УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюу Толгойд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шүүмжлэлтэй ханджээ.
Тэрбээр “Оюутолгойг манайхан зэсгийн орд гэж ойлгоод байдаг. Энэ чинь алт, зэсийн орд. 1500 тонн алттай гээд хөрөнгийн биржид гаргаж өгсөн материал дээр бий. Өөрөөр хэлбэл, Бороо гоулд 50 тонн алттай байсан бол 30 ширхэг “Бороо гоулд” дотор нь явна гэсэн үг. Бид ганц ширхэг “Бороо гоулд”-оо алдахаараа үхчих гээд байдаг. Гэтэл 30 ширхэг “Бороо гоулд”-оо алдах гэж байж дуугүй л сууж байна.
Ер нь “Рио-Тинто” зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бодох ёстой. Зээл төлж байгаа бидний мөнгө, манай улсад татвар төлж байгаа мөнгөнөөс их. Энэ тооцоог хийсэн үү. Сүүлийн үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсан. 2015 онд 166 тэрбум төгрөг, 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум төгрөг, 2018 онд мөн энэ хэмжээний төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, “Рио-Тинто”-гийн менежментийн баг зургаан хувиа авахдаа зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг. Дэлхий дээр тийм компани байх уу. Менежментийн баг ашигтай ажиллуулахын тулд байх ёстойгоос биш эсрэгээр нь зардлыг нь өсгөдөг баг дэлхий дээр байдаг юм уу. Энэ бол биднийг доромжилсон хэрэг. Тиймээс энэ компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг нэг тийш нь болгох ёстой.
Түүнчлэн “Туркойз Хилл” компани Монголд байгаа ашиглалтын лицензээр хөрөнгийн бирж дээр мөнгө босгосон байж яагаад эзэнд нь 34 хувийг зээлчихсэн юм бэ. Энэ чинь гэмт хэрэг юм биш үү. Гэтэл бид зээлд нь татвараас илүү мөнгө төлж байдаг. С.Баярцогт хувьцаа эзэмшигч нь байсан. Мөн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ чинь гэрээг цуцлах үндэслэл юм биш үү. Бидэнд болохоор 10 мянган хүнийг ажлын байртай болголоо гээд л яриад байдаг. Эрдэнэт шиг 100 мянган хүн тэжээчхээд ингэж хэлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургалтын төлбөрийн тэтгэлэг, хэдэн техник хэрэгсэл харуулаад л. Тэр техник хэрэгсэл бидэнд хэрэггүй шүү дээ. Баялгийг минь хурдан авах гэсэн санаа. Бид техникийг нь хараад баярлаж болохгүй. Уг нь хараад нулимдаг байх ёстой.
Дубайн гэрээгээр 4.7 тэрбум ам.доллар авсан. Гүний уурхайд нэг тэрбум ам.долларыг л оруулсан байгаа. Та нар шалгаад үзээрэй. Бусад мөнгө нь хайчсан гэхээр “Рио-Тинто” компанийн бусад хөрөнгө оруулалтад явсан. Толгой компанийнхаа зарим зардлыг Оюутолгой компаниар төлүүлдэг. Эд нар монголын эрх ашгийн төлөө байдаггүй. Сая харсан биз дээ. 34 хувийг зээлэх ёстой гэж хэлээд байж байна. Би баялагаа гаргалаа 50 хувийг нь авна. Чи үйлдвэрээ үнэгүй барь гэх ёстой. Дэлхий нийт тийм л жишгээр явдаг. Дэлхийн хөрөнгө оруулалтуудыг та нар үзээрэй. Баялагаа гаргасан нь өөрийнхөө хувийг авдаг болохоос биш зээл аваад сууж байдаг. Үүнийг ямар хөрөнгө оруулалт гэх юм бэ. Сууж байгаа хүмүүс нь хүртэл өөгшүүлээд байж байдаг” гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)