Шатрын олон улсын их мастер А.Энхтуулын санаачилан “Яагаад шатар гэж?” өдөрлөг маргааш болно. Энэ үеэр өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах ажээ. Өдөрлөгийн хүрээнд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн "64 ухаалаг дэвтэр" -ийн нээлтийн баярыг тэмдэглэж, 2019 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчдыг шалгаруулах юм. Түүнчлэн "Яагаад шатар гэж?" өдөрлөг нь өсвөрийн шатарчдыг тэдний эцэг, эхчүүдийн хамт хөтөлбөртөө хамруулж, шатрын спортыг ойлгож үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж буй ээж, аавуудад урам зориг хайрлах арга хэмжээ болохоороо онцлог. Өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалтууд болох гэнэ. Тухайлбал, Монгол Улсад шинэхэн төрөөд буй залуу их мастеруудтай өсвөрийн шатарчид маань тоглох боломжийг “Яагаад шатар гэж?” багийн хамт олноос олгож байгаа юм байна. Энэхүү өдөрлөг “Holiday Inn” зочид буудлын их танхимд 10:00-17:00 цагт болох юм.
Б.Жаргал