Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаанд шалгарсан төслүүдэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс батламж гардууллаа. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны арванхоёрдугаар сард зарласан юм. Үүнд төр, хувийн хэвшлийн болон орон нутгийн нийт 29 их, дээд сургууль дээр 243 төсөл бүртгүүлж, инженер, технологи, багш, урлагийн боловсролын чиглэлээр суралцаж байгаа, орон нутгийн их, дээд сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд оролцжээ. Оюутнууд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг зургаан чиглэлээр төслөө бичиж ирүүлсэн аж.
Б.Лхам