Монгол Улсын иргэн бүр 0.07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаа билээ. Өнөөдрийн байдлаа нийт иргэдийн хорь хүрэхгүй хувь нь л газар өмчилсөн байна. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хөндөж, өмчлөх хугацааг дахин 10 жилээр сунгалаа.
Энэ талаархи мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельхан өгсөн юм. Тэрбээр “Иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авах хугацаа дуусгавар болж байсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 10 жилээр сунгалаа. Засгийн газар хуулиа боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх хуулийн хугацааг нийт долоон удаа сунгасан. Хаана хэрхэн газар өмчлүүлэх асуудлыг аймаг, нийслэл, сумдын ИТХ батална" гэж хэллээ. Мөн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх эрх ч нээлттэйг тэр дуулгасан юм.
Ийнхүү тавдугаар сарын 1-нээс дуусгавар болж байсан хуулийн хугацааг дахин 10 жилээр сунгаснаар иргэд газар өмчлөх эрх нь нээлттэй үлдэж байна.
Сонирхуулахад, 2002 оноос хойш иргэд 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй яваа юм байна.