АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. ҮБХ-ны хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Туваанаас тодрууллаа.
-АН-ын хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дөрөвдүгээр хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Уг хуралданаар үндсэн 12 асуудал хэлэлцэж байна. Хамгийн чухал асуудал нь Сонгуулийн тухай хууль, СЕХ-оос өгсөн зөвлөмжийн дагуу нам эвслүүд Хэнтий аймгийн 42 дугаар нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал байгаа. Мөн сонгуульд оролцохдоо нэр дэвшигчийг ямар журмаар тодруулах вэ гэсэн асуудлыг голчилж хэлэлцэхээр байгаа юм.
-Нөхөн сонгуульд танай намаас нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
-Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийн асуудлыг дараа нь ярина. Өөрөөр хэлбэл, энэ сарын 31-нээс ирэх сарын 4-ний хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах юм.
-Үндсэн хуулийн цэцэд нөхөн сонгуулийн асуудлаар гомдол гаргасан. Тэгэхээр тухайн асуудлын хариуг ирэх хүртэл сонгуулийн үйл явц хойшлох уу?
-Тийм асуудал байхгүй. Нөхөн сонгууль явуулах нь өнөөдөр хүчин төгөлдөр явж байгаа УИХ-ын шийдвэр. Мөн СЕХ-ны зөвлөмжийг бид мөрдөж, цаг хугацаатай асуудлаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 8-наас өмнө нам эвслүүд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, шийдвэрээ хүргэх учиртай байна.
-АН-ын зарим журмын заалтад өөрчлөлт оруулна гэсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай намд үндсэн дүрэм, түүнийг дагаж гаргах журам байдаг. Тэгэхээр зарим журмын редакцийн шинж чанартай зүйлүүдийг өөрчилж байгаа. Мөн “Намаас УИХ болон бүх шатны ИТХ-д нэр дэвшигчийг тодруулах журам” гээд нөхөн сонгуультай холбоотой чухал журмыг хэлэлцэж батлах юм.
-Тэгвэл энэ сарын 4-нөөс өмнө дахин хуралдаж нэр дэвшигчийг тодруулна гэсэн үг үү?
-Тэгнэ. Хуулийн дагуу гаргасан цагалбарын хүрээнд энэ сарын 31-нээс ирэх сарын 4-ний хооронд дахин эрх барих дээд байгууллагаа хуралдуулж, нэр дэвшигчээ эцэслэн баталж, СЕХ-д хүргүүлнэ.
- Үндсэн ямар шалгуур тавигддаг вэ?
-Нөхөн сонгуульд нэр дэвшихийн тулд намын дотоод шалгуур болон Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшихэд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах юм.
Б.Цэрэнлхам