Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр бага болон суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн “Үндэсний хэлэлцүүлэг”-ийн ажилтай танилцлаа.
“Үндэсний хэлэлцүүлэг”-т хөдөө орон нутаг, нийслэлийн 10-аас дээш жил ажилласан туршлагатай багш нараас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай аргачлалын дагуу хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийж байна. Багш нарын зүгээс 2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засч сайжруулах асуудал олон байгааг онцолжээ.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн зургаан чиглэлээр ажиллаж буй баг тус бүр дээр очиж, саналыг нь сонсч, чиглэл өгчээ. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж байгаагаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулах аж.
Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)