зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ГАЛ УУЛАНД ТАНСАГ ЗАМ ХААГДАВ

ГАДИЛ ДЭВҮҮРИЙГ БИЧИН АНХ АРГАЛЖ АВАВ

 

Олон зүйл үндэс чанар адил, ахуулан багтаасан нь хязгаарлашгүй. Үлэмж сэтгэсэн түмэн бодлого эцэст хоосон болж, өнгө бүр зүйл болгон зохицолдон нийлмүй. Бүтээл гүйцэж хичээл төгссөн тэр өдөр, бүрэн төгөлдөр гэгээн ном батжин мандмуй. Бүү эндүү ташаагаар ийш тийш явдал, бэхлэн хурааж чанд хоригтун. Батлан хураагаад бүтээлийн хясаад хийж бясалган боловсруулсаар алтан мөхлөг мэт улайлга. Гэрэл туяа гялалзан цацарваас, гарч ороход луу хөлөглөн зоригоор сэлгүүцмүй.

 

Өгүүлэх нь, Тансаг бодисадвагийн зарлигаар Бичинийг дахин хураан аваад Гахай, шоро лугаа сэжиг дагавраа таслан нэгэн сэтгэлээр баруунш явахад өдөр сарын өнгөрөх нь өдөт зэвээс түргэн тул төдөлгүй бас зун өнгөрөөд намрын цаг болов. Үзвээс:

 

Сэмжин үүлийг сарниулан үлдэгч өрнө салхи хүчтэй, сэрвэн хаднаа тогоруу донгодож хяруут шугуй үзэмжтэй. Уур амьсгал улам сэрүүн болж, уул өндөр хэмээхүйеэ усан нэн урт. Аянч галуу ар газраас ирж, эргэгч шувууд өмнө оронд буцмуй. Холын аянчин ханьгүйд зүрхшин, хувцас нимгэтэн хүйтнээс аймуй.

 

Багш шавь дөрвүүл яван атал, гэнэт халуун уур нэлхийн ирмүй. Тансаг морио татаж өгүүлрүүн: “Өдгөө намрын цаг болоод бас юунд ийнхүү халуун буй!” Гахай өгүүлрүүн: “Үзвээс та харин мэдэхгүй, баруун газарт нэгэн Сахали хэмээх улс буй. Тэр хэмээгч наран жаргах оронд ахуйн тул “Тэнгэрийн туйл” хэмээмүй. Бич, тахиа, цаг болох бүр хаана нь хотын дээр хүн гаргаж, хэнгэрэг цан цохилж, далайн усны буцлах дуунаар даруйлмуй. Нар хэмээгч аргын үнэн гал тул баруун далайд унагаад тийнхүү далайн усан буцалмуй. Хэрвээ хэнгэрэг цан эс цохивоос хотын доторх бага хүүхэд усны дуунаас айж үхмүй. Энэ халуун илчийг үзвээс тэр сахали улсад хүрч ирсэн буй за.” Бичин тэсгэлгүй инээн өгүүлрүүн: “Манхуу дэмий бүү донгод! Тэр Сахали улс эндээс хол буй. Манай багшийн урагшгүйгээр дахиж төрөн далайн уснаа угаасан ч хүрч үл чадмуй.” Гахай өгүүлрүүн: “Сахали улс бус бөгөөс, юунд ийм бүгчим халуун буй?” Шороо өгүүлрүүн: “Санаваас цагийн эзлэгч тэнгэр нар эндүүрээд намрын улирлыг зун болгосон буй за” хэмээн өгүүлэлдэн атал замын хажууд нэгэн айл үзэгдмүй. Тэр айлын гэр хүрээг цөм улаан ваар тоосгоор барьсан бөгөөд үүд хаалгаа цөм улаанаар буджээ. Тансаг мориноос бууж: “Бичин чи одож ан нилчигнэх учрыг тэр айлаас асуу” хэмээв.

 

            Бичин шийдмээ хураан дээлээ засч тэр айлын хаалганд нь хүрэхэд дотроос нэгэн өвгөн гарч ирэв. Түүнийг үзвээс:

 

Биед ал шар зотон дээл өмсөж, тэргүүнд хар хөх сэрүүн малгай тавьжээ. Гарт үет хулсан таяг тулж, хөлд өндөр түрийт арьсан гутал өшгөлжээ. Царайны өнгө хүрэл мэт хүрэн, цагаан сахал мөнгөн утсанд адил. Урт гэгч хөмсөг нь нүдийг халхалж инээхүйеэ майраг шар шүд нь үзэгдмүй.

 

Тэр өвгөн тэргүүн өргөн Бичинийг үзээд маш цочин зандан өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн хүн буй? Миний хаалганаа ирж юу хиймүй?” Бичин ёслон өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн надаас бүү айгтун, бид зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газарт ном залахаар одогч тойд, багш шавь бид дөрвүүл сая таны энд хүрч ирмэгц өдөр маш халуун болсон тул нэгэнд учрын асуун хоёрт газрын нэрийг мэдсүгэй хэмээн ирлээ.” Өвгөн сая инээн өгүүлрүүн: “Тойн битгий уурла, өвгөн миний нүд бүрэг тул тойн таныг эс танив.” Бичин өгүүлрүүн: “Юун аймшиггүй уурламуй.” Өвгөн бас асууруун: “Багш  чинь хаана буй?” Бичин зааж өгүүлрүүн: “Тэр зам дээр байгч ус буюу!” Өвгөн: “Залж ир! Залж ир!” хэмээсэнд Бичин баясан гараар даллан дуудсанд Тансаг Гахайтан Шороо хамтаар морио хөтлөн боодлоо дамнан урагш ирж өвгөнд ёслон золгов.

 

            Тансагийн ихэмсэг дөлгөөн, Гахай Шороон сонин жигтэйг үзээд өвгөн ихэд цочин гайхав. Тэр өвгөн Тансагийг дотогшоо залан оруулж хүүхдийг дуудан цав барьсны хойно, Тансаг суудлаас босч тал өгөн асууруун: “Энэ газар намар болсон бөгөөтөл юунд энэ мэт халуун буй?” Өвгөн өгүүлрүүн: “Миний энэ газрын нэр гал уул хэмээмүй, хавар, намар, өвөл, зун гэж үгүй дөрвөн цагт цөм халуун болой.” Тансаг асууруун: “Тэр гал уул аль зүгт буй? Миний баруунш одох замыг халхлах буюу?” Өвгөн өгүүлрүүн: “Баруунш одоход бэрх болой, тэр уул эндээс жарны гаазр буй, чив чигээ баруунш одох зам дээр буй! Гал найман зуун газар үргэлжлэн өвс мод ургахгүй. Энэ уулыг гарсуай хэмээвээс хэдий төмөр тэргүүн болд биет хүн ч гэмээнэ шүүс болон хайлах буй за.” Тансаг сонсоод маш цочин дахин эс асуув.

 

            Төд үүдний гадна нэгэн залуус улаан хасгийг түлхэж ирэн: “Боорцог худалдмуй!” хэмээн дуудмуй. Бичин үсээ сугалан хэдэн зоос хувилгаад боорцог худалдан авахад тэр хүн огт хайхралгүйгээр зоосыг нь тосон авч тэргэний бүрхүүлийг сөхөн нэгэн хэсэг халуун боорцгийг Бичинд өгөв. Бичин тосон авбаас цог мэт халуун тул хоёр гараар ээлжлэн барьж “Халуун! Халуун! Идэж болохгүй! Идэж болохгүй!” хэмээсэнд тэр хүн инээн өгүүлрүүн: “Халуунаас айваас энд юунд ирэв, энэ газар ийм халуун болой.” Бичин өгүүлрүүн: “Сарва чи учрыг үл мэдмүй, ерийн үгэнд “Халуун үгүй, хүйтэн үгүй бөгөөс таван тариа төрөхгүй” хэмээжээ, таны энд ийм халуунд энэ гурил хаанаас гарсан буй?” Тэр хүн өгүүлрүүн: “Тариа төрүүлсүгэй хэмээвээс төмөр дэвүүрт хувилгаанд даатгамуй.” Бичин асууруун: “Тэр төмөр дэвүүрт хувилгаан юу хиймүй?” Тэр хүн өчрүүн: “Төмөр дэвүүрт хувилгаанд нэгэн “Гадил дэвүүр” Буй, түүнийг гуйж аван ирвээс нэгэн дэвүүрт гал унтармуй, хоёр дэвүүрт салхин үүсмүй, гурван дэвүүрт бороо ормуй, бороо ормогц тариа тарьваас төдөлгүй боловсорч, түүгээр бид амь голоо тэжээмүй. Эс бөгөөс ямхын төдий өвс ч ургахгүй.”

 

            Бичин үүнийг сонсоод яаран дотогш орж боорцогоо Тансагт өгөн: “Багш сэтгэлээ сул тавь, идсэн хойно би чамд хэлж өгсүгэй.” Тансаг боорцгийг тосон аваад өвгөнд тал тавьсанд, өвгөн өгүүлрүүн: “Би цав бариагүй бөгөөтөл аймшиггүй чиний боорцгийг хүртэх буюу?” Бичин инээн өгүүлрүүн: “Цав цай хэрэггүй, таны эндэх тэр төмөр дэвүүрт хувилгаан хаана байхыг хэлж өгөх ажааму?” Өвгөн өгүүлрүүн: “Чи түүнийг сурж яамуй?” Бичин өгүүлрүүн: “Сая тэр боорцог худалдах хүнээс сонсвоос тэр хувилгаанд нэгэн “Гадил дэвүүр” аж, нэгэн дэвүүрт гал унтран, хоёр дэвүүрт салхин үүсэн, гурван дэвүүрт бороо ормогц тариа тарьваас төдөлгүй боловсорч, түүгээр амь голоо тэжээмүй хэмээмүү. Би түүний дэвүүрийг гуйн авчраад галыг унтраан гарсугай хэмээмүй.” Өвгөн өгүүлрүүн: “Танд бэлгийн юм үгүй тул тэр хувилгаан лав ирэхгүй буй за.” Тансаг асууруун: “Тэр ямар ямар бэлгийн юм авах буй?” Өвгөн өгүүлрүүн: “Бид арван жилд нэгэн удаа гуйхад дөрвөн Гахай дөрвөн хонь, тахиа галуу, архи дарс, хүж зул, хөх улаан торго бас  элдэв зүйлийн жимс аваачиж биеэ угаан ариутгаж үнэн сүсгээр түүний уудамд эчиж залбиран гуйж даатгах бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Тэр уулын нэр юу буй? Аль зүгт хэдий хол байхыг надад хэлж өг, би одож эрсүгэй.” Өвгөн өгүүлрүүн: “Тэр уул баруун өмнө зүгт буй, нэр нь хөх үүлт уул хэмээмүй, тэр ууланд нэгэн гадил нэрт хувилгаан агуй буй. Эндээс нэг мянга дөрвөн зуун тавины газар буй. Манай эндэх хүмүүс тэр хувилгаанд мөргөхөөр одоход эчиж иртэл нэгэн сар болмуй.” Бичин инээж өгүүлрүүн: “Гайгүй, гайгүй би одож даруй ирсүгэй.” Өвгөн өгүүлрүүн: “Нэгэн өдөр хүрэх газар бус, хүнс авч хоёр хүн явбаас сайн, замд хүн амьтан үгүй бөгөөд араатан олон, наадам бус.” Бичин инээн: “Хэрэггүй! хэрэггүй! Би даруй одсугай!” хэмээгээд даруй бараагүй болон одов. Гэрийн эзэн маш цочин: “Үзвээс! Хувилгаан ажгуу!” хэмээгээд Тансагийг ихэд хүндлэв.

 

            Өгүүлэх нь Бичин төдөлгүй хөх үүлт ууланд хүрээд агуйг эрэн явахад, гэнэт мод цавчих дуун сонстмуй, ойр хүрч үзвээс нэгэн түлээч ажгуу! Бичин урагш давшин сонсвоос тэр хүн ийн өгүүлрүүн:

 

“Үүлэн чөлөөгөөр өмнөх ой харагдавч эрэг нур өвс сөөгт эчих зам төөрөгдмүй. Өрнө ууланд өглөөний бороо орохыг үзтэл, эгэх үе өмнө завын гатлах олом гүн.”

 

Бичин ойр хүрч ёслон: “Түлээч ахад наманчилмуй” хэмээхэд тэр түлээч сүхээ тавьж хариу ёслон өгүүлрүүн: “Тойн хааш одсугай хэмээмүй?” Бичин асууруун: “Ахаас асуух нь энэ даруй хөх үүлт уул мөн буюу?” Түлээч өчрүүн: “Мөн болой.” Бичин өгүүлрүүн: “Төмөр дэвүүрт хувилгааны гадил нэрт агуй хаана буй?” Тэр түлээч инээн өгүүлрүүн: “Энд нэгэн гадил нэрт агуй айх боловч төмөр дэвүүрт хувилгаан хэмээгч үгүй, нэгэн төмөр дэвүүрт гүнж хэмээгч буй, бас нэгэн нэр нь эм Рагчаа хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Түүнд галт уулыг дарах гадил нэрт дэвүүр буй хэмээн сонслоо, тэр мөн буюу!”  Түлээч өгүүлрүүн: “Мөн, мөн! Түүнд энэ эрдэнэ буйн тул галыг даран тэр газрын хүмүүсийг хамгаалдаг, тийнхүү төмөр дэвүүрт хувилгаан хэмээн өргөн тайх болжээ. Манай энд түүнийг хэрэглэдэггүй, энэ хэмээгч их хүчит үхэр шулмын эм болой.”

 

            Бичин сонсоод их л цочин сэтгэрүүн: “Бас өшөөт хүнд учрав!... Тэр жил улаан хөвгүүнийг дарахад, энэ эмээс төрөв хэмээн сонссон бөлгөө. Хойно бас аргыг тайлагч уулын үр цуцлагч агуйд түүний авга лугаа учраад, өшөө бодож надад ус өгсөнгүй бөлгөө, өдгөө бас түүний эх эцэгт тохиолдсон нь энэ дэвүүрийг яахан зээлж одох аж?...” хэмээн зовнин байхад, тэр хүн Бичиний бодлого болон шүүрс алдахыг үзээд инээн өгүүлрүүн: “Тойн чамд ямар зовних хэрэг буй? Энэ нарийн замаар од, тав зургааны газар явбаас тэр гадил нэрт агуйд хүрмүй, зовох хэрэггүй.” Бичин өгүүлрүүн: “Түлээч ахаас нуулгүй хэлсүгэй, би болбоос зүүн газрын Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залахаар одогч Тансагийн ахмад шавь, эрт өдөр би гал үүлт агуйд түүний хөвгүүн улаан хөвгүүн лүгээ баахан найс үгүйдсэн учир, тийнхүү энэ эм Рагчаа эс бодож гадил дэвүүрээ үл өгөх болуузай хэмээн зовнимуй.” Түлээч өгүүлрүүн: “Сайн эр өнгийг үзэн учрыг үйлдмүй, чи өнгөрсний учрыг үл дурдваас тэр лав дэвүүрээ зээлүүлж өгөх буй за.” Бичин мэхийсхийн ёслоод: “Түлээч ахын заан сургасанд талархмуй, би одсугай” хэмээгээд салан эчив.

 

            Бичин удсангүй тэр агуйд хүрч үзвээс үүдийг бэхлэн даржээ. Агуйн гаднах үзэмж маш сайхан ажгуу:

 

Уул нь чулуугаар гол болгож, чулуу нь Шороогоор шим болгожээ. Хүдэн униар чийг татан тунарч хөлөг хигтэр шинэ хөхөмдгийг зузаатгажээ. Сэгийм сүрлэг байдал нь хутагт арлаас давж, сэнхийм сайхан үнэр нь шидэт хойгоос хэтийджээ. Нарийн нарснаа ал тогоруу сууж, найлзуур уднаа алтан алтан гургалдай донгодмуй. Үнэхээр удаан оны хуучид, олон жилийн үлдэц. Уянгат модонд өнгөт гарьд донгодон урсгал усанд хөх луу нааджээ. Цовоо занд өрлөг өвс ширэлдэн, чулуун тохомд ороонго зэл тоорложээ. Сарны саруулд Бичин хөөрөн номин асгад эсгэрэн, тэнгэр цэлмэгт болжмор баясан өндөр модноо жиргэмүй. Согтмол хулс сүүдэрлэн жигдэрч, соргог цэцэг бутлан ургажээ. Холхи уулнаа цагаан үүл эвхрэлдэн хурах сарнихуйяа салхины аяар болмуй.

 

Бичин хаалганд хүрээд: “Үхэр ах үүдээ нээ!” хэмээн дуудсанд, нэгэн бяцхан охин гарт цэцгийн сагс барин мөрөнд алчуур мөрлөн гарч ирэв, үзвээс биеийг чимсэнгүй боловч, нүүрт ёсыг олсон байдал илэрчээ. Бичин угтан одож ёслон өгүүлрүүн: “Би болбоос ном залахаар одогч тойн, өдгөө гал уулыг гарахад бэрхийн тул би дэвүүр зээлэхээр ирэв.” Тэр охин өгүүлрүүн: “Чи аль сүмийн ямар нэртэй тойн буй? Би чамд мэдүүлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Би зүүн газраас ирсэн Бичин хэмээгч тойн болой.”

 

Тэр охин агуйн дотор орон эм Рагчаад ёслон өгүүлрүүн: “Зүүн газраас ирсэн Бичин хэмээгч нэгэн тойн эмгэд золгон, гадил дэвүүрийг зээлж, гал уулыг гарсугай хэмээмүй.” Тэр эм Рагчаа, Бичин хэмээх нэрийг сонсмогц гал дээр тос дусаасан мэт хилэгнэн хараан өгүүлрүүн: “Энэ чивэлт сармагчин энэ өдөр сая хүрч ирэв! Миний охид хуяг дуулга зэр зэвсгийг авчир!” хэмээгээд бие хуяглан гарт нэгэн хос эрдэнийн сэлэм барьж давхилан гарч ирэв. Бичин нэгэн тийш зайлж хулгайлан үзвээс түүний чимсэн нь:

 

Тэргүүнийг цэцэгт алчуураар боон биед магнаг дээл хэдэрчээ. Дундуур хатгамал хормойвч бүслэн, хөлд хошуут шаахай өмсчээ. Гарт эрдэнийн сэлэм барин, галзуу догшин нь салхины үгүйд тэнцмүй.

 

Тэр эм Рагчаа агуйгаас гарч ирээд өндөр дуугаар: “Бичин хэмээгч хаана буй?” хэмээсэнд Бичин урагш ирж бие мэхийн ёслож: “Өвгөн Сүн бэргэнд ёсолмуй” хэмээсэнд, эм Рагчаа зандан өгүүлрүүн: “Хэн чиний бэргэн буй! Хэн чиний ёслохыг хүлээмүй!” Бичин бас өгүүлрүүн: “Эрхмийн бүстэй үхэр ван болбоос өвгөн Сүн над лугаа журмаар ханилсан долоон ах дүүгийн нэгэн бөлгөө, чи үхэр ахын гэргий болсон хойно надад бэргэн болохгүй юу болмуй!” Эм Рагчаа асууруун: “Муу сармагчин чи! Үнэхээр ах дүүгийн найр буй бөгөөд юунд миний хөвгүүнийг хорломуй?” Бичин үл мэдэгч болон өгүүлрүүн: “Бэргэний хөвгүүн хэн буй?” Эм Рагчаа өгүүлрүүн: “Миний хөвгүүн тэмдэгт уулын хувхай нарст завын гал үүлт агуйн идэр богд улаан хөвгүүн чамд хорлогджээ, би чамаас өшөөгөө авъя хэмээтэл чи энэ өдөр өөрөө, би чамайг тавьж болно уу!”

 

            Бичин инээн өгүүлрүүн: “Бэргэн учрыг хянахгүй, дүү намайг буруугаар зэмлэв. Чиний хөвгүүн миний багшийг бариад жигнэж чанаж идмүй хэмээхэд Хомсим бодисадва миний багшийг гаргаж чиний хөвгүүнийг тойн болгон номд оруулав. Тэр өдгөө бодь мөрийг олон бодисадвагийн дэргэд Манибадар хөвгүүн болоод, төрөхгүй үхэхгүй, хиргүй буртаггүй, тэнгэр газар лугаа чацуу, наран саран лугаа адил урт наслан удаан жаргав. Чи өвгөн надад тал өгөхгүй харин гэдрэг зэмлэх нь юун!” Эм Рагчаа өгүүлрүүн: “Энэ уран үгт сармагчныг үз! Миний хөвгүүний амьд хэдийгээр хор эс болсон боловч, би түүн лүгээ хэзээ олж уулзмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Бэргэн та хөвгүүндээ учирсугай хэмээвээс ямар бэрх буй? Чи дэвүүрээ зээлүүлж өг, би галыг унтраан багшаа гаргасны хойно бодисадвагийн тэнд хүрч хөвгүүнийг чинь авч ирээд танд золгуулж дэвүүрийг чинь буцаан өгсүгэй, энэ үл болох юун буй! Чиний хөвгүүний царай өчүүхэн дордсон болбоос, чи намайг буруушаан үгүй бөгөөс надад талархваас зохимуй.” Эм Рагчаа өгүүлрүүн: “Муу сармагчин! Олон үг хэлэх хэрэггүй! Толгойг чинь цавчсугай! Үл өвдөх болбоос дэвүүрийг чамд өгсүгэй. Эс тэгвээс эрлэгт эртхэн одтугай!” Бичин сүвэй тулан инээж өгүүлрүүн: “Бэргэн олон хэлэх хэрэггүй, би толгойгоо чамд тавьж өгсүгэй, чи санаан дураар цавч. Дэвүүрээ надад зээлүүлэн өг.” Тэр эм Рагчаа сэлмээ далайн Бичиний толгойг арваад удаа цавчваас, Бичин огт ажрахгүй, эм Рагчаа эмээн хойш одоход, Бичин: “Бэргэн хаана одмуй? Дэвүүрээ өг!” Эм Рагчаа өгүүлрүүн: “Би эрдэнээ хялбар зээлүүлж өгөх буюу.” Бичин өгүүлрүүн: “Эс зээлүүлж өгвөөс эцгийнхээ шийдмийн амтыг амталж үз” хэмээгээд нэгэн гараар татан барьж, нэгэн гараар чихнээсээ шийдмээ гарган, салхины эсрэг сэжин аяган чинээ болгоод занчсугай хэмээтэл тэр эм Рагчаа гар алдуулан сэлэм өргөж, угтан байлдав, тэд хоёул хөх үүлт уулын доор хөмхий зуун үхэн байлдсан нь:

 

Хөгшин Рагчаа угаас бясалган бүтсэн шулам тул хөвгүүнээ өмгөөлж хорсол өвөрлөн догшин сармагчныг занамуй. Хувилгаан Бичин хэдийгээр хилэн төрж байвч, хутагт багшийн хашигдсан учир үүнээ найр тавьмуй. Энэ тэргүүнд зөөлнөөр өгүүлээд хэрэг эс бүрдсэн ч эр чадлаа гаргалгүй эгнэгт найрамдахаар хүлцэв. Эм Рагчаа мэдэлгүй сэлмээ эргүүлэн цавчихад эрэмгий Бичин арга хэрэглэн найр танилыг дурдмуй. Эхнэр хүн эгнэгт эрс лүгээ хэрхэн тэмцмүй. Эцэс сүүлд аргын уур билгийн уурыг дармуй. Энэ нэгний болд барианы буух нь үнэхээр хэцүү, тэр нэгний хос сэлмийн ирэх нь ад биш шаламгай. Тэргүүн рүү буулган нүүр өөд цавчиж, дайтагч хоёр хорсол өвөрлөн хэрхэвч үл зогсмуй. Зүүнш тосч баруунш угтан зэвсгийн эрдэм гаргаж, өмнөш зааж хойныг хамгаалан гайхамшигт ухааныг шалгамуй. Баатарлан байлдаж зууралдан тэмцэлдэн гал хөхт буухуйяа бадрангуй гэрэлт алтан наран баруун тийш шингэв. Эм Рагчаа эрдэнийн дэвүүрээ яаран нэгэнтээ дэвэхүйеэ, эрлэгийн элч чөтгөр сахиулсаны сүг сүнс завхав.

 

            Тэр эм Рагчаа, Бичин лүгээ наран шингэтэл байлдаад их богдын шийдмийн эрдмийг хүлээж чадахгүйгээ мэдэж гадил дэвүүрээ гарган Бичиний зүг нэгэнтээ дэвсэнд, Бичин тогтож үл чадан хамхуул мэт хийсэн бараа сураггүй болов. Эм Рагчаа ихэд дийлж агуйд эгэв.

 

            Тэндээс Бичин салхинаа хийсэгдсэн навч урсгалд урссан цэцэг адил, нэгэн шөнө хийсээд үүр цайсны хойно сая нэгэн уулын дээр хүрч хадыг тэврэн тогтов. Бичин амьсгаагаа даран нарийвчлан үзвээс, харин бага Сүмбэр ууланд тогтсоныг мэдээд ганцаар урт шүүрс алдан өгүүлрүүн: “Энэ эм юутай хэцүү! Өвгөн Сүн намайг хэрхэн энд хүргэж ирэв? Би урьд шар салхит шулмыг дарахад энд ирж Арьяаридай бодисадваг залсан бөлгөө. Энэ уул тэр шар салхит даваанаас ас өмнөш гурван мянга илүү газар буй, өдгөө би баруунаас зүүн өмнөш хэдэн түмний газар хийсэн ирсэн буй за. Өдгөө ирсэндээ бодисадвад золгож буцсугай.”

 

            Ийн татгалзан атал, гэнэт жүнгийн дуун сонстмуй. Бичин яаран уулнаас бууж шууд сүмийн үүдэнд хүрсэнд, хаалганы хүн нь таниад яаран орж: “Тэр жил бодисадваг залан шар салхит шулмыг бариулсан хувилгаан тойн бас иржээ.” хэмээн мэдүүлсэнд, бодисадва Бичиний ирснийг мэдээд яаран эрдэнийн тавцанээс буун угтан оруулж ёслон өгүүлрүүн: “Баяр болов! Номоо залаад ирсэн буй за?” Бичин: “Өдий! өдий!” хэмээв. Бодисадва асууруун: “Гандарагүд ууланд хүрсэнгүй бөгөөтөл, ямар чөлөөгөөр миний ууланд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Тэр жил бодисадвагийн ачаар шар салхит шулмыг дарангуйлснаас хойш, хэдий чиний гашуун зовлонг өнгөрөөв. Өдгөө гал уулыг гарч болохгүйн тул, тэр үхэр шулам вангийн эм Рагчаагаас гадил дэвүүрийг нь гуйсанд, тэр намайг хөвгүүнийг нь Хомсим бодисадвагийн шавь болгон удтал олж уулзахгүй болгов хэмээн өшөө бодоод дэвүүрээ зээлүүлж өгсөнгүйд би түүн лүгээ байлдав. Тэр миний шийдмийн хэцүүг дааж чадахгүй тул дэвүүрээрээ нэгэнтээ дэвсэнд би хийсэгдэж сая энд тогтов. Тийнхүү бодисадвагийн сүмд ирэн буцах замаа асуусугай хэмээсэн бөлгөө. Энэ уул тэр уулнаас хэдий хол буй?” Бодисадва инээн өгүүлрүүн: “Тэр эхнэрийн нэр нь эм Рагчаа бас төмөр дэвүүрт гүнж хэмээмүй. Түүний тэр гадил дэвүүр хэмээгч тэнгэр газар бүтээхүйн цагт билгийн шимээр өөрөө бүтсэн навч, маш гайхамшигт эрдэнэ тул галыг унтраан чадмуй. Хэрвээ хүнийг дэвбээс найман түм дөрвөн мянган газар хүрч тэр билгийн салхи нь сая зогсмуй. Тэр уул миний эндээс таван түмэн газар буй, их богдод үүлийг тогтоох чадал бүхийн тул сая миний энд тогтов. Хэрэв эгэл хүн бөгөөс тогтож үл чадмуй.” Бичин өгүүлрүүн: “Хэцүү! Хэцүү! Миний багш яахан олж гарах буй?” Бодисадва өгүүлрүүн: “Их богд сэтгэлээ агуу тавь. Чи миний энд тогтсон нь бас ч Тансагийн хувь ерөөл чиний гавьяа бүтээхийн тохиол болжээ.” Бичин асууруун: “Юунд гавьяа бүтэхийн тохиол болмуй?” Бодисадва өгүүлрүүн: “Урьд Шигэмуни бурхан надад нэгэн мөхлөг “Салхийг тогтоогч үрэл” Нэгэн “Нисэх луугийн шийдэм” өгсөн бөлгөө, шийдмээр шар салхит шулмыг барив, энэ салхи тогтоогч үрлийг хэрэглээгүй буй, өдгөө чамд өгсүгэй, тэр яахан дэвэвч чи хийсэхээр үгүй. Чи тэр дэвүүрийг олоод гал унтрааваас гавьяа үл бүтэх буюу?” Бичин бие мэхийн тал өгөв. Бодисадва ханцуйнаасаа нэгэн торгон уут гаргаж дотроос нэгэн мөхлөг салхи тогтоогч үрэл авч Бичиний дээлийн энгэрт оёж өгөөд Бичинийг үдэн гаргаад: “Чамайг хүндэтгэн зочилж үл чадав. Чи баруун хойш одвоос даруй эм Рагчаагийн суусан хөх үүлт уул болой” хэмээв. Бичин бодисадвагаас салаад төдөлгүй хөх үүлт уулын агуйн үүдэнд хүрээд шийдмээр агуйн хаалгыг цохиж: “Хаалгаа тайл! хаалгаа тайл!  Өвгөн Сүн би дэвүүрийг авахаар ирэв!” хэмээн дуудсанд хаалган доторх бага шулмас яаран орж: “Хатан дэвүүр агсагч хүн бас ирэв!” хэмээсэнд тэр Рагчаа дотроо эмээн сэтгэрүүн: “Энэ сармагчин үнэхээр чадалтай ажгуу! Миний энэ дэвүүр хүнийг дэвбээс найман түмэн дөрвөн мянган газар хийсгэх бөлгөө. Энэ яахан ийм түргэн ирэв? Энэ удаа би гараад гурван үе дэвж эгэх зам үгүй болгосугай!” хэмээгээд дэвхрэн босч дээл хувцсаа засан сэлэм барин гарч ирээд: “Бичин чи айшгүй, бас үхэхээр ирэв үү?” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Бэргэн бүү харамла би гадил дэвүүрийг чинь зээлээд гал уулнаас багшаа гаргасан хойно, чамд хүргэн ирсүгэй. Би хүний юмыг хуурч авах өчүүхэн ард бус!”

 

            Тэр Рагчаа бас хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин үнэхээр ёс мэдэхгүй бөгөөд учрыг ухахгүй! Хөвгүүнийхээ өшөөг аваагүй атал, дэвүүрээ зээлэн өгөх ёсон буй буюу, чи битгий дутаа! Эмгэн миний сэлмийн амтыг үз!” хэмээгээд цавчин ороход Бичин огт эмээлгүй шийдмээр угтан байлдав. Хоёул дөрөв таван удаа зөрөлдсөний хойно тэр Рагчаа дэвүүрээ гарган Бичиний эсрэг дэвсэнд, Бичин өчүүхнээр эс хөдлөв. Бичин шийдмээ хурааж инээн өгүүлрүүн: “Чи зоригоороо дэвүүрд, өвгөн Сүн би өчүүхэн хөдөлбөөс эр бус.” Тэр эм Рагчаа хоёронтоо дэвсэнд Бичин үнэхээр үл хөдөлсөнд их л айн эрдэнээ аван, агуйдаа орж хаалгаа хаав.

 

            Бичин түүний хаалга хаасныг үзээд хувцасны энгэр дэх салхи тогтоогч үрлээ авч амандаа үмхээд, бие сэжин нэгэн шумуул болон хувилж, үүдний завсраар орж үзвээс, тэр Рагчаа суудалд суун: “Ундаасав! ундаасав! Хурдан цай авч ир!” хэмээн дуудмуй. Нэгэн зарц охин тавиуртай цай авчран аягалсанд хөөс суув. Бичин маш баясан аягатай цайны хөөсний дотор шурган оров! Тэр эм Рагчаа тэсгэлгүй ундаасах тул цайг аван нэгэн амьсгаагаар ууж орхисонд Бичин түүний гэдсэн дотор ороод мөн биеэр болон их дуугаар: “Бэргэн дэвүүрээ надад зээлүүлж өг!” хэмээн дуудсанд, Рагчаа маш цочин: “Хүүхэд хаалгыг хаав уу?” хэмээн асуусанд бага шулмас: “Хаав” хэмээв. Рагчаа өгүүлрүүн: “Хаалгыг хаасан бөгөөтөл тэр Бичин миний гэрт бархирмуй?” Шулам охид өчрүүн: “Хатан таны бие дээр бархирмуй.” Рагчаа өгүүлрүүн: “Бичин чи хаана сууж шидэлмүй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би шидлэн үл чадах, цөм үнэн эрдэм, би өдгөө бэргэний гэдсэн дотор орж чиний элэг уушгийг үзэн наадмуй. Бэргэн ундаассан тул дүү би нэгэн аяга цай авчрав!” хэмээгээд хөлөө жийж хүчлэн дэвссэнд Рагчаа маш өвдөн гэдсээ тэврэн ёолоход, Бичин өгүүлрүүн: “Бэргэн бүү нарийл, би чамд боорцог идүүлсүгэй” хэмээн толгойгоор дээш нүдсэнд Рагчаагийн элэг зүрх нь тэсгэлгүй өвдөж газар дээр өнхрөн унаад: “Сүн авга миний амийг уучил!” хэмээн гуйв.

 

            Бичин сая хөдлөхийг байж өгүүлрүүн: “Чи сая авгаа танив уу? Би үхэр ахын нүүр дээр чинь амийг уучилсугай. Дэвүүрээ түргэн өг.” Рагчаа өгүүлрүүн: “Буй, буй, авга түргэн гарч ир!” Бичин: “Чи дэвүүрээ авч ир, би нүдээрээ үзсэн хойно сая гармуй” хэмээсэнд, Рагчаа охидоор гадил дэвлүүрийг авчруулан хажууд зогссон хойно Бичин хоолойгоор мөлхөн өнгийн үзээд: “Бэргэн, би нэгэнтээ чиний амийг уучилсан тул чиний сүвэйгээр шувтлан гарахгүй, мөн амаар гарсугай, чи амаа гурвантаа ангай.” Рагчаа үнэхээр амаа ангайсанд Бичин мөн шумуул болон нисэн гарч дэвүүр дээр суув. Тэр эм мэдэлгүй ангайсаар: “Авга гарч ир” хэмээхэд, Бичин мөн биеэр болж дэвүүрийг аван дуудан өгүүлрүүн: “Би энд буй? өгсөн чинь их сайн болов!” хэмээгээд гарч одоход бага охид яаран хаалга нээж өгөв.

 

            Төд Бичин үүл хөлөглөн агшин зуур тэр айлд хүрч ирэхэд Гахай хэдийн үзээд ихэд баярлан: “Багш, номын ах ирэв!” хэмээсэнд Тансаг гэрийн эзэн Шороо лугаа хамт угтан оруулсан хойно, Бичин дэвүүрээ гаргаж өглөгийн эзэн өвгөнд үзүүлэн: “Энэ даруй таны хэлсэн тэр дэвүүр мөн буюу?” хэмээсэнд өвгөн үзээд: “Мөн! Мөн!” хэмээв. Тансаг баясан: “Аяа шавь минь, чи эрдэнийг олохын төлөө бие зовсон болой” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Зовсоныг юун өгүүлмүй. Тэр төмөр дэвүүрт хувилгаан хэмээгч өөр хүн бус. Үхэр шулмын эм, улаан хөвгүүний эх, нэр нь эм Рагчаа хэмээмүй. Би агуйн үүүдэнд анх хүрээд дэвүүрийг зээлсүгэй хэмээхэд, тэр урьдын өшөөгөө дурдаж намайг хэдэнтээ цавчив, би шийдэм далайн түүнийг айлгасанд, тэр дэвүүрээрээ намайг дэвсэнд би бага Сүмбэр ууланд хүрч сая тогтов. Арьяаридай бодисадва надад нэгэн мөхлөг салхийг тогтоогч үрэл өгсөнд би дахин хөх үүлт ууланд ирж эм Рагчаад учирмагц тэр сурсан зангаар намайг бас хэдэнтээ дэвсэн боловч би огт хөдлөхгүйд, тэр дутааж агуйдаа оржээ. Би нэгэн шумуул болон хувилж даган ороод үзвээс тэр харин ундаасч цай уусугай хэмээмүй, би аягатай цайг даган түүний гэдсэнд ороод хөл гараа хөдөлгөхөд тэр Рагчаа өвдөж тэсэхгүйдээ авга хэмээн дуудаж амийг уучлахыг гуйн дэвүүрээ надад өгөв. Би амийг нь уучлан дэвүүрийг нь авч ирэв. Уулыг гараад дэвүүрийг буцааж өгсүгэй.” Тансаг сонсоод маш баясан гэрийн эзэнд тал өгөн багш шавь дөрвүүл баруунш одов.

 

            Төд дөчиний газар явсангүй улам халуун болоход, Шороо дэвхцэж: “Хөлийн ул халнам!” хэмээхэд Гахай үсэрхийлэн: “Хохьсыг төөнөнөм!” хэмээмүй, цагаан морь нэн ч хурдан болов. Газрын хөрс халуун нурам мэт нялцаганан урагш явахад мөн бэрх болсонд, Бичин өгүүлрүүн: “Багш мориноосоо бууж энд суу, дүү нар бүү явагтун, би гадил дэвүүрээр галыг унтраан бороо оруулсан хойно уулыг гарсугай.” Бичин дэвүүрээ аван галын дэргэд хүрч нэгэнтээ дэвсэнд, тэр уулын дээр гал хөгжин бадрав. Дахин дэвсэнд зуун хувь илүү бадрав. Бас нэгэнтээ дэвсэнд бүх л уул гал болон ноцон ирэхэд Бичин яаран хойш буцан атал гал хүрч ирэн үсийг нь хоёр хэсэг хуйхалжээ. Бичин Тансагийн дэргэд гүйн ирж: “Түргэн эгэгтүн! Түргэн эгэгтүн! Гал асуй! Гал асуй!”  хэмээв. Тансаг яаран моринд мордоод, Гахай, Шороотон цөм зүүнш хорь илүү газар ухарч гараад сая асууруун: “Бичин ямар хэрэг гарав!” Бичин дэвүүрийг газарт орхиж: “Бус! бус! Тэр муу золбин эмд хууртжээ” хэмээсэнд Тансаг тэсгэлгүй зовнин нулимс цувруулан: “Юу хийсүгэй!” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Ах чи биднийг хойш эгэгтүн хэмээх нь чухам ямар санаа буй?” Бичин өгүүлрүүн: “Би дэвүүрээр нэгэнтээ дэвэхэд гал нь хөгжин, хоёронтоо дэвэхэд галын хүч нэн бадарч, гурвантаа дэвэхэд галын дөл мянган зан босчээ. Хэрвээ бушуухан дутаасангүй бөгөөс хамаг биеийн үс цөм хуйхлагдах болой.” Гахай инээн өгүүлрүүн: “Чи үргэлж аянга дайраад ажрахгүй, галд түлэгдээд гэмтэхгүй бөгөөтөл өдгөө юунд гэнэт галаас айх болов?” Бичин өгүүлрүүн: “Энэ манхуу огт юм мэдэхгүй! Тэр үед урьдаас сэргийлэх тул галаас айхгүй. Энэ өдөр галыг дэвбээс даруй унтраамуй хэмээн бодож гал халхлах тарни уншсангүй бөгөөд бие хамгаалах увидсыг ч хэрэглэсэнгүй тул гал гэнэт хүрч ирсэнд хоёр хэсэг үс хуйхлагдав.” Шороо өгүүлрүүн: “Гал энэ мэт догшин, бас баруунш одох өөр зам үгүй, өдгөө хэрхвээс сайн?” Гахай өгүүлрүүн: “Тийн болбоос бид гал үгүй газрыг эрэн явсугай.” Тансаг асууруун: “Аль зүгт гал үгүй буй?” Гахай өгүүлрүүн: “Дорно өмнө, умар энэ гурван зүгт гал үгүй болой.” Тансаг асууруун: “Миний залах ном аль зүгт буй?” Гахай өчрүүн: “Ном баруун зүгт буй.” Тансаг өгүүлрүүн: “Би ном байх зүгт одмуй!” Шороо өгүүлрүүн: “Ном байх зүгт гал буй, гал үгүй зүгт ном үгүй, хааш ч үгүй хэмээгч энэ ажгуу!”

 

            Багш шавь дөрвүүл хараахан ийн өгүүлэлдэн атал гэнэт нэгэн хүн: “Их богд бүү цухалд, цав зооглоод жич зөвлөтүгэй” хэмээн дуудсанд дөрвүүл хирдхийн харж үзвээс нэгэн өвгөн хүн биед салхин нөмрөг нөмрөн тэргүүнд саран саравчит малгай дарж, гарт луугийн таяг тулаад хөлд төмөр дөрөөт гутал эсгэлэн, хойноо бүргэдийн хошуу загасан эрүүт чөтгөрийг дагуулж ирэв. Тэр чөтгөр орой дээрээ нэгэн гуулийн тэвш тавьж, дотор нь боорцог, будаа хйиж замын хажууд авчран тавив. Тэр өвгөн бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Би энэ гал уулын савдаг болой. Их богд Тансагийг хамгаалж энд ирснийг мэдээд цав барихаар ирэв.” Бичин өгүүлрүүн: “Будаа идэх нь бага хэрэг энэ галыг яахан унтрааж багшаа гаргамуй?” Савдаг өгүүлрүүн: “Энэ галыг унтраасугай хэмээвээс эм Рагчаагийн гадил дэвүүрийг олбоос сая болмуй.” Бичин замын хажууд байх дэвүүрийг авчирч өгүүлрүүн: “Энэ бус буюу? Дэвбээс харин улам хөгжмүй.” Савдаг үзээд: “Чи түүнд хууртагдав” хэмээсэнд Бичин асууруун: “Яаваас сая үнэн дэвүүрийг олж болмуй?” Тэр савдаг дахин би мэхийн ёсолж: “Хэрвээ түүний үнэн дэвүүрийг олсугай хэмээвээс эрхбиш их хүчит ванг эрэлгүй үл болмуй” хэмээв. Тэр их хүчит ван хэмээгч хэн болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 35 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 22 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 51 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 55 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 38 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 10 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 14 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 14 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 48 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 57 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 8 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 52 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 10 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 11 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 26 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК