Нийслэлийн прокурорын газраас Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас хэлэлцлээ. Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019 оны нэгдүгээр сарын 08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн байна. Харин шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь “Хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа.
Уг хэргийг нэхэн сануулбал, Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулсан байна. Улмаар өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон.
Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)