Цахим орчинд Танхай банди нэрээр танигдсан Түвд судлаач Г.Ням-Очир өдгөөгөөс арван жилийн өмнө манай сайтад “Бурхан багшийн шүд Монголд байсан, байгаа гэдгийг судалсан тухайгаа, түүнийг нь тухайн үеийн БСШУ-ы сайд хэрхэн үгүйсгэсэн талаар ярилцлага өгөн “Ё.Отгонбаярыг Монголын бурханы шашинтнууд уучлахгүй”” хэмээж байв. Бурхан багшийн шүд Монголд байсан гэдгийг Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгаагаар тухайн үед нотолсноо зарласан бөгөөд энэхүү үнэт олдворыг судлахад судлаач Г.Ням-Очир гар бие оролцсон билээ. Харин тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байв. Судлаач Г.Ням-Очирын ярилцлагыг уншигч Танд сэргээн хүргэж байна.
Г.Ням-Очир: Бурхан багшийн шүдийг үгүйсгэж, үнэгүйдүүлнэ гэвэл Ё.Отгонбаяр гишүүнтэй үхэн үхтлээ заргалдана
Монголын Шинжлэх Ухааны академийн хэсэг эрдэмтэд бурхан багшийн шүд Монголд байсан, байгаа гэдгийг судалгаагаар нотолсон тухай мэдээлэл хэдэн сарын өмнө олны анхаарлыг татаж байв. Харин сүүлийн үед энэ бурхан багшийн шүд гэгч нь хуурамч байсан тухай яриа мэр сэр гарах болоод байна. Энэ талаар тус үнэт олдворыг судлахад өөрийн гар бие оролцсон түвд судлаач Д.Ням-Очиртой ярилцлаа.
Монголын Шинжлэх Ухааны академийн хэсэг эрдэмтэд бурхан багшийн шүд Монголд байсан, байгаа гэдгийг судалгаагаар нотолсон тухай мэдээлэл хэдэн сарын өмнө олны анхаарлыг татаж байв. Харин сүүлийн үед энэ бурхан багшийн шүд гэгч нь хуурамч байсан тухай яриа мэр сэр гарах болоод байна. Энэ талаар тус үнэт олдворыг судлахад өөрийн гар бие оролцсон түвд судлаач Г.Ням-Очиртой ярилцлаа. Тэрбээр Шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгт продюсерээр ажиллаж байгаа бөгөөд сүүлд “Газрын шинжийн Монгол судар” нэртэй ном гаргаад буй юм.
-Бурхан багшийн шүдийг олсон гэж нэг хэсэг шуугисан. Гэсэн ч сүүлдээ тэр олдвор бурхан багшийн шүд биш байсан гэх утгатай яриа гарч эхэллээ. Энэ ямар учиртай юм бол оо?
-Би энэ тайлбарыг өгөх хүн нь биш л дээ. БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гуай өөрөө тайлбарлах ёстой. Энэ хүн дараагийн соёлын сайдад чухам юу гэж захисан юм бүү мэд. Хэрэв энэ чигээр нь бурхан багшийн шүд гэдэг эрдэнийн олдворын үгүйсгэж, эсвэл чимээгүй болоод үнэгүйдүүлнэ гэвэл би Ё.Отгонбаяр сайдтай үхэн үхтлээ заргалдана гэж бодож байгаа. Яагаад гэвэл бурхан багшийн шүд Монголд байгаа гэсэн судалгааг би ганцаараа хийгээгүй. Цаг мөч болгонд надад номоо өгсөн, нарийн нууцаа дэлгэсэн сайчуул, хөгшчүүд надаас асууж байна. Би тэдний баримтуудыг судалж ном гаргаад Ё.Отгонбаяр сайдад өгсөн. Харин яагаад тэр номыг одоо хүртэл хэвлүүлэхгүй байгаа вэ гэж гайхаж байна.
-Энэ олдвор Монголын төдийгүй дэлхийн сүсэгтнүүдэд их үнэтэй олдвор гэгдэж байсан шүү дээ?
-Далай лам, Ажиа гэгээн хүртэл ирж мөргөсөн. Хятадаас эрдэмтэд ч ирсэн. Энэ бол Монголд байхаас өөр аргагүй, байсан нь тодорхой эд. Ерөнхий сайд П.Гэндэн гэдэг хүний цохолт бичигтэй халгалагдаж байгаа зүйл. Бичгийн болон түүхийн сурвалж дээр Монголын дөрөв, таван эрдэмтэн ажиллаж баталгааг нь хийсэн. Тухай үед Монгол улсын ерөнхий сайд байсан хүний хадгалж үлдээсэн зүйлийг хожмийн нэг дөрвөн жил суусан Соёлын сайд үгүйсгэх учиргүй байх гэж бодож байна.
Бурхан багшийн шүдийг олсны дараа монголчууд шашны их өндөр идэвхитэй болсон. Компаний захирал, бизнесмэнүүд, сүсэгтнүүд бол дэлхийн монгочуудын эв нэгдлийг авчрах эд зүйл байж болохоор гэж их бэлэгшээсэн. Нэг хүн алтан шаттай сүм барьж өгье, гаднах сейфийг нь Францаас авчирч өгье ч гэж байсан. Харин сайд асан үүнийг яагаад санаатайгаар удаашруулаад, элдэв янзын цуу үг гаргаад байгааг ойлгохгүй байна. Хэрэв энэ хүн ямар нэг тайлбар хийхгүй бол би энэ хүнтэй үхэн үхтлээ зарга хийнэ. Ганц би ч биш, Монголын бурхны шашинтай мянга мянган хүн Ё.Отгонбаяраас ял асууна. Тэр хүн ямар нэг тайлбар хийх хэрэгтэй.
-Та ингэж сураг чимээ алдарсны шалтгааныг юу гэж тааж байна вэ? Судлаачдад ямар нэг тайлбар хэлсэн үү?
-Би судлаач хүний хувьд ажлаа хийсэн. Мөн гэдгийг баталсан, ном гаргасан. Сайд асан өөрөө өнгөрсөн дөрвөн сард Монгол Хятадын соёлын сар болоход БНХАУ-д нэг шүд нь байдаг сүмд очиж нүдээр үзсэн. Тэр нь Хубилай хааны авчирсан хоёр шүдний нэг л дээ. Жоу Ин Лай гэдэг Хятадын удирдагч тэр шүдэнд зориулж сүм барьсан байдаг. Тийшээ явахдаа Ё.Отгонбаяр ганц ч судлаач авч яваагүй. Дандаа МАН-ын хурган дарга, өөрийнх нь сонгуульд оролцох хүмүүсээ авч явсан. Тэгээд эргэж ирээд энэ шүдний тухай дурсахыг ч хүсэхгүй болсон. Ямар зорилгоор ийм зүйл болов гэж олон зүйл дээр би хардаж байгаа. Хардахаас өөр аргагүй болж байна. Цаг хугацаа өнгөрөөд хүмүүс мартана гэж бодож байгаа бол тийм биш. Харин үеийн үед, цагийн цагт Ё.Отгонбаяраас энэ асуултад хариулт өгөхийг шаардана. Тэгэхээр Ё.Отгонбаяр сайд аа, та өөрийн ажлын тайлангаа тавь. Та яг юу хийсэн бэ? Дараагийн сайд нь ч бас үүнд ямар байр суурьтай байгаа вэ гэдгээ хэлэх хэрэгтэй байна. Ажлаа хийе гэж бодож байгаа бол оройтоогүй. Халимаг, Буриад, Өвөр Монголын сүсэгтнүүд улсын төсвөөс мөнгө гаргахгүй хандив өгөхөд бэлэн байгаа ажил шүү дээ.
-Таныг бурхан багшийн шүдний талаарх судалгааг хийгээд ШУА-иас гарсан гэж сонссон?
-Ер нь шинэ засаг байгуулагдаж байгаатай холбоотойгоор зарим зүйлийг хүсмээр байна. Нэгдүгээрт, 1990 оны ардчилсан хувьсгал монголчуудын олон үеийн турш мөрөөдөж байсан бурхны шашныг сэргээхэд тусална, дэмжинэ гэж гарч ирсэн. Үнэндээ энэ үүргээ ардчиллынхан өнөөг хүртэл биелүүлээгүй шүү дээ. Зөвхөн шашин шүтэх чөлөөтэй гээд орхисон болохоос хөгжүүлэх талаар ямар нэгэн төрийн институци байгуулаагүй. Манайхаас өөр орнуудад Соёлын яам нь шашинаа хариуцсан институцитэй байдаг.
Хоёрт, цорын ганц өөрсдийн шинжлэх ухаан болсон Монгол судлалыг доош нь хийж байна. Сүүлийн 300 орчим жилд түвд хэлээр бичиж үлдээсэн судрын тал хувь нь манайд байдаг. Гэтэл энэ судар номоо судалдаг хүмүүсийг дэмжих нь бүү хэл санаатайгаар орон тоог нь багасгах, цалин цуугаар нь хавчих бодлого барьж ирсэн. Үүнээс болоод ихэнхи эрдэмтэд гадагш гарч байна. Би ч гэсэн тийм шалтгаанаар ажлаасаа гарсан. Яг энэ өдрүүдэд халхын Зая бандидын ойг Архангайд тэмдэглэж байгаа. Тэгэхэд энэ хүний хамгийн том зохиолыг П.Ням-Очир гэдэг түвд судлаач эмхтгээд ном болгочихсон байгаа. Ядаж нэг номыг нь хэвлэчихэж чадахгүй л байгаа байхгүй юу. Лам хүний ойг нэг муу намын гишүүд, албан тушаалтнууд мөнгө угаах зорилгоор хийдэг болчихсон. Ерөөсөө монгол судлаачдын хөдөлмөрийг үнэлэхээ байчихсан байна. Гаднын судлаачдынх гэхээр үнэн, Монголынх гэхээр худал байна гэж байхгүй шүү дээ.
-Та ШУА-иас гараад юу хийж байна вэ?
-Одоо бол Шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгт продюсер хийж байна. Монголд “чавганц сахил” гэж 50, 55 хүрээд үсээ хусуулдаг эмэгтэй хүмүүсийн уламжлал тасарч байгаа. Тэдний хөгжөөдөг олон маанийн ая, дангуудын талаар орон даяар явж баримтат кино хийж байна. Удахгүй газрын шинжлэх ухаан, Өндөр гэгээний урд дүрийн тухай гээд хэд хэдэн баримтат кино хийнэ.
-Та “Газрын шинжийн Монгол судар” гэдэг ном гаргажээ. Ямар ач холбогдолтой ном бэ?
-Төрийн хар хайрцагны бодлого бол газрын шинжлэх ухаан юм. Газар бол улсын үндэс. Газрыг таньж мэдэн, газраа зөв нэрлээд, газрын тухай барьж байгаа тэр бодлого нь өөрөө төрийн хар хайрцагны бодлого байсан юм. Монголд газар шинжээч хүмүүсийн удам тасраад ная орчим настай ганц өвгөн үлдсэн байгаа. Манай эхнэр Түвдээс Монгол, Монголоос Англи руу орчуулсан. Би харин хуучны зургаа, долоон багшаас газар яаж шинждэг тухай аман дамжлага авснаа энд оруулсан байгаа.
-Монголчууд ер нь газрын шинжээг өнөөдөр хэрхэн ашиглаж байна вэ?
-Улаанбаатар хотын суурийг тавихад ч газрын шинжээг ашигласан байдаг. Дунд гол, Туул голын завсар Богдын ногоон ордныг барихдаа зүүн тийш нь харуулж тавьсан үхрийн өвчүү шиг газар сонгож барьсан байдаг. Тэр газарт 1960 оны орчимд Туул, Дунд голоос их үер ирсэн байдаг юм. Тэр үерийн ус нь өвчүүний бүдэрхийгээр хагараад энэ ордон усанд автаагүй. Харж байсан хүмүүс нь Богдын ордон усанд хөвж яваа хөлөг онгоц шиг байсан гэж хэлдэг юм билээ. Гэтэл тэр эко бүтцийг нь ноднин жил “Жигүүр гранд” гэдэг компани эвдчихсэн. Өвчүүнийх нь бүдэрхийг тайраад, нарыг нь хаагаад байшин барьчихаж байгаа юм. Нарыг нь хаагаад барьсан газраа “Гэгээнтэн хотхон” гээд нэрлэчихсэн. Хааны ордны нарыг халхалчихаад тэрийгээ “Гэгээнтэн” гэж нэрлэдэг ямар ёс байна. Хүний ёс зүйн уналтын сонгодог жишээ энэ байна. Үүнийг барихын тулд Богдын ордны рашааныг соруулж аваад газрыг нь тагтаршуулснаас газрыг нь хөдөлгөж орхисон. Богдын ордон хэд хэдэн удаа савласан шүү дээ.
-“Жигүүр гранд” компанийханд хандаж учир утгыг нь хэлсэн үү?
-Бид Богдын ордон саваллаа гэж хэлэхээр бизнесийн нэр хүндэд халдлаа гээд биднийг буцаагаад шүүхэд өгчихсөн. Одоо бол Богдын музей рашаангүй болсон. Цаашид энэ ордон оршин тогтноход хэцүү болсон шүү дээ. Очих тоолонд л нурж байна. Хэрэв хоёр, гуравхан баллын газар хөдлөлт болвол Богдын музей нурна. Энэ талаар өмнөх БСШУ-ы сайдад нь хэлээд барсангүй. Шинэ сайд нь яах юм бүү мэд.
-“Газрын шинжийн Монгол судар” ном цөөхөн хувиар хэвлэгдсэн гэхээр ашиг олох сонирхол бага байсан болов уу?
-XVI зууны үед монголчууд эдийн засаг, улс төрийн таатай нөхцөл, байдал бий болоод Монголын хүн ам нэлээн өссөн. Юань гүрнийг дахин байгуулах гэж байгаатай адил олон дайныг хийсэн тэр үед хэд хэдэн газрын шинжих тухай судар бичигдэх болсон. Үндсэндээ түвд, энэтхэг, манж ёсны олон газрын шинжээнүүдээс Монголын газрын шинжээ гэдэг шинжлэх ухааны бие даасан салбарыг бий болгосон. Ерөөсөө дундад зуунд шинэ газар орныг түрэмгийлэн эзэлж авна гэдэг нь тухайн газар орны уул, усыг судлах асуудал байжээ. Хаана нь хүнээ нутаглуулах вэ, хаана нь сүм хийдээ барих вэ, хаана нь малаа бэлчээх вэ гэдэг ерөөсөө улс төрийн бодлогын гол цөм байсан. Тиймээс дундад зууны үеийн Монголын цорын ганц шинжлэх ухаан байсан юм. Тэр үед Хөх хотыг барьсан Түмдийн Алтан хаан Түвд рүү дөрвөн удаа дайн хийсэн. Тэр дайны дүнд монголчууд бурхны шашинтай болсон. Ингээд Алтан хааны ойр шадар явсан түшмэдүүд газрын шинжээг түвд хэлээр бичиж үлдээсэн байдаг юм.
-Орчин үеийн судалгааны ажил нь хэдийнээс эхэлсэн байдаг юм бэ?
-Үүнийг анх судлах ажлыг 1994 оноос миний багш Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гэдэг том түвдэч эрдэмтэн хүн эхлүүлсэн. Манай багш үндсэндээ газрын шинжээ дотроос барсан нуруувчит бичиг гэдэг зөвхөн нүүдлийн мал аж ахуйтай холбоотой судрыг судалсан. Бид нар үүнийг гүнзгийрүүлж судалсан. Энэ номыг хэвлэснээс хойш Кэмбрижийн их сургууль тавин ширхэгийг, Оксфордын их сургууль тавин ширхэгийг авсан л даа. Гадаад хамтран ажилладаг эрдэмтэд маань ирсэн. Кэмбрижийн их сургуулиас Монголд Түвд судлаач эрдэмтдийн чуулганыг зохион байгуулах эрх өгсөн. Ирэх жилийн долдугаар сард 100 улсын 400 орчим эрдэмтэд, 1000 орчим судлаачид ирэх юм. Монгол Улсад дэлхий дээр байгаа түвд хэлээр бичигдсэн ном судрын тавин хувь нь Монголд байдаг.
-Номыг хаанаас худалдаж авч болох вэ?
-Энэ номыг ганцхан Гандан хийдийн урд байдаг “Номуун соёл” гэдэг дэлгүүрт зарж байгаа. 40 мянган төгрөгийн үнэтэй. Мэдээлийн багтаамж, зураг хэвлэлийн хувьд үнэндээ таарсан байгаа. Энэ номыг бид ашиг олно гэж бодож хийгээгүй. Харин түвд судлаач эрдэмтэд ирэхэд хийсэн, бүтээсэн зүйлтэй байх гэж хийсэн юм. Энэ номыг нэгт, гадныхан Монголын эвдэгдэж, сүйдэж байгаа хүрээлэн орчны судалгааг хийхэд ашиглаж байна. Хоёрт, археолгочид хаана, ямар газар булш бунхан тавьдаг вэ тэр бүгдийг мэдэхэд дөхөм юм. Монгол бол археологийн диваажин. Гэхдээ энэ номыг үзсэнээр ямар зорилгоор хэнийг хаана, яаж оршуулдаг байсан гэдгийг чиглүүлж өгнө. Мөн зураач хүмүүст ч хэрэгтэй. Манжийн үед монголчууд хэр зэрэг уран зургийн чадвартай байсан юм бэ гэхээр бодитой баримттай зүйл тун ховор байдаг. Энэ номд уулыг яагаад ингэж дүрсэлдэг байсан бэ гэдэг учир утга нь байгаа юм. Бурхан халдун уулыг яагаад сүмбэр уул гэсэн бэ гэхэд л уулын ноён шинж нь энэ номд байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (2)