Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-оос 29-ний өдрүүдэд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцож байна.
Тэрбээр уулзалтын эхний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагааны асуудал хариуцсан орлогч дарга ноён Жан Пьерр Лакроу нартай уулзаж Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа цаашдын чиглэл, байр суурийг, цаашдын төлөв, боломжууд болон тодорхой сэдвүүдээр нээлттэй ярилцжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын удирдлага, ялангуяа миний зүгээс маш өндрөөр үнэлдэг гэдгээ онцлоод “чадварлаг, бэлтгэгдсэн цэргийн алба хаагч, техник хэрэгсэл нэмж илгээх талаар таны хэлсэн санал, зөвлөмж нь бидний үүрэг, зорилттой нягт нийцэж байгаа тул бид тууштай дэмжинэ. Монгол Улсад хязгаарлагдмал боломжтой байгаа техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэгийг бусад хандивлагч орны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэсэн гурвалсан харилцаа, хамтын ажиллагааг судлаж үзэхийг санал болгож байна. Ингэснээрээ бие биенээ харилцан дэмжих үүрэг улам тодорхой болор юм. Таныг хүрэлцэн ирж, харилцан асуудлаа ярилцсанд тун баяртай байна” гэжээ.
Харин Жан Пьерр Лакроу Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, бэлтгэгдсэн байдал, НҮБ-ын Мандатыг бүрэн утгаар нь ойлгож хэрэгжүүлдэг чадвар бүхнийг зориуд онцлон тэмдэглэхээс өөр аргагүй хэмээн Монголын энхийг сахиулагчид үүргээ хамгийн нэр төртэй үүрэг гүйцэтгэж буй онцлоод цаашид оролцоогоо олон тодорхой төрлүүдэд нэмэгдүүлэхийг хүслээ.
Манай улс анх 1999 онд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж 2002 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 11000 орчим цэргийн албан хаагчид үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын мандаттай таван энхийг сахиулах ажиллагаанд нийт 900 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.