Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлон "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг билээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг гуравдугаар сарын 30-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд уг илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэгдэж буй.
Илтгэлд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийг хөндөж, ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 17 илтгэл хүргүүлж, УИХ-аас шийдвэр гаргуулахаар нийт 143 саналыг хүргүүлээд байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.пүрэвдорж “Орон нутгийн иргэдийг Улаанбаатарт шилжин суурьшихыг хориглосон нь Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхсан зүйл болж байна” хэмээсэн юм. Мөн үүнээс гадна утаатай холбоотой асуудлаа “Амьд явах эрхээр туршилт хийж байна” гэсэн юм.
Р.Хишигжаргал