Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шарласан талд гунигт дарагдан сүүмийх /Дорнод аян замын тэмдэглэл/

2018-6-07
0
ЖИРГЭХ

Цагийн хүрд  жам ёсоороо эргэж, зуны дунд  сар гарсан  хэдий ч зорьсон  газар ойртох тусам  газар тэнгэр улаанаар эргэлдэж,  зам зуур зогсох төдийд  хамар руу элс чихэж, унаж яваа машин  минь салхинд ганхан, жолоогоо сайн атгаж явахгүй бол засмал замаас гарчих гээд  тэвдүүлж явсаар  нар жаргахын үед Чойбалсан хотын барааг харах  нь тэр.  


Тал нутгийнхны яриагаар бидний замд гарсан тэр өдөр  үнэхээр түйрэн болоод өнгөрсөн юм билээ. Бид л мэдэхгүй, юу гээч нь энэ вэ хэмээн дуу алдаж, гайхширч явснаас  биш.   Уг нь хөдөө рүү хүлгийн жолоо залах шиг сайхан томилолт сэтгүүлч бидэнд үгүй  билээ.  Хаашаа л харна нүд алдам талд нялх ногооны үнэр хамар цоргин цаанаа л  сайхан байдаг юм.   Энэ зуны тухайд  нэг л биш.  Өлөн элсний шороонд дарагдсан өнгөрсөн намрын хатсан өвсний үлдэгдэл, өндөр ургасан шивээ, зангуунаас өөр нүднээ торох зүйл өвс ургамал үгүй аж.  Ер нь Хэнтийгээс цааш зуншлага тун тааруу, цас их орсон байж мэдэх гуу жалга, голын хөвөөний намгархаг хэсгээр л газрын өнгө  засрах төдий ногоон туяа суусан харагдана.    Хөндийгөөс хөндий дамжин хүүгэх хүйтэн салхи байгалийн хамаг шим шүүсийг хуу сорчихож байгаа юм чинь яаж ч  хангай дэлхий дэлгэнэх билээ. 


 Зам зуур өлдөж, үхсэн л байх гэмээр өеөдсөн чигээрээ үхэж, хаврын дулаан наранд гэдэс нь хөөж тийрсэн малын сэг зөндөө тааралдахад нь сэтгэл өөрийн эрхгүй хөндүүрлэж байв. Хахир хаврын арай ядан давсан тураг голдуу мал замд тааралдсан нь ажихад, үс нь бүрзийж, сүүжний яс нь хэрзийж, ёнхойгоод эгээ л хавирга нь нэвт гэрэлтсэн гэмээр харагдах адуу, ташаан толгой нь ёрдойсон үхэр, нуух нусандаа баригдсан хонь, ямааг хараад хэзээ тэнгэр хангай налайж энэ хэдэн малын зоо тэнийх бол  хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж, мал, малчин хоёрын нуруу тэнийх цаг хэзээ болоо, зун болдоггүй хорвоо вэ хэмээн өөрийн эрхгүй дуу алдахад хүргэж байв. 


Ийм л дүр зураг дундуур дов цаг дор сэтгүүлч нөхдийн хамтаар Дорнод аймгийн нутагт ажиллаад ирлээ.  Социалист нийгмийн үед Эрдэнэт, Дархан хоттой эн зэрэгцэн хөгжиж байсан  Чойбалсан хот  хөгжил цэцэглэлтийн тухайд  бүтээн байгуулалт, ажил үйлсээрээр бусдыг манлайлан  Монгол Улсын тэргүүний аймаг болсон гэхэд итгэхэд бэрх.   Шинэ цагийн Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд буй болсон орон сууцны хороолол, хувийн эзэмшлийн дөрвөн зочид буудал, худалдааны төвийг эс тооцвол  нүд баясгаж, чих дэлдийлгэх зүйлээр хомс аж. 


 Олон жилийн өмнөх Адуунчулууны уурхай нь байдаг газартаа, байдаг янзаараа л байна лээ.  БНМАУ-ын хөгжлийн оргил үе болох 1960-1990 онд  Чойбалсан хот Зөвлөл –Монголын  найрамдлын бэлгэ тэмдэг болон хөгжсөн түүхтэй. Энэ л он жилүүдэд   Адуунчулууны нүүрсний уурхай,Дулааны цахилгаан станц, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний комбинат, Геологийн экспедиц, Техник туслалцааны барилга трест, Нефьт хангамжийн газар, Авто засварын газар, Гадаад худалдааны дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Ус суваг ашиглалтын контор, Силикат тоосгоны үйлдвэр, Хивсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд  ашиглалтад орж,  зөвхөн Дорнод аймаг, Чойбалсан хотыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй Монгол орны зүүн бүс рүү  чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн том төв олон өргөжин хөгжиж байсансан. 


Гэвч өнөөдөр тэднээс тоотой хэд нь үлдэж, бусад нь  хувь хүний гарт очоод “мааниа уншуулсан” гэхэд хэтрүүлсэн болохгүй нь лавтай. Цагтаа зүүн аймгуудын хэрэглээг хангаж байсан Гурилын үйлдвэрийн “араг яс” аймгийн төвийн баруун хойно балгас болсон харагдах...


  Уг нь  энэ аймагт хөгжих бүрэн боломж нь бийсэн.  Дэлхийд толгой цохиж яваа хоёр их гүрэнтэй хиллэдгийн хэргийг гаргаж чадаж байгаа эсэхэд хэн хүнгүй л эргэлзэх.  Дээр нь  хосгүй байгалийн баялагтай. Газрын тос, алт, нүүрс гээд л.  Газрын хөрс нь ч гайхалтай үржил шимтэй. Ямар атлаа л  япончууд  шүлсээ залгин зуун жилээр газар нутгийг нь түрээслэх санал тавих билээ дээ.  Үүнээс гадна түлхэж, чиглүүлээд өгвөл  дорнодчуудын өмнөөс нь гүйх хөрөнгө чинээгээрээ УИХ-ын 76 гишүүн дундаа толгой цохидог   хоёр ч түшээ  төрийн ордноо залран буй. 


  Тэднээс дорнодчуудынхаа төлөө та хоёр юу хийсэн юм бэ гээд асуучихвал амаа ар дээрээ гартал алгадуулчихаж мэднэ.  УИХ-ын хоёр ч сонгуулийн хугацаанд их л зүйл хийгээ биз. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны тухайд  бүх л бизнес нь Чойбалсанд бий гэдэг. Гурилын үйлдвэрийг хувьчилж аваад дашийн шог болгосон гэх явган яриа өнөө хэр ч зэлүүд талын салхиар өртөөлөн хэсүүчлэх хэвээрээ л байна лээ. Аймгийн төвд сүндэрлэсэн шил толь болсон зочид буудлуудын нэг нь түүнийх  гэсэн шүү бас...


 Н.Номтойбаярын тухайд нүүрсний шинэ уурхай ашиглалтад оруулсан хэмээн томрох биз. Технологийн хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэмжээнийх ч зах зээлдээ баригдаад төдийлөн үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм билээ. Олон арван хүнийг ажилтай болгох гэсэн санаа нь сайхан юм, хөөрхий. УИХ-ын гишүүний  төсөвт хэдэн төгрөгөө  ардаа юу, өмнө өө барих уу гэх асуудал түүнийг зовоодог л биз. Дээр нь орон нутагтаа байгаа хэд нь архидаж, дампуурахаас цаашгүй нөхдүүд байдаг сураг дуулдсан. Гэхдээ дээр дурдсанчлан сайн зүглүүлээд, захиас даалгавраа өгөөд явбал Номтойбаяр бол юм юмтай хүн.  Ийм боломж бий атал  хэдэн зуугаараа гудамжинд лааз өшиглөн, төрөөс хайр халамж хүсэмжлэн гараа тосон бэдрэх  нь гутамшигтай. 


Нөгөөтэйгүүр,  Дорнодын талд хятадууд эзэн суужээ хэмээн хэвлэлээр шуугих болсон. Үнэн хэрэгтээ Чойбалсан хотын төвөөр өмдөө чирсэн хятад хүн олж хараагүй.  Газрын тосны компаниудад хэдэн арваараа ажилладаг байж мэднэ. Харин цөөнгүй тооны хятад иргэд малчин айлд хөлслөгдөн туслах малчнаар ажиллаж байгаа гэх. Яагаад, ажилгүй, ажил хайсан нөхдүүд хэдэн зүугаараа байхад хятад хүн  Монгол Улсад мал маллах хэмээх хүн захаас аван таарах биз. Гэвч бодит амьдрал дээр монгол хүн монгол хүнээсээ нүүр бууруулах болсоны уршиг энэ. 


 Учир нь  монгол хүн монгол хүнээ араар нь тавьж, мал хариулж явахдаа бэлчээр дээрээс малыг нь  зарж хулхиддаг байдал дэндүү газар авсан гэнэ.  Тиймээс аргаа ядсан өмчний эзэн  хятад хүнд мөнгө төлж малаа хариулуулах болсон байна.  Бас эсрэгээр манайхан Өвөрмонголын Хөлөнбуйр хошуунд өдрийн 150 юанаар тохиролцож туслах малчнаар ажилладаг аж. Харамсалтай нь тэдний цөөнгүй нь  ажлын хөлсөө авч чадалгүй, арайхийн нутгийнхаа барааг хардаг талаар Цагаан-Овоо сумын Засаг дарга өгүүлсэн. Тэр бүү хэл, зургаан сар ажиллачихаад мянган юань халаасалж ирсэн нөхөр ч хэд хэд бий юм байх.  


Монголчууд залхуу,ямар ч зүйлийг аргалах гэдэг зальхай гэдгээрээ өвөрмонголчуудад алдартай болжээ. Тиймээс хийсэн ажилд нь таарсан хөлсийг нь өгөөд хөөгөөд явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй. Эх орондоо байж, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, өглөө үдэшгүй архи хөөдөг нөхдүүд хүний  газрын хамар нь хүртэл хатуу байдгийг мэдэж авч байгаа нь нэг бодлын сургамж, сануулга  байж ч мэднэ.  Ямартай ч дорнодчууд залхуу гэдэг тэдний өдөр тутмын амьдралаас харагдах аж.


 Дорнод аймаг олон хөлийн газар.  Буйр нуур үзэнгээ цаашлаад Манжуурыг үзэх гэсэн дотоодын жуулчид тасардаггүй бололтой. Тэдний цөөхөн нь л агаарын аяллыг сонгодог бол найз нөхөд, хамт олноороо яваа жуулчид газрын аялалыг сонгох нь бий.  Үдэш оройтож очсон жуулчдыг хүлээж аваад хооллох газар тун цөөн.  Ганц нэгхэн буудлыг эс тооцвол оройн 20 цагтай уралдаад л зоогийн газар, ресторанаа түгжиж аваад сураггүй алга болно.
 Чойбалсан хотод үдэш 21 цагаас хойш очвол хоолгүй, хоног төөрүүлэх буудлаас өөр юу ч олж чадахгүй гэдгийг батлан хэлэх байна. Гэр хорооллын гудамжинд нь дэлгүүр мухлаг бий л байх. Гэхдээ түүнийг нь явуулын улс хайж олно гэж юу байх билээ. Дугуй засварын газар  байлаа ч мөн л шөнө ажилладаггүй. Уг нь урин дулаан цаг, жуулчны үеийг ашиглаад хэдэн төгрөг халааслах аянд хэн хүнгүй мордож болмоорсон. Тийм санаа, сэдэл, сүүхээ дорнодчуудад үгүй аж. Тэгэхээр ямар нэг байдлаар амьдрал нь болоод байдаг учраас тэр байх. Аймгийн төвд хоног төөрүүлээд гарсан сэтгэгдэл нэг иймэрхүү. 


Согтуу, залхуучуудын нутаг Цагаан-Овоо сум


Ийн хатуу хэллээ гээд Цагаан-Овоо сумынхан минь бүү эмзэглээрэй. Хатуу үг  амьдралд хэрэг болдог гэх утгаар нь шулуухан өчсөн хэрэг.   Цагаан –Овоо уг нь сайхан нутаг юм билээ. Цагаан зээрийн өлгий нутаг гээд хэлчихвэл буруудахгүй байх.  Нарны тоос татуулан машины урдуур гарах гэж хурд мэдэн харайлгах цагаан зээр тэнд л хэдэн зуун мянгаараа бэлчиж байхтай таарав. 


Хангайнхан үл тоох намхан довцог дов толгод дунд цайран харагдах  нуураас ус уугаад гарч байхтай нь таарсан явуулын бид шүлсээ залгихаа марттал амаа ангайсан шүү. Байгалийн баялагтай ч юм билээ. Гагцхүү эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал.   Боломжууд байсаар атал хэн нэгэн хүн  тэдний өмнөөс хөдөлмөрлөж, бэлэн хоол, эд хөрөнгө тараахыг нь хүлээсэн мэт амьдрах юм даа, та нар минь.  Цагаан-Овоо сум аймгийн төвөөс зуу гаруй км-ийн цаана оршино. Зам цагаан, бартаа саад үгүй. Сайжруулсан шороон замаар тайван яваад хүрэхэд ердөө хоёр цаг хагас.   
Толгойтоос Сансар ороход үүнээс илүү хугацааг зарцуулдаг хотынхонд инээдтэй байгаа биз.  Зам зуур бэлчих адуун сүрэг,  сүргээсээ тасарч хээр унтаж орхисны буянаар эхийгээ хайн зүгээ алдан унгалдан давхих унагыг өхөөрдсөн шигээ явсаар нэг л мэдэхэд буйдхан орших Цагаан –Овоо суманд ирсэн байлаа.  Уг нь жижигхэн хөөрхөн сум аж. Хувийн хэвшлийнхний барьсан  тод өнгийн дэлгүүрийн барилгуудыг эс тооцвол нүд баясгах бүтээн байгуулалт тэнд алга. 


Сумын төвийн баруун захыг элэгдэж, муудсан  Соёлын төв, Засаг даргын тамгын газрын  барилгууд эзэлжээ. Ядах нь зэрэгцэн оршихыг нь яана.   Засаг даргын тамгын газрын бариулаас нь татаад л бухимдсан. Тоос шороо, элсэндээ дарагдсан амбаар. Уг нь хөөрхий хоёр давхар юм. Албан тасалгаануудынх нь хаалга дээр   төрийн үйлчилгээний байгууллагын янз бүрийн хаяг байна.  Цагаан –Овоо сумын Засаг дарга, ИТХ-ын дарга,  Төрийн сангийн даамал, Нийгмийн ажилтан гэх мэтчилэн.  Төрийн сангийн даамал, санхүү алба хоёр нь өөд өөдөөсөө харсан өрөөнд байрлажээ. 
Банштай цайны үнэр ханхийсэн өрөөний хаалгыг татвал санхүүгийн алба нь юмсанж. Халуун тогооны уур галлагаа зогссон хүйтэн өрөөг тэр чигт нь цантуулж орхисон тул осолтгүй хоёр эмэгтэй өөд өөдөөсөө хараад суудгийг олж мэдсэнээс цаашгүй. Засаг дарга гэсэн өрөөг хайсаар яваад олтол цоожтой. Босго нь элсэнд дарагдсан байхыг харсан хэн бүхэн ойрд ажилдаа ирээгүй юм байна гэж бодохоор. 


Гэтэл Засаг ноён нь ажлаа хийж л байгаа юм билээ.   Босготойгоо зэрэгцтэл элсэндээ даруулж суугаа Засаг  ноёныг  ямар ажилтай дарга гэх вэ дээ. Хөөрхий түүнийг ИТХ-ын даргынхаа  өрөөнд суун ажлаа ярьж байсантай нь таарч барьж авсан. Энэ өрөө санасныг бодвол дажгүй. Хоёр даргынхаа өрөөнөөс эхлэн зиндаагаар нь өрөөнүүдийг нь засч байгаа гэсэн. 


 Сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөг бол шагайлтгүй. Шал нь цөмөрчихсөн, утаа униарт идэгдсэн хөлдүүс даасан дөрвөн хана байна лээ.  Тамгын газрыг өөд татаж байгаа ганц зүйл нь сумын ИТХ-ын гишүүдийн танилцуулга бүхий зурагт самбар.  Маш гоё харчууд, бүсгүйчүүд. Үлгэрийн дагинас, хан хөвгүүд адил үзэсгэлэн гоо.  Зураг шигээ бол үнэхээр нүд булаам  сайхан залуус сум, орон нутгаа өөд татахгүй элстэй нь хутгаж орхисон байхаар хэн Цагаан-Овоог өөд татах билээ. 


Тэр өдөр аймгийн ИТХ-ын Өргөдөл гомдол хариуцсан төлөөлөгч, Ардчилсан намын төлөөлөл гэх шөвөлзсөн, ажлаа мэддэг бүсгүй иргэдтэй уулзахаар Цагаан-Овоо суманд хүрэлцэн ирсэн байв. Уулзалт сумын соёлын төвд болно гэсэн зарын дагуу хэрэгт дурлав. Анхиагүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Засаг даргын тамгын газраа өөд татаж чадахгүй байгаа Засаг даргын тамгын газрын ажилтнууд, албан хаагчид  соёлын төвөө мөн л гаргуунд гаргажээ.  Нэг л өдөр дээвэр нь нурах байх гэмээр дан нуруу нь хотойсон социализмын үеийн барилга байв.  Цагтаа ганган эд байсан нь ганц нэг зүйлээс нь харагдана. Одоо  бол шалных нь будаг халцарсны дээр хэдэн сар ч ус хүргээгүй юм бүү мэд. Гутлын мөрөөр өлөн  цагаан тоос дэгдэж, хоолой эрвэгнүүлэх нь түвэгтэй.  Хоёр сайхан том цонхтой ч түүнийг хар хөх өнгийн даавуугаар хаажээ. Уг нь цагтаа хөшиг нь байсан бололтой. Эдүгээ хадаасаар торгоосон төдий. Хөшигний нэг тал унжиж, хүүхдүүд унжсан үзүүртэй ноцолдон зугаацах аж. 


 Сумын төвийн хэдэн барилгын булан тохой бүрт  үс гэзэг нь ширэлдсэн эрчүүд  хэд гурваараа бөөгнөрөн архи ууцгаах нь нэн түвэгтэй.  Тэд гадны хүнийг андахгүй. Буриад хөвүүний цөс хөөрөхийг харах уу хэмээн дөвчигнөнө.  Сумын нийт иргэдийн 90  хувь нь буриад зон  юм билээ. Сүхээ бариад гарсан байхад байшин барих гарын үзүүрийн ажил хэмээн ханхалздаг ажилсаг зан чанараа тэд хаана ч юм гээж орхисон гэлтэй. Ган зудын улмаас олон айл малгүй болж аймгийн төв бараадсан юм байх. Тэдний зарим нь Өвөрмонгол руу хөлсний малчнаар явсан ч ганзага дүүрэн олзтой ирсэн хүн тун цөөн хэмээсэн.


 Өдрийн 150 юань гэж тохирдог ч явахын цагт  мянган юань өгөөд хөөдөг тухай албаны хүн хуучилсан.   Харин тэдний орыг хятад малчид эзэгнэжээ. Тэд монголчууд шиг малаа бэлчээр дээр нь зарж эзнээ хулхидаггүй учраас эзэн малчин хоёр хэн хэндээ сэтгэл хангалуун байдаг талаар сумын малын эмчийн  ярианаас олж мэдэв. Энэ бүхнийг уншсан  эрхэм уншигч таны сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Гэвч сайхан зүйлтэй бид таарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн зээлээр хашаандаа байшин барьж, сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа найман иргэнийд зочилж, сэтгэлийнх нь үгийг сонсч л явлаа.  “Сумандаа сайхан амьдарч болно шүү дээ.  Намайг хараарай” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх бага ангийн багш эмэгтэйн гүжирмэг зан, ажилч хичээнгүй байдлыг нь хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ. 


Тэднийг дэмжиж Степгоулд компани багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа гэх яриа чих дэлсээд өнгөрөв. Ажлын байр ч бэлдэж өгч байгаа юм байх.  Хамтын хүчээр ихийг бүтээдэг болсон өнөө цагт итгэл, сэтгэлийн  гараа сунгаж байгаа  аж ахуйн нэгж байвал шүүрээд авахад гэмгүй л байх даа.  Гэвч хэрхэх нь дорнодчуудын сэтгэл мэдэх асуудал учраас олныг нуршаад юу хийх билээ.  
 Шарласан тал нутаг минь түр баяртай. Дараа очиход минь муу муухай бүхнээсээ ангижирсан байгаарай. 


 Чойбалсан хот. 2018 оны зургадугаар сар. 

Чука

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.21.114.139)
    gadnaas ni haraad yag iim torh bdag
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • nutagiin irgen (66.181.165.203)
    yasan hutsdag nobsh bee hen gej setguulch be chaddagiin bol neree bicheech
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • с (202.72.245.122)
    Өнөөгийн Монголчуудын 70хувь нь Манж нар халх голын зүүнээс бодлогоор оруулж ирсэн халхчууд тэд эв нэгдэл муутай улсын мэдрэмж сул
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.40)
    Степ голдыг уурхайгаах газрыг нь ухуулахгүй бол энэ сум сөнөлөө гээд шууд бич... Санаа чинь тодорохой байна.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зураач (90.207.160.74)
    Фото зургаар хийсэн бол баримт сайтай сурвалжлага болох байж дээ...
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (103.10.22.57)
    юу шийдэж,юуны тухай бичих гэсэн санааг нь ойлгосонгүй. Уул уурхайн мангасуудыг оруулж газраа ухуулж сайхан хөгж гэх гээд санаагаа гаргаж чадсангүй юу , юу гэчихвээ бүү мэд.
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • KLHSDAND (112.72.14.196)
    XENII ZAXIALGAAR XEDEN MONGOLCHUUD MIN TALIIN NEG TARJ EV NEGDELGUI AMIDARCH BAIGAAG BODOJ UZEX XERGETEI
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.19.150)
    Энэ жил гурил ногоогоо сайн базаахгүй бол ган нийтлэг байна. Бороо дусаагүй газар ихэнхи нь байна даа.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (85.170.110.245)
    iim amidral baidag bolohoor UBruu nuudeg baihdaa xuurxiis gej
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.21)
    Бараг бүх суманд байдаг нийтлэг дүр төрх байна.
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • lmsnasknsa (112.72.14.124)
    iim sumuudiig tatan buulgaj negtleech
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 24 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 32 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК