УИХ-ын гишүүн С.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Зарим гишүүд энэхүү хуулийг парламентын дархлаатай холбож ярьж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Ийм хэрүүлийн газар юуныхан дархлаа байх билээ. Хүн ажлаа хийж чаддаг, дарга шиг дарга байдаг бол тэр өөрөө дархлаа юм. Харин хор найруулдаг, нэгнийхээ бөгсийг ухаж, хэрүүл өс зангиддаг, хараал жатгатай ийм хуралд дархлаа гэж байхгүй. Тиймээс ямар ч зүйлийг юу ч гэж тайлбарлаж болно. Наадах чинь өөрсдийгөө хамгаалсан яриа юм биш үү. Ажлаа хийж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Монголчууд энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа энэ хэрүүлчид. Дараагийн УИХ-ын дарга хэн байх гэдэг асуудал яригдана. М.Энхболдыг буулгаад зайлуулчихвал Монгол сайхан болчих гээд байгаа юм шиг эндүүрээд байна. Эд бүгд зайлж байж Монгол цаашид цэвэршинэ, мандана. Нэг хүнээр тогтохгүй.
-Тэгвэл УИХ-ын дарга огцорсон ч орыг нь залгах чадвартай хүн 75 гишүүн дунд байхгүй гэсэн үг үү?
-Харж л сууя. Дараа дараагийнх зүйлүүд нь яах нь уу. Нэг намын асар том ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн хоорондох зодоон болж байна. Үүнээс үүдэж Монголын түмэн олныг хувааж байна.
-Энэ сарын 25-наас дээрх хууль мөрдөгдөж эхэлнэ. Хууль мөрдөгдөж эхлэхээр одоогийн УИХ-ын дарга суудлаа өгөх байх гэсэн таамаг байна. Та хэнийг УИХ-ыг даргалах чадвартай хүн гэж харж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэсэн яриа байна лээ. Хэрвээ Н.Энхболд гишүүнийг УИХ-ын дарга болгохоор ороод ирвэл та дэмжих үү?
-Үүнийг тухайн цаг үед нь хэлье. Харж л сууя. Наад мэдээлэл чинь хэр бодитой вэ. Энэ хүмүүсийн яриа урьд нь дөрөв, дөрвөн жилээр хувирч хулхиддаг байсан бол одоо дөрөв, дөрвөн хормоор хувирч хулхиддаг болчихоод юунд нь ч итгэлтгүй болсон. Тиймээс энд тодорхой мэдээлэл алга. Тухайн үед нь яръя. Би өмнө нь асар их юм болно гэж хэлж байсан. Энэ зүйлүүд дээр хамгийн зөв үнэлэлт дүгнэлт, зөв шийдвэр, чиглэл мэдээллүүдийг бие даагч ганц гишүүн С.Жавхлангаас өгөөд явна гэсэн. Би энэ гол ч байр суурин дээрээ байгаа.
-Улсын Ерөнхий прокуророос ЖДҮ-ээс зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал оруулсан. Гэтэл Халдашгүй байдлын байнгын хороо, чуулганаар хэлэлцээд авч үлдлээ. Энэ хэр зөв шийдвэр байв?
-Шалгуулах хэрэгтэй. Зөвхөн ЖДҮ биш 28 жилийн түүхэнд дандаа өрмийг нь хамж идэж явсан. Энэ чинь “Даравч далдайна. Булавч бултайна” гэдэг шиг гараад ирж байна. Хичнээн гүрийх тусмаа энэ хүмүүст өөрт нь хэцүү. Тэрбум тэрбумаар нь авч идчихээд “Энэ хүмүүс байж байг. Манай талын хүмүүс учраас байж л байг, идэг идэг...” гээд толгойг нь илдэг ийм амьдрал гэж хаана ч байж болохгүй. Энэ үнэнд нийцэхгүй. Хичнээн аваад үлдсэн ч гэсэн энэ хүмүүст хэцүү дээ. Энэ гахай жил хадруулна даа. Ярдаг нохой жилд хар яр хийж амныхаа шүлсийг дуустал хэрэлдэцгээлээ шүү дээ. Эдгээр хүмүүсийг хадардаг гахай жилд хадруулна л гэсэн үг, хэцүү дээ. Ер нь энэ хүмүүс драмын театрт очмоор юм. Нөгөө талаасаа иргэд сонгогчид маань сонгоод уйлж байна. Монголчууд маань энэ цагаас хойш сонгоод уйлдаг бус зөв сонголт хийгээд ард талд нь баярлаж, инээж суудаг байх ёстой. Монголын цаг үед тулгарч байгаа зовлон бэрхшээл, асуудал болгоныг хэлэлцээд суудаг ийм хуралтай байлгах алтан сонголтыг хийж сурах хэрэгтэй байна. Энд сонгогчийн үүрэг хариуцлага яригдаж байгаа шүү. Ямар хүмүүс сонгохоор ямар болдгийг өнөөдөр хүн бүр дор бүрнээ харж суугаа байх. Улс төрд үүссэн эдгээр асуудлууд цааш зөндөө хөвөрнө. Зурагтаар их гардаг савангийн дуурь, “Ши-Янгу”-ны үлгэрээр бол 100 ангитай гэж бодоход дөнгөж тавдугаар анги дээрээ явж байна. Цаана нь 95 анги явна. Зөв цагтай золгох уу, эс золгох уу, санаа зовж байна. Зөв байгаасай зөв тал руу эргээсэй гэдэгт бодол ухаан их чилээж байна.
-Таныхаар ямар шийдлээр зөв тал руу эргэх юм бэ?
-Бүх хүний сэтгэл зүрхэнд Монгол бадарч, эх орон гэсэн үзэл булиглаж, бүх хүн өөрийн орон гэрийг цэвэр байгаасай хэмээн бодож хичээсэн сэтгэлээр Монгол эх орон босно. Түүнээс биш хэдэн хулгайчдыг хөөж явууллаа гэхэд араас нь ахиад хулгайчид гараад л ирнэ. Тэгэхээр ийм зүйлд маш сонор сэрэмжтэй байж, Монгол түмэн Монгол гэдэг үзэл дээр нэгдэх ёстой. Өнөөдөр нам гэдэг үзэл дээр нэгдэхээр яаж намхан болдгийг бид бүгдээрээ харлаа шүү дээ. Энд оюун сэтгэлийн соён гэгээрэлт явж байж Монгол сайхан цаг руу орно. Энэ ухаан салаагүй цагт дахиад ороо бусгаа цаг руу явах болно.
-Та яагаад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй юм бэ?
-Тухайн үед би хэлж байсан. Гуравдугаар ээлжийнхнийг хоолломооргүй байна гэж. Сая миний түрүүчийн өгүүлбэр дээр хүртэл гарлаа. Дахиад шүдээ ирлэчихсэн цөөвөр чоно гарч ирээд ЖДҮ гэдэг зээлийг дахиад аваад л иднэ шүү дээ. Тэгсэн дор одоо энэ ЖДҮ авсан нөхдийг байлгаж байгаад хариуцлага тооцох ёстой. Энэ бол монголчуудад бөгөөд цаг үеийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь нь нэг хэсэг нөхөл идээд огцорч буй нэрээр сайхан цадаж аваад зугтаадаг. Үүний хойноос хэн ч хариуцлага тооцдоггүй. Сандал албан тушаалаас нь буулгаж байгааг шийтгэл, хариуцлага гэж тооцсоны алдаа. Гэтэл тэр хүмүүс цаана очиж инээж, идээд, голийтлоо таргалаад, цадаад гарлаа шүү. “Заа сайхан боллоо” гэдэг шиг. Үлдсэнээрээ бузар булай нь баа бээгүй илчлэгдэж маш тодорхой болж байна.
-Тэгвэл УИХ-ын даргын хувьд ч адилхан юм биш үү. Байлгаж байгаад хариуцлага тооцох хэрэгтэй биш гэж үү?
-Энэ хүний хувьд одоо явах цаг болжээ. Зүгээр нэг бусдын амаар, даалгавар гүйцэтгэгч өөрийн гэсэн толгойгүй хүн.
-Даалгаврыг гүйцэтгэгч ээ. Хэний даалгаврыг гүйцэтгээд байна гэж?
-Өөрийн гэсэн толгойгүй хүн шиг харагдаж байна. Ангийн дарга ийм байж болдог юм уу. Бүгдийг нь зангидаж, базаад, бүгдийг нь уриалан дуудаж, эрч хүчтэй явах ёстой хүнийг ангийн дарга гэдэг биз дээ. 10 жилийн сургуульд ангийн даргыг мундаг сурагчаар сонгодог биз дээ. Гэтэл одоогийн энэ анги, анги шиг байж чадахгүй дээр нь дампуурч байна. Монгол Улс УИХ-ын зонхилох засаглалтай улс орон. Тиймээс чамбай байх ёстой. Цаашдаа Монголын чуулган, чуулаан гэдэг зүйл маш чамбай эрч хүчтэй, монголлог сэтгэлгээтэй, газар, шороогоо дээдэлдэг, уул усаа хамгаалдаг хүмүүсийн чуулаан байх ёстой. Хулгай хийдэг, хууль зөрчдөг, газар усаа зардаг ийм газрыг чуулаан гэхгүй.
-Тэгвэл Ерөнхий сайдыг хэр сайн удирдагч гэж харж байна вэ. Хоёулаа сая М.Энхболд даргын талаар ярилаа. Тэнцвэртэй байх үүднээс хоёуланг нь л яръя?
-Энэ хүмүүс нэг намын хүмүүс. Бас хоорондоо найзууд байсан. Одоо найзууд биш болсон гэж яриа бий. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Шадар сайд байхдаа Монгол морийг амьдаар нь хилээр гарахыг хориглосон. Би тэр үед Монголоо хайрладаг, бас Монгол минь гэсэн сэтгэлтэй хүн байна гэж харсан. Энэ муу цагийг засах арай илүү боломж нь Ерөнхий сайдад байсан. Чадах эсэх нь өөрөөс нь л шалтгаална. Жилийн дараа өнөө М.Энхболдоосоо муу хүн болчихсон байж ч мэднэ. Ийм торгон үе л явж байна.
-“МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалын УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр ч удаа зохион байгууллаа. Үүнийг О.Баасанхүү гишүүн хуучин МАНАН-ийн эсрэг шинэ МАНАН-гийн тэмцэл гэж дүгнэсэн. Та үүнийг хэрхэн харж байна?
-Бүдүүвч зургаар нь харах юм бол энэ намын дотоод хагарал. Миний хувьд намаас гарч ирээгүй учраас намын хагарал, бутрал надад огт хамаагүй. Би аль нэг талд орох шаардлагагүй. Гэхдээ бие даагч ганц гишүүний хувьд зөв гаргалгаа, үнэлэлт дүгнэлтийг нийгэмд илэрхийлэх сууринаас хандаж байгаа. Урд нь олон жагсаал цуглааныг С.Жавхлан зохион байгуулж байсан. Тэр үед хагарсан нам, нийт хүмүүс энэ талын мэдээлэл авч байсан уу, очиж байсан уу гэдэг сонин. Үсээ хусч байлаа, Монгол дээлээ өмөрч жагсаж байлаа. С.Жавхлангийн хувьд энэ зүйлийг баримтжуулж, үнэлэлт дүгнэлт өгөөд зөв гарц гаргалгааг хийгээд сууж байгаа. Үндсэндээ Монголоо гоё болгоё, зөв байя гэж босон тэр хүмүүстэй сэтгэл зүрх нэг байгаа. Энд С.Жавхлан бүх зүйлд оюун сэтгэлийг маш их ажиллуулж байгаа гэдэгт хүмүүс маань итгээрэй.
-Сонгуулийн жил ойртож байна. Та 2020 оны сонгуульд өрсөлдөх үү?
-2019 онд ч сонгууль болж магадгүй. Наана нь ч УИХ тарах магадлалтай. Энэ цагийн хөврөлийг харна. Энэ бол нийгмийн захиалга гэж үздэг.
-Наана нь болсон ч гэсэн нэр дэвшинэ гэж ойлголоо. Бие даах уу, эсвэл?
-Тухайн цагт нь л шийднэ. Урьдчилж хэлэхэд хэцүү байна. Юм хаашаа ч эргэж мэдэхээр байна. Ингэнэ, тэгнэ гээд урьдчилж ярихаар дахиад шал өөр байдлаар цаг үе өнгөрвөл яах юм.
-Өчигдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг та юу гэж харж байна. Төрийн албан хаагч сонгууль болохоос дөрвөн сарын өмнө албан тушаалаасаа, ажлаасаа гарч сонгуульд бүртгүүлэх журамтай байсан. Өчигдөр батлагдсан сонгуулийн хуулиар тэр зүйл заалтыг хаслаа?
-Бүх хүн эрх тэгш оролцох гэдэг утгаараа зөв. Нөгөөтэйгүүр өөрсдөө тоогдохоо байнгуут өөрсдийнхөө зүс хувилгасан өөр хүнээ оруулж ирэхийн тулд замын нь засч өгч байна уу гэсэн хардлага төрсөн. Энэ хүмүүсийг ард түмэн яагаад ч ахиж сонгохооргүй болсон. Тиймээс дараагийн ээлжиндээ үр хүүхдээ эсвэл хамсаатан саднаа дасгалжуулж байхыг үгүйсгэхгүй.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (30)