Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А сураггүй алга болжээ. Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 28 км-т орших Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг, тус сумын харьяат, 57 настай эрэгтэй иргэн А өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр гуравдугаар сарын 31-ний тавьсны дагуу тэд хамтран Мандал сум дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, ар гэрийнхэн гээд нийт 23 хүн, 3 автомашинтайгаар өчигдрийн 15:50 цагаас эхлэн хайжээ. Тэр дундаа Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн тойрогт, мөн “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өчигдөр 20:40 цагт түр зогсоон өнөө өглөө үүрээр 06:00 цагт дахин эхлүүлжээ.
С.Сүлд