УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ард түмэн хамгийн сайн гэж үзсэн нэр дэвшигчээ сонгох боломжтой гэж үзэн энэ тогтолцоог сонгосон. Өнөөдрийн энэ тогтолцоог Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өмнө нь УИХ-д өргөн барьж байсан юм билээ. Тухайн үеийн УИХ хэлэлцээд “Хараахан нөхцөл бүрдээгүй байна. Гол нөхцөл нь санал тоолоход техникийн нөхцөл хүнд юм” гэдгээр нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүлээж аваагүй. Харин одоо хүлээж авах нөхцөл бүрдсэн байж магадгүй гэж МАН үзэн хуулийн төслийг оруулж ирсэн. Засгийн газраас санал авсны дараа ирэх долоо хоногийн сүүлчээр өргөн барих байх. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх байх гэж бодож байна. Дараа нь намрын чуулганаар эцэслэн шийдэгдэх болов уу. Хугацааны хувьд бидэнд хангалттай хугацаа бий.
Бүх тогтолцоо эерэг болон сөрөг талтай. Санхүүгийн хамааралгүй, чадвартай, чадалтай хүмүүсийг гаргах тогтолцоо болов уу гэж харж байна” гэв.
Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг бид олон удаа ярьж байна. Энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж магадгүй. Өргөн барихад заавал 57 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. 75 гишүүний 57 нь заавал гарын үсэг зурна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сумын Засаг даргыг иргэд нь томилдог болно. Одоогийн байдлаар сумын Засаг даргыг ИТХ-ын 11 төлөөлөгч томилдог. Тиймээс сумын Засаг дарга нь иргэдтэйгээ ажиллахаас илүүтэй төлөөлөгчидтэйгээ ажилладагаас болж иргэдэд чиглэсэн ажил хаягддаг” гэлээ.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)