийн үсэрвээс өлмийн доор Тай хан уулс бөхийн, ухасхийн харайваас үүлт олом өсөд хол хоцормуй. Өндөр даваа зуун мянгаас зовох учиргүй, урт мөрөн түм бумаас төвөгшөөх хэрэг алга. Хориглогдошгүй хувилгаан увидас буйн тул хоромхон зуур арван түм найман мянган газар аа!”

 

Тэр хаан ийнхүү өгүүлэхийг сонсоод гайхан бөгөөд баярлаж, хөөрөн инээсээр Бичинд хундага нэрж өгүүлрүүн: “Хувилгаан тойн хол газар зүдэж одмуй, энэ нэгэн хундагыг хүлээн авагтун” хэмээхэд Бичин гагцхүү шулмыг дарахыг бодохоос юунд архи уух сэтгэл байх аж, төд: “Тавьж буй, би одож ирээд жич одсугай” хэмээгээд, нэгэнт эсгэрмэгц хэдийнээ алга болжээ. Тэр улсын хаан түшмэд цөм гайхалдан ахуйг түр үл өгүүлмүй.

 

            Тэндээс Бичин нэгэнтээ ухасхиймэгц хэдийн нэгэн өндөр уулын дээр хүрч ирэн үүлээ зогсооггод оргил дээрээс нарийвчлан үзвээс үнэхээр сайхан уул ажгуу:

 

Асга оргил тэнгэрт тулж, уул нуруу газарт хөндөлджээ. Өндөр нарс нарыг халхлан, үүл манан эргийг бүрхжээ. Хуш майлс хэзээд цэлгэрэн ногоорч, хад асга үүр хэвчлэн амуй. Ойн дотор Бичин жижигнэн усны хөвөөгөөр могой хөдөөсмүй. Уул шувуудын донгодох дуун сонсдож, араатан гөрөөсний хүрхрэх чимээ цуурайтмуй. Арт буга хос хосоор гүйлдэн, алаг шаазгай сүрэг сүргээр нисмүй. Өнгө бүрийн цэцэг навч үзээд ханашгүй, зүйл бүрийн үрс жимс түүгээд баршгүй. Бэрх бартаатай энэхүү уулыг шинжихүйеэ, буг шулам орших орны байдалтай.

 

Бичин хашралгүй үзэн, хайрхан агуйг эрсүгэй хэмээтэл, гэнэт тэр уулын тотгороос гал дүрэлзэн, агшин зуур огторгуй тултал мандаж, галын дотроос утаа бурхиран гарав. Тэр утаа галаасаа нэн хортой, үзвээс:

 

Огторгуй тултал дүрэлзсэн улаан галын дотроос өөр зүйлийн утаа бурхиран манарч гармуй. Утаа утаатай таарахгүй, улаан цагаан хөх хар шар таван зүйлийн өнгөтэй. Тэнгэрийн хаалгыг харлатал одож, Сударсан балгасыг шарлатал шатаамуй. Уулын араатны арьс мах түлэгдэн, ойн жигүүртний өд сөд шатжээ. Аюулын утаа ийм хортой ахуйяа уулнаа орж шулмыг хэрхэн барих аж!

 

Бичин хараахан хирдхийн байтал, тэр уулнаас бас нэгэн зэрэг хамаг тоос дэгдэн гарав, тэр хамаг тоос тэнгэрийг бүрхэн нарыг халхалж ирмүй. Үзвээс:

 

Бурхиран дэгдэж тэнгэрийг халхлан, будран манарч газрыг бүрхжээ. Нарийн тоос нүдийг хавхлан, нанги үнс хамарт ормуй. Энэ түүгч банди нар ханиа алдан мунгинаж, уулнаа гарсан дийлэгч эр зам төөрөн мэндүүрмүй. Гэгээн танаа гэрэлт сувд гарын алганд байсны гайхал энэ хамаг тоос харах нүдийг харанхуйлмуй.

 

            Бичин гайхан харсаар үнс тоос хамарт орсоныг мэдсэнгүй, гэнэт гөвөгнөн загатнаж гэнэт найтаалгасанд, сая хадан доороос хоёр хэсэг өндгөн чулуу авч хамраа бөглөн, бие сэжиж галд орогч хяргуй болон хувилаад, түймрийн дотор орж, гэнэт халин нисмэгц тор тоос гал утаа цөм дарагджээ. Төд сая уг биеэр болон бууж ирээд ажиглаж байтал гэнэт харангын дуу гарахыг сонсоод түйтгэрэн санаруун: “Би зам эндүүрсэн ажгуу! Энд шулмын суух орон бус, энэ харангын дуу яг өртөгчийн дохио мэт, бодвоос энэ лав нийслэл орох зам аж, өртөөч цэрэг бичиг хүргэхээр одох буй за. Байз, өвгөн Сүн одож түүнээс нэгэнтээ лавлан асуутугай.”

 

            Тийнхүү сая урагш явтал, гэнэт нэгэн шулмын байдалтай хүүхэд шар хиур мөрлөн боодолтой бичиг үүрээд харанга цохин, нисэх мэт айсуй. Бичин инээд алдаж: “Үзвээс энэ амьтан харанга цохих ажгуу, энэ ямар бичиг хүргэх болов, урьдаар лавлаж мэдсүгэй” хэмээгээд, бие сэжин нэгэн ялаа хувилаад, түүний үүрсэн бичгийн боодол дээр сууж сэмээр чагнаваас тэр шулам харангаа цохин амандаа түднэн өгүүлрүүн: “Манай их вангийн сэтгэл тун хар хортой. Гурван жилийн өмнө Зүчи улсаас булаан авчирсан алтан хатан лугаа ерөөлгүй тул бие нийлэх хэрэг эгнэгт эс бүтэв. Ганц ордны тэдгээр охид хатны оронд зовлон амсмуй. Хоёр авчраад үхүүлэв. Дөрөв авчраад бас үхүүлэв. Уржнан авчрав, ноднин авчрав. Энэ жил авчраад өдгөө бас авчруулмуй хэмээгээд эсэргүүцлийг өдөөн гаргажээ. Охин аврахаар одсон хошууч юунд Сүн Ү Күнд хөөгдөөд ордны охиныг эс олов. Үүнд манай их ван хилэгнээд надаар юунд байлдах бичиг хүргүүлмүй хэмээмүй. Энэ удаад тэр хаан байлдахгүй болбоос мөн гайгүй, байлдваас лав ашиг алдмуй. Манай их ван утаа гал улаан хумгаа тавиваас, эзэн сайд улс иргэнтэйгээ олж үлдэхийг бүү сана. Тэр цагт манай их ван хаан суугаад, бид олон түшмэл түшээ болном, хэдийгээр их бага нэгэн хэргэмийг олох болбоос, гагцхүү тэнгэрийн зүйд уучлагдахгүй буй за!”

 

            Бичин сонсоод сэмээр баярлан: “Шулмын дотор бас сайхан сэтгэлтэй нь ажгуу. Саяын хэлсэн “Тэнгэрийн зүйд уучлагдахгүй” хэмээсэнд үг сайн хүний үг бус буюу? Ганц алтан хатан лугаа ерөөлгүй тул бие нийлэх хэрэг эгнэгт эс бүтээв хэмээсэн үгийн утгыг мэдэхгүй, би түүнээс нэгэнт асуун олсугай” хэмээгээд гингэнэн нисч шулмаас салан урагш одож арван газрын үзүүр биеэ сэжин нэгэн банди бумба болон хувилаад хүлээн авай. Тэр банди:

 

Тэргүүнд хос гэзэг шанхлан ороож биед ширмэл номт дээл өмсчээ. Гарт ганди тогшиж, аманд ном эгшиглэмүй.

 

Бичин уулын хөтөл дээр шулмыг тосч гар өргөн ёслоод: “Ноёнтон хааш одмуй? Ямар албан бичиг хүргэх буй?” хэмээхэд, тэр шулам угаас танил хүн мэт хариу ёслон инээсээр учран: “Манай их ван надаар Зүчи улсад байлдах бичиг хүргүүлэхээр одуулмуй.” Бичин давшин асууруун: “Зүчи улсаас авчирсан тэр хатан их ван лугаа нийлсэн буюу?” Шулам өчрүүн: “Уржнан манай их ван түүнийг булаан авчирмагц нэгэн сахиулсан ирээд алтан хатанд нэгэн зах таван өнгийн заслын дээл өгч өмсгөснөөс даруй хатны бүх л биед цөм өргөс шивээ ургасан мэт болоод манай их ван гар хүрч чадахгүй болжээ. Ямар учрыг мэдэхгүй, бие дээр нь баахан хүрвээс тэсгэлгүй өвдмүй хэмээмүй. Өдгөө болтол огт бие нийлж чадсангүй. Өглөө манай хошууч бээр ордны охин авахаар эчүүлээд юунд нэгэн Сүн Ү Күн хэмээгчид дарагдан ирээд эс олжээ. Тийнхүү манай ван хилэгнэж маргааш таслан байлдсугай хэмээн надаар байлдах бичиг хүргүүлмүй.” Бичин өгүүлрүүн: “Их ван юунд тийнхүү хилэгнэмүй?” Бага шулам өчрүүн: “Манай ван тэнд хараахан хилэгнэж буй, чи одож түүнд ном гиншин уншиж уйтгарыг нь сэргээвээс болой.”

 

            Бичин даруй салан одоход тэр шулам бас харангаа цохин урагш одов. Бичин эргэж ирээд шийдмээ гарган шулмын ар дух руу нэгэнтээ занчсанд, хөөрхий тэр бага шулмын толгой хагаран тархи гарч үхжээ! Бичин шийдмээ хураагаад сая гиншин санаруун: “Тун яарчээ! Үүний нэрийг бас асуусангүй” хэмээгээд түүний биеэс байлдах бичгийг авч, ханцуйлаад шар эсэргүүцлийг, гуйлан харангыг замын хажуугийн өвсөн дотор нууж, хүүрийг нь хөлөөс чирэн завд орхисугай хэмээтэл, өврөөс нь нэгэн алтан үсэгт шошго дингар хэмээх дуун гарч газар унав. Тэр шошгын дээр бичсэн нь:

 

“Шадар зарц эчих ч эгэх ч, тагдгар биетэй, барчгар царайтай сахалгүй. Урталжин шошго зүүмүй, шошгоны бөгөөс хуурмаг” хэмээжээ. 

 

Бичин инээн өгүүлрүүн: “Энэ амьтны нэр эчигч эгэгч хэмээмүй. Миний энэ нэгэн шийдэмд “Эргэлт үгүй тонилогч” болов” хэмээгээд шошгыг авч ташаандаа зүүж, үхдэлийг орхисугай хэмээгээд бас санаваас утаа гал айхавтар тул айшгүй агуйд ирж эчихгүй, шийдмээр шулмын өвчүүгээр нэвт чичиж мөрлөн өргөөд, Зүчи улсад эгэж тэргүүн гавьяа тэмдэглэсүгэй хэмээгээд нэгэнтээ эсгэрмэгц хэдийн нийслэл хотод оров.

 

            Тэр үед Гахай хараахан алтан харшид хаан, Тансагтныг эмсэглэн атал, гэнэт тэргүүн өргөн үзвээс Бичин шулмыг өлгөж огторгуйгаар ирэхийг үзээд ихэд гэмшин: “Аяа юутай амархан явдал аж! Эрт мэдсэн бөгөөс би одож авчраад тэргүүн гавьяа бүтээх болой?” хэмээн хэлж барахын урьд Бичин хэдийн хүрч ирээд шулмыг индрийн доор орхисонд Гахай яаран хүрч малтуураар нэгэнтээ малтуурдаад өгүүлрүүн: “Энэ нь Өвгөн Жү миний гавьяа болой!” Бичин өгүүлрүүн: “Чиний ямар гавьяа буй?” Гахай өгүүлрүүн: “Чи намайг бүү гүжрэл! Миний гэрч буй! Чи үз, миний малтуурын есөн үг буй бус уу!” Бичин өгүүлрүүн: “Чи түүний толгойг үз, байна уу.” Гахай инээн өгүүлрүүн: “Үзвээс толгойгүй ажгуу, занчихад хөдлөхгүй ахуйд би их л гайхан агсан бөлгөө” Бичин асууруун: “Багш хаа баймой?” Гахай өчрүүн: “Харшийн дээр хаан лугаа зоог хэлэлцэж баймой.” Бичин өгүүлрүүн: “Чи одож залж ир.” Гахай яаран харшид яаран гараад нүд ирмэсэнд Тансаг даруй суудлаас босч харшаас буун Бичинийг угтан ирсэнд, Бичин тэр байлдах бичгийг Тансагийн ханцуйд чихэж өгүүлрүүн: “Багш хурааж бай, тэр хаанд битгий үзүүлэгтүн.”

 

            Ийнхүү үг барахын урьд хаан бас харшаас бууж ирээд Бичинээс: “Хувилгаан тойн эгэж иржээ! Шулмыг дарах явдал хааш болов?” хэмээхэд гараар заан өгүүлрүүн: “Өвгөн Сүний занчиж алсан шулам тэр индрийн доор буй бус уу?” хаан үзээд өгүүлрүүн: “Энэ шулам шулам боловч, ганц Сай Тайсуй бус, мөхөс хүн Сай Тайсуйг хоёр удаа үзжээ, биеийн өндөр арван найман тохой, бэлхүүсээр бүдүүн таван тэвэр, гав шар нүүртэй, аянгын дуутай. Юунд ийм хатингар тагдгар байх аж.” Бичин инээн өгүүлрүүн: “Хаан таньжээ! Үнэхээр их шулам бус. Энэ болбоос нэгэн бага зарц шулам надад учирсан тул би алаад авчирч гавьяа мэдүүлэх нь болой.” Хаан баярлаж өгүүлрүүн: “Сайн! сайн! Сайн! Тэргүүн гавьяагаар тооцмуй! Мөхөс хүн урагш өдөр хэдий хүн эдгээгээд магад чимээг огт олж ирсэнгүй бөлгөө. Хувилгаан тойн өдгөө гармагц нэгийг олж авчирчээ. Үнэхээр хувилгаан увидастай болой!” хэмээгээд: “Архи халуулж авчир! Багш тойны гавьяад нийлүүлэн барьсугай” хэмээв.

 

            Бичин өгүүлрүүн: “Архи уух нь бага учир. Хаанаас асуусуу: алтан хатан эчихийн үедээ үлдээсэн тэмдэг байна уу? Надад түр өгч бай.” Хаан тэмдэг хэмээхийг сонсоод даруй хутгаар зүрхийг огтлох мэт болж, тэсгэлгүй ихэр татан уйлж өгүүлрүүн:

 

“Тэр жилийн таван сарын тавнаа цэнгэн атал, Тайсуу хэмээгч догшин шулам хүрч ирэв. Амраг гэргий алтан хатныг минь  аваачмуй хэмээн орилоход, амьтан олны төлөө би түлхэн гаргаж өргөв. Учрах салах аярлалын үг хэлж мөн завдсангүй, үдлэгийн хурим салахын ёс нэн юунд баймуй! Үлдээсэн эд заарын хавтага цөм оргүй, өдгөө болтол намайг ганцаар өнчнөөр орхичээ.”

 

Бичин өгүүлрүүн: “Хаан эндээ байх бөгөөд юунд дэмий л зовмуй? Хатны үлдээсэн юм үгүй болбоос, түүний ордонд байхдаа ямар юманд хамгийн хайртай буй, надад нэгэн зүйлийг түр өгвөөс мөн болох болой.” Хаан асууруун: “Чи авч юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Тэр шулам үнэхээр чадалтай, би түүний утаа, гал хумаг тавьсанаар үзвээс дарахад үнэхээр хялбар буй. Жич хэдийгээр түүнийг дийлэн баривч таны хатан намайг танихгүй тул дагаж үл ирмүй. Эрхбиш түүний энгийн өдрийн эдлэл хэрэглэлийн хайртай юмыг аваачиж үзүүлбээс сая сэжигийг алдарган, алсад эгүүлэн авчирч болмуй. Учир иймийн тул нэгэнтээ хэрэглэсүгэй хэмээсэн болой.” Хаан өгүүлрүүн: “Гол ордны толины хайрцаг дотор алтан хатны гарт зүүдэг алтан бугуйвч буй. Тэр өдөр таван сарын таван шинэд, таван өнгийн утас ороомуй хэмээгээд бугуйвчаа зүүсэнгүй бөлгөө. Энэ юм болбоос түүний хайртай юм, өдгөө толины хайрцагт хийж хадгалсаар буй. Мөхөс хүн энэ мэт зуурмаг хагацсаныг бодож огт үзэж төвдөхгүй; эдийг үзвээс эзний хасын нүүрийг үзсэн мэт болоод өвчин нэн нэмэгдэх тул тийнхүү хурааж тавьжээ.” Бичин өгүүлрүүн: “Үүнийг түр дурдах хэрэггүй, урьдаар тэр алтан бугуйвчаа гарга, төвдвөөс бүгдийг аваачсугай, эс төвдвөөс би нэгийг аваачиж хэрэглэсүгэй.” Хаан даруй хасын ордтон хатнаар бугуйвчийг авчруулаад, гарт тосч авмагц: “Хайрыг олж ханалыг гүйцэтгэгч хатан минь” хэмээсээр Бичинд өгсөнөө Бичин даруй гартаа хийв.

 

            Бичин гавьяа архийг ч уусангүй, нэгэнтээ эсэгрэн тонгорцоглон дахин бэлгэт гөрөөсөн ууланд хүрч, үзэмжийг үзэх санаагүй, шууд агуйг эрин эчтэл, гэнэт хүн хэлэлцэх дуун сонстмуй, Бичин даруй гараар саравчлан үзвэл тэр голч гөрөөсөн уурын үүдэнд дөрөв таван зуун шулам амуй. Тэнд:

 

Атган зэвсэг архайлдсан агаарын нарнаа гялалзаж, алалдааны туг мяралзан салхины аясаар намирмуй. Барс баатар баавгай цэрэг хувилах улирахыг сурч, ирвэсийн тэргүүт их өрлөг сүр бадруулан зогсмуй. Хөх чоно догшин хэцүү, хүчит заан баатар сүрхий. Зусар туулай зальтай араат сэлэм жад эргүүлэн, урт могой дагтар саадаг хоромсого агсжээ. Хар гөрөөс хүний хэлийг мэдээд, салхи борооны зүйг ухаж цэргийн хүрээ буулгамуй.

 

Бичин үзээд айшгүй дотогш орсонгүй, ирсэн замаар буцав. Буцсан нь түүнээс айсан бус, анхны бага шулмыг алсан газар эчиж, шар эсэргүүцлийг гуалин харангыг эвэн олоод, салхины эсрэг даруй уншин, эчигч эгэгчийн дүрийг төсөвлөн түүний дүрээр хувилаад, харангаа цохин их алхмаар шууд голч гөрөөсөн агуйд хүрч, агуйн байдлыг лавлан үзсүгэй хэмээтэл гэнэт хүн гөрөөс дуун гарч: “Эчигч эгэгч буцаад ирсэн буюу?” хэмээн асуусанд Бичин аргагүй хариулан “Иржээ” хэмээн өчив. Хүн гөрөөс өгүүлрүүн: “Хурдан ор! Их ван өдгөө өвчигч тагтад чамайг хүлээж амуй.” Бичин даруй хурдлан алхаж харангаа цохьсоор өмнө үүдэнд орж үзвээс, харин цавчим хад, чулуун агуй бөгөөд зүүн баруунаа өнгөт цэцэг үнэрт өвс ургаж, ар өвөрт хөгшин майлс хөх нэрс жигдэрчээ. Дотогш явж хоёрдугаар үүдэнд хүрээд тэргүүн өргөн ажиглаваас тэнд гэгээвчтэй гэгээн саруул нэгэн тагт буй, тагтын гол дунд алтадмал исэр аж, исрийн дээр нэгэн айхавтар шулам завилан суужээ. Түүний төрсөн үнэхээр сүрхий. Үзвээс:

 

Аюулын униар орой дээр нь татаж алх уур амнаас нь бадармуй. Гахайн дөрвөн соёо нь гадагш бултайн, гал улаан үс нь тэгш босчээ. Ган шөвөө мэт сахал нь зүг зүгтээ сарвайн гав шар үс нь бүх биеийг бүрхжээ. Дүгрэг нүд нь гөлөлзөн Тайсуй тэнгэрээс сүрхий, төмөр манцуй барьсан нь тэнгэрийн Махаранз мэт.

 

Бичин үзээд ёсолсон ч үгүйгээр буруу хандан зогсоод харангаа дэмий л цохимуй. Шулам асууруун: “Чи хариад ирэв үү?” Бичин өчихгүйд, бас асууруун: “Чи эчигч эгэгч хүрээд ирэв үү?” Бичин бас ойшоохгүйд шулам урагш давшин татаж өгүүлрүүн: “Чи юунд гэртээ хүрч ирээд бас дэмий л харанга цохимуй? асуугаад бас үл өчих нь юун?” Бичин сая харангыг газарт орхин өгүүлрүүн: “Юунд “Юун, юун” хэмээмүй! Би эчихгүй хэмээхэд чи эрхбиш намайг эчүүлмүй. Тэнд хүрмэгц гэнэт тоо томшгүй олон хүн жагсаан байж, намайг үзмэгц цөм “Шулмыг барь! Шулмыг барь!” хэмээлдэн намайг түлхлэн таталж, эргэж чирсээр хотондоо авч ороод, тэр хаанд учруулмагц хаан нь “Цавчин ал” хэмээжээ. Завшаанаар хувийн түшмэд нь: “Хоёр улс харилцан байлдахуйяа хооронд явагч илчийг алах ёсон үгүй” хэмээснээр сая олж хэлтрэв. Тэр байлдах бичгийг үйлдэн аваад намайг хүлээстэйгээр хот гаргаж бас гуя бөгсийг гучин мод занчаад эгэж мэдүүл хэмээн илгээв. Тэр хэдэн өдрийн дотор лав лугаа байлдахаар ирэх буй за.” Шулам тохинуулан өгүүлрүүн: “Тийн болбоос чи хор амсаад үг хэлэх бас дургүй болсон буй за.” Бичин: “Өөр юун буй? Өвдөөд тэсэхгүй тул тийнхүү үг дуугарсангүй болой.” Шулам өгүүлрүүн: “Тэд хэдий цэрэг морь баймуй?” Бичин өгүүлрүүн: “Би үнхэлцэгээ хагартал айсны дээр арьсаа дэлбэртэл цохигдсон тул хаанаас бас түүний цэрэг морийг тоолох санаа баймуй! Гагцхүү цэргийн зэвсэг нь архайлдсан үзэгднэм:

 

Зэв нумын илд хуяг хувцас, зэр зэвсэг сэрээ сэлэм залаат туг. Ширвээт жад саран цавчуур төмөр халтас, сүх, дөмөө, дүгрэг бамбай, төмөр зангуу. Хавьтаж занчих шийдэм, хол цохих манцуурга, ган сэрээ гар бялуу гавал хамгаалах дуулга. Хүн бүр хуяг дуулга өмсөж, хурц зэвсэг гар гартаа барьжээ.”

 

Тэр шулам сонсоод инээн өгүүлрүүн: “Гайгүй! гайгүй! Ийм зэвсэг болбоос нэгээхэн галыг тэсэж үл чадмуй. Чи түр орж алтан хатанд мэдүүл, түүнийг бүү зов хэмээгтүн. Тэр энэ өглөө намайг хилэгнээд байлдмуй хэмээхийг сонсоод уйлж зогсохгүй байсан бөлгөө. Чи эчиж түүнд тэдний цэрэг хүчирхэг, бид дийлэгдмүй хэмээн хэлж түүний сэтгэлийг тайтгаруул” хэмээв.

 

            Бичин тэсэлгүй баярлан: “Өвгөн Сүн миний санаанд төв хэмээн нийцэв!” хэмээгээд, хуучин зам мэтээр зовхисын үүдийг  тойрон дотогш орвоос тэндэх асар тагт гаднах байдал лугаа адилгүй. Өндөр сүрлэг үзэсгэлэн сайхан орд гэр харагдмуй. Шууд явж арын хүрээнээ орж алтан хатны суух гэр дотор орж үзвээс үнэг буга зэрэг шулмас гоо охид болоод хоёр жигүүрт эмсэглэн зогсож, гол дунд тэр алтан хатан нь хасын гараар ооны эрүүгээ тулан, нүднээс нулимс цувруулан суумуй. Үнэхээр:

 

Хасын царай булбарай сайхан, хувилгаан өнгө гоо үзэсгэлэн, үс гэзгээ самнаж эвхэлгүй сул тавиад, ихэмсэг хатгуураа энд тэнд таягджээ. Нүүр царайгаа угааж цэвэрлэлгүй зовнин сууж, оо энгэсэг огт түрхсэнгүй. Интоорын уруулаа хамхин хасын шүдээ зууж, удын хөмсгөө зангидан усгал нүднээ нулимс мэлмэлзүүлмүй. Халуун ганц сэтгэл хуучин хаанд аж, хорт шулмын хориул шингэлгээс хоромхон ангижран буцаж хэмээнэм. Энэ үнэхээр: эртнээс улаан өнгөтний заяа ад биш нимгэн, өглөө үдэш дуун үгүй жихүүн салхинаа гунимуй!

 

Бичин урагш одож: “Сайн уу!” хэмээн мөхийсхийхэд тэр хатан уурлаж: “Энэ муу шулам юутай ийнхүү ёсгүй аж! Би Зүчи улсад хаан лугаа хамтад жарган агсан цагт тэдгээр ихэс сайд, туслагч түшээ нар учирсан цагт эрхбиш газарт сөгдөн айшгүй дээш хардаггүй бөлгөө. Энэ муу хаанаас ирсэн балмад шулам буй? Юунд ганц “Сайн уу” хэмээн гэгэлзэн асуумуй?” хэмээн загнахад ордны охид урагш давшин айлтгаруун: “Хатан их уураа тайтгаруул, энэ болбоос манай их вангийн шадар зарц эчигч эгэгч болой. Өглөө байлдах бичиг хүргэхээр одсон нь даруй энэ болой.” Хатан сонсоод уурыг хүлцэн асууруун: “Чи бичиг хүргэж Зүчи улсад хүрсэн буюу?” Бичин өгүүлрүүн: “Бичгийг хүргэн шууд хотод хүрч, алтан харишд гаран хаанд золгож хариу чимээ олж ирсэн болой.” Хатан өгүүлрүүн: “Чи хаанд золгосон бөгөөс хааны юу өгүүлснийг хэл!” Бичин өгүүлрүүн: “Тэр хаан цэрэг морийг бэлтгэж эсэргүүлэн байлдахаар ахуйг их ванд би нэгэнтээ мэдүүлэв, ганц тэр хаан бас хатнаа санагалзах сэтгэлийн хэдэн үг буй, тухайлан ирж мэдүүлсүгэй хэмээвээс хатны дэргэд хүн олон, хэлэлцэх газар бус.”

 

            Хатан үүнийг сонсоод хоёр жигүүрийн үнэг зэрэг шулмыг зандан гаргаснаа, Бичин ордны үүдийг хаагаад хацраа илэн уг биеэр болж, хатанд өгүүлрүүн: “Чи надаас бүү ай, би болбоос зүүн их Тан улсаас баруун бодийн орны Аянган дуут сүмд хүрч бурханаа бараадан ном залахаар одогч хувраг болой. Миний багш болбоос Тан хааны дүү Тансаг хэмээгч, түүний ахмад шавь Сүн Ү Күн, замын тэмдэг бичгээ халахын учир танай улсад ороод, танай хаан эзэн эмч залах тунхаг гаргасныг үзэн би даруй эмнэхийн гайхамшиг эрдмийг үзүүлж, түүний санан мөрөөдөхийн сэтгэлийн өвчнийг нь засч илаар болгов. Тийнхүү хаан хурим базаан надад тал өгч уулцахын зуур чиний шуламд баригдан ирснийг дурдан гаргажээ. Би угаас луу барсыг дарангуйлах эрдэм чадалтайн тул намайг гуйж шулмыг барин хатныг улсад эгүүлэн авчирмуу хэмээжээ. Эндэх тэр хошуучийг дийлж хөөсөн ба бага шулмыг алсан нь би мөн. Би өдгөө түүний үүдэн дээр их л сүрхий байдалтайг үзээд тийнхүү эчигч эгэгчийн дүрээр хувилж, амийг цөлөн энд чамд чимээ хүргэхээр ирсэн болой” хэмээхэд, тэр хатан бодлого болон дуу гарахгүй авай. Бичин алтан бугуйвчийг хоёр гараар өргөн барьж: “Итгэж ядваас энэ юмыг үзтүгэй” хэмээхэд, хатан нэгэнтээ үзмэгц тэсгэлгүй эвхрэн уйлж, суудлаас буун мөргөн талархаж: “Багш тойн үнэхээр намайг авран улсад эгүүлж чадваас би энэ насанд их ачийг үл умартмуй!” хэмээв.

 

            Бичин өгүүлрүүн: “Би чамаас асуусугай, тэр шулмын гал, утаа, хумаг тавих нь ямар эрдэнэ буй?” хатан өгүүлрүүн: “Юуны эрдэнэ буй! Гурван алтан хонх буй. Тэргүүн нэгнийг сажваас гурван зуун хос алд их гал дүрэлзэн ноцож хүнийг шатаамуй. Хоёрдугаарыг сажваас гурван зуун хос алд утаа бурхиран хүнийг утмуй; гутгаарыг сажваас зуун хос алд хумаг манаран хүнийг балайртуулмуй. Утаа, гал нь гаргүй хэмээмүй, ганц тэр хумаг маш аймшигтай. Хүний хамарт орвоос даруй үхмүй.” Бичин өгүүлрүүн: “Хэцүү! Хэцүү! Би оногдоод бас хэдэнтээ найтаажээ. Тэр хонхоо хаана тавьдаг болов?” Хатан өгүүлрүүн: “Тэр юуны тавих аж, үүрд хашаандаа зүүгээд, гэрт гадна унтаж хэвтэвч биеэсээ огт салгахгүй.” Бичин өгүүлрүүн: “Чи үнэхээр Зүчи улсаа умартсангүй, хаан лугаа дахин золгоё хэмээн санах болбол, энэ зовж гунихаа түр хүлцэж түүнд эр эмийн янаг амраг дүр үзүүлэн гоо танхилзуур байдал гаргаж, түүний хонхыг хадгалсугай хэмээн автугай, би олж гартаа оруулбаас даруй шулмыг барин чамайг эгүүлэн аваачиж хаан лугаа гарьд галбингын хувилгааныг дахин нийлүүлж амгалсугай” хэмээснээ, хатан мөн хэмээн зөвшөөрөв.

 

            Бичин бас тэр бага шулмын ёсоор хувилж ордны үүдийг нээн охидыг дуудан оруулсанд, хатан бас дуудан өгүүлрүүн: “Эчигч эгэгч хурдан өмнө тагтад очиж их ванг зал, би хэлэлцэх үг буй” хэмээсэнд, Бичин за хэмээгээд өмнөш өвчигч тэнхимд хүрч шуламд: “Их ванг алтан ордтон хатан залмуй” хэмээснээ, шулам баярлан өгүүлрүүн: “Миний хатан ердөө дэмий л хараадаг бөгөөтөл энэ өдөр яахан заллагатай болсон аж?” Бичин өгүүлрүүн: “Хатан надаас Зүчи улсын хаанаа асуухад би: “Тэр чамайг нэгэнтээ гээж өөр тамган хатан өргөмжлөв” хэмээснээр хатан нэгэнтээ эргэлзэх санаа үгүй болж, надаар сая их ванг залахаар илгээсэн нь энэ болой.” Тэр шулам ван тэсгэлгүй баярлаж: “Чи харин ч болж байнам, би түүнийг улсыг төвшитгөсөн хойно чамайг төрийн түшээ түшмэл өргөмжилсүгэй” хэмээв.

 

            Бичин төд амны аяар хишиг болой хэмээгээд шулмын хамт яаран хойд ордны үүдэнд хүрч иртэл хатан баярын царайгаар угтан гарч ирээд гараас атсугай хэмээтэл, шулам ухарч өгүүлрүүн: “Айшгүй! Айшгүй Үл хэтрэмхийлмүй! Хатны хайранд талархнам, хатган өвдөхөөс аймуй, айшгүй үл атгаралцмуй.” Хатан өгүүлрүүн: “Их ван заларч суу, би хэлэх үг буй.” Шулам өгүүлрүүн: “Үг байваас хамаагүй хэлэгтүн.” Хатан өгүүлрүүн: “Доод шивэгчин би их ванг гутаан хайрыг хүртээгээд өдгөө гурван жил болтол хамт дэрний халуун орны цэнгэлийг олж эс эдлэв. Хэдий тийн гэвч урьд төрлийн ерөөл аж энэ төрөлд эр эм бололцов; ганц их ван намайг гадуурчлан нөхөр эмийн зэрэгт санахгүйг хэн мэдэв. Би урагш өдөр Зүчи улсын тамган хатан агсан тухайд гадаадаас алба хүргэсэн аливаа эрдэнийн зүйлийг хаан үзэж барваас эрхгүй цөмийг надад хадгалуулмуй. Таны энд тийм эрдэний зүйл үгүй, сайхан дээл нь үнэг илбэнх, сайн идээ нь өөх махны төдий, таж магнаг тана сувдыг олж үзээгүй! Ганц арьс дэвсэж эсгий хучмуй. Үнэхээр эрдэнэс байвч чи намайг гадуурчлаад, надаар хадгалуулах байтугай, үзүүлэх ч үгүй сонсвоос чамд гурван алтан хонх баймуй хэмээмүү, бодвоос тэр нэгэн нь эрдэнэ буй за  хэмээвэл чи биш адбиш түүнээ унтаж хэвтэвч зүүж үл тавих нь юун? Би хадгалаад чи хэрэглэх цагтаа гаргаж авахад энэ бас үл болохооргүй. Ийм болбоос мөн нэгэн насны эр эм болсны хувьд сэтгэл зүрхээ холбосны учир баймуй. Энэ нь намайг гадуурчилсан бус юун аж?” Шулам их л инээж буруу мэдэн: “Хатны зэмлэх нь зөв! Эрдэнэ энд буй, өдгөө даруй чамд өгч хадгалуулсугай” хэмээгээд хормойгоо шуун эрдэнээ гаргахад, Бичин хажуугаас нүд салгалгүй ширтэн атал, хонхны хоолойд хөвөн чихэж, бас ирвэсийн арьсаар боодол болгоод хатанд өгч өгүүлрүүн: “Эд хэдий өчүүхэн боловч эрхбиш сайтар хадгалах хэрэгтэй, сэжин хөдөлгөж болохгүй.” Хатан гараар тосч аваад: “Би мэдмүй, энэ заслын ширээн дээр тавьсугай, хөдөлгөх хүн үгүй” хэмээгээд бас: “Хүүхэд дарс бэлтгэж авчир, би их ван лугаа найрлан золгохын баярт амтат сархад хэдэн хундага уулцсугай” хэмээсэнд, шивэгчин охид хэдийн гарч жимс зууш авчран, зээр туулайн бүхэл өрөөд, архи хундагалаж барьсанд, тэр хатан нахилзан танхилзан найртай авир гарган шулмыг хуурнам.

 

            Бичин хажууд аж хэрэг үйлдэх тохиол болов хэмээн бодож алгуураар хавьтсаар заслын ширээний дэргэд хүрч гурван алтан хонхыг сэмээр авч, алгуураар буцан, үүднээс гулган гарч, өвчигч тагтны өмнө хүнгүй газар хүрээд ирвэсийн арьсан боодлыг сөхөж үзвээс тэр гурван хонхны дундах нь цомын чинээ, нөгөө хоёр нь цөм нударган чинээ буй. Бичин түүний ухааныг мэдэхгүй хоолойд чихсэн хөвөнг нь авсанд гэнэт дингар хэмээн нэгэнтээ дуун гармагц агшин зуур гал, утаа, хумаг бурхиран гараад хурааж чадахгүй болж, хүрээ дүүрэн гал дүрэлзэн шатжээ. Хаалгач шулам айж яаран хойд ордонд гүйлдэн ороод мэдүүлсэнд, шулам ван яаран: “Гал унтраа! гал унтраа!” хэмээсээр гарч ирвээс үзвээс эчигч эгэгч харин алтан хонхыг авч оролдсон ажгуу. Шулам урагш давшин зандаж: “Доорд муу боол! Юунд миний эрдэнийг хулгайлан авчраад энд гайхуулмуй! Нааш авчир!” хэмээхэд үүдэнд байсан тэдгээр барс, баавгай, ирвэс, совор, заан, чоно, араат, туулай, могой, дагтар, хүн гөрөөс цугаар гар хөдлөн бүслэн авав.

 

            Бичин балтин сандарч, алтан хонхоо таягдаад, уг биеэр болон болд бэрээ эргүүлэн дайран цохилоход, тэр шулам ван эрдэнээ аваад: “Өмнө үүдийг чанд хаа!” хэмээсэнд, олон шулам үүд дарах нь үүд даран, байлдах нь байлдмуй. Бичин бие мултран чадахгүй болоод шийдмээ хураан, бие сэжиж нэгэн ялаа хувилж галаас зайдан нэгэн хэрмийн дээр одож суув. Олон шулмас эрж олохгүй, их шуламд мэдүүлрүүн: “Их ван хулгай оджээ! Хулгай оджээ!” Шулам асууруун: “Үүдээр гарсан буюу?” Олноор өчрүүн: “Өмнө үүдийг чанд оньслоод буй, үүгээр гарсангүй.” Шулам ван: “Нарийвчлан нэгж!” хэмээгээд гал унтраах нь гал унтраан эрэх нь эрмүй. Яахан эрэвч огт мөр сүүдэр үгүй тул шулам ван хилэгнэн өгүүлрүүн: “Яасан цөс их хулгай, эчигч эгэгчийн дүрээр хувилан ирээд надад үг хариулж, ар өврөөр суулгаад миний эрдэнийг завшин хулгайласан буй! Завшаанд хол бус! Хэрэв уулан дээр аваачин хөдөлгөж салхи үзсэн бөгөөс чухам хэрхмүй?” Барс жанжин урагш давшин: “Их Вангийн буян цаглашгүйн дээр манай зэргийн улс амьсгалын тоо бүхийн тул олж сэрэгдсэн болой” хэмээтэл баавгай баатар урагш ирж өгүүлрүүн: “Их Ван, энэ хулгай бусад бус, лав манай хошуучийг байлдан дийлсэн тэр Сүн Ү Күн хэмээгч мөн. Бодвоос эчигч эгэгч лүгээ замд учраад, амийг нь хөнөөж шар хиур, харанга, шошго зэргийг авч, түүний дүрээр хувилан ирээд энд Их Ванг хуурсан магадгүй.” Шулам өгүүлрүүн: “Мөн! Мөн! Лав тийм хэрэг! Хүүхэд нарийвчлан ирж чандлан сахь, үүдийг нээж тавин гаргаж болохгүй!” хэмээв. Энэ үнэхээр: шид үзүүлэх хэмээсээр шившгээ үзүүлээд, наадам хийсүгэй хэмээсээр намс болсон нь болой. Бичин багш хэрхэн шулмын үүдээс мултрахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 0 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 47 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 16 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 20 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 3 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 35 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 39 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 39 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 13 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 22 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 33 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 38 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 17 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 43 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 11 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 35 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 36 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 51 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК