УИХ-ын намрын чуулганы пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд
“Өнөөдөр УИХ 75 гишүүнтэйгээр чуулганы хуралдаанаа эхэллээ. Хэнтийн аймгийн иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Үндсэн хууль ноцтой зөрчигдөж байна. Энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчлөхийг дайрсан оролдлогууд ч гарч байгаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийгэмд маш их хор уршиг дагуулж, Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй цэц Үндсэн хуулийнхаа дагуу хуулиа сахиж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадах эсэх асуудлыг дагуулж байна. Хэнтий аймгийн сонгогчдын эрх ашгийг хэзээ хамгаалж нөхөн сонгуулийг зохион байгуулах вэ. Энэ асуудлыг бид хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой байсан” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг цэцийн дунд суудлын хуралдаанаар хариуцуулж оруулсан цэцийн гишүүн нь хүндэтгэх шалтгаантайгаар эзгүй байгаа учир уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж өгөөч гэдэг хүсэлт ирсэн. Тиймээс хэлэлцэхийг хойшлууллаа" гэдэг тайлбарыг өгөв.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай юм.