УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
О.Батнасан: Хууль санаачлагч ямар бодолтой сууж байгаа юм бол. Энэ хуульд эрүүдэн шүүх гэдэг үг орлоо. МАН-ын өчигдрийн хуралдаанаар энэ хоёр саналын алинд дээр ч бүлэг санал нэгдээгүй. Хууль санаачлагчийн төслийг дэмжье гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудал дээр завсарлага авахгүй бол наад асуудал чинь өчигдрийн бүлэг дээр ярьснаас өөр байгаа юм. Бүлгийн шийдвэр гарчихсан байгаа Х.Нямбаатар гишүүнээ, Бүлэг дээр яръя.
Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хэмжээнд өргөн барьсан хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж л хууль тогтоогч гэж сууж байгаа шүү дээ. Бүлгийн хурлаар эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцъё, хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэлийг ногдуулъя. Гэхдээ тэр шийтгэлээ хууль тогтоомжийн дагуу хийе гэдэг шийдвэр гарсан болохоос биш өргөн барьсанаар нь батлаадах гэж санал хураагаагүй шүү дээ О.Батнасан гишүүн ээ. Гишүүдийн бүрэн эрхэд халдах хэрэггүй.
О.Батнасан: Халдахгүй, халдаагүй.
Ц.Мөнх-Оргил: Х.Нямбаатар гишүүний саналын 17.4-т Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмжийг нэн даруй хүргүүлнэ гэсэн байна шүү дээ. Үүнийг бол оролдоогүй, тийм үү. 18 дахь заалт дээр ерөнхий шүүгчийн асуудал яригдаж байна. тэнд Х.Нямбаатар гишүүний санал хураалгасан “Эрүүдэн шүүсэн нь нотлох үндэслэл, баримттайгаар нотлогдлоо гэсэн заалтыг ийшээ нэмж оруулаад батлавал яасан юм. Учир нь ерөнхий шүүгчийг ажлаас нь халах асуудал яригдаж байгаа болохоос биш шүүгч гэдэг утгаар биш шүү дээ.
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас энэ бичлэгийг ил болгож үзүүлж болох хэсгийг бэлэн болгосон байна. Энэ бичлэг хүний эрхийн конвенц тэр дундаа хүнд хүчээр эрүүдэн шүүж тулгах хүнлэг бус харьцааг хуулиар ноцтой гэж үзсэн 4-5 хуулийг зөрчиж байгаа юм байна. Ялангуяа сэжигтэн яллагч нарыг тусдаа өрөөнд хорих, эмэгтэйчүүд онц аюултай гэмт хэрэгтэн түүнчлэн гэмт хэрэгтэн удаа дараа шийтгүүлсэн шүүхээс шийтгүүлсэн сэжигтэн яллагтагчаас нэг хэргийн сэжигтэн яллагч нарыг хамтад нь хорих гэсэн хуулиудыг зөрчсөн бичлэг ил болсон. Хэрвээ Хуульзүйн байнгын хорооны гишүүд шийдвэр гаргагчид хэрэгтэй гэж үзвэл хуралдааныг хаалттай горимд шилжүүлж Засгийн газраас тус бичлэгийг үзүүлэхэд бэлэн болсон.
Ц.Мөнх-Оргил: Нэгдсэн хуралдаан дээр үзье. Энэ ганцхан байнгын хорооны асуудал биш. Хуулийн асуудлаа хэлэлцчихээд нэгдсэн хуралдаан дээр үзье гэсэн горимын саналтай байна.
Ц.Нямдорж: Энэ бичлэгийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд үзүүлсэн нь дээр. Эрүүдэн шүүсэн үнэн юм уу үгүй юм уу. Монтаж хийсэн ч юм бил үү гээд янз бүрийн яриа гараад байгаа юм. Тиймээс Байнгын хороонд биш юмаа гэхэд чуулганы хуралдаанаар үзүүлэх ёстой. Мөн олон нийтэд ч үзүүлэх хэрэгтэй.
Ингээд санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь тус бичлэгийг чуулганы хуралдаанаар үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (3)