Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2013 оны зургадугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсарахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдлаа.
Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх явцад мод модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсарахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэхээр тусгавал хуулийн зөрчилгүй болно” гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Сэтгэгдэл (1)