Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна
Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.
Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм.
Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд түрээслүүлэх юм.
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.
Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгасан байна.
Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болжээ.
Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа.
Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов.
Сэтгэгдэл (2)