Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нутгийн хамгаалалтын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байдаг. Уг асуулгын хариуг тогтсон дэг ёсоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлжээ. Нэг үгээр Тост, Тосон бумбын нуруу орчмын хамгаалалтын талаар Засгийн газраас УИХ-д албан ёсны тайлбарыг холбогдох зүйл заалтын хүрээнд албан бичгээр хариу өгсөн гэсэн үг. Нийгэмд үүссэн болон цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих нь УИХ-ын гишүүнд хуулиар олгосон бүрэн эрх. Хууль тогтоох дээд байгууллагын зүгээс гүйцэтгэх засаглалынхаа ажлын явцыг дүгнэж байгаа нэг хэлбэр юм. Гагцхүү УИХ-ын гишүүний зүгээс тавьсан асуулга бүрт албан ёсны тайлбар өгөхөд зөвхөн хуулийн үндэслэл, зүйл заалтыг дурддаг. Мөн Засгийн газар түүний харьяа агентлаг, мэргэжлийн холбогдох байгууллагын шийдвэрийг тусгадаг гэдгийг энд тодотгоё.
УИХ-ын гишүүн Л.Энхболдын зүгээс Тост, Тосон бумбын нурууг унаган төрхөөр нь хамгаалж байгаа эсэх талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгаараа дамжуулан тайлбар нэхэж, бодит байдлын талаар албан ёсны мэдээллийг шаарджээ.
Говь тэр дундаа Өмнөговь аймагт орших Тост, Тосон бумбын нурууны цогц байдал, тэнд тархан нутагшдаг ан амьтдын экосистемийг унаган төрхөөр нь үлдээх гэсэн хүмүүсийг саналтай зөрөх Монгол хүн байгаа юу гэвэл мэдээж үгүй. Дан ганц орон нутаг, сум, аймаг гэлтгүй улсаараа эсэргүүцэх нь тодорхой. Харин энэ газрын талаар зориуд худал хуурмаг шуугиан дэгдээж, улс төрийн ашиг хонжоо хардаг цөөн хүн бий. Тиймээс Л.Энхболд гишүүний тавьсан асуулгын хүрээнд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж мэдэх зарим асуултад Засгийн газар албан ёсны бодит үндэслэлтэй, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд ямар хариулт өгснийг одоо сийрүүлье.
Асуулт: Нутаг орны иргэдээс санал авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн үү?
Засгийн газар: Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгохдоо тухайн нутаг орны иргэдийн саналыг авах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй.
Асуулт: Уул уурхайн үйл ажиллагаа хүн болон байгальд сөрөг нөлөө үзүүлж байгаа юу. Олон улсын хүний эрхийн гэрээ конвенц зөрчигдсөн үү?
Засгийн газар: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу МХЕГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хянатын газар тухайн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан хүний эрх зөрчигдсөн, байгаль орчныг сөрөг нөлөөлөл үүссэн талаар мэдээлэл ирүүлээгүй байна.
Асуулт: “Сауд гоби коэл транс” ХХК тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа байгаль орчны нарийвчилсан менежментийн төлөвлөгөө батлуулсан уу?
Засгийн газар: Тус компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаагүй байна. “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, 2017-2021 онд хэрэгжих Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөний хамт батлагдсан байна.
Асуулт: Тост, Тосон бумбын нурууны байгаль орчин, ховор ан амьтан, ургамлыг төрөөс хамгаалж байгаа юу?
Засгийн газар: Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг болох Тост, Тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн 35-р тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан...
Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн зарим асуултад Засгийн газраас өгсөн хариултыг товчхон хүргэхэд ийм байна. Дэлгэрэнгүйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн албан бичиг, гишүүн Л.Энхболдод хүргүүлсэн асуулгын хариунаас харж болно гэжээ.