Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Төв номын сан хамтран “Эх хэлээ дээдэлье" үндэсний бичиг үсгийн баярыг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич, Зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийг ойг угтан их эрдэмтний хөшөөнд “Цэцэг өргөх; ёслолын арга хэмжээг тавдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, А.Нансалмаа, Боловсрол, соёл урлагийн газрын Эх хэлний боловсролын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нар оролцлоо. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн 1272 сурагч хамрагдаж, эх хэлнийхээ боловсролыг дээшлүүлж, алдарт зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцаж, сурсан дуу, шүлгээ эцэг эх, багш нартаа толилуулав.