Шадар сайд болон Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг-аар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн зудын эрсдэл өндөр сумдад ажиллаж байна. Тухайн ажлын хэсэг өнөөдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин О.Мөнгөнцагааны гэрт зочиллоо. Гэрийн эзэн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул 900 гаруй малаасаа 400 орчмыг эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулж, одоо үлдсэн 500 малынхаа өвс тэжээлийн бэлтгэлийг хийж буйгаа онцолсон юм.
Мөн ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Гуравдугаар багийн малчин Х. Булатбекийнд очилж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Тус айл энэ жилийн тухайд 600 гаруй малтай байснаас 300 орчмыг нь тарга хүч сайтай байгаа үед нь зарж борлуулан үлдсэн малдаа өвс, тэжээлийн нөөцөө хангалттай хүрэхээр тооцоолж бэлдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа, мөн бэлчээрийн даац ихэнх нутгаар хэтэрсэн тул өвөлжилт хүндэрнэ гэсэн тооцоолол гараад байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 10 орчим суманд зудын эрсдэл өндөр гарсан тул Шадар сайд Х.Ганхуяг малчид болон аймгийн удирдлагууд зудын эрсдэлээс сэргийлж өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайтар хангаж малынхаа тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үр ашигтайг уулзалтын үеэр онцолж байлаа. Мөн улсаас өгөх шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэнэ гэдгээ онцолсон юм.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдлаас үзэхэд нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн зуншлагатай байлаа.
Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын зудын нөхцөл, байдлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргасан.
Уг үнэлгээнээс үзэхэд арваннэгдүгээр сарын байдлаар нийт нутгийн 3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28%-д маш бага хүндрэлтэй байхаар байна.
Ховд аймгийн хувьд 1883 өрхийн 1036.0 мянган толгой мал отроор өвөлжих дүн гарсан бөгөөд мал аж ахуйн бэлтгэлийн хангалт 84.1 хувьтай байна. Нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац 1-ээс дээш олон дахин хэтэрч гарсан нь өвөл, хаврын улиралд мал онд орох нөхцөл хүндэрч, эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм.
Тиймээс өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай төлөвлөх чиглэл өглөө.
Отроор яваа иргэд болон орон нутгийн малчид, иргэдэд эрүүл мэндийн болон бусад төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн үед орон нутгийн онцлогт тохируулан оновчтой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.














































